Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

А.Цэгмид: Туслах дүрд татгалзахгүйгээр тоглох нь мэргэжлийн ур чадвар сайжрах суурь болсон DNN.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин А.Цэгмидтэй ярилцлаа.


-“Нийслэл хүүхэн-2” төсөл олны хүртээл болж байна. Залуучуудтай хамтарч ажиллахад ямар мэдрэмж төрдөг вэ, танд?

-Мэдрэмжээс гадна ямар ч бэрхшээл гардаггүй. Учир нь надад залуусаас суралцах, өөрийн мэддэгээ хэлж өгөх эргэх холбоо үнэхээр гайхалтай санагддаг.

-Та 14 наснаасаа тайзны уран бүтээлд тоглож эхэлсэн шүү дээ. Тэгвэл анхны дэлгэцийн уран бүтээлийнхээ тухай дурсвал?

-Би 18 настайдаа дэлгэцийн уран бүтээл рүү орсон. Анх 1968 онд “Өндөр ээж” кинонд тоглож байлаа. Харин одоо үед хүүхдүүд зургаахан настай, балчир үедээ дэлгэцэнд дүрээ мөнхөлнө гэдэг гайхамшигтай. Тэр үеийн киноны хөгжил одоо үеийн киноны хөгжил хоёрын хооронд асар их ялгаатай болохоор арга ч үгүй биз дээ.

-Ихэвчлэн ээж, эмээгийн дүрд тоглож байгаа харагдах юм. Та өөрөө ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Залуу байхаасаа л гол дүрд тоглохсон гэж мөрөөддөг байлаа. Энэ бол залуу насны алдаа ч гэх юм уу хөнгөн мөрөөдөл л дөө. Гэтэл надад голдуу туслах дүр оногдож түүнийг голохгүй, татгалзахгүйгээр тоглож байсан нь өдийг хүртэлх миний уран бүтээлийн дасгалжилт, ахин дэвших суурь нь болсон гэж боддог. Авсан дүрүүдээ үзэгчдийн таашаал, шүүмжид хүрэхээр бүтээхийг л зорьж ажилладаг даа. Бүх уран бүтээлийнхээ явцыг дүгнэхэд би гол дүрд цөөн үзэгдсэн юм байна билээ. Тэгэхээр үлдсэн насандаа дандаа гол дүр ирээсэй гэж мөрөөдөхөд буруудахгүй байх. Мөрөөдөхөд ямар мөнгө төлөх биш дээ (инээв).

-Та өөрөө “Нийслэл хүүхэн”-ий Ажаатай хэр төстэй вэ. Хөдөөний амьдралтай ойр өссөн үү?

-Таван настайдаа хурга, ишиг хариулдаг байсан. 12 нас хүртлээ хөдөө мал дээр өссөн. Миний хүүхэд ахуй настай Ажаагийн дүр маш ойрхон. Бага байхад миний буурал ээж, сайхан залуу ээжийн амьдралын дадал, дурдатгалууд тархинд минь баримтат кино шиг үлдсэн болохоор би зүдрэхгүйгээр энэ дүрд наалдсан. Нийслэл хүүхэн киноны зохиолч Ч.Баттүшиг энэхүү дүрийг өөрийн эмээ ээжийн дурсгалд зориулж,бодож бичсэн шүү гэж хэлсэн. Надад үүнтэй яг агаар нэг л санагдсан. Миний хөгшин буурал ээж яг л энэ Ажаа шиг олон таван үггүй, нэг хэлэхдээ жинтэй хэлдэг тийм хүн байсансан.

-Та 60 гаруй жил урлагийн салбарт ажиллаж байна. Энэ өндөрлөгөөс ямар бодол, мэдрэмжийг тээдэг юм байна?

-Миний үеийн хүмүүс надтай адилхан бодол тээдэг байх. Монгол хүн болж төрснөөрөө ертөнцийн аль нэг өнцөгт явж байхдаа ч бахархдаг. “Монгол хүн үү” гээд асуухад уртын дуугаа нэг бадаг аялчихдаг, үндэсний бүжгээрээ ядаж биелгээ хийчихдэг байх хэрэгтэй. Манай орон шиг амгалан тайван, дайн дажингүй газар хаана ч үгүй. Залуус илүү оюунлаг, сайхан, байна. Миний 20 насандаа хийж чадаагүйг 18 настай хүүхэд хийж, 30 насандаа сэтгэж чадаагүйг компанийн захирал залуу хийж чадаж байна шүү дээ.

-Урлагийн хатуу цензурт шантрах үе байсан л байх. Та өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-Би хүүхэд байхаасаа спортоор хичээллэсэн болоод ч тэр юм уу шантрал миний амьдралд байгаагүй. Бүдрээд унах том чулуу байхад тэрийг яаж давна даа гэдэг сэдэв надад гарч байгаагүй. “Үүнийг заавал давна” гэдэг үгээр өөрийгөө зоригжуулаад олон зүйлийн ард гарсан. Одоо бэрхшээл алга.

-Танд хааяа өнгөрсөн рүүгээ өнгийх, харамсах мэдрэмж төрдөг үү?

-Харамсах биш, жаахан эрт төрөх минь яав даа гэсэн бодол сүүлийн үед их төрөх болсон. Яагаад гэвэл “Ялагсад” гэдэг номонд дэлхийн шилдэг 20 эмэгтэйн тухай өгүүлдэг. Тэр номонд С.Удвал дарга, Дондогдулам хатан зэрэг байдаг. Дэлхийд алдартай, зовлон жаргал бүгдийг туулж алдрын өндөрлөгт хүрсэн эмэгтэйчүүдийн түүхийг уншиж дууссаны дараа надад асар их эрч хүч бий болсон. 70 гарсан надад ээжийнхээ 87 насыг давж гараад хүний хөл хүрсэн оргил юм бол би яагаад хүрч болдоггүй юм гэх бодол ч төрсөн. Роман, ном зохиолыг уншихдаа дэлхийн шилдэг, илүү олон уншигчтай номыг сонгож унших дуртай. Олон хатны түүхтэй ном уншсан даа.

-Одоо уран бүтээлийн санал хэр ирж байна даа?

-Олон санал ирж байна. Энэ сард ажиллах нэг киноны зохиол ирчихсэн байна, нэрийг нь нууцалъя даа. “Гуравдугаар сарын бэлэг” кино маань Мартаар бүх телевизээр үнэ төлбөргүй гарлаа. “Шийдсэн хүүхэн” УСК энэ оны хамгийн анхны уран бүтээл байлаа. Монголд хүүхдийн кино, хүүхдийн театр, хүүхэдтэй холбоотой асуудлууд орхигдчихоод байна. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт удаашралтай байна. Өндөр барилгын ажлаас ч удаан байна.

-Уран бүтээлч хүн ямар ч дүрийг голох эрхгүй гэж та хэлсэн. Залуу уран бүтээлчдэд юуг захих вэ?

-Үгтэй ч бай, үггүй ч бай оногдсон дүрийг голж болохгүй. Өөрийнхөө хийж байгаа ажилд сэтгэл ханаж, бардамнах нь өрөөсгөл, тураалтай тархитай хүний л бодол. Ийм бодлыг залуучууд минь өөртөө битгий хүлээж аваарай. Өөртөө ханасан мөчөөс чиний чадвар, уран санаа, өөрийгөө хөгжүүлэх хөгжил зогсож эхэлнэ.

-Хүүгээ жүжигчин болгох тухай бодож байв уу?

-Үгүй, харин эсрэгээрээ аавынх нь мэргэжлийг эзэмшүүлсэн. Аав нь Монголын номер нэг дуу хоолой, тэр эр хүний урд дуугарах хүн байхгүй дээ. Манай хүү урлагийн маш нарийн мэдрэмжтэй, зураг сайхан зурдаг, гоё дуулдаг. Аравдугаар анги төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт гурван сар дагалдан жүжигчин хийсэн. Дуучин болох боломж байсан ч яагаад ч юм надад нэг юм чангаагаад аав шигээ дуу хоолойтой юм чинь аавынхаа мэргэжлийг эзэмшиг гэж бодсон доо. Одоо радиод ажилладаг. Би Улаанбаатар телевиз буюу одоогийн “UBS”-ийн хамгийн анхны нэвтрүүлэгч байсан. Анх нэвтрүүлэгч Д.Цовоотой хамт эфир хөтөлж дэлгэцэнд гарч байлаа.

-Нас нэмэхийн хэрээр нутаг, ижий аавыгаа их санадаг гэлцдэг шүү дээ?

-Сэтгэлээрээ нутагтайгаа би их ойрхон байдаг. Хүүхэд залуучуудын театрт байхдаа “Сүүлчийн үдэлт” гэдэг эрэгтэй хүүхдэд тоглосон жүжгээрээ нутагтаа 1984 онд очиж тайлан тоглолт хийсэн. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл нутагтаа нэг ч очоогүй. Тэр үед нутгаасаа аваад гарсан чулууг хүний нутагт 15 жил болохдоо ганц ч удаа өөрөөсөө салгаж байгаагүй. Тэрийгээ 70 нас хүрэхдээ гаргасан номондоо “Бурхан чулуу” гэж нэрлэсэн. Миний шүлгэнд ая хийх талаар хөгжмийн зохиолчид хандсан.

-Анх удаа кинонд тоглоод хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ?

-“Өндөр ээж” кинонд тоглоод 800 төгрөгийн цалин авч байлаа. Энэ мөнгийг гар дээрээ ч аваагүй. Кинондоо тоглочихоод, дуугаа хийчихээд, хүний гэргий болоод Москва руу явчихсан. Хоёр ээжид минь кино үйлдвэрийнхэн аваачиж өгсөн байдаг. Тэр хоёр хагартлаа баярласан гэж хуучилдаг байсан даа. Тухайн үед ээж минь үйлдвэрт ажиллаад 350 төгрөгийн цалин авдаг байсан үе.

-Төр засагтаа талархалтай явдаг уу?

-Уран бүтээл хийхэд арын албаны хүмүүс жүжигчдээс хүнд хөдөлмөр эрхэлдэг. Төр засагтаа арын албанд 30, 40 жил ажилласан гэрэлтүүлэгч, зургийн дарга нар өнөөдөр ямар ч шагналгүй явж байна гэж хэлмээр санагддаг. Саяхан соёлын яам байгуулагдлаа. Шог хошноор ярихад соёл урлагийнхан аавтай, ээжтэй болчихлоо л гэсэн үг. Тийм учраас энэ тал дээр анхаарах байх гэж бодож байна.

А.ГАНТУЯА

Б.ГАНТОГТОХ

М.МАЙНАРАН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Батхүү: Өвчин тусч байгаа шалтгааны 70-80 хувь нь сэтгэл зүйн гаралтай, далд ухамсрын өөрчлөлтөөс үүдэлтэй DNN.mn


Сэтгэл зүйч Я.Батхүүтэй ярилцлаа.


-“Ковид-19” цар тахал Монголд гарч эхлэхэд хүмүүс хэрхэн хүлээж авч байв. Та сэтгэл зүйчийн хувьд хэрхэн ажигласан бэ?

-Цар тахлын эхний үед хүмүүс гэрийн хорионд ороод маш сонирхолтой байдлаар эхэлсэн. Ажилдаа явах цаг гэрт шилжсэн. Гэртээ хайртай дотны хүмүүстэйгээ байхаар эхэн үедээ маш сайхан. Гэтэл тэр үеийнх нь дараахан Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдлээ гэж мэдэгдсэн. Энэ үеэс нь сэтгэл зүйчид мэргэжлийн үүднээс анхаарал хандуулж эхэлсэн. Энэ мөчөөс цар тахлын анхны асуудлууд үүссэн. Яагаад гэвэл энэ өвчин өөрөө тодорхойгүй. Ирээдүй нь таамаглашгүй байв. Хэзээ дуусах юм, эмчилгээ байгаа юм уу гэдэг нь тааварлашгүй, вакцин ч гараагүй хүнд үе. Үнэн худал нь мэдэгдэхгүй маш аюултай бичлэгүүд сошиалаар явж эхэлсэн. Хятадад зүв зүгээр явж байгаад гэнэт пид пид хийтэл унаад, газар дээрээ үхээд л. Түүнийг хараад хүмүүс маш их цочирдсон. Түүнээс болоод эдгэдэг өвчин үү, эдгэдэггүй өвчин үү, туссан хүн болгон үхээд байх юм уу гэдэг байдлаар маш их цочрол авсан.

-Ямар байдалд орохоор хүн гэнэт цочирддог вэ?

-Хүн тодорхойгүй нөхцөл байдалд орохоор маш их айдас түгшүүрийн эмгэг бий болдог. Түүн дээр нэг судалгаа хийсэн байна лээ. Хөл хорионы үе дэх хот хөдөөгийн 4000 хүний дунд явуулсан судалгаагаар 52 хувь нь дэлгэцийн хамааралтай байгаагаас тэдний 64 хувь нь кино үзэх, 36 хувь нь гэрийнхэн болон хүүхдүүдтэйгээ тоглох, 32 хувь нь шинэ зүйл сурах, хоёр хувь нь ажлаа хийх, нэг хувь нь хичээлээ хийж байгаа гэсэн сонирхолтой харьцуулалт бүхий дүн шинжилгээ гарсан. Харин сэтгэл зовоосон асуудал нь тэдний дунд сэтгэл түгшилт 20 хувь, сэтгэл гутрал 22 хувь, нойргүйдэл 23 хувь, амиа хорлох бодол 23 хувь гарсан нь корона вируст халдварт цар тахлын үеийн хатуу хөл хорионд байгаа иргэдийн 4-5 хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай байгааг харуулсан. Амиа хорлох бодол илэрсэн 23 хувийн шалтгаан нь сэтгэл гутралтай гэсэн ба тэдний 60 хувь нь “үхсэн нь дээр” гэж хариулсан байдаг.

-Үүнийг сэтгэл зүйн талаас нь авч үзвэл хэрхэн тайлбарлах вэ?

-Тодорхойгүй байдал нь өөрөө хүнийг айдас түгшүүрт автуулдаг. Энэ байдал нь удаан үргэлжлээд ирэхээр стресс нь депресс болоод депрессээс аффект болоод амиа хорлоё гэсэн улигт бодлууд төрөөд байдаг.

-Хөл хорионы үе хүмүүсийн сэтгэл зүйд тийм хүнд туссан гэж үү?

-Гэр бүлтэйгээ хөл хорионд байна гэдэг эхэндээ хөгжилтэй сайхан. Нийгмээс тусгаарлагдаад ажил албандаа явж чадахгүй гэрийн хорионд ороод эхэлж байна шүү дээ. Удаан хоорондоо харилцаад эхлэхээр залхалт үүсдэг. Ярих яриа байхгүй болчихдог. Эхэндээ бүх зүйлээ сайхан ярьдаг байсан бол хэдхэн хүрээний хүнтэй харьцаад эхлэхээр ярих яриа нь дуусна. Тэгээд ирэхээр хүний сэтгэл зүйд уйдах, залхах процесс явагддаг. Түүний хажуугаар бас нэг аюултай зүйл нь нөгөө хүмүүстэйгээ байнга харьцаад харилцаад ирэхээр дутагдалтай талууд нь харагдаж эхэлнэ. Ингээд түүнд нь уурлаж, уцаарлаж эхэлдэг. Засч, залруулах гэж оролддог. Шүүмжлэлтэй хандлагаар хандана. Тэр хүний төрсөн темперамент хэзээ ч хувьсан өөрчлөгддөггүй. Тэр байдалд нь уурлаж уцаарлаад эхлэхээр нөгөө хүн нь хариу эсрэг үйлдэл хийнэ. Хариу эсрэг үйлдэл үзүүлээд эхлэхээр гэр бүлийн зөрчилдөөн үүсээд эхэлж байгаа юм. Зөрчилдөөнөө хэрхэн дарах, стрессээ даван туулах арга барилд суралцаагүй, энэ талын мэдлэг дутуу байх юм бол зөрчилдөж, зөрөлдөөд хүчирхийлэл үйлддэг. Хүчирхийллийн тоо нэмэгдсэн нь тийм учиртай. Тэгэхээр энэ ковидын үеийн сэтгэл зүй буюу пандемик стресс гэж дэлхий даяар яригдаад байгаа асуудал юм.

-Анх вакцин орж ирэхэд бас л хүмүүсийн сэтгэл зүй хоёр хуваагдаж хийлгэнэ, хийлгэхгүй гэх хоёр талтай байсан. Вакцин хийх үеэр хүмүүсийн сэтгэл зүйг хэрхэн ажиж байв?

-Нэг хэсэг нь эрс эсэргүүцсэн. Тийм хүмүүс одоо ч байна. Тэр байтугай одоог хүртэл нэг ч вакцин хийлгээгүй хүмүүс байдаг юм байна лээ. Үнэмшихэд хэцүү. Тухайн үед баталгаагүй эх сурвалжууд их байсан. Манай төрийн байгууллагууд байнгын сурталчилгаа хийж байсан боловч гаднаас орж ирж байгаа санаатай санаандгүй янз бүрийн мэдээллийн урсгалуудаас шалтгаалаад хүмүүсийн үзэл бодол их өөрчлөгдөж байсан. Вакцин гэдгийг бид маш олон жил хийж, судалж байж бүтээгддэг эд юм байна. Гэтэл үүнийг хоромхон буюу хэзээ ч хийж байгаагүй богино хугацаанд хийлээ. Ийм хугацаанд вакцин бүтээсэн гэдэгт хүмүүсийн итгэл үнэмшил төрөхгүй байсантай холбоотой. Дээр нь хоёр талын эсрэг байр суурьтай хэтэрхий их гуйвсан мэдээлэл ороод ирэхээр хүмүүс дунд нь төөрөлдчихсөн. Энэ төөрөгдлийг сэтгэл судлалд сүргийн инстинкт гэж нэрлэдэг. Хүн өөрөө энэ үнэн үү, худлаа юу гэдэг логик бодомж хийхгүйгээр туйлширчихдаг. Иймэрхүү байдлаар явагдсан.

-Дараагийн хоёр талд гарсан зүйл өнгөрсөн Цагаан сарын баяр. Зарим хэсэг нь хөл хорь, мал шиг бэлчинэ гээд л. Зарим нь зүгээр орхичих. Амьдрах чадвартай нь үлд, чадахгүй бол өвчнөө тус л гэж хандсан?

-Ганцхан манай төр засаг ч биш олон улс орон үүн дээр өөр өөр байр суурьтай байсан. Швед гэх мэт европын улсууд иргэдээ задгай тавиад сүргийн дархлаа үүсгэнэ гээд орхичихсон. Глобалчлагдсан өнөөгийн үед бид бүх мэдээллийг шууд авч байна шүү дээ. Улс орон болгон өөр өөр арга хэмжээ авсан. Нэгдэж тогтсон стандарт байхгүй явсан учраас хүмүүс ойлголт муутай байлаа. Нэгдүгээр хүчин зүйл нь тэр. Бид ч нэгэнт сүргийн дархлаа үүссэн юм чинь эвлэрье гэсэн. Хүний сэтгэл зүйд өөрийн тогтворгүй байдал байдаг. Өөрийн хүслээрээ байх, дур хүслээрээ гарч орох, нийгэмтэй харилцах хэрэгцээнүүд байдаг. Хүмүүсээс мэдээлэл авах, солилцох. Харилцааны гурван элемент байдаг. Бид хүмүүстэй харилцана гэдэг нэгдүгээрт, мэдээлэл солилцож байдаг. Хоёрдугаарт, өөрийнхөө хэрэгцээг хангадаг. Гуравдугаарт, хүмүүсийг ойлгох харилцаа гэж бий.

-Цар тахлын үеийн хамгийн сөрөг тал нь юу байв?

-Хөл хорионоос болоод маш олон бизнесүүд дампуурсан. Олон хүн ажил орлогогүй болсон. Маш олон хүн орлогын чадваргүй боллоо. Үнэнийг хэлэхэд, хүмүүсийн хуримтлал дуусч, тэр хэрээрээ сэтгэл зүйн тэнцвэргүй байдалд оруулсан. Бас нэг зүйл нь энэ вирусийн дараагийн шинэ шинэ хувилбарууд гарч ирээд байсан. Дельта, омега, омикрон гээд юу юу ч боллоо. Тэр нь хүмүүсийг бас тодорхойгүй байдалд оруулсан. Маш их айсан. Хүний сэтгэл зүйд нь хэнэггүй байх, эрх чөлөөнд тэмүүлэх, дураараа байх гэсэн адгууслаг чанар нь байгаад байдаг. Нөгөө талд нь ухамсарт оюун бодол нь байна. Энэ нь тэнцвэргүй байдалд орохоор бухимдаж, уураа гаргах байдал үүсдэг. Нэг хэсэг оюунлагууд нь нөгөө хэсгээ загнан тэвчээргүй, арчаагүй гэж үгүйсгэж байсан. Энэ бол нийгэмд байдаг хэвийн үзэгдэл. Энэ юунаас болж байгаа вэ гэхээр тухайн үед гэр бүл болгоны нөхцөл байдал өөр. Боломжтой хэсэг нь байна, боломжгүй хэсэг байна. Боловсролын ялгаа, хувь хүний өөрийнх нь итгэл үнэмшил, хүний төлөвшил, аливаа асуудалд хандаж байгаа хүний сэтгэл зүйн дархлаа гэж байна. Зоригийн мэдрэмж, төрөлх өгөгдөл гэж байна. Юу ч болсон энгийнээр хүлээж авдаг хүн байна. Аливаа асуудлыг эмзэгээр хүлээж авдаг хүн байна. Дээр нь хувь хүний наснаас авахуулаад амьдралд таарсан хязгааруудыг давсан мэдрэмжүүд гэж хүнд байдаг. Ковид болохоос өмнө маш хүнд өвчин тусаад эдгэсэн хүмүүс юу ч биш гэж хүлээж авч байхад, хүнд өвчин тусч байгаагүй, эмнэлгийн орон дээр очиж үзээгүй хүмүүс хүндээр тусгаж авдаг. Ийм ялгаатай хүчин зүйлүүдээс болоод хүн болгон өөр өөрөөр даван туулсан. Үүнээс харин нэг зүйлийг манай ард түмэн ойлгох шаардлагатай. Дэлхий дээр маш олон төрлийн өвчин байна. 4000-5000 гэж би сонсож байсан санагдаж байна. Үүнд харин нэг л баталгаатай зүйл бий. Өвчин тусч байгаа учир шалтгааны 70-80 хувь сэтгэл зүйн гаралтай, далд ухамсрын өөрчлөлтөөс үүдэлтэй гэдгийг баталсан. Ер нь бол өвчин сэтгэл зүйгээс болдог юм байна. Сэтгэл зүй гэдэг аливаа өвчнийг даван туулах ерөндөг юм байна гэдгийг хүн төрөлхтөн баталсан. Хүн нэгэнт өвчин туссан бол клиникийн болон уламжлалтын ямар ч эмчилгээ хийгээд хүний үзэл бодлыг өөрчлөхгүй.

-Үзэл бодол нь яавал өөрчлөгдөх вэ?

-Хүний үзэл бодлыг өөрчилдөг ганц зүйл байдаг нь хүн өөрөө. Тэгэхээр түүн дээр л хүний харилцаа хандлага, итгэл үнэмшил төвлөрдөг. Үүнд нь туслах зүйл бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухааруулж сэнхрүүлж, соёлжуулах, сэдэлжүүлэх, сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх, сэтгэл зүйчидтэй харилцах л юм. Тийм болохоор сэтгэл зүйн маш олон төвүүд нээгдэж, сургууль дүүрэг бүр сэтгэл зүйчтэй болсон. Энэ нэг талаараа сайн хэрэг. Аливаа юм сайн муу хоёр талтай байдаг. Хоёр тал ч биш маш олон талтай байдаг. Сайн юм дагуулдаггүй муу зүйл гэж байхгүй. Муу зүйл дагуулдаггүй сайн зүйл байхгүй. Хямрал гэдэг үгний хятад ханз боломж гэсэн утгатай байдаг. Үүнийг хятадууд мэдээд байна. Тэгэхээр манай монголчууд ч гэсэн аливаа зүйлийг угтаж мэдээд, тосч аваад, давж гардаг байх шаардлагатай. Сэтгэл зүйн нэг техник байдаг. Өөрт чинь хүнд зүйл тохиолдсон бол түүнээс хүнд зүйл тохиолдвол яах вэ гэж төсөөлөөд үзээрэй. Тэр үедээ хүн тухайн зүйлдээ бодитой хандаж эхэлдэг. Энэ өвчнийг боломж гэж харсан маш олон хүмүүс бас байна.

-Тэр нь юу байв?

-Бид чинь энэ үеэр онлайн худалдаа, онлайн харилцаа, онлайн ажил төлөвлөлт гэдэг систем рүү ороод эхэлчихлээ. Үүгээрээ бидэнд цахим харилцаа үүсгэлээ. Төрийн бодлого ч гэсэн тийш чиглэх боллоо. Бид амьдралын цоо шинэ хэв загвар руу орж эхэлж байгаа юм. Заавал биечлэн уулзаад, цаас үйлдвэрлээд, түгжирч цагаа барах шаардлагагүй боллоо. Гэрээсээ ажиллаж болох юм байна гэсэн шинэ хөгжил дэвшил рүү оруулж байгаагаараа таатай зүйл болж байна л даа.

-Нэгэнт энэ өвчний хүнд үеийг даваад гарлаа. Зовлон үзсэн ард түмэн ухааждаг гэдэг. Манай монголчууд энэ цар тахлын дараа хэр ухаажсан бол. Ухаарал авч чадсан болов уу?

-Надад бол маш эерэг төсөөллүүд гарч ирж байна. Бид ямар ч байсан хүнд өвчин туслаа. Үхэл хагацал үзлээ. Хүндрэл байлаа. Гэхдээ үүний цаана бид яаж ухаажсан гэхээр мухар сүсэгт итгэж болохгүй юм байна. Бид аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах ёстой юм байна. Дэлхийн инновацид бид итгэх ёстой юм байна гэдэг ухаарал бидэнд суулаа. Муу хэлээд байсан вакцины ачаар бид энэ өвчнийг даваад гарлаа. Хөл хорионы үеэр бид орлого ашиггүй болсон. Тэгэнгүүт хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Би заавал дургүй ажлаа хүчилж хийх шаардлагагүй юм байна. Дуртай ажлаа хийж өөр салбар руу оръё гэдэг байдал руу чиглэсэн. Маш олон хүн бизнесээ өөрчилж байна. Маш олон хүн амьдралынхаа хэв маягийг өөрчиллөө. Сэтгэлгээгээ өөрчилж байна. Гадаадад сурдаг маш олон оюутан онлайнаар сурлаа. Танхимаас цахим хичээл рүү шилжлээ. Түүнээс үүдэн бид цахим хэрэглээний чадварт суралцлаа. Дээр нь цахим хэрэглээ ихсээд ирэхээр бид дэлхийтэй хүссэн хүсээгүй холбогдож эхэллээ. Дэлхийн харилцаа ч ийм боллоо. Хаалттай байдалд ороод эхэлтэл бидний материаллаг хэрэгцээ хязгаарлалтад орж маш түвэгтэй болсон. Хоёр хил хаагдахад бид маш хүндрэлтэй байдалд орох юм байна гэдгээ мэдээд дотоодын үйлдвэрлэл, дотоодын хүнсний хангамжаа 100 хувь өөрсдөө бэлтгэж аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй юм байна гэдэг сэтгэлгээний өөрчлөлтөд орлоо. Үүнийг засаг төр хийчихсэн юм биш л дээ. Ард иргэд хүнсээ өөрсдөө бэлтгэхгүй бол аюултай юм байна. Материаллаг эд зүйлгүй бол монголчууд амьдарч чадах юм байна гэдгийг ойлгосон зарчмын маш том өөрчлөлт боллоо шүү дээ. Миний мэдэхээр социализмын үеэс хүнсийг хаячихсан байсныг одооноос л ойлгож ухаарч байна. Энэ бол ковидын гавьяа.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.5.21, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.21, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 05.07-20.31
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.
Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч БНСУ, Япон улсуудад айлчилна DNN.mn


АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Өмнөд Солонгос болон Япон улсын удирдагчидтай харилцан ойлголцлоо бататгах зорилготой зургаан өдрийн айлчлалд мордсон байна. Тэрбээр өнгөрсөн онд албан тушаалдаа орсноос хойш анх удаа эдгээр улсад очиж байгаа нь энэ юм.

Байден энэ айлчлалаараа Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын ашиг сонирхлыг давхар бататгах зорилготой гэж “Ассошиэйтэд пресс”-ийн мэдээнд дурджээ.

Байден айлчлалынхаа үеэр Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Юн Сок Ёл, Японы ерөнхий сайд Фумио Кишида нартай уулзана. Тэд худалдаа, дэлхийн бараа хангамж нийлүүлэлтийн тасалдалгүй, тогтвортой байдлыг хангах, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудал болон энэ улсад дэгдээд байгаа коронавирусний тархалтыг хэлэлцэх юм байна. Ням гарагт Японд айлчлах үеэрээ Америкийн төрийн тэргүүн Энэтхэг, Номхон далайн стратегийн “QUAD” эвсэлд багтдаг дөрвөн орны удирдагчидтай уулзалт хийнэ. Энэ дөрвөн орны тоонд Австрали, Энэтхэг, Япон улсууд ордог юм.

Байденын засаг захиргааны удирдлага дор АНУ ардчилал бүхий холбоотон орнуудтай эвсэж, энэ орнуудын эдийн засгийн хүч нөөцийг Оросоос Украинд халдан довтолсны хариу төлөөсийг төлүүлэх хүчин чармайлт хэрэгжүүлж байгаа. Энэ эвсэлд нь Өмнөд Солонгос, Япон улсууд багтаж байгаа юм. Үүний зэрэгцээ АНУ дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох нөхцөлд Хятад улс тусгаар эрх, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах шийдмэг алхам хэрэгжүүлэх болно гэж мэдэгджээ.

Хятадын коммунист намын Гадаад хэрэг эрхэлсэн комиссын албаны дарга Ян Зечи Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жейк Салливантай утсаар ярихдаа ингэж анхааруулсныг Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Айл, өрхийн гал түймэрт өртөх эрсдэлийг буурууллаа DNN.mn

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас гэр хорооллын айл өрхийн иргэдэд гэр, байшингийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулан ажилладаг.

Тус ажлын хүрээнд “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Дэлхийн зөвн-Монголд” олон улсын байгууллагын сайн дурын иргэдтэй хамтран “Галын аюулаас урьдчилэн сэргийлэх нь” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулж, цахилгааны зөрчлөөс үүдэлтэй гал түймэрт өртөх эрсдэлтэй 200 өрхийг илрүүлсэн юм.

Эдгээр 200 өрхөөс 155 өрх айлыг сонгон авч “Дэлхийн зөн-Монголд” олон улсын байгууллагын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийн санхүүжилтээр цахилгааны утсыг нь шинэчлэхэд нэн хэрэгцээт 1920 метр утсыг авч, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д хүлээлгэн өглөө.

Энэ үеэр тус компанийн захирал Ц.Хангай “Аймгийн хэмжээнд гал түймэрт өртөх эрсдэлтэй айл өрхийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж, цахилгааныг утсыг шинэчлэх боломжийг бий болгосонд баяртай байна. Цаашид бид бүхэн богино хугацаанд гал түймэр гарах эрсдэлтэй айл өрхийн утсыг шинэчлэн засварлах үйл ажиллагааг зохион байгуулах болно” гэлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Алба хаагчдад “тоон гарын үсэг“ олгож байна DNN.mn


Цахим гарын үсгийн тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд тоон гарын үсэг олгож эхлээд байгаа. Энэхүү ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран алба хаагчдад тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг өнөөдөр /2022.05.20/ зохион байгуулж байна.

Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр олон асуудлыг шийдвэрлэж төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем Е-Мongolia-гаар бүх төрлийн төрийн үйлчилгээг цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай авах, иргэд аливаа системд нэвтрэхэд хэрэглэгчийн нэр, нууц үгийн оронд тоон гарын үсгийг ашиглан нэвтрэлт хийснээр нууцлал аюулгүй байдал бүрэн хангагдах юм.

Categories
мэдээ нийгэм

ГИХГ: Визийн зөвшөөрлийн кодыг и-мэйлээр илгээж байна DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар визийн зөвшөөрлийн үйлчилгээг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн цахимжуулж, он гарсаар 5759 гадаадын иргэнд цахимаар визийн зөвшөөрөл олгожээ.
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг https://immigration.gov.mn/mn/ цахим хаягаар хүлээн авч, шийдвэрлэж байгаа бөгөөд зөвшөөрөгдсөн тохиолдолд кодыг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын манай байгууллагад бүртгэгдсэн и-мэйл хаягаар илгээж байна.
Иймд уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн визийн зөвшөөрлийн код хүлээн авснаа нотолж хариу мэдэгдэж байхыг хүсье гэж ГИХГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын XIX олимпийн наадмаас Д.Номин хүрэл медаль хүртлээ

Сурагчдын XIX олимпийн наадам болох “Гимназиад-2022” Франц улсад зохион байгуулагдаж байна.
Энэхүү наадамд манай улс анх удаа оролцож байгаа бөгөөд жүдо бөхийн төрөлд хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцсон. Жүдо бөхийн 57 кг-ийн жинд Д.Номин хүрэл медаль хүртлээ.
Сурагчдын олимпод 69 орны 3662 тамирчин спортын 20 төрөлд өрсөлдөж байгаа юм.

Доржпүрэвийн Номин нь Нийслэлийн лаборатори нэгдүгээр дунд сургуулийн 11е ангийн сурагч. Самбо, жүдо бөхөөр хоёр жил хичээллэж байгаа. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл /2022 он/, Самбо бөхийн Залуучуудын УАШТ алт /2022 он/, Самбо, жүдо бөхийн аймаг, бүсийн аварга болон нэрэмжит тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медалиудтай.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, тал, хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2022 оны 05 сарын 20-ны 20 цагаас 05 сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 хэм, бусад хэсгээр 10-12 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.


2022 оны 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн зарим газраар, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

Манай улсад гадаадын 120 орны 16.919 иргэн оршин сууж байна DNN.mn

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар манай улсад гадаадын 120 орны 16 919 иргэн түр болон албан, хувийн шалтгаанаар оршин суух зөвшөөрөлтэй амьдарч байна. Үүний дийлэнх хувийг БНХАУ болон ОХУ-ын иргэд эзэлж байгаа аж.

Өнгөрсөн 2021 онд манай улсад ОХУ-ын 1979 иргэн түр оршин суудаг байв. Харин 2022 он гарсаар энэ тоо нэмэгдэж, дөрөвдүгээр сарын байдлаар 2407 иргэн цагаачлах хүсэлт гарган, түр оршин сууж байгааг ГИХГ-аас мэдээлэв.

Тухайн 2407 иргэн дараах хэлбэрээр албан ёсны виз мэдүүлж манай улсад түр оршин сууж байна.

ohu Манай улсад гадаадын 120 орны 16.919 иргэн амьдарч байна

ОХУ-ын иргэд виз мэдүүлэхгүйгээр манай улсад дээд тал нь 30 хоног хүртэлх хугацаанд зорчих боломжтой. Харин 30 хоногоос илүү хугацаагаар манай улсад оршин суух, цагаачлах хүсэлтэй бол өөрийн биеийн давхцахгүй өгөгдлийг/хурууны хээ, зураг/ бүртгүүлж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдан, ГИХГ-т хүсэлт гарган шийдвэрлүүлдэг байна.

Энэ он гарснаас хойш түр буюу 30 хоногийн хугацаагаар Оросын 18 171 иргэн манай улсад орж иржээ. Тэдний 17 225 хүн нь 30 хоногийн дотор буцаад гарсан гэсэн мэдээллийг ХХЕГ-аас өгч байна.

Харин манай улсын 128 100 иргэн Орос руу гарч, 121 100 нь буцаж, эх орондоо иржээ.