Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан,Олон улсын”Тахь групп”-ийн зөвлөх О.Доржраатай ярилцлаа.
-Ярилцлагаа тахийн үүсэл гарлын талаар эхлүүлье хэмээн бодож байна. Анх тахийг хэн судалж шинжилж дэлхий нийтэд таниулсан байдаг юм бол?
-Монгол орны унаган амьтдын нэг тахь манай эриний өмнөх үеийн зэрлэг амьтдын нэг бөгөөд эрт үед Төв Ази, Европын нутагт элбэг тархан амьдарч байсан түүхтэй. Монголчууд тахийг тэнгэр бурхны хүлэг хэмээн тахин шүтэж байсны улмаас “тахь” гэж нэрлэсэн гэдэг. Судлаачдын дүгнэлтээр ХV,XVI дугаар зууны үеэс өмнө Монгол орны ойт хээр говь талын нутгаар тахь түгээмэл тархалттай байсныг түүх, архелогийн олдвор материалууд болон одоог хүртэл уламжлагдан үлдсэн тахийн холбогдолтой газар нутаг, уул усны нэр тодорхой нотолгоо болон үлджээ. Харин тахийн судалгааны ажил хожуу эхэлсэн бөгөөд 1878 онд Оросын жуулчин, армийн генерал Николай Михайлович Пржевальский Зүүнгарын говиор аялаад буцахдаа нэгэн зэрлэг адууны арьс, толгойн ясыг Орос-Монголын хилийн харуулын захирал А.Х.Тихоновоос бэлгэнд авч, түүнийгээ Петербургт амьтан судлаач И.С.Поляковт өгснийг тэр эрдэмтэн битүү туурайтан 22 зүйлийн амьтантай харьцуулан судлаад биеийн бүтэц, биологи, экологийн хувьд бие даасан зүйл, зэрлэг амьтан болохыг нотолж, үнэтэй материал аваачиж өгсөн Пржевалькийн зүтгэл, дурсгалд зориулан 1881 онд “Пржевальскийн адуу” хэмээн нэрлэж, анх дэлхий нийтэд мэдээлсэн түүхтэй. Ийнхүү Зүүнгарын говийн районд тахийн судалгааг нарийвчлан хийж, судалгааны материал болгон 15 тахь агнажээ. Улмаар 1890-ээд оны дундаас амьтан үржүүлдэг, судлаачид Монголын тахийн сургийг сонсоод Төв Азийн судлаач Д.А.Клеменц, Аскания-Новагийн амьтны хүрээлэнгийн эзэн Ф.Э.Фальц-Фейний санхүүгийн дэмжлэгтэйгээр тэр үед Ховдод байсан оросын худалдаачин Н.И.Ассановтой тохиролцон Зүүнгарын говийн районд тахийн унага барих ажил эхэлжээ. Унага баригчид нутгийн иргэдийн хүчээр 1899-1901 оны хооронд 18 унага барьж Аскания-Новад хүргэжээ. Энэхүү тахийн сургаар Германы Ганбург хотын зэрлэг амьтны худалдаачин Карл Гагенбек өөрийн элчийг Ховдод Ассанов руу явуулж, тэд 1901-1902 онд нийтдээ 63 унага барьсан байдаг. Ингэж хэдэн жил үргэлжилсэн унага барих түрэмгий үйл ажиллагаанд тахийн олон тооны төлөөс гадна сүргээ харамласан азарганууд, үрээ харссан гүүнүүдийг шууд хороож байсан сэтгэл эмтэлсэн үйлдэл байсан нь тодорхой.
-Тэгвэл энэ үеэс тахийн тоо толгой цөөрч, цаашид устаж үгүй болох эрсдэл бодитойгоор нүүрлэсэн байх нь ээ?
-Түүхээс аваад үзэхэд, Монгол орны өмнөд хэсгээр өргөн дэлгэр тархаж байсан тахийн сүргийг Манжийн хааны эзэрхийллийн үед жил бүр олон зуугаар агнаж, цэргийн хүнсэнд хэрэглэн цөөрүүлсний улмаас ХХ зууны эхэн үед нутгийн баруун хэсэг Зүүнгарын районд шахагдан байршсан цөөн тооны тахь үлдсэн байдаг. Манай улс 1930 оноос тахь агнахыг хуулиар хориглож, улмаар Амьтны аймгийн тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, Монгол Улсын улаан ном, Олон улсын улаан номд оруулсан юм. Харин 1960-аад оны сүүлчээр Монголд тахь үзэгдэхгүй бүрмөсөн устсан бөгөөд түүний гол шалгаан нь унага барихаар хэт олон тахийг хороож, сүргийн толгойлогч азарганууд, төлөрхөг шилмэл гүүнүүдийг устгаж, сүргийн бүтцийг алдагдуулсантай ихээхэн хамааралтай. Мөн 1940-1950 оны үед Монголын баруун хилээр орогнож байсан хасгийн дээрэмчид тахийг агнаж хүнсэндээ хэрэглэж байсан нь тахь устахад нөлөөлсөн нь тодорхой.
-Тухайн үед Монголд бүрэн устаж үгүй болсон тахь дэлхийн хичнээн оронд тархсан байсан нь сонирхолтой санагдаж байна?
-Одоогоор дэлхийн 27 улсын 100 гаруй амьтны хүрээлэнд 1200 гаруй тахь байгаа боловч тэжээвэр амьтны адилаар амьдарч, жил ирэх тутам цус ойртолтын коэффициент нь ихэсч, өсөлт нь буурч, хорогдол нэмэгдсээр байна. Тэр дундаа 1980-аад онд нийт амьтны хүрээлэнгийн унаганы хорогдол 15-26 хувьд хүрч, хоёр нас хүртэлх тахийн хорогдол 42 хувь болж байгаа нь олон улсын эрдэмтдийн анхаарлыг ихэд татаж, сэтгэлийг нь зовоосон нэгэн хүнд асуудал болж байв. Ийм учраас зэрлэг тахийн удмыг таслахгүйн төлөө нэн яаралтай шийдвэрлэх цорын ганц арга нь уугуул нутаг Монгол оронд нь сэргээн нутагшуулж, зэрлэг байдалд нь эргүүлэн дасгаж болох магадлалтай гэдэгт эрдэмтэд санал нийлж, 1976 онд Будапешт хотод хуралдсан эрдэмтдийн бага хурлаар тахийг Монголд нутагшуулах асуудлыг хэлэлцэж газар нутгийг зөв сонгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Улмаар 1985 онд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн салбараас Москва хотод 11 улсын 37 эрдэмтэн оролцсон зөвлөлгөөн зохион байгуулсан. Уг зөвөлгөөнд Монголын төлөөлөгчид оролцсон бөгөөд тахийг Монгол нутагт нь авч ирэх асуудлыг санал нэгтэй баталж, энэ чухал үйл хэрэг зөвхөн “Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд устахад ойртсон бусад нэн ховор амьтдыг нутагшуулан аврахад үлгэрчилсэн загвар болно” гэж үзсэн байдаг.
-Монголд тахийг анх нутагшуулахдаа газарзүйн хувьд хаана байршуулах нь хамгийн зөв байх талаар судалгааг хэрхэн хийсэн байдаг вэ?
-Монголд тахийг анх хаана нутагшуулахыг тодорхой шийдэх шаардлагатай гэж үзээд 1988-1990 онуудад Олон улсын эрдэмтдийн баг манай орны Дорнодоос Зүүнгарын говийн район хүртэл олон газрыг үзэж судлаад, цаашид зэрлэгшүүлэн тавьж нутагшуулахад сүүлчийн бодьгал нь амьдарч байсан Зүүнгарын говийн район тохиромжтой гэж шийдсэн түүхтэй. Мөн ойт хээрийн бүсэд Хустайн нурууг тахь нутагуулах хоёр дахь газраар сонгож, холбогдох бэлтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Хустайн нуруу хотоос 100 гаруй км зайтай, ус бэлчээр сайтай, өвс тэжээлээр хангах боломжтой, төв суурин газар зам харгуйд ойрхон, хүн хүч төвлөрүүлэн ажиллаж, гадаад дотоодын аялагч, жуулчдыг татаж өргөн хүрээтэй ажиллах боломжтой гэж үзсэн. Харин тахийн эцсийн бодьгал амь тээж байсан Зүүнгарын говийн район нь Улаанбаатар хотоос 1400 гаруй км алслагдсан, ямарч төв суурин газар, дэд бүтэц, холбоо харилцаа байхгүй, боловсон хүчин тогтвортой ажиллах боломжгүй байсан боловч гагцхүү тахийн сүргийг өргөн уудам чөлөөтэй бэлчээрт нутагшуулж, анхны зэрлэг удмыг сэргээж зан төрхийг аль болох богино хугацаанд буй болгох зорилготой байсан юм. Энэ шийдвэрийг Монгол Улс дэмжиж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар захирамжаар “Тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулах үндэсний комисс”-ыг дарга, орлогч дарга, орон тооны нарийн бичгийн дарга гэсэн долоон гишүүнтэйгээр анх байгуулж, Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном баталсан түүхтэй. Уг үйл явдлаас жилийн дараа Засгийн газар өөрчлөгдсөн тул Засгийн газрын 1991 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 24 тоот захирамжаар “Монголд тахь нутагшуулах ажлыг зохион байгуулах үндэсний комисс”-ыг шинэчлэн баталж, даргаар нь Байгаль орчны хяналтын улсын хорооны дарга З.Батжаргалыг, орлогч даргаар нь Монголын АНТЗ-ийн дарга У.Буяндэлгэр, Монголын БОХХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Цэрэндэлэг нарыг, орон тооны нарийн бичгийн даргаар О.Доржрааг томилж, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн баталсан байдаг.
-Тахийг нутагт нь авч ирэх бэлтгэл байдлыг хэдийд бүрэн хангаж дууссан бэ. Би андуураагүй бол анхны нутагшуулах тахийг онгоцоор тээвэрлэж авч ирж байсан гэдэг билүү?
-Тийм л дээ. Тахь хүлээж авахаар төлөвлөсөн хоёр газар бэлтгэл ажил 1992 оны эхний хагас хүртэл бүрэн хангагдсан тул Дэлхийн Байгаль хамгаалах тэмдэглэлт өдөр буюу 1992 оны зургадугаар сарын 5-нд Нидерландын тахь хамгаалах сангийн тэргүүн Ян Воуман, түүний гэргий Инге Воуман нар Хустайн нуруунд нутагшуулах 16 тахийг; ХБНГУ-ын иргэн Христиан Освальд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг Зүүнгарын говийн район Тахийн талд нутагшуулах таван тахийг өөрсдийн зардлаар онгоцоор тээвэрлэж Буянт-Ухаа нисэх онгоцны талбайд бууснаар анхны тахиуд Монголд ирсэн түүхтэй.Европ тивээс олон цаг онгоцоор тээвэрлэгдэж ирсэн тахиудыг Хустайн нуруунд 114 км зайд машинаар, Тахийн талд Ан-26 онгоцоор 1380 км тээвэрлэж, нисэх багийнхан батлагдаагүй хээрийн талбайд зориг гарган агаарын хөлгөө амжилттай газардуулж, тахиудыг уугуул нутгийн нь алтан хөрсөнд гишгүүлж, анхны мөрийг гаргуулснаар Монгол тахийн шинэ амьдрал эхэлсэн билээ. Ийнхүү Тахийн тал ба Хустайн нуруунд тахь нутагшуулж эхэлснээс хойш 10 гаруй жилийн дараа Щвейцарь улсын иргэн доктор Клаудия Фе санаачлан, Франц улсын тахь хамгаалах сан, Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр Монголын ШУА-ийн Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Завхан аймгийн нутаг ”Хомын тал” хэмээх хамгийн тохиромжтой нутгийг тахь нутагшуулах гурав дахь газраар сонгон 2004 онд анхны 12 тахийг Францаас Ховдод, Ховдоос Хомын талд онгоцоор тээвэрлэн авчирснаас хойш нийтдээ гурван удаа 26 тахь хүлээн авч одоо 110-аад тооны тахь амжилттай нутагшиж байна. Ингэж Монгол эх орны гурван гэзарт тахь нутагшуулж байгаа нь харилцан туршлагаа солилцож,бүх төрлийн судалгаа шинжилгээний ажлаа харьцуулан дүгнэж,хамтран ажиллаж байгаа нь ихээхэн үр дүнтэй болж байна.
-Одоо манай оронд хичнээн тооны тахь амьдарч байна вэ?
-Өнөөгийн байдлаар дотоод гадаадын олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл шингэсэн буянтай үйлсийн үр дүнд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг Зүүнгарын говийн район, Хустайн байгалийн цогцолборт газар, Хомын талын байгалийн цогцолборт газарт нийтдээ гурван популяцийн 870 гаруй тахь эрх дураараа чөлөөтэй бэлчээрлэж, уугуул нутагтаа унаган төрх, зэрлэг удам нь сэргэж байгаа бөгөөд мөдхөн оны сүүлчээр 1000 толгой тахьтай болох сайхан боломж бүрдэж “МОНГОЛ ТАХИЙН ТАВИЛАН ЗӨВ ЭРГЭСЭН”-ийг та бүхэнд дуулгахад таатай байна.
-Тахийг нутагшуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай байсан байх. Тухайн үед нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжиж байсан болохоор улсын хөрөнгө санхүүгийн асуудал амаргүй байсан болов уу?
-Тахийг сэргээн нутагшуулах ажил ихээхэн хөрөнгө зардал, хүч хөдөлмөр зарцуулах, амар хялбар ажил биш гэдэг нь тодорхой байсан. Манай улсын хувьд нийгэм эдийн засгийн шилжилтийн эхэн үе байсан тул санхүүгийн бололцоогүйн улмаас гадаадын байгальд элэгтэй буянт хувь хүмүүс, хамт олон байгууллагыг олж түших нь чухал болсон юм.Ийнхүү Хустайн нуруунд тахь нутагшуулах ажлыг Монголын байгаль орчныг хамгаалах холбоо, Нидерландын тахь хамгаалах сантай, Зүүнгарын говийн район Тахийн талд тахь нутагшуулах ажлыг ХБНГУ-ын иргэн Христиан Освальдын сантай тус тус хамтран ажиллахаар гэрээ байгуулж, тэдний санхүүгийн дэмжлэгтэйгээр гадаадын амьтны хүрээлэнгүүдээс тахь авах ажлыг хамтран гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Ингээд 1990 оны тавдугаар сард АНУ, Канад, Англи, Франц, Швейцарь, ХБНГУ, Нидерланд, ОХУ-ын амьтны хүрээлэнгийн төлөөлөгчид Монголд ирж тахь нутагшуулах хоёр газартай танилцсан. Ингээд тухайн оны сүүлчээр “Үндэсний комисс”-ын нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг дээрх улсуудын амьтны хүрээлэнгүүдэд урьж, тахийн амьдарч буй орчин, түүнийг Монгол оронд нутагшуулахад хэрхэн анхаарч ажиллах талаар туршлага судалж, зөвлөлгөө авсан явдал нь чухал үр дүнтэй ажил болсон юм.
-Гадаад дотоодын олон хүний дэмжлэгээр гэснээс тахийг нутагшуулах ажилд гадаад, дотоодынхон хэр идэвхтэй оролцож байна. Дэлхийд ганцхан эх нутагтаа онгон дагшнаараа амьдарч байгаа тахийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулахад хэр анхаарч байна?
-Монгол Улсад тахь сэргээн нутагшуулах ажил амжилттай үргэлжилж байгааг олон улсын эрдэмтэд, тахь сонирхогчид байнга ажиглан, судалж Европын олон эрдэмтэн, буяны эзэд баяртайгаар дэмжиж, Швейцарь, Австри, Герман, Чех, Монгол зэрэг тахьд элэгтэй сайн санаат хүмүүс нэгдэн 1999 онд “Олон улсын тахь групп” нэртэй байгууллагыг Швейцарь улсын Цюрих хотод байгуулсан. Буянт үйлсийг дэмжигч олны дэмжлэгээр санхүүгийн боломж бүрдүүлэн, Монголын байгаль орчны яамтай гэрээ байгуулан тодорхой ажлыг санхүүжүүлж, Монгол Улсад салбар товчоогоо 2002 онд байгуулан амжилттай ажилласаар байна. Ер нь Монгол оронд тахь нутагшуулах дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын засгийн газар, орон нутгаас ямар ч зардал гаргаагүй, өнөөг хүртэл гадаадын төсөл, санхүүгийн дэмжлэгээр ажиллаж байгаа бөгөөд харин ч нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, тэдний соёл ахуйг дэмжин туслах олон жижиг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг дурдах нь зүйтэй байх. Манай улсад яаралтай шийдвэрлэх, тулгамдсан олон асуудал байгааг бид бүхэн гүнээ ойлгож, эдийн засагтаа бага боловч нэмж ачаалал үзүүлэхгүй байхыг хичээж, зөвхөн төр засгийн бодлого, шийдвэрээр дэмжүүлэн ажилласаар байна.
-Тахийг угуул нутагт нь нутагшуулахын гол ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна?
-Тахийг уугуул нутагт нь амжилттай сэргээн нутагшуулснаар зөвхөн Монгол Улсад төдийгүй, дэлхий дахинд битүү туурайтан амьтныг анх удаа сэргээн нутагшуулж, зэрлэг шинж байдалд нь эргүүлэн оруулсан чухал ач холбогдолтой, анхны бодит “загвар”ажил боллоо. Амьтны аймгаас устах аюулд орсон нэгэн төрөл зүйлийг авран хамгаалж буй үйл хэрэг бол байгаль орчныг хамгаалах үндэсний төдийгүй олон улсын ач холбогдолтой үлгэр жишээч үйл хэрэг бөгөөд энэ ажилд оролцсон дотоод гадаадын олон хүний оюуны болон биеийн хүчний нөр их хөдөлмөр, нэр хүнд, менежмэнтийн ур чадвар, төр засаг, олон нийт иргэдийн харилцан хамтын ажиллагаа нь алсын зорилгодоо амжилттай хүрч чаддагийн сайхан үлгэр дуурайл болсон. Монгол түмний шүтээн, тахилага сүлдэндээ мөнхөлсөн адууны өвөг “тахь” хэмээх нэгэн зүйл амьтан эх нутгаасаа алсран одож, улмаар дэлхийн амьтны аймгийн нэгэн судсан хэлхээ үр удам нь тасрахын өмнөхөн уугуул нутаг оронд нь сэргээн нутагшуулах буянтай ариун үйлсэд оролцож хүчин зүтгэсэн нийт хүмүүсийг гүнээ хүндэтгэн, талархаж байна.