Сүүн шүүдхэн хүүхдийн шүдний эмнэлгийн эмч Г.Жавзандуламтай ярилцлаа.
– Сайн байна уу. Хүүхдийн шүдний бүтцийн талаар тайлбарлаач?
-Ураг бүрэлдэж эхлэхэд хүүхдийн шүд бүрдэж эхэлдэг. Тухайн хүүхдийн онцлогоос шалтгаалан зургаан сартайгаас эхлээд эрүүний үүдэн шүд цухуйна. 2нас 5 сартайгаас 3 нас хүртэл бүх сүүн шүд буюу нийт 20 шүд ургаад дуусдаг. Ихэнх хүүхдүүд 3 насандаа 20 шүдтэй болчихсон байдаг.
-Сүүн шүд буюу төрхөд үүсэн шүд хэзээ унаж байнгын шүд нь гарч ирэх вэ?
-Тухайн хүүхдийн өсөлт, бие физиологийн онцлогоос шалтгаалж 6-8 насны хооронд эрүү үүдэн шүднээс эхэлж ургаад 12 нас хүртэл 6 жилийн хугацаанд шүд нь байнгын шүдээрээ хос хосоороо солигдоно. Энэ нь эрүүний доод үүдэн шүд уналаа гэхэд эрүүний дээд хоёр үүдэн шүд нь зэрэг гарч ирнэ гэсэн үг. Мөн 6 наснаас байнгын 6-р шүд буюу нэгдүгээр араа ургадаг. Үүнийг ихэнх эцэг, эхчүүд анзааралгүй сүүн шүд гэж андуураад цоолчихдог. Гурван насанд сүүн шүд ургаж дуусдаг.
-Шүдний ургалт удааширч унах цагтаа унахгүй байснаар ямар сөрөг нөлөөтэй вэ ?
-Шүдний эгнээний гажиг үүсэх, эсхүл зарим шүднүүд цоорохоос авхуулаад согог үүсэх эрсдэлүүд олон бий. Зөөлөн хоол иддэг хүүхдүүд эрүү, хоншоор нь өсөхгүй шүднүүд нь бөөгнөрч шүдний эгнээний гажигтай болдог.
-Чихрээс илүү ундаа шүд их хорхойтуулдаг гэж сонссон. Энэ үнэн үү?
-Амны хөндийд удаан байлгасан зүйлээс болж шүд хорхойтдог. Чихрийг хазаж иддэг хүүхдийн шүд арай бага цооролтод өртдөг бол чихрийг хүлхэж иддэг хүүхдийн шүд илүү цоордог. Ундааг шимж уудаг учир чихрээс илүү шүдэнд өнгөр тогтоодог. Тэрийгээ цэвэрлэхгүй удсанаар цооролт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
-Хөхний сүү хүүхдийн шүдний цооролтод хэр нөлөөлтэй вэ ?
-Хөхний сүү сахрын агууламж өндөр учир цооролт өгнө. Гэхдээ тогтмол цэвэрлээд байвал цооролт бага байна. Нярай болон бага насны хүүхдийн шүдийг угаана гэдгийг ихэнх хүмүүс мэддэггүй. Сураагүй байдаг.
-Арааны цооролттой хүүхдүүд их ирдэг үү?
-Маш их ирдэг. Ер нь том хүн, хүүхэд гэлтгүй үүдэн шүд болон нүдэнд харагдах хэсгийн шүдээ л угаагаад байдаг. Дотор тал, араа хэсгээ угаадаггүй. Тэгэхээр аль болох бүх шүднийхээ гадаргыг нэг бүрчлэн угаах хэрэгтэй. тэгэхийн тулд оо, сойзоо зөв сонгох нь чухал.
-Ямар оо, сойзыг зөвлөдөг вэ?
-Ер нь бүх хүнд үүдэн шүднийхээ өндөр өргөнтэй тэнцэх сойз хэрэглэхийг зөвлөдөг. Араа шүднүүдээ угаахад жижигхэн толгойтой сойзоор угаавал их зохистой. Харин хүүхдийн сойзны хувьд үүдэн 2 шүднийхээ өндөр өргөнтэй тэнцэх, дунд зэргийн хатуувтар буюу medium үстэй сойзыг зөвлөдөг. Ооны хувьд бага насны хүүхдүүд жимстэй оо-г хэрэглэж болно. Гэхдээ байгалийн гаралтай юу, химийн гаралтай юу гэдгийг нь оо-ны зааврыг нь харж хэрэглэвэл зүгээр. Худалдан авалт хийхдээ оо дээр байдаг улаан, хар, ногоон зурааснуудыг сайтар харах хэрэгтэй.
-Хүүхдийн шүдийг яаж арчлах ёстой вэ?
-0-3 насны хүүхэд оогоор шүдээ угаахаар залгиж иддэг учир оо хэрэггүй. Хуруувч марал, эсхүл тухайн хүүхдийн шүдэнд тохирсон шүдний сойзоор аяганд ус хийж норгоод шүднийх нь өнгөрийг арчиж цэвэрлэхэд болно. Харин 4 болон түүнээс дээш насны хүүхдийг фтортой болон фторгүй хүүхдэд зориулсан оогоор угаана . Мөн 6-аас дээш насны хүүхдэд өөрт нь тохирсон оо сойзыг хэрэглүүлж угаах дадалд сургах хэрэгтэй.
-Хүүхдийн шүдийг цооролтоос хамгаалж байна гэж хар түрхлэг түрхдэг. Тэр нь зөв, буруу эсэх дээр олон эцэг, эхчүүд эргэлзээтэй байдаг. Үүнийг тайлбарлавал?
-Хар түрхлэг бол цооролтоос хамгаалдаг түрхлэг биш. Цоорсон шүдийг тухайн түвшинд нь зогсоож, цоорлын эрчийг нь буруулдаг түрхлэг. Энэ дээр ихэнх хүмүүс буруу ойлголттой явдаг. Хамгаалдаг түрхлэг бол фтор. Фтор ч гэсэн 100 хувь хамгаалдаг гэж ойлгож болохгүй. Ер нь хувь хүний амны хөндийн ариун цэвэр, арчилгаанаас шалтгаална.
-Хэдий хугацаанд тогтмол үзлэгт орох ёстой байдаг вэ?
-Эрүүл шүдтэй хүүхэд улиралдаа буюу 6 сардаа нэг үзүүлээд шаардлагатай бол цооролтоос сэргийлэх фтор түрхлэгээ түрхүүлээд явах хэрэгтэй. Ер нь тогтмол шүдээ үзүүлэх нь цоорлыг эрт үед нь оношлох эсхүл цоорохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.
Зажлах үйлдэл сайн байвал эрүү хоншоор тэлж, шүднүүд зайндаа бүрэн гарч ирснээр шүдний эгнээний гажиг үүсэхгүй байх боломжтой.
-Шүдний эмнэлэг ямар үед илүү ачаалалтай ажилладаг вэ?
-Хамгийн ачаалалтай үе бол хичээл орох болон хичээл амарсны дараах үеүд байдаг. Мөн баяр ёслолын дараагаар их ирнэ.
-Хамгийн багадаа хэдэн настай хүүхэд ирэх үү?
-Хөхний сүүгээр хооллодог 8, 9 сартай хүүхдүүд ирнэ. Дээр нь эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас шалтгаалж шүд нь хавдсан, идээлсэн, эсхүл шүдээ булгалсан хүүхдүүд ирдэг. Ялангуяа ширээний булан мөргүүлчихлээ, цонхны тавцан мөргүүлчихлээ, ширээ, орон дээрээс унагачихлаа гэсэн эцэг эхчүүд ирдэг. Тийм хүүхдүүдийн шүд нь унаж, хугарсан байдаг.
-Эмчилгээ хийлгээд явсан хүүхэд хэдий хугацааны дараа эргээд ирдэг вэ?
-Эцэг эх нь зөвлөгөөгөө сайн дагаад тогтмол хяналтаа ороод явбал 3-6 сардаа нэг ирнэ. Харин эмчилгээ тасалж алга болбол хоёр жилийн дараа эргээд ирдэг. Ер нь эцэг эх хариуцлагаа хэр ухамсарласан бэ гэдгээс л шалтгаалдаг.
–Хүүхдийн шүдийг авахад болон аппарат зүүлгэхэд нас заадаг уу?
-Шүд авахад нас заадаггүй. Юу ч үгүй болтол нь хугалаад ирвэл авахаас өөр арга байдаггүй. Харин аппарат зүүхэд ямар гажигтайгаас шалтгаалж ихэнхдээ 6 наснаас эхлэн зүүнэ гэсэн байдаг.
-Бага насны хүүхдийн шүдийг эмчлэхдээ өвчин намдаах тарилга хийдэг үү. Нас заасан байдаг уу?
-Оношноосоо шалтгаална. Шаардлагатай гэвэл нас хамаарахгүйгээр өвчин намдаагч хийж болно.
-Эмнэлэг орох боломжгүй нөхцөлд, шөнө оройн цагаар шүд өвдвөл хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Эхлээд өвчин намдаах эм ууна. Мөн антибиотик ууж болно. Хүүхдийн нас, өндөр, жингээс хамаарч антибиотикийн тунг эмч нар бичиж өгсөн байдаг. Тэгэхээр дийлэнх эцэг эхчүүд манай хүүхдэд энэ төрлийн антибиотикийг ийм тунгаар уудаг гэдгийг мэддэг учир антибиотик уулгаж болно. Эм зуулгах, 00 түрхэх зэрэг нь нөлөөлдөггүй шүү.
-Эцэг эхчүүдийг хамт оруулах нь зөв үү, буруу юу?
-Ихэнхдээ эцэг эхчүүдийг хамт оруулдаг. Учир нь цоорлынх нь хөндийг харуулж, ямар эмчилгээ хийгдэж байгааг харуулах хэрэгтэй байдаг. Цооролтыг хараагүй эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд анхаардаггүй. Харин харсны дараагаар сайтар цэвэрлэж, анхаарлаа хандуулж эхэлдэг.
-Таны зүгээс эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө?
-Монгол эцэг эхчүүд хүндэрснийх нь дараа ялангуяа бүр хавдахаар нь ирдэг. Тийм болсон шүд эмчилсэн ч гэсэн ихдээ 2-5 жилийн хугацаанд л өвчингүй байна. Тэгээд дахиад л хоёр дахь цооролт үүснэ. Тэгж явсаар эрт авагддаг. Энэ нь шүдний гажигт эрт өртөнө гэсэн үг. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгтээ тогтмол хамрагдаасай л гэж хүсэж байна.
М.Сайнзаяа