Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд өчигдөр 2733 иргэн тоон гарын үсгийн гэрчилгээтэй болжээ DNN.mn

Цахим гарын үсгийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсний дагуу тавдугаар сарын 2-н буюу өчигдрөөс иргэдэд тоон гарын үсэг олгох нээлт болсон билээ.

Нээлтийн энэхүү өдрийн 17:30 цагийн байдлаар улсын хэмжээнд тоон гарын үсгийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан нийт 2,733 иргэнд улсын бүртгэлийн байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилгээ олгосон байна.

Тоон гарын үсгийн хэрэглээний талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Тоон гарын үсэг нь зөвхөн тухайн иргэнийг цахим орчинд таних бололцоогоор хангана. Улсын бүртгэлийн ерөнхий хууль дээр улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж буй нэгжүүд болон сонгуулийн үед хурууны хээг ашиглана гэж заасан. Бусад тохиолдолд хурууны хээг ашиглахгүй бөгөөд хурууны хээний оронд тоон гарын үсэг хэрэглэнэ” гэж байв.

Categories
мэдээ цаг-үе

Дархан-Улаанбаатар чиглэлд явж байгаа нэмэлт галт тэрэг Баянбууралд зогсдог болно DNN.mn

Улаанбаатар болон Дархан чиглэлд галт тэргээр зорчигчийн урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 21-нээс өдөр бүр нэмэлт галт тэрэг аялж эхэлсэн. Тэгвэл Улаанбаатар – Дархан – Улаанбаатар чиглэлийн 303/304 дугаартай уг зорчигчийн галт тэрэг тавдугаар сарын 7-ноос эхлэн Баянбуурал буюу 300 дугаар километрт зогсдог болж байгаа талаар Улаанбаатар төмөр зам ХНН мэдээлжээ.

Ингэснээр Улаанбаатараас 08:50 цагт Дархан чиглэлд аялах галт тэргээр иргэд Баянбуурал хүртэл мөн зорчих боломжтой болж байна.

Галт тэрэгний зуны цагийн хуваарь:

зураг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Лхагважав: МАН олон жил засаглахын тулд ОХУ, Хятад, Хойд Солонгосын бодлогыг системтэйгээр нэвтрүүлж байна DNN.mn

Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.


-Орос, Украины дайны байдал хүндрэх шинжтэй болчихлоо. Энэ дайны нөлөөнд хамгийн их хохирох улсуудыг онцлооч. Ийм эгзэгтэй цаг үед бид яах ёстой вэ?

-Ний нуугүй хэлэхэд, энэ дайны хамгийн том тоглогч нь АНУ болж байна. Тэдний биеэ даасан систем дайны цагт улам хөгжих бололцоо нээгдчихлээ. Европын холбооны улсуудын эдийн засаг хүндэрч байна ОХУ-ын газ хийний асуудал Европт том зовлон болно. Ойрын үеийн хүнд сорилтынх нь нэг байх нь тодорхой. ОХУ өөрөө ч их хүнд байдалд орчихлоо, улстөр эдийн засгийн хувьд. БНХАУ ковидоос болоод асуудал ихтэй байна. Хятадад юу болж байгааг дэлхий даяар мэдэхээ болилоо. Харин АНУ-ын эдийн засаг бүхэлдээ өсч байна. Цаашдаа ч өснө. Шалтгаан нь тодорхой. АНУ-ын эдийн засгийн өрсөлдөгчид бултаараа занганд орчихсон. Тийм учраас АНУ энэ дайнаас хамгийн ашиг, олзтой аж төрөх тактикаа бариад гараад явчих байх.

Европын холбооны тухайд Унгар байр сууриа тодорхой хэлсэн. Эрчим хүчний чиглэлээр Оростой харилцана, хүмүүнлэгийн шугамаар ажиллах бодлого маань ондоо гэчихсэн. Зарим улс орны тухайд нийгэмдээ хал бал багатай энэ мэт шийдвэр гаргаж байгаа. Манай улсын хувьд сар шахуу эргэлзэж яваад дайн гэдэг үгийг одоо л хэрэглэж байна. Улайм цайм нэг улс нь нөгөө рүүгээ довтолж байхад тусгай ажиллагаа гэх мэт үг хэрэглэх нь зохисгүй л дээ. Яг ийм эгзэгтэй үед зарчим дээрээ зөв зогсоод зөв менежмэнт хийгээд явах ёстой. Түүнээс биш муйхарлах маягаар асуудалд хандаж болохгүй. Нэг зочид буудлын ханан дээр Украины далбааг тавиад Украинаас ирсэн хүмүүст нээлттэй гэсэн зар тавьсан харагдсан. “Алтан тариа” компанийн захирал оффисынхоо хананд Украины далбааг өлгөсөн кейс бий. Энэ мэтээр дээр, дооргүй мэдрэмжтэй хандаж, үйлдэл хийх нь зөв л дөө.

-Гуравдагч хөршийн элчин сайд нар хэвлэлийн бага хурал зарлаж эрчим хүчний хараат байдлаас гарахад туслахад бэлэн гэж хэллээ. Ер нь гуравдагч хөршүүдээс энэ чиглэлээр хөрөнгө татах боломж бололцоо хэр бол, анхаарах асуудал юу байна?

-Уран, цөмийн зэвсгийн хувьд асуудал бий. Атомын хог хаягдлыг Монголд булшлах гээд арван тэрбум ам.доллар авах гэж явсан үйл явц бий. Ний нуугүй хэлэхэд Японд цунами болоод энэ төсөл зогссоныг одоогийн УИХ-ын дарга сайн мэдэж байгаа. Товчхондоо цөмийн зэвсгээс юм уу дайн байлдаанаас олз олох гэж явах нь их л ухаантай хүний хийх ажил гэж хэлмээр байна. Эрчим хүчний тухайд 2006 онд boom болох цагаар буюу С.Баярын үед ураны лицензээ “Хан ресурс”-д өгсөн. Дараа нь шуудхан хэлэхэд Оросын нөлөөгөөр зогсоосон түүх бий. Хойд хөршийнхөн “Арбитрт төлөх мөнгийг чинь бид өгье” гэсэн утгатай чиг өгөөд зогсоосон ч сүүлдээ манай Засгийн газар л төсвөөсөө баахан мөнгө төлөөд дууссан. Ер нь цөмийн гол түүхий эд болон хөдөлгөөний асуудлыг цөмийн зэвсэгтэй дөрөв, тавхан улс мэддэг. Эдний зөвшөөрөлгүйгээр ураны олборлолт хийгддэггүй юм билээ. Их өндөр хэмжээнд яригдах үйл явц болов уу. Хэрвээ дэлхийн том тоглолт руу тоглогч болж оръё гэвэл дэлхийн хэмжээний улстөрийн том тоглогчидтой болох ёстой. Эсвэл бизнесийн хувьд асар өндөр хөрөнгөтэй байх хэрэгтэй. Ийм хоёр субьект л тийм том тоглолт руу орж амжилттай тоглодог. Харамсалтай нь бид ийм хоёр төрлийн дээд зиндааны тоглогчдыг бэлтгэх ажлаа хийж чадахгүй яваа. Улстөрчдөө дэлхийн хэмжээнд гаргаж чадахгүй байна. Бизнес эрхлэгчдээ ч дэлхийн хэмжээний тоглогч болгохгүй дарж явсаар өнөөдрийг хүрсэн. Тогоон доторх зодоон маань ямар ч хүнийг тийм лидер болгохгүй байна. Л.Оюун-Эрдэнийн хувьд өнөөдөр саад болох юм алга. Тэр утгаараа ямар тоглогч болохоо харуулах боломж нь нээлттэй байна л даа.

-МАН доторх эрх ашгийн бүлэглэл, элдэв сонирхол, олон жилийн түүхтэй суурь сайтай намын зангараг гэх мэт олон шалтгаан тийм боломж өгдөггүй, өгөхгүй ч байж мэдэх юм?

-Том шийдвэр гаргаж чадсан Ерөнхий сайд нараа шоронд явуулаад байгааг бултаараа харж байна. Тоглоомонд хожигдсон улсуудын хүч гэж том зүйл байх шиг. Тэр хүч нь өнөөдөр Монголын аль ч том төслийг унагадаг хар хүч болчихсон юм биш байгаа гэсэн болгоомжлол төрдөг. “Би явахгүй бол чи ч явахгүй” гэж биенээ татаж унагаасаар байгаад том хар хүчнүүдийн нэгдэл үүсчихсэн явааг үгүйсгэхгүй. Зүй нь цагаан хүчний нэгдэл нь хүчтэй бол бидэнд сайн. Тэгж байж улсаараа хөгжинө. Харамсалтай нь юм хийх гэсэн нэгнээ хорлож унагасан хар хүчнүүд давуу байна л даа. Өнөөдрийн янз байдлыг харахаар жижиг, том аль ч тендер, концесс дээр “Чи идэхгүй бол би идэхгүй” гэсэн зарчим үйлчлээд байгаа нь нууц биш. Уг нь хамтраад “Та ч ид, би ч идье, бэлчээрээ томсгоё” гэсэн өнцгөөр асуудалд хандмаар байгаа юм. Малчны, бизнесийнхний, улстөрчдийн дэвжээний бэлчээрийн асуудлыг харахаар хэн нь ч хамтраад бэлчээрээ томруулж байгаа юм алга. Улам л хумигдаад байна. Манай намын өнгөрсөн зургаан жилийн засаглалыг бодитоор хэмжих зүйл бол дундаж иргэдийн амьжиргаа. Тэдний амьжиргааг харахад манай намын засаглалд сайнаасаа саар нь илүү байна. Ард түмнээс авсан тэр их эрх мэдлээ иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, аж ахуйн нэгжийнхээ бизнесийг томруулахад ашиглаж чадахгүй бол ард түмэн өгсөн эрхээ буцаагаад авах магадлал маш өндөр. Гэхдээ улстөрийн өөр хүчтэй өрсөлдөгчгүй яваа гэсэн шалтгаан бас байна.

-Наадах чинь л гол зовлон гэж харагдаад байна. Бүгдийг төвлөрүүлэх гэсэн улайрал танай намаас их тод анзаарагдаад байх юм…?

-2017 оны хөгжлийн банкны өөрчлөлт, төв банкны хуулийн өнөөгийн өөрчлөлтийн үйл явцыг анзаарах нь ээ хуулиар дамжуулж бусад институцээ бүгдийг нь өөрсдөдөө төвлөрүүлье гэсэн сэдэл манай намын цагаан байранд хүчтэй байх шиг. Саяхан МҮОХ-ны хурал боллоо. Ний нуугүй хэлэхэд манай намын баахан залуус оччихсон гол суудлуудад суучихсан харагдаж байгаа юм. Ийм зальжин тоглолтыг аль ч салбарт хийж байна. Өөрсдөдөө бүгдийг төвлөрүүлээд далан жил яваад яасныг бид өнгөрсөн түүхээрээ туулаад ирсэн ард түмэн. Сонины зах зээлийн түүхийг харахаар нэгэн цагт хэдэн зуугаар тоологдох сонин хэвлэл байсныг та мэднэ. Харин өнөөдөр мэргэжлийн хэд нь л шалгараад үлдчихсэн. Энэ хооронд цэвэр өрсөлдөөн явагдсаар голлох хэвлэлүүд нь үлдсэн гэсэн үг. Улстөр, эдийн засагт ч ийм процесс явагдаж байгаа л даа. Гэхдээ ний нуугүй хэлэхэд энэ орчноос урлаг, спортынхон шиг дэлхийн тайзан дээр гарсан хүн алга. Шуудхан хэлэхэд бид эдийн засгаараа Өмнөд Монголын Далан хар уулаас цаашаа явж чадахаа больсон. Хойд хөрш рүү гээд харахаар Улаан-Үүдээс хэтэрдэггүй хэвээр байна.

-Саяхан болж өнгөрсөн эдийн засгийн форумын талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Өмнөх шигээ хайрцаглагдсан, дарга үг хэлбэл алга ташдаг, үр өгөөж багатай арга хэмжээ боллоо гэж харсан. Үүнээс өөр форум хийх хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд өнгөрсөн жилүүдэд гүйцэтгэх засаглалыг тэргүүлж явсан Ерөнхий сайд нартай уулзах хэрэгтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын даргын хэмжээнд ч ийм уулзалтууд хийх учиртай. Товчхондоо энэ улсыг гучин жилийн хугацаанд удирдсан хүмүүсийн хүч хэрэгтэй байна, яг одоо. Бүх төрлийн бодлого гаргагчдыг цуглуулж аль аль салбарынхаа бодлогыг эргэж харах хэрэгтэй болчихсон. Дайны дараах буюу ковидын дараах шинэ үйл явцад өмнө ажиллаж явсан хүмүүсийн сайн муу туршлагуудыг нэгтгэж дундаас нь зөв шийдэл хайх хэрэгтэй. Ийм чигийн форум л амин хэрэгтэй. Бодлого уралдуулах, бодлого ярилцах олонлог л чухал байна.

-Засгийн газар төв банкны эрх үүрэгт хэт оролцоод байвал жилийн дараа юу болох вэ гэсэн асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Өнгөрсөн жилүүдийг эргээд харахаар банкуудын дампуурлын гол дүрд банкны гол эзэд тоглосон байдаг. Хар түүхийг нь харвал ихэнх нь өөрсдийнх нь буруугаас болсон харагддаг. Гэтэл өнөөдөр тэд мөнгөтэй, бизнестэй, бүгдээрээ дажгүй яваа. Гэсэн хэрнээ банкаа дампууруулчихсан. Яг үүнтэй адил процесс өрнөх вий гэсэн эмзэглэл байна. Төв банкны онцгой эрхийг засагт бэлэглэчихвэл энэ олон арилжааны банкийг эзэд нь дампууруулсантай адилхан зүйл болж, Монгол банкийг Засгийн газар дампууруулчихсан зогсч магадгүй. Төв банкны өнөөдрийн хэдэн их наядын өр бол Засгийн газрынх.Та бод доо, Засгийн газар нь төв банкиндаа 4-5 их наядын өртэй мөртлөө төв банкныхаа бодлогыг хуулиар авч байна. Тэгэхээр засаг өөрөө төв банкаа дампууруулна гэсэн үг. Арилжааны банкуудыг дампууруулсан жишээг том хэмжээнд хийх үйл явц гэж л харж байна.

-Төв банкийг дампууруулчихлаа гэж бодъё. Дараа нь өрнөх үйл явц юу бол?

-Төрийн банк л шинээр бий болно. Банк дампуурмагц төв банк нь очоод ахиад шинэ банк байгуулаад явчихдаг биз дээ. Өмнөхийг нь түүх болгож үлдээгээд, голоос нь активийг нь сайхан ашиглаад явчихсан хүмүүс ямар ч ялгүй гардаг шиг Засгийн газар өрөө цайруулчихаад ахиад нэг шинэ банк байгуулаад явчих магадлал өндөр. Яг өнөөдөртөө бидэнд төв банк, Засгийн газар хоёрыг ямар механизмаар хамтран ажиллах, яаж шийдвэр гаргах, хэрхэн хяналт тавих талаар туршлага алга. Англи 2008 оны хямралын дараа ийм байдал руу орсон. Төв банкууд нь Сангийн яамтайгаа хамтарч ажилладаг. Ер нь хамтран ажиллах процесс их явагдаж байгаа. Гэхдээ бидэнд туршлага байхгүй гэсэн асуудал бий. Нөгөө талаас нь харвал өнөөгийн төв банк УИХ-аас байгуулагдсан, УИХ-ын онцгой эрхийг хэрэгжүүлж яваа байгууллага. Хүн бүрт хамаатай мөнгөний ертөнцийн эзэн нь. Хэрвээ эзэн шиг байгаад, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч байж чадах юм бол Засгийн газрын занганаас гарч чадна. Гэхдээ өнөөгийн үйл явцыг харахад найдвар алга. Төв банкны хувьд том улстөрчдийн тоглолтод орчихсон. Төв банкны бие даасан хараат бус байдал улам замхраад байна л даа. Дурын нэг бүлгийн даргад очиж загнуулдаг төв банкны ерөнхийлөгч гэж байж болохгүй. Хэрийн хүний өмнө очоод загнуулаад суудаг субьект биш шүү дээ. Мөнгөний ертөнцийн эзэн шиг байх ёстой. Шуудхан хэлэхэд бүлгийн хурал дээр ч очих шаардлага байхгүй.

-Хүндээ байна уу, эсвэл өнөөгийн тогтолцоо нь төв банкны удирдлагыг ийм байхаас аргагүй байдалд хүргэчихэв үү?

-Хүндээ байна гэхэд хэцүү. Ийм байдал руу аваачсан нөхцөлдөө байна. Засгийн газар Монгол банкны тусгаар тогтнол руу хуулиар орж ирээд байдлыг засч чадахгүй нөхцөл рүү орчих вий гэсэн болгоомжлол байна л даа. Ер нь иймэрхүү чухал суудал дээр улстөрийн зангараггүй хүн очихоор асуудал үүсдэг. Наад захын жишээ нь яамдыг мэргэжлийн хүн удирдах ёстой гээд сайдын томилгоо хийдэг. Мэргэжлийн хэрнээ улстөрийн зангараггүй хүмүүсийг сайдаар тавьчихаар дурын нэг гишүүнд загнуулаад суугаад байдаг тал бий. Бодлогын яамдыг удирдах хүмүүс нь улстөрч байх нь чухал гээд байгаагийн цаад утга энэ л дээ. У.Хүрэлсүхийн хоёр Засгийн газрыг л харчих хэрэгтэй. У.Хүрэлсүхийн өмнөх Засгийн газарт хашир улстөрчид олон байсан. Тэр утгаараа Ерөнхий сайдыгаа барьж чаддаг байсан юм. Сонгуулийн дараа мэргэжлийн засаг хэрэгтэй гээд баг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийн дараагийн Засгийн газрын баг нь улстөрийн зангараггүй, мэргэжлийнхэн байсан учраас Ерөнхий сайд нь жинхэнэ зоргоороо аашилсан. Засгийн газар бол олон ургальч үзлийн төв байх ёстой. Энэ нь үгүй болчихоор сайд нар нь хүүхэлдэй болоод хувирчихдаг. Л.Оюун-Эрдэнийн хувьд мэргэжлийн гэсэн шошготой мөртлөө улстөрийн хувьд төвшин нь буурсан засгийг авчихсан тал бий. Өнөөдөр Ерөнхий сайдын хүсээд байгаа зүйл нь Үндсэн хуульд өөрчлөлт хийх замаар ахиад хэдэн сайдаа УИХ-ын гишүүдээс тавьж, улстөрийн рейтинг өндөртэй сайд нартай болох болчихоод байна л даа. Өнгөрсөн гучин жилийг харах нь ээ хорь гучин сайдыг аргалсаар өнөөг хүрсэн чимээгүй нөхөд өнөөдөр яам толгойлоод эхэлчихсэн. Энэ нь асуудал үүсгээд байгаа юм. Хүчтэй лидер биш, зальжин аргаар аж төрсөөр ирсэн нөхрийг сайдаар тавьсан асуудал гарч ирж байгаа хэрэг л дээ.

-Хүчтэй лидерийг сайдаар тавих сонирхол танай намд бий болов уу?

-Яг тийм хүчтэй лидерийг сайдаар тавих уу гэдэг манай намын хувьд бас асуудал. Үнэн хэрэгтээ хүчтэй хүнээс айдаг хандлага манайханд бий. Манай намын цагаан байшинд суугаа нөхөд цэцэрлэгийн эрхлэгчийг томилдог хэмжээнд очсон гэхээр далан жилийн өмнөх өнгө л харагдаад байгаа юм. Манай намын хувьд 2050 гэх мэтээр хорь, гучин жилийн хөтөлбөр баталчихаад яваагийн цаана улстөрийн эрхийг ахиад төдий хугацаанд барья гэсэн зорилго байх шиг санагддагийг нуугаад яахав. Хорь гучин жил төр барьдаг боломж гэвэл өнөөдрийн Орос, Хятадын барьж яваа арга л байна. Путины хорин жилийн турш азаргалж яваа барил, Хятадын Коммунист намын 100 жилийн нөлөө хүч, Хойд Солонгосын оршин тогтнож буй өнгөөс суралцахаас өөр арга байхгүй. Дэлхий дээр хориос гучин жил ганц хүчин хүчтэй нөлөөтэй засаглаж яваа улс гэвэл энэ гурав л байна. Ийм арга барил цэцэглэх таатайгаас таатай хөрсийг ковид, дайны нөхцөлд манай нам маш сайн суулгаад өгчихлөө л дөө. Хүний эрх, эрх чөлөө, аж ахуй эрхлэх боломж гэх мэт ерээд оны зарчимдаа үнэнч байсан бол эднийг ийм зам руу оруулахгүй байсан юм. Ерээд онд авсан “өргөмөл” зарчмуудаа өөриймшүүлж чадаагүйн гор гарч байна.

-Яагаад өөриймшүүлж чадаагүй юм бол. Төр засаг барьж буй хүмүүсийн хүслээр болчихсон эд үү, эсвэл өөр шалтгаан байна уу?

-ОХУ, Хятад, Хойд Солонгосын шат дараатай системтэй бодлогоор иргэддээ хандаж, яг тэр хүслээрээ явуулаад байна л даа. Лангуун дээр давс, гоймонгоос өөр юмгүй үед ганзагын наймаанд яваад амьдралаа босгохын төлөө зүтгэж явсан 1990-ээд оны эрч хүч, эрх чөлөөний мэдрэмж өнөөдөр байхгүй болчихсон. Ялангуяа сүүлийн дөрөв, таван жилийн үхээнц бодлого иргэдийг яг тийм үхээнц байдал руу алхам алхмаар түлхээд байгаа нь ил үнэн. Итгэлгүй, зорилгогүй аж төрөх алхам руу оруулах процесс явагдаад байна. Манай нам хориос гучин жил дангаараа засаглаж төр барихын тулд түрүүн хэлсэн гурван улсын жишээг системтэйгээр нэвтрүүлээд байна. Бие даасан, өөрийн бодолтой хүмүүсийг аль ч шатнаас байхгүй болгох систем Ю.Цэдэнбалын үед буюу тавь, жараад онд идэвхтэй хэрэгжсэн. Яг тэр системийг одоо нэвтрүүлээд эхэлчихлээ. Бүлэглэлүүдийн лидерээ гаргаж ирэх процесс дээр маш том алдаанууд байна. Одоогийн тогтолцоог харахад нийгмийн аль ч салбарт тэргүүлэгч гарч ирэх бололцоо хязгаарлагдмал байна л даа. Өнөөдрийн тухайд мөнгөө төлсөн хүнийг л гаргана гэсэн бүлэглэл маш сайн ажиллаж яваа. Хүчтэй лидерүүдийн хувьд улстөрийн том дэвжээнд гарах бололцоо бараг байхгүй болчихсон гэсэн үг. Учир нь уул уурхайд 17-20 их наяд төгрөг эргэлдэж байгаа. ДНБ-ий 50 хувь нь уул уурхай шүү дээ. Тэр их мөнгөний тоглолтыг давж гарах ямар нэг салбарын хүн үгүй болчихоод байна л даа.

-Гэхдээ арга шийдэл байгаа даа..?

-У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр нэгдээд ажилласан цагтай холбоотой нэг зүйл яръя. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төрийн нийтийн хамааралтай өмчийн хэсэг гэж бий. Тодруулж хэлбэл 6.1. 2019 онд хийгдсэн өөрчлөлт. 2020 оны эхэнд төрийн нийтийн хамааралтай өмчийн хууль батлагдаад лицензийн бүх хөдөлгөөнийг У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр зохицуулах гэж байсан юм. Яг тэр үед нь ковид гарч хоёр жил хорио тавьчихсан. Ийм шалтгаанаас үүдэж У.Хүрэлсүх тэр эрхийг өнөөдөр ганцаараа эдлэх боломж бүрдчихээд байгаа. Лицензтэй буюу энэ баялаг дээр бизнес хийж байгаа хүмүүс нэгдээд зах зээлээ улстөрчдөөс хамгаалахгүйгээр тухайн өндөр албан тушаалтанд нь хадаг бариад гүйчихдэг жишиг манайд амь бөхтэй оршсоор байгаа. Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёрын тухайд “хэн хадаг барьж ирэх вэ” гэдэг нэгдлийг үүсгэх үйл явц яг өнөөдөр өрнөж байгаа.

Ковидын хуулиар бүх юм хяналтгүй байгаа. Үүнээс гадна мөнгөний бүх эрх мэдэл Л.Оюун-Эрдэнэд ирэхээр болж байна. Тагнуул, цагдаагийн бүх хүч засагт бий. Тэгэхээр энэ хоёр дээр бизнес эрхлэгчид хадаг барьж ирээд, хүчтэй нэгдэл бий болгох үйл явц эхэлчихсэн яваа. Үүндээ донтоод цаашилбал өмнөх шиг гажуудал үүсэх эрсдэлтэй. Тиймээс Ерөнхий сайд зоригтой хөдлөх ёстой. Яг одоо хэлж ярьж яваа шигээ алдаа гаргасанд нь хариуцлагыг нь хатуу үүрүүлээд явах хэрэгтэй. Тэгж чадвал байдал эерэг зүг рүүгээ эргэх боломжтой.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал баялаг төгөлдөр болно DNN.mn

2022.5.3, МЯГМАР ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ЗУРГААН ЦАГААН УЛААН ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.3, Мягмар гариг
  • Наран ургах шингэх: 05.31-20.07
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, зөөлөн шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 16-21 градус, Их нууруудын хотгор, говь, талын нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Гишүүний хулгай нууцын зэрэгтэй, иргэдийн хулгай олон нийтийн зэрэглэлтэй байдаг нь шударга бус байна​” гэв DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол банкны
ерөнхийлөгч асан Н.Золжаргал “Экспортоо нэмчихэд л
оны сүүлээр эдийн засаг сэргэх
боломж харагдаж байна” гэснийг IV, V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хуульч Э.Батжаргал “Гэр бүлийнхээ
хүнийг ёврох
төдийд
7-30 хоног
баривчилна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гишүүний хулгай нууцын зэрэгтэй,
иргэдийн хулгай олон нийтийн зэрэглэлтэй
байдаг нь шударга бус байна” гэв.

ХХААХҮ-ийн сайд д З.Мэндсайхан “Улаанбуудайн
тариалалтад үрийн ямар
нэгэн хомсдол үүсэхгүй” хэмээн ярилаа.

Төрийн өмчийн бодлого
зохицуулалтын газрын
дарга Б.Цэнгэл “Асуудлууд эцэслэгдсэний дараа “Эрдэнэт”
үйлдвэрийн тодорхой хувийг хөрөнгийн биржид
гаргах замаар нээлттэй хувьцаат компани болгоно” гэлээ.

Будаг шингэлэгч үнэрлэж мансуурдаг сурагч
Х.Болдоо “Заримдаа үхмээр санагдах
үе байдаг байсан. Өвөө эмээ, дүү нараа
бодоод чаддаггүй юм байна лээ” хэмээн ярьсныг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Саид Моллайгийн хүсэлтийг Азербайжаны жүдо бөхийн холбоо хэлэлцэж байгаа гэв DNN.mn

Монгол Улсын нэрийн өмнөөс “Токио-2020” олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллай иргэншлээ сольж, олон улсад Азербайжаны нэрийн өмнөөс барилдана гэсэн мэдээлэл гадны хэвлэлүүдэд гарчээ. Тодруулбал, түүнийг Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын иргэншлийг авах хүсэлтээ илэрхийлсэн гэжээ.

Тэгвэл одоогийн байдлаар Азербайжаны жүдо бөхийн холбооны удирдлага Моллайгийн хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоотой зөвшилцөж байгаад энэ асуудалд зохих хариу өгөх юм байна.

Мөн Монголын жүдо бөхийн холбооноос тодруулахад “Одоохондоо энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид албан ёсоор мэдэгдэл хийх болно” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн төв эмнэлэг Зэвсэгт хүчинд эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийнэ DNN.mn

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу

Ингэснээр Цэргийн төв эмнэлгийнхэн энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн бие бүрэлдэхүүн, анги салбаруудад бүртгэлтэй, чөлөөнд гарсан ахмад настан, дайчид, Баянзүрх дүүргийн IX хорооны 18 наснаас дээш бүх иргэнд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг суурин болон явуулын амбулатори хэлбэрээр хийнэ.

Ташрамд дуулгахад, Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11.2-12.3 сая төгрөг зарцуулдаг бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулах тооцоолол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулахыг зөвлөлөө DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ сарын 1-ний 20:20 цагт “Сонгинохайрхан дүүрэгт байрлах амралтын газрын гадна 2 настай эрэгтэй хүүхэд моринд өшиглүүлж гэмтсэн. ГССҮТ-ийн хүлээн тасагт хүргэгдээд байна” гэх мэдээлэл бүртгэгджээ. Тус дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа хийж байна. Мөн Хан-Уул дүүрэгт 11 настай эрэгтэй хүүхэд хашааны гадна морь унаж байгаад морь нь үргэснээс үүдэн унаж гэмтсэнийг шалгаж байгаа аж.

Дулааны улирал эхэлснээс хойш бага насны хүүхэд гадаа тоглох үедээ автомашинд мөргүүлсэн, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтсэн, хамгаалалтын тор сул байснаас үүдэн цонхоор унасан болон мориноос унасан, моринд өшиглүүлсэн зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Иймд

Categories
мэдээ нийгэм

ОУВС: Монголын банкууд IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.05.02) Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчидтэй биечлэн уулзаж байгаад, мөн цар тахлын амаргүй цаг үед ОУВС дэмжлэг үзүүлсэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Тэрбээр, Ковид-19, олон улсын нөхцөл байдал болон хил, боомтын асуудал гэсэн гурван хүчин зүйлс Монгол Улсын эдийн засаг, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, гадаадын валютын нөөцөд хүчтэй дарамт үзүүлж байна. Иймд бидний хувьд төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөө хамгаалах талаар идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэв.

Түүнчлэн, өнгөрсөн баасан гарагт Улсын Их Хурлаас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, УИХ-ын хоёр тогтоолын төслийг эцэслэн баталсан. Эдгээр хуулийн өөрчлөлтөөр улсын төсвийг тодотгоод зогсохгүй, төрийн бүх шатны болон төрийн өмчит компаниудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, төрийн өмчит байгууллагуудын бүтцийн шинэчлэлийг эхлүүлэх зэрэг хууль тогтоомжийг баталсан хэмээв.

Хатагтай Ангана Банержи “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өсөлттэй гарах төсөөлөл байсан болов ч гадаад, дотоодын хүчин зүйлсээс шалтгаалан шинэ эрсдэлүүд гарч ирсэн. Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд төсвийн байгууллагууд хэмнэлт хийх, хүүхдийн мөнгө болон халамжийг зорилтод бүлэгт хүргэхэд анхаарах нь чухал. Банкууд IPO гаргахыг ОУВС зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа, мөн татварын бодлогын шинэчлэлд хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад ОУВС-гийн Суурин төлөөлөгч Согхён Юн, Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Чанг Ху, ОУВС-гийн эдийн засагч Дэвид Корвино, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.