Categories
мэдээ нийгэм

“Амралтын өдрийн худалдаа” зохион байгуулж буй байршил DNN.mn

Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайд бямба, ням гарагуудад “Амралтын өдрийн худалдаа” зохион байгуулж эхэлсэн. Одоогоор нийт таван дүүргийн 9 байршилд зохион байгуулж буй юм. Ингэхдээ нийслэлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй үндэсний үйлдвэрлэгчдийг илүүтэй хамруулахаар зорьж байгаа аж. “Амралтын өдрийн худалдаа” 09.00-20.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

13-тай охиныг гавлаж, хэрэг тулгасан гэх цагдаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ DNN.mn

Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч дугуй хулгайлсан хэргээр 13 настай охиныг гавлаж биед нь халдаж, хэрэг тулгасан гэх мэдээлэл сошиал орчинд тарсан.

Үүний дараа уг хэрэгт холбогдсон хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаатар хэвлэлд өөрийгөө өмөөрсөн тодруулга өгсөн байдаг.

Тэгвэл хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатарт холбогдох “насанд хүрээгүй хүүхдүүдийг унадаг дугуй хулгайлсан хэрэг хүлээлгэхээр бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан” гэх хэргийг АТГ-аас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ дахь ЭСЯ: Оршин суух зөвшөөрлийн журамд өөрчлөлт орлоо DNN.mn

Сүүлийн үед коронавирусийн тархалт, халдварын тоо буурч нислэгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан БНСУ-ын Цагаачлалын албанаас 2022 оны тавдугаар сарын 11-ний /Лхагва гараг/ өдрөөс эхлэн хилээр гарах /явах/ оршин суух хугацааг сунгах зөвшөөрлийн журамд өөрчлөлт орсныг мэдэгджээ.

Гадаадын иргэн харьяатын тухай хуулийн хэрэгжилтийн журмын 32 дугаар зүйлд заасны дагуу хилээр нэвтрэн гарах хугацааг сунгах хүсэлт гаргахдаа:

Бүртгэлтэй гадаад иргэдийн хувьд:

  • Явах нислэг, хөлөг онгоц байхгүй үед эсвэл осол, өвчин болон бусад зайлшгүй шалтгааны улмаас хилээр гарах /явах/ боломжгүй болсон тохиолдолд
  • Тус улсад зорьж ирсэн ажлаа дуусгаад дотооддоо аяллын зорилгоор түр хугацаанд оршин суухыг хүсэх тохиолдолд.

Богино хугацаагаар оршин сууж байгаа гадаад иргэдийн хувьд:

  • Явах нислэг, хөлөг онгоц байхгүй үед эсвэл осол, өвчин болон бусад зайлшгүй шалтгааны улмаас тус улсаас гарах боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд
  • Зөвшөөрлийг сунгах хугацаа 30 хүртэл хоног байна.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Буцах нислэгийн тийз болон шалтгаанаа тайлбарласан бичиг
  • Шалтгааныг нотлох бичиг баримт /Эмнэлгийн тодорхойлолт гэх мэт/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /Нотлох бичиг баримт/

Бүртгэл хийх арга:

hikorea.go.kr вэб хуудаст нэвтэрч цахимаар бүртгүүлэх болон харьяа Гадаад иргэн харьяатын газарт өөрийн биеэр очиж мэдүүлнэ.

Хэрэв өмнө нь хилээр гарах хугацааг дор дурдсан нөхцөлөөр сунгаж байсан тохиолдолд Гадаадын иргэн харьяатын албанд очиж хугацааг сунгах хүсэлт гаргах боломжтой бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагаас бичиг баримтыг шалгасны дараа оршин суух хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.
  • Халдварт өвчин, дайны нөхцөл байдал зэргээс шалтгаалж улсын хил хаагдсан, агаарын тээвэр зогссоноос үүдэн явах нислэг, хөлөг онгоц байхгүй зэрэг бусад давагдашгүй нөхцөл байдлын улмаас хилээр гарах боломжгүй болсон тохиолдолд
  • Хилээр гарах боломжгүй болсон, яаралтай гэнэтийн нөхцөл байдал үүсэж тухайн орны Засгийн газрын зүгээс хамтран ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд
  • Бага, дунд, ахлах ангид суралцаж буй улмаас хилээр гарах боломжгүй тохиолдолд
  • Солонгос иргэнтэй албан ёсны гэр бүл болсон эхнэр/нөхрийн зэрэг хүмүүнлэгийн шалтгаан байгаа тохиолдолд.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт ойн түймэр гарч, 2.5 гa талбай шатжээ DNN.mn

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Зүүн Олцийн-Ам” гэдэг газар тавдугаар сарын 11-ний өдрийн 19:00 цагийн орчим ойн түймэр гарсан байна. Түймрийн тухай дуудлагыг тухайн өдрийн 20:50 цагт хүлээн авч, тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, тавдугаар сарын 12-ны өдрийн 00:15 цагт түймрийг унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 2.5 га орчим талбай шатсан бөгөөд манаж хоносон.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Дадал сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 22:05 цагт түймрийн голомт руу хөдөлсөн бүлэг Норовлин суманд 02:05 цагт очиж хоноглосон.

Categories
гадаад мэдээ

Чехийн Ерөнхийлөгч 103 иргэнээ Украины армид нэгдэхийг зөвшөөрөв DNN.mn

Чех улсын Ерөнхийлөгч Милош Земан 103 иргэнээ Украины Зэвсэгт хүчинд алба хаахыг зөвшөөрсөн шийдвэрт гарын үсэг зурсан тухай Ерөнхийлөгчийн төлөөлөгч Иржи Овчачек мэдээлжээ.

“Ерөнхийлөгч Милош Земан цэргийн албаны хуулийн дагуу Украины армид нэгдэх хүсэлт гаргасан103 иргэнд зөвшөөрөл олголоо. Шийдвэр нь Ерөнхий сайдын эсрэг хоригийн эрхтэй” гэж мэдээнд өгүүлжээ. Хэвлэлийн мэдээгээр Чехийн сайн дурынхан Украины байлдааны ажиллагаанд өмнө нь оролцож байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 240 га талбайг нөхөн сэргээнэ DNN.mn

Нийслэл хот нь нийт 470,444 га нутаг дэвсгэртэй. Үүний 117 мянга гаруй нь ойн сан бүхий талбай эзэлдэг аж. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2016 оноос 779 га талбайд нөхөн сэргээлт хийжээ.

Түүнчлэн, өнгөрсөн онд ойн хөнөөлт шавжийн тархалтын судалгаа 3200 гаруй га талбайд хийсэн байна. Харин энэ жил хүр хорхойн идэвхтэй үе тохиох судалгаа байгаа аж.

Ойн түймрээс сэргийлэх шороон зурвасыг 3 байршилд бий болгохоор шинэчлэн сэргээгээд байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо DNN.mn

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай эхэлсэн ч, тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 29-нд болж байсан. Тус урьдчилсан хэлэлцүүлгээс Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр буюу тавдугаар сарын 12-нд хийх шийдвэр гарсан байдаг. Гэвч шүүх хурлыг дахин хойшлууллаа.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас Байгаль орчны тухай багц хуулийн төслийг татан авч буйг танилцууллаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төслийн танилцуулгыг ХНХ-ын сайд А.Ариунзаяа хийлээ. Гэвч тогтоолын төслийн талаар гишүүдийн асуултад хариулах ёстой Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн дэд сайд нар хуралдаанд ирээгүйгээс хойшлуулах горимын саналыг УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргасан юм. Түүний горимын санал гишүүдийн олонхын санал аваагүй ч УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Categories
мэдээ нийгэм

Я.Нямдулам: Гүний уурхайн аман дээр зогсоод “За хүрээд ирлээ. Сайн л ажиллах хэрэгтэй” гэсэн амлалтаа биелүүлж чадлаа DNN.mn

Хорин зургаахан насандаа гүний уурхайн тэсэлгээний “Гал” өгөх эрхтэй Монголын анхны эмэгтэй инженер болсон бүсгүй бол Оюу толгой компаниас төрөн гарсан тэсэлгээний инженер Я.Нямдулам. Тэрбээр алс баруун хязгаараас нийслэлийг зорин уул уурхайн ашиглалтын мэргэжлийг дүүргэж Оюу толгой компанид ийнхүү нэр төртэй ажиллаж байгаа монгол бүсгүйдийн нэг. Тэсэлгээний инженер Я.Нямдуламтай ярилцлаа.


-Гүний уурхайн тэсэлгээний гал өгөх эрхтэй анхны эмэгтэй инженер болсон баярт мэдээг тань сонсоод цаанаасаа л баяр төрөөд байх юм. Уул уурхайн салбарт эмэгтэй хүн ийм бахархам амжилт гаргасных байх?

-Маш их баярлалаа. Сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгохдоо л “Эмэгтэй хүн чадах болов уу” гэдэг айдас төрж байсан. Анх уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлийг сонгоход, ШУТИС-даа ирээд танхим дүүрэн хөвгүүдийн дунд суухад, ажлын талбарт гарахад “Би эмэгтэй болохоор яах бол” гэдэг айдас байсан. Гэхдээ тэр айдсаа үргэлж дарж, “Би заавал чадах ёстой, үр дүнг нь заавал үзнэ дээ” гэдэг зоригоор хурцлагдаж байсан шүү. Анх тэсэлгээчин инженерээр ажиллаж эхлэхдээ өөртөө тавьсан мөрөөдөл маань гал өгөх эрхтэй эмэгтэй инженер болох байсан. Түүнийгээ биелүүлж чадлаа.

-Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлийг зорьж сонгоогүй бололтой?

-Би Говь-Алтай аймагт ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн. Дунд сургуульдаа математик, физикийн хичээлдээ сонирхолтой. Яг тийм, ийм мэргэжил эзэмшинэ гэж нарийн төлөвлөгөөгүй. Энэ хоёр хичээлээ сайн давтаж байгаад тохирсон мэргэжлийг нь авна даа гэж бодож байсан. Ингээд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч, аймагтаа гуравт жагслаа. Нэгдүгээр байранд орсон хүүхэд барилгын инженер авлаа. Хоёрт жагссан хүүхэд нисэхийн инженерийг сонгочихсон. Харин надад санхүүгээр явах уу, инженер болох уу гэсэн сонголт үлдсэн. Тэгээд уул уурхайн инженер мэргэжлийг сонгосон доо.

-Сурагчийн ширээнээс салаагүй хүүхдэд уул уурхайн талаар ойлголт байв уу?

-Яаж байх вэ. Математикийн багш маань нэлээд ширүүн “Уул уурхайн ашиглалтыг ав” гэдэг юм. Аав маань “Хүрз барьж газар малтах биш миний охин ав ав” гээд бас дэмжсэн. Өөр бусад хүмүүс аав руу уурлаад “Охин хүүхдэд уул уурхайн мэргэжил сонголоо” гээд л. Одоо бодоход аав, багш хоёр маань зөв чиглүүлж өгчээ гэж баярладаг. Ингээд 2017 онд ШУТИС-д уул уурхайн ашиглалтын ангид орлоо. Танхим дүүрэн хөвгүүд, дунд нь 10 гаруй охид байсан шүү. Анги удирдсан багшийг маань Л.Жаргалсайхан гэдэг. Биднийг энэ мэргэжилд маш сайн чиглүүлж, дурлуулж өгсөн хүн. Тийм ч учраас манай ангиас хүүхдүүд шилжих, дундаас нь хаях биш нэмэгдэж орж ирдэг байлаа.

Оюутан байх үед Япон улс руу оюутан солилцоогоор явах, ОХУ руу нүүрсний уурхайтай танилцах маш сайхан боломжууд нээгдсэн. Түүнээс л уурхай гэж юу байдгийг мэдэж, мэргэжилдээ улам дурласан.

-“Оюу толгой” компанид хэрхэн ажилд орж байв?

-Сургуулиа төгсөөд ажлын талбар дээр гарахдаа бас л эмээсэн. Эмэгтэй хүн юм чинь ажилд авах компани олдох болов уу гэж. Тиймээс маш олон компани, уурхай руу анкет явуулсан. /инээв/.

Тэр дундаас зураг төслийн “Евро Азиа Майнз” компанид мэргэжлээрээ ажилд орсон. Ингээд жил орчмын хугацаанд ажиллаж байхдаа “Оюу толгой”-н туслан гүйцэтгэгч “Рэдпаф Монгол” компанид анкет илгээсэн. Дэлхийн хэмжээний ийм том компани ажлын туршлагагүй, эмэгтэй хүнийг авахгүй болов уу даа жийрхэж байсан. Тэгээд ярилцлагад ороод тэнцсэн.

-Залуу хүн дэлхийн хэмжээний компанид ажиллахаар тэнцэх үеийн мэдрэмж ямар байсан бол?

-Маш их баярласан. Анх гүний уурхай руу орж байхад нэг тийм үгээр илэрхийлэхээргүй мэдрэмж төрдөг юм билээ. Гүний уурхайг хараад л “За энд хүрээд ирлээ шүү дээ. Одоо сайн л ажиллах хэрэгтэй” гэж өөртөө амлаад орж байсан. Гоё дурсамж шүү. Эрчүүдийн тоо давамгайлсан энэ салбарт эмэгтэйчүүдийн өсөн дэвших хүсэл эрмэлзэл, бидний чадварыг дэмждэг ажил олгогч, хамт олонтой байна гэдэг сайхан. Эмэгтэй мэргэжилтнүүдийг ажиллах таатай нөхцөлөөр хангаж, хувь оролцоог нэмэгдүүлэхэд шаардлагатай сургалт болон бүхий л зүйлээр хангаж ажилладаг Оюу толгой (Даян) компанийн нэг хэсэг нь болж ажиллаж байгаадаа баяртай байдаг.

-Ер нь тэсэлгээчин хүний ажлын горим, арга барил ямар байдаг юм бэ?

-Гүний уурхайн тэсэлгээний ажил бол уурхайн ээлж солигдох бүрт хийгддэг онцлогтой бөгөөд маш өндөр хариуцлагатай ажил. Манай тэсэлгээний баг гэхэд дөрвөн ээлжтэй. Хоёр ээлж нь уурхай дээр өдөр шөнөөр ажиллаж, нөгөө хоёр ээлж нь амарч байдаг. Нэг ээлж 10-аад хүний бүрэлдэхүүнтэй. Гүний уурхайд тэсэлгээг шөнийн ээлжийн төгсгөл, өдрийн ээлжийн эхэнд нэг удаа хийдэг. Мэдээж тэсэлгээ хийхийн өмнө гүний уурхайд ажиллаж байгаа бүх ажилчдыг газрын гадарга дээр гаргаж, уурхайг хяналтандаа авсны дараа тэсэлгээ хийгддэг. Газрын гадаргаас 1300 метрийн гүнд үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн хэмжээний том уурхайд олон залуустайгаа нэг баг болон адилхан техник жолоодож, мөр зэрэгцэн ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг, том завшаан юм.

-Маш хариуцлагатай үйл ажиллагаа байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Тэсэлгээний багийнхан маш хянамгай ажиллахгүй бол болохгүй. Тэсэлгээ гэдэг бол олон мянган хүний амь настай холбоотой өндөр эрсдэл дагуулсан ажил байдаг. Бид алхам бүртээ хянамгай ажиллах ёстой.

-Ийм ажилд эмэгтэй хүмүүс ажиллахад хэр байдаг вэ?

-Мэдээж зоривол хүн бүр хийж чадна. Манай улсад 2016 оноос гүний уурхайд эмэгтэй хүн ажиллаж болно гэсэн хууль батлагдсан. Түүнээс хойш гүний уурхайд ажиллах эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байгаад баяртай байдаг. Намайг анх тэсэлгээчнээр гүний уурхайд ороход бараг хүн бүр “Хүүе, ийм жижигхэн охин ажиллаж чадах юм уу”, “Ийм жижигхэн байж машин барьж чадах юм уу” гэх зэргээр ханддаг байлаа. Мэдээж тэр үгэнд нь эмзэглээд бууж өгч болохгүй. Би хийж чадна, чадахгүй байсан ч сурна гээд зүтгэсэн.

-“Оюу толгой” компани аюулгүй ажиллагааг нэгд тавьдгаараа онцлог. Олон улсын стандарт ч үүнийг шаарддаг. Аюулгүй ажиллагаа, ажилчдын тав тух гээд онцолж ярих зүйлс таныхаар юу бол?

-Маш сайхан асуулт байна. Бидний ажлын хувцасны ханцуйны захан дээр “Тэг осол зөрчил” гэсэн уриа хадаастай байдаг. Ажлаа хийхдээ алхам тутамд бид тэр уриаг харж, анхаарал сэрэмжтэй ажилладаг гэсэн үг. Түүнээс гадна ажлаасаа би маш их эмх цэгц, сахилга батыг сурч авсан. Уурхай руу явахаар автобусанд суухаас эхлээд л сахилга бат, аюулгүй байдал мэдрэгддэг. Автобусанд суухдаа нэг эгнээгээр явах, суугаад бүсээ бүслэх, буухдаа урд эгнээнээсээ бууж эхлэх гээд эмх замбараатай, аюулгүй. Түүнийг ямар ч хүн бидэнд заагаагүй, шинэ ажилчид хуучин ажилчдаасаа суралцаад явдаг сахилга бат. Тэгж сурсан хүн чинь хотод ирээд АТМ-ээс мөнгө авахдаа дугаар дайраад байхгүй, машин барихдаа алхам тутамд бүсээ бүслэх гээд өөрөө ч мэдэлгүй тийм чадвар суучихдаг юм билээ.

Мэдээж ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, ажиллах амьдрах орчны хувьд ярих зүйл байхгүй. Зөвхөн л “Ажилчид та бүхэн аваар осолгүй ажиллаад өгнө үү. Бусад зүйлсдээ битгий санаа зов” гэсэн л том агуулга байдаг даа. Энэ дашрамд, гэр бүл, ахан дүүстээ, найз нөхөд, хамт олондоо маш их талархаж явдгаа хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Нөөцийн махны борлуулалт муу байна DNN.mn

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах шийдвэр гарсан билээ.
Улсын хэмжээнд гол нэрийн 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийт 204,5 мянган тн нөөцтэй байна. Хоногийн хэрэглээгээр тооцвол гурил, гурилан бүтээгдэхүүн 160, элсэн чихэр 142, төмсний 88, махны 62, төрөл бүрийн будааны 48, давсны 40, ургамлын тосны 30, хуурай сүүний 22, хүнсний ногооны 16, өндөгний дөрөв хоногийн нөөц байна.
Энэ сарын 5-ны байдлаар 2143,6 тн нөөцийн мах борлуулсан нь нийт бэлтгэсэн махны 17 орчим хувь байна.
Иргэд нөөцийн махны чанарт сэтгэл хангалуун, үнэ зах зээлийн үнээс 35 хувиар хямд байна. Гэсэн ч нөөцийн махны борлуулалтын түвшин өмнөх оны мөн үеэс 45 хувиар бага байна.
Иймд салбарын яамнаас Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хамтран нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нягтаршил ихтэй төвлөрсөн худалдааны төв, орон сууцны хороолол, захын дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид 130, дотоодын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж байна.