Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023-2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

-УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2025 оны өрийн стратегийг батлах асуудлыг ярьж байна. Монгол Улсын өр 33 тэрбум ам.доллар болжээ. Үүний 10 тэрбум нь Засгийн газрынх, үлдсэн нь хувийн хэвшлийнх гэж байна.Төр хувийнх гэлтгүй энэ чинь бүгд л Монгол Улсын өр шүү дээ. Доллараар төлнө. Өнөөдөр манай улс гаднын өр зээлийн хүүд өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна. Энэ үнэхээр том тоо шүү дээ. Өнөөдөр яагаад ийм болчихов. Үнэндээ үүнд парламентад олон жил суусан бүх гишүүн буруутай шүү. Оюу толгойн өр дангаараа гадаад өрийн 60 орчим хувийг эзэлж байгаа. Энэ өрийг тавихгүй байх боломж байсан шүү дээ. Бид өөрсдөө энэ өрийг тавилцахад оролцсон. Зээл авахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломж байсан. Хоёрт, бид үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон болсны гай л даа.

Ирэх жилүүдэд хэчнээн хэмжээний гадаадын зээл тусламж авах вэ. Хоёрт, 2023 онд хэр хэмжээний зээл төлөх вэ. Түүнийгээ төлж чадах уу, дефолт зарлах хэмжээнд очих юм биш биз дээ?

-Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын нийт өр 33.2 тэрбум ам.доллар байгаагаас 12.5 тэрбум ам.доллар нь Оюу толгойн төслийн зээл эзэлж байна. Цаашид Засгийн газрын өр нэмэхгүй гэдэгтээ санал нэг байна. Төсвөө алдагдалтай батлаад байвал өр нэмэгдээд л байна. Алдагдалгүй төсөв баталбал өр нэмэхгүй байх боломжтой.

2023 онд 560 тэрбум төгрөгийн гаднын буцалтгүй тусламжаар орж ирэх юм байна лээ. Үүний дийлэнх Мянганы сорилтын сангийн төслийн санхүүжилт юм байна лээ. Мөн хилийн боомтуудын шинэчлэлийн ажлыг буцалтгүй тусламжаар хийхээр тусгасан байна.

2023 онд гадаад өр төлбөрийг төлөхөд ямар нэгэн эрсдэл гарахгүй. Харин дэлхий дахинд бодлогын хүүнүүд өсч байгаа учраас зардал л бага зэрэг өсөх байх. Манай улсын зээлжих зэрэглэл харьцангуй гайгүй байгаа учраас өр төлбөрийг дахин санхүүжүүлэхэд саад гайгүй байх.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокурорын байгууллагаас УИХ-ын зарим гишүүнд хилийн хориг тогтоох санал иржээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлсэн байна. Мөн Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаярт ч хилийн хориг тавих санал иржээ.

Categories
мэдээ цаг-үе

“Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn

Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм.

Гэвч тавдугаар сарын 28-нд Улаанбаатар хот орчимд бороо, Хэнтий нурууны орчим, Мөнгөнморьт сумын чиглэлд бага зэргийн цас орохоор төлөвтэй байгаа юм байна. Өдөртөө +6+8 градус дулаан, бямбаас нямд шилжих шөнө 0-2 градусын хүйтэн байх аж. Тиймээс энэ өдөр гадуур гарах, гүйлтийн тэмцээнд оролцох хүмүүс дулаан хувцаслаж, даарч хөрсний улмаас ханиад томуу тусахаас сэргийлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn

Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар НМХГ-аас мэдээлэл хийлээ.

НМХГ “Эмээлтэд байрлалтай “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон. Уг бодисын гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан байсан ба үйлдвэрт технологийн зааваргүйгээр хэрэглэж байсан. Тиймээс Нийслэлийн прокурорын газарт тавдугаар сарын 19-ний өдөр үйл ажиллагааг нь зогсоох тухай саналыг хүргүүлсэн. Түүнчлэн мах боловсруулах үйлдвэрт байсан цагаан нунтгаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжүүлсэн. Улмаар цардуулын өндөр агууламжтай, нэмэлт бүхий нийлмэл хольц болохыг тогтоосон. Тиймээс “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагааг хүчингүй болгосон. Тэгэхээр цаашид энэ компанийн нэрээр мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй гэсэн үг.

Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг нийт 28 үйлдвэр хяналт шалгалтад хамруулсан. Шалгалтын үнэлгээ хараахан гараагүй байна. Түүнчлэн адууг зүй бус нядалж байна гэх мэдээлэл гарсан. Энэ нь 2017 оны зураг, мэдээлэл болох нь тогтоогдсон” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn

Зам ашигласны төлбөрийг цахимаар авах туршилтын ажил улсын хэмжээнд үргэлжилж байна. Монгол Улсын хэмжээнд зам ашигласны төлбөр авах 28 цэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Улаанбаатар орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Хоолт, Түргэний гүүрний төлбөр авах цэгүүдэд авто замын төлбөрийг цахимаар төлөх боломжтой болжээ.

Цахимаар төлбөр төлөх заавар:

  • И-баримт аппликэйшн татах:
  • iOS apps.apple.com/us/app/ebarimt
  • Android play.google.com/store/apps
  • Monpay аппликэйшн татах
  • Socialpay аппликэйшн татах

Categories
мэдээ нийгэм

Азийн цомын тэмцээний сугалаа явагдлаа DNN.mn

Азийн хөл бөмбөгий холбооноос энэ жил анх удаагаа зохион байгуулах гэж буй залуучуудын 17 болон 20 хүртэлх насны 2023 оны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны сугалаа явагдлаа. Монголын 17 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн урьдчилсан шатны тоглолтууд аравдугаар сарын 1-9-ний хооронд Тажикстан улсад зохион байгуулагдаж Тажикстан, Афганистан, Зүүн Тимор улсын багуудтай нэг хэсэгт өрсөлдөнө. 20 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн урьдчилсан шатны тоглолтууд есдүгээр сарын 10-18-ны хооронд Монгол Улсад зохион байгуулагдаж БНСУ, Малайз, Шри Ланк улсын шигшээ багууд оролцох юм

Categories
мэдээ цаг-үе

DNN-СУРВАЛЖИЛГА: “Монгол Улс татварын хувьд харьцангуй дарамт багатай” гэв DNN.mn

Сангийн яам, Татварын ерөнхий газар, УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагууд нэгдэж “Тогтвортой хөгжилд татварын боловсролын үүрэг” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тайлбар байхгүй.

Татвар бол төрийн бодлогын нэг илэрхийлэл, улс орны оршин тогтнох үндэс суурь тусгаар тогтнолын баталгаа бөгөөд хүн бүрийн үндсэн хуулиар хүлээсэн 4 үндсэн үүргийн нэг юм. Татвар төлөх нь хүний нийгмийн хөгжил дэх төрт улсын үндсэн шинж бөгөөд өдгөө тогтвортой хөгжлийн суурь эх үүсвэр аж.

Г.Алтанзаяа (ТМЗН-ийн Ерөнхийлөгч, доктор профессор, татварын шинжээч): Зөвлөгөөний үндсэн агуулга бол үндсэн хуульд заасан үндсэн үүргээ хэрэгжүүлдэг нийгмийн харилцааг бий болгох, зөвхөн төлдөг биш нийгмийн олон асуудлуудыг зохицуулдаг, нийгмийн шударга ёсыг илэрхийлэх гол хэмжүүр болж өгдөг. Татварын дарамтыг харилцаанд орж байгаа үйлдлээрээ хэмжих үү, төлж байгаа татвараараа хэмжих үү гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Үндсэндээ татварын хувь хэмжээний ачааллыг хэмжих юм бол Монгол улс татварын хувьд харьцангуй дарамт багатай улс гэдэг нь дэлхийн аль ч улс орны судалгаагаар тодорхой байна. Тэгэхээр таны хувьд юуг татварын дарамт гэж үзэж байгаагаа өөрөө мэдэх хэрэгтэй. НӨАТ-ын буцаан олголт олгодог 2,3 улс орон байдаг. Тэдгээр улсууд 2 хувийг л буцаан олгодог.
Тайлбар байхгүй.

Татварын орлого нь улсын төсвийн 80 хувийг, дотоодын 25 хувийг эзэлдэг.

2021 онд хийгдсэн “Төсвийн тогтвортой байдалд татварын боловсрол нөлөөлөх нь” судалгаагаар татварын талаарх ойлголт, мэдлэг, мэдээллийн хүртээмжийн талаарх судалгаанд 2000 гаруй иргэнийг хамруулахад 73.4 хувь нь татварын талаарх ойлголт мэдлэгийг хөдөлмөрийн харилцаанд ороод мэдэж авсан гэж хариулсан байна.

Тайлбар байхгүй.

Татварын боловсрол нь татварын алба, иргэдийг холбох гүүр тул улс төрийн дэмжлэгтэйгээр өргөн хүрээний оролцогч талуудын хамтын ажиллагааны нэгдэлд төлөвших учиртай.

Тайлбар байхгүй.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ улс-төр

С.Одонтуяа: Малын махыг химийн бодист хийсэн хүмүүст ял оноох ёстой. Бусдад нь сургамж болно DNN.mn

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Саяхан их хэмжээний малын махыг химийн бодист хийж хадгалж байсан үйлдвэрийн тухай хэвлэл мэдээллийг хэрэгслээр мэдээлсэн. Ийм үйлдлийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг болмоор байна. Яг үүнтэй холбоотой үйлдлийг Зөрчлийн хуулиар шийддэг юм байна. Зөвхөн хүний амь нас хохирсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу шийтгэдэг. Хүний бүтээгдэхүүнд химийн бодис хольсон энэ тохиолдолд тэр дороо хүний амь нас хохирохгүй байж болох ч олон жилийн дараа хорт хавдар болно, ямар нэгэн байдлаар эрүүл мэндээрээ хохирно. Тийм учраас ийм үйлдлийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг болох ёстой.

Малын махыг химийн бодист хийсэн хүмүүст ял оноох ёстой. Бусдад нь сургамж болно.

Хоёрдугаарт, Европоос тэр дундаа Германаас хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн оруулж ирээд хугацааг нь өөрчилдөг бүлэглэл байна. Хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд ч байна. Нэг агуулахад тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сарыг засдаг. Энэ хүмүүсийг ч Эрүүгийн хуулиар шийтгэх ёстой. Ийм зүйлд оролцсон хэн болгоныг хатуу шийтгэхгүй бол бидний ходоод руу хор орж байна. Энэ саналыг би өөрөө боловсруулж, УИХ-д оруулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт эхэллээ DNN.mn

Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд Монгол Улсын Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганцмод боомттой холбогдож экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна.

Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. Ингэснээр 14 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.

Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг билээ.

Хэрэв Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам улс төржин гацалгүй бүтээн байгуулалт нь өрнөж 2013 онд дууссан бол 375 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортолж, хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох байсныг холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоолон гаргасан. Энэ бол туйлын харамсалтай сургамж бөгөөд дахин давтаж үл болох гашуун туршлага юм.

Бидний алдагдсан боломжийн өртөг өнөөдөр Монгол Улсын нийт гадаадын өртэй дүйцэхүйц хэмжээнд байна.
Нэг үгээр хэлбэл, бид 2013 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулсан байсан бол Монгол Улс гадаад өрийн дарамтгүй байх боломж байсан юм.

зураг

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж, томоохон төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх бодит боломж үүсэж байна.

Цар тахлын болон дайны нөхцөл байдлаас хамаарч Засгийн газарт бодит сорилт учирч байгаа боловч хүнд өдрүүд шинэ боломжийг бий болгодог гэдэгчлэн Шинэ сэргэлтийн бодлогын зургаан багц асуудлын 40 гаруй том төслүүдийн үндсэн шийдэл гарч дууссаныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр зам энэ намартаа багтаж бүрэн ашиглалтад орох болно. Энэ хоёр төмөр зам ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой болно.

Хоёр талын холбогдох байгууллагуудын удаан хугацааны яриа хэлэлцээ болон халдвар хамгааллын дэглэмийг үр дүнтэй зохион байгуулсны үр дүнд энэ тавдугаар сарын 25-наас нүүрсний уртын тээвэр эхэллээ. Мөн энэ сарын 31-нээс задгай тээвэр эхэлснээр боомтын гацаа шийдэгдэж, олон сар огцом буурсан экспортын хэмжээ нэмэгдэж, улсын төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэвийн болж, Монгол Улсын эдийн засгийн эерэг үзүүлэлт нэмэгдэх боломж бүрдэж байна.

Гашуунсухайт боомтоор энэ нэгдүгээр сард өдөрт дунджаар 120 орчим зэсийн баяжмал, нүүрсний экспортын машин нэвтэрдэг байсан бол энэ сарын байдлаар өдөрт 398 машин нэвтэрч байна. Хэрэв бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж чадвал цаашид цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч, 800 машин нэвтрэх боломж бүрдэнэ.

Эрхэм төрийн тусгай албан хаагчид, инженер техникийн ажилтнууд аа,

Цар тахлын нэн амаргүй цаг үед Гашуунсухайт боомтын Цагаанхад суурьшлын бүсэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Монгол Улсын экспортыг тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж чадсан хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэрэг, гэрээт цагдаагийн 300 гаруй албан хаагчид, энэхүү онцгой дэглэмийг чанд мөрдсөн экспортын тээврийн жолооч Та бүхэндээ талархал илэрхийлье.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, Шилжүүлэн ачих терминалын барилгын ажилд оролцож буй нийт хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын амжилт хүсье.
Бүтээн байгуулалтыг товлосон хугацаандаа буюу Ардын хувьсгалын түүхт 101 жилийн ойгоос өмнө ашиглалтад оруулж, Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд шинэ хуудас нээсэн өдөр эргэн уулзах ерөөлийг дэвшүүлье.
“Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын өнцөг булан бүрд хэрэгжиж Монгол Улсын мандан бадрах болтугай гэлээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-д хиймэл махны үйлдвэр байгуулах ажил эхэлжээ DNN.mn

Амьтны эсээс мах ургуулан гаргаж авдаг дэлхийн хамгийн том үйлдвэрийг байгуулах ажил АНУ-д эхэлжээ.

Тус улсын Good Meat компанийн байгуулах биореактор жилд 13,000 тонн тахиа болон үхрийн мах үйлдвэрлэх чадалтай байх гэнэ.

Ингэхдээ мал амьтныг заазлах шаардлагагүй, тухайн амьтны эсийн банк, эсвэл өндөгнөөс авсан эсийг ургуулах замаар мах үйлдвэрлэх юм байна.

Өнөөдөр дэлхий даяар 170 орчим компани энэ салбарт ажилладаг ч Good Meat нь бүтээгдэхүүнээ өргөн хүрээнд үйлдвэрлэх эрх авсан цорын ганц компани юм.

Тус компани 2020 оны арванхоёрдугаар сараас үйлдвэрлэсэн тахианы махаа Сингапурын зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Мах үйлдвэрлэлийн зорилгоор мал өсгөх нь байгаль орчныг их хэмжээгээр сүйтгэдэг.

Уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлахын тулд өндөр хөгжилтэй улс орнууд уламжлалт аргаар мах үйлдвэрлэхээ багасгах зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа.

Лабораторид ургуулсан мах нь ердийн махтай ижил амт, шинж чанартай ч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь үлэмж бага юм.

Good Meat компани одоо 10 биореактор байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Тэдгээрийн нэг бүр нь 250,000 литрийн багтаамжтай буюу дөрвөн давхар байшинтай тэнцэх юм байна.

АНУ-д байгуулагдаж буй биореактор нь 2024 оны сүүлээр ашиглалтад орж, 2026 онд жил бүр 11,800 тонн, 2030 онд 13,700 тонн мах үйлдвэрлэх хүчин чадалтай болох ажээ.

“Бидний үр ач нар 2022 онд хүмүүс яагаад нядалсан малын мах иддэг байсныг гайхан асуух цаг ирнэ” гэж Good Meat компанийн толгой компани Eat Just-ийн гүйцэтгэх захирал Жош Тетрик ярьж байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Ой модыг устгалгүй, амьтан нядлалгүй, өвчин тахал дэгдээдэг антибиотик хэрэглэлгүй, ер нь ямар ч хортой зүйл хийлгүйгээр махыг хүнсэндээ хэрэглэх боломжийг ургуулсан мах олгох юм” гэжээ.

АНУ-ын засгийн газрын Хүнс, Эмийн хэрэг эрхлэх газар одоогоор ургуулсан махыг нийтэд худалдаалахыг зөвшөөрөөгүй байгаа. Гэхдээ Good Meat компани анхны зөвшөөрлийг авахаар хүсэлтээ гаргаад байгаа ажээ.

Тус компанийн өрсөлдөгч Upside Foods компани өнгөрсөн дөрөвдүгээр сард үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр $400 саяын санхүүжилт босгосон юм.

Мөн SuperMeat, Mosa Meat, Future Meat Technologies компаниуд энэ салбарт идэвхтэй ажиллаж байна.

Эх сурвалж: The Guardian