Categories
мэдээ соёл-урлаг

“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглолтоо хийж байна DNN.mn

зураг

“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглолтоо хийж байна. Тухайлбал энэ сарын 16-ны өдөр Вашингтон ДС хотын “Warner Theatre”-д тоглолтоо амжилттай хийжээ.

Тус хамтлагийн дараагийн зогсоол Norfolk хот байх бөгөөд тавдугаар сард хийх тоглолтууд товлогдсон байна.

  • 5 дугаар сарын 19-нд Charlotte, NC
  • 5 дугаар сарын 20-нд Raleigh, NC
  • 5 дугаар сарын 21-нд Charleston, SC
  • 5 дугаар сарын 25-нд Birmingham, AL
  • 5 дугаар сарын 26-нд Little Rock, Arkansas
  • 5 дугаар сарын 27-нд Oklahoma city, Oklahoma
  • 5 дугаар сарын 28-нд The Woodlands, TX
  • 5 дугаар сарын 29-нд Dallas, TX

2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, “Чингис хаан” одонгоор “The Hu” хамтлагийг шагнасан юм. Энэ нь анх удаа хамтлагт уг одонг гардуулсан явдал болж байв.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Батдаваа: Инфляц ганц манай улсын биш, дэлхийн зовлон болоод байна DNN.mn

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваатай ярилцлаа.


-Статистикийн хороо өнөөдөр (өчигдөр) өнгөрсөн дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Өнгөрсөн саруудын эдийн засгийн анхаарал татсан тоонуудыг ярихаас өмнө дэлхийн эдийн засгийн өнөөдөр, маргаашийн талаарх олон улсын байгууллага, шинжээчдийн таамаглалуудыг сонирхмоор санагдлаа. Дайн дэлхийн эдийн засагт улам л сөрөг нөлөө үзүүлээд байх шиг…?

-Дэлхийн эдийн засаг Орос, Украины дайнтай холбоотойгоор сөрөг болоод эхэллээ л дээ. ОУВС-гийн өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайлангаас харахад тэд нэгдүгээр сард хийсэн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.2 хувиар бууруулсан байна лээ. Тэдний таамгаас харахад, дэлхийн эдийн засаг 2022 онд 3.6 хувийн өсөлттэй гарахаар байгаа. Тэр дундаа ОХУ-ын эдийн засгийг 8.7 хувиар агшина гэсэн төсөөлөл гаргачихсан. Шалтгаан нь мэдээж дайнаас үүдэлтэй хоригууд. Урд хөршийн тухайд эдийн засгийн өсөлт нь 2021 онд 8.1 хувьтай байсан бол 2022 онд 4.4 хувьтай гарна гэсэн төсөөлөл байна. Хятад улс эдийн засгийн өсөлтөө 6 орчим хувьд барих гэж оролддог. Гэтэл ковидын эсрэг хэрэгжүүлж яваа хатуу арга хэмжээнээсээ болоод эдийн засгийн өсөлт нь энэ хувиасаа доошлох нь тодорхой болчихлоо л доо. Цар тахал гарангуут том хотууд, үйлдвэрийн районуудаа хаачихаад байгаа нь эдийн засгийн өсөлтөд нь сөрөг нөлөө үзүүлж байна. Шинжээчдийн ам нэгтэй байгаа дэлхийн гол эрсдэл бол инфляц. АНУ, Европын холбоо, хөгжингүй улсуудад сүүлийн дөчин жил ажиглагдаагүй өндөр инфляц ажиглагдлаа. АНУ-ын инфляц дөрөвдүгээр сарын байдлаар 8.3 хувь, Европын холбооных 7.5 хувьд хүрчихсэн. Европын зарим орны инфляц манайтай адилхан байна. Чехийн инфляцийн түвшин гэхэд л 14.2 хувиар хэмжигдэж яваа. Польшийн инфляц 12 хувь хүрлээ. Хойд хөршийн инфляц 16.7 хувь, Туркийнх бүр 70 хувьтай байна. Үнийн өсөлтийн эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж, арга хэмжээ авах ёстой гэж ярьж байгаа. Товчхондоо инфляц ганц манай улсын биш дэлхийн зовлон болчихлоо. Тэр утгаараа том төв банкууд шийдэл гаргаж эхэлсэн. Ялангуяа АНУ-ын төв банк бодлогын хүүгээ эрчимтэй нэмээд эхэллээ. Хоёр долоо хоногийн өмнө гэхэд л бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөчихлөө. 2006 оноос хойш ажиглагдаагүй өндөр түвшний нэмэлт л дээ. Америкийн хувьд бодлогын хүүгээ нэг удаа ингэж огцом нэмсэн түүх сүүлийн арваад жилд тохиогоогүй.

-Дэлхийн том улсуудын төв банкууд бодлогын хүүгээ нэмээд эхэлчихээр бидэнд ямар нөлөө үзүүлэх бол?

-Манай улс руу оруулж буй хөрөнгө оруулалт, зээлийн хүүний өртгийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Засгийн газрын өнгөрсөн жил гаргасан долларын бондуудын дундаж хүү нь 3 орчим хувьтай байсан бол одоо 5, 6 хувь болоод өсчихлөө. Ер нь эрсдэл өндөртэй улсууд, хөгжингүй орнуудын бондын хүүгийн түвшин он гарснаас хойш 1 орчим хувиар нэмэгдэж байна. Дахиад онцлоход, манай руу орж ирэх зээл, хөрөнгө оруулалтын хүүний зардал нэмэгдэх эрсдэл бодитой болчихлоо. Өөрөөр хэлбэл, бидний гадагш төлөх зээлийн хүүний зардал нэмэгдэнэ.

-Дэлхийн эдийн засгийн бууралт, тэр дундаа урд хөршийн эдийн засгийн агшилт манайд шууд утгаараа нөлөөлөх нь тодорхой. Яг ямар сөрөг нөлөөллүүд ажиглагдаж байна вэ?

-Хятадын хөл хорионы дэглэм хэр удаан үргэлжлэхээс манай эдийн засаг яах нь хамаарах гээд байна л даа. Хятадаас авдаг импортын хувьд өнгөрсөн жилийн аравдугаар сараас, гол экспортын боомтуудын тухайд ноднингийн тав, зургадугаар сараас үйл ажиллагаа нь хэвийн бус болсон. Хятадын талаас хааж, нээж, хязгаарлалт тавьсаар ирлээ. Энэ байдал манай эдийн засагт маш том цохилт болсон, болсоор ч байна. Та санаж байгаа бол өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд эдийн засаг 14.8 хувийн өсөлттэй байсан бол оны эцэс гэхэд 1.4 хувь болж буурсан. 2022 оны нэгдүгээр улиралд манай эдийн засгийн өсөлт 3.8 хувиар буурсан. Энэ агшилтад гол нөлөө үзүүлсэн хэсэг нь уул уурхайн салбар. Экспортод бүтээгдэхүүн нь гарахгүй болчихоор уул уурхайн голлох компаниуд олборлолтоо зогсоосон. Үүнийг дагаад уул уурхайн салбарт ханган нийлүүлэлт хийдэг компаниудын бизнес хумигдаад байгаа. Жишээ нь, химийн бодис, тэсрэх бодисын үйлдвэрлэл, нийлүүлэлт өнгөрсөн жилтэй харьцуулахад 78 хувиар буурчихсан, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар.

-Уул уурхайн салбар эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа тухай яриа руугаа эргээд оръё. Уул уурхайн агшилт эдийн засагт яг хэр хэмжээний сөрөг нөлөө үзүүлсэн бол?

-Уул уурхайн агшилт эдийн засаг 6.1 хувиар буурахад нөлөөлсөн. Уул уурхайн олборлосон бүтээгдэхүүнийг автомашин, төмөр замаар тээвэрлэдэг. Ноднин жилтэй харьцуулахад оны эхний гурван сард автомашинаар тээвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ 60 хувиар буурсан. Төмөр замаар тээвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ 20 гаруй хувиар буурчихсан. Энэ нь эдийн засагт -1.3 хувийн нөлөө үзүүлсэн. Аж үйлдвэрийн салбарт химийн бодис, тэсрэх бодисын борлуулалт, үйлдвэрлэл буураад ирэхээр тухайн салбар эдийн засагт -0.9 хувийн нөлөө үзүүлчихэж байгаа юм. Ингээд харахаар манай эдийн засаг том зургаараа 3.8 хувиар агшчихсан гэсэн үг.

-Инфляц өндөр байна, цаашид ч өсөх эрсдэл бий. Инфляцийн өсөлтийн шалтгаан нь юу байна?

-Инфляц дээр Орос, Хятад хоёулаа нөлөөлж байна л даа. Хятадын тухайд гэхэд л гол үйлдвэрлэлийн раойн, хилийн боомтууддаа хөл хорио тогтоосон нь манайд үнийн өсөлт хэлбэрээр нөлөөлж байна. Орос, Украин хоёр хөдөө аж ахуй, эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний гол тоглогчид. Энэ хоёр нийлээд дэлхийн наранцэцэгийн тосны хэрэглээний 70 хувийг нийлүүлдэг. Улаанбуудайн 30, бордооны 15, нефтийн 10 хувийг нийлүүлдэг. Ийм шалтгаанаар дэлхийн даяар хүнс, нефтийн үнийн өсөлт асуудал болж байгаа. Товчхондоо дэлхий даяар инфляцийн эсрэг явуулж буй мөнгөний хатуу бодлого, Хятадын цар тахлын эсрэг бодлого, дайны нөхцөл байдал Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Нэгдүгээр улирлын байдлаар эдийн засгийн өсөлт -3.8 хувийн агшилттай, инфляц 14.4 хувийн өсөлттэй гарсанд гол нөлөө үзүүлсэн зүйл гэвэл миний сая дурдсан гадаад шалтгаанууд.

-УИХ өнгөрсөн сард олон улсын хямралт нөхцөл байдлын үед гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах тухай хууль баталсан. Бүр тодруулж хэлбэл мах, гурил, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүнийг онцолж байгаа. Энэ хуулийн нөлөөлөл инфляцид эерэгээр нөлөөлөх янз байна уу?

-Улсын инфляцийн дөрөвдүгээр сарын байдлыг харахад гуравдугаар сарынхтайгаа ижил түвшинд анзаарагдсан. Гуравдугаар сард 13.4 хувьтай байсан бол дөрөвдүгээр сард яг тэр янзаараа байсан гэсэн үг. Улаанбаатарын хэмжээнд гэж яривал 15.8 байснаа 15.2 болж буурсан. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтийн хурдац тогтворжиж байна. Гэхдээ үнийн өсөлт явагдсан хэвээр байгаа. Махны үнэ өнгөрсөн жилийн тухайд хаврын улиралд сард 10 хувийн өсөлттэй байсан бол одоо 2 орчим хувь руу орж удааширлаа. Энэ жил хаваржилт дажгүй байсан гэдэг утгаараа өнгөрсөн онтой харьцуулахад малын хорогдол 90 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, махны нийлүүлэлт талаасаа тасалдал гэх мэт асуудал байсангүй. ХХААХҮЯ махны нөөц бүрдүүлэлтээ дажгүй хийсэн. Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханшийг харахаар шатахууны үнэ литр тутамдаа 800 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүсчихээд байсан. УУХҮЯ шатахууныг 25 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдаж авах хэлэлцээрийг Оросын талтай хийж байна гэсэн мэдээлэл бий. Энэ хэлэлцээр ажил болчихвол шатахууны үнэ өнөөгийн түвшиндээ хадгалагдах боломж бүрдэнэ. Ингэвэл инфляцид тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Хэрвээ шатахууны үнэ зах зээлээ дагаад литр тутамдаа 800 төгрөгөөр нэмэгдэж, махны үнэ өнгөрсөн жилийнх шиг 10 хувиар өссөн бол инфляц 17 хувь руу орох эрсдэл байсан. Өөрөөр хэлбэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч чадвал үнийн өсөлтийн хурд буурах болов уу.

-Бүтээн байгуулалт эхэлж, эдийн засгийн идэвхжилт эрчээ авдаг үе гэдэг утгаараа зээлийн хэмжээ өссөн байх. Яг хэр хэмжээгээр өсөв, чанаргүй зээлийн хувь ямархуу байгаа бол?

-Зээлийн хувьд 20 гаруй хувийн өсөлттэй гарсан. Иргэд, хувийн хэвшлийн зээл хоёулаа өсөлттэй яваа. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 13 хувь болж буурсан. Банкны салбарын эрүүл мэндийн хувьд муудсан үзүүлэлт харагдахгүй байна. Гэхдээ бид энэ тоон дээр болгоомжтой хандах ёстой. Учир нь активын ангиллын журам дээр хөнгөлөлт үзүүлчихсэн. Ипотекийн зээл дээр гэхэд л иргэд он дуустал хөнгөлөлт авчихсан яваа. Тэгэхээр энэ хөнгөлөлтүүдийн хугацаа дууссаны дараа буюу хойтон жилээс зээлийн чанарын бодит үнэлгээ гарч ирнэ гэсэн үг. Тэр ч утгаараа ОУВС активын чанарын үнэлгээ хийсний дараа том банкуудынхаа IPO-г эхлүүл гэсэн зөвлөмж өгсөн. Элдэв хөнгөлөлттэй ийм үед зээлийн чанар бодит зургаараа гарахгүй, тийм учраас үнэлгээ хийсний дараа IPO гаргах нь хөрөнгө оруулагч, тэр дундаа жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашигт хэрэгтэй гээд байгаа юм л даа. “Анод”, “Зоос” банкны муу туршлагууд бий. Тодруулж хэлбэл, хувьцаа гарсны дараа банкууд нь дампуурсан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, банкны салбар өнөөхөндөө эрүүл мэндийн хувьд сайн харагдаж байгаа ч болгоомжтой байх үүднээс активын чанарын үнэлгээ хийсэн нь зөв шийдэл.

-Өнгөрсөн жилийн эхний улиралтай харьцуулахад өнөө жилийн эхний улирлын импортын хэмжээ хэр байв?

-Эхний дөрвөн сарын байдлаар импорт 388 сая ам.доллараар өссөн. Үүний дөч гаруй хувь нь нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан. Нефтийн бүтээгдэхүүн тоо хэмжээний тухайд нэмэгдээгүй. Уул уурхайн олборлолт, тээвэр буурчихсан учраас өсөх нөхцөл байсангүй. Импортын хэмжээ өсөхөд нөлөөлсөн дараагийн шалтгаан бол автомашин. Автомашины импорт оны эхний гурван сарын байдлаар 30 гаруй сая ам.доллараар буюу 27 орчим хувиар өссөн. Хүнсний бүтээгдэхүүний тухайд 39 хувийн өсөлттэй гарлаа. Шалтгаан нь үнийн өсөлтөөс улбаатай. Тансаг хэрэглээгээ танах ёстой гэж ярьж байгаа ч бид чөлөөт эдийн засгийг сонгосон улс. Тохиргоо хийе гэвэл татвар, ханшийн зохицуулалт хийх гарц бий. Түүнээс биш тэр машиныг импортолж болохгүй гэх мэтээр шууд хориг тавибал хар зах зээл үүсэх, авлига хахууль өсөх гол шалтгаан болно.

-Нүүрс, зэсийн экспорт түрүү жилийн өдийгөөс ямархуу байна?

-Нүүрсний экспорт эхний гурван сарын байдлаар 3.8 сая тонн гарсан. Гэтэл түрүү жилийн эхний гурван сард 7.5 сая тонныг гаргаж байсан. Өнөө жилийн төсвийг анх батлахад 36.7 сая тонн нүүрс экспортолно гэсэн ч жилийнхээ гуравны нэгд аравхан хувийг нь гаргасан гэсэн үг. Ийм шалтгаанаар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр нүүрсний хэмжээг бага зэрэг бууруулсан. Гэхдээ нүүрсний үнийн өсөлт татварын орлогыг нөхнө гэсэн тооцоог Сангийн яамныхан гаргасан. Газрын тосны тухайд ноднин өдийд 1.9 сая баррелийг экспортолж байсан бол өнөө жил 36-хан мянган баррелийг гаргаад байгаа. Төмрийн хүдэр 2.6 сая тонн экспортолж байсан бол энэ жил 1 сая тонныг гаргасан статистик байна. Гадаад худалдаа эхний дөрвөн сарын байдлаар 450 сая ам.долларын ашигтай гарсан нь ганцхан шалтгаантай. Тэр нь түрүүн онцолсон уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт. Биет хэмжээний бууралт оны эхний гурван сард 1.6 тэрбум ам.доллар байсан бол үнийн өсөлтийн нөхсөн хэмжээ нь мөн л 1.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна л даа.

-Хил боомтын байдал хэвийн янзандаа орвол экспортоос өндөр орлого олох боломж байна даа уг нь…?

-Харин тийм, хил хэвийн нөхцөлдөө орвол маш их хэмжээний долларыг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоосоо олох боломж байна.

-Урд хөрш zerocovid бодлогоо он дуустал үргэлжлүүлнэ гэсэн шинжээчдийн таамаг бий. Тэр таамаг хэвээрээ байна уу?

-Тэр таамаг хэвээрээ байгаа. Манай улсын энэ жилийн эдийн засгийн төсөөллийг Монголбанк, Сангийн яам 2.6 хувь гээд гаргачихсан. ОУВС-гийн ажлын хэсэг манайд ажиллаад буцахдаа 1 хувь гээд төсөөлчихлөө. ОУВС ноднингийн 11дүгээр сард өнөө жилийн эдийн засгийг 7 хувьтай гарна төсөөлсөн. 7 хувиас 1 хувь руу огцом бууруулсан нь цаанаа ганц шалтгаантай. Хятад улс энэ жил хилээ нээхгүй байх эрсдэл байгаа гэсэн үг. Гэхдээ ихэнх судлаач, шинжээчийн байр суурь нэг зүйл дээр нэгдэж байна. Манай эдийн засаг дунд хугацаандаа эерэг дүр зурагтай гарахаар байгаа. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа учраас хил нээгдээд эхлэнгүүт экспортын орлого огцом өснө. Тодруулж хэлбэл, 2023-2025 он хүртэл манай эдийн засаг 5-7 хувийн өсөлттэй гарна гэсэн таамаг голлож байна.

-Хятадын тухайд ирэх жилээс хилээ бүрэн нээчихвэл эдийн засаг бодит утгаараа өсөөд явчих юм байна. Урд хөрш ковидтойгоо дасан зохицох замыг сонгох нь тодорхой байгаа гэсэн үг үү?

-Шинжээчид “Хятадын шинжилгээ авч байгаа зардал нь топ 100 компанийнхаа жилд төлж яваа татвартай дүйж байна. Үүнийгээ дагаад ажилгүйдэл гэх мэт олон асуудал үүснэ” гэж онцлоод эхэлчихсэн. Тэгэхээр Хятад улс яалт ч үгүй шинэ нөхцөл байдалдаа дасахаас аргагүй болох байх. Ингээд харахаар дунд хугацаандаа манай эдийн засаг эерэг дүр зурагтай байгаа.

Categories
мэдээ нийгэм

​ 17 настай эрэгтэй хүүхэд Ачит нууранд осолджээ DNN.mn

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т орших Хосхаргай хэмээх газарт Ачит нуурын эргээр явж байсан гурван хүүхдийн нэг нь нууранд осолджээ. 17 настай эрэгтэй хүүхэд тус нууранд осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар тавдугаар 05.17-ны 23:25 цагт хүлээж авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 100 км зам туулан 01:45 цагт Ачит нууранд очсон бөгөөд эрэн хайх ажиллагааг 18-ны 06:00 цагт эхлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

​ Гүнтийн замыг түр хаалаа DNN.mn

Гүнтийн замыг засахаар өнөөдрөөс түр хаалаа

Гүнтийн замыг засахаар өнөөдрөөс буюу 18-наас эхлэн хаана хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Чингэлтэй дүүрэг, 19-р хороо Гүнтийн авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан 2022 оны тавдугаар сарын 18-ны 08 цагаас 2022 оны тавдугаар сарын 21-ний 08.00 цаг хүртэл зам засвар арчлалтын ажил гүйцэтгэнэ.

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Т.Баярсайхан: Ченж найзууд аа, өнөөдөр Монгол Улсад жилдээ 22 сая арьс боловсруулах хүчин чадал байна DNN.mn

Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа.


– АДУУНЫ АРЬСААР МОНГОЛЧУУД ЦАВУУ ХИЙЖ, ДЭЛ СҮҮЛИЙГ НЬ АНГИЛЖ ЭКСПОРТОД ГАРГАЖ БАЙНА –

-Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбоонд хэчнээн байгууллага харьяалагддаг вэ?

-Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо гэх төрийн бус байгууллага 1997 онд байгуулагдсан. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх боловсруулах үйлдвэр буюу арьс шир боловсруулдаг 30 гаруй үйлдвэр гишүүнээр элссэн. 100 гаруй бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байдаг. Бээлий, цүнх, жижиг эдлэл, савхин хувцас, гутал үйлдвэрлэгч гээд. Завод ноос угаадаг аж ахуйн нэгжүүд, цавуу үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж бий. Дэл сүүл боловсруулдаг аж ахуйн нэгж, хоёр дээд сургууль, Монголын 21 аймаг 330 суманд түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид хамрагддаг. Арьс шир үйлдвэрлэлийн холбоо арьсыг бэлтгэн нийлүүлэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгон зарж борлуулах хүртэлх бүх үйл ажиллагааг явуулж байна. Энэ шат дамжлагуудад хамрагдаж байгаа 800 гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага. Дахиад цаана нь 100 гаруй Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн биш хүмүүс бий.

-Эдгээр үйлдвэрлэгчид арьс ширнийхээ хэдэн хувийг дотооддоо боловсруулах хүчин чадалтай вэ?

-Статистикийг харахаар сонин тоо гарч ирдэг. 2020 оны статистик анх гарахдаа Монгол Улс жилд 27 сая толгой мал нядалсан гэж байсан. Гэтэл сүүлд энэ тоо өөрчлөгдөж 23 сая болчихсон байна лээ. 2021 онд 17 сая толгой мал нядалсан гэсэн тоо байдаг. Бүхэл бүтэн 10 саяар савладаг түүхий эд бэлтгэл гэж байхгүй. Статистикийн тоо худлаа гэдэг нь үүнээс харагддаг. Монголын арьс ширийнхний тооцоогоор олон мал нядлагдаж байгаа жил 15 сая, дунджаар бол 10 сая толгой мал нядлагддаг гэж тооцоолсон. Монголын арьс ширний боловсруулах үйлдвэрт жилийн 8 сая орчим арьс ирдэг. Цаана нь үлдсэн арьс хааччихсан юм бэ гэж гайхах байх. Үс, хөрс гүйцээгүй байх үеийн буюу дулааны улиралд 1 сая ширхэг арьс хаягдаж байна гэж бид харж байгаа. Тэгэхээр 9 сая арьс үлдэнэ гэсэн үг. Махтайгаа буюу гахай шиг зумлаад урд хөрш рүү дулааны аргаар боловсруулж гаргаж байгаа гэдэг нэрийдлээр 4-5 сая гулууз хонь, ямааны мах гаргаад байх шиг байна. Үндсэндээ 10-15 сая гэдэг бодитой тоо гэж бид үзэж байгаа. Бэлтгэгдээд ороод ирсэн 8 сая арьсыг Монголын арьс ширний үйлдвэрүүд 100 хувь боловсруулдаг. Боловсруулсан нийт арьсныхаа 30 хувийг гүн боловсруулж байна.

-Таван хошуу малын арьс чанарын хувьд бүгд адилхан уу. Эсвэл нядалгааны явцаас шалтгаалаад өөр өөр байдаг уу?

-Тэмээний арьсны хувьд нядалгааны үеийн гэмтэл 100 хувь байдаг учраас бид тэмээний арьсыг ихэвчлэн зузаан болгож хөөлгөөд цагаан ултай гуталны уланд хийж байгаа. Адууны ширний хувьд асуудал бий. Бид ЮНЕСКО-гийн шинжээчийг авчирч үзүүлсэн. Тэгэхэд 100 ширхэг адууны арьснаас хоёрхон ширхэг нь үйлдвэрийн шаардлага хангасан. 98 нь үйлдвэрийн шаардлага хангаагүй. Тийм учраас энэхүү чанарын шаардлага хангаагүй ширээр бид ковидын өмнөх үеэс цавуу хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, модны цавууны бэлдэц хийж урд хөрш рүү гаргадаг болсон. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад адууны арьсны экспорт зогссон байгаа. Ямааны арьс бол Эмээлт зах дээр байхгүй. Бүгдийг нь боловсруулаад дууссан. Маш бага боловсруулаагүй хонины арьс үлдсэн. Энэ нь зургадугаар сар гарахад дуусчихна.

Ер нь жил бүрийн зургадугаар сард дуусдаг. Сүүлийн 30 жилд мал хөгжлийн бодлого алдагдсан. Малчдын хандлага муу байгаагаас хонины арьсны 90 хувь хачирын гэмтэлтэй болоод байна. Хачирын гэмтэлтэй байгаагаас шалтгаалаад гадаад, дотоод зах зээл дээр үнэ хүрэхээ больсон. Хонь, ямааны арьсны аль алиных нь 8 хувь орчим нь нядалгааны үеийн гэмтэлтэй. Манай малчид арьсан дээрээ махаа эвдэж, арьсыг цоолдог. Арьсыг нударч өвчихгүй тарвагачилж өвчөөд хутгаар их эсгэж байгаа нь хонины арьсыг гэмтээдэг. Ямааны 40 хувь нь хамуурсан шүү. Үүнийгээ малчид өөрсдөө хүлээн зөвшөөрнө дөө. 40 хувь нь хамуутай байгаа. Үүнийг арилгах цаг нь болсон.

-Хэзээнээс эхэлж хамуурч эхэлсэн юм бол?

-Сүүлийн арван жил энэ үргэлжилж байгаа шүү. Маш их хамуутай болсон. Малчид өөрсдөө үүнийгээ хүлээн зөвшөөрнө.

-Гоц халдварт өвчин малын арьсны гэмтэлд хамаатай байх уу?

-Хамуу, хачигтай байна гэдэг маш муу зүйл. Тэгэхээр малчид малаа эрүүл болгох хэрэгтэй. Засгийн газраас гоц халдварт өвчний эсрэг маш сайн ажиллаж байгаа юм билээ. Шүлхий, цэцэг, мялзан гээд гоц халдварт өвчний вакциныг улсаас үнэгүй хийгээд өгдөг гэсэн. Түүнийгээ малчид хийлгэдэг. Өөрсдөө дотно, гадна празит шимэгчдийг устгах талдаа муу ажиллаад байна. Тарган мал тал бүрийн ашигтай гэдэг шүү дээ. Эрүүл малын ноос, ноолуур, махны гарц сайжирна. Арьс сайн байвал олон сайн үзүүлэлт гарна. Тэгэхээр малчид малаа эрүүл байлгахын төлөө ажиллах хэрэгтэй. Хувьд оччихсон юмыг бид яалтай билээ. Гэхдээ үүнийг засч болно.

-Яаж засах вэ?

-Хоёр эдийн засаг яваад байна. Үндэсний үйлдвэрүүд нь түүхий эд худалдаад авахаар бланс нь тусдаг. Хятадууд буюу ченжүүд худалдаад авахаар ямар ч бланс тусдаггүй. Энэ бланс тусч байх ёстой. Жишээлж ярья л даа. Би арьс худалдаад авлаа. Авсан арьсандаа өртөг шингээнэ. Ус, цахилгаан дулаан, цалин, химийн бодис зарцуулаад боловсруулчихлаа. Тэр болгон бичигдэнэ. Аюулгүй ажиллагааны зардал бичигдэнэ. Зарахдаа тайланд бичнэ. Ингэхээр татвар төлнө. Би ямар нэгэн үнээр түүхий эдийг худалдаж авсан байж таараа. Оёдлын үйлдвэр рүү ямар нэгэн үнээр зарсан байж таараа. Ингэхээр ашгийн татвар төлнө. Гэтэл нэг ченж арьс худалдаад авлаа. Энэ ямар ч бланс тусахгүй. Нэг ченжээс хятад хүн худалдаж авна. Магадгүй гаалиар зуучлалын компаниар зуучлуулаад аваад гараад явчихна. Тэр хятад хүн ямар нэгэн үнээр худалдаж авсан байж таараа. Хятаддаа очоод ямар нэгэн үнээр зарсан байж таараа. Өөрөөр хэлбэл, малын гаралтай түүхий эд худалдан авч борлуулсны татвар буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх ёстойг төлөхгүй байгаа. Үүнийг хэрвээ төлдөг болчих юм бол чанараас шалтгаалсан үнэ рүү орж болж байна. Одоо бид яадаг гэхээр чиний үхрийн шир зүсэлттэй байна. Энэ үхрийн ширийг хямдхан авна гэхээр “Үгүй” гээд ченжид аваачаад өгчихдөг. Яах юм тэр хүн үйлдвэр дээр миалуулах хэрэггүй шүү дээ. Ингэхээр чанараас шалтгаалсан үнээр авч чадахгүй байна.

-2018 оноос боловсруулаагүй арьс гаргахгүй гэсэн шийдвэр гараад арьс ширний үнэ унаж, хог болоод байна гэж яриад байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Манай түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид яг ийм юм ярьдаг. Үүнийгээ одоо болих хэрэгтэй. Бид хуультай, дүрэмтэй оронд амьдарч байгаа. Монгол Улс аливаа нэгэн орны түүхий эд бэлтгэн нийлүүлэгч байх юм уу, үйлдвэрлэгч орон байх юм уу гэдгээ сонгох цаг болсон. Ченж найзууд аа, өнөөдөр Монгол Улсад жилдээ 22 сая арьс боловсруулах хүчин чадал байна. Дотооддоо нэмүү өртөг шингээгээд гаргая. Монгол Улсад хил дамнуулан худалдаалахыг хориглосон хорио цээрийн А зэрэглэлийн өвчин гэж байдаг. 1990-ээд оны дунд үеэс 2000 оны эхэн хүртэл түүхий эдээ урагш нь зөөсөн түүх бий. 2000 онд Монголд цэцэг, шүлхий, саарс зэрэг өвчин гарсан. Хятадын Засгийн газраас манай Гадаад харилцааны яаманд нот бичиг илгээсэн байдаг. Уучлаарай танайхаас түүхий эд орж ирээд байна. Маш эрсдэлтэй юм. Малын гаралтай бүх түүхий эдээ заавал боловсруулж манайх руу явуулаач ээ гэсэн утга бүхий. Ингээд ноос, ноолуураа багаар гаргадаг болсон. Арьс ширээ хагас боловсруулаад гаргасан. Энэ бол 2000-2003 оны түүх. 2003 оноос хойш гараагүй. Гэтэл хятадууд салаа туурайтай гэдэг утгаар нь зөвхөн адууны арьс авч байсан. 2012 онд Монгол Улс адууны арьсаа ч гэсэн дотооддоо боловсруулъя гээд Засгийн газрын 300 дугаар тогтоолыг гаргасан. 2012 батлагдсан тогтоолыг хэрэгжүүлэхгүй явсаар 2014 онд хэрэгжиж эхэлсэн. 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл Засгийн газрын 300 гэдэг тогтоол хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр ченжүүд яадаг гэхээр албаар адууны арьсыг зүсдэг, эсгэдэг. Ингээд хятадуудад бэлтгэж өгдөг. Хятадын мөнгөөр түүнийгээ бэлддэг. Тэгээд Засгийн газар руу өгдөг. Авлигын ч юм үүнд байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд байхдаа Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед тогтоол гаргаад түүхийгээр нь гаргаж байсан. Тэрхүү Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлсэн. Сая 2020 онд дахиад түдгэлзүүлэхэд ковидтой холбоотой лобби хийж байгаад гаргасан. Лоббидож байгаад гаргачихаар яадаг вэ гэхээр нөгөө цавууны үйлдвэр түүхий эдгүй болчихдог. Ченжүүд Хятадын мөнгийг авчихсан ийм л зүйл. Өнөөдөр Монгол Улс шүдэнзээ хийж чадахгүй байна. Гутлаа, шүдэнзээ хиймээр байна шүү дээ. Дотоодын хэрэгцээгээ ядаж хангамаар байна. Түүнээс биш хятадуудын махыг, арьсыг, түүхий эдийг бэлдмээргүй байна шүү дээ. Бид ноолуураа угаагаад гаргадаг биш, самнаад гаргадаг болмоор байна. Ажлын байр хэрэгтэй шүү дээ. Өртөг ч шингээх хэрэгтэй.

-Төр засгийн зүгээс энэ тал дээр ямар арга хэмжээ авбал үйлдвэрлэгчдэд ашигтай байх вэ?

-Нэгдүгээрт, дотоодын зах зээлээ хангадаг хуультай болох хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн хууль, Мэргэжлийн холбоодыг дэмжсэн хууль хэрэгтэй байна. Хоёрдугаарт, татвар авдаг механизмтай болох хэрэгтэй. Би нэг зүйл энд дурдъя.

Ковид бидэнд маш том дарамт үүсгэсэн. Бидэнд ч гэлтгүй дэлхийд. Харин ковид Монголын арьс ширний үйлдвэрт сайхан зүйл авчирсан. Made in Mongolia гэдэг шошготой бараа хятадын хилээр орж ирэхээ больсон. Өөрөөр хэлбэл, төрийн худалдан авалтын тендерт Made in Mongolia гэдэг шошготой арьс ширэн бараа бүтээгдэхүүн авахаа больсноос шалтгаалаад манай жижиг дунд үйлдвэр маш сайн ажиллаж байгаа. Юу дутагдаж байна. Дотоодын зах зээлээ хамгаалах хууль л дутагдаж байгаа биз дээ. Made in Mongolia гэдэг шошготой бараа хил гаалиар оруулж ирээд төрд шахаж биднийг хавчаад байгаа байхгүй юу.

Ийм зүйл байхгүй болсноор жижиг дунд үйлдвэрүүд маш сайн ажиллаж байгаа. Зүй нь бол үүнийг ковид биш, төр хийх ёстой биз дээ. Төр өөр зүйл хийгээд байна. Өнөөдөр Дарханы үйлдвэрийн бүтээн байгуулалт цогцолбор, аж ахуйн парк барина гээд явж байгаа байхгүй юу. Бүтээн байгуулалтыг бизнесээр хийдэг болохоос төр хийдэггүй биз дээ. Төрийн хийх ёстой ажлыг би түрүүн хэлчихлээ. Татварын систем, механизмтай болох гээд. Механизм гэж юу хэлээд байна гэхээр хоёулаа гутлаар жишээ авъя. Монгол Улс жилд 6 сая гутлын хэрэглээтэй. Гаалийн мэдээ аваад үзээрэй. За үүний 1 сая нь орж ирсэн байж магадгүй. Бид 1 сая гутал үйлдвэрлэж байгаа. Бусад нь хааччихсан юм. Гаалийн мэдээнд байхгүй гэдэг чинь гаалийн татвар төлөөгүй байгаа биз дээ. Худалдааны татвар төлөөгүй байгаа биз дээ. Тэгэхээр бид татварын механизмтай болох шаардлагатай. Төр ийм юм хийх ёстой. Гуравдугаарт, төр малчдыг хариуцлагатай болгох хэрэгтэй. Төр ганцхан арьс ширний салбарт ч биш, бүх салбарт боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй байна. Төр өнөөдөр сайн ажил хийдэг хүн сайхан амьдардаг нийгмийг бүтээхийн төлөө ажилладаг баймаар байна. Бидэнд ажилчин олддоггүй шүү дээ. 1 сая төгрөгийн цалин өгье гээд байхад ажилчин ирэхгүй.

-Яагаад ирэхгүй байна вэ?

-Ажилгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Яагаад ирэхгүй байгаа юм. Ажил хийхгүй амьдарч болоод байна шүү дээ. Төрөөс халамж авчихна. Халамжийн бодлого нь хэтэрчихсэн. Ажил хийж амьдардаг нийгмийг бий болгомоор байна.

-Арьс ширний үйлдвэрлэлд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Хамгийн нэгдүгээрт, хил гаалийн асуудал. Европын зах зээл бидэнд нээлттэй байгаа. Гэхдээ Хятадын зах зээлийг бас нээж өгмөөр байна. Хятадуудтай гэрээ байгуулчихсан урагшаа гаргах гээд бүрэн боловсруулсан маш их хэмжээний арьс байна. Үндсэндээ энд хоёр жилийн шахуу арьс хадгалагдаж байна шүү дээ. Ноос, ноолуур ялгаагүй. Төр дээд түвшиндээ ямар яриа хэлэлцээр хийдэг юм түүнийгээ зохицуулаад хил гаалиа нээгээч ээ. Хоёрдугаарт, төр бизнес рүү битгий орооч ээ. Төр арьс ширний парк байгуулж яах гээд байгаа юм бэ. Бидэнд газрыг нь шийдээд дэд бүтцийг нь тавиад өгчих. 2012 онд Улаанбаатар хотоос арьс ширний үйлдвэрийг 2017 оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл үе шаттайгаар нүүлгэнэ гэсэн УИХ-ын тогтоол гарсан.

Өнөөдөр үүнийг төрийн ямар байгууллага хэрэгжүүлж байна. БХБЯ, Нийслэлийн засаг даргын тамгын газар, ХХААХҮЯ, Байгаль орчны яам нэг нь ч үүнийг хийхгүй байна. 2016 онд Улаанбаатар хотын Шар хөтөлийн хөндийн хоолойд арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэнэ гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Үүнийг хэн хэрэгжүүлж байна. Бид хүлээгээд л байгаа. 2012 онд анх гарсан тогтоолыг 10 жил хүлээлээ. Ийм л зүйлээ хий л дээ. Нүүмээр байна шүү дээ. Арьс шир өөрөө махны үйлдвэрийн хаягдал байхгүй юу. Арьс ширнээс шир, толгойн арьс, уруулны арьс, хөөвөр, ноос, ноолуур, дэл сүүл, халив, зоргодос, тос, өөх гарна. Тэр болгоныг бид боловсруулах ёстой. Тэр болгоныг хоёрдогч түүхий эд болгоно. Хоёрдогч хиймэл ширний үйлдвэр, желатин, цавуу, саван, тосны үйлдвэрийг байгуулах ёстой. Тэр болгоныг ХУД-ийн Хоёрдугаар хороонд хийх боломжгүй. Арьс ширний хашаан дотор оюутны дотуур байр барьчихсан. Лагийн талбай дээр нь орон сууц барьчихсан. Бид тэдгээр хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй. Мэдээж арьс ширний үйлдвэр химийн боловсруулалт явуулдаг учир үнэртэй. Тэр айлууд үнэр аваад хэл ам хийнэ. Тэр айлуудад муу хэлүүлээд баймааргүй байна шүү дээ. Нүүмээр байна шүү дээ. Нүүхгүй болохоор бид 10 жил хүлээж, хөрөнгө оруулалт хийж чадахгүй, тоног төхөөрөмжөө сайжруулж чадахүйд хүрээд байна. Тулгамдаж байгаа асуудал энэ. Дээрээс нь боловсон хүчин, арьс ширний чанар байна. Өнөөдөр үйлдвэргүй болохоор түүхий эд үнэгүйдээд байна гэдэг өрөөсгөл ойлголт яваад байна. Үйлдвэр чинь түүхий эд байхгүй ажилгүй зогсоод байна шүү дээ. Тэгснээ малчны гадаа түүхий эд байгаад байдаг. Үйлдвэрийн гадаа алга. Энэ хоёрыг холбодог механизм нь хааччихсан юм бэ. Худалдаа бэлтгэлийн агентлагийн сүлжээ байхгүй болчихсон. Тэд нарыг нь ченжүүд атгачихсан. Ченжүүдийг тоглоомын гадаа гаргаж болохгүй. Тэдэнд бас давуу тал бий. 10-20 жил түүхий эдтэй ноцолдсон хүмүүс түүхий эдийн чанарыг мэдэж байгаа. Эдний мөнгийг бид ил болгох ёстой. Нэг бол тэд аль нэг аймгийн, сумын брокер болох ёстой. Эсвэл аль нэг боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн төлөөлөгч болох ёстой. Ингээд ил л явах ёстой. Нэг хэсэг нь далд эдийн засгаар яваад, нэг хэсэг нь ил эдийн засгаар яваад хөгжихгүй байна.

-Арьс ширний үйлдвэрт сүүлийн үед шинэ технологи нэвтрүүлж чадсан уу. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Арьс ширнийхэн байгаль экологид нөлөөлөх сөрөг нөлөөллөө багасгах гэж маш их хичээж ажиллаж байгаа. Японы хүнд металлын оролцоогүйгээр арьсыг боловсруулдаг технологийг нутагшуулсан. Адууны арьсыг хаядаг байсан бол түүгээр цавуу хийдэг болсон. Дэл сүүлээ зүгээр л шуудайд хийгээд Хятад руу гаргадаг байсан бол гурван жилийн өмнөөс дэл сүүлийг ангилж, ялгаж, угаагаад уртаар нь, богиноор нь, өнгөөр нь багцалж боогоод экспортолдог болсон. Ковидын хоёр жилийн хугацаанд Италийн дизайнеруудаас загварын цахим сургалт таван удаа авсан. Цаашдаа бид Европын зах зээл рүү тухайлбал, сарлагийн арьсаар хийсэн цүнх экспортлохоор ажиллаж байна. Саяхан бид цүнхний хоёр дахь, гутлын анхдугаар улсын уралдааныг зохион байгуулсан. Ер нь бол арьс ширнийхэн олон зүйл хийж байгаа. Тогтвортой ажлын байраар хангах чиглэлээр ажиллаж байна. Байдал амаргүй байгаа. Баахан түүхий эд авчихсан борлуулж чадахгүй мөнгө санхүү гацсан асуудал байна. Гэхдээ үүнийг давна. Мөн бид арьс ширний чанарыг сайжруулахаар гадаадын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. НҮБ-ын аж үйлдвэрийн байгууллагатай хамтраад хөдөө орон нутгаар сургалт зохион байгуулсан. Цаашдаа энэ сургалтаа үргэлжлүүлнэ. Дотоодын зах зээл дээрх бүтээгдэхүүнээ сайжруулна. Үйлдвэр технологио сайжруулна. Мөн боловсон хүчнээ Туркт сургаж байна. Энэ мэтээр бид ажилласаар байгаа.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд Монгол нутагт тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож байна DNN.mn

30 жилийн өмнө нэн ховордоод байсан тахь хэмээх амьтан өдгөө манай улсад 900 гаруй толгой болж өсжээ.

Түүхт ойн хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд уран сэтгэмж, гүйцэтгэлээр дамжуулан байгаль хамгаалахад иргэн бүрийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гар зургийн уралдааныг хоёр сар гаруй хугацаанд зарлаж, өчигдөр шагнал гардуулах ёслолыг амжилттай зохион байгууллаа.

Сурагчид тахь хэмээх зэрлэг адууны тухай өөрсдийн ойлголт, төсөөллөөр зураг болгон дүрсэлж 200 гаруй бүтээлийг уралдаанд илгээсэн байна.

Шагнал гардуулах ёслолд БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж оролцов.

“Тахь сэргээн нутагшуулалт ба байгаль хамгаалалт” гар зургийн уралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Хустай цогцолбор газар” төв ТББ, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Хомын талын тахь ТББ, Олон улсын тахь групп нийгэмлэг, Монголын хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж, Jet school of Mongolia сургалтын төв, Сэлбэ олон улсын сургууль, Мудра арт клуб дэмжлэг үзүүлэн оролцов.

МОНГОЛ ОРОНД БАЙГАЛЬД ЗЭРЛЭГЭЭР ОРШИХ 900 ГАРУЙ ТАХИЙН ПОПУЛЯЦ БИЙ БОЛЖЭЭ

Тахь сэргээн нутагшуулалт хийх ажил нь1992 онд Европ, Австрали тивийн амьтны хүрээлэнгээс тахийг Монгол улсад сэргээн нутагшуулах ажлыг эхэлсэн ба анх Төв аймгийн Хустайн нуруунд 15, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 5 толгой тахийг зөөвөрлөн нутагшуулсан байдаг.

2004 онд Завхан аймгийн Хомын талд 12 толгой тахь авчирснаас нутагшуулах гуравдахь үйл ажиллагаа эхэлсэн.

Энэ нь дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуураар 1969-1996 оныг хүртэл “Байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд “Устаж байгаа”, 2011 онд “Устаж болзошгүй” гэх ховордолтын хоёр ч зэрэглэл бууруулсан амжилт гаргаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Баавгайн бамбаруушийг 60 сая төгрөгөөр нүүлгэн шилжүүлнэ DNN.mn


“Улаан тайга” УТХГ-ын байранд Номхон бор, Догшин хар, Гэмшил нэртэй гурван бамбарууш 2021 оны намраас эхлэн амьдарч буй. Эхээсээ төөрч, суурьшлын бүсэд ирж, баригдсан бамбаруушууд тайгад цас орж, газар хөлдсөн үеэр хүргэгдэж ирсэн учраас “Улаан тайга” УТХГ-ын дарга Ж.Төмөрсүх газар ухаж, үүр бэлдэн өвөлжүүлсэн.

Өвлийг нутгийн иргэдийн хандивын хоол хүнс, хамгаалалтын захиргааны ажилчдын хичээл зүтгэлээр давж туулсан бамбаруушнуудад Австралийн амьтан хамгаалах сангаас хавар хоолны мөнгө зургаан сая төгрөг өгсөн. Улмаар тус байгууллагаас эдгээр амьтдыг байгальд нь буцаан тавих зардлыг шийдэж өгчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Номхон бор, Догшин хар, Гэмшил гурвыг нүүлгэн шилжүүлэхэд зориулж 60 сая төгрөг төсөвлөсөн байна.

Гурван бамбаруушийг одоо байгаа Улаан тайгын хамгаалалтын захиргааны байрнаас 100 км зайд, нисдэг тэргээр сарын 28-нд зөөвөрлөж, тайгын гүнд тавих юм байна.

Categories
гадаад мэдээ

Путин яагаад Украинд довтлов? DNN.mn

Өнөөдөр Украины дайн эхлээд бараг гурван сар болох гэж байна. Тэгвэл В.Путин Украинд дайн эхлүүлсний маргааш өглөө нь Оросын “Эрх чөлөө радио TV”-д энэ дайны талаар мэргэжлийн хүмүүс юу гэж ярилцлага өгч байсныг youtube-ийн https://youtu.be/8gU8pgq_4Rk- Зачем Путин напал на Украину? болон энэ сарын 4-ний “Генерал-полковник Леонид Ивашов о том, кто и как принял решение о спецоперации. Что нас ждет” ярилцлагуудаас товчлон хүргэж байна.


Хөтлөгч: Оросын “Эрх чөлөө радио”-гийн шууд нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч Михаил Соколов. Өчигдөр шөнө Владимир Путин Украин руу цэргийн хүчээр довтлох шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулан “Путин яагаад Украинд довтлов?” гэсэн асуултад хариулахаар өнөөдрийн манай нэвтрүүлэгт Оросын ард түмний эрх чөлөө намын орлогч дарга Андрей Зубов, улстөрч Владимир Кара-Мурза, АНУ-ын түүхч Юрий Фельштинский нар уригдан оролцож байна.

Андрей Зубов: -Миний хувьд Путины довтолгоо маш ойлгомжтой зүйл. Путин Украиныг эзлэн авч яг л лукашенкожсон Беларусь шиг гартаа оруулж ЗХУ-ын шинэ хуулбарыг бий болгох гэж зорьж байна. Өнөөдөр Украины Херсон мужид дайран орсон Оросын танкууд дээрээ Зөвлөлтийн алх, хадууртай улаан туг мандуулан явж байгаа нь зүгээр ч нэг санамсаргүй явдал огт бус. Энэ бол большевикуудын дайн гэдгийг бусдад харуулж буй хийрхэл. Путин Украины Луганск болон Донецк мужийг тусгаар улс болгосон гэж зарлахдаа “Би та нарт декоммунизац буюу коммунизмыг устгавал яадгийг харуулаад өгнө” гэж уурлаж салгалан байж хөмхийгөө зуун заналхийлсэн нь хоосон зүйл байгаагүйг харуулж буй хэрэг. Украин Зөвлөлтийн гэсэн уламжлалаас татгалзан ардчиллын замыг сонгон барууны улсуудыг чиглэсэн бодлого явуулж НАТО-д ойртох болсон нь түүний уур уцаарыг ийнхүү барж байгаа юм. Үнэндээ Путин өөрөө 2014 онд Украинаас Крымыг хүчээр эзлэн авч Донбасс мужид нь цэргүүд нь довтолсноос болж украинчууд ийм бодлого явуулахаас өөр аргагүй байдалд орсон гэдгийг тэр ойлгохгүй байна. Путин барууны улсуудтай Крымын арлыг Оросынх болгож Украиныг өөрийн нөлөөний бүсэд оруулах гэрээ хэлэлцээг удаа дараа хийх гэж оролдохдоо Байден, Макрон, Жонсон нар “Бид ардчилсан улс.

Аль ч улс өөрийн хувь заяаг өөрсдөө шийдэх эрхтэй. Бусад хүчтэй улс аль нэг сул дорой улсын асуудлыг өмнөөс нь шийдэх эрх байхгүй” гэдэг ардчилсан зарчмаас ухрахгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Иймээс Путин та нартай эвээр яриад болохгүй юм бол хүчээр ярина хэмээн өнөө үед байж боломгүй, аймшиг, гамшиг дагуулах дайныг Украинд эхлүүлээд байна.

Владимир Кара-Мурза: -XXI зуунд тэгээд бүр төв Европт гамшигт том дайн эхэлсэн нь Владимир Путины хоёр арван жилийн засаглал биднийг юунд хүргэж буйг тодорхой харуулж буй явдал. Жорж Оруэллийн “1984” романд “Дайн бол энхтайван, эрх чөлөө бол боолчлол, мэдлэггүй байх нь аугаа хүч” гэж гардаг чинь өнөөдрийн бидний амьдралд бодитоор хэрэгжиж байна шүү дээ. Яг үүнийг л Путины улсын гэх хэвлэл мэдээллүүд баруун солгойгүй цацаж байна. Яагаад ингээд байна гэвэл манай улс түүхэндээ байнга л дотоод асуудал буюу иргэд нь барууны улсуудын ард түмнээс бүтэн шат доогуур ядуу зүдүү амьдарч ирсэн явдал нь бүр уламжлал болоод тогтчихсон. Энэ дотоод асуудлаасаа иргэдээ холдуулахын тулд Орос улс ямар нэг дайн хийдэг түүхэн уламжлалтай болчихсон. Цагаан хааны үед ч, Зөвлөлтийн үед ч ийм байсан. Өнөөдөр ч ийм л байна. XIX зууны Крымын, ХХ зууны Орос Японы, Зөвлөлт Польшийн, Зөвлөлт Финляндын, Зөвлөлт Афганы болон өнөөдрийн Украины дайн үүнийг баталж байна шүү дээ. Гэхдээ өнөөдрийн Украины дайн Оросын биш зөвхөн Путины дэглэмийн явуулж буй дайн гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.

Юрий Фельштинский: -Бүх зүйл алган дээр байгаа юм шиг харагдаж байгаа болохоор юу болж байгаа нь маш тодорхой байна. Путин өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-нд Украины эсрэг байлдааны тусгай ажиллагаа бус бүр дэлхийн шинэ дайн эхлүүлсэн. Үүнийг би бүх хүн сонсоосой гэж хүсч байна. Энэ дайнд Орос, Украины хэдэн хүн амь үрэгдэж хэр хэмжээний хохирол учрахыг урьдчилан хэлэх ямар ч боломж байхгүй. Путинд Орост ч, Украинд ч ямар хохирол учрах нь ёстой огт хамаагүй. Путины толгойд Украиныг эзлэнгүүт Молдовыг хүчээр эзлэн эдгээр улсыг Беларусь шиг өөрийн мэдэлд оруулах адын бодол л эргэлдэж байгаа. НАТО-д элсэж амжаагүй Молдовыг хүчээр эзлэн авсны дараа тэр Балтын тэнгисийн гурван улс болон НАТО-гийн гишүүн Польш, Чех, Словак, Унгар, Румыны хилд тулж очно гэж бодож байгаа. Ингээд Путин гурван өдрийн өмнө хэлсэн түүхэн гитлерчин үгээ давтаж барууны улсуудыг буулт хийнэ хэмээн найдаж атомын бөмбөгөөр сүрдүүлнэ гэсэн зорилготой байгаа. Хэрэв Путин ингэж чадвал энэ нь Орос болон НАТО-гийн хооронд дайн эхлэх торгон мөч нь байх болно. Харин энэ дайнд хэн ялагдах нь бидэнд хэтэрхий тодорхой байна.

Мэдээж ОХУ аймшигт бас гутамшигт ялагдал хүлээнэ. Энэ дайн Путин болон Путины дэглэмийн мөхөл байх болно. Харамсалтай нь энэ дайн цус хайр найргүй урсгаж маш их хохирол дагуулах нь гарцаагүй. Иймээс Путины үүсгэсэн дайн бол түрэмгий явуулга бус зүгээр л маш том гэмт хэрэг. Чухам ийм учраас л бидний ганц зорилго бол энэ дайныг сөрөн зогсож, халдан түрэмгийллийг няцаахад нь украинчуудад бүх боломжоор, бүх талаар туслах явдал. Би энэ удаа АНУ болон НАТО-г урьдын адил хөгийн хориг тавих төдийгөөр Путины эсрэг зогсож, болж буй үйл явдлыг зурагтаар тайван хараад сууна гэж огт бодохгүй байна. Өнөөдөр хангалттай тооны түүхчид байгаа учраас бидэнд дэлхийн II дайн дахин давтагдаж байгааг бүрэн ойлгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 24 бол үнэн хэрэгтээ Гитлер Польшид довтлон орсон 1939 оны есдүгээр сарын 1-н юм. Энэ өдөр Гитлер болон Гитлерийн дэглэм мөхөх эхний өдөр байсан. Энэ удаа ч хоёрдугаар сарын 24 Путин болон Путины дэглэм мөхөх эхний өдөр болчихоод байна. Иймээс энэ бол Путины хийж буй сүүлчийн дайн юм.

ОХУ-ын бэлтгэл хурандаа генерал Леонид Ивашов: -Доод түвшинд цэргүүд яаж ч сайн байлдсан, буруу зүг дайрах шийдвэр гаргах гэх мэт Жанжин штаб нь стратегийн алдаа гаргавал бүх зүйл балардаг. Харин улсын удирдлагын хамгийн дээд түвшинд геополитикийн буруу шийдвэр гаргавал стратегийн төдийгүй дивиз, батальон, салаа, рот гээд бүх доод түвшинд байлдааны ажиллагаа баларч хүч илүү байсан ч ялж чадахгүй ялагдах болдог. Геополитикийн болон стратегийн зөв шийдвэр гаргах чадвартай генералууд ОХУ-д хангалттай байгаа. Харин өнөөгийн Оросын удирдлагын түвшинд ийм чадвартай генералууд алга байна. Үр дүнд нь өнөөдөр буюу тавдугаар сарын 4-ний байдлаар бид хамгийн чухал зүйл болох геополитикийн хувьд ялагдал хүлээгээд байна. Дэлхий нийтээр хаа сайгүй оросуудыг үзэн яддаг болчихоод байна. Ирландын дунд сургуулийн хүүхдүүд оросоор ярьсан сурагчийг зодож байгаа тухай мэдээ ирж байна.

BBC.CNN. REUTERS. NHK. UKRINFORM.TASS.Global Times.Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гэм зэм” жүжиг “Гэгээн муза-16” олон улсын наадамд өрсөлдөнө DNN.mn


“Гэм зэм” постдрамын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Тодруулбал, зургадугаар сарын 9, 10-ны өдрүүдэд “Соёлын төв өргөө”-нд 19:00 цагаас тоглохоор болсон байна.

Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай романыг зохиолч Я.Баяраа жүжгийн зохиол болгож, М.Батболд найруулсан юм.

Та бүхэн жүжгийн тасалбарыг Ticket.mn сайтаас худалдан авах боломжтой. Мөн “Орфей” касс руу 80025742, 90025742 дугаарт холбогдож захиалах боломжтой.

“Гэм зэм” постдрамын жүжиг “ГЭГЭЭН МУЗА 16” олон улсын наадмын хоёрдугаар шатны шалгаруултанд өрсөлдөх эрхтэй болж, 10 гэрчилгээ гардан авсан юм. Тус наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт зургадугаар сарын 4-10-ны өдрүүдэд болно.

Хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн “Гэм зэм” жүжгийн уран бүтээлчдийг танилцуулж байна.

  • “Шилдэг найруулагч” номинацид М.БАТБОЛД
  • “Шилдэг зохиолч” номинацид Я.БАЯРАА
  • “Шилдэг тайзны зураач” Л.БАТБИЛЭГ
  • “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид Д.ЛХАГВА
  • “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид Д.ГАНЦЭЦЭГ
  • “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид Ц.ТӨМӨРБААТАР
  • “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид Ш.ДОРЖСҮРЭН
  • “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид П.ЭРДЭНЭЗААН
  • “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид Э.УУГАНБАЯР
  • “Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид Г.ЗОЛЗАЯА
Categories
мэдээ цаг-үе

Турк руу визгүй зорчдог 30 хоногийн хугацаагаа хэтрүүлбэл хилээр нэвтрэх эрхийг хязгаарлана DNN.mn

Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Турк улс руу визгүй зорчдог хэдий ч Иргэд харилцан зорчих тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу хоёр улсын иргэд харилцан зорчихдоо “180 хоногийн хугацаанд нийт 30 хүртэл хоног”-ийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөгддөг.

Манай зарим иргэн дээрх нөхцөлийг зөрчиж, 180 хоногийн хугацаанд 30-аас дээш хоног Турк улсад байж, визгүй зорчих хугацааг хэтрүүлэх тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд Турк улсын холбогдох хууль, журмын дагуу зөрчил гаргасанд тооцож торгууль ногдуулах, тодорхой хугацаанд тус улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарладаг болохыг анхаарна уу.