Categories
мэдээ нийгэм

Архи “Баасан гариг“ гэж хөөрөхөө байя аа, залуус аа DNN.mn

Архины хэрэглээ “аймар” байгаа нь үнэн. Анзаараад байхад сүүлийн үед “цэмбэгэр” уугчид, “Залуу нас шүү дээ”, “Нэг л амьдарна”, “Орой яах юм”, “Баасан шүү дээ” гэх хөнгөхөн үгсээр далдалж өөрийгөө архины хамааралтай болсонд үл итгэгчид олширчээ.

“Долоо хоногийн баасан гараг болгонд шар айраг, согтууруулах ундаа хэрэглэмээр санагдаж байвал та архины эмгэгтэй болжээ гэсэн үг” гэж Нархологийн эмнэлгийн дарга ярьж байсан.

Гэтэл энэ улсад баасанд л гарахгүй бол болдоггүй сэтгэхүй давамгайлж байна. Залуус цэнгэн хөгжилдөж болно. Гэхдээ өөрөө ч мэдэлгүй архины хамааралтай болж, тэндээсээ гарч чадалгүй сэтгэлийн тэнхээ дутаж, хүчгүй сул дорой нэгэн болж эцэст нь дээвэр рүү гүйж гарах хүмүүс байна.

Дүүргийн эмнэлэгт ажилладаг эмч найз маань “Хүмүүс маш их архи ууж байна. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн нүдэнд нь хий юм харагддаг бололтой, цонхоор хараад ганцаараа хэр нь одоо гарлаа, очлоо гэх мэт зүйл яриад байдаг” гэж ярьж байлаа. Энэ худлаа үг, орхих сэдэв биш.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл “Монголд 93 мянган хүн архинд донтох эмгэгтэй байна. Нийт насанд хүрэгчдийн тэр дундаа эрэгтэйчүүдийн 51 хувь нь архины хэтрүүлэн хэрэглээтэй байна. Манай төвд жилд 1800 хүн архинд донтох эмгэгээ хэвтэн эмчлүүлдэг. Жилд 3000-4000 хүн л ямар нэгэн байдлаар эмчилгээ хийлгэсэн бол 80 гаруй мянган хүн огт тусламж үйлчилгээ аваагүй явж байна. Архинд донтох эмгэг маш олон төрлийн өвчлөл үүсгэдэг. 60 гаруй өвчний эх үүсвэр, нас баралтын гол шалтгаан, зүрх судасны эмгэг, хавдар, осол гэмтлийн шалтгаан болж байна” хэмээсэн.

Гудамжинд унтаж л байдаг согтуу хүмүүсийн тоо цөөрсөн ч мансуурч, донтоод байгаагаа өөрөө өөртөө хүлээн зөвшөөрч чадахгүй “Би архичин биш” гэж гүрийсээр үнэнтэй нүүр тулахдаа “Би ингээд л архичин болчихсон гэж үү” гэж өөртөө гутарсаар орчлонгоос буцах тухай бодох хүн их болсныг үүгээр анхааруулмаар байна. Архи бол хүний сэтгэлзүйг хамгийн доод цэгт хүртэл унагаж чаддаг муухай ундаа.

Categories
мэдээ цаг-үе

Хонь, ямааны нөөцийн махны үнийг 200 төгрөгөөр буурууллаа DNN.mn

Улаанбаатар хотын инфляцид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 34 хувиар нөлөөлж байна. Тиймээс иргэдэд очих үнийн өсөлтийн дарамтыг тодорхой хувиар бууруулах, нөөцийн махны борлуулалтыг сайжруулах зорилгоор хонь, ямааны махны килограмм тутмын үнийг 200 төгрөгөөр бууруулсан байна. Хонь, ямааны мах нь нөөцийн махны 60 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд хонины савласан мах килограмм нь 7750 төгрөг, гулуузаар килограмм нь 7550 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин ямааны савласан махыг килограмм нь 6900 төгрөг, гулуузаар килограмм нь 6700 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна.

Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн 9 дүүргийн 565 хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувийг борлуулаад байна

Categories
мэдээ нийгэм

Маргааш Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно DNN.mn

Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Энэхүү тэмдэглэлт өдрийн үеэр “Европын өдөрлөг” болох юм.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд маргааш 11:00-17:00 цагийн хооронд “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөг зохион байгуулах ажлыг НЗДТГ, УБЗАА-аас дэмжин ажиллаж буй бөгөөд өдөрлөгийн үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм. Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцаж, Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Өдөрлөгийн үеэр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг 60 гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулах юм. Мөн урлагийн тоглолт, хөгжмийн үзүүлбэр, амьд хөгжмийн тоглолт, соёлын арга хэмжээг зохион байгуулна. Түүнчлэн Европын холбооны асраар зочилсон хүүхдүүдэд “Паспорт” олгох бөгөөд асруудаар зочлон тамга даруулж Европын улс орнуудаар аялсан аяллынхаа төгсгөлд бяцхан гарын бэлэг гардах зэрэг сонирхолтой хөтөлбөрийг багтаажээ.

Categories
мэдээ цаг-үе

Маргааш нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно DNN.mn

“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 06:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Иймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн чиглэлүүд нь дараах төлөвлөлтийн дагуу иргэдэд үйлчилнэ.

Үүнд:

-Их тойруугаар явах чиглэлүүд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС-ын нийтийн тээврийн зогсоол,

-Нарны замаар явах чиглэлүүд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр нийтийн тээврийн зогсоол,

-Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн нийтийн тээврийн зогсоол,

-Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн нийтийн тээврийн зогсоол,

-Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлгийн нийтийн тээврийн зогсоолуудаар үйлчлүүлэх боломжтой.

Мөн Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хөдөлгөөнийг хаах тул тухайн өдөр троллейбусны үйлчилгээ үзүүлдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсох болохыг иргэдэд анхааруулж байна. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын 872 эмэгтэй алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ DNN.mn

Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ өдрүүдэд тохиож байна.

Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслол Соёлын төв өргөөнд болж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмэгтэй энхийг сахиулагч нарт баяр хүргэв.

Монгол цэрэг Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр-дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болж, олон улсад Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх, нэр хүндийг өргөхөд жинтэй хувь нэмэр оруулж байгааг онцлов.

Үүн дотроо Зэвсэгт хүчний үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд шинэ чиг хандлага, өөрчлөлт гарч эмэгтэйчүүдийн оролцоо, эзлэх жин жилээс жилд нэмэгдэж байгааг хэлэв.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо цэргийн харилцаанд зохицол, зөвшилцлийн уур амьсгал, энэрэнгүйн соёл түгээн, Энхийг дэмжих ажиллагааны хүнлэг зорилгод илүүтэй нийцэж, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх, үймээн самууны хөлд нэрвэгдэгсэд болон хүчирхийлэлд өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд өндөр үр дүнтэй байдгийг дурдав.

Мөн Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулсан энхийг сахиулагч нарт дурсгалын зүйл гардууллаа.

НҮБ 2000 онд “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоол гарган, энхийг сахиулах, бүтээн байгуулах үйл хэрэгт эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Монгол Улсын 872 эмэгтэй алба хаагч НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт, Зүүн Хойд Азид нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.

Африк тивд цэргийн ажиглагч, одоо НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт хэлтсийн даргаар ажиллаж байгаа анхны эмэгтэй энхийг сахиулагч хурандаа Н.Нямжаргал, цэргийн багийн захирагчаар ажилласан бэлтгэл дэд хурандаа Г.Тунгаамаа, НҮБ-ын цагдаагийн ажилтнаар анх удаа бие даан үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал, цэргийн хээрийн 2 дугаар шатны эмнэлгийн багт үүрэг гүйцэтгэсэн Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн их эмч, ахлах дэслэгч Д. Ариунжаргал нарын бүсгүйчүүд эмэгтэй цэргийн алба хаагчид Энхийг сахиулах ажиллагаанд оролцох шанг татсан түүхтэй.

Эмэгтэй энхийг сахиулагчдын анхдагчийн нэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга Г.Болорт цэргийн дээд цол “Бригадын генерал” цол хүртээснээр Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй генерал төрсөн.

Энэ нь Зэвсэгт хүчний үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд гарч буй шинэ чиг хандлагын илэрхийлэл төдийгүй аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэгт эрчүүдтэй мөр зэрэгцэн зүтгэж буй эмэгтэйчүүдийн эр зориг, хичээл зүтгэлийг үнэлсэн хэрэг юм.

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчэнлин хийд “Хүүхдийн баярын өдөрлөг” зохион байгуулна DNN.mn

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг ирэх сарын 14-ний мягмар гаригт тэмдэглэнэ. Энэ өдрийг угтан Гандантэгчэнлин хийдээс хүүхэд багачуудад зориулсан өдөрлөг болон олон нийтэд нээлттэй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал тавдугаар сарын 28-нд буюу маргааш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы “А” танхимд эрдэм шинжилгээний хурал болно.

Хүүхэд багачуудад зориулсан өдөрлөгийн талаар Жавзандамба хутагт төвийн менежер Ч.Даваахишиг “Бурхан багшийн их дүйчэн өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ хүрээнд 14-25 насны хүүхэд, залуусын дунд “Ёс суртахууныг түгээе, бие биедээ тусалъя” уриатай ТикТок видео бичлэгийн уралдаан зарлаж байгаа. Залуу хойч үедээ бурхан багшийн ёс суртахууныг өвлүүлэх зорилготой тус уралдаан 10 сая төгрөгийн шагналын сантай. Тухайлбал

  • Нэгдүгээр байр дөрвөн сая төгрөг
  • Хоёрдугаар байр хоёр сая төгрөг
  • Гуравдугаар байр нэг сая төгрөг бөгөөд тусгай байранд зургаан оролцогчийг шалгаруулж тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулна.

“Энэ уралдааны зорилго нь ёс суртахууныг хүүхэд залууст таниулахад оршиж байгаа. Тиймээс ч ТикТок бичлэгээр дамжуулж нийтийн ёс суртахуун яаж зөв тал руу нь өөрчилж, эргэлт авчрах гэх мэтчилэн агуулгаар хийх боломжтой” хэмээн хэллээ. Уралдаанд оролцох хүсэлтэй иргэд ирэх сарын 10-ны өдрийг хүртэл видеогоо хувийн хаягтаа байршуулна. Бичлэгийнхээ линкийг Жавзандамба төв хутагт мэйл хуудас руу явуулна гэдгийг зохион байгуулагчид хэлэв.

“Ёс суртахуун гэдэг бол тийм хүнд сэдэв биш. Өөрсдийн хүсэж байгаа иргэндээ ээлтэй, тэгш үйлчилдэг нийгмээ захиалаад видео контентод ур ухаанаа уралдуулж оролцоорой” хэмээн тэдний зүгээс уриаллаа.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ЧУУЛГАН: Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжсэнгүй DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.27/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан үг хэллээ. Тэрбээр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд УИХ ажиллах ёстой талаар байр, сууриа илэрхийлсэн юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх, иргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан төрийн албаны захиргааны удирдахаас бусад албан тушаалд НЭГ жил хүртэл хугацаагаар гэрээгээр ажиллуулж болох зохицуулалт тусгасан байна.

Түүнчлэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу байгуулсан бусад байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласнаар тооцох журмыг Төрийн албаны зөвлөл батлахаар оруулсан байна. Байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болохоор, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглохоор, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болохоор, төрийн захиргааны албан тушаалд тавигх тусгай шаардлагын хугацааг бууруулах зэрэг асуудлыг төсөлд тусгажээ.

Уг хуулийн төслийг энэ сарын 20-нд чуулганаар хэлэлцэх үед МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан юм. Тус бүлэг уг хуулийн төслийг хэлэлцээд дэмжих шийдвэр гаргасан байна.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Мөн хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд хуулийн төслийг хууль санаачлагчид нь буюу Засгийн газарт буцаав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Г.Мөнгөнбаатар: Зургадугаар сард тариалангийн бүс нутгаар хур орох төлөвтэй байна DNN.mn

Цаг уур орчны шинжилгээний мэргэжилтэн Г.Мөнгөнбаатартай ярилцлаа.


-Энэ зуны цаг агаарын төлөв ямар байх нь вэ. Малчид, тариаланчдын зүгээс онцолж байгаагаар бол нийт нутгийн дийлэнх нь хуурай, гандуу байна гэх юм.

-Ерөнхий төлөв олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар хуртай харагдаж байна. Харин тавдугаар сарын тухайд нийт нутгийн 90 орчим хувьд нь хуурай байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад бага хур тунадас орлоо. Өнгөрсөн жил намар орой болтол хур тунадастай байсан. Тэр нөөц нь сая хэрэг боллоо. Цаашид нөхцөл байдал хүндэрч мэдэхээр байгаа юм. Гэхдээ зургадугаар сарын урьдчилсан төлөвөөр тариалангийн бүс нутгаар хур орохоор харагдаж байна. Үүнд найдаж байгаа. Энэ хаврын тухайд онцлоход нийт нутгийн 60 орчим хувь нь гандуу байлаа. Мэдээж үүний дийлэнх нь говийн аймгуудад хамааралтай. Яг одоогийн байдлаар бол ихэнх нутаг хуурайшилтын байдалтай байна.


-Нийт нутгийн дийлэнх нь хуурайшилттай байгааг та онцолж байна. Цаг уурын байгууллагаас хур тунадас оруулах тал ямар ажиллагаа явуулж байна вэ?

-Манайд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг сүүлийн 30 орчим жил явуулж байна. Энэ ажил Засгийн газрын тогтвортой хөтөлбөрт 2007 онд орсон байдаг. Өнөөдөр улсын хэмжээнд 46 ширхэг экспедиц ажиллаж байна. Цаг агаарт зориудаар нөлөөлөх энэ үйл ажиллагааг буруугаар ойлгодог хандлага манайд нийтлэг байдаг. Аливаа дусал цөмтэй байж үүсдэг.

Тэр цөмийг нь үүлэнд хүргэж байгаа л үйл явц юм. Манайх далай тэнгисээс хол, хуурай уур амьсгалтай орон. Дээрээс нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нөлөөтэй холбоотойгоор үүлний усархаг чанар илэрхий муудсан. Үүнтэй тэмцэх гол ажил нь цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа гэж харж байгаа. 1999-2000 оноос хойш Монгол орны газар нутгаар хуурайшилт идэвхжиж ирсэн. 2006 онд малчдын санаачилгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын суурь тавигдсан. Үр дүнд нь сүүлийн жилүүдэд боломжийн ургац хурааж байна. Засгийн газраас ч ач холбогдол өгч байгаа.

-Энэ жилийн тухайд цаг агаарт нөлөөлөх үйл ажиллагаа явуулав уу. Хаана ямар байршилд экспедиц ажиллуулав. Ямар үр дүн гарав?

-Тавдугаар сарын 5-наас эхэлж экспедицийн үйл ажиллагаа явууллаа. Одоогийн байдлаар 15 аймагт давхардсан тоогоор 28 экспедиц ажиллаж байна. Говийн аймгуудын тухайд процесс орж ирэхгүй юм. Орж ирсэн тохиолдолд хүчтэй салхилаад үүл нь тогтохгүй зэрэг бэрхшээл гарч байна. Гол төлөв Сэлэнгэ, Булган гээд тариалангийн бүс нутгуудад экспедиц ажиллаж, үүл буудсан. Саяхан л гэхэд Булганд ажиллуулахаар төлөвлөсөн ч хүчтэй салхилаад ажиллуулж чадсангүй.

-Энэ үйл ажиллагаанаас бодит үр дүн байна уу. Энэ ажил бага биш хэмжээний төсөв зарцуулдаг болохоор л тодруулж байна л даа. Та бүхэн үр дүнгийн судалгаа хийж байсан уу?

-Хуучин байгалийн үүл ирээд л бороо ороод өнгөрдөг байлаа. Бидний зүгээс явуулж байгаа үйл ажиллагаа бол тодорхой хэмжээнд орж байгаа тунадсыг нэмэгдүүлэх, орохгүй байгааг нь оруулахад чиглэж байна. Төв суурин газар болон говийн зарим сумдад жаахан үүл ирэхэд л салхилаад хөөгөөд явуулдаг. Ийм тохиолдолд бид албадлага хэрэглэж хур тунадас оруулж байгаа юм.

Бидний зүгээс 2016 онд ХХААЯ-тай хамтарч газар тариалангийн бүс нутагт үйл ажиллагаа явуулсан юм. Тэр жил хангалттай хэмжээний ургац хураасан. Гарсан үр дүнд судалгаа хийхэд орох хур тунадсыг 1 мм-ээр нэмэгдүүлэхэд 2 центр ургац нэмэгдсэн үр дүн гарсан. Үүнээс гадна бэлчээрийн ургамлын тухайд хамгийн багадаа л 4-5 мм хур тунадас унаж байж тодорхой хэмжээгээр өндөр нь нэмэгддэг. Үүнийг шинжлэх ухааны тооцооллоор гаргаж ирсэн.

-Экспедицийн үйл ажиллагаа явуулахад цаг уурын хүчин зүйл бэрхшээл учруулдаг юм байна.

-Тийм. Тодорхой хэмжээний бороо оруулдаг. Гэтэл тухайн бүс нутагт өдөртөө халаад шөндөө хасах хэм рүү орж сэрүүсэх тохиолдол бий. Энэ тохиолдолд шөнөдөө хайрагдана. Ингэхэд ургамлын өндөр нэмэгддэггүй. Мөн хур ороод байхад салхилаад байвал хэцүү. Таримал ургамлын үндсийг нь сунгачихдаг. Үрийн боловсруулалт явагдахад үндэс нь бага байвал авах ургацын хэмжээ багасна л гэсэн үг. Ийм бэрхшээлүүд бий. Мөн гайгүй ургац аваад хураах болоход зогсоо зайгүй бороо ордог хүндрэл бий. Нэг бол гэнэт цас ороод дарчихдаг. Энэ мэтийн хүндрэлүүд сүүлийн жилүүдэд түгээмэл гарч байна. Үүнд үндэслээд хэлэхэд газар тариалангийн технологио сайжруулах цаг ирсэн. Өөрийн орны хөрсөнд тохиромжтой ургамлуудыг богино хугацаанд ургуулах тал дээр анхаарах хэрэгтэй байна л даа. Уур амьсгалын өөрчлөлт газар тариалангийн салбараас технологийн шинэчлэлтийг шаардаж байна. Монгол орны уур амьсгалд тохирсон бордоог ашиглах нь чухал. Юм хөгжсөн шүү дээ. Тариалангийн салбарынхан маань хур хүлээгээд л суудаг, цасанд даруулаад л уруу царайлж суудаг цаг ард үлдсэн.

-Энэ жил цаг агаарт зориудаар нөлөөлөх пуужингийн нөөц ямар хэмжээнд байна вэ?

-Өнгөрсөн жилийн тухайд ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад пуужингуудаа авч чадаагүй. Бидний тухайд урд хөршөөс авдаг юм. Энэ жил авахаар Засгийн газар, Байгаль орчны яам зэрэг холбогдох газруудад хандсан байгаа. Оруулж ирэхэд тодорхой хэмжээний асуудал үүссэн. Энэ маань тэсэрч, дэлбэрэх бодисын ангилалд багтдаг нь нөлөөлсөн болов уу. Одоогоор тэдийд орж ирнэ гэсэн сураг гараагүй л байна. Энэ жилийн тухайд өнгөрсөн жилийн нөөцдөө тулгуурлаж хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа. Энэ нь бидний цаашдын үйл ажиллагааны үр дүнд тодорхой хэмжээнд нөлөөлөхөөр болчихоод байна л даа.

-Буудсан үүл бүрээс хур тунадас ороод байхгүй болов уу. Үүнд та бүхэн тандалт хэрхэн хийдэг вэ?

-Бид цаг уурын мэргэжлийн улс. Ямар хэмжээний процесс ирж байна вэ, ямар фронт явж байна, ямар үүл үүсэв, харвах ёстой мөн үү, биш үү гэх мэт зүйлсийг судална. Хамгийн гол нь гурваас тавдугаар сард их салхитай байдаг. Үүнтэй холбоотойгоор “Эд нар гарч ажилласангүй, үүлээ хөөгөөд явуулчихлаа” гэх зэргээр шүүмжлэх нь бий. Тийм зүйл байхгүй. Үүлэнд гурван грамм бодис очоод л тардаг. Уурыг өөртөө нэгтгэх дуслын цөмийг бий болгож байгаа юм. Усны дуслуудыг өөртөө нэгтгээд томорч эхэлнэ гэсэн үг л дээ. Ингэснээр доош унах хэмжээнд хүрнэ. Унагаж чадахгүй бол бороо орохгүйгээр салхинд хөөгдөөд л яваад өгнө. Энгийнээр тайлбарлахад ийм л үйл явц.

-Манай орны дээгүүр дамжин өнгөрч буй үүлний усархаг чанар ямар байна вэ?

-Уур амьсгалын дулаарлын өөрчлөлтөөс шалтгаалж багассаныг би дээр онцолсон. Тодорхой хэмжээний албадлага зайлшгүй шаардлагатай. Экспедиц ажиллахгүй л бол дамжин өнгөрөх үүлнээс хур авч чадалгүй өнгөрүүлэх эрсдэл бий блчихоод байна л даа. Ингэхдээ бид хамгийн хямд технологи ашигладаг. Хүн барьж очоод л ажиллуулдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Пүрэвдорж: Нарийн царигтай төмөр зам барих тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж байна DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уул уурхайн тээврийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “2010 онд батлагдсан бодлогын баримт бичгийн хүрээнд 1500 өрөг буюу өргөн төмөр замтай холбогдсон өргөн царигтай төмөр замтай байна. Харин уул уурхайн ордоос хилийн боомт хүртэлх төмөр замын царигийн асуудлыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсны дагуу УИХ тогтоож шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас энэ асуудлыг УИХ-д өргөн барьсангүй. Тиймээс миний бие уг УИХ-д тогтоолын төслийг өргөн барьж байна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг хямд зардлаар экспортлох боломж бүрдэнэ.

Ковид19 халдварын үед төмөр зам тавьсан бол хил рүү 60 вагоноо түлхээд цаанаас нь худалдан авагч татаад авах боломжтой байсан. Тиймээс төмөр царигийн асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, валютын орлого нэмэгдэх учиртай” гэв.

Categories
мэдээ цаг-үе

“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут DNN.mn

Олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” тэмцээн 5 дугаар сарын 28-ны бямба гарагт олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” болох бөгөөд тус марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.

Харин цар тахлын улмаас 2 жил завсарлаж, энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Марафоны зохион байгуулалтын талаар өмнө нь мэдээлсэн бол энэ удаад гүйлтийн маршрутыг хүргэж байна.

5000 м: /ГАРАА/ – Д.Сүхбаатарын талбай – Төв шуудан – Энхтайваны өргөн чөлөө – Цэцэг төв – Зоос гоёл – МУИС – Бээжингийн гудамж – Чингис зочид буудал – Бөхийн өргөө – Энхтайваны өргөн чөлөө – СЭЗИС – МУБИС – Дуурь бүжгийн эрдмийн театр – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/

10.000 м: /ГАРАА/ – Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан – Сөүлийн гудамж – “Норе” шүдний эмнэлэг – Бишрэлт дэлгүүр – Зоос гоёл – V сургууль – Хүүхдийн урлан бүтээх төв – МУИС – ШУТИС-ийн уулзвар – Чингис Зочид буудал – Сансарын туннел /Сансарын туслах зам/ – Баянцээл дэлгүүр – Зүүн 4-н замын уулзвар – Бөхийн өргөө – СЭЗДС – МУБИС – Элчингийн гудамж – ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/

Хагас марафон: /ГАРАА/ – Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан – Сөүлийн гудамж – “Норе” шүдний эмнэлэг – Бишрэлт дэлгүүр – Зоос гоёл – V сургууль – Хүүхдийн урлан бүтээх төв – МУИС – ШУТИС-ийн уулзвар – Чингис Зочид буудал – Сансарын туннел /Сансарын туслах зам/ – Баянцээл дэлгүүр – Зүүн 4-н замын уулзвар – Бөхийн өргөө – СЭЗДС – МУБИС – 103 – Элчингийн гудамж – Япон улсын ЭСЯ – Шангрила зочид буудал – Баянгол зочид буудлын уулзвал – Драмын театр – Сөүлийн гудамж – /10 км-ийн замыг 2 тойроод барианд орохдоо/ – МУБИС – 103 – Элчингийн гудамж – ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/

Бүтэн марафон: /ГАРАА/ – Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан – Сөүлийн гудамж – “Норе” шүдний эмнэлэг – Бишрэлт дэлгүүр – Зоос гоёл – V сургууль – Хүүхдийн урлан бүтээх төв – МУИС – ШУТИС-ийн уулзвар – Чингис Зочид буудал – Сансарын туннель /Сансарын туслах зам/ – Баянцээл дэлгүүр – Зүүн 4-н замын уулзвар – Бөхийн өргөө – СЭЗДС – МУБИС – 103 – Элчингийн гудамж – Япон улсын ЭСЯ – Шангрила зочид буудал – Баянгол зочид буудлын уулзвал – Драмын театр – Сөүлийн гудамж – /10 км-ийн замыг 4 тойроод барианд орохдоо/ – МУБИС – 103 – Элчингийн гудамж – ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/

10 км, 21 км, 42 км-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн программд оруулах шаардлагатай тул эдгээр зайнд оролцогчдыг тавдугаар сарын 27-ныг хүртэл бүртгэж, бүртгэлийг хаана.

Барианд орсон бүх тамирчныг дурсгалын медаль, өргөмжлөлөөр урамшуулна


Марафон гүйлтийн 10 км, хагас буюу бүтэн марафоны 21095м, 42195м зайд гүйж эхний 1-10 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана. Мөн барианд орсон бүх тамирчныг дурсгалын медаль өргөмжлөлөөр урамшуулах юм. 5000 м зайд гүйх 12-17 насны ангилалд эхний 1-8 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана. Марафон гүйлтийн олон улсын тэмцээний үеэр нийтийн тээврийн хэрэгслийн төлөвлөлт зохицуулалтыг https://ulaanbaatar.mn/news/16737 холбоосоор орж үзнэ үү.




“УЛААНБААТАР МАРАФОН – 2022” Олон улсын гүйлтийн хөтөлбөр

2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр (Баасан) 17.00 “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн техникийн зөвлөгөөн

2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр (Бямба) 09.00-09.30 Урлагийн тоглолт

09:30-09:50 “Улаанбаатар Марафон-2022” олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа

09:50:10:00 “Улаанбаатар марафон”-д оролцож байгаа нэр хүндтэй тамирчдыгтанилцуулж, гарааны шугамд урина.

10:00-10:20 Гарааны дохионы буудлагаар Элит гараа буюу 42195, 21095м 10000м-ийн зайн гүйгчид гараанаас гарна.

10:30-10:40 “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 5000 м-ийн зайн 12-17 насны ангиллын гүйгчдийн гараа гарна.

10:40-11:00 “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 5000 метрийн 18-аас дээш насны ангиллын гүйгчдийн гараа гаргана.

10:30-16.00 Гүйлтийн тамирчдыг барианд барих ажиллагаа явагдана.

Гүйлтийн бариа барих 10:40-12:005000 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

10:30-13:00 10000 метрийн гүйлийн бариа барих ажиллагаа

11:30-15:00 21095 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

12:00-16:00 42195 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

14:00-14:20 1500 метрийн Гэр бүлийн гүйлтийн гараа, бариа

14:20-14:30 1500 метрийн Тэргэнцэртэй, Хараагүй иргэдийн гараа, бариа

14:30-15:00 Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн гараа, бариа

5000м-ийн зайн уралдааны шагнал гардуулах ажиллагаа

15:00-15:30 Марафоны 5000 метрийн зайн 12-17 насны ангиллын эхний 1-8-р байруудад шалгарсан эрэгтэй, эмэгтэй 16 гүйгчдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа

15:00-16:00 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Гэр бүлийн ангиллын эхний 1-3-р байрны шагнал гардуулах ёслолын ажиллагаа 10000 м, 21097 м, 42195 м-ийн зайн уралдааны шагнал гардуулна

16:00-16:20 10000 м-ийн шагнал гардуулах ажиллагаа

16:20-16:30 21095 м-ийн 18-34 насны ангилалын шагнал гардуулах ажиллагаа

16:30-16:40 21095 м-ийн 35-54 насны ангилалын шагнал гардуулах ажиллагаа

16:40-16:50 21095 м-ийн 55-аас дээш насны ангилалын шагнал гардуулах ажиллагаа

16:50-17:00 42195 м-ийн ангилалын шагнал гардуулах ажиллагаа