Categories
мэдээ нийгэм

Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn

Нэг ажиллагчид ногдох ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний улиралд 4.3 сая төгрөг боллоо.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 490.1 (10.2 хувь) мянган төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Томсгосон 4 салбараар авч үзвэл, нэг ажилчинд ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс хөдөө аж ахуйн салбарт нэмэгдэж, уул уурхай олборлолт, аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарт багассан байна.

Хөдөө аж ахуйн салбарын нэг ажилчинд ногдох нэмэгдэл өртөг 0.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 89.8 (12.5 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн бол уул уурхай, олборлолтын салбарынх 10 сая төгрөг болж, 8.2 (44.9 хувь) сая, аж үйлдвэр, барилгын салбарынх 3.2 сая төгрөг болж, 914.3 (22.3 хувь) мянга, үйлчилгээний салбарынх 4.3 сая төгрөг болж, 159.2 (3.5 хувь) мянган төгрөгөөр багасжээ.

Categories
мэдээ нийгэм

Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn

Өнөөдөр /2022.05.17/ Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Улмаар гишүүдийн 100 хувийн саналаар тус хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуу, хариулт авав.

УИХ‑ын гишүүн Б.Жаргалмаа: Одоо мөрдөгдөж байгаа Донорын тухай хуульд донор болох нас 25 гэж байгааг 21 болгох заалт оруулж ирж байгаа юм байна. Мөн цусан төрлийн хамаатан донор болно гэдэг заалт бий. Харин хуулийн өөрчлөлтөөр цусан төрөл биш хэн нэгэн сайн дурын үндсэн дээр донор болж болох уу.

Түүнчлэн гадагш гарах валютын урсгалыг тогтоох боломж хэр байгаа вэ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 25 нас хүрсэн, цусан төрлийн хүн донор болж болно. Энэ зохицуулалтын гол зорилго нь эд, эрхтний наймаанаас сэргийлж байгаа явдал юм. “Эд, эрхтнээ өгвөл оронд нь байр өгнө” гэдэг ч юм уу амлалтаар дамжуулан хэн нэгний эрхтнийг авч байна уу үгүй юу гэдгээс сэргийлэх ёстой.

Ашиг хонжооны төлөө бус цэвэр хайр энэрлийн үүднээс эд, эрхтнээ өгдөг байхгүй бол хагалгаа хийгээд амжилттай болсны дараа эрхтэн авсан хүнээ дарамтлах эрсдэл бий.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Навчаа: 2021 оны есдүгээр сараар 2022 оны гуравдугаар сар хүртэл буюу зургаан сарын хугацаанд гадагшаа явсан нийт 26 гэр бүлийн өргөдлийн дагуу асуудлыг шийдэхэд 7.5 тэрбум төгрөг гадаадад зарцуулсан байна. Энэ дунд чөмөг шилжүүлэх суулгах – 3 хүн, элэг шилжүүлэх суулгах – 11 хүн явснаас тэдгээр хүмүүсийн гаргасан зардлын таван хувьд буюу 371 сая төгрөгийг олгох шийдвэр энэ долоо хоногт гаргаж байна. Гэтэл улсын төсвөөс энэ чиглэлд зарцуулах зардал 500 сая төгрөг байгаа.

Энэ хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр гадагшаа явах урсгалд нэмэр болно гэж үзэж байгаа.

Монголд 21-25 насныхан харьцангуй эрүүл бүлгийнхэн байдаг. Хэлэхэд таагүй байгаа ч донорын насыг 21 болгосноор 235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой болно.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Хүүхдүүдийн хорт хавдрыг дотооддоо эмчлэх боломж хэр байгаа вэ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Хүүхдийн хорт хавдар жилд 130 орчим тохиолддог. Үүнээс 30 орчим хувь нь буюу 60-аад хүүхэд цусны хорт хавдраар оншлогддог. Тэдгээр хүүхдүүдийн ихэнхэд химийн эмчилгээ тохирдог. Харин 60 орчим хүүхдийн 5-6-гийнх нь хавдар эмээр эмчлэгддэггүй учир заавал үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд тухайн хүүхэд ойрын хамаатнуудаасаа үүдэл эс авч суулгуулах ёстой. Энэ эмчилгээг одоо Монгол хийх боломжтой болсон

Categories
мэдээ цаг-үе

ЦУОШГ: Зарим нутгаар +33 хэмд хүрч хална DNN.mn

Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарч, тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Тавдугаар сарын 18-ны 20:00 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 15-20 градус дулаан.

Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Багануурт бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Тавдугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 19-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 20-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан.

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар өсчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос ажиллах хүчний талаар мэдээллээ. Мэдэгдэлд “2022 оны нэгдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна. Ажиллах хүчний 1.1 (91.5%) сая нь ажиллагчид байгаа юм. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 73.6 (7.0%) мянгаар, өмнөх улирлаас 1.3 (0.1%) мянгаар өссөн.

Улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны хүн амын 892.8 (42.0%) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 46.5 (5.2%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа юм.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын 46.5 (30.0%) мянга нь боломжит ажиллах хүч, 104.4 (67.4%) мянга нь ажилгүй хүн, 4.0 (2.6%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна. Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 61.3 (28.4%) мянгаар буурч, өмнөх улирлаас 3.6 (2.4%) мянган хүнээр өссөн.

Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 3.2 (3.2%) мянгаар, өмнөх улирлаас 5.0 (5.0%) мянгаар өссөн байна. Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 35-39 насны бүлэгт 5.8 мянгаар, 40-44 насны бүлэгт 5.3 мянгаар, өмнөх улирлаас 35-39 насны бүлэгт 6.0 мянгаар тус тус өсжээ” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдэд бэлэг сонгохдоо хаяг шошго, хугацааг шалгаж авахыг зөвлөлөө DNN.mn

НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохиох гэж байна. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас өмнөх жилүүдэд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийдэг байсан. Харин энэ жил тус хяналт шалгалтыг түр хугацаанд зогссон байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн бэлэг сонгохдоо хаяг шошгын хугацааг нь сайн шалгаж, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хүүхдэдээ өгөхөөс сэргийлэхийг зөвлөж байна. Мөн түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг тохирох хэмд худалдаалж байгаа эсэхийг нь анзаарч байж худалдан авахыг зөвлөж байна гэлээ.

Categories
гадаад мэдээ

Туркийн Ерөнхийлөгч Швед, Финландыг НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ DNN.mn

Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Швед болон Финланд улсыг NATO-д элсүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ.

Энэ нь Швед болон Финланд улс Туркийн зүүн бүс дэх курдүүдтэй харилцаатай байдагтай холбоотой аж. Режеп Тайип Эрдоан Швед болон Финланд улсын терроризмын талаарх байр суурь тодорхойгүй байгааг тодотгожээ. Түүнчлэн Турк улсын эсрэг хориг тавьсан орнуудыг NATO-д элсэхийг зөвшөөрөхгүй гэдгийг онцолсон байна.

Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны мэдэгдэл ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж буй энэ үед цэргийн эвслийг хүчирхэгжүүлэх төлөвлөгөөнд саад учруулж байгаа аж.

Дашрамд дурдахад: NATO-д шинэ гишүүн элсүүлэхийн тулд бүх 30 улс зөвшилцөх ёстой байдаг.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Шинээр гишүүнээр элсэж байгаа Финланд, Швед гээд эвсэл өргөжиж байгаа асуудлын тухайд бол ОХУ эдгээр орнуудтай ямар нэг асуудал байхгүй гэдгийг сануулмаар байна. Байхгүй. Энэ утгаараа эдгээр орнууд гишүүнчлэлтэй болсноор ОХУ-д ямар нэг шууд аюул заналхийлэл үүсэхгүй гэсэн үг. Гэхдээ тухайн нутаг дэвсгэр дэх цэргийн дэд бүтцийг өргөжүүлэх нь хариу арга хэмжээ авах шаардлагыг бидэнд бий болгох нь ойлгомжтой. Ямар аюул заналхийлэл бий болохоос шалтгаалан бид ямар хариу үйлдэл үзүүлэхээ тодорхойлох болно” гэж мэдэгдлээ.

Пентагоны Хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Хэд хэдэн зүйлийг санаж байх хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгээрт НАТО бол батлан хамгаалахын холбоо, бусад улс орнууд руу аюул занал учруулдаггүй, учруулж ч байгаагүй. ОХУ ч үүнд багтана. Хоёрдугаарт НАТО-д аливаа улс элсэх асуудлаар вето тавихад Владимир Путин эсвэл аль нэг гуравдагч тал нөлөөлөхгүй. Шийдвэр нь нөгөө улс болон НАТО-гийн гишүүн орнуудын л асуудал. Дахин хэлэхэд олон үе шаттай. Гуравдугаарт бид хэн нь жинхэнэ түрэмгийлэгч вэ, хэний үйлдэл энэ хоёр улсыг НАТО-д элсэхийг хүсэхэд хүргэж байгаа вэ гэдгийг эргэн санах хэрэгтэй.

Ноён Владимир Путин болон ОХУ өөрөө шүү дээ. Тэд Украиныг эзлэх шийдвэр гаргасан. Бас л хэнд ч аюул занал учруулаагүй улс. Тэд л олон зуун мянган цэрэг, зуун мянга гаруй цэргээ оруулах шийдвэр гаргасан. Тэд л хэрцгий балмад дайн хийж байна. Владимир Путин зөв шийдвэр гаргаснаар энэ бүхнийг зогсоох боломжтой” гэж мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн машин мөргөлдсөн ослын улмаас бага насны 2 хүүхэд гэмтжээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд 2022 оны тавдугаар сарын 16-ны 20:00 цагийн орчим дөрвөн машин мөргөлдсөн осол гарчээ.

Тодруулбал, Toyota Corolla Fielder, Toyota Premio, Toyota Prius, Nissan Note маркийн автомашинууд мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас жолооч, зорчигч нийт гурван хүн гэмтсэн байна. Хэргийн газрын үзлэгийг Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байгаа юм.

Гэмтсэн гурван хүний хоёр нь гурав болон таван насны хүүхдүүд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд 1.94%-ийн согтолттой байжээ.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцоно уу хэмээн Тээврийн Цагдаагийн Албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын тээвэр, хот хоорондын автобусны жолооч 4.5 цаг яваад 45 минут амардаг болно DNN.mn

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлыг тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хэлэлцээрт олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж буй 3.5 тонноос илүү жинтэй ачааны автомашин, 9-өөс илүү зөрчигч тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн жолооч, багийн гишүүдийн илүү цагаар жолоо барихыг тахограф төхөөрөмжөөр хянаж, ослоос урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан байна.

Манай улс уг гэрээнд нэгдэн орсноор Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөллийг оролцуулсан Үндэсний хороо байгуулах аж. Мөн жолоочийн ажил, амралтын цагийг бүртгэх, хянах зориулалттай төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын бэхжүүлэх, хэмжил зүйн тоноглол бүхий лаборатори байгуулах шаардлага үүсэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулж, санал хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Жолоочийн ажил амралтын цагийн хянах, бүртгэх асуудал зөвхөн олон улсын тээвэр гүйцэтгэж байгаа жолоочид хамаарах уу. Дотоодын тээвэрт үйлчлэх үү. Энэ асуултад ажлын хэсгийнхэн “4 цаг яваад 3 цаг амарна” гэдэг тайлбар хэлсэн. Энэ нь олон нутагт явж байгаа ачаа тээвэр, зорчигчдод хүнд суртал болох юм биш байгаа. Монголын нөхцөлд хэр тохирох вэ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Тээврийн хэрэгсэлд нэг тоног төхөөрөмж тавина. Үүгээр бүх хөдөлгөөний хяналтыг хийнэ. Гол зорилго нь жолоочийн ажил амралтын дэглэм, аюулгүй байдлыг хангахад оршиж байгаа. Бид энэ конвенцэд нэгдэх орохгүйгээр Европын чиглэлд тээвэр хийх боломж хомс болно.

Энэ зохицуулалт дотоодод тээвэр хийж байгаа ачаа тээвэр, зорчигч тээвэрт мөн адил үйлчилнэ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Үндэсний хороо гэж байгуулах юм байна. Мөн хяналтын төхөөрөмж нийлүүлэх, засварлах байгууллага шинээр байгуулах юм байна гэж ойлголоо. Хоёр байгууллага байгуулна гэж үг үү.

ЗТХЯ-ны газрын дарга Ё.Жаргалсайхан: Үндэсний хороо нь орон тооны бус төлөөлөлтэй. Төхөөрөмжийг суурилуулаад, засвар үйлчилгээг нь хариуцдаг байгууллагыг томилогдоно. Одоогоор Авто тээврийн үндэсний төвд харьяалуулна гэж төсөөлж байгаа.

Уг конвенцэд олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж буй 3.5 тонноос илүү жинтэй ачааны автомашин, 9-өөс илүү зөрчигч тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн жолооч, багийн гишүүд 4.5 цаг яваад 45 минут амрах зохицуулалтыг тусгасан байдаг аж. Мөн хоногт 9-өөс илүүгүй цаг жолоо барих заасан байна. Энэ зохицуулалт нь дотоодын ачаа тээвэр, зорчигч тээвэр эрхлэгчдэд мөн адил үйлчлэх юм байна. Гэхдээ зөвхөн зохион байгуулалттай тээвэр буюу хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд хамаарна.
Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 321 хүн гэмт хэргийн улмаас нас баржээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооны Нийгмийн Статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл 2022 оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллийг танилцууллаа.

Онцолбол, “14.2 мянган гэмт хэрэг 2022 оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3 мянга буюу 80 хувиар өссөн. Өмчлөх эрхийн эсрэг гэмт 469 мянгаар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийт хэргийн:

62.3 хувь нь өмчлөх эрхийн эсрэг,
24.5 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг,
2.8 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг
10.4 хувь нь бусад гэмт хэрэг эзэлж байна.

Мөн гэмт хэргийн 68.9 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн байна. 2022 оны эхний улиралд гэмт хэргийн улмаас 13.8 мянган хүн хохирч, 3.7 мянган хүн гэмтэж, 321 хүн нас барсан байна” гэж мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Өрхийн сарын дундаж орлого 1.2 сая төгрөг болжээ DNN.mn

Нэг өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ 2022 оны нэгдүгээр улиралд 1.2 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 85.8 (7.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 52.6 (4.5%) мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар нэмэгдэхэд тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 49.6 (17.6%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого нь 2022 оны нэгдүгээр улиралд 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 307.7 (23.0%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Үүнд тэтгэвэр, тэтгэмжийн орлого 125.2 (34.6%) мянган төгрөгөөр, цалин хөлсний орлого 97.5 (14.2%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.