Categories
мэдээ нийгэм

Усны нөөцийн зөвлөл хуралдаж байна DNN.mn

Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу БОАЖ-ын сайдын 2022 оны А/155 тушаалаар Усны нөөцийн зөвлөлийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Тус зөвлөл нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гадаргын болон газрын доорх усны эрэл хайгуул, судалгааны ажлын тайланг хэлэлцэж, усны нийт нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг батлах, усны нөөц ашиглахтай холбоотой техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөл, хөтөлбөр, судалгааны ажлыг хэлэлцэн мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх үндсэн чиг үүрэгтэй юм.

Усны нөөцийн зөвлөл /2022.05.12/-нд 2022 оны анхдугаар хурлаа зохион байгуулж байна.

Тус хурлаар үндсэн зургаан асуудал буюу газрын доорх усны эрэл хайгуулын судалгааны ажлын 5 тайлан, усалгаатай газар тариалангийн техник эдийн засгийн үндэслэл зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Хурал үргэлжилж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 122 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн нийт 604 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 586 хэрэг шалгагдаж байна.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Ховд аймагт хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байсан албан тушаалтан “М” нь насанд хүрээгүй хүүхдүүдийг унадаг дугуй хулгайлсан хэрэг хүлээлгэхээр бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэх;
  • Нэр бүхий аж ахуй нэгжийн захирал “А” нь Булган аймгийн Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулсан тендер сонгон шалгаруулалтад оролцож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор эрх бүхий албан тушаалтанд албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 80,000,000 /наян сая/ төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Сант сумын ЗДТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Xiamen Xz657 маркийн ковшийг 26,200,000 төгрөгөөр худалдан авсан боловч техникийн үзүүлэлт нь шаардлага хангахгүй механизмыг албан тушаалын байдлаа ашиглан худалдан авч төрийн байгууллагад хохирол учруулсан гэх;
  • Сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан албан тушаалтан “О” нь өөрийн хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан компани руу тэмцээн зохион байгуулах нэрээр 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг шилжүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрийн ял эдлүүлэх хэлтсийн албан тушаалтан “Б” нь иргэний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тогтоолыг хүлээн авсан боловч хууль зөрчин чиг үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын дараа холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн нь албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтан ”Б” нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах замаар иргэнээс хахууль авсан мөн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэнд давуу байдал бий болгосон гэх;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын удирдах албан тушаалтан “Р” нь бусадтай бүлэглэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ийг үндэслэлгүйгээр байгуулж, тодорхой ажил гүйцэтгээгүй байхад гэрээ дүгнэсэн актуудад гарын үсэг зуран санхүүжилт олгуулж улсад хохирол учруулсан гэх;

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн, мөрдөгчийн 1 мэдэгдлийн хариуг хүлээн авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлттэй зээл олголтыг эрчимжүүлэх зорилгоор арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзлаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 2022 онд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 380 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.

Хэдийгээр энэ зээлийг арилжааны банкны эх үүсвэрээс олгож байгаа ч 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай байх, Засгийн газраас нийт 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хөнгөлөлттэй нөхцөлтэй.

Зээлийг арилжааны “Хаан”, “Хас”, “Голомт”, “Худалдаа хөгжил”, “Ариг”, “Тээвэр хөгжил”, “Капитрон”, “Төрийн банк”-аар олгож байна.

“Хөдөө аж ахуйг дэмжих зээл”-ийг эрчимжүүлэх, Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд олгох эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хэлбэр, эх үүсвэрийн талаар санал солилцох зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк хамтран арилжааны банкны төлөөлөлд сургалт зохион байгуулж, зөвлөлдлөө.

Хөдөө аж ахуйн салбарын онцлог, цаг хугацаанаас хамаардаг технологит ажлуудын талаар арилжааны банкуудад ойлголт өгөх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, зээл олгох ажиллагааг эрчимжүүлэх нь энэхүү уулзалт сургалтын гол зорилго байв.

Салбар яам, мэргэжлийн холбоод, арилжааны банк зэрэг олон талын төлөөлөл хамтран зөвлөлдсөнөөр зээл олголттой холбоотой тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, харилцан ойлголцол, бүх талын оролцоог хангасан хяналт бий болох сайн талтайг оролцогчид онцоллоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийн өвчлөлийн эрт илрүүлэг, өсвөр насныхны хоол тэжээлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Дэбора Коминиг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ, түүний дотор НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэжээ. Түүнчлэн цар тахлын үед эм, вакцин, хүүхдийн бичил тэжээл, хүчилтөрөгчийн хангамж хэрэгсэл нийлүүлж, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна.

Хүүхдийн төлөө хэрэгжүүлж байгаа Монгол Улсын бодлого, үйл ажиллагаа бүс нутагтаа үлгэр жишээ болж байдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Дэбора Комини онцолжээ. Мөн тэрээр цар тахлын хүнд үеийг амжилттай даван туулж, иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулан, нийгмийн хамгааллын уян хатан бодлого хэрэгжүүлж, тэр дундаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэмжээг нэмсэн нь жишиг болсныг онцолжээ.

Уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж ХӨСҮТ-ийн дэргэд Вакцин, био бэлдмэлийн төв агуулах барьж, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж суурилуулсан болон цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймагт CHIP багцыг үргэлжлүүлэх, “Гига” төслийн хүрээнд малчдын хүүхдүүдийг цахим нэвтрэлтэд хамруулах, цахим сургалтын чанарыг сайжруулах талаар ярилцсан байна. Мөн эрүүл мэндийн өгөгдлийг цахимжуулах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ариун цэвэр, усан хангамжийн байгууламжийг сайжруулах, хүүхдийн өвчлөлийн эрт илрүүлэг, өсвөр насныхны хоол тэжээлийг сайжруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлыг шийдэлгүй үлдээв DNN.mn

Чуулганы хуралдааны цаг дууссан, мөн гишүүдээс тавьсан саналыг үндэслэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай 2015 оны заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлаар санал хураалт явуулалгүйгээр хуралдааныг өндөрлөв.
Categories
мэдээ нийгэм

Монгол, Британийн дугуй ширээний 14 дүгээр уулзалт боллоо DNN.mn

Монгол, Британийн Дугуй ширээний 14 дүгээр уулзалт 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод болов.

Монголын талын төлөөлөгчдийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Британийн талын төлөөлөгчдийг Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрхи дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд Аманда Миллинг нар тэргүүлэв.

Сайд нар Монгол Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс 1963 онд дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэв. Монгол, Британийн харилцаанд тогтмол ахиц гарч буйг талууд сайшааж, түүнийг цаашид улам бүр өргөжүүлэх сонирхлоо нотлов. Ирэх 2023 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцов.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа

Сайд нар Британийн импортын барааны тарифын хөнгөлөлтийн систем болох “Сайжруулсан нөхцөл”-д Монгол Улсыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хамруулсныг сайшаан тэмдэглэж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.

Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны Элч, парламентын гишүүн Даниел Кавченскигийн Монгол Улсад хийсэн анхны айлчлал болон Оюу толгойн гүнийн уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх талаарх Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани хоорондын тохиролцоог талууд сайшаан тэмдэглэв.

Монгол Улсад бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин чухал ач холбогдолтойг талууд онцолж, хөрөнгө оруулалтыг хамгаалах, эрх зүйн шинэчлэл, авлигатай тэмцэх чиглэлээр хийгдэж буй ажлыг сайшаав.

Сайд нар Лондонгийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн бирж хоорондын хамтын ажиллагааг сайшааж, цаашид эдгээр байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Монголын Үндэсний геологийн алба, Британийн Геологийн алба хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монголын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт тэргүүлэх технологи, тоног төхөөрөмж, сайн туршлагыг нэвтрүүлэх хүчин чармайлтыг талууд сайшаав.

Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа

Сайд нар Кембрижийн хөтөлбөр, Чевнингийн түншлэлийн хэлэлцээр, Боловсролын төлөөх дэлхийн түншлэл зэргийн хүрээнд Монгол Улсын боловсролын тогтолцоо, үнэлгээний системийг боловсронгуй болгох, багш нарын мэргэшил дээшлүүлэх, англи хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиров.

Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны хамтын ажиллагаа

Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах зорилтыг хэвээр хадгалах, дэлхийн эдийн засгийн 90 хувийг хамарсан нүүрс, машин, бэлэн мөнгө, мод болон хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх дэлхий нийтийн шинэ зорилтыг Глазгоу хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцид оролцогч талуудын 26 дугаар бага хурал (COP26)-аас баталсан түүхэн тохиролцоог талууд сайшаав.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх COP26-д оролцож, ой модыг хамгаалах амлалт, 2030 он гэхэд тэрбум мод тарих санаачлага гаргасныг мөн сайшаав.

Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрээ оруулах үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээг нэмэгдүүлэхийн чухлыг сайд нар онцлов. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад усан цахилгаан станц хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэв.

Дэлхийн биологийн олон төрөл зүйлийг хамгаалах чиглэлээрх зорилтыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг талууд сайшаав. Мөн Лондонгийн Амьтан судлалын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүд зэрэг зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдаатай тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр өрнүүлж буй хамтын ажиллагааг сайд нар сайшаав.

Тээврийн салбарын хамтын ажиллагаа

Хоёр улс хоорондын тээврийн харилцааг дэмжих зорилгоор Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах сонирхлоо талууд илэрхийлэв.

Categories
мэдээ үндэсний-бөx

Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хассаныг хүчингүй болгожээ DNN.mn

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдоос дахин допинг илэрсэн тул улсын аварга цолыг нь хураан, барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэрийг МҮБХ-ноос гаргасан. Э.Оюунболд МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гаргажээ.
Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх түүний гомдлыг хянан хэлэлцээд, МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгожээ.
Улмаар улсын арслан Э.Оюунболдын барилдах эрх нь нээлттэй болсон байна

Categories
мэдээ нийгэм

Их дэлгүүрийн зүүн талын авто замын шинэчлэлийн ажил маргааш эхэлнэ DNN.mn

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчилнэ.

Тодруулбал, Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөө, Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлийн ажлыг тавдугаар сарын 13-наас зургаадугаар сарын 1-н хүртэл гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Тус ажлын хүрээнд тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг ажлыг хийх юм.

Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат “Зорчих хэсгийн хучилтыг хийхэд зам зайлшгүй хаах шаардлагатай. Хучилтаас бусад ажлын үед замын хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хөдөлгөөн зохион байгуулалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Хучилтын ажлын хэмжээнээс шалтгаалан зам хаах хугацааг тогтооно. Богино замуудыг нэг өдөр л хаана. Харин урт хэмжээний замуудыг 1-2 хоног хаах юм. Зам хаах болон хөдөлгөөн зохион байгуулалтын талаарх мэдээллийг засварын ажил эхлэхээс 3-5 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдэгдэнэ” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ургалт хэвийн байна DNN.mn

Бэлчээрийн ургамлын ургалт тавдугаар сарын 10-ны байдлаар Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Увс, Хөвсгөл, Орхон, Төвийн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Орхон, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Сэлэнгийн зарим нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйжээ.

Архангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Сүхбаатарын зарим, Хөвсгөл аймгийн зарим сумын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байна.

Одоогоор Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өмнөговь, Дундговь аймгийн ганц нэг сумдын нутгаар ургамал цухуйгаагүй байгаа талаар дээрх байгууллагаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНХАУ-ын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын анхааралд DNN.mn

Гадаад харилцааны яамнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд БНХАУ-д суралцдаг Монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутан та бүхнийг тус холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Энэхүү бүртгэл нь оюутнуудын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой бөгөөд зөвхөн албан хэрэгцээнд ашиглагдах болно. Бүртгэл 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг дуустал явагдана.

Жич: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуулийн төгсөх ангид суралцаж буй болон болон танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай оюутнууд өөрийн суралцаж буй их, дээд сургуулиас “танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай” тухай тодорхойлолтыг авч байхыг үүгээр зөвлөж байна гэж Консулын газраас мэдээллээ.