Categories
мэдээ улс-төр

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 14-нд өргөн мэдүүлсэн “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хууль зүйн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн сарын 14-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76.14.3-т заасны дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн гэв.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төслийг баталснаар гарах эерэг өөрчлөлт, тээврийн хэрэгсэлд хяналтын төхөөрөмж суурилуулснаар улсын төсөв болон иргэнээс шаардагдах хөрөнгө, мөнгөний талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт олон улсын автотээвэрт үүсэж байгаа хүндрэл, бэрхшээлүүд тус гэрээнд нэгдэн орсноор шийдэгдэх эсэх, Автотээврийн үндэсний төв болон Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь дээрх гэрээний биелэлтэд хяналт тавьж, зөвшөөрөл олгосноор хүнд суртал бий болж болзошгүй талаар, түүнчлэн дотоодын автотээвэр эрхлэгчид хяналтын төхөөрөмжийг суурилуулах шаардлагатай эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Энх-Амгалан нараас хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 2 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг танилцуулгад дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Б.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан нарын асуулт асуултад Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хариулсны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Энх-Амгалан нараас төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 8.2.6 дахь заалтад “тээврийн хэрэгслийн” гэсний өмнө “хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон” гэж нэмж, 2 дахь заалтын 10.1.9 дэх заалтын “бүртгэл болон бусад холбогдох” гэснийг хасах, төслийн 3 дугаар зүйлийн “баталсан” гэснийг “батлах тухай хууль хүчин төгөлдөр болсон” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Иймд “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан.

Улсын Их Хуралд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76.14.3-т заасны дагуу анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснийг Х.Булгантуяа гишүүн танилцуулгадаа дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулсан. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй саналуудыг гаргасан бөгөөд уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар асуулт асууж, хариулт авсаны дараа учир хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 3 саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар төслийн 1 дүгээр зүйлийн “нэмсүгэй” гэсний өмнө хэсэг” гэж нэмж, 1 дэх заалтын 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх заалтыг 3.1.19.“хяналтын төхөөрөмж” гэж олон улсын хэлэлцээрт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон жолоочийн ажлын тодорхой хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг автоматаар, эсхүл хагас автоматаар бүртгэж, харуулах, тээврийн хэрэгсэлд суурилуулах зориулалттай төхөөрөмжийг.” гэж өөрчлөн найруулж, 9.6.3 дахь заалтын “уг картад” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, төслийн 2 дугаар зүйлийг “Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтын “нийтийн тээвэр,” гэсний дараа “ачаа,” гэж нэмэх” төслийн 4 дүгээр зүйлийн “хуулийг баталсан” гэснийг “хууль хүчин төгөлдөр болсон” гэж өөрчлөхөөр болов.

Ингээд “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг тусгажээ.

Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд ихээхэн гарсаар байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм, журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна хэмээн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд үндэсний шагайн харвааг зохион байгуулах талаар зохицуулалт байхгүй боловч 1998 оноос эхлэн улс, аймаг, нийслэл, сумын баяр наадамд дөрөв дэх төрөл болон зохион байгуулагдаж, өөрийн дүрмээр зохицуулагдаж ирсэн. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагад үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа гэлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 онд хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Монголын үндэсний бөх, сурын харваачаас авах допингийн шинжилгээ, давтан шинжилгээ, допингийн хариуг нийтэд мэдээлэх, үүнтэй холбоотой гарсан гомдол, маргааныг шийдвэрлэх зохицуулалтыг олон улсын дүрэм, журамд нийцүүлэн боловсронгуй болгох, сэргээш хэрэглэсэн тохиолдолд оногдуулах хариуцлагын тогтолцоог бий болгох, Үндэсний баяр наадмын шагайн харвааг зохион байгуулах, чимэг цол олгохтой холбоотой зохицуулалт болон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны чиг үүргийг нарийвчлан зохицуулах зорилтыг дэвшүүлсэн. Түүнчлэн 2010 оны 10 дугаар сард НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (Юнеско)-ын “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д монгол наадмыг бүртгэсэн бөгөөд эрийн гурван наадам (бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана) нь Монголын эртний уламжлалт баяр наадмын зан үйл гэж тодорхойлж өгсөн. Уг жагсаалтад бүртгүүлснээр монгол наадам нь Монголын соёлын өв болохын хувьд уламжлалт байдлаар цаашид хадгалж үлдээх үүргийг манай улс хүлээх болсон гэж байлаа.

Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт 6 удаа, давхардсан тоогоор 54 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдсөн байна. Эдгээр өөрчлөлтийн тухайд голлон бөх, уяач, сурын харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт 2004, 2007, 2013, 2014, 2014, 2017 онуудад орсон байна. Дээрх нэмэлт, өөрчлөлтүүдээр хууль хоорондын болон Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зүйл, хэсэг, заалтын уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон төдийгүй шинээр нэр томьёог тодорхойлох, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “D.Parliament.mn” цахим системд байршуулсныг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа онцлоод Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн үндэсний их баяр наадмыг мэргэжлийн спортоос хэрхэн ялгаж цэгцлэх талаар болон маргаантай асуудлыг журам, стандартаар зохицуулахаас илүү хуулиар зохицуулах боломж бий эсэх, хууль хэрэгжиж эхлэх хугацааг 2025 он гэж заасан үндэслэлийн талаар, бүсийн шинжтэй томоохон наадмыг хэрхэн зохицуулах талаар; Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт эрийн гурван наадмын төрөлд шагайн харваа нэмэгдсэн үндэслэл, хэрэв энэ төрлийг нь нэмэх бол наадмаар болдог бүхий л уралдаан тэмцээнийг энэ хуулиар зохицуулахаар хуулийн хамрах хүрээг өргөтгөх боломжтой эсэх, эрлийз болон монгол морины асуудлыг журмаар зохицуулахаар төсөлд тусгасан нь үүсээд байгаа маргааныг зохицуулж чадах эсэх, уг асуудлыг хуулиар зохицуулах боломж бий эсэх, цаашид морьдоо эрлийз, монголоор нь ялгах нь зөв эсэх, 2021 онд Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан өндөр чансаатай наадмаар шөвгөрсөн бөхчүүдэд цол, чимэг олгохтой холбоотой бидний санаачилсан хуулийн төслийг энэ хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх, эсхүл энэ хуулийн төсөлд тусгах боломж бий эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар морь унах хүүхдийн насны хязгаар болон морьдийг сэрвээний өндрөөр нь хэмжих нь зохимжтой эсэх, үндэсний баяр наадам зохион байгуулах төсвийн хяналт болон баяр наадмыг хил залгаа аймгуудын зэргэлдээ сумдууд хамтран зохион байгуулах боломж бий эсэх, баяр наадмын бүртгэлийн талаар; Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уралдах морьдыг бүртгэхдээ заавал удмын сантай нь нийцүүлэн шалгах нь хэр зохимжтой талаар, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн энэ хууль мөрдөгдөж эхэлснээр допингийн асуудлаас үүдэн цолоо хураалгасан бөхчүүдийн цол сэргэх эсэх, 2003 оноос хойшхи бөхийн цол, амжилтын эрэмбийг хэн тогтоох, манайд худалдаалагдаж байгаа эмийн орц, найрлагыг шинжлэн тогтоодог эсэх талаар; Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Допингийн эсрэг үндэсний байгууллага гэж ямар байгууллагыг ойлгох, Допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах хүртэлх түр журмын талаар; Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Үндэсний спортын холбоо гэж ямар байгууллагыг ойлгох, хурдан морьны стандарт гэж ямар стандарт байгаа талаар; Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төсөлд зарим төрлийн харилцааг журмаар зохицуулах нь оновчтой эсэх, морин уралдаантай холбогдох стандартыг холбогдох яам нь боловсруулж оруулж ирэх боломжийн талаар тус тус асуулт асууж, хариулт авсан болно. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд бөхчүүдийг допингоос ангид байлгахтай холбоотой зохицуулалтыг хуулийн төсөлд онцгой анхаарах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат олон нийтийг талцуулдаг эрлийз морьд болон бөхчүүдийн допингийн асуудлыг онцгой анхаарч, шаардлагатай зохицуулалтыг төсөлд тусгах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Дэлхийн допингийн эсрэг код, Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, WADA /Дэлхийн допингийн эсрэг агентлаг/-ийн дүрэм журмуудыг бүрэн мөрдөж чадахгүй байгаа талаар саналаа илэрхийлсэн болно.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүд хурдан морины стандарт гэдгийг хэрхэн ойлгох, допингийн шинжилгээг монголдоо хийх боломжийн талаар, наадам хэсч найраа хийдэг асуудлыг хэрхэн зохицуулах талаар тодруулсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон, ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар Монголд адууны гурван стандарт бий бөгөөд үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр, мөн энэ хоёрыг нийлүүлсэн стандарт гэж байдаг аж. Даагыг 120 см-ээс өндөргүй гээд стандарт тогтоосон байдаг юм байна. Үүлдэрлэг байдлаар стандарт тогтоох нь асуудал дагуулдаг гэдгийг сайд онцлоод цаашид монгол морины цуснаас шинжилгээ авч, геномын дарааллыг тоолж, стандартыг нь батлах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа хэмээсэн. Тэр хүртэл шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу хурдан морьдыг сэрвээний өндрийг хэмжин стандарт тогтоон уралдуулна гэлээ.

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийн дагуу Монгол Улс өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийдэг болох ёстой юм байна.

Үндэсний баяр наадмыг нэгэн өдөр хийнэ хэмээн төсөлд тусгаад байгаа бөгөөд онцгой байдал зарласан, цар тахал дэгдсэн үед Засгийн газар, Засаг даргын шийдвэрээр өөр өдөр хийхээр томъёолсон аж. Ингэснээр наадам хэсч найраа хийдэг асуудлыг зохицуулна хэмээн үзэж буй юм байна.

Улсын Их Хурлын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Улсын хэмжээн дэх газрын тосны бүтээгдэхүүний нөөц мэдээг танилцуулж байна. УУХҮЯ-ны мэдээллээр улсын хэмжээнд энэ сарын 16-ны байдлаар нийт 145 мянган гаруй тонн шатахуун байна. Үүнээс А-80 болон Аи-92, Аи-95 автобензин 38-80 хоногийн, дизель түлш 27 хоногийн нөөцтэй байна.

Нийслэлд нийт 72.299 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,789 тонн, АИ-92 автобензин 30,533 тонн, АИ-95 автобензин 3,869 тонн, ДТ 31,708 тонн байгаа ба АИ-92 автобензиний 32, АИ-95 автобензиний 53, ДТ-ний 29 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Шатахууны нөөцийг бүсчилбэл,

  • хангайн бүсэд 8,978 тонн,
  • төвийн бүсэд 34,760 тонн,
  • зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 10,017 тонны нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 619.9 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 13.9 мян.тонн, АИ-92 автобензин 216.4 мян.тонн, АИ-95/98 автобензин 11.2 мян.тонн, ДТ 308.5 мян.тн, онгоцны түлш 19.4 мян.тонн, бусад 50.6 мян.тонн байна.

Categories
мэдээ нийгэм

Эзэнгүй айлын тагт дээр тамхины иш унаснаас гал гарчээ DNN.mn

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо “Алтай” хотхоны 10 давхарт айлын тагтан дээр гал гарч байгаа дуудлага өнөөдөр /2022.05.20/ 15:00 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу гал унтраах аврах анги шуурхай ажиллаж, тагтнаас эхэлсэн галыг бүрэн унтраажээ.

Оршин суугчдын хэлснээр, тухайн айл эзэнгүй байсан, тагт дээр хэн нэгний тамхины иш унаснаас гал гарсан гэж үзэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

27 настай эмэгтэйг дээрэмдсэн залууг баривчилжээ DNN.mn

05 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 27 настай, эмэгтэйн гар утсыг 23 настай, эрэгтэй “Б” дээрэмдсэнийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Номын баяр 3 өдөр үргэлжилнэ DNN.mn

31 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ буюу Номын баяр нь УИХ-ын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцов.

Нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдрийн үйл ажиллагаанд хүндэт зочид, олон орны элчин сайд, зохиолч, орчуулагчид хүрэлцэн ирж, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа нь “Үндэсний бичиг соёлын өдөр”, Номын баяр нь олон улсын арга хэмжээ болсныг нотолж байна” хэмээн онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ном бол хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог. Монгол туургатан мянга мянгаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном эрдмийг хүндэтгэн дээдэлж, есөн эрдэнээр чимэглэн, шастир их цадиг, суу сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, эрхэмлэн уншдаг ариун уламжлалтай ард түмэн” хэмээлээ.

Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн, энэхүү арга хэмжээнд оролцож байна. Тэд энэ жилийн Номын баярыг зохион байгуулалт сайтай, өргөн цар хүрээтэй болж буйг онцолж байв.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулж буй Номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд төв талбайд үргэлжлэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Иргэд ирэх сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний төлбөрөө бүрэн төлнө DNN.mn

2022 оны 6дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах болсныг мэдээлж байна.

ubts-640x640 Иргэд ирэх сараас цахилгаан эрчим хүчний төлбөрөө бүрэн төлнө

Categories
мэдээ нийгэм

Замын эвдрэлийг засварлах ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж байна DNN.mn

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь нийслэлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэдэг. Тус байгууллага энд онд хийх хотын гол болон туслах гудамж, замуудын засвар, арчлалтын ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлэн, хэд хэдэн байршилд замын нүхэн эвдрэл засварлах, хэвтээ тэмдэглэгээг шинэчлэх ажлыг гүйцэтгээд байна. Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул дүүргийн гудамж, замуудын нүхэн эвдрэлийг засварлаж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын шинэчлэлийн ажлыг бүрэн хийж, дуусгажээ. Мөн Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэвтээ тэмдэглэгээг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

Авто замын хэвтээ тэмдэглэгээг шинэчлэх, нүхэн эвдрэлийг засварлах ажлыг шөнийн цагаар буюу хөдөлгөөний эрчим буурсан үед гүйцэтгэж байгаа юм. Ингэхдээ замын хөдөлгөөнийг хаалгүйгээр, урсгалыг өөрчлөх байдлаар зохицуулалт хийн, богино хугацаанд засвар, арчлалтыг хийж байна.

Харин Гүнтийн авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд бүтцийн эвдрэлд орсон суурийг хэсэгчлэн сольж байгаа бөгөөд өчигдрөөс зарим хэсгийн асфальт хучилтыг хийж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 57.143 ам метр талбайн хэвтээ тэмдэглэгээ байдгаас “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 17.749 ам метр талбайн тэмдэглэгээг шинэчлэх ажлыг хариуцаж гүйцэтгэх юм.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөл ЦЕГ-т хүсэлт гаргалаа DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж иргэд Улсын Дээд шүүхийн байрны гадна шүүхэд нөлөөлөх, тулган шаардах агуулга бүхий уриа лоозон хэрэглэж жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдаж байна гэж үзлээ.

Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлсөн, шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үндсэн шаардлага бүхий зохион байгуулалттай үйл ажиллагааг таслан зогсоох, цаашид учирч болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангах, хамгаалахад чиглэгдсэн шаардлагатай арга хэмжээг шуурхай авахыг цагдаагийн байгууллагад хүсэлт болгосон албан бичгийг хүргүүлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсчээ DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 21.1 хувьд хүрсэн байна. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 12.5, даатгалын зах зээл 1.0, банк бус санхүүгийн байгууллага 6.9, хадгаламж зээлийн хоршоо 0.7 хувьтай байна.

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт, хяналтын чиг үүргийнхээ хүрээнд мөн улирлын байдлаар 3,564 зохицуулалттай этгээд, 2,422 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 314 ХК, 259 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 326 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 529 банк бус санхүүгийн байгууллага, 205 хадгаламж зээлийн хоршоо, 262 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 441 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 1185 салбар, төлөөлөгчийн газар тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөнгийн зах зээл: Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсөж 5,378.6 тэрбум төгрөгт, хувьцааны хөрвөх чадвар 1.8 хувь боллоо. ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 3,461.2 нэгжээр буюу 10.0 хувиар өсөж 38,096.9 нэгжид хүрсэн байна.

Нийт 119.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдаж өмнөх оны мөн үеэс 1.7 дахин өсөж, нийт арилжааны 79.6 хувийг хувьцаа, 15.0 хувийг компанийн бонд, 4.4 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1.0 хувийг хөрөнгө оруулалтын сан тус тус эзэлж байна.

Биржийн бус зах зээлд нийт 32 үнэт цаас гаргагчийн 366.8 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ. Мөн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар буюу 5.2 тэрбум төгрөгөөр өсөж, нийт 4 төрлийн 74.5 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжаалсны 77.6 хувийг ямааны ноолуур бүрдүүлжээ.

Санхүүгийн зах зээлийн энэ оны нэгдүгээр улирлын тоймтой дэлгэрэнгүй танилцах бол энд дарж уншина уу.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Ц.Магалжав: Э.Оюунболд, Б.Бат-Орших нарт цол, чимэг нөхөж олгох боломжгүй DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн :Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдсанаар 62 бөхөд цол нэмж олгоно гэдгийг хууль санаачлагч хэлсэн. Допингийн асуудалд холбогдсон нийт 38 бөх байдаг юм байна. Миний мэдэж байгаагаар гурван бөхийн цолыг хурааж, барилдуулахгүй байгаа гэж ойлгосон. Тодорхой нэр зааж асууя. Энэ хууль батлагдвал цол олгох 62 бөхөд Хэнтий аймгийн Э.Оюунболд, Увс аймгийн Б.Ганзориг, Баянхонгор аймгийн Б.Бат-Орших нарын нэрс байгаа юу. Эдгээр 62 хүний нэрийг олон нийтэд хэзээ мэдэгдэх вэ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: Нийт 63 бөхийн асуудал бий. Ардын хувьсгалын ойн баяр тэмдэглэж ирснээс хойш бөхчүүдэд харилцан адилгүй цол олгож ирсэн. Энэ нь нийгмийн гарал, эрхэлж байсан ажлаас нь шалтгаалан ялгавартай хандаж ирсэнтэй холбоотой. Жишээ нь, лам хүн түрүүлэхэд цол олгодоггүй байсан гэх мэт.

Өмнөх байнгын хорооны хуралдааны үеэр С.Бямбацогт гишүүн энэ мэт маргааныг цэгцэлж байж дараа нь хэл амгүй болох юм биш үү гэж асууж байсан. Энэ асуудлыг дагаж мөрдөх журмын хуулиар зохицуулах бүрэн боломжтой гэдэг хариултыг миний бие өгсөн. Дээрх 63 хүний ихэнх нь мөнх бусыг үзүүлсэн. Заримынх нь ар гэрийнхэн Захиргааны хэргийн шүүхэд олгох ёстой байсан цолыг нь олгуулах тухай асуудлаар хандаад явж байгаа тохиолдол ч бий.

Хоёрдугаарт, одоогийн байдлаар допингийн асуудалд холбогдсон 39 бөх байна. Үүнээс барилдах эрхээ хасуулсан зургаан бөх байгаа. Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Уртнасан. Б.Хадбаатар, Б.Лхагвадорж, Д.Ням-Очир нарын зургаан бөх Монголын үндэсний бөхийн холбооны шийдвэрээр барилдах эрх нь хасагдсан байна.

Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав “Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу Э.Оюунболд, Б.Бат-Орших нарт унасан бөхчүүдэд цол, чимгийг нь өнгөрсөн жил олгосон. Тэгэхээр энэ хоёр бөхөд цол, чимэг нөхөж олгох боломжгүй. Б.Ганзориг гэдэг бөх 2015 оны наадмаар допинг хэрэглээд цолоо олгосон. 2003 онд Адъяабат, Суманчулуун гэдэг хоёр бөхийн цол хураагдсан байсан. Түүнийг 2021 оны зургадугаар сарын 20-нд Ерөнхийлөгч Х.Баттулга цол хураасан зарлигийг хүчингүй болгосноос одоо Улсын начин цолтой байгаа. Үүнтэй адил Б.Ганзоригийн цолны тухайд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх асуудал.

Б.Бат-Оршиход унасан Б.Орхонбаяр начинд харцага бол олгочихсон. Тэгэхээр нэг даваан дээр хоёр бөхөд цол өгөх боломж байхгүй” гэв