Categories
мэдээ энтертаймент-ертөнц

BTS хамтлаг Billboard Music Awards-аас гурван шагнал хүртлээ DNN.mn


Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг BTS 2022 оны АНУ-ын поп хөгжмийн гурван том шагналын нэг Billboard Music Awards хүртсэн талаар Billboard мэдээллээ.

Тодруулбал, шилдэг хамтлаг, шилдэг борлуулалттай уран бүтээлч, шилдэг борлуулалттай дуугаар шалгарч, зургаа дахь жилдээ шагнал хүртэж буй энэ юм.

Тус хамтлаг нь энэ ангилалд гурван цом хүртсэн амжилтаараа Их Британи-Ирландын эрэгтэй дууны хамтлаг болох “One Direction”-тэй зэрэгцэж байгаа юм.

“BTS” хамтлагийн гишүүд ирэх сард гарах шинэ цомгийнхоо ажлаас үүдэн ёслолд оролцож чадаагүй байна. Тус хамтлаг албан ёсны твиттер хуудсандаа “Зургаан жил дараалан #BBMA хүртсэн! Бидний дууг сонсож, дэмжсэнд баярлалаа” хэмээн бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 105 мянган мод тарьжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ Дархан-Уул аймгийн Дархан хотын “Морин хуур” цогцолборын “Шинэ иргэний төгөл”-д мод тарилаа.

Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож байгаад талархаж байгаагаа хэлж, Дархан-Уул аймаг бусад аймаг, хот суурин газарт жишиг болохуйц ажил хийж байгааг онцлов.

Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд ирэх 10 жилд 20 сая мод тарьж ургуулах зорилт тавиад байна. Энэ дагуу 15.7 мянган га талбайд ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын зурвас байгуулах юм.

Тухайлбал иргэд тухайлан заасан байршилд зүлэг, мод тарьж ургуулсан тохиолдолд 1м2 талбайд 5,000 төгрөгийн урамшуулал олгоно. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд шинээр эзэмшсэн болон бусдаас шилжүүлж авсан газрынхаа 10 хувьтай тэнцэх талбайг ногоон байгууламжтай болгох тухай аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ.

Аймаг газрын доройтол, хөрсний бохирдол, шар шороон шуурганы сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль дэлхийгээ хамгаалах, экологийн боловсрол олгох хүрээнд “Тэрбум модны үр” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

“Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан суманд 7.5 сая, Орхон суманд 500 мянга, Хонгор, Шарын гол суманд тус бүр нэг сая, Зулзагын голын нарсан ойд 10 сая, суурьшлын бүсийн ногоон байгууламжийн 50 га газарт мод тарина.

Аймгийн хэмжээнд мод тарьж, тохижуулсан 23.7 га, хамгаалалтын ойн зурвас, ойжуулалт, ногоон байгууламж байгуулах 1263.71 га, мод үржүүлгийн 184.4 га талбай байна.

Дархан-Уул аймаг 327 мянга гаруй га нутаг дэвсгэртэй. Үүний 25 хувийг буюу 82 орчим мянган га талбайг ойн сан бүхий газар, зургаан хувь буюу 20 орчим мянган га талбайг ногоон байгууламж эзэлдэг.

Нийт нутаг дэвсгэрийн 20 хувь нь буюу 65.5 мянган га талбай цөлжилтөд өртжээ.

Categories
гадаад мэдээ

Японд өргөн хэрэглээний барааны үнэ 10 хувиар өсчээ DNN.mn

Японд өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сард дээд зэргээр өссөнийг Украины хэрэг явдалтай холбон тайлбарлаж байна.

Тус улсад өргөн хэрэглээний барааны үнэ 10 хувиар өссөнийг Японы банкны дөрөвдүгээр сарын мэдээ харууллаа. Энэ үзүүлэлт 1981 оны нэгдүгээр сараас хойш хамгийн өндөрт тооцогдож буй.

Шинжээчид нөхцөл байдлыг Украины дайн, мөн эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өсөж буйтай холбон тайлбарлаж байна. Японд сүүлийн 14 сар дараалан эрчим хүчний үнэ нэмэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Кинг тауэр” хотхоны хашааг буулгаж, гарц гаргаж эхэлжээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Кинг Тауэр” хотхоны оршин суугчдын орц гарцыг нээж, зам тавих асуудал хөндөгдсөн ч “Хурд” групп эсэргүүцэж, маргаан үүсгээд байсан билээ.

Учир нь ойролцоо хотхоны барилгын ажлын гүйцэтгэгч “Хурд” групп тухайн гарц гаргаж буй хэсгийн замыг өөрийн хөрөнгөөр барьсан учир өөр хотхонд үнэ төлбөргүй ашиглуулахгүй хэмээн эсэргүүцсэн юм.

Харин өнөөдөр “Кинг тауэр” хотхоны хашааг буулгаж, гарц гаргаж эхэлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өмнө нь “Орц, гарц чөлөөлөх ажил хэвийн явагдаж байгаа. Удахгүй дуусна. Гэхдээ зөвхөн тэнд хаалттай хашааг нураагаад орц, гарцыг нээгээд орхих биш явган хүний зам зэрэг хийгдэнэ” хэмээн хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймгийн дөрөв, Сэлэнгэ аймгийн 17 сумын хэмжээнд малын үзлэг хийж байна DNN.mn

Монгол улсын засгийн газраас 2017 онд малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн (ХХААХҮ) сайдын тушаалын дагуу эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг Дархан-Уул аймгийн дөрвөн сум, Сэлэнгэ аймгийн 17 сумын хэмжээнд үржүүлж байгаа мал сүрэгт үзлэг хийж байна.

Түүнчлэн ангилал явуулах, үйлдвэрлэг байдлыг тодорхойлох, ашиг шимийн түвшнийг тогтоох, цөм сүрэг бүрдүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн малыг ээмэгжүүлж бүртгэлжүүлэх, улсын мал үржлэгийн бүртгэлийн системд бүртгэж баталгаажуулах ажлыг хийжээ.

Сэлэнгэ аймагт мэргэжлийн мал үржүүлэх технологийн дөрвөн аж ахуй нэгж шалгаран ажиллаж байгаа бол Дархан-Уул аймагт гурван аж ахуй нэгж шалгаран үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд малчид малынхаа чанарт бус тоонд анхаарах болсон. Энэ нь бэлчээрийн даац хэтрэх, малын цус ойртох эрсдэлүүд үндэс суурь нь болоод байгаа. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлэх үүднээс Малын удмын сангийн үндэсний төвөөс Сэлэнгэ, Дархан-Уул аймагт малын үзлэг ангиллын ажлыг зохион байгуулж байна.

зураг

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Өчигдөр 134 жолооч согтуу жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэхэд хоножээ DNN.mn

Энэ сарын 17-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1835 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1509, хулгайтай холбоотой 34, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 95, гэмт хэргийн шинжтэй 116 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 134, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 98, хүний биед халдсан 19, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 122, эрүүлжүүлэх байранд хоносон 149, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 60 тохиолдол гарчээ.

Arslan.mn

Categories
мэдээ нийгэм

Хотон шувууны талаар зар тавьсан иргэнд сануулга өгчээ DNN.mn

Хотон шувууны хошууг худалдах талаар цахимд тавьсан зарыг устгуулжээ.

Тодруулбал, цахим орчинд ховор шувууны хошууг зарах тухай зар байршуулсныг Экологийн цагдаагийн албанаас шалгасан байна.

Шалгалтаар Монгол Улсын иргэн Э гэгч Казахстан улсын иргэний тухайн улс орондоо олж, хадгалж байгаа хотон шувууны хошууг авчирч худалдахаар ярилцан төлөвлөж, зар байршуулсан бөгөөд хотон шувуудыг Монгол Улсын нутаг дэвсгэрт агнасан нь тогтоогдоогүй аж.

Иймд тухайн иргэнд ховор амьтны эд эрхтнийг хууль бусаар зарж борлуулбал хуульд зааснаар хариуцлага хүлээх учрыг тайлбарлан өгч, хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх талаар сануулж, цахим сүлжээнд байршуулсан зар мэдээллийг устгуулсан гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар, хэрэв нэн ховор ангилалд хамаарах Борцгор хотон шувууг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

зураг

Categories
гадаад мэдээ

​ДЭМБ: Элэгний хурц хепатитын 250 тохиолдол бүртгэгдээд байна DNN.mn


Хүүхдүүдийн дунд тархаж буй үл мэдэгдэх элэгний хурц хепатитын 250 тохиолдол дэлхийн 22 оронд бүртгэгдээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах мэргэжилтэн Филипп Истербрук мэдээллээ.

Энэхүү нууцлаг өвчин илэрсэн ихэнх орнууд Европын бүсэд оршиж байгаа юм.

Элэгний хурц хепатитын улмаас зургаан хүүхэд эндэж, 26 хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болжээ.

ДЭМБ учир битүүлэг өвчний гарал үүсэл, шалтгааныг судалж байгаа ба энэ чиглэлээр бусад орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Мэргэжилтнүүд энэ өвчин аденовирус болон коронавирустэй холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

​АНУ Монгол Улсад эрчим хүчний шинэ менежментийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ DNN.mn

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг буюу USAID Монгол Улсад эрчим хүчний шинэ менежментийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.
АНУ-ын Засгийн газар АНУ-ын USAID-аар дамжуулан найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих Монгол Улсын эрчим хүчний менежментийн хөтөлбөрийг таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэхээр боллоо. АНУ-ын USAID-ийн Филиппин, Номхон далайн арлууд, Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уошберн тус улсад хийсэн анхны айлчлалынхаа үеэр эл хөтөлбөрийг албан ёсоор нээж үг хэллээ. Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга А.Тлейхан болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Төслөөр дамжуулан USAID нь төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, шинэ дэд бүтцийн төлөвлөлтөд чиглүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тодорхой, ил тод дүрмүүдээр дамжуулан хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн гол түншүүдтэй хамтран ажиллах аж.
“USAID нь 1990-ээд оны эхээр Улаанбаатар хотын гол цахилгаан станцуудын нэгд аваарын засвар хийхээс авхуулаад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн систем рүү шилжихэд нь тус дөхөм үзүүлэх хүртэл Монгол Улсын эрчим хүчний салбарыг дэмжиж ирсэн урт түүхтэй билээ. Бие даах чадвараа нэмэгдүүлэх, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих орчныг бүрдүүлэх, цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улстай хийсэн энэхүү үр бүтээлтэй түншлэлээ үргэлжлүүлж байгаадаа бид бахархаж байна” хэмээн Уошберн ярив.

Монгол Улс одоогийн байдлаар цахилгаан эрчим хүчнийхээ 20 орчим хувийг хөрш орнуудын импортлож, хараат байдалд оршдог. Өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбар нь Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дотоодын эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгох учиртай. Төсөл нь илүү тогтвортой, бие даасан эрчим хүчний салбарыг бий болгоход тус дөхөм болж, Засгийн газарт ирэх төсвийн дарамтыг бууруулах зорилготой.
АНУ-ын USAID төсөл нь мөн агаарын чанарыг сайжруулахын тулд Монгол Улсын эрчим хүчний салбар дахь шинэчлэлийн боломжит хувилбаруудыг ашиглахыг дэмжинэ. Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын захын бүсэд түүхий нүүрс түлж, өөрөөр хэлбэл нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг тул агаарын чанар муудсаар байгаа юм. Төсөл хэрэгжиж эхэлснээр дөрөвдүгээр сарын 22-нд “Эх дэлхийн өдөр”-ийг эхлүүлсэн АНУ-ын USAID хөтөлбөрийн Уур амьсгалын өөрчлөлтийн стратегид хувь нэмэр оруулах юм. АНУ-ын USAID бол 30 гаруй жилийн турш Монгол Улстай ардчилсан хөгжлийг ахиулах, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих, тусгаар тогтнол, өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж байгаа билээ.
Categories
гадаад мэдээ

Шри-Ланка улс шатахууны сүүлчийн нөөцөө шавхжээ DNN.mn

Тусгаар тогтнолын дал гаруй жилийнхээ түүхэнд эдийн засгийн хамгийн гүн хямралд унаад буй Шри-Ланка улс саяхан улс орноо аврах найдлага хүлээлгэсэн шинэ ерөнхий сайдыг томилсон билээ.

Шинэ ерөнхий сайд Ранил Викремесингхе өнгөрсөн Даваа гарагт телевизээр ард түмэндээ хандаж, үг хэлжээ.

“Яг одоо бидэнд ганцхан өдрийн шатахууны нөөц үлдээд байна. Ирэх хоёр сарын хугацаа бидний хувьд хамгийн хүнд цаг үе байх болно” гэж тэр мэдэгдсэн байна.

Гэхдээ ойрын өдрүүдэд хөрш Энэтхэгээс зээлээр бензин, дизель түлш нийлүүлэх гэж байгааг Викремесингхе ард түмэндээ дуулгажээ.

Одоо Шри-Ланка улсад зайлшгүй шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүн авахад $75 сая яаралтай хэрэгтэй байгааг ерөнхий сайд хэлсэн байна.

Төв банк нь төрийн албан хаагчдын цалинг тавихын тулд мөнгө хэвлэх гэж байгаа, төрийн өмчит агаарын тээврийн Sri Lankan Airlines компанийг хувьчлах төлөвлөгөөтэй байгаа зэргээ тэр бас ярьжээ.

“Хэдийгээр би эсрэг үзэл бодолтой байгаа ч төрийн албан хаагчдын цалинг тавихын тулд мөнгө хэвлэх шийдвэрийг гаргахаас өөр аргагүй боллоо. Мөнгө хэвлэх нь үндэсний валютын ханшийг сулруулах аюултайг бид мартах ёсгүй” гэж тэр хэлсэн юм.

Sri Lankan Airlines компанийн хувьд 2021 оны гуравдугаар сарын байдлаар жилийн алдагдал нь 45 тэрбум рупи ($129.5 сая) хүрсэн байна.

Тус компанийг яаралтай хувьчилбал улсын мөнгө санхүүгийн байдал тогтворжиход чухал нөлөөтэйг Викремесингхе онцолжээ.

Шри-Ланка даяар иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнөсний дараа өнгөрсөн долоо хоногт тус улсын ерөнхий сайд Махинда огцорч, Пүрэв гарагт Викремесингхе оронд нь томилогдсон юм. Махинда нь Шри-Ланка улсын ерөнхийлөгчийн төрсөн ах ажээ.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ах дүү Махинда нар улс орныг удирдаж байв. Өнөөдрийн эдийн засгийн хямралд тэдний буруу бодлого нөлөөлсөн гэж Шри-Ланкын иргэдийн ихэнх хэсэг үзэж байгаа.

Засгийн газрыг дэмжигчид, эсэргүүцэгчдийн хооронд гарсан мөргөлдөөний үеэр есөн хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.

1948 онд Британийн колоничлолоос салж, тусгаар тогтносон 22 сая хүн амтай Шри-Ланка нь Энэтхэгийн далайн арал улс юм.