Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийн төслийг энэ сарын 15-ны дотор батлуулна DNN.mn

Залуучуудын тавьсан шаардлагуудын дагуу Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

Залуус үнийн өсөлтийг зохицуулахад анхаарах, ачаа тээврийн урсгалыг сайжруулах, авлига, албан тушаалын хэрэгт оноох ялыг чангаруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх зэргийг шаардсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх тайван жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж байгаа эрхэм иргэд ээ, эрхэм оюутан залуучууд та бүхний Засгийн газарт хүргүүлсэн 15 шаардлагыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд дараах хариуг өгч байна.

Нэгдүгээрт Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн үнийн өсөлт хомсдолоос урьдчилан сэргийлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг боловсруулан нэн яаралтай горимоор хэлэлцэх саналыг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг УИХ-аар дөрөвдүгээр сарын 15-ны дотор амжуулж хэлэлцүүлэн эцэслэн батлуулна. Хуулийн төслийг УИХ-д Засгийн газраас яаралтай байдлаар өргөн барилаа” гэв.

Categories
мэдээ улс-төр

Улсын төсөвт тодотгол хийх хууль, тогтоолын төсөл боловсруулах ажлын баг байгуулав DNN.mn

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар өнөөдөр (2022.04.08) Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Ажлын хэсэг байгуулагдсан даруйдаа анхны хуралдаанаа хийсэн бөгөөд энэ талаараа болон цаг үеийн асуудлаар Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, 12 хоногийн өмнө Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний хомсдол, ханган нийлүүлэлтийн хоцролт, үнийн хөөрөгдөл үүсээд байгаа нөхцөл байдалд арга хэмжээ авах, шаардлагатай хууль, тогтоолын төслийг өргөн барьж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх үүрэг, чиглэлийг өгснийг тодотгоод Засгийн газраас энэ долоо хоногт Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх, бэлтгэл ажлыг хангана гэж байлаа. Мөн Ажлын хэсэг үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх, бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх, холбогдох хууль тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана гэж байлаа.

Олон улсаас ОХУ-д тавьсан хориг Монгол Улсад шууд нөлөөлж байгаагийн зэрэгцээ БНХАУ-д коронавирусын цар тахлын том давалгаа үүссэнтэй холбогдуулан урд хил нээгдэхгүй байгаагаас бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөлтэй байгаа энэ үед төсвийн тодотголыг яаралтай хийж, нэн шаардлагатай хэмнэлтүүдийг хийхээс өөр аргагүй болсныг Х.Булгантуяа гишүүн мэдээлэлдээ тодотгосон.

Түүнчлэн Ажлын хэсгийн ахлагч мэдээлэлдээ, Улсын Их Хурлын даргын зүгээс төсөвт тодотгол хийж, хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй боллоо. Төсвийн хэмнэлтээс гадна төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ч хэмнэлтийн горимд шилжихгүй бол үр дүн гарахгүй. Ингэж байж бид энэ цаг үеийн даван туулна гэсэн чиглэл өгснийг онцлоод Ажлын хэсгийн зүгээс 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт, зарим шаардлагагүй зарлагуудыг танах, төрийн өмчит компаниудад чиглэл өгөх, холбогдох яам, агентлагуудын бүрэлдэхүүнтэйгээр дэд ажлын хэсгийг байгуулж ажиллахаар шийдвэрлээд байгааг дурдлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ч.Хүрэлбаатар, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц 10 хувь давсан нь Монгол Улсад сүүлийн 20 жил ажиглагдаагүй зүйл. Өнөөдөр монгол валютын хоёр ханштай байгааг дурдаад Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 9 хувьтай болгосон. Уг арга хэмжээтэй нийцүүлээд төсвийн тодотголыг хийж, валютын ханш дээр ирэх дарамт, төгрөгийн уналтыг зогсоож, Монгол Улс дахин нэг ханштай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ асуудалд хугацаа алдсан тал буйг мэдэгдсэн.

Мөн тэрбээр, жагсаал цуглаан хийж байгаа залуучуудыг та бид ажигласан. Залуучуудын зүгээс Та нар ажлаа сайн хий, төсвийг өөрсдөөсөө эхэлж хэмнэ гэсэн шаардлага тавьж байгаа нь өнөөдрийн бодлогын арга хэмжээтэй нийцэж байна. Иймд төсвийн тодотгол хийж, төсвийн алдагдлаа буулгаж, тэвчиж болох зардлуудаа танаж, төсвөө тэнцвэржүүлэх шаардлагатай байна гэв.

Түүнчлэн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс сэргийлэх арга хэмжээг яаралтай авах ёстойг тодотгоод мөнгөний болон төвсийн бодлогоо зэрэг явуулахаар болсныг мэдэгдлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулсан Ажлын хэсэг мөнгө хэвлэхгүйгээр үүссэн асуудлыг шийдэхээр хуульд өөрчлөлт оруулж байгааг Ч.Хүрэлбаатар гишүүн тэмдэглээд Засгийн газрын зүгээс УИХ-аар шийдүүлж зарим нэг эрх мэдэл авах асуудлыг нарийвчлан судалж, тодорхой болгох, мөнгөний болон төсвийн бодлогоо зөв болгох чиглэлээр Ажлын хэсэг ажиллана гэсэн юм.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн мэдээллийнхээ эхэнд он гараад манай улсын валютын нөөц нэг тэрбум ам доллароор буурсны шалтгаан валютын орох урсгал багассан ч, гарах урсгал саараагүйтэй холбоотой. Та бүхэнд үнэнийг хэлэх хэрэгтэй. Монгол Улс хямралын өмнөх үед ирсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Тэрбээр, бидэнд хоёр муу шийдэл байгаагийн нэг нь валютын зөөлөн бодлого явуулж нөөцөө багасгах, эсвэл валютын нөөцөө хадгалж үлдэх явдал гэдгийг тодотгохын зэрэгцээ энэхүү хоёр сонголтоос миний хувьд сүүлийнхийг нь хийх шаардлагатай гэж үзэж байна. Бидэнд богино хугацаанд бүсээ чангалах шаардлага гарна. Гэхдээ Монгол Улс дампуурахгүй. Иймд мөнгөний хатуу бодлого явуулна. Мөнгөний хатуу бодлого гэдэг бодлогын хүүг нэмэгдүүлж, ханшийг сулруулахын зэрэгцээ төсөвт тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг хойшлуулна гэсэн үг хэмээн тайлбарлав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, бодлогын дээрх гурван арга хэмжээг авсны даргаа шаардлагатай бол тансаг хэрэглээний татварыг нэмэхээс өөр аргагүй гэдгийг онцлон тэмдэглээд Монгол Улсад орж ирэх валютын урсгал байхгүй учраас гарах урсгалыг хаана. Энэхүү дөрвөн цогц бодлогыг авч хэрэгжүүлэн дампуурахгүй байх нөхцөлөө бий болгосны дараа Засгийн газар вальютын урсгалаа нэмэгдүүлэх, тогтворжуулах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэв.

Ажлын хэсгийн гишүүн Б.Чойжилсүрэн мэдээллийнхээ төгсгөлд бидний хувьд эхлээд хориглолтын арга хэмжээг аваад, Монгол Улс дампуурахгүй гэдгээ дотоод, гадаадын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад зарлах ёстой. Энэ хүнд сэдэв. Мөнгөний хатуу бодлого явуулахаар бизнесийн орчин муудах хэдий ч үүнийг ойлгож, тэвчээртэй хандахыг олон нийтээсээ хүсэж байна гэв.

Мэдээллийн дараа Ажлын хэсгийн гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
гадаад мэдээ

Чех улсад ажиллах хүчний тоог нэмэгдүүлэхээр болжээ DNN.mn

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яам хоорондын 5 дахь зөвлөлдөх уулзалт 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд Прага хотод болжээ. Улмаар Чех улсад албан ёсоор ажиллах монголын мэргэжилтэй ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар манай улсын 11000 гаруй иргэн Чех улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд чехийн тал жилд 1000 орчим хүнд ажлын виз олгож байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ DNN.mn

АХБ, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” төслөөс Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах чиглэлээр 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

Энэхүү барилгын засвар, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлт хийснээр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн тасаг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болж, мэс заслын болон дурангийн давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлт, ариутгал олон улсын түвшинд нийцлээ.

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон УИХ гишүүн Т.Аубакир, Баян-Өлгий ИТХ , ЗДТГ төлөөлөл оролцлоо.Нэгдсэн эмнэлгийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын чадавхийг сайжруулснаар Монгол улсын өмнө тулгамдаж буй Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Энэхүү хөрөнгө оруулалтаас өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 397.0 сая төгрөгийн барилгын их засвар болон 785,4 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 13 ширхэг тоног төхөөрөмж болон 28,7 сая төгрөгийн өртөг бүхий видео ларингоскоп иж бүрдэл, яаралтай тусламжийн хэрэгсэл, амбу зэрэг 20 ш тоног төхөөрөмж, хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгсөн байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын халдварын сэргийлэлт, хяналтын асуудлуудыг олон улсын стандартын түвшинд хүргэх, орчин нөхцлийг бүрдүүлэхэд мэдлэг оюунаа дайчлан, чармайн оролцсон бүх оролцогчид, төслийг санхүүжүүлэгч АХБ, төслийг хэрэгжүүлэгч багийн хамт олонд Хувиасаа болон Эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал” илэрхийллээ.

2021 онд Баян-Өлгий аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 20,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдэд ямар шалгуур тавьсан бэ DNN.mn

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж, 2022 оны солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад хамруулахаар болжээ.

Цахим бүртгэлийн линкээр энэ сарын 25-ны өдөр бүртгүүлэх боломжтой бөгөөд уншигч та доорх линкээр нэвтэрч бүртгэл хийлгэх боломжтой юм. http://solongos.hudulmur-halamj.gov.mn/

Хэрхэн бүртгүүлэх зааварчилгааны видеог энэ сарын 22-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын цахим хуудсанд байршуулах юм байна. Тус бүртгэлд хамрагдах иргэдэд ямар шаардлага тавьж буйг доорх зургаас харна уу.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

SpaceX: Аялал жуулчлалын зориулалтаар сансрын станц байгуулна DNN.mn

1998 онд хөөргөсөн ОУ-ын сансрын станцын ашиглалтын хугацаа 2030 онд дуусах бөгөөд түүний халааг авах шинэ станцыг SpaceX-ийн охин компани болох Axiom Space байгуулахаар төлөвлөж байна.

Шинээр байгуулах станц нь судалгаа шинжилгээний ажилд ашиглагдахаас гадна сансрын аялал жуулчлалд зориулсан буудлын үүрэг давхар гүйцэтгэх юм.

Хувийн хөрөнгөөр бүтсэн анхны сансрын станц ашиглалтад орсноор шинэ төрлийн аялал жуулчлалын бизнес цэцэглэх хүлээлт бий. Тухайлбал, өнөөдөр хөөрсөн Crew Dragon сансрын хөлгөөр ОУ-ын сансрын станцыг зорих 10 хоногийн аяллын хөтөлбөрөөр жишээ татаж болно.

Crew Dragon хөлгийг өнөөдөр (2022.04.08) орон нутгийн цагаар бага үдийн 11.00 цагийн үед хөөргөсөн юм. © Bloomberg

SpaceX: Аялал жуулчлалын зориулалтаар сансрын станц байгуулна

Тус хөлгөөр нисэхийн тулд АНУ-ын иргэн Л.Коннор, Канадын иргэн М.Пати, Израилын иргэн Э.Штибе нар тус бүрдээ 55 сая ам.доллар Axiom Space компанид төлсөн бөгөөд ОУ-ын сансрын станцад байрлах хугацаанд лабораторийн туршилт гүйцэтгэх, арилжааны сурталчилгаа хийх, нэрт тогооч Х.Андресийн тусгай жороор бэлтгэсэн зоог барих зэрэг үйл ажиллагаа тэдний аяллын хөтөлбөрт багтжээ.

Л.Коннор, М.Пати, Э.Штибе нартай хамт НАСА-гийн туршлагатай ахмад нисгэгч М.Лопез-Алегриа аялах бөгөөд тэрээр тэтгэвэртээ гарсныхаа дараа Axiom Space-ийн бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсон юм.
Л.Коннор, М.Пати, Э.Штибе нартай хамт НАСА-гийн туршлагатай ахмад нисгэгч М.Лопез-Алегриа аялах бөгөөд тэрээр тэтгэвэртээ гарсныхаа дараа Axiom Space-ийн бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсон юм.© Bloomberg

Энэхүү аялал зах зээлд өндөр эрэлттэй байгаа агаад дараагийн хоёр аяллын захиалга хэдийн дууссан байна.

Эх сурвалж: Bloomberg

Categories
гадаад мэдээ

Оросын сэтгүүлч Дмитрий Муратов халдлагад өртжээ DNN.mn

Нобелийн энх тайвны шагналт, “Новая газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратов пүрэв гаригт Оросын Самара хотоос Москва хотын чиглэлд галт тэргээр зорчих үедээ халдлагад өртсөн байна.

Тэрээр өөрийн сошиал хаягаар дамжуулан энэ талаар мэдээлсэн юм. Түүнийг галт тэрэгний купенд зорчиж явах үед үл таних хоёр итгээд гэнэт халдаж, ацетон тосон будаг цацсан байна. Тэрээр будагны хордлогын улмаас нүд нь улайж, хорсож байна гэжээ.

Москва хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр халдлага үйлдэгч этгээдүүдийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор хэн болохыг нь тогтоогоогүй байгаа аж.

Дмитрий Муратов ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлсний дараа Украины дүрвэгчдэд зориулан хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан явдал нь халдлагад өртөх шалтгаан болсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. Учир нь халдлага үйлдэгчид түүн рүү будаг цацахаасаа өмнө “Муратов, үүнийг хөвгүүдийнхээ төлөө” гэж хашгирсан аж.

Тэгвэл Европын холбооны Гадаад харилцааны дээд комиссар Жозеп Боррел энэ асуудлаар “Дмитрий Муратов халдлагад өртсөн явдал нь Оросын чөлөөт сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд дахин халдсан үйлдэл боллоо. Европын холбоо ОХУ дахь хараат бус, чөлөөт сэтгүүл зүйг тууштай дэмжих болно” гэж мэдэгдсэн байна.

Новая газета сонин нь эрэн сурвалжлах сэтгүүлзүй, улс төрийн нийтлэлээрээ олон улсад танигдсан, Кремлийг шүүмжлэгч Оросын цөөн хэдэн чөлөөт хэвлэлийн нэг юм. Дмитрий Муратов олон жил ардчилал, хүний эрх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн нэгэн. Түүний энэхүү зүтгэлийг үнэлэн 2021 онд Нобелийн энх тайвны шагналыг гардуулсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сарын эхээр Хэвлэл мэдээллийн тухай болон Хуурамч мэдээлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнд, ОХУ-ын үндэсний аюулгүй байдал, тэр дундаа Украин дахь цэргийн ажиллагааны талаар худал мэдээлэл тараасан тохиолдолд 15 жил хүртэл хорих, зэвсэгт хүчний нэр хүндийг гутаасан тохиолдолд 13 мянган ам.доллараар торгож, гурван жил хорих ялаар шийтгэх заалт тусгасан явдал нь хэвлэл мэдээллийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг илт боомилсон шийдвэр юм.

Мөн гуравдугаар сарын 28-нд ОХУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хяналтын алба буюу Роскомнадзорын зүгээс Новая газета сонин болон вебсайтад нийтлэгдсэн Украины дайны талаарх мэдээллүүдийг устгахыг шаардаж, тэгээгүй тохиолдолд дээрх хуулийн хариуцлага тооцохоо мэдэгдэн, үйл ажиллагааг нь хориглосон билээ.

Улмаар Новая газета сонины сэтгүүлч, сурвалжлагч болон ажилчид өнгөрсөн сард “CNN”, “BBC”, “Bloomberg” зэрэг олон улсын хэвлэлүүдийн нэгэн адил ОХУ-ыг орхин гарч, редакцын үйл ажиллагаагаа гадаад улсаас үргэлжлүүлэх болсон.

Эх сурвалж: Novaya Gazeta Europe,

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл: Л.Оюун-Эрдэнэ ардчилсан орны Засгийн газар ямар байх ёстойг харууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбай дээр гарч ирж, жагсагч залуучуудтай уулзаж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллах, ажлын хэсэг байгуулах санал тавилаа.

Эл асуудалд Хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар ардчилсан орны Засгийн газар ямар байх ёстой үлгэр жишээг үзүүллээ. Эрхээ эдэлж байгаа манай залуус ч ямар соёлтой юм бэ. Монголын ардчиллын шинэ үе иржээ” хэмээн сошиалд байр сууриа илэрхийлэв.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 10-наас ихэнх нутгаар сэрүүснэ DNN.mn

Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Харин энэ сарын 9,10-нд говь, тал, хээрийн нутгаар хүчтэй шороон шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Дөрөвдүгээр сарын 9-ний 20:00 цаг хүртэлх урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Ихэнх нутгаар баруун өмнөөс, баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 1-6 дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр 5-10 градус, говь, талын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус хүртэл дулаарч, оройдоо сэрүүснэ.

БАГАНУУР ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Дөрөвдүгээр сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Харин дөрөвдүгээр 11-нд нутгийн зүүн хагаст, 12,13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, 11-13-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх төлөв гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ буурчээ DNN.mn

Дэлхийн зах зээл дээр газрын тосны жишиг үнийг илтгэгч “Brent” төрлийн бүтээгдэхүүний үнэ баррель тутамдаа 122.66 ам.доллар болж өсөөд байв. Өнөөдрийн байдлаар 101.39 ам.доллар болж буурчээ . Мөн “WTI” төрлийн бүтээгдэхүүн 115.69 ам.доллар байсан бол 96.84 ам.доллар болж буурсан байгаа юм.

ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд тус улс дахь үүд хаалгаа барьсан. Энэ нь зэвсэгт мөргөлдөөнийг эсэргүүцэж, энх тайвныг хүсэгчдийн хийж буй арга хэмжээ юм. Үүний нэг нь газрын тосны орд ашиглалтаар дэлхийд тэргүүлэгч гурван компани ОХУ дахь үйл ажиллагаагаа хязгаарласнаас үүдэн энэ бүтээгдэхүүний үнэ огцом өсөх шалтгаан болж байна гэж шинжээчид үзэж буй.