Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн өрийн хэмжээ нэмэгджээ DNN.mn

Дэлхийн нийт өрийн хэмжээ (өрхийн аж ахуй, санхүүгийн бус корпораци, засгийн газар болон санхүүгийн салбарын бүх өрийг оруулан тооцсон) энэ жилийн эхний улиралд 3.3 их наядаар нэмэгдэн, 305 их наяд долларын хэмжээнд очжээ. Энэ дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 348 хувьтай тэнцэж буй. Санхүүгийн салбарын өрийн нийлбэр нь 236 их наяд болж цар тахлын өмнөх жилүүдээс 40 их наядаар нэмэгджээ.

Өрийн дийлэнх нь хөгжиж буй эдийн засгийнх бөгөөд 206.7 их наяд (жилийн өмнө- 204,4 их наяд байв) болжээ. Өндөр хөгжилтэй эдийн засгийн өр 98,6 их наяд болсон бөгөөд оны эхний улиралд Хятад (+2.5 их наяд) болон АНУ (1.8 их наяд)-ын өр нэмэгджээ. Харин Евро бүсэд гурван улирал дараалан өрийн дарамт бууж иржээ.

Categories
мэдээ нийгэм

Сармагчны цэцэг өвчин 36 улсад бүртгэгджээ DNN.mn

Сармагчны цэцэг өвчний тохиолдол Африкаас гадна нийт 36 улсад илрээд байна. Тэдгээр дунд Испани, Португали, АНУ, Австрали, Шотланд, Дани зэрэг орнууд байгаа бөгөөд нийт 100 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Даваа гарагт Англид шинээр 36 тохиолдол илэрч, Их Британи даяар нийт 57 тохиолдол бүртгэв. Челси хотод халдвар тээгчтэй хавьталд орсон эмнэлгийн 10 ажилтныг тусгаарласан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сармагчны цэцэг өвчний вирус одоогоор мутацлагдаагүй байна гэж тус байгууллагын цэцэг өвчинтэй тэмцэх хэлтсийн дарга Розамунд Люис мэдэгджээ. Түүний хэлснээр сармагчны цэцэг өвчний вирусний мутацлагдах давтамж харьцангуй бага боловч ДЭМБ одоогийн дэгдэлтийн шалтгааныг олохын тулд геномын дараалал тогтоохоор ажиллаж байгаа аж.

ДЭМБ-аас дэлхийн улс орнуудын эмнэлгүүдийн арьсны эмч нараас уг өвчний шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулахыг хүсэж байна.

Ковид-19 цар тахлын эсрэг ДЭМБ-ын хөтөлбөрийн захирал, шинжээч Мария фон Керчов “одоогийн дэгдэлт ноцтой аюул учруулахгүй, ялангуяа Европт” гэв. “Нөхцөл байдал хяналтад байна” гэлээ. Халдвар авагсдын багагүй хувь нь ижил хүйстэн болон бисексуал хүмүүс байгааг ДЭМБ мөн онцолжээ.

Categories
гадаад мэдээ

“Хятадын эмгэг судлаачид” DNN.mn

“Live journal”-ын https://storm100.livejournal.com сайтад хэвлэгдсэн нэрт математикч эрдэмтэн, улс төр судлаач, нийтлэлч Андрей Пионтковскийн “Китайские патологоанатомы” буюу “Хятадын эмгэг судлаачид” нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Аливаа дайны явцад эсрэг талуудын байлдааны ажиллагааны үнэлгээг авч хэрэглэхэд алдаа гарах гээд байдаг. Иймээс бид хөндлөнгийн ажиглагчийн тусдаа, бие даасан үзэл бодлыг сонирхох нь зүйд нийцнэ. Англо-Саксончуудын оросфоб бус, уламжлалт нөхөрлөлд тулгуурласан, бүх талаар хязгааргүй хамтрах боломжтой холбоотон гэгдэх, Молотов-Риббентропын хорлонт гэрээ байгуулагчийн “нэрд гарсан” ач хүүгийн байнга давтах дуртай “Оростой ар нуруугаа нийлүүлэн зогсож байгаа” БНХАУ-ын дээд удирдлагад олон жилийн турш зөвлөгөө өгч буй Хятадын тэргүүний мэргэжилтнүүдийн нууцын зэрэглэлтэй тайланг унших боломж уншигч танд олдож байна. Энэ бол уг эх тайлангийн товч юм. Гэхдээ яг энэхүү товч тайлан Си даргын ширээн дээр очсон гэдэгт би хувьдаа бүрэн итгэлтэй байна.

“Орос-Украины дайн 2001 оны есдүгээр сарын 11-ний “хоёр өндрийг нураасан” үйл явдлын ач холбогдлоос ч давж, дэлхийн олон улсын тогтолцоонд маш олон талаас нь нөлөө үзүүлж эхлээд байна. Энэ дайныг дэлхийн түүхэнд нөлөөлөх чухал үйл явдал гэж бид дүгнэж байна.

Оросууд ялагдаж сүйрэх нь хэтэрхий гэмээр тодорхой байна. Орос улс Путины удирдлагын ачаар дахин сэргэж амь орж байна гэсэн суртал ухуулга бол зүгээр л хоосон зүйл. Яагаад гэвэл ийм зүйл ерөөс огт байхгүй. Харин ч Оросын доройтолт уналт нь эдийн засаг, улс төр, батлан хамгаалах, технологи, нийгмийн салбаруудыг бүхэлд нь хамарч Оросын арми, түүний байлдааны хүчин чадалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна.

Оросын блицкриг амжилтгүй болж, хурдан ялалт байгуулж чадаагүй нь Оросын ялагдлын эхлэл болсон. Цэргийн аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүний хэмжээ, армийн санхүүжилт нь Орос өөрийгөө цэргийн их гүрэн гэж тодорхойлдог статустай огт тохирохгүй байгаа бөгөөд үнэндээ тэд өдөрт хэдэн зуун сая долларын өртөгтэй өндөр технологийн дайн хийх чадваргүй юм. Армийнхаа энэхүү ядмаг байдлаас үүдэн тулалдааны талбарт тэд илүү их гарз хохирол хүлээж байна. Энэ нь дайн үргэлжилж буй оросуудын хувьд хүнд ачаа болж байна гэсэн үг. ОХУ, АНУ (НАТО) хоёрын зэвсэг техник, технологийн болон цэргийн үзэл баримтлал, байлдааны арга барилын хуримтлагдсан ялгаа нь эсрэг талын давуу байдал, Оросын талын сул талыг улам бүр тодруулан харуулсаар байна.

Орос дайн эхлүүлж чадсан ч энэ дайныг хэзээ, хэрхэн зогсоохоо шийдэж чадахгүй байдалд өнөөдөр орчихоод байна.Тэд эзэлж авсан газар нутагтайгаа үлдэж эхлүүлсэн энэ дайнаа аль болох хурдан дуусгахыг хичээж байна. Гэхдээ Оросын Холбооны Улс энэ дайны стратегийн манлайлал, санаачилгаа нэгэнт алдсан тул тэд ямар нэг амжилтанд хүрч чадахгүй гэдэг нь тодорхой болоод байна. Бас нэг чухал хүчин зүйл нь энэ дайнд АНУ, Их Британийн шууд оролцоо гүнзгийрч, улам өргөжиж буй явдал юм. Энэ бүхэн Орос ялагдаж, хууль ёсны шийтгэлээ хүртэх болтол дайн үргэлжлэх болно гэсэн үг болж таарч байна.

ОХУ нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хэзээ ч ном ёсоор нь хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд тэднийхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг байнга зөрчиж ирсэн. Украины эсрэг явуулж буй Оросын цэргийн кампанит ажил нь тусдаа бие даасан ажиллагаа бус, харин Оросын эзэнт гүрнийг дахин сэргээх зорилгын стратегийн чухал нэгэн хэсэг болох эхний том, шийдвэрлэх шат байсан юм. Иймээс ЗХУ-ын дараахь орон зайд байгаа улсууд, тэр дундаа Оростой нэг эвсэлд байгаа гишүүн орнууд, Беларусийг эс тооцвол бүгд Оросыг дэмжихээс татгалзаад буй нь гайхах зүйл биш. ОХУ-ын ялагдал нь хуучин эзэнт гүрнийг сэргээх итгэл найдварыг нь үүрд үгүй хийнэ. Энэ нь Орос улсыг мэдэгдэхүйц эрс сулруулж, ганцаардуулан тусгаарлаж бас шийтгэх болно гэсэн үг юм.

Украин Оросын нөлөөллийн хүрээ(хэрэв өнөөдөр Орост ямар нэгэн нөлөөллийн хүрээ гэж үлдсэн бол шүү дээ)-нээс гарч Европын том гэр бүл, өөрөөр хэлбэл Европын холбооны гишүүн улс болно. Мөн ОХУ-ын сүйрлийн дараа, энэ гүрний нөлөөлөлд байсан улс орнууд оросжилтоос бүрмөсөн ангижран салах шинэчлэлийг янз бүрийн хэмжээгээр хийх нь гарцаагүй.

Гао Юшэн,

Фэн Южүн нар.

Оросын төрийн сувгийн нэвтрүүлэгч Скабеев, Соловьев нарын ярьдаг зүйлээс өөр мэдээлэлгүй, улсынхаа алс гүнд, тосгонд амьдардаг “телевизийн хүмүүс”-ийг бодохоос ч аймаар, үнэхээр цочирдмоор зүйл. Харин Кремлийн “аугаа геополитикчид” ч ирж буй сүйрлийн цар хүрээг аль хэдийнэ мэдэрч эхэлсэн гэж би бодож байна. Дайны дараа Орос хэрхэн шийтгүүлэх тухай сэдвийг төрийн сувгийн нэвтрүүлэгчид хөндөж эхэлсэн нь гэнэтийн гэмээр зүйл болж байна. Тэд дайн дэгдээгчдийг шийтгэх нь зөв гэсэн талд орох эсэх нь мэдээж сонирхолтой үйл явц?

Ер нь 2000 оны 1 дүгээр сард “Шинээр төрсөн Путинизм” гэж миний тавьсан онош үнэн гэдгийг зууны дөрөвний нэг жил өнгөрсний дараа Хятадын өндөр мэргэжлийн “эмгэг судлаач” Гао Юшэн, Фэн Южүн нар батлан гэрчилжээ. Би: Путинизм бол Оросын гангстер дээрэмчид, бүдүүлэг капитализмын хамгийн дээд бөгөөд эцсийн шат мөн. Путинизм бол дайн, энэ бол аль нэг үндэстнийг үзэн ядуулах үндсэн дээр өөрийн иргэдийг “нэгтгэх”, иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөг хасаж, мэдээллийн зомби болгон гадаад ертөнцөөс тусгаарлах, цаашлаад эдийн засгийн доройтол, мөхөлд хөтлөх зам юм. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж буй Си даргын хэлэх дуртай үг болох Путин нь Оросын толгойд тусах хяналтын буудлага гэсэн үг гэж бичсэн билээ.

Андрей Пионтковский

2022- 05-19 (14:49

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Манай улс Шри Ланка, Грек хоёрын яг дунд нь зогсож байна DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Шри Ланка улс дампуурлаа зарлачихлаа. Араас нь дампуурах эрсдэлтэй улс ч цөөнгүй бий гэж байна. Шри Ланкийн дампуурсан шалтгаан манай улсад тулгараад байгаа асуудлуудтай төстэй шиг санагдах юм. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Төстэй тал олон бий. Шри Ланка улсын дампуурлыг ярихын өмнө манайх шиг хөгжиж байгаа орнуудад тулгарч буй нэг асуудлыг онцлох ёстой байх. Хөгжиж байгаа орнуудын гадаад өр 2012 оноос харьцангуй тогтвортой явж байгаад 2016 оноос огцом өссөн юм. Ингээд өрийн дарамттай явж байтал 2020 онд ковид дэгдэж улам нэрмэчихсэн л дээ. Засгийн газрууд иргэд, компаниудаа дэмжих бодлого хэрэгжүүлнэ гээд их хэмжээний мөнгө хэвлэж тараасан. Дэлхийн олон орон яг ийм бодлого хэрэгжүүлснийг та мэдэж байгаа.

Манайх гэхэд л ямар нэгэн байдлаар иргэдийнхээ 80 хувьд мөнгө тараачихсан суугаа. Хөгжиж буй орнуудын өрийн тааз улам бүр нэмэгдээд байгаагийн цаана энэ мэт шалтгаанууд бий. Товчхондоо хөгжиж байгаа улсуудын өрийн тааз том асуудал болж хувирсанд ковид ташуур өгчихсөн. Шри Ланка улсын өрийн дарамт богино хугацаанд өссөн.

Хөгжиж байгаа улсууд дундаа харьцангуй өндөр өртэй яваа. Манайхаас нэг, хоёр дахин их өртэй. Гол асуудал нь гэвэл бондын төлбөрүүд нь маш өндөр, шахуу байсан.

-Манай улсын бондын төлбөр ч шахуу хуваарьтай байгаа…?

Шри Ланкатай адилтгах эхний өнцөг маань энэ л дээ. Хоёр дахь ижил тал гэвэл Шри Ланка, Монгол хоёулаа нэг салбараас эдийн засаг нь хэт хамааралтай улсууд. Шри Ланкийн хувьд аялал жуулчлал суурьтай. Ковид дэгдэнгүүт асуудал үүссэн л дээ, аялал жуулчлалын салбарт нь. Ийм шалтгаанаар төсвийн орлого нь зогссон. Манай улсын хувьд уул уурхайгаас гол орлогоо олдог. Өнөөдөр бид нүүрсээ хүссэн хэмжээндээ гаргаж чадахгүй суугаа. Нүүрсээ зарж чадахгүй бол өрөө төлж хүчрэхгүй гэсэн үг. Шри Ланка улсын удирдлагууд тухайн үедээ өрийн менежмэнтээ сайн хийж чадаагүй нь ч нөлөөлсөн. Төсвийн орлогоо зөв төсөөлж чадаагүй гэх алдаа бас бий. Ийм шалтгаанаар энэ улсын нөхцөл байдал богино хугацаанд хүндэрсэн. Боомт гэх мэт чиглэлдээ Хятадтай хамтарсан том төслүүд хэрэгжүүлээд явж байсан улс л даа. Тэр төслүүдийн тухайд Хятадад давуу талтай, нөгөө талын хувьд үр ашиг муутай байсан гэх мэдээлэл цацагдаж байгаа. ОУВС гэх мэт байгууллага ийм дампуурсан эдийн засагтай улс руу орохгүй нь тодорхой. Олон улсын байгууллагууд үргэж, донор байгууллагуудын тусламж орж ирэхгүй нь ойлгомжтой болонгуут өрөө төлж чадахгүй гэдгээ хэлээд албан ёсоор дефольт зарлачихаж байгаа юм. Манай улс 2016 онд албан ёсоор дефольт зарлах шахсан удаатай.

-Чингис бондын төлбөрийг төлөх гэтэл эдийн засаг эвгүйдчихээд сандарсан шүү. Тэр үеийн шийдлийг одоо хэрэгжүүлэх боломжтой юу?

-Эхлээд тухайн үед яг ямар процесс өрнөснийг сануулах маягаар цухас дурдах нь зөв байх. 2012, 2013 онд авсан бондын төлбөр төлөгдөх хугацаа болох үед эдийн засаг сайн биш байсан. 2013 оны сүүлээс нүүрсний зах зээл хумигдаж, экспортын орлого буурсан асуудалтай улсаараа нүүр тулсан. Тухайн үед үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, зах зээл дээр их хэмжээний мөнгө хэвлэн гаргаж, нөхцөл байдал ер нь л хэцүүдсэн дээ. Сонгуулийн жил учраас ханшийг хүчээр барьсан нь сүүлдээ маш том асуудал болсон. Сонгуулийн дараа эрх баригч нам валютын нөөцгүй боллоо гэж зарласнаас үүдэж ханш огцом савласан гэж ирээд яривал асуудал их байсан. Сангийн яам хүртэл өр төлөх ямар боломжгүй гээд хүлээн зөвшөөрчихсөн үе шүү дээ. Гэхдээ Сангийн яам тухайн үед маш шаламгай ажилласан. Road show зохион байгуулж, refinance хийх арга хэмжээ авсан тулдаа дефольтоос холуур өнгөрсөн. Хэрвээ 2016 онд ийм шийдэл хайхгүйгээр нөхцөл байдалтайгаа эвлэрээд дефольт зарласан бол хүнд нөхцөлтэй нүүр тулах байсан нь тодорхой. Бидэнд тэр үед тулгарсан асуудлыг Шри Ланка улс яг одоо туулж байна. Инфляц нь 40 хувь гарчихсан, ажилгүйдэл ихтэй, шатахууны нөөц байхгүй, иргэд нь дүрвэж байна. Товчхондоо энэ улсад нийгмийн эмх замбараагүй байдал үүсэхэд бэлэн болчихсон.

-Хятадын хатуу нөхцөлтэй зээл Шри Ланкийн эдийн засгийг аварч чадах болов уу?

-Хятад маш хатуу нөхцөлтэй, бараг газар хуваах гэрээтэй янз бүрийн зээлийн шугам нээж байгаа ч цаг хугацааны хувьд оройтсон шийдэл болчихлоо л доо. Нэмээд хэлэхэд, Өмнөд Америкийн орнуудаас эхлээд цөөнгүй улс Шри Ланкийн араас дампуурлаа зарлах өндөр эрсдэлтэй байгаа.

-Шри Ланка улсын дампуурлын бас нэг шалтгаан нь ужгирсан авлига, сул засаглал. Манайд ч ийм эрсдэл бий. Засаглалын сул байдал эргээд сэргэхэд гол тээг болох байх, тийм үү?

-Ойлгомжтой. Шри Ланка улс засаглалын хувьд нэг талдаа хэлбийчихсэн, ардчилал сул, бараг байхгүй шахуу, мэдээллүүд нь хаалттай.

Гол давуу тал нь далайн боомт, хоёрдугаарт аялал жуулчлалын салбараараа валют олдог улс. Далайн боомттой гэдгээрээ худалдаа давамгайлдаг. Хоёр жил үргэлжилсэн ковид энэ улсад валютын орлогоо нэмэх боломж олгосонгүй л дээ. Шри Ланка улсын өмнө дефольт зарласан улс бол Грек. Тухайн үедээ дефольт зарласан ч гэлээ хариу арга хэмжээнүүд, Европын тусламж дэмжлэг гэх мэтээс шалтгаалаад харьцангуй гайгүй болчихсон. Венесуэл шиг нөхцөлд байдалд ороогүй гэсэн үг. Харин Шри Ланкийн тухайд засаглал энэ тэр нь Грекээс тэс өөр. Авлига ужгирсан, нэг намын хүч нөлөө их, улс төрийн эрх мэдэл нэгдүгээрт, ардчилал байхгүй. Ийм улс эргэж сэргэхэд хүндрэлтэй. Манай улсын хувьд наанаа ардчилалтай гэж ярьж яваа ч нэг нам нь дангаар төрийн эрх барьж барьсан гэх мэтээр яривал цөөнгүй асуудал бий. Товчхондоо бид Грек, Шри Ланка хоёрын яг дунд зогсож байна.

-Хөгжиж байгаа орнуудын бондыг авах сонирхол хөрөнгө оруулагчдад бий болов уу?

-Америкийн долларын өгөөж бага, Европын эдийн засагт хүү буурсан үед л хөрөнгө оруулагчид бонд худалдаж авдаг, хөгжиж буй орнуудын бондыг сонирхдог. Гэтэл өнөөдөр дэлхий даяар үнийн өсөлт, инфляц том асуудал болчихлоо. Энэтхэг чиг рүү тавин хэмээс дээш халж байна. Үүнээс болж хүнсний хомсдолд орно гэсэн таамаг, дүгнэлтүүд хөврөөд эхэлчихсэн. Европын үр тарианы хэрэглээний бараг гуравны нэгийг нийлүүлдэг Орос, Украин дайнтай байгаа. Ингээд харахаар намраас хүнсний хомсдолд дэлхийгээрээ орох магадлал маш өндөр байна л даа. Хүнс, шатахуун хоёр дэлхийн асуудал болсон, цаашдаа ч асуудал хэвээр үргэлжлэхээр байгаа. Байгаль цаг уур, дайнаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний хомсдол, инфляц гэсэн хоёр асуудал хөгжиж буй, хөгжингүй гээд бүх улсад хурцаар тавигдаж байна. Хөгжингүй орнууд ийм шалтгаанаар мөнгөний бодлогоо хатууруулж эхэллээ. Сая гэхэд л АНУ бодлогын хүүгээ өсгөлөө. Дахиад ч өсгөх хүлээлт бий. Инфляц нь 8 хувь гэдэг бол АНУ-ын хувьд өндөр хэмжээ. Ийм үед хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудаас дайжиж, хөгжингүй буюу Америк гэх мэт долларын өгөөж өндөртэй найдвартай хөрөнгө оруулалт руу хөрөнгөө байршуулж эхэлж байна.

-Манайх шиг хөгжиж байгаа улсуудын хувьд бондны төлбөрөө төлж чадахгүй нь тодорхой учраас refinance хийх замаар л асуудлыг шийдэх гэж хичээцгээх байх. Бидний хувьд refinance хийх боломж хэр байгаа бол?

-Хөгжиж байгаа улсуудын тухайд яалт ч үгүй refinance буюу хугацаа сунгах асуудал яригдаж таарна. Маш олон улс яг ийм шалтгаанаар хөрөнгө оруулагчдыг татахын тулд roadshow хийж дэлхийгээр хэсээд эхэлчихсэн. Хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд харах зүйл бол тухайн улсын эдийн засаг. Улс төрийн тогтвортой байдал гэх мэт олон зүйлсийг нь харах нь тодорхой. Ийм шалгуураар харвал хөрөнгө оруулалт татах боломж хөгжиж буй улсуудад нэлээд бага болчихсон. Олон улсын байгууллагууд “Хөгжиж буй орнуудад гадаад өрийн дарамт асар өндөр боллоо, өрийн дарамтаас болж дефольт зарлах вий дээ” гэж давтамжтай сануулаад байгаа нь цаанаа ийм учиртай. Олон улсын байгууллагууд ийм анхааруулгыг бараг жилийн өмнөөс өгч эхэлсэн. Эхнийх нь Шри Ланка болчихлоо л доо. Манай улсад refinance хийх боломж бий. Олон улсын хөрөнгө оруулагчдын голчилж хардаг Fitch агентлаг манай улсын үнэлгээг тогтвортой гээд зарлачихлаа. Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд эерэг үзүүлэлт. ОУВС байсхийгээд гарч ирж мэдэгдэл хийж, харилцаа ойртоод эхэллээ. Валютын сангийн хөтөлбөрт орох гэх мэт шийдэл байж магадгүй. Донор орнуудын мөнгийг оруулах эрхийг Валютын сан өгдөг. Тэр утгаараа Валютын сантай ойр байх нь refinance хийхэд хэрэг болно. Сангийн яамныхан ч refinance хийх чиглэлд ажиллаж байгаа байх. Гэхдээ нэг асуудал бий. Одоогийн байгаагаасаа нэлээд өртөг өндөртэй босох болов уу.

-Хөгжлийн банкны өр төлөлт дажгүй яваа нь бондын төлөлтөд эерэгээр нөлөөлнө гэсэн тайлбар бий. Хэр нөлөө үзүүлэх бол?

-Хөгжлийн банкнаас авсан эргэн төлөлтөөрөө бондоо төлчихнө гэж яриад байгаа л даа. Хөгжлийн банкинд өрөө төлөх аж ахуйн нэгжүүд орлогоо төгрөгөөр олж байгаа. Гэтэл бондоо төлөхийн тулд бидэнд доллар хэрэгтэй. Манай улсын валютын нөөц хангалттай биш. Ингээд харахаар валютын ханшаа савах эрсдэл харагдаж байна л даа. Ингээд харахаар re­finance хийх л боломжтой хувилбар болоод байна.

-Нүүрсний экспорт сэргэчихвэл үнэ нь өндөр байгаа учраас бондын төлөлтөд эерэгээр нөлөөлж мэдэх л юм…?

-Ирэх жил 1.2 тэрбум, хоёр жилийн дараа нэг тэрбумын төлөлт хүлээгдэж байгаа. Төсвийн орлогын 15-25 хувьтай тэнцэх мөнгийг төлнө гэсэн үг. Ийм хэмжээний мөнгийг төлөх боломж бидэнд байхгүй. Нүүрсний экспортын өнөөдрийн байдлыг анзаарахад энэ жил тийм ч их хэмжээгээр гарахгүй л болов уу. Хөгжлийн банкны эргэн төлөлтөөр төллөө гэж бодоход тодорхой хэсгийг нь л дарж хүчирнэ.

-Өртөг өндөр байсан ч нүдээ аниад refinance хийлээ гэж бодъё. Эдийн засаг энэ янзаараа байвал 2025 оноос ахиад л бондын төлөлт гэж сандарцгаах байх даа?

-Refinance хийсэн ч 2025 оноос ахиад өрийн цикл эхлэх нь бодитой асуудал л даа. Гэхдээ бидэнд найдлага бий. Төмөр замаа барьчихвал, Оюу толгойн далд уурхай ажиллаад эхэлбэл экспортын орлого 40, 50 хувь руу өсөх боломж бүрдэнэ. Яг тэр үед нь олсон валютаа өрөө дарахад зарцуулбал өрийн дарамтгүй амьдрах бололцоо бий. Тэгэхгүйгээр байнга сунгаад явах хувилбарыг сонговол эрсдэлтэй. Олон хавар нэгэндээ гэдэг шиг нэг эгзэг нь таарвал өрийн дарамтад ороод дефольт үүсэх магадлал өндөр. Эцэст нь онцолж хэлэхэд, Засгийн газар өрийн дунд, урт хугацааны төлөвлөгөөг яаралтай боловсруулах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 65 гомдлыг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 408 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 205 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 203 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 39 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 8 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 31 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх сард гадаад улс руу хийгдэх шууд нислэгийн хуваарь DNN.mn

МИАТ компаниас ирэх зургаадугаар сард гадаад улс руу хийгдэх нислэгийн хуваарийг танилцууллаа.

ФРАНКФУРТ ХОТ

Зургаадугаар сараас долоо хоногт 5 удаа буюу Даваа, Мягмар, Лхагва, Баасан, Бямба гарагт Боинг 767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй ШУУД нислэгтэй

ТОКИО ХОТ

Зургаадугаар сард долоо хоногт 4 удаа, 7-р сараас 5 удаа буюу Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт шууд нислэгтэй.

СӨҮЛ ХОТ

Өдөр бүр нэг нислэг, 7 болон 8-р сард өдөр бүр хоёр удаагийн нислэгтэй.

ПУСАН ХОТ

Зургаадугаар сарын 23-наас долоо хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагт шууд нислэг үйлдэж эхэлнэ.

ХОНКОНГ ХОТ

Зургаадугаар сарын 24-нөөс Мягмар гараг бүр нислэг үйлдэж эхэлнэ.

ИСТАНБУЛ ХОТ

Зургаадугаар сарын 2-ноос долоо хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагт шууд нислэг үйлдэнэ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 74 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 74 тохиолдол батлагджээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 60 нь Улаанбаатар хотод, 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 924 225 болжээ. Мөн хугацаанд халдварын улмаас нэг хүн нас барснаар уг өвчнөөр нийт 1225 хүн эндээд байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 125 жолооч согтуугаар жолоо барьж, 162 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1511, хулгайтай холбоотой 45, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 92, гэмт хэргийн шинжтэй 104 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 125, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 141, хүний биед халдсан 63, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 87, эрүүлжүүлэх байранд хоносон 162, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 82 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд боомтоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал зэргийг экспортолж эхэллээ DNN.mn

Цар тахлын улмаас өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд уул уурхайн бус бүтээгдэхүүний БНХАУ-д хийх экспорт зогссон байв.

Монгол Улсаас БНХАУ-д экспортолдог уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх, тээвэрлэлтийг эхлүүлэх талаар дипломат шугамаар бүх түвшинд ярилцаж, харилцан ажилласны дүнд 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор чингэлэг тээврийн горимоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан зэрэг бараа бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг эхлүүлэхээр Хятадын талтай тохиролцож, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн тухай Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

Энэ талаар Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр №103 тоот шийдвэр гаргаж, манай талд мэдээлэл ирүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Манай улс он гарсаар 639.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.

Үүнд А-80 автобензин 13.9 мян.тн, АИ-92 автобензин 224.6 мян.тн, АИ-95/98 автобензин 11.3 мян.тн, ДТ 316.4 мян.тн, онгоцны түлш 19.9 мян.тн, бусад 53.4 мян.тн байгаа юм.

Улсын хэмжээнд энэ сарын 19-ний байдлаар 155,103 тн шатахууны нөөцтэйгээс А-80 автобензин 11,562 тн, АИ-92 автобензин 55,465 тн, АИ-95 автобензин 6,738 тн, ДТ 78,042 тн байв. Энэ нь АИ-92 автобензиний 42, АИ-95 автобензиний 51, А-80 автобензиний 69, ДТ-ний 29 хоногийн нөөцтэй гэсэн үг.

Улаанбаатар хотод 77,956 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,971 тн, АИ-92 автобензин 31,876 тн, АИ-95 автобензин 3,952 тн, ДТ 36,060 тн байна. Энэ нь АИ-92 автобензиний 34, АИ-95 автобензиний 54, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэйг УУХҮЯ мэдээлэв.

Шатахууны нөөц баруун бүсэд 13,875 тн, хангайн бүсэд 9,415 тн, төвийн бүсэд 35,328 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,169 тн байгаа аж.