Categories
мэдээ нийгэм

Бага насны 2 хүүхэд тогтоол усанд осолджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 20:00 цагт “Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн.

Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад Орхон суманд оршин суух зургаан настай, эрэгтэй “Т”, долоон настай, эрэгтэй “Э” нар нь тогтоол усанд живж нас барсан хэргийг шалгаж байна.

Шалгалтын явцад 1 метр 40 сантиметрийн гүнтэй байгалийн тогтоол усанд хүүхдүүд тоглохоор орсон байдал тогтоогдож байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ ахуйн осол гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг гэрээгээр ажиллуулахыг дэмжихгүй DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцсэн байна.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувьчлалыг хүчингүй болгохтой холбоотой тогтоолын төслийг хэлэлцжээ.


Энэ талаар тус бүлгийн ларга Д.Тогтохсүрэн хэвлэлийн хурал хийхдээ, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд МАН-ын бүлгээс завсарлага авсан. Учир нь хуулийн төслөөр өнөөдрийн өргөн барьсан хүрээнд УИХ-ын гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлагатай байсан юм. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хуулийн төслүүдийн тодорхой заалтуудыг өөрчилөх зөв гэж үзлээ. Тодруулбал, хуулийн төслийн 34 дүгээр зүйлд заасан улс орны нийгэм, эдийн засгийн томоохон төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг гэрээ байгуулах аргаар сонгох тухай заалт, мөн 3.13-д тусгасан УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад орсон төсөл арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг төрийн өмчит болон, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж санхүүжүүлж байгаа бол энэхүү хуулийн төслийг дагаж мөрдөхгүй талаар тусгасан байдаг. Эдгээр заалтуудыг дэмжихгүй, харин бусад найман заалтыг дэмжих нь зүйтэй гэдэгт гишүүдийн байр суурь нэгдлээ. Тиймээс Төсвийн байнгын хороонд ажлын баг гарч, дээрх заалтуудыг хасах саналыг тусгаж, хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус бүлэг зарчмын хувьд дэмжиж байгаа бөгөөд хоёр заалтад онцгой анхаарал хандуулж байгаа аж. Үүнд, төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг нэг жилийн хугацаатай гэрээний дагуу ажиллуулах, мөн НҮБ, болон олон улсын байгууллагад ажиллаж байсан иргэнийг төрийн албанд гэрээгээр ажиллаж болохыг дэмжсэн хуулийн заалтууд байсныг бүлгийн гишүүд шүүмжлэлтэй байр сууринаас хандаж, дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ингэснээр УИХ-аас ажлын баг гарч, энэхүү заалтыг өөрчлөн найруулах, шаардлагатай тохолдолд хасах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ” хэмээв.

Мөн тус бүлэг Хөтөлийн цемент шохой ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжсэн байна. УИХ-аас ажлын баг гарч, Засгийн газар, Төрийн өмчийн хороотой хамтарч ажиллах, цаашид энэхүү тогтоолоос гарч болох үр дагаваруудын талаар тодорхой заалтуудыг оруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Мянгад сум нарны цахилгаан станц сүлжээнд холбогджээ DNN.mn

Ховд аймгийн Мянгад сумын нутагт “Мянгад” 10 МВт-ын нарны цахилгаан станц сүлжээнд холбогдлоо. Уг нарны цахилгаан сүлжээнд холбогдсоноор жилд 17-22 сая сая квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд баруун бүсийн нийт хэрэглээний 10 орчим хувийг хангах боломжтой аж. Улмаар ОХУ-аас худалдаж авах эрчим хүчний зардлыг жилд дунджаар 3.4 тэрбум төгрөгөөр хэмнэх урьдчилсан тооцоо гарсан талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл энэ сарын 26-наас эхэлнэ DNN.mn

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системээр 2022 оны тавдугаар сарын 26-ны өдөр явагдах бөгөөд системийг 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдах юм байна.

Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс 2 хоногийн өмнө буюу 2022 оны тавдугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас /hudulmur-halamj.gov.mn, monkor.net/ фэйсбүүк пэйжид байршуулах аж.
Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  • 18- 39 настай байх (1982 оны 5 дугаар сарын 26-наас 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх;
  • Бүртгүүлэхэд урьдчилан бэлтгэх зүйл:
  • Цээж зураг (Хуулбарыг файлаар бэлтгэх) Хэрэв цээж зураг нь гадаад пасспорт иргэний үнэмлэхнээс өөр байвал шалгалт өгөх боломжгүй болно. 15 kb-аас доош хэмжээтэй файл (100~300 пиксел. Jpg) Цээж зургийг цагаан дэвсгэр дээр бараан хувцастай авахуулсан байна. (сүүлийн 3 сарын дотор). 1 хувь цээж зураг (хэмжээ 3,5*4,5см)-ийг файлаар урьдчилан бэлтгэсэн байх. Өөрийн цээж зургийг селфи хэлбэрээр болон бусад шаардлага хангахгүй байдлаар оруулсан тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгоно.
  • Гадаад паспорт (иргэний үнэмлэх)-ын хуулбарын файл, Овог, нэр англиар /латин үсгээр/ бичигдсэн байна. СХТТШ-нд бүртгүүлэх үеийн хувийн мэдээлэл паспортаас зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болох ба энэ нь бүртгүүлэгчийн хариуцлагатай холбоотой тул бүртгүүлэхээсээ өмнө гадаад паспортыг бэлтгэхийг зөвлөж байна.
  • Бүртгүүлэх үед тэмдэглэсэн англи овог нэр, төрсөн он, сар, өдөр, хүйс, цээж зураг зэрэг нь дараа тухайн иргэнийг Cолонгос Улсад ажилд зуучлахад ашиглагдах бөгөөд өөрчилж солих боломжгүй.
  • Бүртгэлийн хураамж: 24 америк доллартай тэнцэх Монгол төгрөг аж.

Шалгалт өгөх хуваарийг 2022 оны наймдугаар сарын 8-ны өдөр зарлана. Шалгалт наймдугаар сарын 22 -ноос есдүгээр сарын.27 хооронд явагдана.

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл лхагва гарагт болно

Categories
гадаад мэдээ

Агаарын шоуны үеэр хоёр сөнөөгч онгоц мөргөлджээ DNN.mn

Францад болсон агаарын шоуны үеэр хоёр Рафэль сөнөөгч онгоц мөргөлдсөн талаар ВВС агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ осол тавдугаар сарын 22-ны өдөр, Коньяк тосгоны нутаг дэвсгэр дээр болсон байна. Хоёр онгоц мөргөлдсөний улмаас нэг онгоцны сүүлэн хэсэг гэмтэж, онгоцны хэлтэрхий Женсак-ла-Паллю тосгон дахь орон сууцны барилга дээр унажээ.

Ослын үеэр хоёр нисгэгч амжилттай газардаж чадсан гэнэ. Мөн онгоцны хэлтэрхий унасны улмаас хүний амь нас эрсдээгүй, гэмтэж бэртсэн хүн гараагүй аж. Одоо холбогдох албаныхан онгоц мөргөлдсөний шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсад нийт 529 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна DNN.mn

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан нийт 529 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ 3.0 их наяд төгрөг хүрсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 61.3 хувиар өсөж 2.3 их наяд төгрөгт хүрсэн ба зээлийн үлдэгдлийн 35.1 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл. Нийт зээлийн үлдэгдлийн 88.1 хувийг иргэдийн, 11.9 хувийг хуулийн этгээдийн зээл эзэлж байна.

Салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.4 дахин нэмэгдэж 1.4 саяд хүрсэн бол нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 4.6 сая байна. Энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр өсөж 3.1 хувьтай байна. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.6 сая төгрөг, финтекийн зээлдэгчид нийт 1.2 сая буюу нийт зээлдэгчдийн 80.0 хувь, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 304.9 мянган төгрөг байна.

Санхүүгийн зах зээлийн энэ оны нэгдүгээр улирлын тоймтой дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарж уншина уу.

Categories
мэдээ цаг-үе

Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

2022 оны 05 дугаар сарын 23-наас 5 дугаар сарын 30-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр, хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, бусад хугацаанд халж, говь, талын нутгаар хуурай салхитай байна.

Хур тунадас: 24-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд Дорнодын тал нутгаар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 24, 29-нд говь, талын нутгаар, 27, 28-нд зарим газраар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр бага зэрэг сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Сармагчны цэцэг өвчний тууралт биеийн аль ч хэсэгт гарч болно DNN.mn

Сармагчны цэцэг өвчний (monkeypox) вирус нутагшмал тархалттай орноос гадна Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг нутагшмал бус 11 оронд бүртгэгдээд байна. Тиймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

Олон улсад бүртгэгдсэн энэ өвчний үед дараах шинж тэмдэг илэрч байгаа аж. Тодруулбал

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Булчин, үе мөчөөр өвдөх
  • Арьсаар тууралт гарах
  • Тунгалгийн булчирхай хавдах
  • Бие арзайх

Тууралт нь ихэвчлэн халуурч эхэлснээс хойш 1-3 хоногийн дотор гарах бөгөөд шаргал шингэнээр дүүрсэн шархлаат тууралт байдаг. Уг өвчний тууралт нүүр, гарын алга, хөлийн ул, ам, бэлэг эрхтэн, нүд зэрэг биеийн аль ч хэсэгт гарч болно хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас (ЭМЯ) мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

БШУЯ: Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсон хүүхэд амиа алдсан гэдэг нь ташаа мэдээлэл DNN.mn

Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас сурагч амиа алджээ гэх мэдээлэл цацагдсан.

Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яам дараах тайлбарыг өгч байна.

БШУЯ-ны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан “Амны хаалттай биеийн тамирын хичээлд орж, дасгал хийсэн хоёр хүүхэд ухаан алдсан, тархинд цус харвасан, амиа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага, боловсролын газруудтай холбогдон мэдээлэл тодруулахад ташаа гэдэг нь тогтоогдсон” гэлээ.

Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох “Амралтын өдрүүдээр бүх сургуультай холбогдож мэдээлэл тодруулсан. Нийслэлийн нэг сургууль дээр зургаадугаар ангийн сурагч бэртсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, биеийн тамирын хичээлдээ орохоор явж байх үедээ бэртсэн байсан. Сургуулийн гадаах хяналтын камерыг шалгахад гадаа нөлөөгүйгээр бэртсэн нь тогтоогдсон. Сурагчийг ар гэрийнхэн нь эмнэлэгт эмчлүүлж байгаа.

Мөн тавдугаар сарын 13-нд аравдугаар ангийн нэг хүүхэд зүрхний шигдээс гэх оноштойгоор гэртээ амь насаа алдсан тохиолдол гарсан байна. Энэ бол биеийн тамирын хичээлтэй холбоогүй.

Одоогоор биеийн тамирын хичээлд сурагчид амны хаалтгүй оруулж байгаа” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Ганбат: Өнөөдрийн байдлаар иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй болсон DNN.mn

АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хэрхэвч дэмжиж болохгүй хэд хэдэн зүйл заалт байна. Тухайлбал, доромжлох, гүтгэх заалтыг эрүүгийн хууль руу оруулж байна. Хэвлэлд үзэл бодлоо илэрхийлсний төлөө гүтгэх гэдэг заалтаар эрүүгийн хариуцлага хүлээхээр болсон байна. Энэ буруу. Ийм зүйлийг дэмжиж болохгүй. Намайг “данх” гээд л нэрлэдэг. Хэлж л байна биз. Үүнд эмзэглээд байх зүйл байхгүй. Уг нь сүүлийн хэдэн жил цагдаа хүмүүсийг дураараа дуудаж, гадна хүлээдэг явдаг байхгүй болсон. Гэтэл одоо энэ байдал үгүй болж, цагдаагийн үүдэнд хэн дуртайгаа өдрийн турш үүдэндээ суулгадаг болох гээд байна. Энэ бол хүний эрхийг зөрчсөн үйлдэл.

Хоёрдугаарт, Монгол Улсын өрийн асуудлаар маш хүнд байна. Иргэн болгон өнөөдрийн байдлаар 30 сая төгрөгийн өртэй болчихоод байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар өрийн талаар байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй санал нэг байгаа. Өрийн асуудлаа шийдэхгүй бол 2030 онд улс орноосоо хөөгдөх вий гэсэн. Бараг 2025, 2026 онд гэхэд л хөөгдөх дээрээ тулаад байна. Ард түмэн үүнийг тэсэхгүй. Тэглээ гээд ард түмэн энэ өрийг төлж болохгүй гэдэгтэй АН санал нэг байна” гэлээ.