Categories
мэдээ нийгэм

“Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр III”-ын ажилтнуудын нийгмийн даатгалын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулна DNN.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XIV хуралдаан өчигдөр Хангарьд ордонд боллоо. Тус хуралдаанаар нийт 15 асуудал хэлэлцлээ. Тухайлбал Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай болон “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав”, ОНӨААТҮГ-ын нийгмийн даатгалын өрийг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцэв. Дээрх асуудлуудыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Тэрээр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 101 чиглэлд 958 автобус зорчиж байгаа. Энэ бол бага байна гэсэн дүгнэлт гарсан. Яг ийм байдлаас болоод зарим буудалд, чиглэлд иргэдийг 30-40 минут автобус хүлээлгэх гол шалтгаан болж байна. Угтаа Улаанбаатар хотод 124 чиглэлд 1432 автобус явж байж, иргэдийн хүлээлт, болон хүртээмжийн асуудал шийдэгдэхээр байгаа юм. Энэ жилийн тухайд бид шинээр 590 автобус оруулаад ирвэл нийтийн тээврийн үйлчилгээ 30 гаруй хувиар сайжрах дүн гарсан. Энэ хүрээнд нийтдээ 85 сая ам.долларын хөрөнгийн асуудал яригдана. Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгөөс нийтийн тээврийн шинэчлэлт зориулагдсан 80 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүнээс бид эхний ээлжинд 50 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрт ашиглана. Үлдсэн 200 орчим тэрбум төгрөгийг нь хоёр жил гаруй хугацаанд компаниудаас болон санхүүгийн байгууллагуудаас шийдүүлэхээр болсон” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг: -Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажил нэн яаралтай хийгдэх ёстой ажил. Энэ ажил маш удаашралтай явагдаж байгаа. Уг шинэчлэлтийг хийх ёстой гэдгийг дэмжиж байна.

НИТХын төлөөлөгч Л.Отгонбаатар: -Энэ асуудлыг дэмжиж байгаа. Парк шинэчлэлт хийхэд шаардлагатай санхүүгийн асуудлыг зээлээр зохицуулна гэлээ. УИХ-ын дарга чуулганы хуралд Монгол Улсын өрийн таац хэтэрсэн тухай сануулсан. Гэтэл энэ асуудалд дахиад зээл авах тухай яриад байна. Тэр утгаараа энэ санхүүжилтийг заавал зээл авч хийх шаардлага байгаа юу. Бусад санхүүгийн эх үүсвэрээр хийх боломж байхгүй юу.

НЗДЭЗТХХТ-ийн асуудлыг хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: -Өөр аргын тухай асуулаа. Өмнө бид хувийн компаниудаар шийдүүлж ирсэн. Одоо бол бид Хөрөнгө оруулалтын сангаар тодорхой хэмжээний асуудал шийдэж байна. Нийтийн тээвэр хувийнх байх ёстой юу улсынх байх ёстой гэдгээ салбар дундаа ярилцаж шийдвэрлэх ёстой юм билээ. Зээлийг нь төлөхийн тулд өөрсдийнх нь ашигтай ажиллах асуудлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэр дундаа төрийн өмчид хоёр компанийн ашигтай ажиллах асуудлыг нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Наад зах нь жолоочийн гарт эсвэл хууль бусаар цуглахгүй байгаа орлогоо олдог байх шаардлагатай.

НИТХын төлөөлөгч Б.Нэргүй: -Нийтийн тээврийн асуудал бол манай намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт орчихсон асуудал шүү. Тиймээс энэ асуудлаа цэгцлээд, шинэчлэлтийг нь шуурхай хийгээд үр дүнг нь үзэх хэрэгтэй. Тэр утгаараа энэ асуудлыг хоёр гараа өргөөд дэмжиж байна. Ямар л бололцоо боломж байна бүх талаар дэмжинэ. Үнэ тарифтай холбоотой, бусад хүлээгдээд байгаа шийдвэрүүдээ яаралтай гаргах ёстой. Бид нар л энэ асуудлыг хийхгүй бол ирээдүй нөхцөл байдал улам муудна.

НИТХын дарга Ж.Батбаясгалан: -Бидний хэлэлцэж байгаа асуудал бол нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 50 хувийн асуудал. Тээврийн салбарын 50 хувийн шинэчлэлтээ хурдан хийгээч ээ гэдэг шаардлагыг иргэд, олон нийтийн зүгээс их тавьж байгаа. Тиймээс л энэ асуудлыг маш яаралтай хэлэлцэж байна. Төрийн өмчид хоёр компани дээр асуудал байгаа. Өмнөх 2009 оны шийдвэр алдаатай байсан. Нөгөө 400 автобусны элэгдлийн асуудлыг бөөгнүүлж чадаагүй. Одоо тэрийгээ энэ сандаа бөөгнүүлье гэж байгаа юм. Хоёрдугаарт, тэр 400 автобусыг тухайн үед хувийн хэвшлүүдэд зүгээр өгчихсөн.

Улмаар Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг төлөөлөгчдийн олонх дэмжсэн тул уг тогтоолыг баталлаа.

Үргэлжлүүлэн “Орон нутгийн зээллэг хийх тухай асуудлыг хэлэлцлээ.

Уг асуудлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХын дарга Ж.Батбаясгалан: -Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг автобус оруулж ирснээр шинэчлэгдлээ гэж харж, ойлгож болохгүй л дээ. Энэ бол цогц төсөл.

НИТХын төлөөлөгч Д.Пүрэвдаваа: -Тогтоолын төсөл уншихаар 100 сая ам.долларын зээлийг төлөх тухай төсөл орж ирсэн. 6.6-6.8 хувийн хүү гэдэг өндөр хүү. Арилжааны банканд олгогдож байгаа зээлийн хүүгийн хэмжээ бараг ийм байгаа шүү. Олон улсын санхүүгийн корпорац Улаанбаатар хотод ийм хүүтэй зээлийг олгож байгаа нь эдийн засаг талаасаа хэр үр өгөөжтэй юм бэ. Тооцоо судалгаа байна уу. Уг нь төрийн өмнөөс авч байгаа зээлийн хүү 2 гаруй хувийн хүүтэй л байдаг шиг санагдаж байна. Зээл хөөцөлдөж байгаа, хамтран ажиллаж байгаа нь сайн хэрэг. Гэвч зээлийнхээ зарцуулалтыг яг юунд зориулж байгаа талаар мэдээлэл байна уу. Зарцуулалт нь тодорхойгүй асуудлаар Иргэдийн хурлын тогтоол гаргуулах гээд байна уу гэж харж байна.

Төслийн ажлын хэсэг н.Батмөнх: -Бидэнд ирсэн санамж бичиг, хамтран ажиллах албан бичгийг төлөөлөгч нарт өгнө. Уг асуудал процедурын хувьд асуудалтай байгаа учраас бид хурдан шийдвэрлүүлэх зорилгоор Иргэдийн хуралд оруулж ирсэн. Зээлийн хүүгийн хувьд нэг зүйл хэлье. Хятад улс хилээ хаасан, мөн Украин, Оросын асуудлаас болоод дэлхий дахинд зээлийн хүү өссөн. Ер нь бондын хүү есөөс доошоо огт орж ирэхгүй байгаа. Зорчигч тээврийн нэгтгэл болон Зорчигч тээвэр III орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын 2018 оноос өнөөдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 4,896.0 сая төгрөгт хүрчээ. Дээрх хоёр байгууллага нь 2025 ажилтантай бөгөөд хуримтлагдсан өр төлбөрийн асуудлаас үүдэн нийгмийн болон эрүүл мэндийн халамж үйлчилгээг ажилтнууд авч чадахгүйд хүрээд байгаа аж. Тиймээс нийслэлийн 2022 оны төсөвт зохицуулалт хийж, урьдчилсан санхүүжилт олгох асуудлыг шийдвэрлүүлэх саналыг Нийслэлийн ИТХ-д Засаг даргаас оруулж ирсэн юм. Тодруулбал, Орон нутгийн өмчит зарим аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын нийгмийн даатгалын өрийг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газрын үйл ажиллагааг дордуулж, өр төлбөрт унагасан асуудлаар хариуцлага тооцох асуудлыг хөндсөн юм. Тодруулбал, төлөөлөгч П.Ганзориг автобус компаниудын нийгмийн даатгалын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулахыг дэмжиж байгаа ч, хууль бус үйл ажиллагааг өөгшүүлээд байж болохгүйг сануулсан юм. Харин төлөөлөгч П.Наранбаяр энэхүү асуудлыг төсвийн тодотголын үеэр хэлэлцэх саналыг гаргав.

Харин төлөөлөгч Ж.Сандагсүрэн “Энэ бол санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудал. Харин төсвийн тодотголоор бид зардал танах тухай асуудлыг хэлэлцэнэ” гэлээ. Улмаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч дээрх хоёр аж ахуйн нэгжийн өмнөх онуудад үүссэн өр төлбөрийн улмаас байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудалд хүндрэл үүссэн тул 2022 оны төсөвт батлагдсан машин цагийн зардлаас нийгмийн даатгалын дөрвөн тэрбум төгрөгийг барагдуулах урьдчилсан санхүүжилт олгохыг төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, тогтоолыг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг сурагчид шалгарлаа DNN.mn

Улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд өндөр амжилт гаргасан 26 хүүхэд “Нийслэлийн шилдэг сурагч”-аар шалгарлаа.

“Шилдэг сурагч”-аар Ази тивийн болоод олон улсын физик, хими, математик, биологийн хичээлийн олимпиадад Улаанбаатар хотоо төлөөлөн оролцсон сурагчид төдийгүй Москва хотноо зохион байгуулсан олон улсын мегаполис хотуудын VI олимпиадад ганцаарчилсан болон багийн дүнгээр медаль хүртсэн сурагчид тодорсон. Мөн 2021-2022 оны хичээлийн жилд зохион байгуулсан улсын болон хотын олимпиадад тэргүүн байрт шалгарсан хүүхдүүдийг “Шилдэг сурагч” шагналаар шагнасан юм.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Л.Буянтогтох “Өнөөдөр шилдгээр шалгарсан сурагчид ихэвчлэн төгсөх ангийн болон ахлах ангийн хүүхдүүд. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад нийт 340 мянган хүүхэд суралцдаг бөгөөд энэ жил төгсөх ангид 14.211 сурагч байна. Эдгээр сурагчаас шалгарч шилдгээр шалгарсан та бүхэнд дахин дахин баяр хүргэе. Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээ сонгоорой” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Шагнал авсан сурагчдын сэтгэгдлийг хүргэе.

Нийгмийн ухааны хичээлийн улсын олимпиадын алтан медальт, 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Цолмон:

-Шагнал авах тухайгаа өчигдөр сонссон. Энэ олон мянган хүүхдээс “Шилдэг сурагч”-аар шалгарсандаа маш их баяртай байна.

Түүхийн хичээлийн хотын олимпиадын алтан медальт, 20 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Батмэнд:

-Өчигдөр түүхийн багш маань “Маргааш НЗДТГ руу явна шүү” гэж хэлсэн. Нийслэлийн 14 мянга гаруй төгсөх ангийн сурагчдаас “Шилдэг сурагч” шагналыг авна гэдэг бол маш ховор тохиол гэж бодож байна. Өөрөөрөө маш их бахархаж байна.

Нийгмийн ухааны хичээлийн хотын олимпиадын алтан медальт, 87 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Дөлгөөн:

-Өнөөдөр ийм шагнал авна гэдгээ огт мэдээгүй. Багш маань маргааш энд ирээрэй гэхэд нь хүүхдийн баярын бэлэг авах байх гэж бодсон. Гэтэл ийм том шагнал авсандаа үнэхээр баяртай байна. Аав, ээжийнхээ нэрийг дуудуулаад, амжилтаа дуудуулаад шагнал авсан мэдрэмж хамгийн гоё байлаа. Эндээс гараад хамгийн түрүүнд гэр бүлийнхэнтэйгээ шагналаа хуваалцмаар байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 78 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны тавдугаар сарын 31-ны өдрийн тоон мэдээллийг танилцууллаа.

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 78 халдвар шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 54 нь Улаанбаатарт, 24 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 925,227 болов. Сүүлийн хоногт Ковид19 халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Ч.Ундрам: Орлогынх нь 50 хувийг хүүхдийн тэтгэмжид төлүүлдэг байхаар тооцоолсон DNN.mn

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эмэгтэй гишүүд өргөн барьсан. Хуульд орж байгаа өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Гэр бүлийн тухай хуульд өнгөрсөн 23 жилийн хугацаанд долоон удаа өөрчлөлт орсон. Гэсэн ч гэр бүлийн асуудлыг цогцоор шийдвэрлээгүй. Тэгэхээр 23 жилийн дараа УИХ дахь эмэгтэй гишүүд тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж байна. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж байна. Үүний хамгийн том хохирогч нь хүүхэд юм. Хүүхэдтэй холбоотой хамгийн чухал асуудал нь тэтгэмж байдаг. 11 хүртэлх насны хүүхдэд сард 115 мянган төгрөг тогтоогддог байна. Харин 11-ээс дээш насны хүүхдэд 230 орчим мянган төгрөг тогтоогддог юм байна. Энэ мөнгө хангалтгүй. Тиймээс орлогод нь үндэслэн, орлогынх нь 50 хувийг төлүүлдэг байхаар тооцоолсон. Түүнчлэн иргэдийн 80 орчим хувь нь тэтгэмжээ төлдөггүй талаарх статистик байна. Тэгэхээр данснаас нь шууд таталт хийдэг байхаар зохицуулах нь оновчтой” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баяраа: Нарийн царигийн төмөр замтай болсон ч шилжүүлэн ачилт заавал хийгдэнэ DNN.mn

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраатай төмөр замын өргөн, нарийн царигийн асуудлаар ярилцлаа. Тэрээр анхны нарийн царигийг ашиглалтад оруулж байхад Сайншандын депогийн татах хэсгийн дарга байсан билээ.


-Төмөр замын нарийн царигийг дэлхийн ихэнх улс орон ашиглаж байхад манай улсад өргөн, нарийны маргаан үргэлжилсэн хэвээр байгаа. Манайд нарийн цариг илүү үр өгөөжтэй гэдгийг эдийн засагчид онцолдог. Тэгвэл төмөр замчид ямар байр суурьтай байна вэ?

-Сүүлийн үед улстөрчид, эдийн засагчид төмөр замыг тархиараа төсөөлөөд байдаг боллоо. Хэт мөнгөн дээр түшиглэж тархиараа сэтгэчихсэн санааг хөрсөн дээр буулгахаар маш том хүндрэл гардаг. Ерөөсөө Монгол Улс чинь хоёрхон улстай хиллэж байгаа. Нэг нь өргөн царигтай, нөгөө нь нарийнтай. Аль тал руугаа ч хөрвөсөн аль нэг тал руугаа шилжүүлэн ачилт хийнэ. Үүнийг төмөр замчид ярихгүй болохоор хүн бүр тоглодог хөгжим шиг ойлгодог болчихлоо.

Өөрөөр хэлбэл, Монголд орж ирээд нэвтэрчихсэн техник технологи нь бүгд өргөн царигийнх. Одоо бид энэ өргөнийг нарийн болгоно гэж үзнэ гэхэд бидний ярьдаг дэр мод бүр дээр өөрчлөлт хийх хэрэг болно. Гэтэл үүнийг дагасан бүх техник технологи, хөдлөх бүрэлдэхүүн бүгд өргөн. Энэ бүрийг нарийнд шилжүүлэх юм бол эдийн засгийн хувьд асар өндөр зардал гарна.

Яахав, олон улсын жишиг гээд ярьдаг. Олон улсаас бид хоёр улстай л хиллээд байна шүү дээ. Тэгээд нарийн болгочихъё л доо. Хойшоогоо яаж гарах вэ, Европын оронтой яаж харьцах вэ. Орос өргөн царигтай учраас өргөнөөр л харьцана. Тэгэхээр нарийн өргөн хоёрын аль нэгийнх нь шилжүүлэн ачилтыг зайлшгүй хийж таарна. Гол нь одоо байгаа бүтцээ зөв хадгалаад нарийны шилжүүлэн ачилтыг хаана хийх хэрэгтэй байна, тэнд нь хийгээд явчихсан нь дээр. Жишээ нь, Таван толгойн уурхай дээр нь шилжүүлэн ачилтыг хийдэг болгочих хэрэгтэй. Тэгвэл уурхайгаасаа урагшаа гарахдаа нарийнаар явчихдаг. Урд хил хаагдлаа гэхэд өргөнөөр буцах боломжтой. Ийм боломжийг хоёр талдаа нээж өгөх, мэргэжлийн боловсруулалт хийх зүйл дээр төмөр замчдыг түлхүү түших ёстой.

-Цаг хугацаа, эдийн засгийн өгөөжийг алдсан нь үнэн биз дээ?

-Үнэхээр хэдэн жилийг алдсан уу, алдсан. Тэнд нь Баттулга нь байна уу, өөр хэн буруутай байна, өнөөдөр шүүгээд нэмэргүй. Гол нь ирээдүйд бид яах вэ.

Ирээдүйд өнөөдрийнх шиг хятадууд нүүрсээ хүлээж авсаар байх уу гэдэг асуултын тэмдэг. Дэлхий нийт эко амьдрал руу шахагдаад ирэхээр түүхий нүүрс хүлээж авахгүй гэдгээ Хятад одооноос зарлаж байгаа

Хэрэв ингээд эхэлбэл бидний хүсээд байгаа нарийн төмөр замын үнэт зүйл алдагдаж мэднэ.

-ОХУ өөрөө нарийн царигтай болсоор байна. Бараг манай улс ганцаараа өргөн царигтай үлдэх юм биш үү?

-Орос Төв Ази, Хятад тал руугаа энэ нүүрсний тээврээ идэвхжүүлэх үндсэн дээр нарийн болгосон. Гэхдээ улс даяараа өргөн шүү дээ. Одоо байлдаж байгаа Украин нь хүртэл өргөн царигтай.

Гол нь бид аль нэг зөв технологийг авч үлдээд, нөгөө талд нь шилжүүлдэг горимоо барих л арга зам байгаа юм. Жишээ нь, Ханги мандалын төмөр замыг хувийн хэвшил, төмөр зам хамтраад барина гэж байгаа. Болдтөмөр ерөө голын төмөр замыг өргөнөөр барьж байгаа. Б.Дэлгэрсайхан гишүүн ч хэлж байна лээ. Нарийн, өргөн гэхээс илүү дээгүүр нь юм явах нь чухал. Хойноос өргөнөөр татаж ирчихээд Улаанбаатарын хаа нэг газар шилжүүлэлт хийж, нарийн болгож урагшаа гаргаж таарна. Аль эсвэл хил дээр нь шилжүүлэлт хийгээд явуулах хоёрын хооронд аль нь ашигтай вэ гэдгээ л бид тооцоолох ёстой.

-Шилжүүлэн ачих терминал байгуулах эдийн засгийн тооцоолол маш өндөр гарна гэж байгаа шүү дээ. Цаашид ашиглалтын зардал ч өндөр. Анхнаасаа нарийн царигтай байсан бол зардалгүйгээр экспортоо шуурхай гаргах байсныг л тал бүртээ яриад байгаа шүү дээ?

-Үүнийг эдийн засагчид л яриад байгаа юм. Би Сайншандын депогийн татах хэсгийн дарга байсан хүн, мэргэжлийн төмөр замчин. Анхны нарийн царигийг Сайншандын, Замын-Үүдийн депо руу оруулж ирж байхад би дарга нь байлаа. Өргөн, нарийны хооронд эдийн засгийн хувьд айхавтар хэмнэлт гараад байдаггүй.

Одоо бидний ашиглаж байгаа нь 1520 мм-ийн царигтай төмөр зам. Нарийнд шилжүүлнэ гэвэл 1435 мм болгоно. Хэдхэн см-ийг дэр модноос хасна гэсэн үг. Манай гол зам ихэнх нь төмөр бетон дэр мод болчихсон. Төмөр бетон дэр тус бүрээр нь сугалж гаргаж ирээд нүхлээд, дахиж бэхэлгээ зоогоод явж таарна. Зам дээрээ бэхэжчихсэн дэр модыг гаргаж ирээд дахиж суулгах нь аюулгүй байдлаа хангах эсэх нь хүнд.

Тиймээс өнөөдрийн нөхцөл байдалдаа ч адилхан шилжүүлэн ачилт хийнэ. Сайншанд дээрээ хийсэн ч шилжүүлэлт хийнэ, хил дээр хийсэн ч адилхан. Тохиромжтой нь хилийн гарц дээр шилжүүлэн ачилтаа хийх. Замын-Үүд тийм шүү дээ. Түүнтэй адилхан Таван толгой, эсвэл Ханги мандалыг ч юм уу Монголын хил дотроо л ачиж буулгах терминал байж байг. Хятадууд бол үүн дээр ажиллаад сурчихсан ард түмэн. Хятадын талд шилжүүлэн ачилт хийх юм бол нэг шилжүүлэн ачилт бүрээс мөнгө олоод байх ухаан тэдэнд суучихсан үндэстэн. Бид Эрээнээр орж гарахад л хэдийг яаж төлдөг билээ. Тийм учраас ядаж түүнийг нь Монгол талдаа авдаг боломжийг нээгээд өгчихөд болохгүй юм байхгүй.

-Манай өргөн царигтай зам хэр урт вэ?

-Гол зам 1110 км. Салбар замуудаа оруулбал 2600 орчим км болно. Энэ бүр дээр нарийн болгоно гэвэл гарч байгаа хөрөнгө нь маш өндөр гарна.

-Тэгвэл шинээр барих замуудаа нарийнаар барья. Үүнийг манайх хийж чадах уу, боломж нөхцөл байна уу?

-Манайх бол үйлдвэрлэлийн төмөр зам биш, ашиглалтын төмөр зам. Ачаа тээврээ тээдэг төмөр зам. Сүүлийн үед үйлдвэрлэл рүү, бүтээн байгуулалт руу орж байна. Мэргэжлийн хувьд хамгийн төлөвшсөн нь төмөр зам. Тиймээс бид төмөр зам барьсаар байгаа, барих бүрэн боломжтой. Нарийн өргөн алийг ч барьж чадна. Өргөн тал руугаа гэхээр Оросын болон баруун Европын технологиуд байгаад байдаг. Нарийн царигт бол Азийн юм уу бүр цаашаа зүүн баруун Европын технологи орж ирдэг.

-Манай экспортын дийлэнх бараа урагшаа гардаг. Гэтэл урд хөрш нарийн царигийн төмөр замтай. Манайх нарийн биш учраас урд талаас бойкот хийгээд байгаа гэх агуулга ч яригддаг шүү дээ?

-Энэ чинь улс төрийн л асуудал. Тэгвэл Хятадын хаалтанд ороод бүгдийг нь нарийн болгочихъё л доо. Оростой яаж харилцахыг тооцсон уу. Манай төмөр замчид бол хийчихнэ. Тэгээд урдаас орж ирсэн ачаагаа Орос руу гаргах болоход яах вэ. Орос биднийг дагаж нарийн болгохгүй, дахиад л шилжүүлэн ачилт хийх болно. Энэ хоёр хөрш чинь манайхыг яагаад сонгодог вэ гэвэл Хятад Орос хоёрын хооронд Европ Азийн харицлаанд хамгийн дөт зам гэж үздэг.

-Орос талдаа шилжүүлэн ачилтын терминал байгуулчихаж болохгүй хэрэг үү?

-Хятадаас орж ирж байгаа ачааны 70 хувь нь транзит ачаа байдаг. Орос талаасаа урагшаа явах нь үр ашиг багатай. Хятад талаасаа хойшоо явах нь үр ашигтай ачаанууд байсан. Оросын нутаг дээр шилжүүлэн ачилт хийдэг болох юм бол хятадууд дургүйцэж эхэлнэ. Тэгвэл заавал бид ачаагаа Европ руу гаргахын тулд Монголоор дайрах албагүй гэж. Хятадууд бол Казахстанаар ч дамжчихна, Манжуураар ч дамжчихна. Монголын эрхшээлд ороод яршиг л гэж бодно. Нөгөө талд Орос, Монгол хоёр улсын харилцаан дээрээс энэ хэдэн мянган төмөр замчид амьдралаа тээж яваа. Хоёр улсын найрамдалт харилцааг авч үлдсэн цорын ганц салбар нь төмөр зам болчихоод байна. Төмөр зам бий болсон цагаас эхлээд Монгол Улсад хөгжил орж ирсэн юм шүү. Энэ бол зөвхөн мөнгөөр харж болохгүй үнэт зүйл

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 12559 ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа.

Холбогдох хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан.

Энэ жил Алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд 12559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912, II зэргийн одонгоор 11647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

Нийслэлийн есөн дүүргээс нийт 5429 ээж, үүнээс I зэргийн одонгоор 349, II зэргийн одонгоор 5080 ээж,

21 аймгаас нийт 7056 ээж, үүнээс I зэргийн одонгоор 560, II зэргийн одонгоор 6496 ээж,

Гадаадад оршин суугаа 74 ээж, үүнээс I зэргийн одонгоор гурав, II зэргийн одонгоор 71 ээжийг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол хүн эх хүнийг сэтгэлийн гүн, зүрхнийхээ угаас хайрлаж, амьд бурхан хэмээн дээдлэн шүтдэгийг онцолж, одонгоо гардан авсан болон бүх ээжид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэлээ.

“Алдарт эхийн одон бол эх хүний дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл. Ээжийн минь энгэрт гялалзаж байсан, ээжүүдийн энгэрт гялалзаж байгаа энэ эрхэм хүндэт одонг хамгийн хүндтэй шагнал гэж боддог” гэдгээ онцоллоо.

Мөн төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус, харин хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих төрийн бодлого гэж үздэгээ илэрхийлж, хүн ам өсөхийн хэрээр улс хөгжин дэвжинэ гэдгийг тэмдэглэв. Энэ жил Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонг нийт 12559 ээж хүртсэн нь өмнөх онтой харьцуулахад 13.7 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд алдарт эхчүүдийн олонх нь 35-38 настай байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Томчуудын дурсамж, багачуудын хүлээлт DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр маргааш болно. Энэ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг байсан тухай томчуудын дурсамжид Хүүхдийн парк том орон зай эзэлдэг. Хүүхдийн парк ч одоогийнхоосоо том байв. Харин одоо хэдэн талаасаа өндөр барилгуудад шахагдаж талбайн хэмжээ нь жижгэрсээр л… Үлдсэн жаахан талбайг нь тохижуулж, хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх тухтай газар болгох тухай яриад олон жил болж байна. Энэ яриа хэзээ биеллээ олохыг жил бүрийн Хүүхдийн баярын өмнөх өдрүүдэд л эргэн сануулдаг болов. Энэ жишиг өнөөдөр ч давтагдаж байна.

Одоогоос гурван сарын өмнө Хүүхдийн паркийн хашааг сүр дуулиантайгаар буулгаж удахгүй бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж холбогдох байгууллагын удирдлага, хариуцаж буй компанийнх нь дарга нар мэдэгдсэн. Гэвч түүнээс хойш хашааг нь буулгаснаас өөр ажил хийсэнгүй. Энэ жилийн Хүүхдийн баяраар ч Хүүхдийн парк бахь байдгаараа.

Хүүхдийн паркийг тохижуулах зураг төсөл нь ч бэлэн болоогүй байгаа юм байна. Үүнээс үзвэл ирэх жилийн Хүүхдийн баяраар ч улаанбаатарчууд Хүүхдийн паркаа нэхсээр суух бололтой. Томчуудын дурсамжид үлдсэн Хүүхдийн парк хэзээ сайхан болж, багачуудын хүлээлтийг тайлахыг хэн ч хэлж мэдэхгүй нь.

Өнөөдөр Улаанбаатар хотод хүүхдийн гэх тодотголтой бүтээн байгуулалт, барилга байгууламж гарын 10 хуруу ч олдохоор цөөхөн. Хүүхдийн паркийн газрыг тохижуулж, жинхэнэ утгаар нь хүүхэд, багачуудад зориулах ажил ингэж удааширч байгаагаас харахад цаашдаа ч иймэрхүү дүр зураг хэвээр үргэлжлэх бололтой.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний 10 нэр төрлийн ногоонд урамшуулал олгоно DNN.mn

Энэ жилийн хаврын тариалалтад гадаад, дотоод хүчин зүйлээс хамаарч улаанбуудай, төмсийг дотооддоо 100 хувь бэлтгэх зорилт тавьсан. Засгийн газраас дээрх үүссэн нөхцөл байдлаас үүдээд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон. Түүний нэг нь тариаланчдад 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй зээл олгох, түүндээ хүрэхийн тулд улсын хэмжээнд 2022 онд 552 мянган га-д тариалалт хийнэ. Түүнээс 362.7 мянган га-д улаанбуудай тарина.

Улаанбуудайн тариалалт 223 000 га га талбай буюу 60 гаруй хувьтай явж байна. Төмс 17.3 мянган га-д тарина. Тариалалт эдүгээ 30 орчим хувьтай. Хүнсний ногооны тариалалт 28 (5 дугаар сарын 27-ны байдлаар) хувьтай байна гэсэн дүн мэдээ танилцуулагдаж байна.

Хүнсний ногоо, төмсний аж ахуй эрхлэгчдэд 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Ил болон хүлэмжийн 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр тариалалтаа нэмэж намар хүнсний ногооны 80 орчим хувийг бэлтгэх дэвшүүлсэн зорилтоо биелүүлнэ гэж тооцжээ. Тооцоололдоо хүрэхийн тулд ХХААХҮ-ийн сайд аймгуудын Засаг дарга нартай хүнсний ногооны талбайн хэмжээг 2200 га-гаар нэмэх гэрээ байгуулжээ

Хаврын тариалалтын хүндрэлийг хөнгөрүүлэх зээл тусламж

Тариаланчдын нуруун дээр энэ жилийн хувьд үнэ нэмэгдсэн шатахуун хүндрэл болох магадлал өндөр байгаа. Тухайлбал урьд жилүүдэд 1600 төгрөгөөр авч байсан түлш энэ жил 3500 болсон гэнэ. Энэ мэт үнийн өсөлт газар тариалан эрхлэгчдэд дарамт болно. Иймээс хүсэлт гаргасан 250 иргэн аж ахуй нэгжид 10 000 тн үрийг 30 хувийн хөнгөлөлтэй олгожээ. Ялгаагүй 108 аж ахуй нэгжид 1,1 мянган тн шатахууныг хөнгөлөлттэй зээлээр олгоод байгаа юм байна. Мөн 686 иргэн, аж ахуйн нэгжид 43,4 тэрбум , төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 582 иргэн, аж ахуйн нэгжид 12,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Эдгээр зээл хөнгөлөлтүүд хаврын тариалалтын хүндрэлийг хөнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бололтой.

Төлөвлөсөн хэмжээнд төмс, хүсний ногоо хураан авсан нөхцөлд 60 орчим хувийг нь хадгалах багтаамжын агуулахтай. Цаашдаа механикжсан зоор агуулахыг дор хаяж 50000 тн-оор нэмэх шаардлага гарсан байна. Түүн дээр гадаадын зээл тусламж зэрэг санхүүгийн боломжит хувилбарыг судалж эхэлжээ. Хүлэмж тарианы 100 гаруй га талбайтай. Түүн дээр одоо 50 га хүлэмж хэрэгтэй гэж мэргэжлийн байгууллага танилцуулгадаа дурджээ. Тухайлбал:

  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд анхны агро-ойн аж ахуй байгуулах ажлыг улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлж тендер шалгаруулан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажлыг эхлүүлжээ.
  • Агро-ойн аж ахуй байгуулах загвар зураг төсөл боловсруулах тендер шалгаруулалтыг Барилга хот байгуулалтын яамтай хамтран зохион байгуулж байгаа аж.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй:

  • “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд агро-ойн аж ахуй байгуулах,
  • Хэнтий аймгийн 3 суманд талбай хамгаалах ойн зурвас байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт биологийн олон янз байдлыг хамгаалах” төслийн хүрээнд:

  • Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр,
  • Хэнтий аймгийн Баян-овоо, Норовлин,
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд агро-ойн аж ахуй байгуулахаар шийдвэрлэн ажлаа эхлүүлжээ.

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд жимс жимсгэнэ тариалах бүс нутаг, тохиромжийн зэрэглэлийг тогтоох судалгааны ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Жайка олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгээр Төв аймгийн Борнуур суманд ХААИС-ийн харьяа жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн загвар төвийг энэ онд байгуулж дуусгахаар төлөвлөсөн байна.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн ба жимсний аж ахуй

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ-аас жимс жимсгэнийн талбайг 13.5 мянган га-гаар нэмэгдүүлж 20 мянган га-д хүргэхээр төлөвлөжээ. Үүний тулд:

  • 24 сая ширхэг жимс жимсгэнийн мод тариалах,
  • 21.8 мянган км тариалангийн талбайд ойн зурвас байгуулах,
  • 330 сум,
  • 22 аймаг,
  • нийслэлд агро-ойн аж ахуй байгуулж нийт 128.2 сая ширхэг мод тариалахаар төлөвлөсөн байна.

Энэхүү ажилд жимс жимсгэнийн тариалан эрхлэгчдийн үүрэг, оролцоо нэн чухал байх нь ойлгомжтой. ХХААХҮЯ-ны зүгээс эрх зүйн орчныг сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, бусад яамд, уул уурхайн компаниудын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах зэргээр дэмжлэг үзүүлж ажиллахаар болжээ.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Таримал ургамлын үр соортын тухай” хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг дагаж гарах журмын төслүүдийг боловсруулах ажлын хүрээнд эхний 6 журмын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Энэхүү журамд:

  • жимс жимсгэнийн талбайд хянан баталгаа хийх,
  • жимс жимсгэнийн суулгац үржүүлэх тусгай зөвшөөрөл олгох зэрэг асуудлуудыг тусгажээ.

Жимс жимсгэнийн хувьд чацаргана, үхэр нүдний суулгацыг дотооддоо үйлдвэрлэж байгаа аж. Харин алим, чавга, интоор зэрэг Монгол улсад тариалах боломжтой бага тархацтай бусад жимс жимсгэнийн суулгацын 95 хувийг импортолох болжээ. Иймд жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төвүүдийг аймгуудад байгуулах, суулгац үйлдвэрлэлийг дэмжих зэргээр баталгаат соортын суулгацын хангамжийг нэмэх боломжтой болно гэжээ.

Европын холбооны дэмжлэг, санхүүжилт, хамтын ажиллагааны үр дүнд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Увсын чацаргана”-ыг Монгол улсаас анх удаа Европын холбоонд “Газар зүйн заалттай бүтээгдэхүүн”-ээр баталгаажуулж гэрчилгээ олгосон байх юм. Үүний үр дүнд экспорт нэмэгдэх бодит боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

Categories
гадаад мэдээ

Шри-Ланкийн ерөнхийлөгчид хариуцлага тооцно DNN.mn

Шри-Ланкийн эдийн засгийн хямралын улмаас тус улс албан ёсоор дефолт зарласан. Тэгвэл шинэ ерөнхий сайд Ранил Викрамасингхе ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүдэд хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна гэж мэдэгдэв. Энэ ажилд зориулан парламентын хяналт, санхүүгийн асуудлыг мөрдөн шалгах арав гаруй бие даасан хороод байгуулагдана гэв.

Цар тахал, нефтийн үнийн өсөлт, инфляцийн огцом өсөлт, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэснээс ерөнхий сайд асан Махинда Ражапаксын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Махинда Ражапакса нь одоогийн ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн төрсөн ах юм. Тэд 2020 онд засгийн эрхэнд гарсныхаа дараа өмнөх засгийн газрын хэрэгжүүлж байсан сонгууль, цагдаа, санхүүгийн хэд хэдэн шинэчлэлийг хүчингүй болгож байв.

Шинэ ерөнхий сайд Ранилын засгийн газрын санал болгож буй шинэ тогтолцооны дагуу ерөнхийлөгч парламентын өмнө хариуцлага хүлээх болж байгаа аж. Сайд нарын танхим ч мөн парламентын өмнө хариуцлага хүлээх болно гэж Ранил Викрамасингхе мэдэгджээ. Уг саналыг Засгийн газар болон дээд шүүх хүлээж авсны дараа батлагдахад хэдэн долоо хоног шаардагдах аж. Харин шүүмжлэгчид шинэ ерөнхий сайдын дэвшүүлсэн улс төрийн шинэчлэлийг хүлээлтээс доогуур байна гэж үзэж байна. Учир нь ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдлийг хүчингүй болгох зэрэг жагсагчдын гол шаардлагыг биелүүлээгүй байна гэж үзжээ. “Засгийн газраас дэвшүүлсэн санал нь ерөнхийлөгчид маш их эрх мэдэл олгосон хэвээр байна” гэж тэд үзсэн байна.

Шри Ланкад нүүрлээд буй эдийн засаг, улс төрийн хямралыг зохицуулахаар санхүүгийн таван хороо, хяналтын 10 хороог байгуулах гэнэ. Одоогоор Улсын санхүүгийн асуудал эрхэлсэн хороо, Аудитын хороо, Төрийн өмчийн хороо гэсэн гурван хороо нь төрийн санхүүгийн асуудлыг хариуцаж байгаа бөгөөд шинэ хороодыг нэмэлтээр байгуулна гэж шинэ ерөнхий сайд хэлсэн байна.

“Залуучууд одоогийн тогтолцоог өөрчлөхийг уриалж байгаагаас гадна тулгамдаж буй асуудлуудын талаар үнэнийг мэдэхийг хүсч байгаа. Иймээс 15 хороо тус бүрд залуусын дөрвөн төлөөллийг оруулах саналтай байна” гэж тэрээр нэмж мэдэгджээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо хоёрдугаар багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 10:27 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлжээ