Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг 100 мянга гаруй иргэн дэмжсэн DNN.mn

УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өгсөн талаараа мэдээлэл хийлээ.

Т.Доржханд “Өнгөрсөн долоо хоногт бид талбай дээр гарч, иргэдтэйгээ хамтарч “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриатай тогтолцоог өөрчлөх шаардлагыг тавьсан. УИХ-ын зүгээс бидний шаардлагыг хүлээн авч таван хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд бид 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзаж, яагаад сонгуулийн системийг өөрчилж холимог тогтолцоотой болох ёстой юм бэ гэдгийг ярилцлаа. Үр дүнд нь иргэд тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байна.

Өнөөдрийн байдлаар буюу долоо хоногийн хугацаанд 100 мянга гаруй гарын үсэг цуглаад байна. Гадаад суугаа Монголчуудын зүгээс цахимаар гарын үсгээ илгээж байна. Одоогийн байдлаар цахимаар 3,000 гаруй гарын үсэг цуглаад байна. Бид эдгээр гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө.

Гарын үсгээ зурсан иргэд Үндсэн хуулийн тогтолцоог яаралтай өөрчлөхийг дэмжиж байна. Зарим иргэд яагаад тогтолцоог өөрчлөх шаардлагатайг ойлгохгүй, мэдээлэлгүй байна. Мэдээлэл өгөхөөр бүгд дэмжиж байна. Энэ өөрчлөлтийг өнөөдөр л хийхгүй бол болохгүй гэдгийг иргэд ойлгож байгаа.

Тогтолцооны өөрчлөлтөөр Засгийн газрын цомхон болгоё, гаднын хөрөнгө оруулалтыг татъя, төсвийн 76 тал руу хуваахгүй эдийн засагт хэрэгтэй бүтээн байгуулалт хийдаг болъё, УИХ нь бодлого ярьдаг байя гэдгийг иргэд дэмжиж байна.

УИХ-ын даргын зүгээс иргэдийн гарын үсгийг маш хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Бид УИХ-ын даргатай хуулийн дагуу улс орныхоо тулгамдсан асуудлууд болон сонгуулийн тогтолцоог шийдээд явъя гэдэг дээр санал нэгдсэн.

Мөн бид таван хоногийн өмнө УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг маргаашийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор дамжуулж албан ёсоор өгнө гэсэн” гэв.

Categories
мэдээ улс-төр

Санал хураалт явуулахад гишүүдийн ирц хангалтгүй байсан тул МАН-ын бүлэг завсарлага авлаа DNN.mn

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр санал хураалт явуулах гэтэл гишүүдийн ирц хангалтгүй байв. Улмаар уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар УИХ дахь МАН-ыг бүлэг нэг хоногийн завсарлага авав.

Үргэлжлүүлэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай 2015 оны заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлыг хэлэлцэж байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлжээ DNN.mn

Хятад улс ган үйлдвэрлэхэд шаардлагатай гол түүхий эд болох металлургийн нүүрсний Оросоос авах хэмжээг ихээхэн нэмэгдүүлж, импортыг төвшин дээд хэмжээндээ хүрсэн гэж Kpler дүн шинжилгээний компани мэдээлснийг “Металлургпром” сайт дамжуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сард ОХУ далайн тээврээр Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ дөрөвдүгээр сард 1,37 сая тоннд хүрчээ. Харьцуулвал, гуравдугаар сард 0,92 сая тонн, хоёрдугаар сард 0,75 сая тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд эндээс харахад ОХУ Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээгээ сар тутамд асар ихээр нэмэгдүүлж байгаа юм.

ОХУ дөрөвдүгээр сард Хятад руу нийлүүлсэн эрчим хүчний болон коксжих нүүрсний хэмжээ 4,37 сая тоннд хүрсэн нь өмнөх сарын үзүүлэлтээс хоёр дахин нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ЕБС-ийн тусгай ангид тусгаарлаж байгааг эсэргүүцэж байна” гэв DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны яам, ЖАЙКА болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран өнөөдөр “Сурах эрх” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын эхний хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжуудын талаар хэлэлцсэн бол хоёрдугаар хэсэгт ерөнхий боловсролын асуудлыг хөндсөн юм.

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбооны захирал С.Сэлэнгэ “Тэгш хамруулалт бол дэлхий нийтийн чиг хандлага болсон. Хүн бүр өөр өөр байгааг хүндэтгэн хүлээн авч, бүх нийт рүү чиглэсэн бодлого, боловсрол чухал.

Сурах хэрэгцээ нь өөр өөр хүмүүст дөрвөн төрлийн саад байгаа нь

  1. Материаллаг орчны
  2. Мэдээлэл буюу харилцаа холбооны
  3. Байгууллагын буюу институтийн зүгээс учруулж буй
  4. Хандлагын бэрх бэрхшээл.

Эдгээрийг шийдэж чадвал хүүхдүүд бэрхшээлгүйгээр суралцах боломжтой” гэлээ.

зураг

Мөн тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцахад учирч буй саад бэрхшээлийн талаар холбогдох судалгаануудын үр дүнд тулгуурлан танилцуулав.

  1. Бүх нийтийн боловсролын үйлчилгээг зарим сургуулийн захирал ялгаатай байдлаар хүргэж байна. Захирал бүх хүүхдээ элсүүлж, хуваарилахдаа нас харгалзахгүй байна. Хөгжлийн бэрхшээлийн зэргийг ч үл хамааран нэг бүлэг байгуулж байгаа. Үүнийгээ тусгай анги гэж нэрлэдэг. Ийм анги улсын хэмжээнд их байгааг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж байна. Хүүхдүүдийн сургуульд байх бүх цаг хугацаа нь зөвхөн тэр тусгай ангидаа дуусах бөгөөд ирэх, явах, ариун цэврийн өрөө гэх мэтчилэн хэсэгхэн хугацаанд нь л энгийн хүүхдүүдтэй харилцаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бусадтай харилцах, найзлах нөхөрлөх сонголтыг авч хаяж байна. Иймд ерөнхий боловсролын сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай ангид тусгаарлаж байгааг эрс эсэргүүцэж байна.
  2. Сургууль завсардалт тулгамдсаар. Зарим хүүхэд сургуульдаа нэг сар, зарим нь хэдхэн хоног яваад гардаг. Сургууль завсардалт дунд ангид хамгийн их бий. Тэгш хамруулан сургахад сургууль дээрх үйл ажиллагаа дутагдсаар байгаа. Ихэнх сургуульд Дэмжлэгийн баг байгуулагдсан ч ажиллагаа сул. Энэ багаараа хүүхдийг хөгжүүлэх, багшид дэмжлэг үзүүлэх учиртай. Тун чухал тогтолцоо учир сайн ажиллуулах хэрэгтэй.
  3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульдаа ирэх, очих, сурах хөгжих нөхцөл бүрдээгүй, тохирох хэрэглэгдэхүүн хангалтгүй байна.
  4. Багш нар хүүхдийнхээ онцлог хэрэгцээнд нийцсэн арга барилд суралцаагүй байна. Энэ нь зөвхөн тусгай хэрэгцээт боловсролын багшийн асуудал биш. Биеийн тамир, Математик, Монгол хэл гээд бүх хичээлийн багш нар тусгай хэрэгцээт, өөр өөрийн онцлогтой хүүхдүүдтэй яаж харилцах, хичээл заах талаар их сургуульдаа үздэг болох ёстой.
  5. Нэмэлт дэмжих үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд боловсрол олгох нь зөвхөн БШУЯ-ны асуудал биш. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 20 гаруй хувь нь гэртээ байгаа. Ихэнх нь хүнд хэлбэрийн оноштой. Тэднийг сургуульд авчрах, найз нөхөдтэй болгох, нийгэмшүүлэх арга зам нь дэмжих үйлчилгээ. Үүнд засал эмчилгээ, орчуулга, туслах багш, сэтгэл зүйн тусламж гэх мэт бусдаар гүйцэтгүүлэх ажил үүргүүд бий. Хөгжлийн төв ч мөн үүнд хамаарч болно. Сургууль ийм үйлчилгээг авбал хүүхдээ анги танхимд найзуудтай нь хамт байлгаж хөгжүүлэх боломжтой.
  6. Хүүхэд бүрийнхээ тохирох хэрэглэгдэхүүний асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийнхөө хуралд оруулах боломж байдаг. Засаг даргадаа уламжил. Засаг дарга нь орон нутагтаа байгаа хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах үүрэгтэйн хувьд төсөвт суулгах бүрэн эрх нь бий. Боловсролын салбарт бүх асуудлыг нялзаахгүйгээр бусад гарцыг хайх нь зөв.
  7. Хүүхдээ сургуульд сургасангүй гэж эцэг эхчүүдийг дандаа буруутгадаг. Гэхдээ тогтолцоо нь буруу байгааг хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ яаж хөгжүүлэх, яаж сургах, дэмжих талаар мэдээлэл авах буюу мэдэх эрхийг хангаж өгөхгүй байна. Мэдэх эрх хангагдаагүй байхад хаанаас, юу асуухаа яаж мэдэх вэ. Японд дөрвөн сартайгаас нь эхлээд эцэг, эхчүүдийн мэдэх эрхийг хангадаг. Иймээс товлолт үзлэгийн үеэр мэдэх эрхийг хангах нь маш чухал.
Categories
мэдээ нийгэм

Т.Гантөмөр: Оюу толгойгоор овоглодог залуучуудад оюун ухаан, эрдэм мэдлэгээ олон улсад зарж, доллар олох боломж бүрдсэн DNN.mn


Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн багийн ахлах инженер Т.Гантөмөртэй ярилцлаа.


-Оюу толгой компанид анх ямар ажлын байран дээр хэзээ ажилд орж байснаас тань ярилцлагаа эхлүүлье. Оюу толгой компанид ажилд орохыг олон залуус мөрөөддөг шүү дээ?

-Миний хувьд Чех улсад хэлний бэлтгэлээ төгсөөд мэргэжлээ сонгохоор болсон. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Оюу толгойн гэрээг үзэглэж байсан. Тэр үед уул уурхайн салбарын өндөр идэвхжил бий болсон. Тиймээс манай улсад уул уурхайн салбар, тэр дундаа Оюу толгой төсөл хэрэгжих нь тодорхой байсан учраас уул уурхайн инженер, гүний инженер болохоор шийдсэн. Ингээд 2013 онд сургуулиа төгсөөд Оюу толгойд ажиллах хүсэлтээ өгч байсан. Харамсалтай нь тухайн үед Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт түр зогссон учраас надад хүлээхээс өөр сонголт байгаагүй. Ингээд барилгын салбарт ажиллаж эхэлсэн. Ингээд 2019 оноос Оюу толгой компанид үндсэн мэргэжлийнхээ дагуу буюу гүний уурхайн инженерээр ажилд орсон. Миний хувьд гадаргын болон гүний барилгын ажлыг гүний уурхайн инженерийн ажлаа хийхээсээ өмнө хийж байснаараа онцлог давуу тал, тулгардаг хүндрэл бэрхшээл байдаг болон тэр нь уурхайн ажилтай хэрхэн уялддаг талаарх зовлон, жаргалыг биеэрээ туулсан учраас одоо эрхэлж байгаа ажилд маш том хувь нэмэр болдог. Манай багийн хувьд хөндлөн нэвтрэлт явагдаад дараагийн барилгын ажил явагдах гэж байгаа газарт ямар нэгэн асуудал үүсэхгүй, эрсдэл учрахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллаж байгаа эсэх, бэхэлгээгээ стандартын дагуу хийсэн эсэх гэх мэт бүгдийг хянахаас гадна энэ бүхнийг товлосон хугацаандаа хийж чадаж байгаа эсэхийг давхар хянадаг. Бид өдөр тутам хийж байгаа ажлынхаа дэс дарааллыг зөв хийж, хүн хүч, тоног төхөөрөмжийн хуваарилалтаа цаг хугацаа алдахгүй хийж чадаж байгаа эсэхийг манай баг хянаж ажилладаг. Оюу толгой компанийн үнэт зүйл болсон аюулгүй ажиллагаа, цаг хугацаандаа чанартай ажил гүйцэтгэхийг зорьдог.

-Та гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн багийн гишүүн. Багийнхаа талаар товчхон танилцуулахгүй юу?

Манай баг гүний уурхайн 220 км хөндлөн нэвтрэлтийг хариуцан ажиллаж байна. Туслан гүйцэтгэгч компанийн 1100 орчим ажилчдын өдөр тутамдаа ном журмын дагуу стандарт, дизайныхаа дагуу аюулгүй бөгөөд амжилттай ажиллахад бусад багуудын харилцаа холбоо хамаарлыг бий болгож, хамтарч ажилладаг.

-Хөндлөн нэвтрэлтийн уул уурхайн багийн инженер бусад мэргэжилтнүүдээсээ ялгаатай тал нь юу байх вэ?

-Гүний уурхайн нэвтрэлт дотроо хэд хэдэн төрөл байдаг. Оюу толгой компанид нийт таван босоо нэвтрэлт бий. Тэгвэл хөндлөн нэвтрэлтийн багийн онцлог нь уурхайн гүнд байрлах хонгилуудыг уурхайгаас гаргасан төлөвлөлт, зураг төслийн дагуу хооронд нь холбоход чигээрээ болон, уруу өгсүүр чиглэлийн малталтуудыг хийдэг.Манай баг 20 хүний бүрэлдэхүүнтэй. Багийн нийт гишүүдийн 18 нь монгол, хоёр нь гадаад улсын иргэн байна. Сүүлийн жилүүдэд Оюу толгой компани монгол мэргэжилтнүүдэд ур чадвараа ахиулж, дэвших боломжийг түлхүү нээж өгсөн. Уул уурхайн томоохон төслүүд эхлэх үедээ мэргэжилтнүүдээ гадаадын боловсон хүчнээр сайтар бэлдүүлж, бүрэн бэлтгэгдэж дууссаны дараа, дараагийн түвшинд гадаад мэргэжилтнээ орлож ажиллах боломж нөхцөлөөр хангадаг. Өмнө нь Оюу толгой төсөл дээр түлхүү гадаадын мэргэжилтнүүд ажилладаг байсан бол 2019 оноос монгол мэргэжилтнүүд давамгайлан ажиллаж байна.

-Гүний уурхайн олборлолт явагдаж эхлэх хугацаа ойртож байна. Одоогоор хөндлөн нэвтрэлтийн ажил ямар гүйцэтгэлтэй явж байна?

-Бид одоогоор 70 орчим километрт хөндлөн нэвтрэлт хийгээд байна. Энэ үед гүний уурхайн олборлолт эхлэх гэж байгаад баяртай байна. Гүний уурхай ашиглалтад ороход өдөрт 95 мянган тонн олборлолт хийхээр төлөвлөсөн. Тэгвэл энэ тоо оргил ачааллын үедээ хүрэх хүртэл олон төрлийн дэд бүтцийн ажил хийх ёстой. Тэр ажлууд одоо ч тасралтгүй хийгдэж байна. Одоогоор бид хүдрийн биетийг гаргах эхний шатыг улсад хүлээлгэж өгөх ажиллагаа амжилттай явагдаж дууссан. Түүнчлэн хүдрийн биет гаргах дараагийн шатны туузан дамжуургын бүтээн байгуулалтын хоёр дахь шат нь явагдаж байна. Энэ бүх бүтээн байгуулалт буюу агааржуулалт, ус, дагалдах цахилгаан гэх мэт дэд бүтцүүд бий. Эдгээр дэд бүтцүүдийг хооронд нь холбож, дагалдах барилгын ажлууд дарааллын дагуу явагдаж байгаа учраас 220 км үргэлжилсэн хөндлөн нэвтрэлтийн ажил явагдана.

-Оюу толгойн гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил бол дэлхийд томоохон бүтээн байгуулалтын ажилд тооцогддог. Эдгээр бүтээн байгуулалтад оролцсон мэргэжилтнүүд хөндлөн нэвтрэлтээр мэргэшсэн боловсон хүчнүүд болж бэлтгэгдэж байна. Эргээд хүнээ боловсон хүчнээ экспортлох боломж бүрдэж байна уу?

-Монгол мэргэжилтнүүд Оюу толгойн гүний уурхай бүрэн ашиглалтад орсны дараа олон улсын уул уурхайн компаниудад ажиллах боломж нээгдэх биш одоо ч нээгдчихсэн байгаа. Оюу толгойгоор овоглож байсан олон залуус Рио Тинтогийн буюу глобал ажилчид болсон. Хамгийн гол нь тухайн залуусын хичээл зүтгэл, өсөх дэвших эрмэлзэл, хариуцлагатай амжилттай байдал тэдэнд ийм боломжийг олгосон. Монгол залууст ямар нэгэн байдлаар хэлний бэрхшээл үүсэхгүй л бол олон улсын уул уурхайн компанид ажиллах боломж бүрэн байна. Рио Тинтогийн салбар уурхайнуудад ажиллаж байгаа нь тэдний хувьд олон улсын түвшинд ажиллах байна.Нэг ёсондоо Оюу толгойгоор овоглодог залуучуудад оюун ухаан, эрдэм мэдлэгээ олон улсад зарж, доллар олох боломж бүрдсэн. Хамгийн сүүлд манай төсөл дээр ажиллаж байсан хоёр залуу Африк руу явсан. Монгол залуучууд өндөр ур чадвартай болчихсон учраас Австралийн хөдөлмөрийн зах зээл дээр зарлагдсан нээлттэй ажлын байрны зарыг хараад анкетаа илгээх боломжтой болсон. Яг одоо 2009 онтой адил уул уурхайн салбарын идэвхжил өндөр байна. Өнгөрсөн оноос эхлээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа учраас уул уурхайн хөрөнгө оруулалтууд нэмэгдэж, ажиллах хүчний хомсдолд ороод эхэлчихлээ. Тийм учраас чадварлаг ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байна. Магадгүй Оюу толгойд таван жил ажиллачихсан залуучууд дэлхийн томоохон уул уурхайн компаниудад ажиллах бүрэн боломжтой болсон. Энэ мэтчилэн олон боломж уул уурхайн чиглэл болон техникийн чиглэлээр мэргэшсэн олон мянган залууст нээгдсэн.

-Гадны мэргэжилтнүүд монголчуудын давуу талын талаар юу хэлдэг вэ?

-Монгол залуучуудыг хөдөлмөрч, дайчин гэдэг нь ажлын байран дээр харагддаг учраас энэ зан чанар нь түлхүү үнэлэгддэг. Гадаадын мэргэжилтнүүд олон улсын залуустай хамтарч ажиллаж байсан туршлагатай учраас орон орны залуусын онцлог, давуу талыг тодорхой хэмжээнд харсан байдаг. Монголчууд бидний нүүдэлчин уламжлалын онцлог ямар ч салбарт ямар ч чиглэлээр амархан хөрвөж, дасан зохицож ажиллах боломжтой нь харагддаг. Оюу толгой компанийн аюулгүй ажиллагааны соёл болоод ажилд хандаж байгаа соёл, системийг Монголд нэвтрүүлснээс хойш 10 гаруй жил болсон. Одоо бол энэ соёл нэгэнт Монголд нутагшчихсан. Энэ хугацаанд монгол залуус тухайн соёлыг өөртөө шингээн авч, гадаадын мэргэжилтнүүдээс дутахааргүй болоод хөгжсөн. Үүнийгээ дагаад монгол залууст гадагшаа явах боломж нь ч өндөр байгаа.

-Оюу толгой компанид шинээр ажилд орсон хүмүүс ур чадвараа хэрхэн дээшлүүлж, амжилттай ажиллахын тулд юу хийх ёстой вэ?

-Ер нь бол ямар ч ажлын байран дээр хандлага чухлаар тавигдах болсон. Тухайн хүний хандлага бусдаас суралцах харилцах, ажилдаа хандах хандлагаар нь үргэлж нөлөөлж байдаг. Ур чадварын хувьд бусдыгаа манлайлдаг боловч зан харилцааны доголдолтой бол олон хүнд сорилтыг давах хэрэгтэй болно. Оюу толгой компани хүний нөөцийн бодлогын хувьд техник, ур чадварыг харахаас гадна хандлага дээр нэлээд анхаардаг. Оюу толгой компани олон улсын түвшинд хамгийн сүүлийн үед нэвтэрсэн технологиуд дээр ажилладаг. Энэ өнцгөөс нь харвал заавал уул уурхайн инженер болж уурхайд ажиллах шаардлагагүй болчихсон. IT, холбоо инженерийн чиглэлээр төгссөн залуус ч уурхайд олон улсын стандартын түвшинд ажиллах боломжтой болсон.

-Монгол Улсдаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог Оюу толгой компанид ажиллахад хамгийн сайхан санагддаг зүйл нь юу вэ?

-Миний хувьд мэргэжлээрээ сурч байхаас сэтгэл хөдөлгөсөн зүйл нь Оюу толгойн Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөг бодож үзэж байсан. Эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад чухал нөлөө үзүүлж байгаа томоохон хэмжээний төсөлд иргэн хүнийхээ хувьд оруулж байгаа бас нэгэн хувь нэмэр гэж бодсон. Шинэ технологи, шинэ чадваруудыг үеийн залуустайгаа мөр зэрэгцэн ажиллаж, харилцан суралцаж байгаа нь үнэхээр бахархам санагддаг. Гүний уурхайд эзэмшиж гэдэг хөдөлмөрийн хуулийн дагуу хортой хүнд нөхцөлд тооцогддог. Олон цагаар өдөр, шөнийн ээлжээр тасралтгүй ажилладаг. Нарны гэрэл шууд тусдаггүй газар ажилладаг учраас олон хүндрэл бэрхшээл бий. Энэ бүхнийг даван туулах амаргүй. Ажлын байрандаа дасан зохицоход багагүй хугацаа шаардагддаг. Гүний уурхайд нэвтрэлттэй холбоотой бүх ажлуудыг хариуцан ажиллаж байгаа уурхайн ахмадууд, ах нарын каск малгайг нь аваад дуулга өмсгөчихвөл яг л эртний монгол баатрууд, жанжин шиг харагддаг. Яг тийм энерги мэдрэгддэг. Тэр хүмүүсийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүс эртний цэргүүд шиг л байдаг. Тэдний санаа зорилго нэг. Түүнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Ийм сайхан хамт олноороо бахархахгүй байхын аргагүй.

Categories
мэдээ улс-төр

Банкууд 430-580 тэрбум төгрөгийн хувьцааг олон нийтэд санал болгох тооцоо гарчээ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Төслийг ХНХ-ын сайд А.Ариунзяа танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны 6 дугаар сарын 30-нд багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 3-ны 5 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн гэдгийг танилцуулгын эхэнд онцоллоо.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна. Системд нөлөө бүхий банкууд 430-580 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг олон нийтэд санал болгох урьдчилсан тооцоо гарчээ. Богино хугацаанд буюу IPO хийх хугацааг хэт ойр тогтоож хэрэгжүүлэх нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэлийг дагуулж болзошгүй байгаа аж. Иймп банкуудын хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгах тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны саналыг Засгийн газар дэмжиж, сунгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Банкууд IPO гаргах нь тус салбарт хийх том шинэчлэл гэдгийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэлэлцүүлгийн үеэр онцлоод уг ажлыг зогсоож болохгүй хэмээв.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Банкуудын үйл ажиллагааны хэлбэр нь ХХК байдаг. Олон нийтэд нээлттэй хувьцаат компани руу шилжүүлэх хуулийн хугацаа сар хагасын дараа буюу ирэх сарын 31-нд дуусна. Богино хугацаанд системийн нөлөө бүхий таван том банк зэрэг хувьцаагаа олон нийтэд санал болгож зэрэг явах нь хувьцааны үнэ ханшид нөлөөлөхөөр өрсөлдөөн бий болно. Тиймээс IPO хийж дуусах хугацааг ирэх оны зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгаж буй юм. Тэгэхээр бэлэн болсон банкууд IPO зарлаад явчихаж болно” гэлээ.

Аливаа хуулийг батлаад нэг жил болоогүй байхад дахин өөрчлөлт оруулдаг байж болохгүй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Т.Аубакир илэрхийллээ. Мөн УИХ-ын баталсан хууль судалгаа шинжилгээтэй, оновчтой байх ёстой хэмээсэн юм. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.1 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороод шилжүүллээ.

Categories
гадаад мэдээ

Хятадад 113 зорчигч тээвэрлэж байсан онгоц шатжээ DNN.mn

Хятадын иргэний агаарын тээврийн “Tibet Airlines” компанийн онгоц хөөрөх үедээ зурвасаас гарч, галд автжээ.

Осол Хятадын олон улсын “Жянбэй” нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 08.00 цаг орчим гарчээ. Онгоцонд 113 зорчигч, багийн есөн гишүүн байжээ. Ослын улмаас 40 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Чунчин-Ниянгчи чиглэлийн “TV9833” нислэг үйлдэж байсан онгоцны их биеийн зүүн хэсэгт гал гарчээ. Хүний амь эрстсэн мэдээлэл ирээгүй байна. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Онгоцонд гарсан галыг унтраасан ба нисэх онгоцны буудлын хөөрөх, буух зурвасыг хаажээ.

Хятад улсад энэ онд гарч буй хоёр дахь том осол болж байна. Үүнээс өмнө Куньмин-Гуанжоу чиглэлд нислэг үйлдэж байсан “Боинг” онгоц гуравдугаар сарын 21-нд осолдож, 123 зорчигч, багийн есөн гишүүн, нийт 132 хүний амиа алдсан гэж тооцсон юм. Ослын шалтгааныг одоогоор мэдээлээгүй байгаа бөгөөд онгоцны хар хайрцгийг уншиж байна.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын сугалааг ирэх оноос зохион байгуулна DNN.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг анх 1998 онд баталж, 2015 онд шинэчлэн найруулж, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн шинэчлэлээр татвар төлөгчийн бүртгэл, далд эдийн засгийг бууруулах, татварын тэгш шударга байх зарчмыг хангуулах зорилгоор НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт, сугалааны тохирол гэсэн урамшууллыг нэвтрүүлсэн юм. Гэвч НӨАТ-ын сугалааг 2021 оныг дуустал зогсоосон. Тэгвэл Татварын Ерөнхий газрын татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын дарга Р.Мягмаржав “Сугалааны урамшуулал хэрэгжиж эхлээд долоон жил болжээ. Иргэд, олон нийтээс сугалааг болиулах санал их гаргасан, сугалаанаас иргэд азтан болохгүй байна, шударга бус байна хэмээн шүүмжилсэн тул сугалааны урамшууллыг түр зогсоосон. Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан сугалааны азтан шалгаруулах явцыг эргэж харна. Цаашид сугалааг ямар хэлбэрээр, урамшууллыг хэрхэн оновчтой тогтоох вэ зэргийг судлахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Сугалааны урамшууллыг ирэх оноос дахин эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч төрийн дээд одон, медаль гардууллаа DNN.mn

Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:

“Улсдаа тасралтгүй 43 жил ажиллаж, мэс заслын албанд зүтгэхдээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хамгаалах болон эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарт идэвхитэй ажиллаж, “Лазерын тусламжтайгаар хийх анхны мэс засал” хийгээд “Хээрийн нөхцөлд хийх мэс засал”-ын анхны сувилагчаар ажиллаж, ой хээрийн түймэр, үйлдвэрийн осол, тахлын голомтуудад сувилахуйн тусламжийг түүчээлэн хүргэж, сувилахуйн төрөлжсөн тусламжийг давхардсан тоогоор 1,854,363 иргэндээ үзүүлж, олон зуун иргэний амь насыг аварч хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ сувилахуйн тусламжийг сайжруулах, сувилагчийн ажиллах нөхцөл, нийгмийн асуудлаар тодорхой саналуудыг дэвшүүлэн шийдвэрлүүлэхээр чармайн ажиллаж, сувилахуйн салбарыг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулж байгаа, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн Хагалгааны болон боолтын сувилагч Пүрэвийн Зинад хүртээв.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эх баригч Гомбосүрэнгийн Алинчбиш,
  • Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн тасгийн сувилагч Гаадангийн Буянтогтох,
  • Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэмжих үйлчилгээний албаны дарга Бямбажавын Эрдэнэчимэг,
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн ахлах сувилагч Батхүүгийн Удвал,

Алтан гадас одонгоор:

  • Улсын гуравдугаар төв эмнэлгийн ахмад сувилагч Сааралын Эрдэнэчимэг,
  • Нийслэлийн Налайх дүүргийн “Ачлал-Налайх” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Сэдэдийн Цэцэгмаа,
  • Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагч Галсандоржийн Наранцэцэг,
  • Говь-Сүмбэр аймгийн “Энх тус дэм” өрхийн эмнэлгийн өрхийн сувилагч Лодойн Цэнд-Аюуш,
  • Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ядамсүрэнгийн Энхбаяр,
  • Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга Зинагийн Алтантовч,
  • Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн боолтны сувилагч Жигжиддоржийн Бямбажав,
  • Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх баригч Балжиннямын Болормаа,
  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сувилагч Ширчинжавын Мэндбаяр,
  • Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Дамчаагийн Намжилмаа,
  • Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх баригч Цогийн Оюунчимэг,
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч Эрдэнэбилэгийн Оюунчимэг,
  • Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Чойжилдоржийн Уранчимэг,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Ачит сайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн сувилагч Доржийн Хандсүрэн,
  • Булган аймгийн Рашаант сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Дашжамцын Шинэбаяр,
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Дэлгэрхүүгийн Эрдэнэчимэг,
  • Дорнод аймгийн “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Чойжинжавын Энхзаяа,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Пүрэвдоржийн Энхсанаа,
  • Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмийн бус эмчилгээний сувилагч Баядаагийн Гантуяа,
  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний сувилагч Оюундуламын Ялалт,
  • Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн сувилагч Маруушийн Нямсүрэн,
  • Хавдар судлалын үндэсний төвийн ахлах сувилагч Юрагийн Оюунзул,
  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн сувилагч Цанхирын Оюунбилэг,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Мараната” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ноостын Отгонжаргал,
  • Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Оюунчимэгийн Удвал нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварт цар тахлын амаргүй хүнд нөхцөлд ард түмний амь нас, аюулгүй байдлын төлөө өөрийн амь нас, ар гэрээ умартан зүтгэж ачааны хүндийг үүрсэн энх цагийн эгэл баатрууд-сувилагчдад Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ.

aay

Categories
мэдээ нийгэм

Монгол залуусыг цэнэглэсэн тэтгэлэгт хөтөлбөрүүд DNN.mn

Эх орондоо хөгжил цэцэглэлтийг бүтээх монгол залуусын оюуныг тэтгэх хамгийн олон, хамгийн өгөөжтэй, үнэ цэнэтэй тэтгэлэгт хөтөлбөрийг Оюу толгой компани хэрэгжүүлдэг билээ. Төгсөх ангийн сурагчид, бакалаврын түвшний оюутнууд, шинэ төгсөгчид гээд залуусын олон бүлэгт зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар Оюу толгой компанийн ур чадвар, сургалт хариуцсан зөвлөх Э.Болд-Эрдэнэтэй ярилцсан юм.

Тэрээр дараах мэдээллийг танилцуулсныг тоймлон хүргэж байна.


1300 залууг цэнэглэсэн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”

Оюу толгой компани 2010 оноос эхлэн Монгол Улсад чадварлаг боловсон хүчин, шилдэг инженер бэлтгэх зорилгоор олон төрлийн боловсролын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг бол “Залуусын хөгжлийн хөтөлбөр” юм. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад олгох зөөлөн ур чадвар буюу хувь хүнийг хөгжүүлэхтэй холбоотой хөтөлбөр. 2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т өнөөдрийн байдлаар 1300 гаруй залуус хамрагдаад байна.

Сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, сар бүрийн тэтгэмжтэй шилдэг оюутан

Монголын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулийн 2-4 дүгээр курсийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр бол тус компанийн бас нэг чухал ажлын хэсэг. Энэ хөтөлбөрийг зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлахгүйгээр өгөгдлийн шинжлэх ухаан, хүний нөөц, мэдээ түгээх зэрэг олон төрлөөр нээлттэй зарладаг. Хамгийн том давуу тал нь хоёрдугаар курсээс шалгуурт тэнцэн тэтгэлгийн эзэн болбол төгстөлөө тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжтой. Гол шалгуур нь голч дүн 3.2 болон түүнээс дээш байхад л хангалттай.

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр 25-30 оюутан хамрагддаг бөгөөд өнөөдрийг хүртэл 376 оюутан залуус энэ хөтөлбөрийн эзэн болжээ. Оюу толгой компани дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан амжилттай суралцан оюутны сургалтын төлбөрийг 100 хувь даахаас гадна орон нутгийн оюутны дотуур байрны төлбөр, сар бүр (жилийн 10 сард) 200.000 төгрөгийн тэтгэлгийг давхар олгодгоороо онцлог юм. Өөрөөр хэлбэл, шилдэг оюутан та хичээлдээ л шамдан суралц. Цаашлаад эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруул гэсэн том агуулгыг хэрэгжүүлдэг ажээ.

Уул уурхайгаас бусад мэргэжлээр ч дадлагажих боломжтой

Оюу толгой компаниас хэрэгжүүлдэг дараагийн хөтөлбөр бол дадлагын хөтөлбөр юм. Хэдийгээр тус компани уул уурхайн чиглэлийнх ч оюутан залуус ямар ч чиглэлээр дадлага хийх өргөн боломжийг нээж өгчээ. Оюутнууд Оюу толгой компанийн Улаанбаатар дахь төв оффис дээр болон төслийн талбар дээр дадлага хийж, сургалтаар олж авсан онолын мэдлэгээ практик дээр баталгаажуулдаг.

Оюутнууд дэлхийн хэмжээний энэ төсөл дээр дадлага хийгээд зогсохгүй “Үйлдвэрлэлийн судалгааны ажил”-д өөрсдийгөө сорих боломжтой. Тодруулбал, компанийн зүгээс оюутнуудын дунд тодорхой сэдэв өгнө. Оюутнууд баг бүрдүүлж тухайн сэдвийг судалж, шийдэл гарцыг эрэлхийлдэг. Зарим оюутнууд тэрхүү үйлдвэрлэлийн судалгааны ажлаараа диплом хамгаалах тохиолдол бий.

Шинэ төгсөгчдийн ажлын талбар Оюу толгой

Залуусын анхаарлыг татдаг өөр нэг хөтөлбөр бол шинэ төгсөгчийн хөтөлбөр. Бакалавр болон магистр хийгээд дөнгөж төгссөн оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдана. Учир нь өнөө үед ажлын байрны тавигдах шаардлагад ажлын туршлага заах нь элбэг. Залуус төгсөөд шууд ажиллах боломжоор хангах үүднээс Оюу толгой компанийнхан тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх болжээ. Хөтөлбөрт тэнцсэн шинэ төгсөгчид Оюу толгойн уурхайд шууд инженерээр ажиллаад явдаг.

Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөрт 144 залуус хамрагдсанаас 100 гаруй нь компанид үргэлжлүүлэн ажилласаар байгаа ажээ.

Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт өөрийгөө сориорой

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэгч Оюу толгой компани монгол залууст зориулсан олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрийн томоохон нь гадаадын тэтгэлэгт хөтөлбөр юм. Өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрт 39 залуу хамрагдаж амжжээ. Хамгийн сүүлд гэхэд 2018 онд тус хөтөлбөр зарлагдсан бөгөөд Австрали улсад суралцаж төгсөөд Ханбогд суманд гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гол болзолтой байв. Уг болзлыг ханган эдүгээ Ханбогд суманд нэг эмч, англи хэлний гурван багш ажиллаж байна.

Тэгвэл уг хөтөлбөр энэ жил, энэ цаг хугацаанд зарлагдаад байгааг дуулгахад таатай байна. Энэ жилийн хувьд гол болзол нь геотехникийн инженерчлэл, гүний уурхайн олборлолт гэсэн хоёр чиглэлээр хоёр хүнийг шалгаруулна. Тэд суралцаж ирээд ШУТИС-д таваас багагүй жилийн хугацаанд ажиллах үүрэгтэй. Хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа дөрөвдүгээр сарын 26 юм байна.