Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Эрүүгийн 32 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 5 дугаар сарын 23-наас 5 дугаар сарын 27-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 37 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 375 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 11 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 2 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2915 хэрэгт хяналт тавьж, 32 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тоглоомын 522 талбайг угааж цэвэрлэн, 187-г засаж сайжруулжээ DNN.mn

Хүүхдийн 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэн, 187 талбайг засаж сайжруулсан талаар өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ.

Өмнөх зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.8 хувьтай биелжээ. Тухайлбал, нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх үүрэг өгсөн байна. Энэ хүрээнд 3900 иргэн, аж ахуйн нэгж 263.13 тонн хог хаягдлыг зөөн тээвэрлэжээ.

Мөн 2199 золбин нохой, муурыг устгасан байна. 10 гаруй хоногийн хугацаанд 403 гараж буулгахаар төлөвлөснөөс 246 гараж чөлөөлж, 20 мянган метр урт хашаа, хайс буулгахаар төлөвлөснөөс 23 хашаа чөлөөлжээ.

  • Зөвшөөрөлгүй гараж, хайс, хашааг буулгаж орц, гарцыг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудаа шуурхай зохион байгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах.
  • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ ногоон байгууламжууд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
  • Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг
Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярыг “Мөнх тунх, Энх тунх Монгол хүүхэд 2022” нэрийн дор тэмдэглэн өнгөрүүлнэ DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээний талаар Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. Энэ жилийн Хүүхдийн баярыг “Мөнх тунх, Энх тунх Монгол хүүхэд 2022” нэрийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үндэсний брэндийг таниулах, үндэсний өв соёлоо таниулах хүрээнд “Мөнх тунх” брэндийг хүүхэд багачуудад таниулах юм байна.

Удирдах албан тушаалтнууд хүүхдүүдэд зориулан хүндэтгэл илэрхийлж, парад алхах бөгөөд Монголын соёл урлагийн хамтлаг дуучдын тоглолт төв талбайд болох юм. Мөн энэ өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана. Тухайлбал, Өглөөний гудамж, Засгийн газрын ордны зүүн, баруун тал, Спортын төв ордон, “Туушин” зочид буудлын урд замыг хаах юм байна. Мөн Дэлхийн сүүний өдөр тохиож буй учир 10 мянган хүүхдэд сүү тараахаар төлөвлөснөө хэллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүүхдийн бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний хугацаа, орц найрлагыг сайтар шалгахаа бүү мартаарай DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хайртай бяцхан үрсээ өөр өөрсдийнхөөрөө баярлуулахыг томчууд бид хичээдэг.

Аль тааралдсан дэлгүүр, худалдааны төвөөр орж ямар ч хамаагүй бэлэг сонгодог хэнэггүй нэгэн байхад, чамин боолттой багцанд багтсан бэлэг бүрийн дуусах хугацаа, бүрэн бүтэн байдал, чихрийн агууламж зэргийг нарийн шалгадаг хариуцлагатай нэгэн ч бий. Харин та аль бүлэгт нь багтаж байгаагаа бодоод нэг үзээрэй.

Ингээд хүүхдэд зориулсан бэлэг сонгохдоо юуг анхаарвал зохих талаар бяцхан зөвлөгөө хүргэе. Бэлэгний орц найрлагад түргэн муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн орсон эсэх, гарал үүсэл нь тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн тусгагдсан эсэхийг заавал нягталж үзээрэй.

Мөн бүтээгдэхүүний хугацааг шалгахын зэрэгцээ хөгц, мөөгөнцөр үүссэн, булингартсан, хонхойж товойсон эсэхийг шалгаарай. Ямар нэгэн байдлаар урамшуулалт худалдаа явагдаж байгаа бол сэтгэл хөдлөлд автаж сонголт хийхээсээ өмнө сэрэмжтэй хандах нь зүйтэй гэдгийг бүү мартаарай. Учир нь 1+1 урамшуулалт худалдаа ихэвчлэн хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн дээр явагддагийг санахад илүүдэхгүй биз.

Түүнчлэн Гудамж талбайд ил задгай, машины ард худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм шүү.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар сурагчдын биед халдсан багшийг шалгаж байна DNN.mn

Даалгавар хийгээгүй шалтгаанаар сурагчдыг багш нь зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Уг асуудал Дорнод аймгийн …. суманд болсон бөгөөд сурагчдын биед халдсантай холбоотойгоор тухайн багшийг тус аймгийн Цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.

Сурагчдын тухайд, наймдугаар ангийнхан байсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг өөр шүүгчид хуваарилжээ DNN.mn


Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 12-нд хаалттай эхэлсэн ч хойшилсон.

Учир нь тус хурлыг удирдах шүүгч Д.Доржсүрэн энэ хэргийг шүүхээс татгалзах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, хүлээж авсан юм. Тиймээс хэргийг өөр шүүгчид дахин хуваарилаад, дахин товлохоор болсон юм.

Тэгвэл эл хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж явуулахаар болжээ. Гэхдээ шүүх хурлын тов гараагүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Цахилгаан эрчим хүчний тоолуурын лацыг хөндсөн 805 зөрчил илэрчээ DNN.mn

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ/УБЦТ/ ТӨХК-ийн Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсээс 2021 онд хийгдсэн хяналт шалгалтын явцад цахилгаан эрчим хүчийг зүй бусаар хэрэглэсэн нийт 948 хэрэглэгчийг илрүүлжээ.

Үүнээс лабораторид 88 мянга гаруй тоолуурыг хэмжиж баталгаажуулснаас 143 хэрэглэгч тоолуур болон гүйдлийн трансформаторын холболт, программд өөрчлөлт оруулсан зөрчил илэрсэн байна.

Мөн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгүй, техникийн нөхцөл болон зөвшөөрөлгүйгээр дур мэдэн холболт хийсэн, тоолуур хэмжих хэрэгслийн битүүмжлэлийн лац хөндсөн 805 зөрчил илэрчээ. Дээрх илэрсэн зөрчилд 10,575.5 мян.кВт.цагийн нөхөн тооцоо хийсэн ба холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Тоолуур болон хэмжүүр тэдгээрийн эд ангийн битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн, хэвийн ажиллагааг алдагдуулсан, зөвшөөрөлгүй цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 30.1.7 /Эрчим хүчний тоолуур, хэмжүүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах/; Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлд “хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнэ, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас гадна бусад хууль, дүрэм, журмын дагуу хариуцлага хүлээлгэдэг байна.
Categories
гадаад мэдээ

Орос нь үгүй Давосын чуулган DNN.mn

Цар тахлын улмаас хоёр жил дараалан хойшлогдсон Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт тавдугаар сарын 22–26-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж өндөрлөв. Давосын гэж нэрлэж хэвшсэн Дэлхийн Эдийн Засгийн Чуулга уулзалт 1971 оноос хойш жил бүрийн нэгдүгээр сард болдог уламжлалтай бол энэ жил анх удаа тавдугаар сард зохион байгуулагдаж бас улс төр, бизнесийн ганц ч орос төлөөлөгч оролцоогүй нь онцлог болов. Энэ удаагийн чуулга уулзалт “Түүхэн эргэлтийн цэг: Засгийн газрын бодлого ба бизнесийн стратеги” сэдвийн хүрээнд болж нийт 306 үндсэн болон салбар хуралдаанд улс төр, эдийн засаг, бизнес, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагуудын 2500 орчим төлөөлөгч оролцон хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Төр, засгийн тэргүүний түвшинд 50 гаруй улс, засгийн газруудын төлөөлөл болсон 300 гаруй төлөөлөгч дэлхийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийлсэн бол хувийн хэвшлийн 1250 гаруй төлөөлөгч хамгийн ирээдүйтэй технологи, бизнес гараа болон бусад шинэлэг санаачилгуудыг танилцуулсан байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй манай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тавдугаар сарын 23-ны өдөр болсон “Аялал жуулчлалын талаар дахин бодож, сэргээх нь”, “Эмзэг зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх нь”, “Ардчиллын ирээдүй” зэрэг хуралдаануудад оролцов.

Энэ удаагийн чуулганы уур амьсгалыг Украины дайны асуудал бүрэн эзлэв. Пакистаны ерөнхий сайд “Та нар Украин, Украин л гээд байх юм. Дэлхий ганц Украин биш шүү дээ. Азид асуудал их байна” гэж хэлээд ч тусыг эс олов. Чуулганд үндсэн илтгэлийг Еврокомиссын дарга Урсула фон дер Ляйен, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг болон бусад улсын төрийн тэргүүнүүд тавьж хэлэлцүүлэв.

Урсула фон дер Ляйен Оросын нефть, хийн эсрэг Европын холбооны хориг холбооны улсуудыг эрчим хүчний “ногоон шугамд” ороход тусална гэдэгт итгэлтэй байна гээд хэдийгээр Унгар, Словак, Чех улсууд эсэргүүцэж байгаа ч удахгүй Оросын эсрэг эрчим хүчний зургаа дахь хориг арга хэмжээ авагдах болно гэж мэдэгдэв. Мөн тэрээр Орос үр тариа болон эрчим хүчний хангамжийг зэвсэг болгон ашиглаж байгааг эрс шүүмжлэв. Урсула фон дер Ляйен Оросын шантажийн эсрэг Украины үр тариаг зөөвөрлөх “хамтарсан маршрут” гэх тээврийн шинэ зам нээх гэж буйг мэдэгдэн бид Оросын нефть, хийн занганаас гараагүй байж үр тарианы занганд орж болохгүй гэсэн юм. Мөн тэрээр Европын холбооны түүхэнд байгаагүй 10 тэрбум еврогийн тусламжийг гурав дахь улс болох Украинд үзүүлэх болсныг зарлан Орос “стратегийн уналтад” орж харин Украин Европын холбоонд элсэн улсаа хамтын хүчээр шинээр сэргээн босгож, энэ улс хууль дээдэлсэн, хараат бус шүүхийн тогтолцоотой болж авлига, олигархиас үүрд ангижирна гэдэгт итгэлтэй байна хэмээн үгээ өндөрлөв.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Эрх чөлөө чөлөөт худалдаанаас чухал. Үнэт зүйлээ хамгаалах нь ашиг орлогоос чухал” гээд бид урт удаан хугацааны амар амгалан байдлаа түр зуурын эдийн засгийн ашгаар солих ёсгүй гэж мэдэгдэв. Тэрээр Орос, Хятад гэх мэт авторитар улсууд эдийн засгийн давуу талаа хэрхэн зэвсэг болгож буйг анхааруулаад эдгээр улсад өндөр технологи олгохгүй байх ёстой гэж анхааруулав. Йенс Столтенберг бид НАТО-гийн гишүүн улсуудын алга дарам газрыг ч хамгаалах болно гээд өнөөдөр тус эвслийн 100 мянган цэрэг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байгааг сонордуулж Украины дайн бол олон улсын дэг журмыг шинэчлэх “шийдвэрлэх мөч” гэж хэлэв. Мөн Финлянд болон Швед улсууд НАТО-д элсэх гэж буй нь Европын аюулгүй байдал хүчээр айлган сүрдүүлэх явдлын эсрэг зогсож чадаж буйн илэрхийлэл гэж мэдэгдэв.

Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки “Владимир Путин Украины ургацыг дэлхий дахинд шантаажлах зэвсэг болгож байна.1933 онд Сталин яг ийм үйлдэл хийсэн” гэж мэдэгдэв. Украин үр тариагаа экспортолж чадахгүй байгаа нь дэлхийн зах зээлд хүнсний үнэ өсөхөд хүргэсэн. Энэ нь экспортоос хамааралтай улс орнуудад өлсгөлөнд нэрвэгдэх төлөв бий болгоод байгаа юм. Моравецкий Путин санаатайгаар хүнсний үнэ, тээвэрлэлтэд нөлөөлж, Африкийн хойд хэсэгт өлсгөлөн үүсгэн дэлхийд өөрийн хүчээ мэдрүүлэх гэсэн түүний стратегийн үйл ажиллагаа гэж мэдэгдэв.

Давосын чуулганд Германы канцлер Олаф Шольцын тавьсан илтгэл Киевын талын эрс шүүмжлэлийн бай болов. ХБНГУ-д суугаа Украины элчин сайд Андрей Мельник “Энэ илтгэл Герман улс бидэнд хүнд зэвсэг нийлүүлэх байх гэсэн том горьдлогыг хөсөрдүүллээ. Өнөөдөр зэвсэггүйгээс украинчууд их хохирол амсаж, үхэж үрэгдэж байхад Олаф Шольцод улстөрчийн манлайлал, эр зориг дутлаа” гэж мэдэгдэн өөрийн твиттер хуудсанд сум ачсан эмгэн хумсны фото зургийг “Украинд ирж буй Германы зэвсгийн тусламж” гэсэн тайлбарын хамт нийтлэв. Эмгэн хумс гэснээс энэ чуулганы үеэр оросууд Донбасст хятадууд Солонгосын дайнд хэрэглэж байсан “болжморын дайн” явуулсан юм. Болжморын дайн гэдэг нь өдөр шөнө алгасалгүй, цаг минут ч зогсохгүй цэргийн хүчээр дайрч эсрэг талаа өөрийн цэргийнхээ хүүрээр дарж ялахыг хэлдэг. Оросууд тэрэгний гол хийх гээд шүдний чигчлүүртэй үлддэг модчины үлгэр шиг 1800 км фронтоо 10 км болгон багасгаж, Украины Донбасс мужийг бус Севердонецк хот орчмын буюу эмгэн хумс мэт цүлхэн газарт Украины армийн хэдэн мянган цэргийг бүслэх гэж бүхэл бүтэн долоо хоног завсар зайгүй довтолж өөрийн цэргүүдийг хиаруулан “одоохон бүслэх гэж байна” гэж зогсоо зайгүй сурталдсан ч зорьсондоо хүрч чадсангүй. Хайран залуус. Хайран ч цэрэг эрс. Оросууд яагаад ингэж өөрийн цэргээр “махан овоо” босгоод байсан нь Давосын уулзалтын явцад тодорхой болов. Учир нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, энх тайвны Нобелийн шагналт, 99 настай Хенри Киссинжер энэхүү чуулганд цахимаар оролцож “Оросуудыг бүү буланд шах. Ингэвэл оросууд хятадуудтай тас тэврэлдэхээс өөр аргагүй байдалд орно. Бидэнд урт хугацааны энх тайван хэрэгтэй. Үүний тулд барууны улсууд Оросыг дайнд ялагдуулах зорилгоосоо татгалзаж, Украин төвийг сахисан “гүүр” улс болж Оростой хэлэлцээ явуулан маргаантай газар нутгийн асуудлаа энхийн замаар шийдэх ёстой” гэж уриалсан юм. Украины Оросуудад түр зуур хүчээр булаагдаад буй газар нутгийг жүүд Хенри Киссинжер “маргаантай газар нутаг” гэсэн нь зарим улстөрчдийг төдийгүй улс төр судлаачдыг галзууруулах шахав. Тухайлбал, нэрт математикч эрдэмтэн, улс төр судлаач, нийтлэлч Андрей Пионтковский “Оросуудын мөнгөөр 30 жил тэжээгдсэн Киссинжер бүр зөнөчихөж. Оросын төлөөлөл болсон Франц, Герман, Италийн улстөрчид үнэн нүүр царайгаа таниулж байна. Дэлхийн II дайны дараа Сталины хүсэлтээр Германы офицеруудад янхны газар байгуулж өгөхөөс өөр олигтой зүйл хийгээгүй Францыг ялагч улсын тоонд АНУ, Англи тун ч дургүй оруулсан. Үүнээс хойш францууд “аугаа улс” болж Оросын хатгаасаар АНУ, Англид дандаа гай болж ирсэн. Украины дайны дараа АНУ, Англи, Украин гурав дэлхийг “дахин хуваахад” голлох үүрэг гүйцэтгэн Франц, Герман, Итали гурав гортигны гадна үлдэх учраас ингэж нохойтож байна” гэж мэдэгдэв. Энэ ч харин худлаа шүү. Учир нь манай ерөнхий сайд асан С.Баярын хэлсэнчлэн өнөөдөр Украинд болж буй дайн бол дэлхийн дэг журмын өчигдөр, маргааш хоёр халз тулж, өнгөрсөн, ирээдүй хоёр дайтаж байгаа явдал. Бүхнийг хүчээр шийддэг, том нь жижгээ дээрэлхэж ирсэн өчигдөр. Бүхнийг хуулийн дагуу шийддэг, том жижиг гэлтгүй бүгд ижил тэгш эрхтэй байх гэсэн маргааш. Энэ хоёр эсрэг тэсрэг зарчим, хандлага Украины газар нутаг дээр өнөөдөр үхэх сэхэхээ үзэн тулалдаж байна. Энэ дайн дарангуйллыг системийн хувьд устгаж бүх улс тэгш эрхтэй болно. Тэгвэл яагаад Франц, Герман, Итали улсууд дайныг зогсоож, Украиныг Оростой энхийн гэрээ хийх ёстой гэж гэнэт уриалаад Путинтэй утсаар яриад унав?

Энэ гурван улс ингэж Оросын “хөлд сууж” байж гацаад байсан үр тариа, ургамлын тосыг Хар далайн боомтуудаас гаргуулж байгаа юм. Эдгээр тээврийн онгоцны ихэнх нь энэ гурван улсынх. Гэхдээ энэ тийм чухал зүйл биш. Хамгийн гол нь эдгээр үр тариа, ургамлын тос гацаанаас гарснаар Африк болон Исламын ядуу улсууд өлсгөлөнгөөс аврагдана. Эдгээр улсад өлсгөлөн нүүрлэвэл цагаачид энэ гурван улс руу цутгаж одоогийн удирдлага нь ээлжит бус сонгуулиар мулт үсэрнэ. Бас цаг алдалгүй, хүйтрэхээс өмнө хэрэгцээт хийн нөөцөө Оросоос авах боломжтой болж байгаа юм. Цаад үнэн учир нь энэ. Яаж ч уриалаад Украин Оростой хэлэлцээ хийж газар нутгаа өгөхгүй нь тодорхой. Иймээс Франц, Герман, Итали улсууд болон 99 настай жүүд Хенри Киссинжерийн түмэн зөв. Харин Германаас Украинд өгөх хүнд зэвсэг нийлүүлэх ажил удааширч буй нь үнэн. Угаасаа Герман, Япон хоёр Үндсэн хуулиараа өөр улсад зэвсэг нийлүүлэх ёсгүй байсан. Энэ хоёр улс Украинд өнөөдөр тусалж байгаа нь өөрөө маш том дэвшил. Германчууд бусад улсад бөөнөөр нь зэвсэг нийлүүлж байсан ямар ч туршлага ерөөс байхгүй учраас ингэж янз бүрийн саад үүсээд байгаа хэрэг. Украин Оростой энхийн хэлэлцээ хийх тухайд Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон “Чиний хөлийг зууж, талыг нь залгичихаад байгаа матартай хэлэлцээ хийх ямар ч боломжгүй. Ийм “нөхөр /Путин/”-т яасан ч итгэж болохгүй” гэж мэдэгдэв.

Украины ерөнхийлөгч Зеленский Давосын чуулга уулзалтад цахимаар оролцож өлсгөлөнг таслан зогсоохын тулд хүнс экспортлогч ардчилсан улсуудын хамтарсан, хүний эрхийг дээдэлж, олон улсын худалдааны дүрмийг удирдлага болгосон шинэ байгууллага байгуулахыг санал болгов. Мөн тэрээр дайны дараа Украины сэргээн босголтод оролцохыг бүх улсад уриалж Оросын эсрэг бүрэн хориг арга хэмжээ авахыг бас уриалав.

Ерөнхийлөгч Зеленскийг үг хэлсний дараа чуулганд оролцогсод бүгд босон алга ташихад ганцхан Хятадын төлөөлөгчид алга ташихгүй сууж байсан. Энэ бол Хятадын төр, засаг Украиныг эсэргүүцэж Оросыг дэмжиж буйн илэрхийлэл гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдах намын төлөөлөгч Майкл Маккол мэдэгдэв.

Давос хотод оршдог “Оросын сурталчилгааны төв” гэж нэрлэгддэг байшинд энэ удаагийн чуулганы үеэр Украинд орос цэргүүдийн үйлдсэн гэмт хэргүүдийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэв. Ийнхүү Орос улс оролцоогүй Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт дуулиан шуугиантайхан болж өндөрлөв.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 55 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 55 тохиолдол батлагджээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 27 нь Улаанбаатар хотод, 28 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 925 153 болжээ. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хайраар баян “Өнөр бүл”-ийнхэн DNN.mn

“Танайд өнжье” булангийн энэ удаагийн дугаарт хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл төв”-ийнхөн уригдлаа. Бид Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, Улаанхуарангийн эцэст байрлах “Өнөр бүл төв-1″-ийг зорьсон юм. Өнөр бүл төв “Төв байр” болон “Цэцэрлэг” гэсэн хоёр салбартай. Бид төв замын ойролцоо бууж өгсүүр шороон замаар алхтал тус төвийн дэд захирал Д.Лхагва-Очир тосч ирээд “Өнөр бүл хэмээх их айлд тавтай морил. Манайхан зундаа бэлтгээд хашаагаа будаж байна” гэв. Өглөө бид холбогдож төв рүү нэвтрэх зөвшөөрөл аван, товлосон цагтаа уулзаж байгаа нь энэ. Багш, ажилчид “Ажлын” хувцсаа өмсөн төмөр хашаагаа өнгө алаглуулан будаж байгаа харагдав.

Бид төв рүү орон “Ажилчдын гал тогоо” хэсэгт тухлан яриа хөөрөө дэлгэлээ. Тэрээр “Манайх 2017 оноос гэр бүлтэй дүйцэхүйц орчин бүрдүүлэхийн төлөө хүүхдүүд өрөөндөө хоолоо хийж иддэг, хувцсаа угаадаг, цэвэрлэгээ хийдэг болсон” хэмээн төвийнхөө талаар хуучлав.

Төвийн байр гурван давхар, нэгдүгээр давхарт захиргааны хэсэг, хоёрдугаар давхарт охид, гуравдугаар давхарт хөвгүүд амьдардаг. Одоогоор “Өнөр бүл төв”-ийн хоёр салбарт нийт 177 хүүхэд амьдарч байна.

Хоёрдугаар давхарт гармагц урт ягаан коридор, олон шар хаалга угтлаа. Хаалга бүрийн цаана бүтэн эсвэл хагас өнчин, эцэг эх байх эрх нь хуулиар хасагдсан гэр бүлийн охид торниж байгаа. Эхний өрөө рүү тэднийхээр “Лхагва-Очир багш” ортол дөрвөн охин “Сайн байна уу, өдрийн мэнд” хэмээн мэндлэв. 10 орчим насны охин хичээлээ хийн сууж байв. Харин нэг нь орон дээрээ ном уншиж, хоёр нь цэвэрлэгээ хийж “Багш аа юнивишний эрх хаагдчихсан” хэмээн хэлж байлаа. Д.Лхагва-Очир багш “Миний охин хичээлээ хийж байгаа юм уу, танай гэр хүнстэй юү” гээд хөргөгчийг нь сөхлөө. Дээр дурдсанчлан 2017 оноос гэр бүлийн орчин бүрдүүлэхээр айл бүр хөргөгч, тусдаа унтлагын болон зочны өрөө, гал тогоотой болжээ. Хөргөгчинд нэг сагс өндөг, масло, зөөхий, элгэний нухаш, хөлдөөгчинд бага багаар ууталсан мах харагдав. Хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээг тооцож, долоо хоногийн хоолны цэс гарган мягмар гариг бүр хүнсний материалыг өгдөг гэнэ. Нэг айл 8-10 гишүүнтэй, хоёр өрөө нийлээд нэг айл. Хоёрдугаар давхарт 10 өрөө, таван багштай, таван айл амьдардаг. Айлуудын цаад талд охидын ариун цэврийн өрөө, шүршүүр, наад талд угаалгын өрөө, амрах хэсэг тухлаг буйдан, тэдэнд зориулж багш нарынх нь зурсан “Гүнж”-үүд нүдэнд тусна. Охид өдөр өдрөөр ээлжлэн угаалга, хоолоо хийдэг. Охидын давхарт таван айлаас гадна номын сан, “Охидын шивнээ”, мэдээлэл зүй, уламжлалт бариа засал, эмч нарын өрөө байв. Тус төв хоёр их эмч, нэг сувилагч, эрүүл ахуйчтай гэнэ.

Ягаан өнгөөр дагнан тохижуулсан “Охидын шивнээ” өрөөнд зөвхөн охид найзууд, багштайгаа ярилцах, сэтгэл зүйн зөвлөгөө авах зэргээр ордог байна. Тус төвийн хүүхдүүд Нийслэлийн 53, 55, 69, 68, 44 дүгээр сургууль болон Насан туршийн боловсролын төвд суралцдаг. “Хүүхдийн автобустай, хүүхдүүдээ өглөө автобусаар хүргэж өгөөд, тарахад нь авчихдаг” гэж охидын дөрөвдүгээр айлын багш тайлбарлалаа.

12 настай Н “Манай хичээл орой 19:00 цагаас тардаг. Өнөөдөр өндөгтэй хуурга хийж идсэн, найзуудтайгаа гоё байна. Хоол хийж сурсан. Мэдээлэл зүй, зургийн дугуйланд явдаг. Зураг зураад л байх гоё, тайвширдаг. Би өчигдөр аавтайгаа ярьсан, багш нартайгаа маш дотно байдаг” хэмээв.

Гуравдугаар давхарт хөвгүүд бужигнасан, цэнхэрээр тохижуулсан коридор, өрөөнүүд байлаа. Эл давхарт 11-16 насны 42 хөвгүүнтэй таван айл амьдардаг. Хөвгүүдийн бүлгийн багш Э.Энхжин “Би энд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Бичиг хэрэг хариуцсан ажилтан байсан, жил гаруйн өмнөөс багшаар ажиллах болсон” гэв. “Багшийн нэг өдөр хэрхэн өнгөрч байна” гэж лавлавал “Маш их ачаалалтай, би өөрөө ээж болоогүй, гэхдээ есөн хүүтэй. Өглөө 8:30 цагаас ажилдаа ирдэг. Өрх толгойлсон ээжийн амьдралаар амьдарч байна гэсэн үг. Хөвгүүдтэйгээ тулж харилцах шаардлагатай учир цаг их зарцуулдаг. Манай хүүхдүүд биеийн тамир, гар урлал, зураг гэх мэт олон дугуйланд явдаг. Төв дотроо олон дугуйлантай, нэг хүүхэд 2-3 дугуйланд суралцдаг. Хүүхдүүд ч бас маш завгүй байдаг” гэж яриад “Миний хүү даалгавраа хийж бай” гэсээр цааш эргэв. Орой 17 цаг хүртэл өдрийн ээлжийн багш нар ажиллаж, оройн ээлжийн багш нар тэднийг харж хонодог байна. Хүүхдүүдийн нэг өдөр ихэвчлэн өглөө босч цайгаа уугаад, гэрээ цэвэрлэчихээд дугуйлан, хичээлдээ явж, даалгавраа хийж, хоолоо хийсээр өнгөрдөг тухай хөвгүүд ярив.

Э.Энхжин багшаас “Хүүхдүүд 18 нас хүрээд хаачдаг юм бэ” гэхэд “Хүүхдээ авна гэсэн гэр бүлүүдэд нийгмийн ажилтан нөхцөл байдлын судалгаа хийгээд гэр бүлд нь эргэн нэгтгэх үгүйг шийддэг. Хүүхэд гэр бүлд эргэн нэгдсэнээс хойш гурван жил анхаарч явах ёстой. Гэр бүлгүй, гэр бүл нь авахгүй хүүхдүүд Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 21 нас хүртэл амьдарч болдог. Зарим хүүхдүүдийг тийш нь шилжүүлдэг. Хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамжийн мөнгө нь 18 нас хүртэл хадгаламжинд хуримтлагдаж байдаг. Спорт заал, шүдний кабинет, саунтай. Хүүхдүүд амьдрахад таатай орчныг бүхий л талаар бүрдүүлэхийг зорьдог” гэв.

Долдугаар ангийн сурагч А “Би 53 дугаар сургуульд сурдаг. Би чөлөөт бөхийн дугуйланд явдаг. Чөлөөт бөхөөр хичээллэх найзуудтайгаа өрсөлдөөд гоё байдаг. Өглөө босоод цайгаа ууж, гэрээ цэвэрлээд, чөлөөт бөхийн дугуйландаа явдаг. Орой хоолоо хийж идчихээд, гэрээ цэвэрлээд багш биднийг 21 цагт унтуулдаг. Энэ гэртээ дуртай, би саяхан чөлөөт бөхийн тэмцээнд орсон. Амралтын өдрөөр гадаа тоглодог” гэж ярив.

Есдүгээр ангийн сурагч А “Гар урлалын дугуйландаа дуртай, хамгийн сүүлд ваар хийсэн. Би онц сурсан чинь ангидаа олон найзтай болсон. Ах, дүү хоёртойгоо хамт жаахан байхдаа энд ирсэн. Ирээдүйд эмч мэргэжилтэй болно. Ээжтэйгээ уулзахыг мөрөөддөг”, 10 настай Б “Ээлж ээлжээр хоолоо хийдэг. Би даваа гаригт хийдэг, гоймонтой хуурга хийсэн. Багш нар маань гоё ааштай, би гурван дугуйланд явдаг. Энд дөрвөн настайдаа ирсэн, аав ээж маань нас барсан. Хүүхдүүдээ аав, ээждээ хайртай байгаарай” гээд нулимсаа арчив.

Цааш сэтгэл зүйн кабинеттай танилцлаа. Битүү дэвсгэртэй тохилог гурван өрөө, уртавтар коридор угтав. Эхний өрөөнд бүлгээрээ, хоёр дахь өрөөнд ганцаарчлан сэтгэл зүйн зөвлөгөө авдаг юм байна. Дараагийн өрөөнд сэтгэл зүйчид суудаг.

Сэтгэл зүйч Д.Хажидмаа “Сэтгэл зүйн үйлчилгээг бүлгийн болон ганцаарчилсан хоёр төрлөөр явуулдаг. Манай төв дөрвөн сэтгэл зүйч, нэг сэтгэл засалчтай” гэв. “Хүүхдүүд өөрсдөө сэтгэл зүйчид ханддаг уу, тогтмол уулзалт хийдэг үү” гэтэл “Надад ямар нэг асуудал тулгараад байна, туслаач гэж өөрөө сэтгэл зүйчид ханддаг хүүхдүүд байдаг. Харин ихэнх тохиолдолд бүлгийн багш нар хүүхдүүдээ анзаарч, зуучилдаг. Бүх хүүхдийг сэтгэл зүйн асуудлаар нь гурван төрөлд ангилсан. Эмгэг сэтгэцтэй хүүхэдтэй сэтгэцийн эмч, сэтгэл засалч нар ажилладаг. Тулгамдсан асуудалтай хүүхэдтэй сэтгэл зүйч нар ажиллаж, эрүүл сэтгэцтэй болгохыг зорьдог. Хүүхдийнхээ асуудлаас шалтгаалан урт хугацааны уулзалтуудыг ч товлоно. Миний хувьд 10-16 насны хөвгүүдийг хариуцдаг. Манай төвд хайр энэрэл үзээгүй, үл хайхрах, бие махбод сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байдаг. Тэдэнд хамгийн түрүүнд хайр хэрэгтэй. Тэд аав, ээжийгээ санаж л байдаг” хэмээв. Тус сэтгэл зүйн кабинетыг төвийн сэтгэл зүйч М.Энхцэцэг хувийнхаа 30 гаруй сая төгрөгөөр тохижуулжээ.

Хөгжмийн багш Г.Ганбаатар “Урлаг хүүхдийн сэтгэл зүйд сайнаар нөлөөлж, эерэг хандлага бий болгодог. Би энд 10 дахь жилдээ ажиллаж байна. Намайг анх ажилд ороход урлагийн ганц, хоёр номертой урлаг сонирхдог, дуулж бүжиглэдэг хүүхэд цөөн байсан. Гэтэл одоо хөгжмийн дугуйланд бараг бүх хүүхэд хамрагддаг. “Би эстратын дуучин” гэдэг тэмцээн зохиоход манай 60 хүүхдээс 30 гаруй нь оролцсон. Өөрөөр хэлбэл, хоёр хүүхэд тутмын нэг нь урлагт дуртай, урлагаар хичээллэж байна” гэлээ.

Тус төвийн дэд захирал Д.Лхагва-Очир “Манайх нийт 103 ажилтантай, ажилтан хүрэлцдэггүй. Нэг ажилтаны ачаалал маш өндөр байдаг. Жишээлбэл, гурван хүүхэдтэй айл ямар байдаг билээ, гэтэл нэг багш есөн хүүхэд хариуцаж ажиллаж байна шүү дээ. Манай хүүхдүүд зундаа очиж амардаг хоёр зуслантай. Арай том хүүхдүүдээ “Бөхөг” зуслан руу гаргадаг. Багууд нь Хандгайт руу очдог. Хандгайтын зуслан 1974 онд ашиглалтад орсон, модон байшин бий. Дээврээс ус гоожно, шал нь муудаж хүүхэд амьдрах нөхцөл, стандарт хэцүү болсон. Бид жил бүр дээврийг нь хаддаг, цахилгааны масс ихтэй. Холбогдох байгууллагад зуслангийн байранд анхаарал хандуулахыг хүссэн. Монголын төр хоёр зуслангийн асуудалд тодорхой хэмжээний анхаарал хандуулаад өгвөл манай хүүхдүүд маш их баярлана. Хөгжилтэй орнуудын уул уурхайн компаниуд жилийн ашгийнхаа нэг хувийг өнчин хүүхдүүдэд зориулдаг жишиг бий. “Адууны алагаас аяганы алаг нь муухай” гэж ярьдаг даа. Бид ижилхэн л үр хүүхэдтэй хүмүүс. Энд хүмүүжиж байгаа хүүхэд ирээдүйд таны охинтой, хүүтэй гэр бүл болохыг үгүйсгэхгүй, бүгд нэг л нийгэмд амьдарна гэдгийг бодож ирээдүйнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм.

Эх үрсийн баярыг тохиолдуулан төвийнхөн маргааш Тэрэлжид хүүхдүүдээ амраана, зургадугаар сарын нэгэнд гэртээ амарцгаана. Бүхий л баяраар хүүхдүүдтэйгээ бужигнаж байгаад л таардаг тухай ч хуучиллаа.

Өнөр бүл хүүхдийн төвийн захирал М.Өлзийчимэг “Манай төв анх 1974 онд Асрамжийн 58 дугаар цэцэрлэг нэртэйгээр байгуулагдаж, 2014 оноос Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг нэгтгэн өргөжүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас одоог хүртэл нийт 700 гаруй хүүхэд “Өнөр бүл төв”-өөр овоглон хүмүүжиж, амьдралд хөл тавьсан түүхтэй. Өнөөдөр манай байгууллагад 177 хүүхэд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд гэр бүлтэй дүйцэхүйц орчин бүрдүүлэх зорилго тавьж төлөвлөсөн ажлынхаа 80 гаруй хувийг хийсэн. Дугуйлангуудаар дамжуулан хүүхдүүд маш сайн нийгэмшдэг. Хуучин сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байсан бол одоо мэргэжлийн сэтгэл засалчтай болсон. 2-11 насны 70, 11-18 насны 107 хүүхэд байна. Нийт хүүхдийн ихэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг” гэв.

Ингээд бид Сансарын тойрог дахь “Өнөр бүл төв-2”-ыг зорилоо. “Өнөр бүл төв-2”-т 17-18 хүүхэдтэй таван бүлэг, нийт 70 хүүхэд амьдарч байна. Бүлгийн багш тус бүр 17 хүүхдийн “Аав, ээж” нь болж, хүүхдүүдийнхээ хувцсыг угааж, даалгаврыг хийлгэж, хооллож, унтуулдаг аж. Энэхүү төв “Өнөр бүл төв-1”-тэй харьцуулахад бага насны хүүхдүүдтэй учир багшийн ажил илүү их. Биднийг орох үед хүүхдүүд “Сайн байна уу, оройн мэнд” хэмээн гүйлдэж ирэв. Төвд хамгийн багадаа хоёр настай хүүхэд авдаг, ах дүү гурвуулаа, хоёр ихрээрээ ирсэн ч хүүхдүүд байв. Анги бүрт 2-3 тусгай асаргаатай хүүхэд байлаа. 70 хүүхдийн 40 гаруй нь хөвгүүд байсан юм. Гэр бүлтэй дүйцэхүйц орчин бүрдүүлэх зорилгын хүрээнд гурван ангийг тохижуулж, хоёр анги нь төсвөөс шалтгаалан хараахан тохижоогүй байв.

Бүлгийн багш Д.Номин “Охин”-тойгоо оймсыг нь угаах зуураа “Энэ төвд таван жил ажиллаж байна. Хүүхдүүд маш сайхан энергитэй, ээлжээр хүүхдүүдээ хичээлд нь явуулж, өөрсдөө амьдрах ухааны чадварт сургадаг” гэв. Хамгийн бага буюу “Дэгдээхэй” бүлгийнхэн биднийг хаалгаар цухуймагц л нүд нь гялтганаад гүйлдэж ирсэн юм. Бидний камер, дуу хураагчийг барьж үзэхийг оролдож “Энэ юу юм бэ”, “Та намайг чик гэж болох уу”, “Энэ яаж байгаа юм бэ”, “Та энд удах юм уу”, “Аниа, аниа намайг Х гэдэг”, “Сайн уу”, “Хөөх…” гэх мэтээр хөөрхөн үрс шулганалдана. Дуу шуу болон угтсан хайр татам “Дэгдээхэй” бүлгийнхэн хүүхдийн баярт гангарах хувцсаа өмсөж үзэцгээн “Баяртай, дахиад ирээрэй” хэмээн гараа даалласаар үдсэн юм.

Бага насны хүүхдийн асрамж халамж, үйлчилгээ хариуцсан эрхлэгч Ц.Цэрэнбалжир төвийн үйл ажиллагааг танилцууаад “Өнөр бүл төв-1”-ийн байрны эргэн тойрны гаражийг буулгасан учир тус төв дөрвөн талаасаа задгайрсан тухай тайлбарласан юм. Задгай талбайд хүүхдүүдээ салхилуулах маш эрсдэлтэй байдаг. Иймд төвийг тойрсон 209м.кв хэмжээтэй хашаа нэн шаардлагатай байгааг учирлаж байлаа.

Аав, ээжийгээ хэзээ ч хараагүй, бурхан болсон тэднийгээ сэтгэлдээ тээж яваа, эсвэл хэзээ нэг л өдөр хүрээд ирнэ ээ гэж горьдлого тээсэн ижилхэн зовлонтой Монголын 177 бяцхан зүрх нэг гэр бүл болон, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэн “Өнөр бүл төв”-д торниж байна. Тэд уух ус, идэх хоол, унтах ор, өмсөх хувцсаар дутаагүй ч ганцхан л зүйлээр дутаж яваа. Тэр нь “Эцэг, эхийн хайр”.