УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.
-Хангалттай хэмжээний гарын үсэг цуглуулах өдрийг хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ-
-Саяхан ХҮН нам үзэл баримтлал, нэрээ өөрчилсөн талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Нэгдүгээрт ХҮН нам буюу Хөдөлмөрийн үндэсний нам гэх нэрээ өөрчилсөн. Өмнө нь Хөдөлмөрийн үндэсний нам зүүний нам байсан. Тэгвэл одоо зүгээр хүн төрөлхтний ХҮН нам болсон. Учир нь иргэд манай намыг хүн нам хэмээн ярьдаг, ойлгодог. Монгол Улс болоод дэлхийн улс орны хөгжил хүнээсээ хамаардаг. Анх ХҮН намаа үүсгэн байгуулахдаа хүндээ хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлж, дэлхийн хүн болгох зорилт тавьж байсан. Энэ агуулга зорилго одоо ч хэвээрээ байгаа. Тиймээс хүн дээд хэмээх үзэл санаан дээр нэгдэж ХҮН намаа байгуулсан. Энэ үзэл баримтлал дээрээ түшиглээд Хүн нам болсон. Мөн намынхаа логогоо өөрчилсөн. Намынхаа суурь өнгийг авч үлдсэн. Ягаан өнгийг дэлхий нийтэд залуусын өнгө хэмээн үздэг. Манай ягаан өнгө бол яргуй ягаан буюу шинэ цагийн бэлгэдэл юм. Дараагийн 30 жилд улс орноо, нийгмийг өөрчлөх улс төрийн шинэ хүчин, шинэ манлайлал, үзэл санааг түгээгч нь байж чадна хэмээх итгэл үнэмшил бидэнд бий. Хамгийн чухал, нэг өөрчлөлт бол бид намынхаа үзэл санааг өөрчилсөн явдал. Бид хүмүүнлэг, эрх чөлөөний үзлийг тунхагласан. Энэ үзэл санаа бол эрх, эрх чөлөөний үзэл. Хүнээ хөгжүүлэхгүйгээр хөгжсөн улс орон байдаггүй. Тиймээс хүмүүнлэг, эрх чөлөөний үзлийг тунхаглаж, эв санаагаа нэгтгэсэн.
-Тэгэхээр танай нам зүүний үзэл баримтлалаас барууны үзэл баримтлалтай нам болж өөрчлөгдсөн хэрэг үү. Яагаад заавал хүмүүнлэг, эрх чөлөөний үзэл баримтлалыг тунхаглах болов?
-Хүмүүнлэг, эрх чөлөөний үзэл гэдгийг Монгол Улсад тусгайлан зориулсан, хувь хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хамгаалсан, дээдэлсэн, хамгийн чухал нь бизнес хийх эрх чөлөөг бий болгож бизнес эрхлэгчид, гадны хөрөнгө оруулалт, хувийн секторыг дэмжсэн, эдийн засгийг бодлогынхоо цөм болгосон ийм үзэл баримтлал гэж ойлгох хэрэгтэй. Өмнө нь манай нам зүүн төвийн социал демократ үзэл санаатай байсан. Харин одоо баруун төвийн эдийн засаг, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалтай болсон. Аливаа улс төрийн хүчин нийгмээ хөгжүүлэх үү, эдийн засгаа хөгжүүлэх үү хэмээн хоёр л хуваагддаг. Зүүний үзэл баримтлалтай намууд түлхүү нийгмээ хөгжүүлэхэд анхаардаг. Өөрөөр хэлбэл, иргэд рүү, нийгэм рүү чиглэсэн халамжийн бодлого, тэтгэврийн бодлого хэрэгжүүлж, том төсөвтэй, баялгийн хуваарилалтыг төрөөр дамжуулж хийдэг. Үүний үр дүнд төрийн бүтэц томорсоор байдаг. Харин барууны үзэл баримтлалтай намууд эдийн засгийн агуулгаа түрүүлж тавьдаг, бизнесээ дэмжиж, эдийн засгаа тэлэхэд анхаарч, цомхон төрийн бодлоготой байдаг. Дэлхий дээр зүүний үзэл баримтлалтай намууд олшрохын хэрээр төр нь томордог. Үүнийг дагаад авлига нэмэгддэг. Харин барууны үзэл баримтлалтай намууд олширохын хэрээр улс орны эдийн засаг тэлдэг. Харин өмчийн ялгаа их болох магадлал өндөр байдаг. Ийм л ялгаатай.
-Гэхдээ нэг л өглөө сэрээд намынхаа үзэл баримтлалыг өөрчлөх нь намын гишүүд дэмжигчдээ алдах эрсдэлтэй биш үү. Цаашлаад үзэл баримтлал нь тогтворгүй улс төрийн намууд мөхдөг жишээ олон байна шүү дээ?
-Бид нам дотроо үзэл баримтлалаа өөрчлөх талаар олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Намын хурал, төлөөлөх зөвлөлийн хурлаараа ярилцсан. Хүннамд маш олон залуус бий. Бид эгнээгээ маш их тэлсэн. Тэднээс ирж байгаа шаардлага бодитой байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс данхайсан төртэй болчихлоо. Нийгмийн халамж, тэр дундаа төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг дагасан төсвийн үргүй зардал ихээр бий болж эдийн засгаа хумьж байна. Мөнгө тараадаг халамжийн улс болчихлоо. Энэ байдлыг өөрчлөхийг залуус хүсч байна. Цаашлаад ардчиллын үнэт зүйл, зарчим хумигдаж байна. Сүүлийн хоёр удаагийн сонгууль дараалан зүүний үзэл баримтлалтай нам ялалт байгуулснаас төр томорч, авлигадаа идэгдэж, хулгай, халамж ярьдаг боллоо. Гэтэл нөгөө талд нь хатуу итгэл үнэмшилтэй, баруун төвийн үзэл баримтлалтай нам байна уу гэхээр алга.
-Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай нам шүү дээ. Тус намыг та үгүйсгэж байгаа хэрэг үү?
-Ардчилсан намыг бид барууны үзэлтэй нам хэмээн ойлгодог боловч бодит байдал дээр дандаа халамж амладаг, төр гараад дандаа зүүний бодлого явуулдаг, төрийн бүтцийг томруулдаг. Иймээс цаашид Монгол Улс хөгжихийн тулд бид зоригтой өөрчлөлт хийж баруун төвийн үзэл баримтлал, бодлого явуулж байж улс эх орондоо хөгжил дэвшлийг богино хугацаанд авчирна. Энэ өөрчлөлтийн саналыг манай намын олон мянган залуус тавьсан. Манай намын үндсэн бүтцэд олон эдийн засагчид бий. Тэдний зүгээс одоо л намынхаа үзэл баримтлалыг өөрчлөх цаг мөн гэдгийг хэлсэн. Өнгөрсөн 30 жилд алдаа оноо олон бий. Дараагийн 30 жилд алдах эрх байхгүй. Тиймээс иргэдийнхээ бодит орлогыг өсгөхийн төлөө бүгдээрээ ханцуй шамлаад зүтгэе. Тиймээс эдийн засгийн эрх чөлөөг түлхүү олгосон баруун төвийн үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг улс төрийн нам улс төрийн тавцанд үгүйлэгдэж байна. Энэ орон зайд бид төрийн балансыг бий болгохоор хичээж байна. Залуусынхаа итгэлийг, бизнес эрхлэгчдийнхээ унтарчих гээд байгаа цогийг сэргээе гэж байна.
-Улс төрийн намын үзэл баримтлал тогтвортой, тодорхой байх нь маш чухал. Дараагийн сонгууль болтол намынхаа үзэл баримтлалыг иргэд сонгогчдодоо таниулж, тэдний дэмжлэгийг авахад хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Манай намын сонгосон үзэл баримтлал өнөөгийн нийгмийн захиалга байсан. Тиймээс цаашид бид намынхаа үзэл баримтлал дээр тууштай зогсоно. Намын гишүүд дэмжигчид болоод иргэдийн хувьд энэ өөрчлөлтөд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Ялангуяа ЖДҮ эрхлэгчид, бизнес эрхлэгчид, дотоодын хөрөнгө оруулагчид, ажлын байр бий болгодог бүлгүүд дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Монгол Улсад энэ үзэл санаа ус, агаар мэт хэрэгтэй байна. Миний бие УИХ-ын гишүүн болохоосоо ч өмнө, болсноосоо хойш ч данхар төрийн бүтэц асуудал дагуулж байгааг хэлж, төсөв мөнгөний бодлого хангалттай бус байгаа талаар дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Эргээд коммунизм байгууллаа гэдгийг хэлсээр ирсэн. Тиймээс зөв бодлого хэрэгжүүлж, санхүүгийн зах зээлээ либералчилж, бизнесийн салбартаа боломж олгож, гадны хөрөнгө оруулагчдыг урьж, дотоодын хөрөнгө оруулагчдаа зөв бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг онцолсоор ирсэн. Төсвөө жижиглэж, үр ашгийг нь сайжруулж, цемент зуурахаа зогсоо гэдгийг байнга сануулсаар ирсэн.Энэ байр суурин дээрээ одоо ч байгаа. Манай намын шинэ үзэл баримтлал миний хувь хүний болоод эдийн засагч хүний үзэл баримтлалтай яг цав нийлж байгаа. Намын даргын хувьд, УИХ-ын гишүүний хувьд хэлэхэд, манай нам энэ бодлого дээрээ бат зогсоно. Өөрөөр хэлбэл, цаашид Хүннам эдийн засгийн бодлогыг түлхүү анхаарч ажиллана.
-Хоёр дахь удаагийн төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байх үед та нэлээд бухимдаж харагдсан. Таныг бухимдуулсан шалтгаан юу байв?
-Эдийн засагч хүний хувьд, иргэн хүний хувьд, дөрвөн хүүхдийн аавын хувьд маш их бухимдсан. УИХ-ын гишүүдэд урам хугарсан нь үнэн. Залуучууд “өөрсдөө хэмнэ” хэмээн төв талбайгаа дүүргэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Залуус эх орондоо сайхан амьдрахыг хүсч байна. Жирийн иргэдийн амьдрал хэмнэх нь бүү хэл шүдээ зуугаад арайхийж амиа зогоож байхад өөрсдөө биш иргэдээ хэмнэх талаар ярьж байгаа нь эмгэнэл. УИХ-д Засгийн газраас хэмнэлтийн бодлого оруулж ирсэн. Хэдийгээр засч сайжруулмаар алдаа оноотой зүйлүүд байсан ч ямартаа ч төсвөө хэмнэх нь гэж горьдсон. Эдийн засагч хүний хувьд одоо л төсвөө хэмнээд бодитой, томоохон өөрчлөлт хийхийг гишүүдэд уриалсан. Тойргийн төсвүүдээ түр зууртаа мартчих. Манай тойргийн иргэд ийм дээвэр, тийм жорлон хүсээд байна гэдгээ больчих гэсэн. Харамсалтай нь хоёр дахь удаагаа тодотгож байгаа, хэмнэх ёстой төсөв нь хэмнэгдээгүй орж ирсэн. Эдийн засагч хүний хувьд дор хаяж төсвөө алдагдалгүй батлах байх гэсэн хүлээлттэй байсан. Энэ жилийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг. Гэтэл энэ алдагдал Төрийн хэмнэлтийн тухай хуулиар яг хэвээрээ батлагдчихсан.
-Энэ жил манай улс орлогоо хэт өөдрөг төсөөлсөн. Түүнийгээ дагаад зарлага ч тэлсэн. Төрийн хэмнэлтийн хуулиар яг хэдэн төгрөгийн төсөв хэмнэсэн юм бол?
-Таны хэлж байгаа үнэн. Энэ жилийн төсвийг батлахдаа орлого талаа үндэслэлгүй хэт хөөргөж, зарлагаа дагуулаад баталчихсан. Гэтэл орлого нь төлөвлөсөн хэмжээнийхээ хаана ч хүрэхгүй байгаа гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тиймээс зарлагаа танах ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байсан. Харамсалтай нь өмнөх 18 их наяд төгрөгийн зарлага 17.9 их наядаар батлагдсан. Харахад дүн нь буурчихсан мэт боловч бодит байдал дээр 245 тэрбум төгрөгөөр буурсан. Үүнд маш их бухимдсан. Миний хувьд бусад гишүүдтэй адил тойргийн төсөв яривал ярина. Гишүүн болсноосоо хойш нэг ч удаа тойргийн төсөв ярьж үзээгүй. Сангийн яамнаас мөнгө тавьж өгөхийг гуйгаагүй. Би өнөөдрийг хүртэл улсын хөгжил чухал болохоос тойргийн төсөв чухал биш гэсэн зарчмаа барьж байгаа. Цемент зуурснаараа хөгжил ирэхгүй гэдгийг бид өнгөрсөн 30 жилд хангалттай харлаа. Ийм асуудлыг тавьсан. Гэтэл УИХ-ын гишүүд хэмнэх гэж тодотгож байгаа төсвөө үрэлгэн байдлаар батлах нь ээ. Засгийн газар энэ хуулиа татаад авчих хэрэгтэй. Энэ хууль төрийг улам данхайлгах юм байна.
-Шалтгааныг нь та юу гэж харж байна вэ. Тойргоо усалдаг тогтолцоонд гол учир нь байна уу?
-Ерөөсөө л тогтолцоондоо байна. Тойргоос сонгогддог, дахин сонгогдохын тулд элдэв зүйл амладаг. Амлачихсан учраас иргэд амлалтаа биелүүлэхийг шаарддаг. УИХ-ын гишүүдийг буруутгаад юу ч өөрчлөгдөхгүй. Тогтолцоогоо өөрчлөхгүй бол энэ бидний мөнхийн зовлон байх юм байна. Тиймээс одоо больё. Тогтолцоогоо өөрчилье гэж байгаа юм. Асуудалд мэргэжлийн хандаж, улс орны хөгжлийн, урт хугацааны бодлогын асуудлыг өргөн хүрээнд ярьдаг байгаасай гэж хүсдэг учраас чуулганд одоогоор суухгүй байна. Тиймээс өнөөдөр төв талбай дээр тайван жагсаал хийх гэж байна. Энэ жагсаал хэн нэгнийг албан тушаалаас нь буулгах гэж байгаа юм биш.
-Жагсаалын гол зорилго юу юм бэ?
-Ерөөсөө л сонгуулийн тогтолцоогоо өөрчил гэдгийг шаардаж байгаа юм. Парламент 76 гишүүнтэй байна. Нийт гишүүдийн 57 гишүүний саналаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой. Тэр боломж гагцхүү одоогийн эрх баригчдад байна. Дахин нэг намаас ийм олуулаа шийдвэр гаргах боломжтой парламент бүрдэх эсэх нь эргэлзээтэй. МАН өмнөх парламентад 65 суудалтай байсан. Тэд тогтолцооны өөрчлөлт хийх гэж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь үнэн. Энэ бол дэвшил. Гэхдээ зарим нэг сайн заалтуудаа орхисон. Тэгвэл өнөөдөр дахин үнэмлэхүй олуулаа байгаа энэ үед орхигдуулсан заалтуудаа нэмж баталаач ээ гэж байгаа юм. Магадгүй энэ өөрчлөлтийг хийлгэхийн тулд иргэд сонгогчид тэдэнд 62 суудал авах боломж олгосон байх. Нөгөө талдаа энэ өөрчлөлтийг хийх нь тэдний үүрэг. Энэ бол ямар нэгэн улстөржилт биш. Улс орныхоо төлөө МАН-ынхныг нэгдээч ээ хэмээн шаардаж, шахаж байгаа хэрэг. Тиймээс тайван жагсаал хийж, жагсаалынхаа зорилгыг иргэд, залуучууддаа ойлгуулна, тайлбарлана, танилцуулна, дэмжлэгээ авна.Эцэст нь иргэдийн гарын үсэг цуглуулна. Хангалттай хэмжээний гарын үсэг цуглуулах өдрийг хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ. Ингээд УИХ-д асуудлаа тавина. Парламент хүлээж аваад Үндсэн хуулиа хэлэлцэж, тогтолцооны өөрчлөлт хийх шийдвэр гаргах юм бол тэр өдрөөс эхлэн тэмцлээ зогсооно.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар орон даяар иргэдийн саналыг авч тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Ялангуяа олон улсын байдал эмзэг байгаа, үүлэн чөлөөний нар шиг ийм боломж ховорхон тохиолдоно.
Хөрш орнууд өөр асуудалд анхаарч байгаа энэ үед бид дотоод асуудлаа маш яаралтай шийдэх боломжийг ашиглая. Үр дүн гарах нь чухал болохоос тэр үр дүнг нь хэн нэгэн хүртэх нь чухал биш. Тэр дундаа Хүннам, Т.Доржханд хүртэх гэж байна гэж хардаж байгаа бол надад тийм амбиц байхгүй. Гагцхүү энэ өөрчлөлтийг хийснээр ирээдүй хойч үе минь хожсон байх нь чухал.