-Энэ заалтаар бол “Буянт-Ухаа” нисэх буудлыг шууд хаахыг тулгасан нөхцөл аж –
Цар тахал намдаж, хил гааль чөлөөтэй болсон анхны жил, аялал жуулчлал сэргэх анхны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Монгол Улсын агаарын тээврийн үйл ажиллагаа ч идэвхжиж эхэллээ. Нөмгөн сууж нөөцөө иднэ гэдэг шиг ийм л үед өнөө шинэ нисэх буудлын хэрэг гарна гэдэг хүлээлт монголчууд бидэнд бий. Гэвч Хөшигийн хөндийн гэгддэг Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлын чанар хүртээмж, үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал олны анхаарлыг татах боллоо.
Үүнтэй зэрэгцээд “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлыг ашиглаж болох эсэхтэй холбоотой асуудал ч дэгдэж байна. Чингис хаан олон улсын нисэх буудал ачаалалтай үед Буянт-Ухаа нисэх буудлыг ажиллуулж, ашиг хүртэх ёстой баймаар. Гэвч ингэх боломжгүй, гэрээгээр хатуу хориглосон гэдэг мэдээлэл байгаа юм.
Тэгвэл Монгол, Япон улсын Засгийн газрын хэмжээнд хэрэгжсэн төслийн хүрээнд шинээр ашиглалтад орсон Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын концессын гэрээнд энэ тухай заасан байдаг аж. Концессын гэрээний 9.6.4-т “Чингис хаан олон улсын нисэх буудлаас 150 км-ийн дотор байрлах аливаа нисэх буудлаас, эсхүл нисэх буудал руу хуваарьт буюу арилжааны нислэг үйлдэх зөвшөөрлийг олгохгүй” гэжээ. Энэ заалт 15 жилийн хугацаатай гэж байгаа.
Тус заалтаар бол олон улсын болон орон нутгийн агаарын тээврийн хуваарьт нислэгүүд зөвхөн Чингис хаан олон улсын нисэх буудал дээр төвлөрөх ёстой болж таарч байна. Гэвч шинэ нисэх буудал маань ачааллаа дийлэхгүй, үйлчилгээний хүртээмж олон улсын стандартаа хангаж чадахгүй байгааг харуулсан гомдол санал олон нийтийн сүлжээгээр нэг хөвөрч эхэлж байна.
“Чингис хаан ОУНБ ачааллаа дийлэхгүй бол Буянт-Ухаа руузарим нислэгээ хуваах боломжтой”
Энэ асуудлаар иргэний нисэхийн салбарын нэгэн эх сурвалжтай ярилцлаа. Тэрээр нэрээ нууцлахыг хүссэн юм
-Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын хувь заяа юу болж таарав гэдэг нь анхаарал татаж байна. Энэ тухай та яриач?
-2019 оны Засгийн газрын 455 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Буянт-Ухаа” нисэх буудлын үйл ажиллагаа өнгөрсөн оны долдугаар сараас өөрийн нэршлээрээ хэвийн ажиллаж эхэлсэн гэж хэлж болно. Нэг ёсондоо, 2022 оны эхний улиралд Иргэний нисэхийн 139 дүгээр дүрмээр гэрчилгээжээд олон улсын нисэх буудлын статустай үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож байгаа.
“Буянт-Ухаа” нисэх буудлын хамгаалагдсан бүсэд ИНЕГ-аас гэрчилгээжсэн операторууд буюу агаарын тээвэр эрхлэгчдийн үндсэн бааз бүгд байрладаг. Засгийн газрын тогтоол дээр тус нисэх буудлаас нислэг цаашдаа хэвийн үргэлжилнэ гэж тодорхой заагаад өгчихсөн. Тухайлбал, нисэхийн сургалт дадлага, ерөнхий зориулалтын нислэг, онцгой тусгай үүргийн нислэг гэх мэт төрлүүдээр ангилаад иргэний нисэхийн бусад зориулалтаар нь ашиглана гэж заасан.
-Тогтоолын хэрэгжилт хэр байх юм бэ?
-Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажил ИНЕГ-т шинэ удирдлага ирсний дараа нэлээд шуурхай явж байна. Энэ ажлын үр дүнд агаарын тээвэрлэгчид, мөн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрч ажиллана гэдэгт итгэж байгаа.
-Чингис хаан олон улсын нисэх буудлын концессын гэрээнд 150 км-ийн радиуст арилжааны болон арилжааны бус нислэг үйлдэхийг хориглосон заалт орсон байна. Салбарын хүний хувьд энэ заалтын тухайд ямар байр суурьтай байна вэ?
-Шинэ нисэх онгоцны буудлын концессын гэрээтэй холбоотой асуудал сүүлийн үед нэлээд шуугиан дэгдээж байх шиг байна. Гэрээнд 150 км радиуст арилжааны болон арилжааны бус нислэгийг хийхийг хориглоно гэсэн заалт орсон тухай энэ сарын 20-ны өдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зохион байгуулагдсан хэлэлцүүлэг дээр хэд, хэдэн хүмүүс шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байна лээ. Үүн дээр би ч тодорхой саналуудаа хэлсэн.
Нэгдүгээрт, 150 км радиуст арилжааны болон арилжааны бус нислэг үйлдэх боломжгүй болсон тохиололд “Буянт-Ухаа” нисэх буудлын үйл ажиллагаа шууд хаагдахыг тулган шаардсан нөхцөлтэй гэрээ болж байгаа юм. Хоёрдугаарт, хотын төвд болон хотын захад, мөн эмнэлгийн дэргэд байгуулагдаад байгаа нисдэг тэрэгний зогсоолуудаас эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн захиалгат нислэг хийх нөхцөл байдлыг логикийн хувьд боомилж байгаа үйлдэл л дээ.
Уг нь нисдэг тэрэгний дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага ялангуяа төв суурин газруудад их байгаа. Орон нутгаас өвчтөн агаарын хөлгөөр авчрахад захиалгат нислэг буюу төлбөртэй нислэг хийгдэж таардаг. Гэтэл дээрх заалтаар бол энэ нислэгийг хотын төвд, эмнэлгийн гадна буулгах боломжгүй нөхцөл байдал шууд харагдаж байгаа юм. Гэхдээ Засгийн газрын 455 дугаар тогтоол батлагдсанаар онцгой, тусгай гээд ялгаад өгчихсөн учраас нислэг хэвийн үйлдэгдээд явах боломжтой болж байгаа гэж үзэж байна.
-Олон улсын болон орон нутгийн нислэгийг хориглосноос гадна орон нутгаас эмнэлгийн тусламж хүссэн иргэдэд ч хүндрэлтэй байх нь ээ?
-Нэг жишээ хэлье л дээ. Орон нутгаас онгоц захиалж өвчтөн авчрах тохиолдол дийлэнх байдаг. Энэ тохиолдолд өвчтөн орон нутгаас Чингис хаан олон улсын буудал дээр буугаад хотын төв рүү эмнэлэг бараадах уу, “Буянт-Ухаа” дээр буугаад ойролцоо, эсвэл Гэмтлийн эмнэлгийн хажууд нисдэг тэрэгтэйгээ бууж тусламж үйлчилгээ авах уу гэдэг асар том ялгаатай шүү дээ. Нөгөө талаар орон нутгаас эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн онгоцоор Чингис хаан дээр буувал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллаар Төв аймгийн Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийнхөн өвчтөнийг тосч авч таардаг. Энэ бол сумаас суманд ирж байгаагаас ялгаагүй болчихож байгаа юм.
-Ер нь 150 км-ийн радиуст бусад агаарын тээврийн үйлчилгээг хориглоно гэдэг хэр үндэслэлтэй заалт вэ?
-Миний хувьд концессын гэрээний ажлын хэсэгт ажиллаж байгаагүй учраас энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
Салбар дотор мэргэжлийн хүмүүсийн гол ярьдаг зүйл бол Чингис хаан олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа явахтай зэрэгцээд дотоодын нислэгүүдээ Буянт-Ухаагаас үйлдэх, жижиг агаарын тээвэрлэгчид буюу бага оврын агаарын хөлөгтэй операторуудынхаа үйл ажиллагааг Буянт-Ухаагаас явуулах сонирхол төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил аль алинд нь байгаа.
-Дотоодын агаарын тээврийнхэнд энэ шийдвэр хүртээмжтэй байж чадах уу. Зах зээлийн зарчмаар гэдэг шиг дотоодын жижиг агаарын тээврийнхний үйл ажиллагааг хумьсан үйлдэл биш үү?
-Нэгдүгээрт, би ганцаараа энэ асуудлыг дүгнэж хэлэхэд түвэгтэй. Хоёрдугаарт, Чингис хаан олон улсын нисэх буудлын агаарын хөлөг олон улсын нислэгүүд аваад ачааллаа дийлэхгүй болсон дүр зураг сүүлийн үед харагдаад байгаа. Хэрэв үнэхээр ачааллаа дийлэхгүй байгаа бол Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу зарим нислэгээ хуваах боломж бүрэн байгаа. Засгийн газрын тогтоолд Буянт-Ухааг олон улсын нөөц нисэх буудал байна гээд заачихсан. Эрх зүйн хувьд ямар ч асуудалгүй гэж үзэж байгаа гэв.