Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс засал хийх боломжтой боллоо DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өчигдөр /2022.05.25/ Сүхбаатар Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн мэс заслын багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Ийнхүү тус эмнэлэг хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг хийх боломжтой болж, анхны мэс заслыг Монгол Улсын Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн ахлан амжилттай хийсэн юм.

Энэ өдрүүдэд улсын томоохон эмнэлэгүүдэд эмч мэргэжилтнүүдийг нь сургаж байна.

Аймаг орон нутагт эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламжийг үзүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэсэнд Сүхбаатарчууд талархалтай байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавируст халдварын 89 тохиолдол шинээр батлагдлаа DNN.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 15-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Илэрсэн тохиолдлуудын

  • 56 нь Улаанбаатарт
  • 33 нь орон нутагт байна.

Ингэснээр бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 924,435 болсныг Эрүүл мэндийн статистик мэдээллийн сан мэдээлжээ.

зураг

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч “Эхийн алдар” одон гардууллаа DNN.mn


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эхийн алдар” одон гардууллаа.

“Эхийн алдар” I, II зэргийн одонгоор:

  • Б.Баасанжаргал
  • Г.Ганцэцэг
  • Ч.Золжаргал
  • Т.Золзаяа

“Эхийн алдар” I зэргийн одонгоор:

  • Д.Ганчимэг
  • Н.Сугармаа

“Эхийн алдар” II зэргийн одонгоор:

  • Г.Ариун
  • Г.Ариунсанаа
  • Ш.Баярмаа
  • Г.Баясгалан
  • Б.Болор-Эрдэнэ
  • Т.Болор-Эрдэнэ
  • Р.Буянжаргал
  • Г.Ганцэцэг
  • Б.Дулмаа
  • А.Золжаргал
  • Б.Мөнхзул
  • М.Номиншагай
  • М.Нямгэрэл
  • Б.Отгоо
  • Д.Саруулжавхлан
  • Б.Солонго
  • Т.Солонго
  • Б.Ундараа
  • Б.Уянга
  • Л.Цэнд-Аюуш
  • Б.Цэрэнханд
  • Б.Цэрэнхүү
  • Н.Энхцэцэг
  • Б.Энэрэл
  • Н.Эрдэнэчимэг нар шагнууллаа.
Categories
гадаад мэдээ

Унгар улс онц байдал зарлалаа DNN.mn

Унгарын Ерөнхий сайд өнгөрсөн Мягмар гаригт Орос, Украины дайнаас үүдэн тус улсын аюулгүй байдал, эдийн засагт аюул заналхийлж буйтай холбогдуулан улс орон даяар онц байдал зарлав. Ерөнхий сайд Виктор Орбан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ “Украины дайн хэзээ дуусахыг урьдчилан таамаглах боломжгүй тул шинэ засгийн газар асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авсан” гэжээ.

Мөн тэрбээр “Онц байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Лхагва гаригт зарлана” гэж нэмж мэдэгдсэн байна.

Энэхүү онц байдал нь тус улсын Үндсэн хуульд нийцэж байгаа бөгөөд Лхагва гаригийн эхээр хүчин төгөлдөр болно гэж Ерөнхий сайд мэдэгджээ. Тэрбээр “Дайнаас үүдэлтэй аюул заналхийллийн эсрэг улс орныг ямарваа нөхцөл байдалд бэлэн байлгах яаралтай арга хэмжээ авах нь амин чухал” гэж онцолсон байна. Орбан мөн дайны хямрал эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлж байгаа ба Унгар улс дайнд оролцохгүй байх ёстой гэжээ.

Тус улс өмнө нь тогтмол бус шилжилт хөдөлгөөн болон Covid-19-тэй тэмцэх хүрээнд онц байдал зарлаж байв.

“Дэлхий нийт эдийн засгийн хямралын ирмэг дээр байна. Унгар улс энэ дайнд оролцохгүй байж, гэр бүлийнхээ санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Үүнд маневр хийх орон зай, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Засгийн газар Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, шөнө дундаас дайны улмаас онц байдал зарлаж байна” гэж үндсэрхэг үзэлтэй удирдагч Facebook хуудастаа нийтэлжээ.

Эх сурвалж: BLOOMBERG

Categories
мэдээ улс-төр

ЗГ: Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар

  • “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,
  • Төмөр замаар холбох төслүүд,
  • Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслүүд,
  • Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүд зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2022 оны 05 сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.


2022 оны 05 дугаар сарын 26-наас 05 дугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 28, 29-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 28, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Categories
гадаад мэдээ

Борис Бондарев: Би эх орныхоо өмнөөс хэзээ ч ингэж ичиж байгаагүй DNN.mn

Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын салбар зөвлөлд эх орноо төлөөлөн ажилладаг байнгын төлөөлөгчийн газрын дипломат ажилтан Борис Бондарев “Би эх орныхоо өмнөөс хэзээ ч ингэж ичиж байгаагүй” гэж мэдэгдэн албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлав.

Тэрбээр Украин, Оросын олон мянган иргэний цус урсгасан утга учиргүй дайныг эсэргүүцэж, дипломатчийн 20 жилийн ажил хөдөлмөрийн замналаа өндөрлүүлж байгаагаа сошиал хуудсандаа бичжээ. “Энэ дайныг эхлүүлсэн хүмүүс засгийн эрхэнд үүрд үлдэх ганцхан зорилготой. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэд хичнээн ч хамаагүй хүний амь насыг золиослоход бэлэн байна. Зөвхөн ийм шалтгаанаар Орос, Украины олон мянган иргэн амиа алдлаа” гэж Бондарев бичжээ.

Дараа нь тэр BBC сувгийн сэтгүүлчид “Миний шийдвэр том өөрчлөлт авчрахгүй байх. Гэхдээ ирээдүйд босох том хананы нэг тоосго болох байх гэж найдаж байна. Миний жишгийг дагах хүн олон гарахгүй гэж бодож байна. Би хэдэн жилийн өмнөөс Оросын төрийн тогтолцооны талаар бодож эхэлсэн ч энэ удаагийн хямрал намайг нэгмөсөн шийдвэр гаргахад хүргэлээ” гэсэн байна. Мөн тэрээр Украины дайны асуудлаар дээд удирдлагуудтайгаа удаа дараа санал зөрөлдөж байсан ч “амаа хамхих” даалгавар авч байснаа ярьсан юм.

Хамт ажиллагсад нь Украинд цэрэглэн халдсан явдлыг “Орос улс зарим радикал алхам хийх нь зөв” хэмээн талархан хүлээж авсныг Бондарев бас ярьжээ. “Одоо тэд олон асуудалтай, ялангуяа эдийн засгийн асуудалтай тулгарсан тул сэтгэл хангалуун бус байгаа. Гэхдээ тэдний олонх нь үзэл бодлоо өөрчилнө гэж би бодохгүй байна. Магадгүй радикал хандлага нь арай багасах ч энхийг хүсэх хэмжээнд өөрчлөгдөхгүй байх” гэж тэр хамт ажиллаж байгаа Оросын дипломатчдын талаар ярьжээ.

Мөн тэрээр “Өнөөдрийн ОХУ-ын ГХЯ-нд ямар ч дипломат ажиллагаа байхгүй болсон. Гамшиг дагуулсан дайнд турхирсан зөвхөн худал, хуурмагийг түгээн сурталчилдаг байгууллага болсон. Сайд нь хэлсэн ярьснаа тэр дор нь үгүйсгэн, зөрчилдөөнтэй, ямар ч эх захгүй зүйл ярьж энэ бузар булай явдлын тэргүүн шугаманд явж байна. Энэ яам маш бага хүрээний хэдхэн хүний эрх ашигт үйлчилж улс эх орноо дэлхийд ганцаардуулан доройтуулж байна. Оросуудад өнөөдөр холбоотон улс гэж байхгүй болсон. Би ГХЯ-нд 20 жил ажиллаж энэ яам миний гэр, бүр гэр бүл минь болсон.

Гэхдээ би цаашид цус урсгасан, тэнэг, ямар ч утга учиргүй энэ шившигт явдалтай хутгалдмааргүй байна гэж мэдэгджээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.05.25/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

09.00

Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

205 тоот өрөө

10.00

Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих, ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

10.00

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

12.00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын үйл ажиллагаатай танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох

Зэвсэгт Хүчний Жанжин Штаб

13.00

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Нялхасын 10 дугаар сувилал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцах

14.00

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

15.00

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

Categories
мэдээ цаг-үе

Манай улс жилд дунджаар 2.5 их наядын хүнсний импорт хийж байна DNN.mn

Манай улсын гол 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна.

Харин сүүн бүтээгдэхүүн 27.1, гурилан бүтээгдэхүүн 38.2, хүнсний ногоо 38.5, өндөг 48.6, цөцгийн тос 67.4, тахианы мах 98, ургамлын тос 98.5 хувийн импортын хамааралтай байгаа аж.

Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүн 100 хувь, хүнсний сав баглаа боодлын үндсэн түүхий эдийн 95 хувийг импортоор авч байна. Манай улс 2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон ба жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Эрдэнэбилэгийг шоронгоос гаргаж, бизнест нь зүтгүүлье DNN.mn

Цар тахлын жилүүдэд хөдөлдөг бүхэн нам зогсож, эдийн засаг эргэлтгүй болон навс унасан энэ жилүүдийг Эрдэнэт, Оюу толгойн буянаар монголчууд мөр бүтэн, гэдэс дүүрэн давлаа. Цахилгаан, дулаан, усны мөнгийг төр дааж, бүр хүн бүртээ тэтгэмж өгөв. Мэдээж, төрийн хэтэвчийг дүүргэдэг үйлдвэрүүдийг Эрдэнэт, Оюу толгой тэргүүлнэ. Хамгийн их орлого тэндээс ирнэ. Тэндээс орж ирсэн мөнгөө л төр иргэддээ тарааж, улстөрчид өөрсдөдөө оноо нэмдэг. Хэрэв Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг Монголд 100 хувь авчраагүй бол, хэрэв Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээг үзэглэж, Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлээгүй бол өнгөрсөн хоёр жил байдал арай өөрөөр эргэх байлаа. Юун ус, цахилгаан, дулааны төлбөрөө төр даах манатай, оросуудад Эрдэнэтийн орлогынхоо талыг өгч, Оюу толгойн гадаад захирлуудыг царайчлаад сууж байх байсан биз ээ. Алдаатай, оноотой ч энэ хоёр хүний ач буянаар монголчууд ковидын жилүүдэд яадгаа алдчихсангүй. Гэтэл тэдний буянаар орж ирсэн мөнгөөр өөртөө оноо авч суугаа улстөрчид харин өнөө хоёроо адгийн хулгайч, луйварчин гэж цоллоод, амьдаар нь өвчих шахуу болж байна. Түүнийг нь дагаж хуйлрагсад ямар ч олон билээ. Бүгд л барьж хорь, хөрөнгийг нь хураа, шоронд хатаа хэмээн уулгалан дайрч байна, албаар ингэж дайруулах ажлыг ч зохион байгуулалттай хийж байна. Энэ ёсоор Д.Эрдэнэбилэгийг шоронд барьж хориод сар гаруй боллоо. Хорих хугацааг нь дахин нэг сараар сунгав. Ч.Сайханбилэгийг мөн адил хилээр орж ирэнгүүт нь барьж хорихоор бэлэн зэхээний сууж байгаа.

Ажил хийсэн хүн алддаг. Гэхдээ монгол төрийн хамгийн том хэтэвч болсон Эрдэнэтийг 100 хувь Монголдоо авч чадсаных нь төлөө Д.Эрдэнэбилэг гэдэг хүнд монголчууд ач санах ёстой. Өдгөө Хөгжлийн банкнаас өөрийн хамаарал бүхий компаниар авахуулсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ хугацаанд нь төлөөгүй гэж түүнийг хорьж байгаа гэх. Тэгвэл Д.Эрдэнэбилэгийг бушуухан шоронгоос суллаж, бизнест нь зүтгүүлээч. Тэгж байж зээлийг нь төлүүлж, өр ширийг нь даруулах ёстой баймаар юм. Ер нь дээр өгүүлсэнчлэн түүнд ач санаж, Хөтөл байтугайг өгдөг зарчмаар нь өгчихмөөр юм. Төр хурааж авсан компаниуд ашигтай ажиллаж байсан түүх байхгүй. Үеийн үед сайн нам, сайн улстөрч улс орныг өөд нь татаж байсангүй. Харин сайн бизнесмэнүүд л улс орныг босгож ирдэг. Төр засгийн үүрэг бол хүнд хэцүү үед компаниуддаа боломж олгож байх ёстой. Дэлхийн тэргүүлэгч гүрэн Америкийн чөлөөт эдийн засаг, өдгөөгийн нийгмийн суурийг тавьсан таван алдартай бизнесмэн байдаг Америкийн анхны тэрбумтан, газрын тосны магнат Жон Рокефеллер, гангийн үйлдвэрлэлийн Эндрью Карнеги, банк санхүүгийн Ж.П.Морган, Форд мотор компанийг үндэслэгч Генри Форд, төмөр зам, усан тээврийн Корнелиус Вандербилт нарын үүсгэсэн бизнес улс орны эдийн засаг болоод нийгэм, хүмүүсийн сэтгэлгээнд асар том өөрчлөлт дэвшил авчирсан. Одоо ч нэр нөлөө нь хэвээрээ. Японы “Тоёота”, “Ниссан”, “Сони”, Өмнөд Солонгосын “Хюндай”, “Самсунг”, “Эл Жи”, “Эс Кэй” зэрэг технологийн аварга компаниуд улс орноо хямрал, ядуугийн зовлонгоос гаргахад нь үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй одоо ч улс орныхоо нэр нүүр нь болж байна. Энэ мэт улс орон бүр үндэсний аварга компаниудынхаа үүсгэж бий болгосон баялаг дээр тулгуурлаж сэргэж босдог. Тэд нь олон улсад улсынхаа нэрийн хуудас, үнэт зүйл, бахархал нь болж явдаг нь шилдэг бизнесмэнүүдийн холын хараа, ухаалаг бодлого төлөвлөлтийн үр дүн юм. Мэдээж, төр нь эднийгээ зохистой бүхий л хэлбэрээр нь дэмжсэн байж таарна.

Ийн дурдсаны учир Д.Эрдэнэбилэг бол Монголын шилдэг бизнесмэнүүдийн нэг яах аргагүй мөн юм. Түүний Худалдаа хөгжлийн банк болон хамаарал бүхий бусад компаниуд хэзээ ч ашиггүй ажиллаж байгаагүй. Тэр хэрээрээ улсад татвар төлж, хүмүүсийг ажлын байраар хангаж, цалинжуулж, нийгмийн асуудлыг нь шийдэж байдаг. Ийм олон, олон компанийн ажлын үр дүнгээр улс орон хөгжиж, нийгэм өөрчлөгдөж, хүчирхэг дундаж давхарга бий болдог. Д.Эрдэнэбилэг хоригдохоосоо өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өр зээлтэй нь хамт 41 тэрбумаар худалдаж авсан. Хуучин үйлдвэр өнөөдрийг хүртэл цоожтой байгаа, нэг ч машин асаагаагүй. Хөгжлийн банк болон арилжааны бусад банкнаас авсан зээлээрээ цоо шинэ үйлдвэрийг хажууд нь байгуулсан. Энэ хэрийн том төсөл зардлаа нөхтөлөө багадаа 10 жил болдог юм” гэж ярьсан байна лээ. Гэтэл төр аль хэдийнэ түүний хөрөнгө оруулсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хураагаад авчихсан. Тэнд очсон төрийн төлөөлөл болох захирал нь цементийн үнийг буулгаж, ард түмэнд маш ашигтай зүйл хийж байгаа гээд поп мэдээлэл цацаад эхэлсэн. Төр ингэж л ажилладаг. Хүчээр үнэ буулгаж, хүчээр бүх зүйлийг хийж байгаад дампууруулдаг. Харин бизнесмэнүүд зах зээлийнхээ зарчмаар л ажилладаг. Тэд арай илүү холыг харж, ашигтай ажиллах бүх хувилбаруудыг тооцоолсон байдаг. Ялгаа нь энэ.

Д.Эрдэнэбилэгийг шорон оронд ороогүй үед нь маш олон хүн тусламж дэмжлэг авч хөл дээрээ боссон гэдэг. Бизнесийн хамтрагчид ч хэдэн мянгаараа тоологдох биз. Хүнд хэцүү үед чинь харамгүй тус болж байсан энэ хүнээ одоо өмөөрч дуугарах шийртэй хүн байна уу. Та нарыг өөр зуураа энэ хүний ач тусыг ярьж байх хооронд улс орон даяар худалч хулгайчаар нь цоллоод, шоронд хориод, яллах гэж байна. Түүнийг луйварчин, хулгайч гэж хашгирагчид бол өөрсдөө хийсэн бүтээсэн зүйлгүй, хоосон толгойтууд байгаа. Нэг хэсэг нь түүний амжилтад атаархагчид ингэж орилж байна. Мөн хөлсний бичээчид Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг зүхэж байна. Төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн түүний хүч хөдөлмөр, үнэ цэнэ, үүсгэсэн баялаг, нийгэмд үзүүлсэн үр нөлөө хаачив. Бүр төрөхөөсөө л хулгайч луйварчин байсан аятай зүйл бичих нь хэтэрхий эрээ цээрээ алдаж байгаа харагдах юм.

Дахин хэлэхэд, Д.Эрдэнэбилэг тэргүүтэй Монголын шилдэг бизнесмэнүүдийг шоронгоос гаргаж бизнест нь зүтгүүлээч. Олон тэрбумын өртөгтэй том том төслүүдийг нь дуусгаж, ажлыг нь хийлгэж, төр өрөө буцааж авахад анхаараач. Тэд Хөгжлийн банкны өрөө ядах зүйлгүй амархан төлчихнө. Тэр зэргийн өр зээл тавьсан хүмүүс буцааж төлөх гарц гаргалгаагаа аль хэдийнэ төлөвлөчихсөн. Хэрэв тэднийг шоронгоос гаргаж ажлыг нь хийлгэж, банк зээлсэн мөнгөө буцааж авбал “чоно цатгалан, сүрэг бүрэн” гэдэг шиг л хэн хэндээ ашигтай хувилбар юм. Банк ч мөнгөтэй, бизнесмэнүүд ч өөрийнхөө хөрөнгөтэй үлдэнэ. Гэтэл манай төр амраар нь, бас өөрсдөдөө ашигтай хэмээн харж хэдэн бизнес эрхлэгчдээ шоронд хорьж байгаад хөрөнгийг нь хурааж авах бодолтой байх шиг. Хэрэв ийм зүйл төлөвлөж байгаа бол саяхан дефолтоо зарласан Шри Ланкийн түүхийг санууштай.

Г.Гэндэндарам