СХД-ийн 40 дугаар хороонд өнөөдөр 12 цагийн орчимд гал гарч, нэгэн айлын байшин бүрэн шатжээ. Тухайн айл 2 сартайгаас 10 насны таван хүүхэдтэй бөгөөд өнөөдөр тэд нэн хүнд байдалд ороод байгаагаа ийнхүү хэлж байна.
Гэрийн эзэн О.Пүрэвдорж “Тухайн үед ажил дээрээ байсан. Эхнэр залгаж байшин шатаж байгааг хэлсэн. Найзынхаа машиныг гуйгаад яаравчлан ирсэн ч гал аль хэдийн бүгдийг нь түймэрдэж, Гал түймэр унтраах газрынхан унтраагаад дуусаж байсан. Хажуу хашаанаас дамжиж ирсэн гал юм билээ. Гал гарсан шалтгаан хараахан тодорхой болоогүй байна. Би тогтсон ажилгүй гагнуур, дуудлагын туслах ажил хийдэг хүн. Галаас бичиг баримтаа ч авч амжаагүй. Эхнэр маань хүүхдүүдээ л амжиж авч гарсан байсан. Энэ байшинг түрээсэлж амьдардаг байсан. Түрээсэлж эхлээд сар ч болоогүй байтал ингээд галд өртчихлөө. Сард 150 000 төгрөгөөр түрээсэлдэг байсан. Эхний түрээсээ ч төлж амжаагүй байлаа. Хүүхдүүд маань сургууль, цэцэрлэгт явдаг. Яах учраа ч олохгүй, хаана хандахаа ч мэдэхгүй байна. Хүүхдүүдээ хаана хонуулахаа мэдэхгүй, одоогоор найзынхаа машинд суулгаж байна. Хоёр том нь сургуульд, хоёр бага нь цэцэрлэгт явах насных ч цэцэрлэгт орж чадаагүй, бага дүүтэйгээ хамт гэртээ ээжтэйгээ байдаг. Цэцэрлэгт оруулах талаар хөөцөлдсөн ч бүтэхгүй юм билээ. Ямар ч байсан сургуульд ортол нь ингээд байлгаж байя л гэж бодож байгаа.
Гэрийн эзэгтэй Б.Бямбажаргал “Би гэртээ гурван хүүхэдтэйгээ байсан. Хуурай эгч маань ороод ирсэн байсан. Гал тогооны өрөөний цонх онгорхой байсан. Утаа ороод ирэхээр нь сандраад хартал хажуу талын хашаа шатаж байсан. Юу ч хийж амжаагүй. Хүүхдүүдээ аваад л гарсан. Байшин маш хурдан шатчихдаг юм билээ. Бид хүүхдийнхээ мөнгөөр л амьдардаг. Нөхөрт хааяа л ажил олддог. Би хүүхдүүдээ хараад ажил хийж чаддаггүй. Бага охин маань гараа түлээд бид хоёр эмнэлэгт хэвтэж байгаад гарсан” гэв.
Үзэгч, уншигч та энэхүү айлтай холбогдохыг хүсвэл гэрийн эзэн О.Пүрэвдоржийн 89927712 дугаарын утсаар холбогдох боломжтой.
Данс: 5040243870 О.Пүрэвдорж
ЭХ СУРВАЛЖ: live.mn