Categories
мэдээ нийгэм цаг-үе

Богдхан уулын Дугуй цагаан орчмын 49 шавар гэр буулгаж эхэллээ DNN.mn

Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэллээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлээд байна.

Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүд олон жилийн нар салхинд гандаж гундсаны дээр хүмүүс буудаллах нь бүү хэл ойртдог ч үгүй. Өнгө үзэмжгүй болсон тэдгээр гэрийг буулгаж байна.

Тус байршилд нийт 49 шавар гэр байгаа бөгөөд тэдгээрийг буулгаж, орчныг нь тохижуулах юм. Дугуй цагаан орчимд иргэд амрах, хүүхдүүд тоглох амралтын талбайг байгуулахын дээр зориулалтын хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэргийг бий болгож, тохижуулахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ цаг-үе

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт аянга бууж 30 бог мал хорогджээ DNN.mn

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд аянга буужээ. Үүний улмаас иргэн Т-ийн 30 бог мал аяганд өртөж хорогдсон байна. Тодруулбал, тус аймгийн онцгой байдлын албанд “Хүйтэн нуур багийн “Өргөнширэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 165 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Аянга бууж бог мал хорогдсон тухай мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад, энэ сарын 27-ны өдрийн 19.00 цагт аянга бууж малчин Т-ийн 30 бог мал аянгад өртөж хорогдсон байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“The Voice of Mongolia” шоуны гуравдугаар улирлын ялагчаар Г.Даваадалай тодорлоо DNN.mn

Шинэ дуу хоолой, шилдэг дуучин шалгаруулах “The Voice of Mongolia” шоуны гуравдугаар улирлын ялагчаар Д.Отгонбаяр шүүгчийн багийн Г.Даваадалай тодорлоо.

Тэрбээр санал хураалтаар үзэгчдээс 66.7 хувийн санал авснаар ийнхүү шилдэг оролцогчоор шалгарсан юм. Ингэснээр “MG RX-5” автомашины эзэн болж, уран бүтээлийн гэрээ байгуулах эрхийн эзэн боллоо.

Өмнөговь аймагт төрж, өссөн дуучин залуу Г.Даваадалай нь 2017 онд “Рояаль” академийг хүний нөөцийн мэргэжлээр төгсжээ. Сургуулиа төгсөөд Хятадын Hangzhou хотод хоёр жил суралцсан бөгөөд энэ хугацаанд тус улсад дууны тэмцээнд орж байжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ард түмэн түрүүчээсээ гавандаа орж байна DNN.mn

Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хууль хэрэгжиж эхлэхээс өмнө мэдээлэл өгөхдөө “Эрүүгийн хуулийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах тухай зохицуулалтыг хуульчилсан. Ялтан мэдээлэл дамжуулах бугуйвч буюу цахим гав зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно. Хоёрдугаарт, тодорхой маршрутаар зорчих замыг нь зааж болно. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулна. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулахгүй. Ийм ял авсан хүмүүсийг хянах мэдээллийн төв зөвхөн Улаанбаатар хотод ажиллана. Жилд ойролцоогоор 1080 орчим хүнд ийм ял оноох магадлалтай гэсэн тооцоо хийсэн.

Энэ гав нь дотуураа ган тросстой, мөн тусгай кодоор нээгддэг учраас гар, хөлнөөсөө салгах боломжгүй. Ямар нэг аргаар тайлсан, зориуд эвдэлсэн тохиолдолд ял нь хорих ялаар солигдоно. Гав камергүй. Байршил тогтоох, цэнэгийнхээ хэмжээг дамжуулах гэсэн хоёр төрлийн мэдээлэл өгнө. Энэхүү гав нь гар утасны сүлжээтэй газарт л ажиллах боломжтой. Уг ялыг хэрэгжүүлснээр хорих зардлыг бууруулах бөгөөд одоогийн тооцооллоор гурван тэрбум орчим төгрөг хэмнэх боломжтой” гэсэн юм.

Хэмнэлттэй гэдэг үгээр халхавчлан иргэдээ гэрт нь хорих шийтгэл газар авч байна. Ингээд шоронд хорих зардлаа хэмнээд байгаа хэрэг үү.Хамгийн анх 1080 цахим гав худалдан авч байгаагаа мэдэгдэж байсан бол одоо 1400 хүн цахим гав зүүж, зорчих эрхээ хязгаарлуулаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл энэ талаар мэдээлэл өгөхдөө “Цаашид шүүхийн ял, шийтгэлийн бодлогын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хүмүүсийн тоо өсөх тооцоо, таамаглал гаргасан” гэжээ.

Цаашид олон монголчууд цахим гав зүүж гэртээ хоригдох нь. Иргэн Д.Монголхүүд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө цахим гав зүүж, Баянзүрх дүүргээс гарахыг хориглоод байна.Комминуст нийгэмд одоогийн эрх баригч МАН бүх ард түмнээ үзэл суртлын шоронд хорьдог байсан бол одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн иргэдээсээ эхлээд цахим шоронд хорьдог боллоо. Өнөөдөр худал хэлж, доромжлох бүгд Эрүүгийн хуулийн заалттай болсон. Энэ мэтээр хуучин цагт ял гэж үздэггүй байсан олон зүйлийг ял болгоод хуульчилсан.

Хуулийн өөрчлөлтийн дагуу хэмнэлт хийх, технологийн дэвшлийг ашиглах нэр дор Монголын ард түмэн цахим гавандаа ороод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ бол нэг ёсны МАН-ын ард түмэндээ барьж буй “бэлэг” юм. Засгийн газар дижитал шилжилтийг эрчимжүүлж, цахим үндэстэн болно гэж чухамхүү л сүртэй зарласан. Гэтэл үнэн хэрэгтээ цахим үндэстэн болоод сүйд болсон юм ч алга. Бичиг баримт хөөцөлдөөд дүүрэг ороход л “Боржигончуудаар батлуулаад хүрээд ир” гэдэг шиг элдэв цаас, зураг хөрөг, баримт нэхдэг байдал хэвээрээ.

Бүх зүйл бахь байдгаараа. Цахим үндэстэн болж байгаагаас гадна нийслэлийн Засаг дарга нь 74 зөвшөөрлийг цуцалж, иргэн, аж ахуйн нэгжүүдийг дарамтаас гаргаж байгаа гэж мэдэгдсэн ч иргэд гуйж, төрийн албан хаагчид гэдийдэг хэвээрээ. Ингээд үзвэл төрийн бүх үйлчилгээ цахимжаад иргэдэд амар хялбар болоод байгаа юм алга. Харин эсрэгээрээ цахим гавыг л сайн хэрэгжүүлж байна. Цахим шорон цахим яамнаас өмнө аль эрт байгуулагдаад нийгэмд байр сууриа эзэлж, үйл ажиллагаа нь жигдэрчихээд байна. Энэ байдлаараа айл бүрд компьютер гэдэг байсан шиг айл бүрд нэг цахим гав ногдохыг ч үгүйсгэхгүй нь.

МАН 100 жилийн түүхтэй гэж зарлан тунхаглаж байгаа мөртлөө иргэний эрхийг уландаа гишгэсээр байна. Эрх баригчдын эрх ашгийг Эрүүгийн хуулиар хамгаалж байгаа тогтолцоог халах хэрэгтэй.МАН уг нь сонгуулиар ард түмэндээ үгүй ээ мөн их зүйл амласан даа. Гэтэл одоо тун хүйтэн сэтгэлээр л хандаж байна. Үүний нэг жишээ бол татварыг огт нэмэхгүй гэчихээд л өнөөдөр 40 хувиар нэмчихээд сууж байна. Ардчилал гэдгийг гамнаж, хайрлаж байхгүй бол ямар хэврэг байдгийг бүгд харж байгаа. Гэтэл МАН ардчиллыг өдөр бүр хумьсаар л байна. МАН ардчиллыг устгаж Монголыг дээвэргүй шорон болгох нь. Дарангуйллын хар сүүдэр үүгээр түүгээр сүүмэлзэн харагдах нь олонтаа боллоо. Энэ тоолонгоор ардчилал хумигдаж байна.

Хуульч О.Баасанхүү эрх баригчдын энэхүү бодлого үйл ажиллагааны талаар хэлэхдээ “Хуулийн шинэчлэл хийхдээ хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн, хуульд байхгүйгээр хүмүүсийг хавчин гадуурхах, ялгаварлах, мөрдөн мөшгөх үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Хүнийг цагдан хорьх, баривчилна гэвэл зардлыг нь төсвөөс хариуцдаг. Харин бидэнд ирж байгаа мэдээллээр, цахим гавны зардлыг зүүсэн хувь хүнээр өөрөөр нь төлүүлдэг болчихож. Энэ бол төрт ёсонд байдаггүй зүйл. Дэлхийн аль ч оронд тийм зүйл байхгүй. Гэтэл албадлагын арга хэмжээ авахдаа утгагүй зүйлээр журамлан шийдэж байна. Энэ асуудлаар хүний эрхийн байгууллагуудад хандана” гэлээ.

“Үүнийгээ эргэж харъя” гэж ярьж байгаа гишүүд ч алга. Харин одоо энэ асуудлаа ярих, эргэн харах цаг болжээ. Цаасан дээр баталсан цахим гав ашиглах тухай бодлого цагаа олсон шийдвэр биш бололтой. Ашиглаж болох ч хүрээ хязгаарыг нь эргэн харахаас өөр аргагүй нөхцөлд хүрчихлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ DNN.mn

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ-ий насанд хүрэгчдийн -120 кг жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ.

Тэрбээр цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аваргаар шалгарсан төдийгүй тус жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож чадлаа.

Өмнө нь Э.Содномпилжээ 105 кг жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан юм. Энэ удаагийн хосгүй амжилт нь түүний ДАШТ-ээс авсан зургаа дахь медаль бөгөөд гурван алт, гурван мөнгөн медаль хүртэж байсан хүчтэн билээ.

Алмата хотноо пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-29-нд амжилттай болж 48 орны баг тамирчид оролцсон байна. Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин хүч чадлаа сорин өрсөлджээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ дахь намын бүлгүүд хуралдана DNN.mn

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлгийн хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн өөрчлөлт, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувьчлал хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн. Харин АН-ын бүлгийн хурлаар 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Жавхлантөгс: Гадаадын хөрөнгө оруулалтыг татъя гэвэл Засгийн газар “гэрээ цэвэрлэх” хэрэгтэй DNN.mn


Монгол дахь Америкийн худалдааны танхим (“АмЧам Монгол”)-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй ярилцлаа.


-Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон төслүүдээ хөдөлгөнө гэж байгаа. Энэ талаарх таны байр сууриас ярилцлагаа эхэлье?

-Шинэ сэргэлтийн бодлогын тухайд асуудлуудаа зөв тодорхойлчихсон. Боомт гэх мэт яг чухал гэсэн асуудлуудаа барьж авсанд олзуурхаж байгаа. Гэхдээ санхүүжилтээ яаж шийдэх нь тодорхой биш байна л даа. 94 төсөл хэрэгжүүлнэ гэж яриад яваа. Яг ямар төслүүд багтсаныг нь үзье гэхээр нээлттэй биш байна. Монгол дахь Америкийн худалдааны танхим сая болж өнгөрсөн хурлаараа энэ тухай хөндлөө. Манайхаас зохион байгуулсан тэр хуралд Б.Лакшми, Ч.Хашчулуун доктор гэх мэт эдийн засагчид оролцсон юм. Бид хуралдаад “94 төслийг 2024 он хүртэл хэрэгжүүлж амжихгүй нь тодорхой, тийм учраас хамгийн чухал гэж үзсэн цөөн төслүүддээ онцгой анхаарч хэрэгжүүлэх нь бодитой шийдэл” гэсэн дүгнэлт гаргасан. Засгийн газрын хувьд хэрэгжүүлэх цөөн төслийнхөө санхүүжилтийг хэрхэн босгох, хувийн хэвшилтэйгээ яаж хамтрахаа тодорхой болгох хэрэгтэй.

-Санхүүжилт гэснээс төр мөнгө гаргаад төсөл хэрэгжүүлдэг субьект биш. Хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтыг түшиж таарах байх. Таны ярианаас анзаарахад засаг Шинэ сэргэлтийн бодлого дээр хувийн хэвшилтэй хэрхэн яаж хамтрах зургаа тодорхой болгоогүй яваа гэж ойлголоо…?

-Төр мөнгө гаргаад төсөл хэрэгжүүлэхгүй нь тодорхой гэдэг үнэн л дээ. Ингээд харахаар тодорхой үр дүн гарахуйц, бодитой төслүүдийг л Засгийн газрын зүгээс хэрэгжүүлнэ гэж зарламаар байгаа юм. Тэгж байж хувийн хэвшлийнхний оролцоо илүү бодитой болно. Тэгэхгүйгээр хэдэн арван жил хэрэгжихгүй гацсаар өнөөг хүрсэн төслүүдийг хэрэгжүүлнэ гээд зүтгүүлбэл Дарханы зам шиг болох эрсдэлтэй. Бүр тодруулж хэлбэл, төрийн өмчид суурилсан, төрийн өөрийнх нь санал болгох төслүүд биш, хувийн хэвшлээс санаа нь гарсан, хувийн хэвшилтэй хамтраад хэрэгжүүлэхүйц төслүүд байх нь илүү үр дүнтэй. Товчхондоо хувийн хэвшилд тулгуурласан байдлаар явах учиртай. Гэтэл бодит байдал, эдийн засгийн бүтэц хэцүүхэн байгаа. Дөч, тавь, жаран хувь нь төрийн өмчид суурилсан эдийн засаг болчихоод байна л даа. Төрийн өмчид суурилчихаар бүх бизнес нь төрөө хараад суудаг болчихсон. Сүүлдээ сэтгэхүй нь хүртэл энэ байдлаа дагаад өөрчлөгдчихсөн байх жишээний. Нэг юм хийе гэхээр “Тэгвэл УИХ, Засгийн газраар ийм тогтоол гаргуулчихъя. Тэгчихвэл л энэ бизнес болоод бүтчихнэ” гэдэг чиг рүү яваад байна. Гэтэл үнэн хэрэгтээ бизнесийн орчинд төрийн оролцоо огт шаардлагагүй.

-Тэгвэл төр бизнест ямар үүрэгтэй оролцох ёстой вэ?

-Төр бизнест хоёр үндсэн үүрэгтэй л оролцох учиртай. Монополийг зохицуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр шударга өрсөлдөөнийг хангахад анхаарах ёстой болохоос зөвшөөрлөө өгчихөөд, бизнест оролцоод явбал эдийн засаг тэлэхгүй. Тухайлбал, хувийн хэвшилд боломж олгох нь л хамгийн зөв гарц. Харамсалтай нь далайд гарцгүй дээрээ хоёр хил нь хаагдчихсан ийм хэцүү үед өөрсдөдөө илүү их садаа тотгорыг бий болгоод байна л даа. Хил гааль гээд харахад л “Төрийн том даргын мэдлийн компанийн машин” гэж илүү үзэж онцгой анхаарч ч байх шиг. Эрээн дээр ачаа тээвэртэй холбоотой авлига хээл хахуулийн асуудал яригдаж эхэлснийг та сонссон байх. Өмнө нь нэг контейнер бараа 20 сая төгрөгөөр орж ирдэг байсан бол өнөөдөр энэ ханш гурав дахин өсчихсөн. Энэ бүхний ачааг энгийн иргэд, жирийн аж ахуйн нэгж л үүрдэг. Засгийн газрын хоёр дахь үүрэг маш энгийн. Сая хэлсэн олон бөглөө таглааг задалж өгөх хэрэгтэй.

-Шинэ сэргэлтийн бодлогын нэг авууштай нь том төслүүдээ хөдөлгөх шийдэл гэж эдийн засагчид онцолж байгаа. Та түрүүн том төслүүдээс гадна жижиг бизнесүүдэд хандах сэтгэлгээгээ өөрчилж байж эдийн засаг тэлнэ гэсэн утгатай үг хэлсэн…?

-Томоохон төслүүдээ хөдөлгөж байж эдийн засаг урагшилна гэж яриад байгаа нь зөв. Том төслүүдийг дагаж жижиг дунд бизнес хөгжиж эдийн засаг тэлнэ. Нарантуул дээр гутал зардаг, ТҮЦ ажиллуулдаг, цэцгийн жижиг лангуутай хүмүүстээ чөлөөтэй ажиллаж, орлого ашиг олох боломжийг нь олгох хэрэгтэй. Мэргэжлийн хяналт, татвар гээд төрийн олон дарамтаар айлгаад байх нь зөв шийдэл биш. Ийм хүмүүстээ бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт өгөх хэрэгцээ бий. Хөлөө олсных нь дараа татвар авах гэх мэт уян хатан, алсыг харсан зохицуулалт хийгээд эхэлбэл олон зүйл эерэгээр өөрчлөгдөнө. Хандлагаа ингэж өөрчилж чадвал эдийн засаг ядах юмгүй сэргэнэ. Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зорилго нь эдийн засгаа сэргээх л юм бол том төслүүдээс гадна жижиг бизнесүүдээ тордох ёстой. Сэтгэлгээний ийм өөрчлөлт хэрэгтэй байна.

-Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалт гэхээр зүйлгүй чамгүй хугацаа өнгөрчихлөө. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа гол шалтгаан нь юу вэ, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд ямар нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой юм бол?

-Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх хэд хэдэн угтвар нөхцөл байдаг юм. Бизнес хөрөнгө оруулалтын орчны эко тогтолцоо маш чухал. Эко тогтолцоонд хуулийн засаглал, шударга шүүх, төрийн албаны тогтвортой бүтээмжтэй байдал, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэг байх соёл, хууль эрх зүйн орчин гэсэн таван зүйл багтдаг. Ерөөс чөлөөт зах зээлийн үндэс нь энэ л дээ. Монголын эдийн засгийн чуулган дээр Сангийн сайд хөрөнгө оруулагчдыг урьсан л даа. “Оюу толгойтой хэл амаа ололцоод урагшаа явж байна. Манайд ирээч” гэх мэт мессэж өгсөн. Ийм мессэж өгөх нь сайн. Засгийн газраас өгч байгаа маш том эерэг мессэж мөн үү гэвэл мөн. Үүнийг дагаад эерэг давлагаа үүсэх нь ч тодорхой. Гэхдээ Засгийн газрын энэ мессэжэд итгээд гаднаас хөрөнгө оруулагчид ороод иртэл шүүх дээр татварын маргаан үүсэх эрсдэл өндөр байгаа. Татварын маргаан шүүх дээр маш удаан хугацаанд үргэлжилдэг. Яг яах гээд байгаа нь тодорхойгүй, шүүхийн өчнөөн процесс дамжаад явчихдаг. Хугацаа сунжрах хэрээр зардал мөнгө их гарах нь тодорхой. Хөрөнгө оруулагчдын хувьд сүүлдээ залхаад хаяж гарахаас аргагүйд хүрэх нь бий. Ийм асуудалд орсон хөрөнгө оруулагч бусдадаа Монголын талаар ямар мессэж өгөх нь ойлгомжтой. “Монгол худлаа юм билээ” л гэнэ. Тийм учраас бид Засгийн газарт “Гэрээ цэвэрлээч ээ” л гэдэг зүйл хэлж байгаа. Гэрийн даалгавраа сайн хийж байж хөрөнгө оруулалт орж ирнэ. Мэдээж гадагшаа сурталчилгаа хийх нь сайн хэрэг. Гэхдээ үндсэн тогтолцоо, эко системээ бүрдүүлж дуусаагүй байж хөрөнгө оруулагчдыг урьж оруулж ирэх нь эрсдэлтэй. Дахиад хэлэхэд, гоё мессэжинд хууртаж орж ирсэн хөрөнгө оруулагч асуудалд орохоороо бусдадаа Монголыг муугаар ойлгуулахаас эхлээд өчнөөн асуудал бий. Товчхондоо урьснаасаа долоон доор юм болно. Хөрөнгө оруулагчдад муу дохио өгсөн жишээ ч цөөнгүй бий. Асгатын мөнгөний орд шиг нийгэмчилчихвэл яах вэ гэсэн айдас хөрөнгө оруулагчдад төрчихсөн л яваа.

-Эко системийг нь бүрдүүлчихвэл сурталчилгаа энэ тэр гэхгүйгээр хөрөнгө оруулалт цутгаад эхэлнэ гэж үү?

-Ерөөсөө л тийм. Амнаас ам дамжаад явчих зүйл. Гэхдээ бас нэг асуудал байна. Урамшууллын бодлогуудаа тодорхой болгох шаардлага бий. Монгол Улс далайд гарцгүй, хоёр хөршөөрөө дамжихаас өөр замгүй, байгалийн эрс тэс уур амьсгалтай. Сингапур, Монголын алинд нь хөрөнгө оруулах вэ гэсэн сонголттой нүүр тулбал хөрөнгө оруулагч ямар шийдвэр гаргах бол? Байгаль цаг уур нь таатай, олон улсын hub болчихсон, бизнес хийх таатай орчин бүрдсэн Сингапурыг илүүд үзэх нь тодорхой шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөдөө садаа, аргамжаа болохоор бүх зүйлээ тасдаж хаях хэрэгтэй. Наад захын жишээ гэхэд л Хөрөнгө оруулалтын хуулинд туссан 100 мянган ам.долларын босго байна. Ерэн мянган долларын хөрөнгө оруулах гэж ирсэн хүнийг тоож үзэхгүй, ямар нэгэн урамшуулал үзүүлэхгүй юм уу гэсэн асуулт гарч ирж байгаа биз. Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд яг энэ заалтыг жишээ татаад ярьсан удаа бий.

-Яг юу гэж хэлсэн юм бол?

-“Японд гадаадын хөрөнгө оруулагчдад энэ мэт хориг заалт тавьдаггүй. Нэг доллар оруулсан хүн ч гадаадын хөрөнгө оруулагч. Мянган доллар оруулсан ч гадаадын хөрөнгө оруулагч. Яг ижил шаардлага тавьдаг. Нэг ажлын байр бий болгосон байлаа ч эдийн засгийн далд өгөөж нь их шүү дээ. Монгол жижиг улс мөртлөө яагаад ийм том хоригууд тавиад байна вэ” гэсэн утгатай үг хэлж байсан. Түрүүн хэлсэнчлэн манай улс далайд гарцгүй. Гадаадын хөрөнгө оруулалт л Монголын эдийн засгийн ганц том гарц. Байгаа ганц гарцаа өөрсдөө ингэж боомилоод сууж болохгүй л дээ. Сингапур шиг таатай цаг агааргүй ч гэлээ “Манай хууль эрх зүйн орчин маш тодорхой. Энэ салбарт ингэж хөрөнгө оруулбал ийм тийм урамшуулал үзүүлнэ” гэсэн тайлбар хийгээд суувал хөрөнгө оруулагчид Монголыг сонирхоно. Япон, Солонгос гэж ирээд яривал хөгжингүй бүх улс гадаадын хөрөнгө оруулалтаар хөгжсөн, өнөөдөр ч гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарч байна. Монгол Улсын хувьд ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж л хөгжинө.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэхгүй бол ирэх жилээс байдал хүндрэхээр байна л даа. Наад захын жишээ гэхэд бондын төлөлттэй нүүр тулна…?

-Валютын нөөц ирэх жил хүндрэх нь тодорхой болчихсон. Таван толгойн нүүрсээ урьдчилж зараад доллар авчихсан суугаа. Ирэх жил нүүрсээ зарсан ч орж ирэх валют урьдчилж авсан өрөнд явчихна гэсэн үг. Ингээд харахаар гол шийдэл бол ерөөсөө л гадаадын шууд хөрөнгө оруулалт. Дахиад хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх орчныг цаг алдалгүй бүрдүүлэх нь амин чухал асуудал болоод байна. Удахгүй наадам болно. Наадмын үеэр гадны хөрөнгө оруулагчдыг уриад бизнес эрхлэгчидтэйгээ уулзуулж, хөрөнгө оруулалт татах боломжтой салбаруудаа танилцуулах арга хэмжээ зохион байгуулахад болохгүй юмгүй. Монгол дахь Америкийн худалдааны танхимаас ирэх сарын 2, 3-нд “Web3” гээд цахим шилжилтийн чуулган зохион байгуулах гэж байна. Тэр арга хэмжээнд дэлхийд нэртэй олон компанийн төлөөлөл зочноор оролцож илтгэл тавина. Бид тэдэнтэй Монголын блокчейн, санхүүгийн зах зээлд ямар боломж, гарц байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Иймэрхүү уулзалтуудыг давтамжтай хийгээд байвал хөрөнгө оруулалт тэлэх нөхцөл бүрдэнэ. Нийт эдийн засгаа пиццагаар зүйрлэвэл ихэнхийг нь төр авчихаад, ард түмэндээ цөөхөн хэрчим өгөөд яваа дүр зураг харагдаад байна л даа, өнөөдөр. Хилээр бараа оруулж ирж байгаа 5000 жолоочийн хоолыг төр нь гурван компаниар дамжуулаад булаагаад сууж таарахгүй. Ингээд байгаа учраас жолооч нар гомдол тавьж, эсэргүүцээд яваа юм. Дахиад онцлоход, хувийн хэвшилдээ итгэж, эдийн засгаа тэлэх төслүүдээ хувийн хэвшлийнхнээрээ хийлгэх хэрэгтэй. Төр бүгдэд оролцож, хязгаарлалт тавиад байвал эдийн засаг тэлэхгүй.

-Хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулна гэж байгаа. Ямархуу өөрчлөлтүүд орох талаар мэдээлэл байна уу, “АмЧам Монгол”-д?

-Сангийн сайд Эдийн засгийн чуулганы үеэр Хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулна гэж танилцуулсан. Гэхдээ яг нарийвчилж танилцъя, хэлэлцүүлэг хийе гээд хандахаар “Арай болоогүй байгаа. Боловсруулалтын шатанд яваа” гэсэн тайлбар хэлсээр ирсэн. Хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаад миний мэдэхийн жил гаруй болчихлоо. Арай л удаан байна.

-“АмЧам Монгол”-оос тодорхой санал тавьсан уу, эсвэл ямар ч оролцоогүй яваа юм уу?

-Саналуудаа өгсөн. Тусгасан эсэхийг мэдэхгүй. “Ярилцъя, хэлэлцүүлгийг нь зохион байгуулаад өгье” гээд хандахаар “Төсөл нь болоогүй байна” гэсэн хариу өгдөг л дөө.

-Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт дээр тодорхой мэдээлэлтэй байгаа юу?

-Одоогоор ямар нэг тодорхой мэдээлэл алга. Хөрөнгө оруулалтын хуулиас ялгаагүй дүр зурагтай суугаа. Төрийн нууц шиг л яваад байгаа. Хугацаа их авч байна л даа. Яваандаа хэлэлцүүлэг өрнөх болов уу гэсэн хүлээлттэй л сууж байна.

-Хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын хууль бол гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд анхаарах хуулиуд. Бид өөр ямар хуульдаа анхаарах ёстой вэ?

-Хөрөнгө оруулагчид Монголд мөнгөө хийхийн өмнө сая таны хэлсэн хуулиудаас гадна Хөдөлмөрийн хуулийг харна. Татварын орчныг анзаарна. Татварын тухайд манайх татварын багц шинэчлэл хийсэн. Сайн шинэчлэл болсон. Гэхдээ дутуу зүйл их бий. Хөрөнгө оруулалтын тухайд олон улсын жишигт нийцсэн реформыг хиймээр байгаа юм.

-Тодорхой кейсээр тайлбарлах уу?

-Хувьцаа шилжүүлсний татвар гэж бий. Олон улсын жишгээр бол хувьцаагаа зарсан ашиг дээр нь татвар тогтоодог. Гэтэл манай хуулиар орлого дээр нь татвар тогтоож байгаа. Ийм орчинд хөрөнгө оруулах сонголт хийхэд хэцүү. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа компаниудад тодорхой хэмжээний татварын урамшуулал үзүүлээч гээд хандахаар “Татварын бус урамшууллуудыг хангалттай үзүүлдэг учраас татвар дээр ямар ч урамшуулал байхгүй” гэсэн хатуу хариу өгөх жишээний. Өнөөдрийн хувьд төсөв бүрдүүлэлт хэцүү явааг ойлгож байна. Гэхдээ алсаа хараад энэ мэт урамшуулал үзүүлээд эхэлбэл ирэх хоёр, гурван жилдээ гадаадын хөрөнгө оруулалт мэдрэгдэхүйц нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалтаа дагаад ажлын байр нэмэгдэнэ, татвар өснө. Товчхондоо Засгийн газрын хүсээд байгаа зорилт ч төвөггүй биелнэ.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Харагчин хонь өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 30, Сумъяа гариг. Билгийн тооллын битүүн, чөлөөт эх одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 4:59 цагт мандан, 20:41 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойд зүгтт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, говийн бүс нутгаар 22-27 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Баруунд боловсрол эзэмшсэн охид, архи үнэртүүлсэн бүдүүн эрийн өмнө “дүүриймаадах” гэж очих болж байна уу?” гэв DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Сонгогчдын
44 хувийн дэмжлэг авсан улс төрийн нам
УИХ-ын суудлын 80 хувийг эзэгнэж байгаа нь
тогтолцооны гажуудал” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Том оврын автобусны
үйлчилгээ эрхлэгчдийн
холбооны тэргүүн, Монгол
Улсын гавьяат тээвэрчин А.Ганхуяг “Нийтийн тээврийг
хөгжүүлэх хамгийн энгийн
гарц шийдлүүд байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Баруунд боловсрол эзэмшсэн охид,
архи үнэртүүлсэн бүдүүн эрийн өмнө
“дүүриймаадах” гэж очих болж байна уу?” гэв.

Энэ удаагийн “Танайд өнжье” нүүрээс “Хайраар баян
“Өнөр бүл”-ийнхэн” хэмээн өгүүлснийг уншаарай.

Европын холбооноос
манай улсад суугаа Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин
сайд Аксель Никэйз “Монгол Улсад 139 сая
еврогийн санхүүжилт хийгээд байна” гэв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Замын-Үүд сумын
чингэлэг тээврийн
асуудлаар Борхойн тал авто
тээвэрчдийн холбооны
удирдах зөвлөлийн
гишүүн Ч.Эрдэнэбат “Гол үнийн өсөлт ганцхан
чингэлэг тээвэр дээр л явж байгаа” хэмээн ярилаа.

Цагаандэл уулын боомт байгуулах тогтоолыг
түдгэлзүүлж, шалгахаар болов. Энэ тухай “Томилолт” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ