Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Болдоо: Заримдаа үхмээр санагдах үе байдаг байсан. Өвөө эмээ, дүү нараа бодоод чаддаггүй юм байна лээ DNN.mn

– Ээж найзууд гэх хэдэн архичин авгай нараа авчирч ууна. Энд тэндгүй согтуу, тасарчихсан шалдан хэвтэж байна. Харахаас ой гутам, найзуудаа дагуулж орохоос ч санаа зовмоор. Тэгээд л нэг мэдэхэд би тамхинд орсон байсан –


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын харилцаа хандлага, сурах идэвх байгаа болон тэдний дунд ямар харилцаа өрнөдөг талаар сурвалжлахаар хотын захын дүүргийг зорилоо.

Бидний хэлж заншсанаар захын гэр хорооллоос болохгүй, бүтэхгүй бүх зүйл эхэлдэг гэдэг. Гэхдээ бүх газар нь тийм гэж ойлгох нь өрөөсгөл. Хотын захын нэгэн сургуулиар орлоо. Хичээл эхлэх цаг дөхсөн учир хүүхдүүдийн хөл хөдөлгөөн их байв. Тоглож наадан гүйх, нэг нэгнээ хөөх, хичээлээ ярилцах, зарим нь тараад бие биенээ хааш явахыг нь асуун хоёр гурваараа зам нийлэн алхана.

Хажууханд байх хөлбөмбөгийн талбай дээр 13-15 насны болов уу гэмээр арваад хүүхэд хийх зүйлээ олж ядан чулуу өшигчин, халаасандаа гараа хийгээд шүлсээ хаялан алхална. Тойрч зогсоод бие биенээ элдэв үгээр хэлж, хараал унших нь хэзээний том хүмүүс болсон гэлтэй. Тэднийг хэсэг ажлаа. Жаахан цаашлаад сургуулиас хойш эргэн гудамж руу ороод нэгэн мухар олж бүгд тамхи асаан ээлжлэн сорцгоох юм.

Ярьж байгаа, хийж байгаа үйлдэл нь “Ах нарыг” дуурайх гэсэн насанд хүрээгүй хүмүүс шиг л харагдах юм. Хэсэг тамхи татаж зогсож байгаад бүгд нэг хоёроороо салцгаан гэр гэр рүүгээ явж байгаа бололтой. Тэдний араас дагасаар арай жижиг биетэй хүүг даган хойш гудамж ороон явав. Замдаа түүнийг дуудаад хэсэг ярьж болох зөвшөөрөл аваад хөөрөлдлөө.


– Чамайг хэн гэдэг вэ. Хэдэн настай вэ?

– Намайг Х.Болдоо гэдэг. (Нэрийг өөрчлөв) Би 15 настай.

– Чи сурдаг уу. Аль сургуульд суралцдаг вэ?

-Чингэлтэй дүүргийн .. дугаар сургуульд суралццаг. Наймдугаар анги.

– Тамхи татаж байхыг чинь харлаа. Удаан татаж байгаа юу?

– Тийм ээ. Таван жил болсон байна.

– Яагаад тамхи татдаг болсон юм бэ?

– Ар гэрийн байдлаас болоод эхэндээ сонирхож татдаг байсан. Одоо бүр орчихсон.

– Ар гэрээс гэхээр аав, ээж нь зоддог юм уу?

– Үгүй ээ. Надад аав гэж байхгүй. Мэдээ орсон цагаасаа аав гэж хүн байсныг мэдэхгүй. Ээж архины хамааралтай, байнга уудаг.

Би айлын том, гурван эрэгтэй дүүтэй. Аавгүй байж хаанаас ч юм гэнэт дүү нар гараад л ирдэг. Ээж өөрөө архиа уугаад тасраад унана. Тэгээд л би дүү нараа харна. Гэрийн бүх ажил миний толгой дээр хар багаас ирсэн. Өвөө, эмээтэйгээ байдаг байхад арай амар байсан. Яг үнэнийг хэлэхэд эмээ, өвөө л бид нарыг өсгөж байгаа. Би өвөө эмээдээ баярладаг. Гэтэл ээж нэг гэр авсан болоод өвөөгийн хашаанаас нүүж айлын хашаанд буусан. Тэр цагаас бидний байдал бүр дордсон.

– Дордсон гэдэг нь юу гэж байгаа юм. Ээж чинь харин хүүхдүүддээ илүү анхаарал хандуулахгүй байна уу?

– Үгүй. Байнга найзууд гэх хэдэн архичин авгай нараа авчирч ууна. Энд тэндгүй согтуу, тасарчихсан авгай нар. Харахаас ой гутам. Тэгээд л заримдаа дүү нараа дагуулаад эмээ, өвөө дээр очно. Байнга ээж тэгээд байна гэх хэцүү. Хэлэхээр загнана, хөөнө. Элдвээр хараана.

Нөгөө согтуу авгай нар нь энд тэнд гэрт ч хамаагүй бие засна гээд бод доо. Хувцсаа тайлаад нүцгэн хамаагүй унтаад өгнө. Найзуудаа дагуулж орохоос санаа зовно. Тэгээд л нэг мэдэхэд тамхинд орсон байсан.

– Эмээ, өвөөдөө энэ тухайгаа хэлж байсан уу?

– Эмээ, өвөө ээжийн ах эгч, дүү нар бүгд мэднэ. Тэд өвөөгийн хашаанд байхад ээжийг загнахдаа загнаад, цагдаа дуудна. Арай ч гайгүй л байдаг байлаа. Тусдаа газар амьдраад хэлэх ярих хүнгүй болж бүр цагаандаа гарна гэдэг билүүдээ тэр нь болсон.

– Чи ээжийгээ архи битгий уу гэж хэлдэг үү?

– Миний үгийг тоохгүй ээ. Эмээ өвөөгийн үгэнд ч ордоггүй. Ээжийн дүү нар хааяа ирэхдээ одоо хүүхдүүдээ бод, боль гэдэг ч тэр үед нь за гэж байгаад л гараад явахаар нь мартдаг.

– Ээж чинь ажил хийдэг үү?

– Нэг төрийн байгууллагад үйлчлэгч хийдэг. Ажилдаа явахаараа хэд хоног ирэхгүй. Ирэхээрээ согтуу. Маргааш нь ажилдаа явахгүй. Өдөржин хэвтээд л байна. Тэгээд л намайг загнаад зараад хоол хий, дүүгээ хувцасла, галаа түл гээд зарц боолтой харьцаж байгаа юм шиг л харьцана.

– Чи ээжийнхээ үгэнд сайн ордог байх нь ээ?

– Орохгүй гээд яах вэ дээ. Миний гурван дүү байгаа. Тэднийгээ өрөвдөөд дүү нараа хоосон хонуулахгүй юм сан гээд л хоол ундаа хийнэ.

– Чи хоол сайн хийдэг үү?

– Тийм ээ. Одоо надад хийж чадахгүй хоол гэж бараг байхгүй. Ээжээсээ ч илүү хоол хийдэг.

– Гэрийнхээ бүх ажлыг хийдэг байх нь ээ?

– Тэгдэг. Одоо миний доод талын дүү зургаадугаар анги. Гар хөлийн үзүүрт хоол хийж сураад арай хөнгөрч байгаа.

– Танай үеийн хүүхдүүд будаг шингэлэгч үнэрлэж мансуурдаг гэсэн яриа байх юм. Чи сонсож байсан уу?

– Тийм ээ. Би ч гэсэн нэг хэсэг сорж, сорж ч юу байх вэ дээ үнэрлэж мансуурч үзсэн.

– Яаж сордог юм бэ. Ходоод гэдэс чинь өвдөхгүй юү?

– Усаар шингэлж ундааны саванд хийж байгаад бага багаар сальфетканд шингээж байгаад сорох байдлаар үнэрлэдэг.

– Тэгээд ямар мэдрэмж төрөх үү?

– Юу ч бодож санахгүй. Зүгээр л бүхнийг мартдаг.

– Чамд тийм хэцүү байдаг гэж үү?

– Тийм ээ. Заримдаа үхмээр санагдах үе байдаг байсан. Гэхдээ өвөө эмээгээ, дүү нараа бодоод чаддаггүй юм байна лээ.

– Тэгж сорж мансуурдаг гэж яаж мэдсэн юм бэ?

– Бид 13-21 настай хорь гаруй хүүхдүүд нийлдэг. Тэгээд л тэр олон хүүхдүүд дунд болж бүтэхгүй санаа төрнө. Болж бүтэх ч санаа төрнө. Тэгж яваад л нэг нь хэлэхэд бүгд нийлээд сордог болсон. Сүүлдээ байнга хэрэглэх, дасах маяг орлоо. Гэрийнхнээсээ мэдээж нууна. Нэг л өдөр баригдана шүү дээ. Нагац эгч, эмээ маань мэдээд эндээс холдуулж, өөр газар байлгалаа. Тэгээд л хэсэг хэрэглэхгүй болохоор мартдаг юм байна лээ.

Одоо бол сурах чухал, эрдэм номтой хүн болоод дүү нараа ингэж явуулахгүй юм шүү гэж өөртөө амлаад сайн сурахаар хичээж байгаа. Урьд нь хичээлдээ явах дургүй, байнга тасалж өвөө эмээ, эгч ах нараа их зовоодог байж. Одоо л засрахгүй бол энэ чигээрээ үлдэх юм шиг санагдаад хичээж байгаа.

– Сайн байна, зов сонголт хийжээ. Чамайг гэрийнхэн нь урамшуулж байна уу?

– Намайг сайн хүн болгох гэж мэдээж эмээ өвөө, ах эгч нар бүгд санаа зовдог. Гэхдээ ганц л хүн тоодоггүй. Тэр бол ээж.

– Ээж чинь бүр тэгтлээ архинд орчихсон гэж үү. Насанд хүрээгүй хүү нь ухаараад засарч байхад ээж чинь засрахгүй гэж үү?

– Тэр хүн миний мэдэхийн л уудаг байсан. Одоо гарахгүй байх аа.

– Ээж чинь хоол ундныхаа юмыг бэлдэж өгдөг үү?

– Хоол унд яах вэ. Хорооноос мөн хүнсний эрх, тусламжийн байгууллагуудаас байнга тусламж өгдөг. Тэрүүгээр болгоод л байдаг.

– Хүүхдийн мөнгө авдаг биз дээ?

– Авна. Заримдаа хувцас гутал авч өгнө. Заримдаа юу ч авч өгөхгүй архиа уучихдаг. Бас өрх толгойлсон эхийн тэтгэмж гэж авдаг гэсэн тэрүүгээрээ бол юу ч авч өгөхгүй. Өөрөө л ууна. Хоол унд хийж бидэнд хараа хяналт тавьж, хайрлаж халамжлах тухай яриад ч хэрэггүй. Зүгээр л ээж гэсэн нэрнээс цаашгүй.

– Цаашдаа чи яая гэж бодож байна вэ?

– Сайн сурч, боловсролтой хүн болоод өөр шигээ хаягдсан хүүхдүүдийг асардаг асрамжийн төв байгуулж, архинд орсон хүмүүсийг архинаас гаргахын тулд ажилладаг болно гэж бодож байгаа.

– Гэхдээ чи ээжийгээ архинаас гарна гэж итгэдэг биз дээ?

– Мэдээж миний ээж л юм чинь би ээжийгээ сайн сайхан байгаасай, бидний төлөө эрүүл саруул урт наслаасай л гэж хүсдэг. Түүнээс илүү өвөө эмээ минь л байхад болно доо. Өвөө эмээдээ л сайн хүн болж харуулна гэж боддог.

– Чи дахиж муухай зүйл хийхгүй, мансуурах бодис хэрэглэхгүй, мөн тамхи татахгүй биз дээ?

– Тийм ээ. Сургуульдаа л шамдан суралцаж. хичээл номоо сайн хийнэ. Дахиж муухай зүйл хэрэглэхгүй, мансуурч донтохгүй, дүү нарынхаа төлөө сайн хүн болно гэв.

Энэ талаар ХУД-ийн дугаар хорооны цагдаа Э.Билгүүнээс тодруулахад “Манай хороонд будаг шингэлэгч бодист мансуурдаг 13-18 насны найман хүүхэд бүртгэгдсэн. Энэ тухай мэдээллийг анх нэг хүүхдийнх нь эмээгийн мэдээлснээр бүртгэж байсан ч баталгаажуулж чадаагүй. Энэ хавийн хороод газарт ороод ихэнх айлууд газраа чөлөөлж, байшингаа буулгаж авч явах, тэр чигээр нь орхих явдлууд байгаа. Үүнийг мэдсэн иргэд орхигдсон байшинд архидан согтуурах, мансуурах үзэгдэл гарч байна гэсэн дуудлага мэр сэр ирж байгаа.

Хоёрдугаар сард ээлжид гарч яваад нэг орхигдсон байшинг шалгаж үзэхэд дотор нь 13-21 насны арав гаруй хүүхэд мансуурсан байдалтай байхыг олж тогтоосон. Уг хүүхдүүдийг бүртгэж аваад одоо эргүүл хийхдээ байнгын шалгаж, хараа хяналтдаа байлгаж байгаа. Тухайн хүүхдүүдийн ар гэр дунджаас доогуур болон нэн ядуу өрх байгаа юм. Эцэг эхийн анхаарал халамж муу, байнга гадуур дэмий сэлгүүцдэг. Зарим нь сургуульд сурдаггүй, завсардсан хүүхдүүд байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал хяналтаа сайжруулж, энэ төрлийн зөрчил хэрэгт хүүхэд тань холбогдох вий гэдгийг сануулъя. Гэр бүлийн орчин нөхцөл сайтай ч бусдад уруу татагдах явдал ч байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

О.Батнайрамдал: Роснефть компанитай гэрээ хийсний үр дүнд АИ-92 шатахууныг 2390 төгрөгөөр худалдаалах боломж бүрдсэн.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сараас хойш 30 хоногийн нөөц бүрдүүлдэг байсныг 45 хоног болгож нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор үнэ тогтворжуулах хөтөлбөрийг баталсан.

Сүүлийн нэг жилд АИ-92, дизель түлшний үнэ 60-71,3 хувиар өссөн. Дэлхийн зах зээл дээр шүү. Энэ нь 2013 оноос хойш гарч байгаагүй өндөр өсөлт. Энэ өсөлт 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар дахиад 45-48 хувиар өссөн. Өнөөдрийн байдлаар нэг тонн нь 1110 ам.доллар байна. Энэ нь литр тутамд өртөг нь 3330 төгрөгөөр зарагдах учиртай.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Роснефт компанитай хэлцэл хийсэн. Энэ хэлцэлийн үр дүнд ойрын хоёр сарын хугацаанд нэг тн АИ-92 бензинийг 840 ам.доллараар худалдаж авахаар тохирч гэрээгээ баталгаажуулаад ирлээ. Энэ гэрээний үр дшүнд гаалийн татварыг ТЭГЛЭСЭН. Өөрөөр хэлбэл, нэг литр бензин 2290 төгрөгөөр зарагдах боломж бүрдсэн. Харин дизель түлшний хувьд яг өнөөдрийн ханш нь нэг тонн нь 1047 ам.доллараар тооцогдож байгаа.

Монгол мөнгөөр тооцвол, 3714 төгрөг болж байгаа. Тиймээс Засгийн газрын зүгээс дизель түлшний онцгой албан татварыг тэглүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр өнөөдрийн борлуулалтын ханш нь 3380 төгрөг болсон.

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр дизель түлшний үнэ литр тутамдаа 280 төгрөгөөр нэмэгдсэн байсан. Цар тахал нүүрлэснээс хойш иргэдийн амжиргааны төвшин буурсан энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас үнэ тогтворжуулах тал талын арга хэмжээ авсны нэг нь энэ юм” гэсэн юм. Иргэдийн зүгээс шатахуун импортлогч компаниуд үнэ хөөрөгдөж байна гэж харддаг. Тэгвэл анх хэдэн төгрөгөөр итмпорлоод хэдэн төгрөгөөр иргэдийн гар дээр хүргэж байгаа бүх мэдээллийг ил болгосон. Хэрвээ иргэн та хүсвэл Ашигт малтмал газрын тосны газрын цахим хуудас руу ороод үзээрэй. Дээрх мэдээлэл сар бүр шинэчлэгдэж байгаа шүү.

Categories
мэдээ цаг-үе

Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно DNN.mn

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 16-21 градус, Их нууруудын хотгор, говь, талын нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар сэрүүcэж, салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.
Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Хоёр бөхөөс допинг илэрчээ DNN.mn

Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагаас 2022 оны гуравдугаар сарын 17, 19-ний өдрийн барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авсан. Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон улсын допингийн эсрэг байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын лабораториос 2022 оны дөрөвдүгээо сарын 25-ны өдөр МҮДЭБ-д ирсэн байна.

МҮДЭБ мөн өдөр Монголын үндэсний бөхийн холбоонд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, 2 шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн.

ОУДЭБ-аас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тэдгээр бөхчүүд орон нутагт явсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариугаа хүлээн авсан.

Дээрх хоёр бөх нь хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдан, мөн гэм буруугаа хүлээн уучлал хүсэж, ямарваа нэгэн шийтгэл, хариуцлагыг хүлээн авахаа мэдэгдсэн өргөдөл, хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮБХ-нд ирүүлснийг Тэргүүлэгчдэд 2022 оны тавдугаар сарын 02-ны өдрийн ээлжит хурлаар танилцуулсан болно.

Жич: Допингийн шинжилгээний хариуг бөхөд мэдэгдэх, мэдээлэх, хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг журмын дагуу шийдвэрлэж байгаа болно гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Итгэл DNN.mn

Энэ бол харилцааны амин сүнс. Найз нөхөд, дарга цэрэг, улс үндэстэн, бизнес хамтрагчдын амжилтын өнө удаан оршин тогтнох гол түлхүүр. Хар элгийн хүмүүсийг хамаатан садангаас ч илүү ойртуулдаг амьд харилцааг зөвхөн итгэл усалдаг. Итгэлцэл дээр соёолж, дэлгэрдэг харилцаа хамгийн зөв. Хүний амьдралд гайхалтай эерэг өөрчлөлтүүд, олон боломжийг ургуулж чаддаг. Архинд донтоод амиа хорлохоор оосор бүчдээ тулж байсан залуу өнөөдөр үндэстэн дамнасан бизнесмэн болжээ. Түүний амжилтын түүх “Биднийг өсч өндийх цорын ганц найдвар бол аав” гэсэн бяцхан үрсийнх нь итгэл байв.

Итгэл хүнийг ухааруулж урам зориг өгөхөөс гадна бас ичээдэг. Хүүхэд байхын ном уншихаар нойр нь хүрдэг байсан ангижав маань өнөөдөр эрдэмтэн болсон юм. Түүнийг ингэж өөрчлөгдөхөд номын санч эгч их нөлөөлж билээ. Ахлах ангиа төгсөх жил найзуудаараа шалгалтад бэлдээд номын санд хичээлээ давтдаг байв. Номноос зугтдаг ангийн хөвгүүн сурсан зангаараа нойрмоглон сууна. Номын санч эгчид хэдэн билет атгуулаад бид нэг, нэгээрээ асуугдаж, шалгалтдаа бэлддэг байв. Мань эрийн асуугдах ээлж болов. Номын санч асуулт тавьсны дараа өнөөх гайхлын битүүхэндээ харж явдаг нөгөө ангийн охин ороод ирдэг байгаа. Номоо уншаагүй хүн андашгүй. Нүүр нь минчийж улайгаад, шилээ байн байн маажаад л нүдний харц нь тогтож ядах нь тэр. Гэтэл номын санч эгч энэ байдлыг анзаарч, түүнийг зэмлэсэнгүй, харин ч магтав. “Маш сайн хариуллаа, онц” гэв. Сэтгэлтэй хүнийхээ нүдэн дээр онц сурлагатан шиг харагдсан тэрбээр яг үнэндээ номын санчаас тоймгүй их ичсэн гэдэг. Өөрийг нь аврах гэж худлаа хэлсэнд нь баярлаж даварч болохгүй гэсэн бодол тэр үед орой руу нь орох шиг болж. Номын санч түүнд “Чамд эгч нь итгэж байна. Маргааш асуугдахдаа сайн бэлдээрэй” гээд аминчлан захисныг ангижав маань сүүлд ярьж билээ. Магадгүй номын санч түүнийг “Хичээлээ уншихад яадаг усан толгой вэ” гээд хэлсэн бол ийм амжилтад хүрээгүй ч байж мэднэ.

Итгэл хүнийг ичээж амжилтад хүргэдэг бол хүмүүжүүлдэг өөр нэг жишээ хуваалцъя. Салбартаа шаггүй гавьяа байгуулсан нэгэн эрхэм дунд ангид байхдаа нууцаар тамхи татдаг байж. “Ээж маань дахиж намайг тамхи татвал аавд хэлэх байх. Нэг удаа боломж олголоо. Ээжийнхээ итгэлийг алдаж болохгүй” гэж бодон өөрийнхөө алдааг ухаарч, тэр цагаас хойш тамхи таталгүй 40 жил болжээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Он гарснаас хойш 992.5 мянган тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ DNN.mn

Манай улс 4 дүгээр сарын 22-28-нд авто замаар 3,133, төмөр замаар 550 чингэлэг, оны эхнээс нийт 3,723.9 мян.тн нүүр экспортод гаргажээ.

Мөн хугацаанд авто замаар 312, төмөр замаар 219 чингэлэг буюу оны эхнээс 458.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.5 хувиар нэмэгдсэн байна. Харин он гарснаас хойш манай улс 2,001.7 тн катодын зэс экспортолжээ. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 11, төмөр замаар 1,154 чингэлэг буюу оны эхнээс нийт 992.5 мян.тн-ыг экспортлоод байгааг УУХҮЯ мэдээлэв.

Төв банк дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 3,797.9 кг алт худалдан авсан аж.

Categories
мэдээ нийгэм

АИ-92 шатахууны 33 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд энэ сарын 28-ны өдрийн байдлаар нийт 133,084 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,804 тн, АИ-92 автобензин 43,860 тн, АИ-95 автобензин 8,255 тн, ДТ 65,438 тн байгаа ба АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 62 хоногийн, А-80 автобензиний 65, ДТ-ний 24 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 71,617 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,544 тн, АИ-92 автобензин 24,779 тн, АИ-95 автобензин 4,074 тн, ДТ 35,834 тн байгаа ба АИ-92 автобензиний 26, АИ-95 автобензиний 56, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15,331 тн, хангайн бүсэд 8,353 тн, төвийн бүсэд 27,519 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 7,025 тн.

Манай улс он гарсаар нийт 520.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 12.4 мян.тн, АИ-92 автобензин 184.8 мян.тн, АИ-95/98 автобензин 10.5 мян.тн, ДТ 257.7 мян.тн, онгоцны түлш 17.1 мян.тн, бусад 38.1 мян.тн байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 23 хэм дулаан байна DNN.mn

05 сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, зөөлөн шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 16-21 градус, Их нууруудын хотгор, говь, талын нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна DNN.mn

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Тэртээ 1993 оны 12 сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж, Африкийн сэтгүүлчдийн санаачлалыг дэмжин хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргаснаар 1994 оны тавдугаар сарын 3-аас тэмдэглэж, уламжлал болгожээ.

Сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг баяр болгон тэмдэглэхээсээ илүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ удаагийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Хараат бус сэтгүүл зүй үндэсний форум”-ыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкт амьдардаг Сарана охин минь, Монгол тийм биш байгаа шүү… DNN.mn

Вашингтоны төв дүүргийн нэгэн гэр бүлийн дотор ийм нэгэн яриа хэдэн сар үргэлжлэв. Америк аавтай, монгол ээжтэй энэ айл ам бүл тавуулаа юм. Монголоос очиж хамтдаа амьдрах болсон эмээ, 13 настай охин хоёр бол энэ гэр бүлд шуугиантай. 15 настай хүү нь бол даруухан юм аа, хөөрхий. Гэрийн эзэн бол үндсэн америк эр. Харин эзэгтэй Америкт сурахаар очиж тэндээ шингэсэн монгол эмэгтэйчүүдийн нэг. Мэдээж тэдний амьдрал хэвийн. Дундаж америкчуудын олдог орлогыг олж, тэдний стандарт, хэв шинжит амьдралаар амьдарна. Гэрийн эзнийг Жон гэж дууддаг, эзэгтэйг Лхамаа л гэнэ.

Эдний гэр бүл дотор нэг сэдэв боссон нь зуны амралтаар хүүхдүүдээ Монгол руу явуулж амраах. Мэдээж хүүхдүүдэд ээжийнх нь эх орон сонин, очихын хүслэн. Гэвч сүүлийн хоёр жил корона бүгдийг царцаасан. Энэ зунаас ирэх хүсэл дийлж буй учраас ээж нь, тэдэнтэй хамт байх болсон монгол эмээ нь Монгол руу үргэлж чих тавиастай. Өдөржин гэртээ шахуу байх эмээгийнх нь хийдэг ганц ажил фэйсбүүк ухах. Эмээ шиг Монголын талаар төгс мэдээлэлтэй хүн тэднийд байхгүй. Ээжийнх нь, эмээгийнх нь бүх ах дүү нар Монголдоо байх учраас бас мэдээлэл дамжуулагсад маш олонтой.

Ингэсээр тавдугаар сар гарч 13 настай Сарана охиныг, ахтай нь хамт Монгол руу явуулах ажилдаа эрчимтэй орлоо. Америк амьдралын хэмнэл бол өөр. Аливаад заавал бэлдэнэ, магадгүй Монголд очоод ингэх тэгэх ёстой гэсэн сургалтад ч хүүхдээ хамруулж бэлддэг улс. Америк аавынх нь Монголын төсөөлөл маш бага учраас ээж, эмээ хоёрт нь найдах. За ер нь эмээгийн л амыг бүгд харна. Фэйсбүүкчин эмээ нь өдөрт л нэг юм ярина. Тэдний хоорондын яриаг хүргэе.

Эмээ: За Монголд коронагийн дараа юу нь ч мэдэгдэхгүй ханиад гарч, хүүхдүүдэд илүү их хүрч эмнэлгийн ор битүү, шалан дээгүүрээ хэвтүүлж, сүүлдээ барахаа байгаад хүүхдүүдээ өөрсдөө л анхаарч, аварч үлд гэж дарга нар хэлж дээ, муу охиноо аваачаад ханиаданд үйчих юм биш байгаа.

Ээж нь: Төр засагтай улс байна эрхбиш анхаарч л байгаа байлгүй дээ. Тэгээд ч зуны сайхан цаг, бүгд л агаар салхинд гараад Улаанбаатар гайгүй болчих биз.

Эмээ: Тэгж ч магад, за би Маралаагаас дахиад сайн асууя, цаад Сарана чинь Монгол явна гээд өдөр шөнөгүй яриастай, санаа амраахгүй нь…

Ээж, охин хоёрын дунд ийм яриа эртдээ болсон хэрэг. Харин эмээ, ач охин хоёрын дунд бол Монголын талаар сайхныг ярина. Эмээ нь залуу насаа хэлний багш чиглэлээр ажиллаж туулсан болохоор ач охин, хүү хоёртойгоо хачин сайхан ойлголцдог.

Ач охин: Эмээ би Монголдоо очоод морь унана, миний Боржи нохой шиг жижигхэн хонь байдаг гэсэн үү… гэхчлэн ярьцгааж эмээ нь бүгд бий, миний охин тэр амьтдыг Монголд л жинхэнээсээ барьж үзнэ… гэхчлэн ярьцгаана.

Орой хоолны ширээний ард дахиад Монгол руу хүүхдүүдээ явуулах яриа өрнөнө.

Лхамаа: За ээж ээ, цаагуур чинь юу байна, Маралаатай ярив уу?

Ээж: Ярилаа, Монголд чинь хүүхдийн хүчирхийлэл дийлдэхээ байсан гэнэ дээ, саяхан хаана гэв дээ дунд сургуулийн охиныг буудсан гэж байна ш тээ.

Лхаа: Юу… яахаараа тэгдэг юм, худлаа байлгүй дээ, Монголд чинь буу энд байдаг шиг элбэг биш шүү дээ.

Ээж: Найз залуу нь буудсан юм биш үү.

Лхамаа: Юун найз залуу вэ, дунд сургуулийн охин гэсэн биз дээ…

Америк нөхөр нь эхнэрээсээ юу болов гэхэд байдлыг тайлбарлав. Нөхөр толгой сэгсэрч Сарана охин руугаа сүрхий нухацтай харах нь нэгийг мэдрүүлэх. Тэр хооронд эмээ гар утсаа сунган энийг хар даа гэсэн нь Монголын сайтууд дээр “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын дунд сургуулийн дотуур байранд амьдардаг охиныг…” гэсэн айхавтар мэдээ харагдана. Монгол руу явж амрахын бөөн хүслэн болсон Сарана охинд энэ мэт мэдээг ойлгож тайлбарлах нь утгагүй болохоор дэмий л хоорондоо яриад өнгөрнө.

Амралтын өдрөөр найзуудтайгаа өнжсөн Сарана охин Монгол руу явж гоё амрах гэж байгаа талаараа бахдал хөөр дүүрэн ярьснаа илэрхийлэн гэртээ орж ирлээ. Эмээ нь тэгэлгүй яахав, миний охин Монголд гоё байна аа, эмээ нь Маралаа эгчтэй нь ярьсан… гэсээр угтлаа.

Гэвч ээлжит сенсаци мэдээг эмээ нь Монголоос авчээ. Фэйсбүүкээ ухаж суусан эмээ “Хүүе, Лхамаа энэ мэдээг хар даа, манай Монголд чинь хоёр хүн тутмын нэг нь сүрьеэтэй гэсэн судалгаа гарсан байна ш тээ” гээд үргэлжлүүлээд “Манай хөдөөнийхөн бүтэхгүй ээ, аяга шанага нь холилдсон, айраг цагаагаа нэг саваар уусан ахуй муутай улс, сүрьеэ айхавтар халдварладаг өвчин, бүгд авах нь тодорхой л доо” хэмээн үглэж сайтын мэдээг улам лавшруулан, баталгаажуулна.

Лхамаа: Наад Сарана чинь явна гэсэн бөөн хөөр… сүрьеэ чинь тэгээд хаана ч хамаагүй байдаг гэсэн үг үү… хэмээн лавлалаа.

Эмээ: Энэ фэйсбүүк, сайтуудад бичиж байгаагаар бол Монголд битүү сүрьеэ байгаа юм биш үү, яамаар ч юм бэ дээ… гэсээр өрөө рүүгээ орлоо. Энэхүү гэр бүлд өрнөж байгаа энэ бүх яриа, сайтын мэдээллүүд Монголоос очиж байгаа. Шөнө унтахын өмнө эмээ утсаа барьсаар тэдэн рүү дөхөж ирээд “Монголд дөрвөн хүн тутмын нэг нь тэмбүүтэй гэсэн байна” гэв. Энэ удаад эмээгийн шар мэдээний сенсацийг гэрийн эзэгтэй нөхөртөө дамжууллаа. Америк нөхөр аа яаяа гэж халаглан охин руугаа нөгөөх л Монгол руу явж болох юм уу гэсэн хандлагаараа харлаа. Сарана охинд энэ мэт мэдээлэл ямар ч ойлгомжгүй, ойлгох ч үгүй болохоор урдаас нь Монгол руу явахаа л ярина…

Цаг хугацаа явсаар зургадугаар сар руу дөхсөөр, эмээгийн Монголоос авч байгаа элдэв мэдээлэл бүр ч идэвхтэй. Нэг өглөө “Хүүе, Лхамаа” л боллоо, бас яачихав аа ээж ээ… гэвэл “Монголд айхавтар хачиг хүн хазаж бүр нас барсан байна” хэмээв, Африкийн орнууд биш дээ, наадах чинь сүртэй юм байхгүй байх аа. Бид бага байхдаа эмээ өвөөгийнд зун хачиганд хазуулдаг л байсан шүү дээ… хэмээн охин хэнэггүйтэв. Эмээ: “Чи хар даа Говь-Алтай аймагт бүр нэг эмэгтэй хачиганд хазуулж хүндрээд нас барсан байна” хэмээн шогширлоо.

Бас нэг орой эмээ гар утастайгаа зууралдсаар орж ирээд “Манай Нэмэхээ чинь архи уудаг билүү” гэж охиноосоо асуув. /Эмээд холбоочин болдог Маралаа охиных нь нөхөр бололтой/ “Та юу яриад байгаа юм бэ, тэр чинь нисгэгч хүн юу гэж архи уудаг юм” гэв. Эмээгийн асуусан учир нь “Монголд архины хамааралтай хүний тоо маш их өссөн, архи уудаггүй хүн айл өрх бүрт байхгүй” гэсэн мэдээ байсан юмсанж.

Удаахь орой нь эмээгийн ээлжит Монголын талаарх мэдээлэл нь хүний наймаа, хүүхэд хулгайлах гэмт хэрэг Монголд өдөр бүр гарч байгаа гэх үймүүлэлт байлаа. Энэ бүгдийг Лхамаа нөхрөөсөө нуух болов. Монгол хүн болсон хойно өсч торниж яваа хүү, охин хоёроо эх орондоо амраах, эх оронтой өсгөх туйлын далд хүсэл Лхамаа бүсгүйд байсаар байгаа учраас ээжийнхээ өдөр шөнөгүй хэлэх хар бараан мэдээллийг тэгж ингэж өнгөрөөсөөр байв… Улмаар Вашингтоны төв дэх монголчуудын өв соёлын жижиг сургалтад охиноо хамруулж, хэрдээ явах бэлтгэлийг нь алхам алхмаар хангасаар байлаа.

Сүүлдээ Лхамаа бүсгүйн зүгээс эр нөхрөөсөө эх орныхоо муу муухайг нуух байдал руу орлоо. Монгол тийм л хэцүү болчихсон юм байх даа гэх бодол түүнд үе үе орж ирнэ. Учир нь тэрээр эх орондоо ирэлгүй арав гаруй жил өнгөрчээ. Монголд байх найзуудтайгаа ярихаар бүтэлтэй юм бас ярихгүй, “Хүүе ээ, Лхамаа нөгөө манай сургуулийн тэр чинь одоо дэд сайд хийж байгаа шүү дээ, түүнд ер нь бар хэсэх, охид эргүүлэхээс өөр ид шид байсан юм уу, сүүлд Турк рүү нэг сургуульд явлаа гэж сонсогдсон, тэгснээ Туркийн дэлгүүрээс бараа хулгайлсан хэрэгт холбогдоод хөөгдөөд ирсэн гэдэг биз дээ. Тэгсэн одоо сайд гээд явж байна ш тээ” хэмээн шоолон инээлдэнэ. “Лхамаа, чамайг эргүүлдэг байсан Буянаа чинь гайгүй бизнес эрхэлдэг байсан, одоо мөрийтэй тоглоомонд донтоод бүх зүйлээ зараад, одоо бүр гудманд гарсан гэнэлээ” гээд найз бүсгүйчүүд нь ярьцгаах…

Нэг орой эмээ, Сарана охин хоёр зэрэгцээд гар утас руу толгойгоо шаачихсан пүү паа болцгоосон нь нэг охины толгой дээр бас нэг охин халуун кофе цацаж байгаа бичлэгийг үзэцгээж байв. Үүнээс залхсан Лхамаа “Боль боль, ээж одоо ийм юм хүүхдэд битгий үзүүлээд бай” гэж уцаарлалаа. Гэвч ээж нь Монголын болохгүй бүтэхгүй бүгдийг дамжуулсаар… Лхамаад, мөн америк нөхөрт нь энэ бүгд яршигтай, заримдаа ч улиг мэт санагдаж байтал харин нэг мэдээлэл тэднийг яах аргагүй гүн шоконд оруулсан юм. Тэр нь Монгол дахь Олон улсын нэгэн судалгааны байгууллагаас гаргасан нас биед хүрээгүй охидын бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл байв. Тэр мэдээнд охин хүүхдийг төрсөн эцэг нь тэдэн хувь, хойд эцэг нь тэдэн хувь, төрсөн ах нь, үеэл ах нь нууцаар хүчирхийлдэг гэх судалгааны дүн, хувь процент бүгдийг гаргаж, түүнийгээ Монголын сошиал ертөнц, сайтуудад дэлгэжээ. Бузар булайгийн үүр, охин үрдээ монголчууд чинь яаж хандаад байгаа юм бэ гэх уулга алдалт… тэнд бий боллоо. Энэ муухай мэдээллийг ээж, охин, америк аав… тэвчин хүлээж авч чадсангүй. Лхамаа бүсгүй эрс шулуунаар “За за Саранаг Монгол руу явж амраах асуудлыг одоо хая, ийм балайр болчихсон газар руу яаж хүүхдээ явуулдаг юм, ёстой новшийн болжээ” хэмээн ширээгээ түгхийтэл тогшоод бослоо. Сарана охин сайхан Монгол орныг үзэх хүслээсээ ийнхүү мултарч байгаагаа ойлгон “Эмээ монгол тийм муухай юм уу” хэмээн хошуугаа цорвойв. Эмээд хэлэх ч үг олдсонгүй. Яагаад гэвэл тэр бүгдийг дамжуулсан хүн нь эмээ өөрөө, нүдээр харж, биеэр үзээгүй ч сошиалын хар бараан мэдээнд бүрэн автагдсан түүнд “Үгүй, тийм биш ээ, Монгол” гэж хэлэх чадал байсангүй.

Тийм болохоор Монгол эх орны чинь зүгээс Америкт төрж өсч байгаа 13 настай Сарана охинд хэлье. Миний дүү, Монгол тийм биш ээ. Монгол эх орон чинь уул устайгаа, ургамал цэцэгстэйгээ, хүн ард, мал ахуйтайгаа амгалан тайван оршсоор байна. Монгол бүсгүй Лхамаад бас хэлье, Хан Алтай чинь ханхалзан байгаа, Халхын тал чинь цэлийн байгаа. Ээжийн чинь ярьж, сошиал орчноос харж дамжуулж байгаа энэ бүхэн амьдрал дээр бүгд худлаа шүү. Гурван сая хүний дотор байтугай гурван айлын дунд үе үе асуудал гарч л байдаг, намжиж л байдаг. Өнөөдөр хүн бүр утаснаасаа дуулсан сонссон юуг ч шуугиан болгож болох, түүнийг нь дор хаяж таван мянган хүн харж цааш ярих тийм цахим нийгэмд амьдарч байна. Дээр нь монголчууд бидний эх орондоо хайр найргүй ханддаг бэртэгчин үзэл бодол ч улам их нэмэр болж байгааг хэлье. Үүнд Америкт байгаа монгол бүсгүй та нэмэр болоод яах вэ, зүгээр л хүү, охин хоёроо Монгол руу, ах дүүс рүү нь ирүүлж амралтыг нь өнгөрөө.

Мөн эмээ, ач охин хоёрт онцгойлон хэлье. Та хоёр зуны сайхан цагаар эх орондоо ирцгээ. Монгол Улс, монголчууд бол энэ дэлхий дээр хамгийн их ёс жудгаа дээдэлж ирсэн, хойдох, урдахаа бодож амьдардаг, ядарсан нэгэндээ үнэн сэтгэлээсээ тусалдаг ард түмэн байсаар байгаа. “Миний арга үнэхээр тасарч байна, монгол түмэн минь” гээд хүнд өвчтэй хүүгээ тэврээд, нулимс дуслуулан зогсоо эр хүнд хагас тэрбум төгрөгийн хандивыг хоёрхон өдрийн дотор тал талаасаа хамжаад босгоод өгчихдөг сайхан сэтгэл нь хэвээрээ байгаа. Бусдын төлөө нулимс унагаж, сэтгэл гаргаж чаддаг, дэлхийн хаана ч байхгүй сайхан ард түмэн, Монгол Улс минь хэв хэвээрээ. Ганцхан энэ бүх сайхныг муухай болгож харагдуулдаг бидний сошиал хэв маяг алж байна.

Магадгүй дуусгачихаж ч мэдэх нь. Түйтрийн мэдээг сэтгүүл зүйн мэдээ болгон хүлээж авах буруу боловсролд бид шилжлээ. Сайн муу бүх мэдээлэлд баталгаа өгдөг ганцхан зарчим бол найдвартай эх сурвалж, редакци байдаг тухай ойлголт сошиалын шар үгс дотор живчихлээ. Уг нь бол социалист нийгэмд ажиллаж, амьдарч төлөвшсөн Сарана охины эмээд энэ бүх төлөвшил байгаа ч бусдын адил цаг үедээ нэрвэгдэж, өөрөө хүртэл худал мэдээ дамжуулагч нэгэн болон хувирчээ. Үүнд нь итгэн Монголд ирэх мөрөөдөлд автсан хөөрхий Сарана охины хүсэл зоригийг будаа болголоо. Энэ бол эмгэнэл.

Гэтэл монголчуудын бодит үнэн ямар билээ, хар даа. Сарана шиг охин үрээ монголчууд бид нүдний цөцгий мэт хайрладгаараа хаана ч байхгүй ард түмэн. Аавуудын хаан бол охин үр нь. Охин үрийнхээ дэргэд ямар ч эр хүн номхон дөлгөөн байдаг. Энэ ертөнцийг элээж дуусах үед охин минь зөөлөн гар дээрээ тааваар үднэ гэдгийг монголчууд яс махандаа шингэтэл ойлгосон байдаг. Ийм нандин амьтдынхаа өөдөөс муухай харах уу. Нандинаас нандин, аз жаргал нь болсон охин хүүхэд минь монголчууд бидний хувьд дээд шүтээн минь билээ. Сарана, Эмээ, Лхамаа, бас тэр америк аав дөрөвт хэлье, Монгол минь та нарын бодож байгаа шиг биш ээ. Төрсөн цагаасаа эхлээд хамгийн их эрх чөлөөг мэдэрч өсдөг хүмүүс бол монгол охид байдаг юм. Ийм эрх дураараа хүүхдүүдийг Монголоос өөр хаана ч харахгүй. Монголын нэг сая хавтгай дөрвөлжин км нутаг бол бидний үр хүүхдийн эрх мэдэлд бүрэн чөлөөтэй байдаг юм. Тэд Монголын хаана ч очсон эрх дураараа тоглоно. Америк шиг нэг алхаад хүний эдлэн рүү орчих тухай ойлголт байхгүй. Та бүхэн Саранаг, ахтай нь зун хөдөө байдаг ах дүүгийндээ авчраад “хаячих”. Эхний хоёр өдөрт эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах гэж дүрэмдэх байх. Тэгдэг л юм. Монголын минь хөдөө харагдах байдлаараа хэцүү хэцүү, ахуй муутай л гэж харагдана. Гэвч тэр бүхэн чинь дэлхийд байхгүй оргиналь нь, эко орчин юм аа. Хөгжсөн орны хүүхэд бүрийн, эцэг эх бүрийн хүсдэг орчин ч байж магадгүй. Малын хотонд зуныг өнгөрөөсөн хүүхдэд ямар ч харшил насан туршид нь үүсдэггүй наад захын дархлаа тэнд бий болдог. Ингээд яривал их юм бий. Эцэст нь хэлэхэд, сошиал орчин, цахим сүлжээ, зурагтын мэдээнүүд… энэ бүгд Монголыг гутаасан мэдээллээр дүүрэн байгааг ойлгоорой. Монголын цөөнгүй иргэн Монголыг муу муухай харагдуулахад идэвх зүтгэлтэй оролцдог юм, битгий хууртаарай. Сайхан Монгол орондоо тавтай морил, Сарана. Нутгийн зуны сайхан улирал хаяанд ирлээ…