Categories
мэдээ нийгэм

“Усан хөөрөгний хөдөлгөөнт үзүүлэнг” шинээр хийж, байршуулжээ DNN.mn

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн механик жолооч, ахлах ахлагч Б.Балдорж ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн гал унтраах автомашины жолоочийн 417 дугаар дамжааны сонсогч нартай хамтран “Усан хөөрөгний хөдөлгөөнт үзүүлэн”- шинээр санаачлан хийлээ.

Үзүүлэнг Ахлагчийн сургуулийн 503 дугаар лабораторийн өрөөнд байрлуулсан байна.

Ингэснээр сонсогч нарт гал унтраах автомашины усан хөөрөгний бүтэц зохион байгуулалт, ашиглах үйл явц, засвар үйлчилгээ тосолгоо, цахилгаан хэлхээ, нуур цөөрөм, гол, усан сангаас автоцистерэнгээс усыг дамжуулах арга барил болон усан хөөргийг ажиллуулах ур чадварыг сурч эзэмших ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны гишүүдийн хурал боллоо DNN.mn

Олимпын чуулган болсноос хойш хоёр сарын дотор Гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах дүрэмтэй. Үүний дагуу өнөөдөр /V.23/ МҮОХ-ны Гишүүдийн хурал боллоо. МҮОХ-ны байранд танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдсан энэхүү хурал чуулганаас сонгогдсон бүрэлдэхүүний анхны гишүүдийн хурал гэдгээрээ онцлог байв.

Хурлаар МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, эхний хагас жилийн урьдчилсан тайланг сонсож, 2022 оны төсөв, ажлын төлөвлөгөөг батлав.

Мөн МҮОХ-ны дүрмийн зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Энэ удаагийн Гишүүдийн хурал “Спорт-ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор явагдсан юм. Хурлын үеэр МҮОХ-ны Ногоон хөгжлийн асуудал хариуцсан комиссоос гишүүдэд хандан ногоон орчин бий бий болгох үйлсэд хамтран зүтгэхийг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

“Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” асуудлаар хэлэлцлээ DNN.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ. Энэ хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эрдэмтэн, судлаач, хуульчдын санал, зөвлөмжийг сонсох хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэг ажилласан. Тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ улс төрийн намууд болон УИХ-ын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжиж 100 мянган иргэнээс сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын даргад санал, шаардлага ирүүлсэн учир УИХ-ын даргын захирамжаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулан санал, шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан гээд УИХ-ын даргад ирүүлсэн санал, шаардлагыг танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсэг улс төрийн намууд болон иргэдээс ирүүлсэн шаардлагуудын үндсэн дээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжит ямар хувилбарууд байх вэ, сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн болон бусад органик хуулийн хүрээнд ямар өөрчлөлт хийж болох вэ зэрэг өргөн хүрээтэй асуудлыг судалж буй бөгөөд энэ хүрээнд цуврал хэлэлцүүлэг өрнүүлж буйг мөн хэлсэн үгэндээ дурьдсан.

Түүнчлэн, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш гурван жилийн дараа дахин өөрчлөлт оруулахад хүрвэл чухам ямар үндэслэлүүд байна, эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол ямар сөрөг үр дагаварт хүрэх, өөрчлөлт хийснээр Монголын ардчилал, парламентын засаглалыг бэхжүүлэхэд ямар эерэг үр нөлөө авчрах вэ гэдэг тухайд итгэл үнэмшил бүхий, үндэслэл нотолгоотой дүгнэлтүүдийг гаргах үүргийг Ажлын хэсэг хүлээж буйг дурьдлаа.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд мөн үг хэлэв. Тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага зайлшгүй байна уу гэдгийг энэ долоо хоногийн туршид эрдэмтэн, судлаачид, хуульчдаас гадна улс төрийн намуудын удирдлагууд, мөн ардчилсан Үндсэн хууль тогтоогчид зэрэг нийгмийн бүлгүүдийг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, ярилцах бөгөөд дүнг нэгтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулах талаар болон энэ асуудлыг өнөөгийн хууль тогтоомжтой нийцүүлэн хэрхэн хэлэлцэж болох талаар байр сууриа илэрхийлэв.

Үргэлжлүүлэн хүрэлцэн ирсэн оролцогчид саналаа хэлж, УИХ-ын гишүүдээс хэлэлцүүлгийн сэдвийн дагуу асуулт асууж, хариулт авсан. Д.Үүрцайх, Н.Мягмарцоож, П.Амаржаргал, Т.Туяачимэг, Я.Төгөлдөр, Г.Чулуунбаатар, Б.Гүнбилэг, А.Цанжид нарын эрдэмтэн судлаачид, хуульчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нийгмийн зөвшилцлийг ханган хийх нь зөв, гэхдээ сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс өмнө Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэн батлах шаардлагатай, сонгуулийн тогтолцооноос илүү улс төрийн намын санхүүжилтийг хянах нь чухал асуудал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага бодитоор үүссэн үү гэдэгт нухацтай хандах, хэрвээ тийм шаардлага үүссэн гэж үзэхгүй бол улс төрийн намууд хийгээд иргэдийн тавьж буй шаардлагыг органик хуулиар зохицуулах боломжтой талаар болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буруу гарсныг ямар арга замаар, хэрхэн, яаж засах вэ гэдэгт толгойгоо уралдуулах шаардлагатай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулалгүйгээр сонгуулийн тогтолцоог Улсын Их Хурал ямар л бол ямар хэлбэрээр өөрчлөөд явах эрх нь бий, гишүүдийн тоог нэмж, төвлөрсөн эрх мэдлийг сааруулах шаардлагатай гэх зэргээр өөрсдийн саналаа илэрхийллээ.

Түүнчлэн оролцогчдын зүгээс сонгуулийн тогтолцооны аль хэлбэрийг сонгох талаар Ажлын хэсгийн байр суурийг тодруулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар энэ парламентын олонх буюу Монгол ардын намын бүлэг албан ёсоор санал гаргасан, нэгдсэн байр суурьт хүрсэн асуудал байхгүй, Бүлэг дээрээ албан ёсоор асуудал болгож яриагүй байгаа талаар хэлэв.

Мөн оролцогчдын санал, асуулттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдаж буй ч засаглалын хэлбэр солих, хоёр танхимтай парламент бий болох зэрэг асуудлыг хүлээн авах боломжгүй гэдэг ерөнхий ойлголттой байгаа талаар хариуллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирэх лхагва гарагт эл асуудлаар улс төрийн намуудын удирдлагууд, баасан гарагт ардчилсан Үндсэн хууль тогтоогчдыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлэх чиглэлтэй байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүллээ DNN.mn


Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудлын өрөөнд манай дүүг хүмүүс зодоод утсыг нь авсан байна” гэсэн мэдээллийг 05-р сарын 22-ны өдрийн 23:15 цагт цагдаагийн байгууллагад өгчээ.

Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүрэгт оршин суух 21 настай, эрэгтэй “Ө” гэгчийг 21 настай, эрэгтэй “Ц” нь бусадтай бүлэглэн зодож IPhone 6S загварын гар утсыг дээрэмдсэн хэргийг жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай шалгаж, илрүүлжээ.

Энэ хэрэгт Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо DNN.mn

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейз, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра болон төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд зэрэг 120 гаруй төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд олсон ололтыг бататгаж, алдсан алдаанаас сургамж авч, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлэхэд төрийн зохицуулалтын механизмыг чадварлагаар ашиглах шаардлага тулгарч байна.Бид өнгөрсөн он жилүүдэд эрэлт, нийлүүлэлт бүхнийг зохицуулаад явна гэж зах зээлийн үл үзэгдэгч гарт найдаж байснаас төрийн зохицуулалтыг сонгодог утгаараа хэрэгжүүлж чадаагүй. Хяналтгүй, зохицуулалтгүй, замбараагүй гэмээр үзэгдэл газар авч, нутаг дэвсгэрийнхээ ихэнх хэсгийг хамарсан 7000 гаруй лицензийг тооцоо судалгаагүй тарааж, 550 сүм хийд, 60-70 телевиз, 200 гаруй их дээд сургууль байгуулах эрхийг олгожээ.

Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдал биднийг өмнөх шигээ амьдарч болохгүйг харуулсаар байна. Аливаа сорилт буюу хямрал үргэлж шинэ боломжийг нээдэг. Бид бүхнийг шинээр сэтгэж, шинээр хийж бүтээх эргэлтийн цэг дээр ирээд байна. Хандлагаа өөрчлөх цаг боллоо.

Монголчууд өөрсдөө хэрэгцээт зүйлсээ бүтээж, үйлдвэрлэж байж бусдаас хараат байдлаа залруулж чадна. Монголын хөгжлийг монгол хүн бүрийн амьдралын чанар дээшилсэн эсэхээр л хэмжинэ. Монгол хүн эх орондоо хийх ажилтай, ашиг орлоготой, орох оронтой, дутах юмгүй, сайхан амьдрах тэр бүх боломжийг төр бүрдүүлэх учиртай. Үүнийг төрийн зохицуулалтгүйгээр хийх боломжгүй. “Алсын хараа 2050” үзэл баримтлалд тусгагдсан хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улс 2021 оноос эхлэн эдийн засгаа жил тутам 7 орчим хувиар өсгөж байх ёстой. Гэтэл 2022 онд Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар агшиж, 2023 онд огт өсөхгүй байх гэсэн тооцоог Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас гаргаад байна.Эдийн засгийн өсөлт буурахад инфляцын дарамт, хил гааль, тээвэр логистикийн асуудал голлон нөлөөлж, хилийн боомтууд хаалттай байгаа учраас дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийг ашиглах боломж буураад байна.

Энэ нөхцөлд бид эдийн засгийн өсөлтийг бууруулахгүй, тогтвортой байлгахын тулд боломжтой бүх арга хэмжээг авч, ажлын байруудыг шинээр бий болгох идэвх санаачилгыг бүх талаар дэмжиж, экспортыг төрөлжүүлэх, эрчим хүчний болон түлш, шатахууны хараат байдлыг бууруулах, хүнсний хангамжид онцгой анхаарч, мал аж ахуй, газар тариаланд оруулах хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, ялангуяа орон нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, фермерийн аж ахуйг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг кластер байдлаар хөгжүүлэх хэрэгтэй байна” хэмээгээд энэхүү хэлэлцүүлгээс шинэлэг, ухаалаг шийдлийн олон санал гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” сэдвээр үндсэн илтгэлийг тавилаа.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн 5.4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан. Төрийн зохицуулалтын гол зорилго нь иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, орлогын тэгш хуваарилалтыг дэмжих, аливаа алдаа гажуудлыг засахад чиглэдэг. Шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагааг дэмжих бодлого хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл байх учиртай. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарыг төрийн урт хугацааны тогтвортой бодлогоор дэмжих хэрэгтэй. Хүний хөгжлийг дэмжих, шинжлэх ухаан, технологийн ололтыг ашигласан хөгжлийн загвараа зөв тодорхойлох цаг болсон гэдгийг илтгэлдээ онцоллоо.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейз Европын Холбооны төрийн бодлого, зохицуулалтын онцлог, үйл ажиллагааны бүтцийн талаар товч танилцуулж, Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Мөн “Төрийн зохицуулалт: Япон Улсын туршлагаас” сэдвээр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Эдийн засагч Ч.Хашчулуун нар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, төрийн зохицуулалтын талаар авч хэрэгжүүлэх бодлогын шийдлийн талаар санал бодлоо хуваалцсан юм.

Бизнесийн орчноо сайжруулахгүй бол гадаадын хөрөнгө оруулалтаар бүх асуудлыг шийдэх нь урт хугацаандаа эрсдэлтэй. Зах зээл өөрөө зохицуулах боломжгүй нөхцөл үүссэн үед л төрийн оролцоо, зохицуулалтыг хийдэг тогтолцоо хэрэгтэй. Татвар төлөх чадвартай хувийн хэвшлийг олноор бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, халамжаас зайлсхийж төсвийн зардлыг тэлэхгүй байх нь төрийн зохицуулалтын гол чиглэл байх хэрэгтэйг тэд онцоллоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид оновчтой, зохистой, хэм хэмжээтэй төрийн зохицуулалт зайлшгүй байх хэрэгтэй гэдгийг санал нэгтэй илэрхийлж байлаа. Тухайлбал, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд төрөөс тодорхой зохицуулалт байх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, хөдөлмөрийн зах зээлийн харилцааг анхаарах цаг болсныг ч хэлж байлаа. Хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг хөдөлмөрийн бодлогоор дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр төрийн оновчтой бодлого дутагдаж байгааг шүүмжлэв.

Түүнчлэн эдийн засгийг тогтворжуулах бодлогоос гадна хүний хөгжлийг дэмжих, үндэсний баялгийн орлогын хуваарилалтыг зөв хийх, аль ч салбарт монополь үүсгэхгүй байхад анхаарах шаардлагатайг хэлж байлаа. Олон улсын сайн туршлагаас суралцахдаа өөрийн орны онцлогт тохируулах, уламжлал шинэчлэлийн зохист харилцааг олох зэрэг асуудлуудыг хэлэлцүүлгийн үеэр хөндөж ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд автомашин онхолдож 2 хүн нас барж, 5 хүн гэмтлээ DNN.mn

“Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдож хоёр хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл энэ сарын 22-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлагын дагуу шалгахад Галуут сумын нутаг дэвсгэрт “Toyota Prius-11″ маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоодох эрхийн үнэмлэхгүй 16 настай, эрэгтэй “М”, зорчигч 46 настай эрэгтэй “Э” нар нас барж, 5 хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан согтууруулах ундаа хэрэглэсэн хүн болон

Categories
мэдээ нийгэм

Үйлчилгээний салбарын орлого 48 хувиар өсчээ DNN.mn

ҮСХ-ны ээлжит мэдээллээр нийтийн хоол, зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээний салбарын орлого өмнөх сараас 48 хувиар өссөн дүнтэй байна. Тодруулбал, энэ оны эхний улиралд нийтийн хоол, зочид буудлын орлого 205.7 тэрбум болж өмнөх оны мөн үеэс 73.7 тэрбум төгрөгөөр буюу 55.8 хувиар өсчээ.

Тус салбарын орлого нэмэгдэхэд рестораны орлого өмнөх оноос 53.6 тэрбум төгрөгөөр буюу 73.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин зочид буудлын орлого эхний улиралд 90.1 тэрбум төгрөгт хүрч өмнө оноос 34.2 тэрбум төгрөгөөр буюу 90 хувиар нэмэгджээ. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 24.5 тэрбум төгрөгөөр буюу 2 дахин нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ. Зэрэглэлгүй зочид буудлын болон амралтын газрын орлого 8.7 тэрбум төгрөгөөр буюу 76.1 хувиар өсчээ.

Categories
мэдээ нийгэм

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ: Бассейн, хоккейн талбайтай спорт цогцолбор ашиглалтад орлоо DNN.mn

Чингэлтэй дүүрэгт хоёр спорт цогцолбор ашиглалтад орлоо.

Тус дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байгуулсан 1000 хүний суудалтай, гурван блок бүхий дөрвөн давхар спорт цогцолбор нь бялдаржуулах танхим, спорт заал, теннисийн өрөө, усан бассейн, хоккейн талбай, бөх, боксын бэлтгэлийн өрөөтэй юм.

Харин 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дээд салхитад байрлах соёл, спорт, аялал жуулчлалын цогцолбор нь хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннисийн талбайгаас бүрдэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: “Сармагчны цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх хэрэгтэй DNN.mn

Сармагчны цэцэг өвчин дэлхийн олон оронд бүртгэгдэж байгаа. Цар тахлын дэглэм суларч, иргэд энгийн амьдралын хэв маягт шилжсэн өнөө үед шинэ төрлийн тахал дэгдэв үү гэх айдас олон нийтийн дунд бий болоод буй. Тэгвэл уг өвчний талаар Эрүүл Мэндийн Яамны (ЭМЯ) Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.

Тэрээр “Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэхээр тандалт хийх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийн харилцаа холбоог идэвхжүүлэх төлөвлөгөө гаргаж байгаа. Үүний хүрээнд хилийн нэвтрэх цэгийн тандалтыг сайжруулах, нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл өгч байна. Мөн эмч ажилчдыг сургаж хариу арга хэмжээг идэвхжүүлж ажиллана. Хэрэв халдварт өвчин батлагдсан тохиолдолд тухайн хүнийг хамгийн багадаа 14 хоног тусгаарлах шаардлагатай. Гаднын улс орноос ирж буй иргэдийн халууныг нь үзэж, салхин цэцгийн вакцин эсэхийг нь асууна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь чухал” гэв.

Categories
гадаад мэдээ

Ж.Байден, К.Фүмио нар аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллахаа амлав DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар аюулгүй байдлын асуудлаар нягт хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Цагаан ордон мэдээлсэн байна.

Ж.Байден Японд айлчилж буй бөгөөд хоёр улсын удирдагчид өнөөдөр хэлэлцээ хийсэн юм.

“АНУ, Японы удирдагчид “БНАСАУ-ын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөр, олон улсын хууль тогтоомжид харшилж буй Хятадын үйл ажиллагаа” зэрэг аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ” гэж хоёр орны удирдагчдын уулзалтын дараа гаргасан Цагаан ордны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

Талууд мөн “шинэ технологи, нийлүүлэлтийн аюулгүй гинжин хэлхээ, цэвэр эрчим хүч” зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн байдалд оролцоогоо бэхжүүлэх Вашингтоны эрмэлзлийг харуулж байна гэж Японы Ерөнхий сайд хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Ж.Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар анхны айлчлалаа Японд хийж буйд би баяртай байна. Америк улс бол эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг өөрчлөгдөшгүй үнэт зүйлсийг хуваалцдаг Японы цорын ганц холбоотон юм. АНУ-тай эвсэх нь манай аюулгүй байдлын бодлогын тулгын гурван чулууны нэг юм. Япон-АНУ-ын дээд хэмжээний уулзалт нь урьд өмнө хэзээ ч байгаагүй чухал хоёр утгатай” гэж К.Фүмио хэлжээ.

Түүний хэлснээр, “тэдгээрийн нэг нь бид Украины хямралтай тулгарсан явдал юм”. “Одоо манай хоёр улсын эв нэгдэл урьд өмнөхөөсөө илүү хэрэгтэй байна. Өөр нэг утга учир нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг хангах явдал юм. Үүнд Япон, АНУ тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ утгаараа Ерөнхийлөгч Байдены айлчлал энэ бүс нутагт оролцоогоо үргэлжлүүлэн бэхжүүлэх АНУ-ын зорилгыг тодорхой харуулж байгааг би өндрөөр үнэлж байна” гэж Японы Ерөнхий сайд хэлсэн байна.

Ж.Байден ням гарагт Японд хүрэлцэн ирсэн боловч айлчлалын албан ёсны хэсэг даваа гарагт эхэлжээ. Өнөөдөр тэрбээр Японы эзэн хаанд бараалхсан юм.