Нийслэлийн Засаг даргын зөвлөл өчигдөр хуралдлаа.
Энэ үеэр Наадамчдын замын Нисэхийн тойргоос “Эрэл”-ийн уулзвар хүртэл авто замын зорчих хэсэгт чиглэсэн тээврийн хэрэгслийн эгнээ гаргах тухай Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн танилцуулав.
Тэрбээр “Улаанбаатар хотын хамгийн түгжрэл ихтэй хэсэг бол Яармагийн бүс нутаг юм. Өдөрт 3-4 цаг түгжирч байгаа учраас нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг саадгүй явуулж өгнө үү гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу дараах саналыг боловсрууллаа.
Автобус ачаалалтай цагуудад иргэдийг бүтэн цаг хүлээлгэж, чирэгдэл учруулж байна. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарийн мөрдөлтийг сайжруулах зорилгоор чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл давуу эрхтэй зорчих гудамж замын хүрээг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна.
Автобус хүлээх хугацаа дунджаар 5-12 минут гэдэг боловч бодит байдал дээр 30 минут, ачаалалтай цагуудад нэг цаг хүртэл иргэдийг хүлээлгэж, чирэгдүүлдэг. Автобусны дундаж хурдыг 18-20 км/цаг байхаар төлөвлөдөг ч судалгаагаар өглөө, оройн ачаалалтай цагуудад 0-8 км/цаг болжээ.
Иймд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлэх зорилгоор Наадамчдын авто зам буюу Нисэхийн тойргоос “Эрэл”-ийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсэгт чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бий болгох шаардлагатай байгаа юм.
Өдгөө Наадамчдын замаар нийтийн тээврийн үйлчилгээний долоон чиглэлийн 66 автобус үйлчилгээ үзүүлж, өдөрт 60 мянга гаруй зорчигч тээвэрлэж байна. Тус зам нь авто замын хөдөлгөөний эрчим ихтэй, түгжрэл их байдгаас шалтгаалан иргэдийн зорчих эрэлт, хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүрээд буй.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Наадамчдын замаар зорчих чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн төлөвлөлт, экспресс чиглэл шинээр нээх, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар тооцоо, судалгаа гарган танилцуулахыг үүрэг болгов.
Мөн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ гаргахтай холбогдуулан зохих тусгаарлах хашлага болон замын тэмдэг, тэмдэглэгээ хийх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний камерын хяналтын хүртээмж, зам тавьж өгөөд баруун эргэх уулзварын тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.