Categories
мэдээ нийгэм

Монголоос Украин руу найман тонн тусламж илгээнэ DNN.mn


Монгол Улсад түр болон байнгын оршин сууж буй ОХУ-ын болон бусад орны иргэд ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль дүүргэсэн монгол түмэнтэй хамтран Орост өрнөж буй “МыВместе” (Бид хамтдаа) аянд нэгджээ.

Донбасс болон Зүүн-өмнөд Украины чөлөөлөгдсөн нутгийн ард иргэд, Орост ирсэн дүрвэгсдэд туслахыг хүссэн иргэдийн тусламжийг ОХУ-ын Эрхүү мужийн Онцгой Байдлын Штаб, Улаан Загалмайн байгууллагаар дамжуулан Украины зүүн-өмнөд нутгийн орос иргэдэд илгээжээ. Өмнө нь 75 тонн ачааг илгээсэн бол одоо 22 тонн ачааг илгээхээр бэлдэж байна.

Монголоос тус бүс нутагт хүмүүнлэгийн 8 тонн тусламж илгээхээр бэлтгэжээ. Хүмүүнлэгийн тусламжид гурил, элсэн чихэр, цай, үр тариа, гоймон, лаазалсан хоол, хувийн ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн живх, нүүр гарын алчуур зэрэг орсон байна.

Хүмүүнлэгийн тусламжийг Баянзүрх дүүрэг дэх Гэгээн Троицкийн сүмд хүлээж авах аж.

Categories
мэдээ нийгэм

“Ханбогд” ногоон хот байгуулахыг уриалав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд гавьяат эдийн засагч, “Грант торнтон аудит” ХХК-ийн ерөнхий захирал Б.Осоргарав “Ханбогд” ногоон хот байгуулахыг уриаллаа.

Тэрбээр, Ерөнхийлөгчийн санаачилгыг бодитой хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Ханбогд сумыг түшиглэн “Оюуномин” буюу ногоон хот байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн “Тэрбум мод” тарих санаачилга, шинэ сэргэлтийн бодлого хөтөлбөрийг дэмжин, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон монголын бүх ард түмэнд хандан уриалга гаргаж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.

Б.Осоржав хэлэхдээ, “Монгол Улс 44 жилийн өмнө ОХУ-ын Засгийн газар, ард түмний тусламжаар Эрдэнэтийн овооны эрдэнэс баялгийг түшиглэн Эрдэнэт үйлдвэр, хот байгуулж байсан туршлагатай. Харин одоо ногоон хот суурин байгуулж болж байна. Ханбогдыгоо ногоон хот болгож яагаад болохгүй гэж. Улсын том жижиг уурхай бүрийг дагасан хот тосгон суурингийн төвтэй болъё. Өргөн уудам газар нутгийнхаа өнцөг булан бүрийг монгол эзэнтэй болгоход төр засгаас тодорхой шийдвэр гаргаж баталгаажуулах хэрэгтэй”-г тэмдэглэлээ.

Түүнчлэн, Дорноговь аймгаас эхлэн Говийн их дархан цаазат газар хүртэл таван аймагт 6-8 метр өргөнтэй ногоон ойн бүслүүр татаж мод тарихыг уриалгадаа мөн дурджээ.

Categories
мэдээ утга-зоxиол

До.Цэнджав: Монгол хүн монгол хүндээ хамгийн увайгүй, балмад, зэрлэгээр ханддаг болсон нь ёс суртахууны сүйрэл юм DNN.mn

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджавтай ярилцлаа.


-Монголчууд хоорондоо дайсагналцдаг, нэгнийгээ үзэн яддаг, монгол хүн монгол хүндээ хайргүй болжээ. Улс үндэстэн нэгнээ хайрлах, монгол хүн монгол хүнээ хайрлах ур ухааныг та юу гэж хардаг вэ?

-Монгол орон гэдэг нь үндэстэн хоорондын зөрчил байхгүй, хамгийн эв нэгдэлтэй байх ёстой улс. Ер нь бага орны ард түмэн гэдэг биенээ хайрлах, хүндэтгэх, бусдынхаа үгийг сонсох, бурууг бусдаас эрэхээс өмнө өөрөөсөө эрж хайх, нэгэнтэйгээ эелдгээр харилцах зэрэг харилцааны урлаг монгол хүнд туйлын дутагдалтай болжээ.

Харилцаа гэдэг хүн төрөлхтний хамгийн чухал зүйлийн нэг. Хүн хооронд үг ярианы харилцаа, сэтгэл зүрхний харилцаа явагддаг. Сүүлийн үед монгол хүний зан харилцаа хувирч, маш догшин болсон. Бүтэн үг сонсох байтугай үгний үзүүрт л уурсаж гомдох, эрх чөлөөнд халддаг, заналхийлдэг байдал бий болсон байна. Айл өрх, саахалтын харилцаа гэхэд л тун эвгүй байдалд хүрлээ. Энэ бол ёс суртахууны сүйрэл. Нийгмийн оюун санаа болсон нийгмийн харилцаа гэдэг ёс суртахууны хэм хэмжээн дээр байх ёстой. Энэ харилцаа сахигдахаа байж, насны ялгаа үгүй болж, хүмүүс хоорондын ялгаа ч арилчихаж. Залуус нь ахмадаа хүндэтгэхгүй, үр хүүхэд нь аав ээжээ үл тоодог болсон. Ийм болоод ирэхээр нийгмийн харилцаа тэр чигээр дампуурлын байдалд орно. Энэ бол туйлын аюултай үзэгдэл.

-Хөгжил цэцэглэлт, нийгмийн өөрчлөлт бидний нэгнээ хайрлах, энэрэх сэтгэлийг үгүй хийж байна уу даа?

-Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс хоорондын зан харилцаа төгсрөх болов уу гэтэл улам дордлоо. Гудамжны сэтгэлгээтэй, хэрүүлийн сэтгэлгээтэй, бие биенээ жадлан эсэргүүцэх сэтгэлгээтэй, атаа хорслын сэтгэлгээтэй хүйтэн харьцаа ноёлж байх шиг санагдаж байна.

Хуучин цагт монголчууд хоорондоо ихэд сайхан харилцдаг байлаа шүү дээ. Биенээ хүндлэх уламжлал монголчуудад байсан хамгийн үнэт зүйл. Нэгэнтэйгээ жигтэйхэн сайхан харилцдаг, ярилцдаг. Нэг гэр бүл гэдэг тэр чигээрээ хүний сургууль байв. Аав нь аав шиг, ээж нь ээж шиг, ах нь ах шиг. Тэдний үгнээс багачууд гарна гэж үгүй. Хүмүүжил гэж тусгай үг хэллэг ярихгүйгээр, аяндаа мах цусандаа шингэсэн харилцаа тэр байлаа. Нутгийн өвгөд гэж ёстой л жинхэнэ алт шиг хүмүүс байв шүү дээ. Ерөөсөө л тэд чинь тэр чигээрээ ёс суртахууны зарчим байсан. Нутгийнхан тэдний үгийг маш сайхнаар хүлээж авдаг. Биднийг бага байхад нутгийн өвгөчүүлээс хамгийн их айдаг. Тэдэнд хүний хүүхэд гэж байхгүй. Бүхий л айлын хүүхэд тэдний л хүүхэд. Хүүхдүүдийг зэмлэнэ. Тэгэхэд аав, ээж нь учиргүй их баярлана. Харин ч “Энэ мууд үг хэлээд өгөөрэй” гэдэг. Хүүхдээ өмөөрнө гэж байхгүй, тийм л сайхан байсан.

-Монгол хүн нэгнээ үзэн ядах, өөрөөсөө дээш гаргахгүй гэх аминч үзэл ихэд дэлгэрч байна гэж шүүмжлэх хүмүүс их бий. Бас л энэ цаг үед ярих, хөндөх ёстой асуудал мөн биз, багш аа?

-Үгний эхэнд сайхныг хэл гэсэн өвгөдийн сургаал байдаг. Яриа хөөрөөг сайхан зүйлээр эхэл гэсэн санаа. Сайхан үгийг түрүүнд хэлнэ гэдэг харилцааны дээд уран хэлбэр. Энэ бол нялуун нялцгай асуудал биш. Энэ чинь монгол хүнд байсан мяндсан ухаан шүү дээ. Монголын зүйр цэцэн үг гэдэг гадаадын философиос дутахгүй их зүйлийг агуулдаг. Тэнд монгол ухаан ч бий, монгол хүн ч бий. Харамсалтай нь өнөө цагт монгол хүнийг эрээд олоход хэцүү болсон. Бүгд америк, солонгос, япон хүн болчихсон. Даяарчлал гэдэг олон сайхан талтай ч хүний зан суртахуун, үндэсний уламжлалд асар их их нөлөөлдөг юм байна.

Монголчууд эх орноо хайрлаж байгаа юмуу даа. Эх орныхоо эсрэг юм хэлдэг, нэгнээ дээд зэргээр гутаан доромжилдог болж шүү дээ. Харийнхантай үг, санаа нийлж Монгол орноо, монгол хүнийг гутааж байна. Монгол хүн шиг бүдүүлгүүд байхгүй, дээрэмчин, хулгайч, ална, хядна, буудна, цаазал гэх зэргээр хүний амнаас гарахааргүй үгийг ердийн үг шиг хэлдэг болчихсон.

-Ингэж гажуудаж, буруудаж байна гээд хэлээд өгөх, чиглүүлэх сэхээтэн нь ч алга болж шүү?

-Засч залруулаад хэлээд өгдөг хүн байхгүй байна. Ийм үед ардын багш нарын үүрэг асар их. Хүнийг хүн болгох тухай ярьж байгаа бол өлгийтэй байхаас нь хичээх ёстой. Тодорхой цагт хөхүүлдэг, тоглуулдог, хайрладаг, зөөлөн харьцдаг. Ингэхээр аяндаа мах цусанд нь шингэдэг. Дайн гэдэг энэ цаг үед ганц зэвсэг биш, харилцааны дайн хийдэг болсон.

Олон нийтийн сүлжээ гэдэг садар бузар үгийн, гүтгэлгийн, өшөө хорсол, атаархлын хогийн сав болчихсон. Хуучин цагт матаас гэж ярьдаг байсан. Одоо бол тэр матаас сэтгэлийн жаргал эдлүүлдэг болчихсон юм биш үү. Сайхан хүнээс дуурайл авч сэтгэлийн жаргал эдэлдэг гэдэг бол одоо муу муухай үг авч түүндээ баясан цэнгэж жаргадаг болжээ.

-Түүхийн хуудас сөхөхөөр аль ч цаг үед монголчууд дундаа хагаралтай, нэгнээ л зэмлэдэг, цөлмөдөг, хөнөөдөг байсан юм шиг. Эсвэл энэ зөвхөн монголчууд биш хүн төрөлхтний нийтлэг төрх юм уу?

-Ер нь манай монгол үндэстний яс цусанд нь нэг зүйл бий. Тэр бол атаархуу, өөнтөгч байдал. Тэгэхдээ монголчууд жигтэйхэн сайхан харьцаатай үндэстэн гэдгийг гадаадын жуулчид онцлог тэмдэглэсэн байдаг шүү. Би жуулчдын тэмдэглэлийг ихээр уншдаг. Монголд ирээд буцсан жуулчдын ихэнх нь монгол хүний ариун сайхан шуналгүй сэтгэлийг гайхан биширсэн байдаг.

Нэг жуулчны тэмдэглэлээс дурдъя л даа. Нүүдэл суудлын явцад авдарнаас нь баахан алт цуваад дуусаж. Дараа нь холоос ирсэн нэгнээсээ асууж байна гэнэ. Тэгэхэд өөдөөс нь “Алт юм уу мэдэхгүй, баахан шар юм цувж хэвтэнэ лээ” гэж юу ч болоогүй дэргэдүүр нь өнгөрөөд явчихсаныг жуулчин ихэд бахархалтай тэмдэглэж үлдээсэн байдаг. Монголын нэг булангаас нөгөө булан хүртэл туулахад нэг ч муу хүнтэй таарахгүй. Дандаа тусалдаг, гэнэн цайлган, халуун сэтгэлтэй гэж. Үнэхээр монгол хүнд тийм халуун дотно сэтгэл бий. Гэвч маш амархан эвдэрч байна. Ийм цаг үед хэрсүү, үг дуулах чанар тун хэрэгтэй.

-Хэрсүү монгол олон болох тухай бид ч их хөндөж бичдэг шүү?

-Тийм болох ёстой. Үг өнгөрөөж сур гэж аав, ээжүүд ярьдаг. Одоо бол шууд тосч аваад дайран давшилж, хамгийн муухай үгээр хариулдаг. Тэртэй тэргүй түүхээс үзэхэд Их Монгол Улсын үед монгол үндэстэн нэгдэж дэлхийг эзэлсэн түүхтэй. Дараа нь бага хаадын үе бутарч сарнин, баахан олон монголчууд тарсан. Монгол бол нэг үндэстэн гэдгийг үргэлж бодож нэгнээ хайрлах хэрэгтэй. Баруун монгол, бага ястан гэж ярьж болохгүй, амнаасаа ч унагаж болохгүй.

-Монголчууд дотроо нэгнээ хэмлээд зогсохгүй хилийн чанадад байгаа мах цусны тасархайнуудаа ч чичилж харагддаг. Өмнөд монголчуудыг хужаа гэж ирээд л. Оросын буриадууд ч монголчуудад ихээхэн дургүй гэлцдэг?

-Би нэг удаа өмнөд монгол шавь нараа дагуулаад Хэнтийн Дадал, Биндэрээр явсан. Сумын төв дээр баахан согтуу залуус. Ааш аяг гэж араатан болчихсон. Нөгөө муу хэдэн шавийг маань “Муусайн хужаа нар монгол нутаг дээр шээх ч эрхгүй” гэж ирээд орилж чарлаад. Шавь нар “Бид монголчуудыг ямар их хайрладаг билээ, яаж ирсэн билээ” гэж уйлаад буцацгаасан. Би ч тайтгаруулж дийлээгүй.

Япончууд нэгэндээ тийм ч хайртай ард түмэн биш. Гэхдээ нэгнийгээ хэзээ ч муулдаггүй. Япон хүний ёс суртахуун, сахилга бат дэлхийд яаж гайхагдаж байна?

-Япон гэдэг үндэстэн нэг амь юм шиг л хөгждөг гэж боддог. Бидэнд тэр чанар дутагдаж байна уу?

-Би олон газрыг удирдаж явсан хүн. Хамт олон дотор хов жив яригддаг. Түүнд барих хариулт нэг л байх ёстой. Энгийн. Хов жив гарлаа. Хариуд нь “Би өөрөөр боддог юм шүү дээ, аа тэр тэгж байна уу. Арай тэгэх хүн биш дээ” гэхэд нөгөө хүн нь “Нээрээ тийм байх аа” л гэдэг. Эсрэгээр нь тосч аваад уриалгахан сонсоод яриад унавал сайн үр дүн гарахгүй.

Гэтэл бид юу эсийг үзэж байна даа. Улстөрчдөд улс төрийн соёл гэж алга, ард түмнийхээ нүдэн дээр гахай нохой шиг л аашилцгааж байна. Телевизийн хоймор гэдэг ариун зүйл гэж үздэг байлаа. Гэтэл шууд ярилцлага хийж байхдаа л олны өмнө зодолдоод унаж байна.

-Үндэстнээрээ амь нэг байх, нэгэндээ хайртай байх асуудалд үг гэдэг чухал бололтой?

-Муусайн Оросын шаарууд, өмхий хужаа нар гэж ярьдаг хэсэг бидний дунд байна шүү дээ. Энэ чинь л хамгийн аюултай. Энэ улс орныг хөршгүй, нөхөргүй болгож байна. Төрийн хар хайрцагны, монгол хүний дотоод сэтгэлийн хар хайрцагны бодлого гэж байх ёстой. Нэг муухай үг байна. Хардах эрхтэй гэдэг үг. Энэ чинь хамгийн бузар булай үгний эхлэл. Сэтгүүлч хардах эрхтэй, хүн хардах эрхтэй гээд л ярьдаг болсон. Хардана гэдэг шууд дайсагнана гэсэн үг. Хардсанаас болж салж сарниж, нэгнийгээ алж хядаж байна. Энэ үгний оронд эргэлзэх, тээнэглэзэх, лавлах гээд ярьж болно оо доо.

Эр хүн мөртлөө хов жив ярьдаг хачин завсрын хүмүүс бий болчихлоо. Тэднийг зэмлээд гарах хүн байна уу. Лодонгийн Түдэв багш маань ухаанаараа зоддог байлаа шүү дээ. Ганц үг хэлэхэд л орой руу ороод явчихдаг. Одоо ч тийм хүн байхгүй болсон. Бямбын Ренчин гуай, Цэндийн Дамдинсүрэн гуай нэг үг хэлэхэд л ханардаг байлаа. Тэгэхээр үг гэдэг чухал. Хүрлийн муу газар эвддэг, хүний муу хүнийг эвддэг. Зөөлөн модыг тоншуул иддэг, зөөлөн хүнийг хүн иддэг гэдэг. Энэ нийгэмд зөөлөн, мөрөөрөө явсан хүн хэлмэгдэх шинжтэй. Гэтэл хамгийн балмад, ёс зүйгүй, дээрэм хийх шинжтэй, хамгийн харгис хүйтэн мөсөн сэтгэлтэй нь оройд гарлаа. Араб ардын мундаг үг бий. Эрдэмтэн хүмүүс нь илжиг хөтөлж, тэнэгүүд нь илжигээ унаад явдаг болжээ гэдэг. Манайхаар бол гайгүй хэсэг нь илжгээ хөтөлчихсөн, хамгийн увайгүй, балмад, зэрлэг харгис хүмүүс нь илжиг дээрээ суучихсан явж байна.

-Монголчууд нэгэндээ яавал хайртай, энэрэх сэтгэлтэй болох вэ?

-Би 2000-аад оны эхээр “Монгол тэмүүлэл” гээд олон нийтийн байгууллагыг санаачлаад маш сайхан авч явж байсан нэг үе бий. Америкт ч “Америк тэмүүлэл” гэдгийг гаргаж ирээд америк хүмүүсийг хүмүүжүүлж байсан. Японд ч адилхан. Одоо “Хятад тэмүүлэл” гэж ярьдаг болоод байна. Бид тухайн үед “Сайхан монгол хүн, сайхан Монгол орон” гэдэг уриа дэвшүүлж байсан. Одоо ч энэ уриа монголчуудад хэрэгтэй.

Ер нь хатуу хүтүү үгийг болгоомжтой гаргаж байя. Сайхан үг хэлж байя. Нүүр номыг харж байхад л өглөөний мэнд бусдадаа дэвшүүлдэг дээ. Гэхдээ их хялбараар л хэлээд өнгөрдөг болж. Угтаа бол ухаарлын, утга учиртай үгийг нэгэндээ дэвшүүлж байвал зохилтой.

Түүнээс гадна эх хүн, эмэгтэй хүний мяндсан ухаан гэж бий. Аав маань гэхэд дуугүйхэн хүн байлаа. Ээжийн минь амнаас гарсан үг бүр алт байв. Ээжийн ухаан, эмэгтэй хүний ухаан гэж их торгон ухаан байдаг. Ийм нийгмийг зөөлрүүлье, монгол хүн монгол хүнээ энэрье, хайрлая гэвэл эмэгтэй хүнйи үүрэг асар их бий. Гэвч одоо бас л увайгүй болж дээ. Эмэгтэй хүний ичимхий зан чанар ёс суртахууны дээд хэмжээ байжээ. Цэвэр ичимтгий ааш гэж жигтэйхэн гоё байсан шүү дээ. Дунд сургуулийн хичээлийн сургалтад ёс зүйн харилцааны урлаг хичээлийг оруулмаар байгаа юм. Хүүхдүүдийг багаас нь сайн байна уу, баярлалаа, гялайлаа гэж мөр цэх, мэлмий өөд хэлдэг араншинд сургах нь чухал.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

БНАСАУ Зүүн тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харважээ DNN.mn

БНАСАУ лхагва гаригт Зүүн тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харвасан талаар БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ. БНАСАУ энэ он гарсаар 14 дэх удаагаа пуужин харваж байгаа нь энэ юм. Хамгийн сүүлд л гэхэд дөрөвдүгээр сарын 16-нд явуулсан туршилтаараа тактикийн зэвсэг туршсан гэдгээ хожим нь мэдэгдэж байсан.

БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо энэ талаар сэтгүүлчдэд зурвасаар дамжуулан мэдээлсэн бөгөөд одоогоор үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 800 ААН-д олгожээ DNN.mn

“Монголын геологи, хайгуул-2022” чуулга уулзалт болж байна. Манай улс энэ онд 20 тонн алт олборлох төлөвлөгөөтэй. Ингэснээр Засгийн газраас “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлж, алт олборлогч ААН-үүдийн үйл ажиллагааг Эдийн засгийг эрчимжүүлж сэргээх бодлогын хүрээнд дэмжин, улмаар баялгийн нөөцийг ихэсгэн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Үүнд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулыг нэмэгдүүлэх нь чухал байгаа юм.

АМГТГ-ын мэдээллээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 800 ААН-д олгожээ. Энэ онд ААН-үүд 1146 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөө тайлангаа ирүүлсэн.

Өнөөдрийн байдлаар эдгээрээс 65 хувь нь төлөвлөгөө батлуулаад байгааг АМГТГ-аас өнөөдрийн чуулган дээр мэдээллээ. Эдийн засгийг эрчимжүүлж сэргээх бодлогын хүрээнд энэ оны төлөвлөгөөг энэ сарын 15-ны дотор батлахаар ажиллаж байгаа аж. Хайгуулын төлөвлөгөөнөөс гадна нөөц өсгөх, гүйцээх хайгуул хийх, ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний тайланг батлах юм. Улмаар энэ онд хийх ажлын үр дүнгээр зэсийн болон алтны, шороон ордуудын нөөц нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Энэ оны 4 дүгээ сарын 20-ны байдлаар.

  • Алтны 23 тайлан,
  • Бусад ашигт малтмалын 30 тайлан Эрдэс баялгийн зөвлөлөөр ороод байна.
Categories
мэдээ нийгэм

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны хугацааг цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс тооцно DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.05.04) ХУУЛЬ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Хуулийн төсөлд тусгасан асуудлуудыг товч танилцуулбал.

1.Шүүхийн шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болсон өдрийг гүйцэтгэх хуудсанд дурдаагүйгээс ял эдэлсэн хугацааг харилцан адилгүй тоолж, ялтанд ял завших боломж бий болгож байх тул зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны ял эдэлсэн хугацааг тоолохдоо шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс бус ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхэлж тоолох зохицуулалтыг тусгалаа.

2.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал дахь дотоод аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг, оролцоо бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төрийн цэргийн байгуулалд хамааруулах зохицуулалтыг тусгалаа.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270.7-д “Цагдан хорих төв, байр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн болон согтуурах, мансуурах донтох эмгэгтэй этгээдийг албадан эмчлэх байгууллагын ажилтныг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзнэ.” гэж заасан. Энэ нь баривчлах төв болон баривчлах байранд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хамаарахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хуульд заасан эрх зүйн байдал харилцан адилгүй, ялгамжтай байдлаар зохицуулсан байх тул баривчлах төв болон байранд ажиллаж буй алба хаагчдыг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзэх өөрчлөлтийг тусгав.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд шийдвэр гүйцэтгэгчийн энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд тооцох зохицуулалтыг тусгалаа. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цэргийн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажлаас чөлөөлөгдсөн иргэнд энэ хууль үйлчлэхгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа.

Хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчдын эрх зүйн байдал, нийгэм, эдийн засгийн баталгаа хангагдахаас гадна зорчих эрхийг хязгаарлах ял бодитой хэрэгжих боломж нөхцөл бүрдэх бөгөөд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй болно.

Categories
мэдээ үндэсний-бөx

​ Допинг хэрэглэсэн бөх, сурын харваачдад олон улсын дүрмийн дагуу хариуцлага оногдуулна DNN.mn

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.05.04) Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт 6 удаа, давхардсан тоогоор 54 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдсөн байна. Эдгээр өөрчлөлтийн тухайд голлон бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт 2004, 2007, 2013, 2014, 2014, 2017 онуудад орсон байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа дараах зохицуулалтыг оруулжээ. Үүнд:

  • Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн нэр томьёотой нийцүүлж, хууль хоорондын болон хуулийн зүйл, хэсэг, заалт хоорондын зөрчил, хийдлийг арилгаж, уялдаа холбоог хангах;
  • Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан, тухайлбал, допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан дасгалжуулагч, эмч, дэвжээнд олон улсын допингийн дүрмийн дагуу хариуцлага оногдуулах механизмыг хуулийн төсөл тусгасан;
  • Хүн амын нягтаршил, газар нутгийн байршил, төсвийн хэмнэлтийн хүрээнд зэргэлдээ сумын баяр наадмыг нэгтгэн зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтоохоос гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгон, Нийслэлийн алслагдсан дүүрэг баяр наадам зохион явуулах эсэхийг Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулав; Мөн онцгой нөхцөл байдлын үед улс, аймгийн баяр наадмыг Засгийн газрын шийдвэрээр, сумын баяр наадмыг тухайн аймгийн Засаг даргын шийдвэрээр хойшлуулах, зохион байгуулах байршлыг солих зэргээр нөхцөл байдалд тохируулан зохион байгуулж болох зохицуулалтыг хуулийн төслийн 5 дугаар зүйлд тусгасан.
  • Үндэсний бөхийн өмсгөл, сур харвааны малгай, нум сум, шагайн харвааны хэрэгсэл, хурдан морины сэрвээний өндөр зэргийг Монгол Улсын стандартаар тогтоох эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгав;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй нарийвчилсан харилцааг зохицуулах дүрэм, журмыг батлах субъектийг тодорхойлж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны үйл ажиллагаанд гомдол гаргах, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр оруулав; Өөрөөр хэлбэл дээрх дүрэм, журмыг бөх, сур, шагай, хурдан морины холбогдох мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн Засгийн газар тогтоох зохицуулалтыг тусгасан болно.
  • Монгол үндэсний уламжлалт тоглоом болох шагайн харвааг үндэсний их баяр наадмаар зохион явуулах, үүнтэй холбоотой дүрмийг Засгийн газар батлан мөрдүүлэх зохицуулалтыг шинээр тусгалаа; Түүнчлэн улсын баяр наадамд түрүүлсэн үзүүрлэсэн үндэсний шагайн харваач нарт бусад үндэсний спортын нэгэн адил Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол олгохоор тусгасан болно.
  • Бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын дүрмийг тус тус Засгийн газар батлахаар тусгалаа;
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахыг тухайн үндэсний спортын төрлийн мэргэжлийн холбоодод олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүллээ;
  • Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар уг хуулийн төсөл болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.
Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг долдугаар сард багтаан ашиглалтад оруулна DNN.mn

Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 88.4 хувьтай хэрэгжиж байгаа талаар Зам Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлж байна. Уг чиглэлийн төмөр замыг 2022 оны аравдугаар сард багтаан ашиглалтад оруулах талаар тус яамнаас танилцуулсан.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил 76.4 хувьтай явагдаж байна. Энэ оны долдугаар сард багтаан энэхүү төмөр замыг иж бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж буй талаар холбогдох албаныхан мэдээлсэн.

Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн төмөр замын ажлын явцын талаар сайд нарт тогтмол мэдээлэл өгч байгаа. БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороотой хэлэлцээр үргэлжилж байгаа. Өнөөдрийн бадлаар боомтын төмөр зам, шилжүүлэн ачуулах байгууламж, хөрөнгө оруулалт нүүрсний худалдаа зэрэг асуудлыг үе шаттайгаар цогцоор нь шийдвэрлэх юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн Банкны чанаргүй зээлийг төлүүлэхээр ажлын хэсэг байгуулна DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн Банкны өр барагдуулах явц, үүнийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжлийн Банкны чанаргүй зээлээс өчигдрийн байдлаар 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. 2023 онд төлөгдөх ёстой хоёр том бонд бий. Эхнийх нь Евро бонд буюу Сэргэн мандалт нэртэй бонд. Энэ нь 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөгдөх ёстой 500 сая ам.долларын нээлттэй бонд. Одоогийн ханшаар 1.5 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Удаах нь 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын 725 тэрбум төгрөг.

Онцгой анхаарах ёстой өр нь Самурай бонд. Энэ нь Засгийн газрын баталгаатай. Хэрэв Хөгжлийн Банкийг дампуурлын эрмэгт авчраад буй чанаргүй зээлүүдийг төлүүлж чадахгүй бол энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын хувьд чанаргүй зээлийг төлүүлэхээр ажиллаж байна.

Энэ жилийн зургаадугаар сарын 30-н болон арванхоёрдугаар сарын 31-нд бодитой үр дүн гаргаж байж, тайлан балансаа олон улсын аудитын байгууллагуудаар баталгаажуулна. Улмаар ирэх оны IV улиралд төлөгдөх ёстой хоёр бондыг амжилттай төлөх боломж үүснэ.

2022 онд хамгийн багадаа чанаргүй зээлийн 1/3-г төлүүлэх, ирэх онд Хөгжлийн Банкны бүх чанаргүй зээлийг барагдуулж, Самурай бондыг бүрэн төлснөөр татвар төлөгчдийн мөнгөн дээр ирэх эрсдэлийг холдуулах зорилго тавин ажиллаж байна.

Хөгжлийн Банкны өр төлүүлэхэд хуулийн байгууллагуудын оролцоог чухалчилж байгаа. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан Засгийн газрын харьяа хүчний байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарлаа” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газраас МИАТ ТӨХК-д татаас өгнө DNN.mn


Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Франкфуртийн чиглэлийн нислэгийг нэмэгдүүлж, МИАТ ТӨХК-д татаас өгөхөөр шийдвэрлэлээ. Энэ чиглэлд долоо хоногт таван удаа нислэг үйлдэхээр болж байна.

Түүнчлэн агаарын тээврийн либералчлал, Монгол Улсад хүрэлцэн ирж буй жуулчдад татварыг буцаан олгох асуудлаар холбогдох цогц шийдлийг боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өглөө.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 90 хүртэлх хоногоор визгүй зорчуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь 2022 оны зургаадугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хүчинтэй байна.

Цар тахал эхлэхээс өмнө БНСУ-аас Монгол Улсад жилд 100 орчим мянган иргэн ирдэг байсан. Цаашлаад энэхүү жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул уг шийдвэрийг гаргаж байгаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 258, дипломат албан паспорттой 37 гадаад улсын иргэн визгүй зорчиж байна. Монгол Улсад ирэх хүсэлтэй байгаа гадаадын иргэд цахим виз мэдүүлж мөн хүрэлцэн ирж байгаа. 2010 онд Япон, 2013 онд Канад болон Герман улсын иргэдийг тус тус 30 хүртэлх хоногийн хугацаатай визээс чөлөөлөх шийдвэрийг гаргаж байсан.

Манай улсын иргэд БНСУ-д зорчих асуудлыг хөнгөвчлөх тухай Гадаад Харилцааны Яамнаас тус улсын талтай дипломат шугамаар үргэлжлүүлэн ярилцаж байгаа.