Categories
мэдээ нийгэм

Зүүнбаян-Ханги чиглэлийн 53 км замыг 95 хувьтай гүйцэтгээд байна DNN.mn

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь үндсэн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхээс гадна эх орныхоо стратегийн томоохон бүтээн байгуулалтад оролцдог.

Тухайлбал өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын их бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний БИЦУГ цэргийн алба хаагч болон нэгж техникээ оролцуулан төмөр замын доод болон дээд бүтцийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,3 км төмөр замын төгсгөл хэсэг буюу 173,3 км-226,3 км хүртэлх нийт 53 км замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 3 ангийн алба хаагчид хийж гүйцэтгэн ажлын гүйцэтгэл 95 хувьтай явагдаж байгаа аж. Доод бүтцийн ажилд далан байгуулах, хөрсийг зохих нягтад хүргэх, гүүр хоолой байгуулах зэрэг ажлууд багтаж байгаа юм байна.

Тус бүтээн байгуулалтын ажилтай Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцаж ажлын үйл явц түргэн шуурхай, чанартай явагдаж дуусах шатандаа орж байгаад салбарын сайдын хувьд сэтгэл хангалуун байгаа гэдгээ онцолжээ. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсийг Хангимандалын боомтоор экспортлох, экспорт, импортын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,3 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Төр хувийн хэвшлийн нийт 58 байгууллагын 3000 гаруй хүн ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийв DNN.mn

Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийв

Хан-Уул дүүргийн 8-р хорооны 35 га газарт “Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийг “Их үйлсийн эрэлд групп” ХХК 2021 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Мөн энэ үеэр мод, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаар нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, амарч зугаалах газар нэгээр нэмэгдэж буй юм. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот урт хугацаанд 120 сая мод тарих зорилготой. Энэ жил аж ахуйн нэгж, байгууллагууд ногоон байгууламжийг нэмэх, мод үржүүлэх, ургуулах, тарих ажилд маш идэвхтэй оролцож байна. Түүнчлэн ногоон байгууламж дотроо зүлэгжүүлэлтийг нийслэлд өргөн хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж байгуулж байгаа байгууллагуудыг татвараас чөлөөлөх асуудлыг төрөөс онцгойлон авч үзэх ёстой. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоо хангагдаж байж ногоон Улаанбаатар хот бий болж, экологийн тэнцвэр, шаардлагад нийцсэн хотын төлөвлөлтийг хийнэ. Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотын нүүр царайг тодорхойлсон ногоон байгууламж бүхий газар болно гэдэгт итгэж байна” хэмээлээ.

“Олон Улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийн зөвлөх Ц.Бямбасүрэн “Яармагт байгуулж буй энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар хотын соёлын төв болгохоор мэргэжлийн түвшинд төлөвлөлт, зураг төслөө боловсруулан мод тарьж байна. Мод тарих соёлд уриалах, тарьц, суулгацыг тарьж ургуулах, худалдан борлуулах экспог мөн зохион байгууллаа. Хотжилт нэмэгдэх хэрээр хүмүүст ногоон байгууламж заавал шаардлагатай” гэдгийг онцолж байв.

“Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийн менежер Г.Сайнбат “Өнөөдөр нийслэлийн иргэд, манай компанийн хувьд чухал үйл явдал болж байна. Нийслэл хотын тулгамдсан асуудлын нэг бол ногоон байгууламж. Иймээс “Их үйлсийн эрэлд групп” ХХК өөрийн эзэмшлийн 35 га талбайд ногоон байгууламж байгуулах нийгмийн хариуцлагын маш том төсөл эхлүүлсэн. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн гол онцлог нь саарал ус дахин ашиглах, хог хаягдлын менежментийг шийдсэн зэрэг олон инновацын шийдэл шингэсэн юм. Мөн дөрвөн улирлын агро парк байгуулна. Энэ нь дөрвөн улирлын битүү хүлэмжүүд байх юм” хэмээв.

Иргэд модны суулгац худалдан авах, энэ талаар мэргэжлийн зөвлөгөө авах, мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламжтай болж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд 288 мянган мод тарина DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Ойн тухай хуулийн дагуу хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг 13 дахь жилдээ “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жил 19 мянга гаруй мод, бут, сөөг тарьж ургуулжээ. Тэгвэл энэ жил нийслэлийн хэмжээнд хаврын мод тарих аяныг тавдугаар сарын 6-20-ны хооронд зохион байгуулж байна.

Бямба гарагт нийслэлийн таван дүүрэгт хаврын мод тарих өдөрлөгийн нээлт болж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид баталсан хуваарь, байршлын дагуу мод тарьж, өмнө нь тарьсан модоо арчилж, усаллаа.

Баянзүрх дүүрэгт л гэхэд энэ сарын 29-нийг хүртэл 162 мянган мод, бут, сөөг тарихаар төлөвлөжээ.

Тарьсан модоо цаашид арчилж, тордох нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ургуулах гол үндэс. Энэ тухайд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Бид мод тариад арчилгааг орхигдуулдаг дутагдал бий. Тиймээс цаашид тарьсан модоо арчилж, ургуулж, хамгаалах тал дээр анхаарч, Баянзүрх эко тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ыг байгуулан ажиллаж байна” гэв.

зураг

Баянзүрх эко тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн ахлах инженер Д.Батцэцэг “Мод тарих нь 20-30 хувийн ажил, үлдсэн 70-80 хувь нь арчилгаа байдаг. Арчилгааны технологи, хэм хэмжээг барьж ажиллавал ургадаггүй мод гэж байхгүй. Жишээ нь, халуун нартай өдөр гэнэт хүйтэн усаар модыг усалж болохгүй. Нар буусан хойно, модны хэмжээнээс хамаарч усыг тохируулдаг технологитой” хэмээв.

Тус дүүргийн 33 дугаар хорооны оршин суугч Ч.Дамиран, Ш.Оюун нар 30 гаруй нэр төрлийн 300 орчим мод, бут тарьж, ургуулжээ. Тэд 40 гаруй жил мод тарьж байгаа бөгөөд “Цөөн ч хамаагүй мод тарьж болно. Хамгийн гол нь тарьчхаад ургуулж, арчлах хэрэгтэй. Модныхоо үндсийг харж сонгох нь зүйтэй. Мод жижиг байсан ч үндэс, хөрс сайн байхад ургадаг юм. Ногоон байгууламждаа анхаарч, байгаль дэлхийгээ хайрлаарай” хэмээн зөвлөлөө.

Хаврын мод тарих өдөрлөгөөр нийслэлийн есөн дүүрэгт нийт 288,107 мод, бут, сөөг тарьж, ургуулах юм. Аяны хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, One life мото клуб хамтран Сэлбэ голын эхэнд 1,000 хайлаас мод тарих ажлыг эхлүүлжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбайд энэ сарын 31-нийг дуустал стандартын шаардлага хангасан мод, сөөгний тарьц, суулгац болон мод тарьж ургуулах талаар мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгнө.

Categories
мэдээ цаг-үе

Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна DNN.mn

Дэлхийн гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна. 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн байдаг.

Монгол Улсад 2003 оноос тэмдэглэж эхэлсэн энэ өдөр УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байв. Түүнээс хойш Монгол Улсад гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдлийг эрдэмтэн судлаачдын хамт хэлэлцдэг болжээ.

Гэр бүл бол улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм. Жаргалтай гэр бүлийн үнэ цэнэ бол сайн сайхнаар үлгэрлэх явдал юм. Бүх сайхан гэр бүлдээ “Гэр бүлийн өдрийн” мэндийг хүргэж элэг бүтэн эрүүл энх байхыг ерөөе.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Сандагдорж: Математикт дурлах галыг сайн багш л асааж өгдөг DNN.mn


Монгол Улсын Боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн Математикийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Б.Сандагдоржтой ярилцлаа.


-Монгол Улсын атематикийн 58 дугаар олимпиад болж байна. Олимпиадад хэдэн багш, сурагч оролцож байна вэ?

-Олимпиадад нийт 229 оролцогч оролцож байна. Дунд, ахлах анги, багш нар гэсэн гурван ангилалд зохиогддог. Дунд анги буюу ес, аравдугаар ангийн 88 сурагч, ахлах анги буюу 11, 12 дугаар ангийн 81 сурагч, багш нарын ангилалд 60 багш оролцож байгаа. Олимпиад тавдугаар сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ сарын 6-нд олимпиад нээлтээ хийж, 7-8 нд олимпиаддаа оролцоод, өчигдөр бодолтоо хамгаалж, өнөөдөр дүнгийн хурал болох гэж байна.

-Энэ жилийн математикийн олимпиад өнгөрсөн жилүүдээс ямар онцлогтой вэ?

-1965 онд анхны Монгол Улсын математикийн олимпиад албан ёсоор зохиогдож эхэлсэн. Тэр олимпиадад аравдугаар ангийн сурагч Ц.Баясгалан түрүүлж байв. Энэ жилийн олимпиад Улсын олимпиадын анхны аварга, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Баясгалан агсны нэрэмжит болж зохиогдож байна. Ц.Баясгалан нь 1965 онд буюу 57 жилийн өмнө Улсын математикийн олимпиадад аваргалж, Олон улсын математикийн олимпиадад оролцоод, Москвагийн их сургуульд математикчийн мэргэжил эзэмшсэн. Дараа нь Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалаад Монгол Улсын их сургуульд багшилж байгаад өөд болсон. Ц.Баясгалан багшийн шавь нар олимпиадыг ивээн тэтгэж, багшийнхаа нэрэмжитээр зохион байгуулж байна. Олимпиадыг 1965-1990 онуудад БНМАУ-ын АБЯ, МХЗЭ-ийн Төв Хороо, МПБ-ын Төв зөвлөлийн хамтарсан хурлын тогтоолоор баталсан Улсын математикийн олимпиадыг зохион байгуулах хороо (УМОЗБХ), 1990 оноос хойш БСШУЯ-наас баталсан Монголын математикийн олимпиадын хороо (ММОХ) удирдан зохион явуулж ирсэн.

-Олимпиадын зохион байгуулагчдын тухайд…

Улсын Математикийн Олимпиадын зохион байгуулах хорооны даргаар манай нэртэй эрдэмтэд ажиллаж ирлээ. 1965-1982 онд Ү.Санжмятав, 1983 онд Д.Шагдар, 1984-1989 онд А.Мекей, ММОХ-ы даргаар 1990-2014 онд Ц.Дашдорж, 2015-2019 онд Г.Баярмагнай, 2019 оны тавдугаар сараас Б.Батбаясгалан нар ажиллаж байна.

-Улсын олимпиадад ямар шалгуураар оролцдог юм бэ?

-Олимпиадыг зохион байгуулахдаа I даваанд анги, сургуулийн аваргыг шалгаруулдаг. Үүнд Монголын нийт ЕБС-ийн бүх сурагчид хамрагддаг. II даваанд аймаг (хот)-ын аваргыг шалгаруулж, эцсийн буюу III даваанд улсын аварга тоочдыг 8-12 дугаар ангийн сурагчид болон бага, дунд ангийн багш нарын дунд тодруулдаг байсан. Аймаг, дүүрэг, хотын аварга шалгаруулах олимпиадад хамгийн өндөр оноо авсан багш, сурагчид оролцдог. 21 аймаг тус бүрээс хоёр хүүхэд оролцдог.

-Оролцогч багш нар хэдээс хэдэн насныхан байна вэ?

-Энэ жилийн олимпиадад оролцогч багш нараас хамгийн залуу нь 22 настай, хамгийн ахмад нь 64 настай багш байна. Орон даяар математикийн багш дутагдалтай байгаа учраас тэтгэвэрт гарсан багш нараа ажиллуулж байгаа. 22 настай багш Ч.Уртнасан, Улаанбаатар хотын сургуулийн багш. Их сургуулиа төгсөөд нэг жил ажиллаж байгаа багш улсын олимпиадад оролцоно гэдэг сайн амжилт. 64 настай багш Д.Батзул Говьсүмбэр аймгаас шалгарч ирсэн.

-Математикаас хүн юу сурдаг юм бэ?

-Цэгцтэй сэтгэж, гоо сайхныг мэдэрнэ. Математикийн гоо сайхныг нэгэнт мэдэрчихсэн хүн гарч чадахгүй, яг урлаг шиг.

-Математикийн гоо сайхан нь юу юм?

-Жишээлбэл, олон улсын олимпиадад өмнө нь хаана ч байгаагүй бодлогыг гурван цаг 30 минутад бодно. Тэр хооронд асар хурдан зөв сэтгэж байж зөв бодно. Сэтгээд бодож дуусчихаад би ямар сайхан, гоё юм хийчих вэ гэж бодож байгаа нь математикийн гоо сайхан.

-Бүх хүн математикийг ойлгох, суралцах боломжтой юу?

-Боломжтой, хүн бүр уншиж, бичиж сурдагтай ижил бүх хүн математикт дурлах боломжтой. Авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь. Математикт дурлах галыг сайн багш л асааж өгдөг.

-Хүүхдийг яаж математикт дуртай болгох вэ?

-Багаасаа математикийн гоо сайхныг ойлгосон хүүхэд математикаас салж чадахгүй. Тэр гоо сайхныг мэдрүүлэх үүрэг багшид оногддог. Эцэг эх, найз нөхөд ойр дотны нөлөөлөл байдаг л даа. Гэхдээ хамгийн чухал нөлөөг багш үзүүлж, хүүхэд хөдөлмөрлөдөг. Сайн багшийн шавь нар үе дамжин олимпиадад оролцох явдал их байдаг.

-Та багш бэлтгэдэг хүн. Багш болохоор элсэж буй оюутнуудын чадал чансаа, зүтгэл ямар түвшинд байна?

-Нэг жилд 100 гаруй математикийн багш бэлтгэж төгсгөж байгаа. Тэдний 80-90 хувь нь мэргэжлээрээ ажилладаг. Чанар чансааны хувьд харилцан адилгүй түвшний хүүхдүүд элсэж орж ирдэг. Зарим нь хичээлдээ дурлаад, сайжраад хувийн сургуулиуд орон сууц, өндөр цалин амлаж урилгаар ажилд ордог. Зарим нь орон нутгийнхаа гэрээгээр суралцаад, нутагтаа очиж ажилладаг. Төгсөгчдийн ихэнх нь Нийслэлд мэргэжлээрээ ажиллаж, тун цөөн хувь нь өөр ажил эрхлэх, гадаадад үргэлжлүүлэн сурах, гэр бүл зохиох зэргээр эхний нэг, хоёр жилдээ завсардаж байна.

-Та хэдэн жил багшилж байгаа вэ?

-Би 1994 оноос хойш 28 жил багшилж байна. Улсын математикийн 25 дугаар олимпиадад Архангай аймгаасаа шалгарч оролцоод, Монгол Улсын Боловсролын их сургуульдаа математикийн багшаар суралцаад тэнхимдээ багшаар үлдсэн.

-Таныг 28 жилийн өмнө багшилж эхэлж байх үеэс одоогийн багш болох гэж буй шавь нар ялгаатай байна уу?

-Тэр үед төрөөс бодлогоор багш бэлтгэдэг байсан. Багш бэлтгэгдээд гарч ирэхэд багш дутагдалтай газар руу хуваарилдаг байлаа. Намайг багш болж байх үед математикийн ангид эрэгтэй оюутан олон байсан. Нэг хэсэг эрэгтэй оюутны тоо цөөрч, одоо буцаад нэмэгдэж байна. МУБИС-ийн хувьд эрэгтэй элсэгчдэд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Ер нь улс даяараа математикийн багш дутагдалтай байгаа.

-Багшийн орон тоог нэмэгдүүлэхийн тулд яах ёстой юм бэ?

-Монголын хүн ам, сургуулийн тоо өсч байна. Үүнийгээ дагаад багшийн орон тоо нэмэгдэж байгаа. Нийгмийн асуудлыг нь шийдээд өгвөл багш болох сонирхолтой хүүхэд олон байна.

-Олон улсын математикийн олимпиадад манайхан ямар түвшинд оролцдог вэ?

-Монгол Улс 1964 оноос хойш Олон улсын математикийн олимпиадад оролцож байна. Олон улсын математикийн олимпиад 62 удаа зохион байгуулагдахад 50 удаа оролцож байсан. Энэ хугацаанд зургаан алт, 28 мөнгө, 71 хүрэл медаль хүртсэн. Гадны топ их сургуулиуд Олон улсын математикийн олимпиадад оролцсон хүүхдүүдтэй уулзаж ярилцлага хийгээд, сургуульдаа урьдаг. Энэ бол том боломж.

-Олон улсын математикийн олимпиадад өнгөрсөн жил хэрхэн оролцсон бэ?

-2021 онд хамгийн сайн оролцсон. Манай улсын зургаан сурагч оролцсоноос хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Олон улсын математикийн олимпиадад дэлхийн 100 гаруй улсаас арваннэгдүгээр байранд эрэмбэлэгдсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Лхамсүрэн: Гэр хорооллын хүүхдүүдэд төлбөргүй бөхийн клуб байгуулсан нь нийгэмд зөв хүн бэлдэх л зорилготой юм DNN.mn

Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер, “Хүч”, “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч асан, Канад улсын чөлөөт бөхийн шигшээ багийн зөвлөх, “MJ-бөхийн клуб”-ийн үүсгэн байгуулагч Н.Лхамсүрэнтэй ярилцлаа.


-Таны эх орондоо ирж буцсаар байгаа сураг гарах ч уулзаж чадахгүй удлаа. Хэзээ ирэв, өөр оронд ажиллаж амьдардаг тань шиг хүн Монголынхоо спортын салбарын болох, болохгүйг илүү тод мэдэрч байдаг байх даа?

-Сая Монголд чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэ тэмцээнийг үзлээ. Мөн хэдэн жилийн өмнө өөрийн санаачилгаар байгуулсан “MJ-бөхийн клуб”-т хичээллэж, бэлтгэл сургуулилт хийж байгаа хүүхдүүдтэйгээ уулзах, клубийнхээ ажилтай танилцах, цаашид юу хийх, ямар ажил төлөвлөх гээд миний хувьд эх орондоо их ажилтай байдаг хүн шүү дээ. Хэрдээ л ажлаа амжуулж байна, удахгүй буцна. Миний хувьд чөлөөт бөхийн спортод амьдралынхаа 40 жилийг зориулсан хүн.

Тийм болохоор Монголын бөхийн спортын хөгжлийг үргэлж харж, анхаарч байдаг. Үндэсний бөх, чөлөөт, жүдо… гээд бөхийн төрлүүдийн маань хөгжил ямар түвшинд байна, ирээдүйд яах ёстой вэ, юу нь болохгүй байна гээд байнга л санаа тавьж, ер нь салж чадахгүй дээ. Жишээ нь, манай жүдо бөхийн хөгжлийн түвшин Олон улсад сайн байна.

-Үүний нууц юунд байна вэ?

-Монголын жүдочид сайн байгаагийн нууц ерөөсөө л эв нэгдэл, удирдлагын зөв зохион байгуулалт, зорилгоо томоор харж, төлөвлөж чадаж байгаагийнх. Манай спортынхон зорилгоо ахархан харж, эндээ л болж байвал боллоо гэж бодох биш нэг толгойтой, нэг зүг рүү харж, том зорилгодоо төвлөрөх хэрэгтэй. Бидний хамгийн гол зорилго дэлхийн тавцанд сайн барилдаж Монгол гэдэг нэрийг гаргах. Түүний тулд нэг зорилго, нэг толгойтой байх ёстой. Одоо спортын холбоод дотроо нэгдэх гээд үзээд л байна. Бид хоорондоо учраа аль болох хурдан олж, ойлголцож, нэгдэх хэрэгтэй.

Бидний хэн ч байсан дэлхийн дэвжээн дээр Монголын л тамирчин гэж нэрээ дуудуулна. Үүний л төлөө эх орондоо хөлсөө урсгаж байгаа. Шулуухан хэлэхэд, Монголын жүдо бөхийн холбоо эв нэгдэлтэй, нэг дээвэр дор, бусад спорт холбооддоо үлгэр, загвар болохоор ажиллаж байна. Үүнээс бусад нь үлгэрлээд явахад болно. Зөвхөн чөлөөт бөхөөрөө жишээ авахад, Монголд чөлөөт бөхийн дэндүү гоё суурь, материаллаг бааз бий. Нийлээд, нэгдээд ажиллахад Монгол Улс чөлөөт бөхөөр дэлхийд дийлнэ л гэж боддог.

-Таныг хотын захын дүүрэг, гэр хороололд бөхийн клуб байгуулаад амжилттай ажиллуулж байгааг хүмүүс төдийлөн мэдэхгүй байх. Гэр хорооллын хүүхдүүдээс олимп, дэлхийн аваргууд төрүүлнэ гэсэн том амбиц танд байх шиг харагддаг. Тэндээс спортод авьяастай, байгалийн өгөгдөлтэй хүүхдүүд гарна гэж тооцож Сонгинохайрхан дүүрэгт бөхийн клуб, спортын төв байгуулсан уу?

-Хотын захын дүүргүүдээс дэлхийн спортын томчууд төрж болно шүү дээ. Тэнд л тэсвэр тэвчээрүүд өсч торниж байгаа. Бяцхан түүх ярихад, 2000 онд чөлөөт бөхийн дасгалжуулагч байхдаа Монгол, Япон улсын хамтарсан бөх хөгжүүлэх “MJ нийгэмлэг” гэж ТББ байгуулсан юм. Би өөрөө чөлөөт бөхийн хүн, харин япон найзууд маань жүдо бөхийн хүмүүс. Тэр үеэс тамирчдад дэмжлэг, туслалцаа үзүүлж, хоёр улсын хооронд “MJ CUP” гэдэг тэмцээн зохион байгуулж эхэлсэн. Тэр тэмцээнээс олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Д.Сумъяа… гээд нэрлэвэл олон сайчууд гарч ирсэн. Ганц жүдо ч биш чөлөөт бөхөөр хичээллэдэг, ирээдүйд том амжилт үзүүлэх боломжтой олон хүүхдүүд захын гэр хороололд амьдардаг, тэндээ сургуульд явдаг байсныг олж нээн, бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд оролцоход нь санхүүгийн дэмжлэгийг ТББ-ынхаа зүгээс үзүүлдэг байлаа. Захын хороололд байдаг, бөхөөр амжилт үзүүлэх магадлалтай хүүхдүүдэд энэхүү “MJ нийгэмлэг”-ээс дэмжлэг үзүүлж, тодорхой хэмжээний тусламж үзүүлсэн. Энэ ажлын маань үргэлжлэл явсаар хэдэн жилийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт бөхийн клуб байгуулан, өөрийн зүгээс хөрөнгө санхүүг нь шийдэж барилга байгууламж, заал танхимыг стандартын дагуу барьсан юм. Гэр хорооллын хүүхдүүдийн спортын амжилтад хөрөнгө оруулж буй миний өчүүхэн үйл хэрэг юм даа.

-Өчүүхэн үйл хэрэг биш л дээ. Гэр хорооллын хүүхдүүдийн хөгжилд тань шиг хувиасаа мөнгө гаргаад, спортын цогцолбор байгуулаад явдаг хүн байхгүйг тодорхой хүрээнд ярьдаг юм билээ. Таны клубийн хүүхдүүдээс Олон улсад тамирчид дуулдаад эхэлсэн шүү. Ингэхэд “MJ CUP” тэмцээнээ Монголд зохион байгуулдаг биз дээ?

-(инээв). Зохион байгуулалгүй яахав. 18 дахь удаагаа зохион байгуулсан. Японоос зардлын тодорхой хувийг гаргана. Би өөрөө жүдогийн тамирчин биш ч гэсэн жүдогийн тэмцээнийг ерөнхийд нь зохион байгуулна. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч агсан Д.Дашжамц багш маань 15 жил энэ тэмцээнийг зохион байгуулсан юм. Багш маань бурхан болсон учир 2019 онд тэмцээнээ Д.Дашжамц багшийнхаа нэрэмжит болгож явуулсан. Түүнээс хойш цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан түр завсардаж байна.

-Ингэхэд хэзээнээс эхэлж Улаанбаатар хотын захын дүүрэгт бөхийн клуб байгуулах, заал танхим барих санаа төрж, хөөцөлдөж эхэлсэн бэ?

-“MJ нийгэмлэг”-ийн төсөл маань амжилттай хэрэгжсэн учраас япончуудтайгаа гэр хороололд бөхийн клуб байгуулах, заал танхим барих асуудлаа ярьж шийдсэн. Мэдээж спортын заал танхим барихад хотод газрын асуудал их хүндрэлтэй байлаа. 2016 онд одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга байхад нь уулзаж асуудлаа танилцуулсан юм. Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга агсан Ц.Ганхүү найз маань намайг дагуулаад Х.Нямбаатар дарга руу орж байсан юм. Дүүрэгт нь спорт заал барих газар авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Саналыг Х.Нямбаатар, тухайн үеийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъябазар /Улаанбаатар хотын захирагч/ нар дэмжсэн нь сайхан. Ингээд “MJ-бөхийн клуб”-ийн барилгын ажил 2017 оны дөрөвдүгээр сард эхэлж, аравдугаар сард ашиглалтад орсон. Барилгын зураг, гүйцэтгэл, бусад мэргэжлийн ажлын тухайд энэхүү спортын заал нь надад жижиг ажил л даа. Учир нь би чинь барилгад их ойр хүн. Миний хувьд Канадад шигшээ багийн дасгалжуулагчийнхаа ажлын хажуугаар барилгын бизнест хөл тавьсан юм. Тухайлбал, манай барилгын компани тухайн үедээ хойд Америктаа хоёрт орох том төсөл болох Канадад 66 давхар барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж ашиглалтад оруулж байлаа. Энэ нь тухайн үедээ Монголд бас хөөрхөн шуугиан болоод л авсан. Монгол захиралтай, монгол ажилчидтай компани Канадад 66 давхар барилга барьжээ гээд (инээв). Ийм том хэмжээний барилга барьсан надад тэр жижиг спортын заал танхимын зураг төсөл, хийж гүйцэтгэх ажил гайгүй л дээ. Дор нь л барьсан.

-Монголд лав баригдаагүй барилга барьсан юм байна. Барилгын мэргэжилтэн юм биш үү, та чинь…

-Үгүй ээ (инээв). Канадад барилгын компанитай л хүн, манай ажилчдын тал нь монголчууд. Хоёр жил долоон сарын хугацаанд 66 давхар барилга барьсан нь бол үнэн. Тухайн үед Асашёрюү Дагвадорж залгаад “Ах аа, миний нэрийн өмнөөс монгол ажилчиддаа баяр хүргээрэй” гэж билээ. За энэ сэдвийг орхиё, одоо хадуурах нь. Хоёулаа хүүхдүүд рүүгээ орьё.

-Яагаад Сонгинохайрхан дүүргийг сонгож клубээ байгуулсан юм бэ?

-Энэ дүүрэг хамгийн олон ерөнхий боловсролын сургуультай, баруун, зүүн аймгаас шилжиж ирсэн өрхүүд ихэнх нь тус дүүрэгт амьдардаг юм билээ. Хотын төвийн амьдрал, Сонгинохайрхан дүүргийн амьдрал хоёр тэс өөр байсан. Сайхан заал бариад өгвөл тэнд бөхийн үүр уурхай байгааг харсан юм.

-Клуб Сонгинохайрхан дүүргийн яг хаана байрлалтай вэ?

-Дүүргийн Биеийн тамир, спорт хорооны яг ар талд байрладаг. Спорт хороонд ирсэн хүүхдүүд заал руу ороход ойрхон.

-Зөвхөн чөлөөт бөхөд зориулсан заал танхим уу?

-Чөлөөт, жүдо бөхийн заал, хоёр дэвжээтэй. Саун, дэвжээ, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, усанд орох өрөө, дасгалжуулагчийн өрөө… гээд цогцолбор шүү. Саяхан нэмж номын сантай болсон. Бүх зүйл стандартын дагуу хийгдсэн. Хүүхдүүд чөлөөт цагаараа ном унших, номоо багшдаа тэмдэглүүлээд гурав хоног гэр рүүгээ авч яваад унших ч боломжтой.

-Өнөөдөр хэдэн хүүхэд танай клубт хамрагдаж, бөхийн төрлүүдээр хичээллэж байна?

-Жүдо, чөлөөт бөх нийлээд 250 гаруй хүүхэд хичээллэж байна. Энэ хоёр төрлийн Өсвөрийн улсын аваргаас медаль аваад эхэлчихсэн. Амжилттай сайхан ажиллаж байгаа. Чөлөөт бөхийн дасгалжуулагч Н.Баатар, жүдо бөхийн дасгалжуулагч нь ОУХМ Р.Лувсанпүрэв ажиллаж байна.

-Хүүхдүүд төлбөртэй хичээллэдэг үү?

-Бидний нэг онцлог бол хүүхдүүдээс ямар ч төлбөр авдаггүй. Харин хүүхдүүдээр ажил хийлгэж, зөв хүн болгон төлөвшүүлэх хөтөлбөрүүдтэй. Сар бүр цонхоо угаана, ариун цэврийн өрөөг зөв ашиглах, заалаа өөрийн гэр шиг хайрлах, гаднаас хүн орж ирэхэд мэндлэх, зааланд хэн ч гуталтай орохгүй гэх мэт ахуйн соёлд сургаж, хүмүүжүүлэхээс эхлээд спортоор хүүхдүүдийг хүмүүжүүлэх, ёс суртахуунтай, хүнлэг бие хүн болгох нь клубийн том зорилго юм. Энэ олон хүүхдүүд манай клубт хичээллээд бүгд спортын алдартнууд болохгүй нь тодорхой. Гэхдээ бүгд спортын зөв хүмүүжлийг олж, авах, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн иргэн болоход нөлөөлж бол чадна. MJ бөхийн клубт хичээллэснээр насан туршийн олон сайн найз нөхдөө эндээс олно шүү дээ, манай хүүхдүүд.

-Хүүхдүүд үнэ төлбөргүй бөхийн клубт хичээллэдэг юм байна. Урсгал зардал, дасгалжуулагчдын цалинг хэрхэн зохицуулдаг вэ?

-Ус, дулаанаас эхлээд бэлтгэлийн кимоно, өмсгөл гээд ихэнх зардал миний зүгээс гарна л даа. Гэхдээ яах вэ, хамгийн гол нь бөхийн спортоор дамжуулаад зөв хүмүүжилтэй залуу үеийг эх орондоо бэлдээд өгчихвөл миний монгол хүн болж төрснийх, бөхийн спортод ухамсарт амьдралаа зориулсны хэрэг бүтлээ гэсэн үг. Мэдээж Сонгинохайрхан дүүрэгтэй гэрээ байгуулсан, тодорхой хэмжээнд дэмжлэг байгаа.

-Гадаадад бизнес эрхэлж амжилттай яваа тань шиг хүмүүс эх орондоо, мөн өөрийн ухамсарт амьдралаа зориулсан салбартаа ингээд хөрөнгө оруулдаг том жишиг Монголд бий болоосой гэж хүсч байна?

-Тийм хүмүүс цөөнгүй бий байх аа. Энэ клубийг байгуулахын учир нь нэгдүгээрт, олимп, дэлхийн аварга тамирчин төрүүлэх. Хоёрдугаарт, зөв хүнийг нийгэмд бэлтгэх гэж үргэлж санаж зорьж яваагаа сая хэллээ. Хүн бүрд боломж байдаг, тэр боломжийг бусдад нээж өгөх нь том буян. Зөвхөн спортын амжилт бус энэ клубт хичээллэж буй хүүхдүүд, хамт олноос ирээдүйн том улстөрч, эдийн засагч, шинжлэх ухааны эрдэмтэд төрнө. Хүүхдүүд сургуулиас гадуур өөр хамт олонтой, нийгэмд эзлэх байр суурьтай болно. Нэг хамт олонтой хүн, арван хамт олонтой хүн хоёрын ярих, сэтгэх, хандлага, нийгэмд эзлэх байр суурь маш их ялгаатай. Бид хүүхдүүдийн нуугдмал боломжийг нээж өгч байна. Гуравдугаарт, спортоор хичээллэсэн хүүхэд юунд ч няцдаггүй, сэтгэл зүй сайтай хүн болж төлөвшдөг. Наад зах нь өглөө эрт босдог, эхлүүлснээ дуусгадаг, буруу зуршилгүй, хүнийг хүндэтгэдэг болж хүмүүждэг. Манай бөхийн клуб зөв хүн бэлтгэж нийгэмд хөл тавиулах хамгийн том зорилготой юм шүү. “MJ-бөхийн клуб”-ын 250 хүүхэд 250-уулаа спортын мастер болохгүй, гэхдээ нийгмийн салбар бүрийн томчууд болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол миний өөрийнхөө зүгээс нийгэм рүү оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт.

-Ингэхэд та спортын гараагаа хаанаас эхэлсэн юм бэ?

-Нийслэлийн 31 дүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч байхдаа насанд хүрэгчдийн Олон улсын тэмцээнд түрүүлж байлаа. Тухайн үеийн Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайд, генерал А.Жамсранжав гуай өрөөндөө дуудаад жуух бичиг гардуулж байлаа. Би Ц.Нацагдорж багшийгаа дагаад ингэдэг л юм байлгүй гэж бодоод явж байсан (инээв). Баргийн хүний ордоггүй өрөөнд орж явснаа сүүлд нь л мэдсэн.

-Та ер нь хэзээ Канад явсан юм бэ, тэмцээнд дасгалжуулагчаар явж байхад тань Канадаас ажиллах санал ирсэн юм уу?

-1999 онд тэмцээнээр явж байхад л Канадын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах санал ирж байсан. 2000 онд ажиллах санал дахин ирсэн. Ний нуугүй хэлэхэд, хоёр охиныхоо ирээдүйг бодож л зөвшөөрсөн. Ингээд гэр бүлээрээ Канад улс руу явсан. Канадад очиж дасгалжуулагчаараа ажиллаад, хоёр охиндоо ч сайн боловсрол эзэмшүүлсэн. Манай бага охин Канадад их сургуулиа төгсөөд Монголдоо ирж бизнес эрхэлж, аавынхаа “MJ-бөхийн клуб”-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Том охин маань Канадад аавынхаа барилгын компанийн бизнесийг явуулж байна. Бизнес хийнэ гэдэг хэцүү, хүний газар, хүний хуулийн дагуу ажиллана. Гэхдээ болж байгаа. Энд нэг зүйлийг би хэлмээр байна. Хоёр охин маань Канадад сурч боловсорч, гадаад тивд хүүхэд насныхаа багагүй хугацааг өнгөрөөж байгаа ч үргэлж Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй байдагт нь эцэг хүний хувьд бахархаж явдаг. Бага охинд маань гадагшаа илүү сайн ажиллаж амьдрах боломж дүүрэн байгаа ч Монгол эх орон руугаа л тэмүүлсэн. Энд тэндхээс илүү бэрхшээл байгааг нуугаад яах вэ, бүгд л гадарлаж байгаа хойно. Гэвч охин маань эх орондоо ажиллаж хөдөлмөрлөж, хөгжил дэвшилд нь нэмэр болох гээд үзэж тарж явна. Монголын ирээдүй хойч ийм эх оронч сэтгэлтэй байгаа нь сайхан юм.

-Та Канадын шигшээ багийн дасгалжуулагчаараа л ажиллаж байна уу?

-Одоо бол Канадын чөлөөт бөхийн шигшээ багийн зөвлөхөөр ажиллаж байна.

-Тэр том гүрний шигшээ багийн дасгалжуулагч, зөвлөх байна гэдэг нийгэмд эзлэх томоохон байр суурь, нэр хүнд биз…

-Тийм шүү, их сайхан. Канад, АНУ гээд хаана ч явсан хүндэтгэлтэй сайхан байдаг, Канадад 18 жил амьдарч байна. Хэрэв би муу ажилласан бол үнэлэмж арай өөр байх байсан. Хаана ч зүгээр л цалин авахын төлөө ажиллана гэдэг утгагүй хэрэг. Ажиллаж байгаа бол ажилласан шиг л ажиллах хэрэгтэй, үгүй бол чаддаг хүнд нь зайгаа тавих ёстой, ийм л зарчмаар ажилладаг. 2008 онд миний ажилласан клубээс олимпийн аварга төрсөн, түүнийг Хуан Кэролл гэдэг. Бид хоёр клубтээ хоёулхнаа ази хүмүүс, их дотно. Шавь нараас маань 2012 онд Лондонгийн олимпоос хүрэл, мөнгөн медаль хүртсэн. Манай багаас дэлхийн аварга олон төрсөн, сүүлийн дэлхийн аварга Жастина Ренауг 2018 онд Монголдоо авч ирсэн. Тэр үед Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин ах, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэгийг хөтлөөд 14 хоног биднийг салалгүй дагаж, хамт бэлтгэл хийлгэж байлаа. Наадмын урьд өдөр гэхэд л спортын ордон дээр өнөө агуу Ойдов, Дүвчин хоёр чинь шавь нараа дагуулчихсан, бидний бэлтгэл дээр хамт сууж байсан. З.Дүвчин ах “Дэлхийн аварга хүн ирээд бэлтгэл хийж байна гэдэг бол алтан боломж” гэж байсан. С.Батцэцэг дараа жил нь дэлхийн аварга болсон. Багш, дасгалжуулагч хүн гэдэг шавийг ингэж “юм” болгодог, анхаарал тавьдаг, сайн тамирчинтай хамт бэлтгэл хийлгэхийг зорьдог юм билээ. Дэлхийн аваргатай хамтарсан бэлтгэл хийлгэхийг алтан боломж гэдгийг Дүвчин ах манай багш нарт хэлээд л өгсөн дөө.

-Монголын чөлөөт бөхийн хөгжил өнөөдөр шалан дээр очлоо гээд сүүлийн нэг хоёр жилээс шуугиад эхэллээ. Танд ямар харагдаж байна?

-Бидэнд маш их боломж байгаа. Дөрөв, таван настай монгол хүүхэд багшийн зааваргүйгээр өөрийн төрөлх мэдрэмжээр тонгорох мэхийг зөв хийдэг. Ийм байгалийн өгөгдөлтэй хүүхэд Монголд л байдаг байх. Жаахан л зааж чиглүүлээд өгөхөд их том амжилт тэднийг хүлээж байна. Хамгийн гол нь бүгд эв нэгдэлтэй, нэг зүгт харж, том зорилго дээрээ нэгдчихвэл тэгээд дэлхийн хэмжээний амжилтууд дэргэд байна.

-Монголын энэ олон дэвжээ, багш нарын хувийн амбиц арай хэтрээд, тэдгээр нь Монголын тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлөөд байх шиг харагдах юм?

-Дэлхийд бол тамирчин Монгол гэдэг нэрийг л авч явна, эцсийн зорилго энэ л юм шүү дээ. Бидэнд сургалт муу, эсвэл өөр ямар нэг зүйл дутагдаагүй, эв нэгдэл л дутагдаж байна. Барилдааны дүрэм дөрвөн жил тутам өөрчлөгддөг, түүнийгээ дагаад багш нар өөрсдийгөө өөрчилж, шинэчлэхээс эхлээд хувь хүнээс шалтгаалах асуудлуудыг өөрсдөө шийдээд явчих боломжтой. Том баг хамт олон болох л чухал байна, энэ цаг үед.

-Та сая Азийн аваргын тэмцээнийг өөрийн биеэр үзлээ. Олимп ч дөхлөө. Монголд итгэл найдвар хэр харагдах юм?

-Олимпоос наана хугацаа байна, цаадуул чинь “аймар” бэлтгэж байна. Манай дасгалжуулагчид, тамирчид минь та нар сайн ажиллаарай, сайн бэлдээрэй л гэж хэлье.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Шар луу өдөр DNN.mn

2022.5.15, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.15, Ням гараг
  • Наран ургах шингэх: 05.14-20.23
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус дулаан, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Улз, Онон, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“ГЭМ ЗЭМ” жүжиг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдоно DNN.mn

Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжиг тайзнаа үзэгчдийн хүсэлтээр дахин хоёр удаа тоглогдохоор болжээ.

Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай романыг “Орфей театр”-ын хамт олон постдрамын жүжиг болгон дэглэсэн билээ. Тус жүжгийн Найруулагчаар М.Батболд, зохиолчоор Я.Баяраа ажилласан юм.

Сэтгэлзүйн постдрамын “ГЭМ ЗЭМ” жүжиг зургадугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Соёлын төв өргөөнд 19 цагаас тоглогдохоор товлогджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байна DNN.mn

Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байна хэмээн Монголбанкнаас мэдээллээ.

Тавдугаар сарын 1-11-ний хооронд

  • Монголбанкны эх үүсвэрээр 7.9 тэрбум төгрөг
  • Арилжааны банкны эх үүсвэрээр 7.2 тэрбум төгрөгийн буюу нийт 15.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгсон аж.
2022 он гарснаас хойш нийт 2,300 өрх, 187 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.

Хэдийгээр Төв банкнаас зээл хэвийн олгогдож байгаа гэж буй ч арилжааны зарим банк иргэдээс зээлийн хүсэлт шинээр авахгүй байгаа юм.