Categories
гадаад мэдээ

В.Путин Украины эзлэгдсэн нутгийн иргэдэд ОХУ-ын иргэний паспортыг олгох зарлигт гарын үсэг зурав DNN.mn

Лхагва гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өмнөд Украины Запорожье, Херсон мужуудын иргэдэд Оросын иргэний паспортыг хялбаржуулсан журмаар олгох зарлигт гарын үсэг зурсан байна.

Одоо Херсон муж бүхэлдээ, Запорожье мужийн зарим хэсэг Оросын цэргийн хяналтад байгаа юм.

“Бидний төлөө хийсэн бүхэнд нь, Оросын түүхэн газар нутгийг чөлөөлж, Орос иргэдийг хамгаалж буй ерөнхийлөгч Владимир Путинд бид маш их талархаж байна” гэж Москвагаас томилогдсон Херсон мужийн дэд захирагч Кирилл Стремоусов мэдэгджээ.

“Оросын аугаа том гэр бүлд нэгдэх хүсэлтэй” хүн бүрд туслахад бэлэн байгаагаа тэр РИА Новости агентлагт ярьсан байна.

Украинаас салан тусгаарласан Луганск, Донецкийн иргэдэд зориулсан ийм журмыг 2019 онд Путин бас баталж байжээ.

Ингэснээр Украины эзлэгдсэн нутгийн иргэд ОХУ-д амьдралгүйгээр, орос хэл мэддэгээ батлах, хөрөнгө мөнгөний баталгаа гаргах шаардлагагүйгээр паспорт авах боломжтой юм.

Даваа гарагт Херсон мужийн захиргаа төлбөр тооцоонд Украины гривнатай Оросын рублийг хамт хэрэглэх шийдвэр гаргасан байна.

Лхагва гарагт Запорожье мужийн Оросын цэрэгт эзлэгдсэн хэсэгт бас ийм шийдвэр гаргажээ.

Харин Киевийн засгийн газар өчигдөр Путиний гаргасан шийдвэрийг олон улсын хууль дүрмийг зөрчсөн, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хэмээн буруутгасан байна.

Эх сурвалж: Associated Press

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Монголд казино хэрэггүй шүү DNN.mn

Казиногийн хууль энээ тэрээ гээд яриад эхлэх боллоо. Монгол нутгийн хөрсөнд огт таарахгүй эд нь тэр казино чинь шүү. Нэг хэсэг зөвшөөрөлтэй газрууд нээгдэж, мэр сэр тоглож их олон айлын амьдралыг нурааж байснаа мартсан уу.

Монгол эрчүүд мөрийтэй тоглоомонд хотлоороо дуртай, хожигдоод ирхээрээ хамгаа гөвж байж зогсдог муу зуршилтай тул тээр жилийн тэр зэвүүн цагт олон ч залуучууд орон сууцаа хүртэл алдаж байсныг мартамгүй. За тэгээд хол газар зөвхөн гадны хүмүүст зориулсан, монголчууд ордоггүй тийм тоглоомын газар нээнэ ч гэх шиг үлгэр яригдаад байх юм.

Хууль тогтоох наад танхимд чинь хүртэл хүний нутагт очоод өчнөөн саяар нь алдчихдаг хүнд гарууд сууж байгаа, тэд болон тэднийг даган баясагчид нээгдэж магадгүй казиногийн чинь вип зааланд сууж л таараа.

Мөрийтэй тоглоом жуулчид татдаг гээд бураад байгаа хүмүүст Турк, Тайланд гээд жилдээ өчнөөн сая жуулчин авчирдаг улсууд казиногүй болоод байдгийг сонордуулчихья. Тэрбум хүн амтай Хятад улс мөрийтэй тоглоомыг хориглодог, арлын Макао явж тоглосон хүмүүсээ бүртгэж хатуу хяналтанд авдаг нь угтаа муу зуршлыг дэлгэрүүлэхгүй гэсэн бодлого мөн. Мэргэн түшмэлүүд суурьтайхан бодож, нухацтай хандаарай даа.

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Гаалийн бүрдүүлэлт хийж ачааг уртасгасан цагаар олгож байна DNN.mn

УБТЗ-аар үйлчлүүлэгчдийн импортоор оруулж ирж байгаа ачааг түргэн шуурхай олгох ажлыг сайжруулах зорилгоор УБТЗ болон ГЕГ хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар болжээ. Уг ажлын хүрээнд УБТЗ-аар үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн импортоор оруулж ирсэн ачаанд гаалийн бүрдүүлэлт шуурхай хийж, ачааг олгох ажлыг хийж эхлээд байна. Ингэхдээ УБТЗ импортын ачаа тээврийг оновчтой зөв зохион байгуулж 24 цагаар ажиллаж байгаа юм. Гаалийн байгууллага ажлын өдөр 8:00-20:00 цаг хүртэл, Бямба, Ням гаригт 8:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, гаалийн бүрдүүлэлт хийж, олголт хийж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 91 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Эрүүл мэндийн статистик мэдээллийн сангаас цар тахлын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 91 хүн ковид-19 халдвар авсан нь батлагджээ. Үүний 56 нь Улаанбаатар хотод илэрсэн байна. Ингэснээр манай улсад ковид-19 халдвараар өвчилсөн нийт иргэний тоо 924606 боллоо.

Харин нас барсан хүний тоо 2115 болоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Наранбаяр: Багшийн цалинг хоёр сая төгрөгөөс дээш болговол боловсролын салбарт чадварлаг боловсон хүчин орж ирнэ DNN.mn

“Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын тэргүүн, Олон улс судлалын доктор П.Наранбаяртай боловсролын салбарын хөгжлийн талаар ярилцлаа.


-Та саяхан боловсролын салбарт сайн багштай болохын тулд либералчилъя гэж жиргэсэн байна лээ. Энэ талаараа тодруулна уу?

-Багш бэлдэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх процессыг харьцангуй чөлөөтэй болгоё гэсэн санаа юм.

-Ер нь яаж сайн багштай болох вэ. Ямар арга зам байна?

-Багшийн цалинг хоёр сая төгрөгөөс дээш болгож байж энэ салбарт чадварлаг боловсон хүчин орж ирнэ. Үндсэн арга зам бол энэ. Түүний зэрэгцээ чадварлаг оюутантай болох, тэднийг боловсролын салбарт тогтвортой уях тогтолцоо зайлшгүй хэрэгтэй. Төв суурин газартаа сайн багш чигжүү, хөдөө, зах руугаа сайн багш дутуу байгааг засах нэг арга бол сэлгүүлэн ажиллуулах явдал. Багшийн мэргэжлийн зэргийг олгохдоо хотын захын сургууль, хөдөө нутагт ажилласан байдлыг харгалзаж, багшийн “Зөвлөх” зэргийг олгох нь зүйтэй. Нэг сургуульд нэг багш таваас дээш жил ажиллаагүй заавал сэлгээнд ордог байх нь чухал. Энэ бол хөгжингүй орнуудад байдаг л тогтолцоо.

-2030 онд багшийн ноцтой дутагдалд орно гэсэн байсан. Энэ хаанаас гаргасан судалгаа вэ. Одоо манайд багш нарын хүрэлцээ хэр байдаг вэ? Дутагдалтай байгаа гэдгийн шалтгаан нь юу вэ?

-“Алсын хараа-2050” хөтөлбөрт төрөлт нэмэгдэж, сургуульд элсэн орж буй хүүхдийн тоо эрчимтэй нэмэгдсээр байгаа өнөөгийн нөхцөлд 2030 он гэхэд 23 мянган багш дутагдахаар байгаа тухай дурджээ. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудын 11 хувь 41-70 хүүхэдтэй хичээллэж байна гэсэн тоо баримт бий. Энэ тооноос багш, сургуулийн орчны хүрэлцээг та багцаалдаж болно. Дутагдалтай байгаагийн шалтгаан нь багш бэлдэж гаргах тогтолцоо хэт хөшингө, багш болох хүсэлтэй залуу үе хомс, чанартай багш бэлдэх сургуулиуд хангалтгүй байгаатай холбоотой.

-Гадаадад сургууль төгссөн залууст хялбар журмаар багшлах эрх олгоё гэж та жиргээндээ онцолсон. 2021 оны тавдугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд багшлах эрх олгох, хасах журмыг шинэчлэн баталсан байдаг. Та санал болгоод буй хялбар журмынхаа талаар дэлгэрүүлнэ үү?

-Багшлах эрх олгох журам өнөөгийн Боловсролын тухай хуульд нийцүүлэн гарсан гэж ойлгож байгаа. Урьд нь багшаар ажиллах эрх, багшлах эрхийг салгаж хоёр дахин олгодог түвэгтэй тогтолцоо байсныг нэг болгосон нь сайшаалтай. Миний саналын тухайд тайлбарлая. Гадаадад их сургууль төгссөн залуус чадвар харьцангуй өндөр, нэн ялангуяа байгалийн ухаан, гадаад хэлийг сайн эзэмшсэн байдаг. Боловсролд яг л ийм чадвартай хүн маш их дутагдаж байна. Тиймээс багшлах дур сонирхол, авьяас чадал, мэдлэгтэй залуусыг уг салбарт олноор нь татан оруулахад зоримог шийдвэр хэрэгтэйг хэлсэн хэрэг л дээ.

-Уг асуудлыг шийдэхэд хэр хугацаа шаардагдах бол. Хэр ач холбогдолтой вэ. Үр дүн нь ямар байх бол?

-Энэ бол ердөө л яам тамгын газруудын харилцан уялдаа холбоо, шийдвэртэй л холбоотой асуудал. Сар хүрэхгүй хугацаанд дээрх тогтолцоог бий болгох боломжтой гэж харж байна. Ач холбогдол нь алсдаа том шүү дээ. Чадвартай залуус багш болоод ирвэл сайн багш таны дэргэд ирж, сайн боловсрол, сайн сургууль гэрийн чинь дэргэд ороод ирлээ л гэсэн үг. Сайн багшаас сайн шавь. Энэ бол гол үр дүн.

-Мөн та жиргээндээ багшийн сургуулиудад богино хэмжээний дидактикийн сургалтыг зохион байгуулах тухай онцолсон байсан. Энэ нь багшлах эрх олгох сургалтыг хэлээд байна уу. 2021 онд гаргасан дээрх журамд сургалтын хөтөлбөрийг танхимын, танхимын бус зайн, цахим болон хосолсон хэлбэрээр зохион байгуулж болно. Үүнийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэсэн байсан. Энэ тухайд?

-Боловсрол өндөр, чадвар сайн, мэдлэг гүнзгий шинэ үеийн залуус багш болохоор хүсвэл мэргэжлийн хичээл гэх мэтийг давхцуулан заагаад байлгүй заах арга зүй буюу дидактикийн сургалтыг МУБИС гэх мэт багш бэлддэг сургуулиудад гурван сард багтаан заагаад багшлах эрхийн үнэмлэх олгочих хэрэгтэй. Одоо бол богиносгосон сургалт нэртэй ч нэг жил хагасаас хоёр жилийн сургалт явж байна шүү дээ. Өнөөгийн өртөг өндөр, амьжиргааны зардал ихтэй нийгэмд хэн хоёр жил дахин сурах вэ дээ.

Нэг жишээ хэлье. Ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн багш маш их дутагдаж байгаа. Хөгжимчин залуу байя гэж бодъё. Хөгжмийн багшийг хөгжмийн боловсролтой л хүн заана шүү дээ. Тийм хүн багшилъя гэхээр хоёр жилийн сургалтад төлбөр төлж суух хэрэгтэй болдог. Тэгэхийн оронд зуны гурван сард заах арга зүйн сургалтад хамруулчихад хангалттай юм. Дашрамд хэлэхэд, МУБИС зөвхөн багш, боловсролын ажилтнуудыг бэлддэг болмоор байна. Өөр мэргэжлээр хүн бэлдэх шаардлагагүй. Угаас багшийн дутагдалд ороод байна шүү дээ.

-Та боловсролын салбарт чамгүй хугацаанд ажилласан арвин туршлагатай хүн. Боловсролын салбарт чанартай сургалтын шинэ жишиг, стандартыг тогтооход томоохон хувь нэмэр оруулсан хүн билээ. Та нэгэн ярилцлагадаа боловсролын хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө ажиллахаа онцолсон байна лээ. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?

-Баярлалаа. “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-аараа дамжуулан энэ зорилгынхоо төлөө зүтгэж байна. Хотын төвийн сургуулийн сайн багшийн интерактив хичээлийг бид Архангай аймаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийнхээ зүүн захын сургуулиудад онлайнаар хүргэж байна. Сайн сургууль гэдгийг тодорхойл гэвэл сайн багшаар дүүрэн сургуулийг л хэлнэ гэж би хариулна. Сайн багш байгаа цагт боловсрол аяндаа хөгжинө. Мөн сайн хичээлийн агуулгыг бий болгох тал дээр “ICT Group”-тэй хамтран ажиллаж байна. Энэ нь дэлхийн 160 гаруй оронд өөрийн хичээлээ хүргэдэг Хан академийнх шиг өндөр боловсруулалт, чанартай хичээлийг монгол хэлээрээ өөрсдөө бий болгоно гэсэн үг юм. Ийм хичээлүүдийг хүүхэд орон зай, цаг хугацааны дарангуйлалд орохгүйгээр үзнэ. Түүний зэрэгцээ, А.Энхбаяр багшийн “Дижитал солюшнс” компанийн Guyuk мета ертөнцтэй хамтран виртуал сургуулиа нээх зорилт тавин ажиллаж байна. Түүний зэрэгцээ голдуу залуу уншигчид зориулсан “Зүймэл” номоо хэвлүүллээ. Хаанаас нь ч уншиж болдог өвөрмөц ном. Уншигчийн оюуны ертөнцийг тэлэхэд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр болоосой гэж хүсэж байна.

-Таны ойрын төлөвлөгөө юу вэ?

-“Сайн сургуулийг таны дэргэд” ТББ, Гүүдскүүл сайт, Дэкирү сургалтын төвөөрөө дамжуулан боловсролын үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хувиар сонгогчдынхоо дуу хоолой болж, хүний амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд нийслэлийнхэнтэйгээ хамтдаа алхаж явахыг эрхэмлэж явна даа.

Categories
мэдээ нийгэм

Өргөө амаржих газрын дэргэдэх нүхнээс цогцос олджээ DNN.mn

Барилгын ухсан нүхнээс хүний цогцос олджээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Өргөө амаржих газрын дэргэд баригдаж буй барилгын ухсан нүхэнд цогцос байна гэсэн дуудлагыг 02:20 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8.8 км замыг туулан очиход 34 настай Су гэх эрэгтэй баригдаж байгаа 10 давхар барилгаас суурин кранын хоёр метр орчим ухсан нүхэнд унаж нас барсан байсан цогцсыг 10 минут ажиллан гаргажээ. Улмаар тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

Categories
мэдээ нийгэм

Дуучин “A cool” буюу Б.Анхбаяр “Соёмбо” чуулгын даргаар томилогдлоо DNN.mn

Дуучин A cool Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа “Соёмбо” чуулгын даргаар томилогджээ.

Тэрбээр офицерын курст суралцаж, хошууч цолтойгоор уг албан тушаалыг хаших болсон байна.

“Соёмбо” чуулга нь ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдэлж байгаа хүмүүжигчдийг соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй урлагийн байгууллага юм.

Categories
мэдээ цаг-үе

БШУЯ: Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй DNN.mn

2021-2022 оны хичээлийн жил дуусах дөхөж, сурагчдын амралт эхлэх дөхөж байна. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралтыг эхлүүлэх хугацаанд өөрчлөлт оруулж наашлуулсан гэх мэдээлэл явсан.

Харин холбогдох албаны хүний мэдээлснээр 1-3-р ангиудын амралт зургаадугаар сарын 3-нд, 4-11-р анги зургадугаар сарын 11-нд эхлэх хэвээрээ аж.

Мөн 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 6-10-нд, 6-12 дугаар ангийнхан 13-17-нд анги дэвших болон улсын шалгалтад хамрагдах хуваарьтай байна.

Categories
мэдээ цаг-үе

“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут ба хөтөлбөр DNN.mn

“Улаанбаатар марафон-2022” тавдугаар сарын 28-ны Бямба гарагт олон улсын гүйлтийн болно.

Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм. Марафоны зохион байгуулалтын талаар өмнө нь мэдээлсэн бол энэ удаад гүйлтийн маршрутыг хүргэж байна. зураг

5,000 м: /ГАРАА/ – Д.Сүхбаатарын талбай – Төв шуудан – Энхтайваны өргөн чөлөө – Цэцэг төв – Зоос гоёл – МУИС – Бээжингийн гудамж – Чингис зочид буудал – Бөхийн өргөө – Энхтайваны өргөн чөлөө – СЭЗИС – МУБИС – Дуурь бүжгийн эрдмийн театр – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/

зураг

10,000 м: /ГАРАА/ – Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан – Сөүлийн гудамж – “Норе” шүдний эмнэлэг – Бишрэлт дэлгүүр – Зоос гоёл – V сургууль – Хүүхдийн урлан бүтээх төв – МУИС – ШУТИС-ийн уулзвар – Чингис Зочид буудал – Сансарын туннель /Сансарын туслах зам/ – Баянцээл дэлгүүр – Зүүн 4-н замын уулзвар – Бөхийн өргөө – СЭЗДС – МУБИС – Элчингийн гудамж – ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/

зураг

Хагас марафон: /ГАРАА/ – Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан – Сөүлийн гудамж – “Норе” шүдний эмнэлэг – Бишрэлт дэлгүүр – Зоос гоёл – V сургууль – Хүүхдийн урлан бүтээх төв – МУИС – ШУТИС-ийн уулзвар – Чингис Зочид буудал – Сансарын туннель /Сансарын туслах зам/ – Баянцээл дэлгүүр – Зүүн 4-н замын уулзвар – Бөхийн өргөө – СЭЗДС – МУБИС – 103 – Элчингийн гудамж – Япон улсын ЭСЯ – Шангри Ла зочид буудал – Баянгол зочид буудлын уулзвал – Драмын театр – Сөүлийн гудамж – /10 км-ийн замыг 2 тойроод барианд орохдоо/ – МУБИС – 103 – Элчингийн гудамж – ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/

зураг

Бүтэн марафон: /ГАРАА/ – Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан – Сөүлийн гудамж – “Норе” шүдний эмнэлэг – Бишрэлт дэлгүүр – Зоос гоёл – V сургууль – Хүүхдийн урлан бүтээх төв – МУИС – ШУТИС-ийн уулзвар – Чингис Зочид буудал – Сансарын туннель /Сансарын туслах зам/ – Баянцээл дэлгүүр – Зүүн 4-н замын уулзвар – Бөхийн өргөө – СЭЗДС – МУБИС – 103 – Элчингийн гудамж – Япон улсын ЭСЯ – Шангри Ла зочид буудал – Баянгол зочид буудлын уулзвал – Драмын театр – Сөүлийн гудамж – /10 км-ийн замыг 4 тойроод барианд орохдоо/ – МУБИС – 103 – Элчингийн гудамж – ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/

10 км, 21 км, 42 км-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн программд оруулах шаардлагатай тул эдгээр зайнд оролцогчдыг тавдугаар сарын 27-ныг хүртэл бүртгэж, бүртгэлийг хаана.

БАРИАНД ОРСОН БҮХ ТАМИРЧНЫГ ДУРСГАЛЫН МЕДАЛЬ ӨРГӨМЖЛӨЛӨӨР УРАМШУУЛНА

Марафон гүйлтийн 10 км, хагас буюу бүтэн марафоны 21,095м, 42,195м зайд гүйж эхний 1-10 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана.

Мөн барианд орсон бүх тамирчныг дурсгалын медаль өргөмжлөлөөр урамшуулах юм. 5,000 м зайд гүйх 12-17 насны ангилалд эхний 1-8 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана. Марафон гүйлтийн олон улсын тэмцээний үеэр нийтийн тээврийн хэрэгслийн төлөвлөлт зохицуулалтыг энэхүү холбоосоор орж үзнэ үү.

“УЛААНБААТАР МАРАФОН – 2022” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ХӨТӨЛБӨР

2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр (Баасан)

17:00 цагт “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн техникийн зөвлөгөөн

2022 оны тавдугаар сарын 28-ны өдөр (Бямба)

09:00-09:30 цагт Урлагийн тоглолт

09:30-09:50 цагт “Улаанбаатар Марафон-2022” олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа

09:50:10:00 цагт “Улаанбаатар марафон”-д оролцож байгаа нэр хүндтэй тамирчдыг танилцуулж, гарааны шугамд урина.

10:00-10:20 цагт Гарааны дохионы буудлагаар Элит гараа буюу 42195, 21095м 10000м-ийн зайн гүйгчид гараанаас гарна.

10:30-10:40 цагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 5000 м-ийн зайн 12-17 насны ангиллын гүйгчдийн гараа гарна.

10:40-11:00 цагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 5000 метрийн 18-аас дээш насны ангиллын гүйгчдийн гараа гаргана.

10:30-16:00 цагт Гүйлтийн тамирчдыг барианд барих ажиллагаа явагдана.

Гүйлтийн бариа барих

10:40-12:00 цагт 5,000 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

10:30-13:00 цагт 10,000 метрийн гүйлийн бариа барих ажиллагаа

11:30-15:00 цагт 21,095 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

12:00-16:00 цагт 42,195 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

14:00-14:20 цагт 1,500 метрийн Гэр бүлийн гүйлтийн гараа, бариа

14:20-14:30 цагт 1,500 метрийн Тэргэнцэртэй, Хараагүй иргэдийн гараа, бариа

14:30-15:00 цагт Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн гараа, бариа

5000м-ийн зайн уралдааны шагнал гардуулах ажиллагаа

15:00-15:30 цагт Марафоны 5,000 метрийн зайн 12-17 насны ангиллын эхний 1-8-р байруудад шалгарсан эрэгтэй, эмэгтэй 16 гүйгчдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа

15:00-16:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Гэр бүлийн ангиллын эхний 1-3-р байрны шагнал гардуулах ёслолын ажиллагаа

10,000 м, 21,097 м, 42,195 м-ийн зайн уралдааны шагнал гардуулах ажиллагаа

16:00-16:20 цагт 10,000 м-ийн шагнал гардуулах ажиллагаа

16:20-16:30 цагт 21095 м-ийн 18-34 насны ангиллын шагнал гардуулах ажиллагаа

16:30-16:40 цагт 21,095 м-ийн 35-54 насны ангиллын шагнал гардуулах ажиллагаа

16:40-16:50 цагт 21,095 м-ийн 55-аас дээш насны ангиллын шагнал гардуулах ажиллагаа

16:50-17:00 цагт 42,195 м-ийн ангиллын шагнал гардуулах ажиллагаа

зураг

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлээр 262 компани үйл ажиллагаа явуулж байна DNN.mn

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлээр 262 компани, тэдгээрийн 282 брокер, 1,370 агент ажиллаж байна. Давхардсан тоогоор эдгээр байгууллага нийт 1,621 хэлцлээр 296.3 мянган м.кв талбай, 275.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдаж, шилжүүлжээ.

Харин нийт 659 хэлцлээр 61.3 мянган м.кв талбай, 12.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлсэн байна.

зураг

Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд 43, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 244, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн 130, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 67 байна.

Мөн улиралд 50.8 тэрбум төгрөгийн үнэт металлыг борлуулж, 39.3 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.

зураг

Санхүүгийн зах зээлийн 2022 оны нэгдүгээр улирлын тоймтой дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарж уншина уу.