Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн гишүүдтэй уулзаж, шуурхай ажиллахыг санууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, шуурхай ажиллахыг санууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд өрнөсөн тайван жагсаалаар залуусын зүгээс Монгол Улсын Засгийн газарт тавьсан тодорхой шаардлагыг яаралтай хэрэгжүүлэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, зөвлөлдлөө.

Ардчилсан Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасан үгээ хэлэх эрх, эрх чөлөөгөө эдэлж, улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэн өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлов.

Ард иргэд, залуусын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх, нэн яаралтай ажил хэрэг болгоход Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллагууд онцгой анхаарал хандуулж, шуурхай ажиллахыг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч материалаар группт орсон 3700 зөрчил илрүүлжээ DNN.mn

“Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян”-ыг зохион байгуулснаар 3700 гаруй зөрчил илрүүлжээ.

Хөдөлмөрийн чадвар алдалт буюу групп тогтоолгох ажил улсын хэмжээнд багагүй маргаан дагуулж ирсэн. Тус асуудлыг цэгцлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчлэн батлуулж, комиссын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Мөн бусад холбогдох журам, заавар, өвчний жагсаалтыг 2021 онд нэг бүрчлэн шинэчлэн баталж, мөрдүүлж байна.

ХНХЯ-наас Хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, АТГ, цагдаагийн газар, ЭХМТК-той хамтран 2021 онд зохион байгуулж, 66 мянган хүнийг шалгаж, 3700 гаруй зөрчил илрүүлэн, хоёр мянган хүний шийдвэрийг цуцалж, тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэсэн.
Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж байсан бол 2021 оны эцэст 105.6 мянга буюу 5 мянгаар буурч, нийт хүн амд эзлэх хувь 3.2 боллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цаашид НДЕГ, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, бусад холбогдох байгууллагатай хамтран хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо нь улсын дунджаас өндөр байгаа аймаг, дүүрэгт хяналт шалгалтыг дүрэмд заасны дагуу тогтмол хийх юм.

Мөн 2022 онд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Зуны хуваарьт шилжихэд №606/603 дугаартай зорчигчийн галт тэрэг аялахгүй DNN.mn

Зорчигчийн галт тэрэг тун удахгүй зуны цагийн хуваарьт шилжинэ. Зуны цагийн хуваарьт шилжихэд №606/603 дугаартай зорчигчийн галт тэрэг аялахгүй болохыг анхаарна уу гэж “Улаанбаатар Төмөр Зам” ХНН-ээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Энхтайваны гүүрний хажууд “Усан парк барина” гэж хашаалсан газарт “25 давхар орон сууцны хороолол” бариад эхэлжээ DNN.mn

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэх сүржин мэдээ хэвлэлүүдээр цацагдаж байлаа.

Өвөл, зун, хавар, намрын аль ч улиралд Монголчууд яг л далайн эрэг дээр байгаа мэт амарч, сурфинг хийх боломжтой гэх “гоё” үгээр сурталчилж байсан тус усан парк 2020 онд ашиглалтад орно гэж байв. Гэвч “M&G” констракшны тэрхүү гоё үг залилан байсан байж болзошгүй байна. Учир нь усан парк барина гэж авсан тус газарт одоо 25 давхар орон сууцны хороолол буюу “ширэн бетон” баригдаж эхэлсэн төдийгүй аль хэдийн захиалгаа аваад эхэлжээ.

-УСАН ПАРК БАРИНА ГЭХ “САЙХАН” ҮЛГЭР ЗАМХАРЧ, ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БОЛОН ӨӨРЧЛӨГДӨВ-

Азид хамгийн томд тооцогдох байсан тэрхүү усан парк барих төслийг “M&G” констракшн анх санаачилжээ. Мөн төсөлд БОАЖЯ, Барилга хот байгуулалтын яам хамтран ажиллаж байсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байж. Зураг төслийн дагуу цогцолборын усан паркийн хэсэгт 50 метр урттай усан бассейн, зургаан замтай усан гулгуур, хиймэл далайн эрэг зэрэг байрлах бөгөөд спорт цогцолборын хэсэгт NBA-ийн стандартад нийцсэн сагсан бөмбөгийн ордон болон 30 гаруй спортын танхим бий болох байв.

Тухайн үед тус констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан “Төв Азидаа тэргүүлэх хэмжээний энтертайнмент уг төвд “зочид буудал, оффис, брендийн дэлгүүр, хоолны газар гээд ер нь жуулчид Монголд ирэхэд авч болох бүх үйлчилгээг цогцоор нь байлгах аялал жуулчлалын хамгийн том төв байх болно” гэж ярьж байжээ. Гэвч түүний ярьсан үлгэр замхарч, “усан парк барина” гэж хашаалсан талбайд одоо орон сууцны хороолол баригдаж байна.

“M&G” констракшн компани нь 2005 онд байгуулагдсан бөгөөд бид бүхний сайн мэдэх “Рояал Кастл”, “Блью скай”, “Моннис”, “Туушин” зэрэг барилгуудын ажилд оролцож байжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус компани В.Ганбаатар, А.Амарбаясгалан гэх хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байна. Харин усан паркийн барилгын гүйцэтгэгчээр “БҮТИ” гэх компани ажиллана гэж тухайн үед ярьж байж. Харин БҮТИ нь “M&G” констракшний эзэмшигч В.Ганбаатарын нэр дээр бүртгэлтэй компани.

-ГАЗАР ОЛГОЛТ, БАРИЛГЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЦААНА АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Хотын хүн ам нэг газарт бөөгнөрч бус тэлснээр замын хөдөлгөөний ачаалал буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Энхтайваны гүүр бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төв цэгүүдийн нэг. Хэрэв тэнд 25 давхар олон арван орон сууц барьчихвал мянга, мянган оршин суугчийн бөөгнөрөл бий болно. Ингэснээр Олимп, Энхтайваны гүүр, Нарны зам яагаад ч ачааллаа дийлэхээргүй дүр зураг харагдаж байгаа юм. Товчхондоо та энэ хэсэг газар руу автомашинтайгаа орсон бол гарч чадахгүй, гарсан бол буцаж орж чадахгүй нөхцөл байдал үүсэж магадгүй. Нөгөө талаар барилгын үйл ажиллагааны улмаас Дунд голын урсац тасрах, голын ай сав дотор баригдаж буй барилга өөрөө ч усанд автах эрсдэл үүсэж болзошгүй.

Азидаа хамгийн томд тооцогдох усан парк Монголд баригдана гэх мэдээ анх гармагц хэсэгтээ л иргэдийг шуугиулж байв. Гэвч 2016 оноос хойш барилгын ажил явагдалгүй удсаар ийнхүү зургаан жилийн дараа орон сууцны хороолол бариад эхэлсэн нь ард иргэдийг мартуулж байгаад үндсэн зорилгодоо хүрч байгаа мэт. Үүнээс барилгын зөвшөөрөл, газар олголтын цаана авлига, албан тушаалын гэмт хэрэг байж болзошгүй гэх хардлага төрж байна. Мөн энэ хэрэгт хууль хяналтын байгууллагын алба хаагчид нөлөөлсөн байж ч болзошгүй байгаа юм. Тиймээс Isee.mn сайтын редакц энэхүү мэдээллээрээ дамжуулж АТГ-ыг уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хүсэж байна. Мөн хотын дарга Д.Сумъяабазараас энэ хэсэг голын ай сав газрыг хамгаалан, иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай болгон тохижуулж, хотыг бөөгнөрүүлж биш тэлж хөгжүүлэх бодлого барьж ажиллахыг уриалж байна.

ЭХ СУРВАЛЖ: isee.mn

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Вирусийн ертөнцөөр аялахуй DNN.mn

“Нэпко паблишинг”-аас орчуулан гаргасан “Вирусийн ертөнц” гэдэг тунчиг сонирхолтой нэгэн номын тухай товчхон бичье гэж бодлоо. “Зугаатай ч гэмээр, аймшигтай ч гэмээр энэ номыг хүн бүхэнд ойлгомжтой хэлбэрээр бичжээ” гэх тодотголтой эл бүтээлийг Еэлийн их сургуульд шинжлэх ухаан байгаль орчны талаарх хялбарчилсан зохиол хэрхэн бичих тухай хичээл заадаг, алдартай нийтлэлч Карл Циммэр хэмээх эрхэм бичжээ. Дэлхийн нийт хүн амын бараг долооны нэг шахуу нь вирусээс гаралтай архаг болон цочмог өвчнөөр өвддөг аж. Цагаан цэцэг мэтийн зарим өвчнийг үүсгэгч вирус нь устаад үгүй болсон ч гэлээ өөр өөр төрлийн вирусийн гаралтай өвчнүүд шинээр гарч ирсээр байдаг. Эдгээр нь хүн төрөлхтний хувьд хэцүүхэн асуудлын нэг хэвээр байсаар байгаа юм.

Вирус гэгч өчүүхэн жижиг биетийн талаарх чухал, чухал зүйлсийн талаар эрдэмтэд ХХ зууны эхэн үе хүртэл төдийлөн сайн мэддэггүй байж. Тухайн үед вирус судлал хэмээх салбар дөнгөж л хөгжих эхлэлээ тавьж байсан үе. Эрдэмтэн судлаачид ч айхтар өвчин үүсгэдэг вирусүүдийг л онцгойлон анхаарч судалж байснаас бусдыг нь төдийлөн анхаарч авч үздэггүй байжээ. Харин вирус гэгч нь өөрийн гэсэн агуу том ертөнцтэй эд юм аа гэдгийг дэлхийн нэгдүгээр дайны үед л Фредрик Творт, Феликс Д Эрель гэдэг хоёр эмч тун санамсаргүйгээр нээжээ.

Их нээлтүүд заримдаа алдаа шиг санагдах үе байдаг гэнэ. Гэвч энэ нь зөвхөн эхний үедээ л шүү. 1986 онд Лита Проктор гэх нэгэн эрдэмтэн далай тэнгисийн усанд хэр зэрэг олон вирус байдаг тухай судалгаа хийж үзэхээр шийджээ. Тухайн үед далайн усанд вирус байдаггүй гэж дэлхий нийтээрээ боддог байж. Учир нь далайн уснаас вирус хайгаад олж чадаагүй, ганц нэг олдсон нь хуурай газраас усны хоолойгоор дамжин орсон байж таарна гэж үздэг байж л дээ. Тиймээс тэнгис далайн усанд вирус яг байдаг уу, үгүй юү гэдэг дээр судлаач эрдэмтэд нэгдсэн ойлголтгүй байсан байх нь.

Проктор судлаач энэ тэрүүгээр аялж, Карибын тэнгис, Саргассын тэнгисээс дээж аваад лабораторидоо боловсруулж, шинжилтэл вирусийн бүхэл бүтэн ертөнц тэнд бужигнаж байх нь тэр. Хөвж яваа вирусүүд бүр нянгийн дотор үржээд, тэндээ нуугдасхийгээд байж байгаа үй түмэн вирусийг олж харжээ. Мөнөөх судлаач маань өөрийн шинжилсэн дээжид байх вирусийг тоолоод, литр усанд байх тоог нь гаргажээ. Тэгээд тэнгисийн ганцхан литр усанд байх вирусийн тоог зуун тэрбум гэж тоолсон байх юм. Аймшигтай их тоо байгаа биз.

Бид гадаад дотоодод аялж зугаалж явахдаа далай тэнгисийн усанд ордог. Тэр үедээ тэрбум тэрбум вирусүүдтэй “найзалдаг” болж таарлаа. Хэрэвзээ тэнгис далайн их усанд байгаа бүх вирусийг цуглуулаад жигнэж үзэх аваас даруй далан таван сая цэнхэр халимтай тэнцэхүйц жин татна. Бас тэдгээр вирусийг цувуулаад тавилаа гэж бодоход 42 сая гэрлийн жилтэй тэнцэхүйц урт болно гэж тооцоолжээ. Тэгэхээр ямар агуу ертөнц вэ гэж уулга алдахаар байгаа биз. Далай тэнгисийн усанд өдөр бүхэн 100 тэрбум вирус үүсч, үүсмэгцээ шинэ нянгуудад халдварлаж байдаг ажээ.

Хүн төрөлхтөн янз бүрийн вирусээр халдварлаж өвчлөхдөө үнэхээр “гаргууд” бөгөөд тэр хэрээр шинэ вирусүүд үүсгэж байдаг. Тэжээвэр гахайнаас гэхэд л халдвар авангуутаа өмнө огт байгаагүй цоо шинэ вирус үүсгэчих жишээтэй. Хаа байсан ширэнгэн ойд байгаа шимпанзе сармагчингаас хүртэл ДОХ-ын вирус авчихна. Тэр нь шинэ вирус болоод өнөөдөр дэлхий дахины толгойн өвчин болчихоод байгаа билээ. Харамсалтай нь тэрхүү шинээр үүсгээд байгаа вирусээсээ салж чадахгүй байдаг нь тиймхэн.

Хүн төрөлхтөн вирусийн эсрэг элдэв эм тан эмчилгээг яаж ийгээд гаргаж аваад байх хэдий ч нөгөө гайхлууд нь яаж ийгээд эм домноос бултаад байгаа төдийгүй заримдаа бүр хүчирхэг болчихно. Яахав элдэв эмчилгээ, эм тан нь вирусээр үүссэн халдварын хор уршгийг нь л багасадаг байна. Юутай ч шинжлэх ухааны өнөөгийн өндөр хөгжил, эрдэмтэн судлаачдын уйгагүй хөдөлмөрийн үр шимээр ухаант хүн төрөлхтөн арай ч вирусээр хиараад дуусахгүй биз.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Kinder” шоколад авахгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Олон улсын ИНФОСАН сүлжээнд мэдээлснээр “Kinder Surprise”, “Kinder Happy Moment”, “Kinder Mini Egg” зэрэг шоколадан бүтээгдэхүүн “Salmonella Typhimirium” нянгаар халдварлагдсан байж болзошгүй тохиолдлыг Их Британи, Бельги, Франц, Герман зэрэг найман улсад бүртгэжээ. Энэ сарын 05-ны байдлаар нийт 134 тохиолдол бүртгэгдсэний 105 нь батлагджээ. Халдвар авсан авсан хүмүүсийн ихэнх нь 10 хүртэлх насны хүүхдүүд байгаа аж.

Нянгийн халдварын эхний тохиолдол энэ оны нэгдүгээр сарын 07-нд Их Британид бүртгэгдсэн бөгөөд улмаар хоёрдугаар сарын 17-ноос хойш Европын бусад орнуудад тохиолдлууд бүртгэгдсэн байна. Өвчтөнүүдээс авсан асуумж судалгаан дээр үндэслэн kinder нэрийн шоколадан бүтээгдэхүүнээс халдвар авсан байж болзошгүй гэв.

Иймд салмонелла нянгаар бохирлогдсон байж болзошгүй бүтээгдэхүүнийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Бельги, Франц, Герман, Ирланд, Люксембург, Их Британи зэрэг хэд хэдэн оронд эдгээр бүтээгдэхүүнийг худалдаанаас эргүүлэн татах ажлыг эхлүүлээд байна.

Буцаан татан авалт хийж буй бүтээгдэхүүний мэдээлэл:

  • Kinder Mini Eggs 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 9-р сарын 6-нд хугацаа нь дуусах,
  • Kinder Surprise 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 04 дүгээр сарын 10, 13, 20, 27- нд хугацаа нь дуусах,
  • 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 11, 12, 20, 31-нд хугацаа нь дуусах,
  • 2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 04 сарын 13, 20 -нд хугацаа нь дуусах,
  • 2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 06 сарын 26, 30-нд хугацаа нь дуусах,
  • 2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 07 сарын 11, 15-нд хугацаа нь дуусах,
  • Schokobons 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 28-нд хугацаа нь дуусах,
  • 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 06 дугаар сарын 25-нд хугацаа нь дуусах,
  • 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 15, 16-нд хугацаа нь дуусах,
  • 2021 оны 10 дугаар сарын 16-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 29-нд хугацаа нь дуусах,
  • 2021 оны 10 дугаар сарын 17-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 30-нд хугацаа нь дуусах,
  • 2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 31-нд хугацаа нь дуусах,
  • Uovo Maxi 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 04 дүгээр сарын 20-нд хугацаа нь дуусах,
  • 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 11, 12-нд хугацаа нь дуусах,

Салмонелла нянгийн халдвар нь хүний биед ороод 2-36 цаг, дунджаар 6-12 цагийн дараа халуурах, гэдэс базлах, суулгах, бөөлжих, толгой өвдөх зэрэг хоол боловсруулах доод замын шинж тэмдгүүдээр илэрдэг гэдэсний халдварт өвчин юм.

МХЕГ-аас дээрх асуудалтай холбогдуулан Гаалийн ерөнхий газраас тухайн бүтээгдэхүүн Монгол Улсад импортлогдсон эсэх талаар лавлагаа мэдээлэл авахаар хандсан байна.

Үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Kinder” нэрийн дээрх үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаатай шоколадыг хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид зах зээлд гаргахгүй, худалдахгүй байх, иргэд худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 утсанд ирүүлэх боломжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 2.4 хувь өсөв DNN.mn

Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 2.4 хувь өмнөх сараас 3 хувь өсөөд байна.

Зарим гол нэрийн барааны дундаж үнийг харвал, /Дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар /

-Хонины мах, ястай /кг/ – 12,911 төгрөг буюу өнгөрсөн долоо хоногоос 2.4 хувь

-Төмс /кг/ -1,381 төгрөг буюу өнгөрсөн долоо хоногоос 2.6% хувь

-Өндөг /ширхэг/– 461 төгрөг буюу өнгөрсөн долоо хоногоос 11.6%

-Шинэ сүү /литр/- 3,570 төгрөг буюу өнгөрсөн долоо хоногоос 7.7% нэмэгджээ.

No description available.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Улаанбаатарт 41, орон нутагт 26 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Цар тахлын нөхцөл байдлын талаар цаг үеийн тоон мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 41, орон нутагт 26 тохиолдол бүртгэгдлээ. Харин нас баралт бүртгэгдээгүй.

Биеийн байдал:

  • Хөнгөн 24
  • Хүндэвтэр 93
  • Хүнд 38
  • Нэн хүнд 10 иргэн эмчлүүлж байна.
Categories
мэдээ нийгэм

ХЭҮК: Цагдаагийн байгууллагад хүний эрхийн зөрчил гаргахгүй байхыг зөвлөв DNN.mn

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Сүхбаатарын талбайд өрнөж буй “Монголдоо сайхан амьдармаар байна” Залуучуудын жагсаалд оролцогчдын болон орон нутагт буюу 10 аймагт эдгээр жагсаалыг дэмжиж буй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, аюулгүй байдал, хууль сахиулах явц дахь саатуулах, баривчлах үйл ажиллагаа, болзошгүй хүний эрхийн зөрчлийн асуудалд хяналт тавин ажиллаж байна хэмээн мэдээллээ.

Комиссын гишүүн Д.Сүнжид, Б.Энхболд нар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харъяа Эрүүлжүүлэх, саатуулах байранд ажиллаж, Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, хурандаа С.Сугаржав, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга С.Чагдар нараас нөхцөл байдлын талаар тайлбар, мэдээлэл авч саатуулагдсан иргэдтэй уулзан хяналт тавьж ажиллалаа.

Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, гишүүн Б.Энхболд, нар ЦЕГ-ын дарга, хошууч генерал, Дотоодын цэргийн командлагч Ж.Болдтой уулзаж, жагсаал цуглааны үеэр интернетийн сүлжээ унагасан, цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн жагсаалыг тараасан, жагсаалд оролцогчдыг албадан саатуулсан үндэслэлийн талаар тодруулга, тайлбар авч иргэдийн тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хүндэтгэх, үндэслэлгүйгээр иргэдийг саатуулахгүй байх, баривчлах, саатуулах тохиолдолд иргэдтэй хүнлэг харьцах, гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь мэдэгдэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж ажиллахыг зөвлөж анхаарууллаа.

Түүнчлэн Комиссын гишүүн Х.Мөнхзул иргэдийг өмгөөлөгчгүйгээр байцаасан гэх мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж зөвлөмж өгч ажиллалаа. Мөн Комиссын гишүүд “Эмнэсти интернэшнл Монгол” ТББ-ын төлөөллийг хүлээн авч, жагсаал цуглааны үеэр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтэд хамтран мониторинг хийж, хяналт тавьж ажиллах талаар санал солилцлоо.

ХЭҮК жагсаал, цуглааны явцын талаар баримт мэдээлэл цуглуулах, мониторинг, хяналтын ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Мониторинг, хяналт шалгалтын дүгнэлтийг удахгүй танилцуулна хэмээн ХЭҮК-оос мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Уилл Смитийн Оскарын наадамд оролцох эрхийг 10 жилээр хаслаа DNN.mn

Америкийн кино академи Уилл Смитийг Оскарын шагнал гардуулах ёслол болон академийн зохион байгуулдаг үйл ажиллагаанд 10 жилийн турш оролцох эрхгүй болголоо. Түүнийг өнгөрсөн сард болсон академийн шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Крис Рокийг алгадаж, бухимдлаа илэрхийлсний төлөө ийм шийтгэл оногдуулжээ. Уг шийдвэрийг академийн цахим хурлын үеэр гаргасан байна.

Смит өөрийн үйлдлийн төлөө уучлалт гуйсан боловч энэ нь хангалтгүй гэж үзэв. Кино академиас гаргасан мэдэгдэлд “энэ жилийн ёслолын үйл ажиллагааг Смитийн тайзан дээрх аюултай, байж боломгүй үйлдэл харлууллаа” гэжээ. Тус байгууллагын шийдвэр 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Өмнө нь Смит академийн гишүүнчлэлээс сайн дураар татгалзаж буйгаа зарласан. Ингэснээр тэрээр Оскарын наадамд нэр дэвших уран бүтээлчдэд санал өгөх боломжгүй болсон билээ. Тэрээр кино академийн итгэлийг алдаж, өөрийн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлээд ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж хэлсэн юм.

Эх сурвалж: ВВС