Categories
мэдээ нийгэм цаг-үе

Х.Алтанбилэг одоогийн байдлаар 7.4 литр цусаараа 34 хүний амийг аварчээ DNN.mn

Түүнийг Халхбаатарын Алтанбилэг гэдэг. Бусдын амь насыг аврахын төлөө хариу нэхэлгүй цусаа хандивладаг үйлстэн юм.

“Энэрэнгүй донор” Х.Алтанбилэг одоогийн байдлаар 7.4 литр цусаараа 34 хүний амь насыг авраад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд нийт 1 сая иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ DNN.mn

Энэ сарын 6-нд нийслэлийн хэмжээнд 120 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 54.1 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.9 хувь байна. Нийслэлийн хэмжээнд нийт 1.081.414 иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхцэцэг: Эрх баригчид өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийг нухчин дарахаар санаархаж ирсэн нь хэвлэлийн эрх чөлөөний индексээс тодорхой харагдлаа DNN.mn

“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргалаа. Монгол Улс 90 дүгээр байрт жагссан нь өмнөх онтой харьцуулахад 22 байраар ухарсан үзүүлэлт юм. Ингэснээр хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ дайны нөхцөл байдалтай орнуудтай ижил түвшинд очсоныг “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас онцолж байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, эрх зүйн орчны талаар хуульч Б.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Энэ оны хэвлэлийн эрх чөлөөний индекс гарчээ. Манай улсын тухайд огцом ухарсан үзүүлэлт харагдаж байна.Та энэ судалгаатай танилцаж амжсан уу. Манайх ямар үзүүлэлтийг нь хангахгүй болохоор ингэж хойшилсон юм бэ?

-Манайд хэвлэлийн эрх чөлөө туйлын хангалтгүй байгаа нь энэ судалгаанаас тодорхой харагдаж байна л даа. “Хил хязгааргүй сурвалжлагчид” төрийн бус байгууллагаас энэ судалгааг үндсэн дөрвөн үзүүлэлтэд тулгуурлаж гаргадаг. Нэгдүгээрт, улс төрийн нөхцөл байдлыг харгалздаг. Хоёрдугаарт, тухайн улс орны хууль эрх зүйн орчинг нь харна. Мөн эдийн засгийн нөхцөл байдал болоод нийгэм соёлын нөхцөл байдал гэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд нь үндэслэж судалгааг гаргадаг л даа.

Манай улсын тухайд хууль эрх зүйн орчин таагүй байдаг нь хойгуур орох гол үндэслэл боллоо. Төрийн өндөр албан тушаалтнууд сав л хийвэл хэвлэл мэдээллийн байгууллагатайгаа заргалддаг, торгуулдаг, ямар ч аргаар хамаагүй амыг нь үдэх гэж оролддог үйлдлүүд нь л хойш нь татаж байна. Илт худал мэдээлэл тараах, гүтгэх зэрэг шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдэд дүн шинжилгээ хийхэд тал орчим хувь нь төрийн өндөр албан тушаалтнууд сэтгүүлчид болоод үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эсрэг гомдол гаргаж торгуулсан үзүүлэлт харагдаж байгаа юм. УИХ-ын гишүүн нь хүртэл сэтгүүлчийн эсрэг гомдол гаргаад л торгуулсан жишээ бий.

Өөр нэг ухарсан шалтгаан нь ковидын нөхцөл байдалтай холбоотой. Хөл хорио тогтоосон үед тодорхой хэдхэн хэвлэл мэдээллийн байгууллагад зорчих мандат олгосон. Төрийн зүгээс ганцхан урсгалаар л мэдээлэл түгээж байлаа шүү дээ. Төрийн байгууллагууд тодруулбал, Цагдаагийн Ерөнхий газар, Мэдээлэл харилцаа холбооны газар, Сонгуулийн ерөнхий хороо гэх зэрэг байгууллагуудаас гаргасан журмууд нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халтай байсан нь дээрх үзүүлэлтээр сүүл мушгихад голлох нөлөө үзүүлсэн.

-Хэвлэлийн эрх чөлөөний индексийг сүүлийн жилүүдэд Норвеги, Швед гэх мэт Скандинавын орнууд тэргүүлж байна л даа. Тэдний тухайд хууль эрх зүйн орчин ямар байдаг юм бэ?

-Төрийн өндөр албан тушаалтнууд ардчиллын амин сүнс болсон хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг гомдол гаргахыг хуулиар хориглодог. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр тэргүүлдэг орнуудын гол шалтгаан нь ердөө л энэ. Тухайн улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд нэр төрд нь халдсан ийм асуудалд хүлээцтэй ханддаг. Үнэхээр ноцтой асуудалд бол албан тушаалаасаа бууж байгаад иргэний журмаар хуулийн байгууллагад ханддаг. Манайд бол Шадар сайд нь л сэтгүүлчийн эсрэг гомдол гаргаж яллахыг үүрэгдсэн жишиг саяхан гарлаа шүү дээ.

Гол ялгаа нь ердөө л энэ. Өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эсрэг гомдол гаргадаг. Ингээд тухайн сэтгүүлчээс удаа дараа байцаалт авч залхаан цээрлүүлнэ. Байцаалт авна гээд л үүдэндээ хүлээлгэчихдэг жишиг тогтоод байгаа шүү дээ.

Хэд хэдэн удаагийн давтамжаар тэр шүү. Ингээд тухайн сэтгүүлчийн бичих, нийтлэх зүрх зоригийг нь мохоодог. Ингэж л хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж байгаа юм. Эрх баригчид хэвлэн нийтлэх эрх чөлөө гээд ярьдаг ч өнөөдөр бодит нөхцөл байдал ийм л байгаа. Өнгөрсөн зун долдугаар сард нэр бүхий гурван УИХ-ын гишүүний зүгээс төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үзэл бодлоо илэрхийлсэн иргэний эсрэг гомдол гаргахгүй байх зохицуулалтын хуулийн төслийг оруулсан шүү дээ. Өнөөдрийг хүртэл таг чиг л байна. Эрх баригчдын нүүр царай л энэ. Удахгүй доромжлох заалтыг эрүүгийн хуульд оруулах нь бололтой. Хэвлэл мэдээллийн байгууллага чөлөөтэй ажиллах боломж хууль эрх зүй талаасаа бүр л хумигдах нь. Шууд хэлэхэд, өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрх баригчид хэвлэл мэдээллийн амыг барихыг санаархаж ирсэн нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексээс тодорхой харагдаж байна.

-Бусад улс орнуудын тухайд төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хараат бус байлгах тал дээр хэрхэн анхаардаг юм бэ?

-Би өмнө нь хэлсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн эсрэг зарга үүсгэдэггүй. Харин БНСУ-ын тухайд бодлогоор дэмждэг юм билээ.

-Өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хэвлэл мэдээллийн хэрэгслээр тендерийн зар байршуулахаа больё. Төсвөө хэмнэе гэх утгатай зүйлийг хэлж байна лээ. Хэвлэл мэдээллийг боломжгүй байлгах л эрх ашиг ард нь байх шиг.

-Яг энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын байр суурь илүү бодитой байх болов уу. ЗГ-ын зүгээс хэмнэлт гэх уриалга гаргасан байна лээ. Энэ уриалгын хүрээнд хамгийн эхэнд хэвлэл мэдээлэл рүү л халдаж байгаа үйлдэл нь энэ юм болов уу даа. Хэвлэл мэдээллийн хараат бус ажиллах том шалгуур нь эдийн засгийн чадавх шүү дээ. Энэ орлогыг нь хуулиар хязгаарлачихаар эрх баригчдын үгэнд амархан орно л гэсэн ойлголт. Боломж тааруу нэгнийгээ гар хөлийн үзүүрээр хөдөлгөдөг жишиг байдаг. Үүнтэй ижил хэвлэл мэдээллийн байгууллагад хэдхэн төгрөг өгөөд л “захиалсан хөгжмөө тоглуулах” санаархал тодорхой харагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд эрх баригчид хэвлэл мэдээллийг нухчин дарах бодлого боловсруулж ирсний илрэл нь л энэ шүү дээ. Өнгөц харахад хэвлэл мэдээлэл шиг эрх чөлөөтэй байгууллага алга ч юм шиг. Гэхдээ энэ мэт үйлдлээр л хараат бусаар ажилладаг цөөхөн байгууллагын амийг таслахаар үзээд байх шиг. Нийтийн мэдэх эрхэд ноцтойгоор халдаж байгаа үйлдэл шүү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дөлгөөн: Одоог хүртэл хэлэлцээр тодорхой үр дүн өгөхгүй, боомтуудыг ч бид ашиглаж чадахгүй байна DNN.mn

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Монгол Улсад далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгаа нь ямар давуу талтай вэ?

-Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой байрлалаас үүдэн худалдаа, эдийн засаг, тээвэр болон улсын хөгжилтэй холбоотой бүх асуудалд хүндрэл учирч байдаг гэдгийг 1990-ээд онд мэдсэн. Бидэнтэй адил далайд гарцгүй хөгжиж буй статустай 32 орон байсан. Бүгд дуу хоолойгоо нэгтгэж далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг 1990 онд байгуулсан. Монгол Улс тус бүлгийг байгуулахад манлайлан оролцсон. Мөн бусад олон улсын байгууллага болон хөгжингүй орнуудаас дэмжлэг авах, судалгаа хийдэг өөрийн гэсэн байгууллагатай болох нь зөв юм байна гэсэн санаачилгыг 2006 онд гаргасан. 2009 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монгол Улсад айлчлах үеэрээ тус байгууллагыг Улаанбаатар хотод байгуулах нь зөв гэж дэмжсэний үндсэнд байгууллагын шавыг тавьсан юм. 2010 онд олон улсын эрх зүйн хүрээнд мөн хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой учраас далайд гарцгүй улс орнууд олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг баталсан. Олон улсын эрх зүйн хүрээнд олон талт хэлэлцээрийг дэмжин, гарын үсэг зурж нэгдсэнээр тус байгууллага албан ёсных болох ёстой байдаг.

Тус хэлэлцээрт доод тал нь 10 далайд гарцгүй улс орнууд нэгдэж орсноор энэ байгууллага албан ёсны болох ёстой байдаг бөгөөд 2017 онд 10 улс нэгдэж орсон. Олон талт хэлэлцээр нь олон улсын эрх зүйн хүрээнд хүчин төгөлдөр болон манай улсад албан ёсоор байгуулагдсан. 2018 оноос бие даасан үйл ажиллагаагаа эхлүүлэн гишүүн орнуудын төлөөлөгчдөөс бүрдсэн захирагчдын зөвлөлийг байгуулсан. Бид 2014 оноос хойш судалгааны төвийн гол үйл ажиллагаа болох судалгааг хийж эхэлсэн. Тухайлбал, 2013 онд Индонезийн Бали аралд болсон дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын хурлаар хэлэлцэж тохирсон “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-т Далайд гарцгүй улс орнууд нэгдэж орох нь ямар ашигтай вэ гэдэг судалгааг хийсэн.

-Далайд гарцгүйн улмаас ямар асуудлууд тулгардаг вэ?

-Газарзүйн онцлог байршлаасаа шууд далайн боомт руу хүрэх боломжгүй бөгөөд нэг болон нэлээд хэдэн улсын газар нутгаар өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн хүргэх, далайн боомтоор импортын бараа бүтээгдэхүүнийг авчрах нь хамгийн эхний асуудал. Хоёрдугаарт, дэд бүтцийн асуудал. Төмөр зам, авто зам нь чанартай байна уу, хөрш орон нь авто зам, төмөр замтай юу, бид өөрсдөө дэд бүтцээ байгуулчихсан байсан ч хөрш оронд нь замгүй бол хэцүү. Гуравдугаарт, цөөн тооны бараа бүтээгдэхүүн. Хүн ам цөөнтэй учраас аж үйлдвэр нь сайн хөгжөөгүй. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг л зардаг. Цөөхөн бараа бүтээгдэхүүн гаргах нь олон улсын цөөн зах зээлээс хэт хамааралтай болно гэсэн үг. Мөн боловсон хүчин, ажиллах хүчний чадавхи сул. Олон улсын худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэхэд чадвартай хэлэлцээ хийгч болон олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг мэддэг хүн хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улс анх удаа Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ нь Япон, Монголын хооронд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах хэлэлцээр бөгөөд бүх бараа бүтээгдэхүүн, бүх салбараар нь нэрлэсэн байдаг. Тус гэрээ нь манайд анхны гэрээ байсан учраас бидний туршлага дутсан. Туршлага дутсан гэдгийг ганцхан жишээнээс харж болно. Жишээлбэл, Монголоос Япон улсад эсгий шаахай нийлүүлье гэхэд эсгий шаахайны ул нь резинен байсан бөгөөд хортой ултай эсгий шаахай байна гэж худалдан авахаа больсон. Өмнө нь хоорондоо ярьж тохироогүй, гэрээнд заагаагүйн улмаас асуудал үүсч байгаа хэрэг. Чацарганы тос, шүүс гаргахад сав баглаа боодлоос эхлэн бүх зүйлийг зааж стандартын дагуу гарган нийлүүлэх нь бидэнд ашигтай.

-Тээвэртэй холбоотой ямар асуудлууд байдаг вэ?

-Хятад улстай холбоотой тээврийн асуудлыг хоёр улсын хоорондын гэрээ, хэлэлцээрээр зохицуулдаг. 1994 онд Хятадын засгийн газартай дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг баталсан. Үүнд, Тяньжин болон нийт гурван боомтыг Монголд ирэх ачаа бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах боломжтойг Хятадын засгийн газраас зөвшөөрсөн хэлэлцээр байдаг. Тус хэлэлцээрийг 2014 онд шинэчилж гэрээг байгуулсан бөгөөд нэмээд дөрвөн боомтыг ашиглаж болох нааштай заалт орсон. Хоёрдугаарт, Хятадын нөхцөл шаардлагыг биелүүлэн, тавигдсан стандарт шаардлагад нийцүүлж чадвал Монголын автомашин ачааг Хятадын нутгаар далайн боомт руу тээвэрлэх, эсвэл далайн боомтоос Монгол руу тээвэрлэх боломжтой зэрэг заалтууд орсон. Гэвч одоог хүртэл хэлэлцээр нь тодорхой үр дүн өгөхгүй, боомтуудыг ч бид ашиглаж чадахгүй байна. Яагаад гэвэл гэрээ хэлэлцээр хоёр улсын дээд түвшний дарга нар гарын үсэг зурж зөвшөөрсөн асуудал. Гэтэл доор буй засгийн газар, засгийн газрын харьяа агентлагууд хил гааль, тээвэртэй холбоотой яам тамгын газрууд Хятадын талтай ярилцаж гэрээ хэлэлцээрт заасан нөхцөлүүдийг уялдуулан ойлголцож, зөвшөөрлийг авч яриа хэлэлцээрийг хийж чадахгүй байна. Тээвэр нь бүс нутгийн хэмжээнд гэвэл БНХАУ, Монгол, ОХУ гэсэн гурван улсын хооронд эдийн засгийн коридор гэдэг зүйлийг байгуулъя гэж ярьсан ч одоог хүртэл тодорхой ажил хийгдээгүй. Тэгэхээр дээд түвшинд яригдсан асуудлыг яам, тамгын газар, агентлаг, хил гаалийн байгууллагууд хоорондоо үйл ажиллагаагаа нэгтгэж чадахгүй байна гэсэн үг.

-Олон улсын түвшинд бидэнд ямар боломжууд байна вэ?

-Олон улсын түвшинд худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт манай улс 2016 онд нэгдэж орсон, одоогоор 100 гаруй улс нэгдэж орсон байна. Нэгдэж орсон улс орнууд өөрсдийн худалдааг түргэвчлэх үүднээс хэлэлцээрт нэгдэж орсон бөгөөд энэ бүх улс хоорондоо чөлөөтэй худалдаа хийж, хилийн болон гаалийн худалдааны дүрэм журмуудыг уялдаа холбоотой болгох юм. Тухайлбал, Европын холбооны бүх улсууд нэг том айл болж байна. Европ дотроо холбооны бүх улс бараа бүтээгдэхүүнээ өөрсдийн машинаар чөлөөтэй хаашаа ч тээвэрлэх боломжтой байдаг. Дунд нь хил, гааль гэж шалгадаг цэг, хүнд суртал байхгүй. Үүн шиг бүс нутагтаа чөлөөтэй явах боломжтой. Худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт нэгдэж орсон улс орнууд энэ жишиг шиг хил гаалийн байгууллагууд нь хоорондоо уялдаа холбоогоо нэгтгэж зам тээврийн дэд бүтцийг байгуулж Азийн бүс нутгийн авто, төмөр замын сүлжээнд нэгдэн орвол манай бараа бүтээгдэхүүн чөлөөтэй явах боломжтой. Тэгэхээр худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээр бол далайд гарцгүй орнуудад маш чухал. Тус хэлэлцээрт далайд гарцгүй орнуудад онцгой хэрэгтэй гурван заалт орсон байдаг. Нэгдүгээрт, 8 дугаар заалтад хил хоорондын хилийн, гаалийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах заалт байгаа. Нягт хамтарч ажиллавал ямар ч саадгүй хоорондоо ойлголцох боломжтой. Хоёрдугаарт, 10 дугаар заалт, импорт, экспортын журам ба дамжин өнгөрөх асуудал гэсэн заалт. Үүнд экспорт, импорт болон дамжин өнгөрөх бараа бүтээгдэхүүнд мөрдөх дүрэм журмын заалтуудыг тусгасан. Хоорондоо худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт орсон улс орнууд нэг л дүрэм журамтай. Түүнийгээ бүгд хүлээн зөвшөөрсөн бол бараа бүтээгдэхүүнийг тус журмын дагуу явуулахад хоорондоо ямар ч асуудал гарахгүй гэсэн үг юм. Гуравдугаарт, 11 дүгээр зүйл, дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөө. Бид өөрсдийн машин, жолоочоор ачаагаа бусад гишүүн орны нутгаар чөлөөтэй тээвэрлэн далайн боомт болон гуравдагч улсад хүргэх боломжтой гэсэн заалт орсон. Улс бүрийн хөгжил түвшин өөр байгаа учраас нэг түвшинд аваачихын тулд тодорхой хугацаатайгаар нэгдэж ордог. Тус хугацаанд энэ түвшинд хүрэх бүх арга хэмжээнүүдийг авч хууль дүрмээ сайжруулж, төмөр зам, авто замаа барихад дэлхийн худалдааны байгууллага дэмжлэг үзүүлж болдог. Худалдаанд зориулсан тусламж гэх хөтөлбөр бий. Үүнд авто зам, төмөр зам, хил гаалийн мэргэжилтнүүдээ сургаж мэдлэгийг дээшлүүлэх зэрэг бүх талын туслалцаа дэмжлэгийг үзүүлдэг. Тэгэхээр худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт нэгдэж буй улс өөрсдийн дутуу асуудлыг хэлж хүсэлт тавих боломжтой.

-Тус хэлэлцээрт нэгдэж орох нь эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ?

-Хөгжиж буй орнуудын худалдааны нийт зардал нь авто зам, тээврийн зардлыг 13-15 хувиар бууруулах боломжтой. Экспорт нь мөн үүнтэй холбоотойгоор 13-22 хувь хүртэл нэмэгдэх боломжтой. Нэг түвшинд очсоноор хил, гаалийн байгууллагуудын үйлчилгээ сайжирна, аливаа барааг хилээр чөлөөтэй нэвтрүүлнэ, нэг л удаа шалгах юм. Хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад техникийн туслалцаа үзүүлэн, чадавхыг бэхжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болно. Жижиг, дунд бизнес эрхлэгчид хөгжиж, хилийн бүсийн худалдаа 60-80 хувиар өснө. Эрээн, Замын-Үүд хооронд худалдаачид чөлөөтэй нэвтэрч бараа бүтээгдэхүүнийг солилцон худалдан авалт хийж эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгосноор чөлөөтэй худалдаа наймааг хийх боломжтой болно. Мөн үүнтэй холбоотойгоор аж үйлдвэр, авто замын дэд бүтцийн зэрэг бүх төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтууд ихээр орж ирнэ гэсэн үг. Мөн худалдаа, үйлчилгээний ашиг орлого нэмэгдэх тусам ажлын байр нэмэгдэнэ. Засгийн газрын орлого бүрдүүлэлтэд энэ бүхэн эерэг нөлөө үзүүлнэ. Худалдааны хэмжээ нэмэгдсэнээр төсвийн орлого нэмэгдэх юм. Эцэст нь хэрэглэгчид бид хямд, чанартай бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай гаднаас авах, Монголоос үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ гадаад улс орнуудад борлуулах боломжтой юм.

-Бид бараа бүтээгдэхүүнээ экспортлоход далайд гарцгүй учраас ямар байдлаар экспортлох нь тохиромжтой вэ?

-Ихэнх далайд гарцгүй улс орнуудын хувьд Монголтой адил уул уурхайн бараа бүтээгдэхүүнд түшиглэсэн эдийн засагтай байж уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг илүү экспортолдог. Энэ нь нэг салбараас хэт хамааралтай байна гэсэн үг. Дэлхийн зах зээлд нүүрс, алт, зэсийн үнэ буурах үед тэр улсын эдийн засаг тэр хэмжээгээр буурна. Ганц хоёрхон бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байх нь маш эмзэг эдийн засаг юм. Тийм учраас далайд гарцгүй улс орнуудын төлөөлөгчид уулзалдан ярихад бид эдийн засгаа төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлж солонгоруулах ёстой юм байна гэдэг. Энэ асуудлыг чухал гэж далайд гарцгүй улс орнууд ярьж баталсан Венийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байдаг. Үүнд, тээвэр, дэд бүтэц, худалдаа, худалдаа хөнгөвчлөл, эдийн засгийн төрөлжүүлэлт, бүс нутгийн интеграцийн асуудал ордог. Бид уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс олсон орлогоо өөр салбарт хөрөнгө оруулан бусад салбараа дэмжих ёстой гэж ярьдаг. Энэ олон салбарыг дэмжихийн тулд олсон бүх орлого тараахад салбар бүрт бага хэмжээний мөнгө оногдоно. Ингэхгүйгээр Монгол брэнд гэж цөөн тооны чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өндөр өртөгтэй, бараа бүтээгдэхүүн овор хэмжээ багатай байвал бид заавал авто зам, төмөр замаар тээвэрлэхгүйгээр агаарын тээврээр тээвэрлэвэл хугацаа, зардал бага байна. Зөвхөн ноос ноолуур гэлтгүй байгаль, экологийн чанартай бүтээгдэхүүнийг гаргах боломжтой. Цэвэр чацарганы тос, ургамлын гаралтай эм, хоолны амтлагч зэрэг. Монголд угтаа бүрэн боломж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Батжаргал: Гэр бүлийнхээ хүнийг ёврох төдийд 7-30 хоног баривчилна DNN.mn

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд хуульч Э.Батжаргалтай ярилцлаа.


-Тантай Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд ярилцах гэсэн юм. Өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг харахад онцлох хэд хэдэн заалтууд байна. Зарим нэг зүйлийг илүү тодорхой болгож оруулжээ.

-Шинээр ямар заалтууд орсон байна вэ. Гарах үр дүнгийнх нь талаар тодруулахгүй юу?

-Сануулах шийтгэл орж ирсэн байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол торгох, баривчлах, эрх хасах шийтгэлтэй. Сануулах, эсвэл торгоно гэсэн сонгох шийтгэлтэй байвал эхний ээлжинд сануулахаар шинэчилсэн найруулгад оруулсан байна. Өөр нэг онцлох өөрчлөлт байгаа нь хулгайлах, бусдын эд хөрөнгийг завших гэдэг заалтыг Зөрчлийн тухай хуулиас хассан байна лээ. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол бага хэмжээний хохирол учруулахад хулгайлах гэмт хэрэг гэж үздэггүй. Өөрөөр хэлбэл, гурван зуун мянган төгрөгөөс дээш хохирол учруулбал Эрүүгийн хуулиар, доош бол Зөрчлийн тухай хуулиар шийдэгддэг. Хуулийн төсөлд суулгаснаар бол бусдын 3000 төгрөгийн үзэг хулгайлахад л эрүүгийн хариуцлага хүлээдэг болохоор харагдаж байна. Бусдын жижиг эд зүйлсийг хулгайлахад л эрүүгийн гэмт хэрэгтэн болох дүр зураг харагдаж байна л даа. Үүний үр дүнд хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс л ихэснэ гэсэн үг. Эрүүгийн гэмт хэрэгтэн болсноор ял шийтгэгдэж байсан тодорхойлолттой болно. Иргэд үүнийг анхаарах хэрэгтэй. Бусдын утас хулгайлаад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээгээд л явдаг улсын үйлдэл хумигдах байх. Мөн торгох шийтгэлийг оногдуулахдаа хохирлыг хэрхэн арилгасан байдлыг нь харгалзаж шийдэхээр оруулсан байна. Хохирлыг барагдуулсан бол бага хэмжээний торгууль оногдуулахаар зохицуулсан байна лээ.

-Торгуулийн шийтгэл дээр өөрчлөлт орсон байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд хоёр дахин багасгахаар хуулийн төсөлд оруулсан байна. Хэрэв хугацаандаа төлөөгүй бол төрийн зарим үйлчилгээ авахыг хязгаарлахаар зохицуулсан байсан. Тодруулбал, жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, гадаад паспорт олгох, төрийн албаны шалгалтад оролцох, хуулийн этгээдийг тендер, сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлахаар зохицуулсан байна. Нэг талдаа торгууль барагдуулах хөшүүрэг болж байж болно. Нөгөө талдаа иргэдэд халгаатай заалт хуулийн төсөлд оруулсан байна. Жишээ татаад хэлье л дээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд 20.000 төгрөгөөр торгуулъя гэж үзье.

Хугацаандаа төлж амжаагүй, төлөх боломжгүй байсан бол төрийн албаны шалгалтад оролцох боломжгүй болгож байгаа юм. Төрийн албаны шалгалт өгөх нь тухайн хүний ажил амьдралтай холбоотой зүйл шүү дээ. Хүн ямар ч шалтгаантай байж болно. Мөнгөтэй, мөнгөгүй ч байж магадгүй, ийм байхад хугацаандаа төлж амжаагүй л бол төрийн үйлчилгээг хязгаарлах нь иргэн аж ахуйн нэгждээ сөргөөр нөлөөлнө. Үүнд уян хатан бодлого шаардлагатай. Торгуулийн төлбөр барагдуулах өөр шийдэл байж болно шүү дээ. Жишээлбэл, замын цагдаагаас эрх бүхий байгууллагын шийдвэр гаргуулаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад төлбөрийг барагдуулж болно.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээхтэй холбоотойгоор нарийн зохицуулалтууд суусан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хуулийн төсөлд илүү нарийвчилж суулгасан байна лээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд ерөнхий байсан юм. Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага, садар самуун гэмт хэрэг үйлдэхийг сурталчилсан, гэмт хэрэг зөрчил үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах арга хэрэгслийг нарийвчлан дүрсэлсэн, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг нийтэлсэн, нэвтрүүлсэн бол торгуулийн арга хэмжээ авна гэж заасан байгаа юм.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллага гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбоотой хойшлуулшгүй мэдээллийг эрх бүхий байгууллагын хүсэлтээр үнэ төлбөргүйгээр яаралтай нийтэлж нэвтрүүлээгүй бол хэвлэл мэдээллийн байгууллагад арга хэмжээ авахаар төсөлд суулгасан байна лээ. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийг 500 мянгаас сая хүртэлх төгрөгөөр торгох арга хэмжээ авах нь.

Гэмт хэрэг хийх сэдэл төрүүлж болохоор нэвтрүүлэг хийсэн, нийтэлсэн бол торгуулийн арга хэмжээ авахаар болж байна. Цахимд дээрх сэдэл төрүүлсэн пост оруулахад бас арга хэмжээ авагдах нөхцөл байдал үүсч болохоор харагдаж байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд дээр зарим зүйлүүд ерөнхий байдаг. Шинэчилсэн найруулгын онцлог нь илүү тодорхой болж ирсэн байгаа юм.

-Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн асуудал шүүмжлэл дагуулж ирсэн. Багахан хэмжээний маргаан гаргахад л 7-30 хоногийн баривчилгаанд явсан жишээ олон бий. Шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн суусан бэ?

-Гэр бүлийн маргааны үеэр нэгнийгээ түлхэх ч юмуу, алгадаад л 7-30 хоногийн баривчилгаанд явуулдаг. Харин шинэчилсэн найруулгын төсөлд энэ мэт зүйлсийн ялгаа заагийг илүү тодорхой болгосон байна лээ. Төсөлд зөвхөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдсан тохиолдолд баривчлах шийтгэл оногдуулахаар оруулсан байна. Бусад үйлдэлд нь сануулах, торгох шийтгэл оруулсан байсан. Тухайлбал зүгээр ёврох төдийд 7-30 хоног баривчлах заалттай болж байна. Одоо мөрдөгдөж буй хуулиар хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэд халдах зэрэг үйлдэлд 7-30 хоногийн хугацаанд баривчлах санкцтай байгаа.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.5.7, БЯМБА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ХОЁР ХАР ЦАГААН БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.7, Бямба гариг
  • Наран ургах шингэх: 05.25-20.12
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Завхан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэг улс Сугар гариг руу автомат станц хөөргөнө DNN.mn

Энэтхэгийн сансар судлалын байгууллага (ISRO) Сугар гараг руу автомат судалгааны станц хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай тус байгууллагын тэргүүн Шридхара Паникер Сомнатх сэтгүүлчдэд мэдээлжээ.

Уг станцыг Дэлхий болон Сугар гаргийн байрлал хамгийн тохиромжтой байх үед буюу 2024 онд илгээж, хөөргөснөөс жилийн дараа Сугар гаргийн тойрог замд оруулахаар төлөвлөжээ. Хэрэв станцыг ямар нэг шалтгааны улмаас хөөргөж чадахгүй тохиолдолд дараагийн боломж долоон жилийн дараа буюу 2031 онд нээгдэх аж.

“Энэтхэг улс маш богино хугацаанд Сугар гараг руу төхөөрөмж илгээхэд бэлдэж, эхлүүлэх боломжтой. Учир нь Энэтхэгт ийм боломж бий” гэж Сомнатх баасан гарагт хэлснийг “Даиживорлд” мэдээллийн цахим хуудас онцолжээ.

Энэтхэгийн сансрын аппарат ямар судалгаа явуулах талаар төлөвлөгөөг хэдийнэ гаргасан болохыг ISRO-гийн тэргүүн онцолсон байна. Уг станц Сугар гаргийн гадаргуу дээрх үйл явцыг, мөн чулуулаг давхаргын зүй тогтлыг судлахаас гадна, гаргийн агаар мандлын бүтэц, динамик байдалд дүн шинжилгээ хийх аж.

Энэтхэг улс Нарны аймгийн бусад гараг руу автомат станц хөөргөсөн туршлагатай. Тус улс Сарыг судлах анхны автомат станц “Чандраян-1” төхөөрөмжөө 2008 оны 11 дүгээр сард манай гаргийн дагуулын тойрог замд оруулсан билээ.

Мөн 2014 оны есдүгээр сард Ангараг гаргийн тойрог замд “Мангальян-1” аппаратыг оруулжээ. Тухайн үед Энэтхэг улс анхны оролдлогоор Улаан нүдэн гаргийн тойрог замд төхөөрөмж хүргэж чадсан дэлхийн анхны улс, ийм амжилтад хүрсэн Азийн анхны улс болж байв. Өнгөрсөн жилүүдэд уг станц нийт 2 терабайтын хэмжээтэй олон мянган зургийг дэлхий рүү илгээж, Ангараг гаргийн дагуулууд болох Фобос, Деймосын зургийг авчээ.

2019 оны долоодугаар сарын 22-нд Энэтхэгийн сансар судлалын байгууллага Сарыг судлах хоёр дахь аппаратаа (“Чандраян-2”) илгээсэн бөгөөд энэ нь зөвхөн Сарны тойрог замд төхөөрөмж оруулаад зогсохгүй “Прагьян” өөрөө явагч аппаратыг хүргэх ёстой байсан “Викрам” буугч модулийг сарны гадаргуу дээр зөөлөн газардуулах хөтөлбөр байсан юм. Гэвч мөн оны есдүгээр сарын 7-нд “Викрам” сарны гадаргуугаас 2.1 км-ийн өндөрт байх үедээ холбоо тасарч, буугч төхөөрөмж сарны гадаргуутай мөргөлдсөний улмаас сүйрсэн байна.

Харин “Чандраян-2” станц нь Сарны тойрог замд ажилласаар байгаа юм. Энэтхэг улс одоо дэлхийн дагуул дээр шинэ төхөөрөмж буулгахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт үргэлжилж байна DNN.mn


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоол, ОБЕГ-ын даргын 2019 оны А/45 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Сургалтаар танхимын 90 цагийн хичээл, үйлдвэрлэлийн дадлага ажлын 20 цагийн хичээлийг явуулж байгаа юм.

Энэ удаагийн үйлдвэрлэлийн дадлагыг Онцгой хувцас хэрэгсэлийн туршилт үйдвэрлэлийн төв 121 дүгээр анги болон “Мөнхийн баян гал” ХХК-ийн цементийн үйлдвэрт амжилттай зохион байгууллаа гэж Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Германы Гадаад яамны сайд Украинд айлчилна DNN.mn

Хоёр улс хоорондын дипломатын маргаанаа пүрэв гарагт шийдвэрлэсэн учир Германы Гадаад яамны сайд Украинд албан ёсны айлчлалаар очих болно гэж Канцлер Олаф Шольц мэдэгджээ.

Германы Ерөнхийлөгчийн Украинд айлчлах саналыг Киев няцаасны улмаас Германы Засгийн газар Берлин дэх Элчин сайдын яамтай нь хэсэг сөргөлдөөнтэй байсан юм.

Гэхдээ ХБНГУ-ын Гадаад яамны сайд Анналена Бербок Киевт яг хэзээ очих, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Тэрчлэн Германы Канцлер Олаф Шольц Чехийн Ерөнхий сайд Петр Фиалатай уулзсаныхаа дараа “Герман улс одоогоор Оросоос хоолойгоор авч байгаа байгалийн хий болон нефтийг орлох эрчим хүчний түүхий эд импортлохын тулд хойд эргийн дагуух бүс нутгууддаа шинэ дэд бүтэц байгуулахаар хүч тавин ажиллаж байна” гэж ярьжээ.

Герман улс тэрчлэн далайн боомтууд руу шууд гарцгүй улс орнуудтай нягт хамтран ажиллахад бэлэн байгааг Олаф Шольц энэ үеэр илэрхийлсэн байна.

Оросын хийн импортоос 95 хувь хамааралтай Чех улсын хувьд Герман улсад баригдаж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн терминалын хүчин чадлын зарим хэсгийг ашиглах сонирхолтой байгааг Чехийн Ерөнхий сайд Петр Фиала мөн мэдэгджээ.