-Хэрэглэгчийн үнийг дор хаяж 28 хувиар нэмж байж үйлдвэрлэж буй өртөгтэй тэнцэнэ-
Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газраас зургаан салбарт шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Түүний нэг болох эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх шинэ сэргэлтийн бодлого юу байна вэ?
-Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдлыг бодитой тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлоход шинэ сэргэлтийн бодлогын гол ач холбогдол нь оршиж байгаа юм. Монгол Улсын эрчим хүчний салбарын тухайд үйлдвэрлэлээсээ хэрэглээ нь давсан. Тийм учраас давсан хэрэглээгээ импортын эрчим хүчээр хангаж байна.
Одоо ашиглаж байгаа эх үүсвэр болоод холбогдох дэд бүтцийн 40 орчим хувь нь ашиглалтын хугацаа дууссан байна. Нийт үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 90 орчим хувь нь эрчим хүчний нүүрсээр ажилладаг технологитой эх үүсвэр эзэлж байна. Өөрөөр хэлбэл, найдвартай ажиллагаа талаасаа эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа гэсэн үг.
Манай салбар санхүүгийн хувьд сүүлийн 10 жил алдагдалтай ажиллаж байна.
-Алдагдалтай ажиллахад юу нөлөөлөв?
-Алдагдалтай ажиллахад олон хүчин зүйл нөлөөлсөн. Хамгийн гол нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл бол хэрэглэгчийн цахилгаан, дулааны өртгийг үйлдвэрлэж байгаа өртгөөс нь доогуур барьж, тогтоож өгсөнтэй холбоотой.
Ер нь эрчим хүчний салбар санхүүгийн хувьд бие даагаад явах боломжтой салбар. Ганцхан хэрэглэгчийн үнийн алдагдлыг багасгачихвал манай салбар алдагдалгүй ажиллахаас гадна, эрчим хүчний салбарт хэрэгжсэн томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд ашигласан томоохон зээл, зээлийн хүүг бие даан төлөх бүрэн боломжтой.
Гарц бол тодорхой. Цаг үеийн хүндрэлээс гарах, шинэ эх үүсвэр барих, бүс нутагт шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулах явдал юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болох шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад тусгагдсан эрчим хүчний чиглэлээр авах арга хэмжээний дийлэнх нь эх үүсвэр шинээр барих, шаардлагатай дэд бүтцийг байгуулах арга хэмжээнүүд тусгагдсан. Шинэ эх үүсвэрийн тухайд гурван чиглэлээр хэрэгжүүлнэ.
Ганцхан хэрэглэгчийн үнийн алдагдлыг багасгачихвал манай салбар алдагдалгүй ажиллахаас гадна, эрчим хүчний салбарт хэрэгжсэн томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд ашигласан томоохон зээл, зээлийн хүүг бие даан төлөх бүрэн боломжтой.
Нэгдүгээрт, одоо байгаа эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, Монгол Улс эрчим хүчний арвин их нөөцтэй. Уг нөөц дээрээ тулгуурлан эрчим хүчний үйлдвэрлэл явуулах зорилгоор Багануур, Бөөрөлжүүт, Таван толгойн нүүрсний бассейнуудыг түшиглэж 300-450 мВт-ын хүчин чадалтай нүүрсээ ажилладаг эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулахаар тусгагдсан. Гуравдугаарт, дэлхий нийтийн жишигт нийцсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд багтана.
Дулааны цахилгаан станц- 3-ын хүчин чадлыг 325 мВт- аар өргөтгөнө. Энэ ажлыг ОХУ-тай хамтарч хийхээр ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Энэ оны долдугаар сард багтаж дуусгахаар гэрээ байгуулсан. Уг өргөтгөлийн ажлын санхүүжилтийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барихаар урьдчилсан яриа хэлэлцээрүүд эхлээд явж байна.
Мөн Дорнодын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх ажил эхлээд өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 50 орчим хувьтай явагдаж байна.
Уг ажлыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэж байна. Уг бүтээн байгуулалтыг 2022- 2023 оны өвлийн их ачаалал үүсэхээс өмнө дуусгаж. өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангана.
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтад хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна вэ?
-Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтын хүрээнд эрчим хүчний чиглэлээр хийгдэх нийт 23 төсөл, арга хэмжээ бий. Эдгээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд урьдчилсан тооцоогоор 14.8 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо судалгаа гарсан.
Үүнээс 7.6 их наяд орчим төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгочихсон. Үлдсэн санхүүжилт одоогоор тодорхой болоогүй байна. Бид санхүүжилт олохоор ажиллаж байна. Эдийн засгийн чуулга уулзалтаар эдгээр санхүүжилт нь тодорхойгүй байгаа төсөл арга хэмжээн дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бас нэг зорилго бий.
-Эх үүсвэр нь тодорхой болчихсон байгаа 7.6 их наяд төгрөгийн санхүүжилтийг яг хаанаас босгохоор болсон юм бол?
-Олон улсын жишгийн дагуу төслийг санхүүжүүлдэг. Уг зарчмын дагуу төслийн санхүүжилт явагдана. Өөрөөр хэлбэл. тодорхой хувийг дотоодоосоо санхүүжүүлж, үлдсэн хэсэг дээр нь урт хугацааны хөнгөлөлттэй зээл авна.
Ер нь гаднаас зээл авч байгаагийн гол шалтгаан бол Монгол Улсын төсвийн хөрөнгөөр томоохон хэмжээний төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэр одоогоор бүрдээгүй байна. Тийм учраас дийлэнх төсөл хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж байна.
-Тухайлбал, энэ онд хийгдэх төслүүдийг нэрлэвэл юу юу байна вэ?
-Таван толгой ДЦС-ын барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендерийг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нээсэн. Тендерт материал ирүүлсэн компанийн дийлэнх нь хятад компани байсан. Нийт долоон компанийн зургаа нь Хятадынх байсан. Эдгээр компаниудаас хүсэлтийн хугацааг сунгаж өгөх санал ирсэн.
Одоогоор нэг компани л материал ирүүлсэн байна.Үнэлгээ хийгдэж байна. Шаардлага хангасан компани материалаа ирүүлсэн тохиолдолд гэрээ байгуулна. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Таван толгой ДЦС ашиглалтад орсноор говийн бүсийн импортоор эрчим хүчний хэрэглээгээ хангаж байгаа бүх ААН-үүд дотоодоос хямд өртгөөр эрчим хүчээр хангагдах боломжтой болно.
Говийн бүсийн эрчим хүчний томоохон хэрэглэгчдийн дотор Оюу толгой төсөл бий. Уг төсөл жилд 110-120 ам.доллароор БНХАУ-аас авч байна. Тиймээс уг цахилгаан станц ашиглалтад орвол ийм хэмжээний орлогыг эх орондоо төвлөрүүлэх боломжтой болно.
-Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барихад иргэдэд 20 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох талаар мэдээлэл цацагдсан. Энэ хэр үнэний ортой мэдээлэл вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс Монгол Улсын эрчим хүчний системийн технологид хамгийн их тохирдог нь усан цахилгаан станц юм. Монгол Улс гадаргын ус багатай. Тиймээс байгаа цөөхөн хэдэн голоос усан цахилгаан станц барих өгөгдөлтэй гол мөрөн цөөтэй. Ийм өгөгдөлтэй цөөн голын нэг нь Ховд гол.
Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар Ховд гол дээр дараалсан дунд шатлалын гурван ч станц барих боломжтой. Судалгааг нарийвчилж удаа дараа хийсний үр дүнд усан цахилгаан станц барих газрыг тооцоолж. нарийвчлан тодорхойлж, ТЭЗҮ боловсруулж, гүйцэтгэгч шалгаруулж. гэрээ байгуулснаар ажлаа эхлүүлэхэд болон болсон.
Тус станц баригдахтай холбоотой иргэд нөлөөлөлд өртөж байгаа. Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах газрын усан сан байгуулах хэсэгт одоо ажиллаж амьдарч байгаа мал бүхий, газар тариалан эрхэлдэг 271 өрхийн 1251 иргэн шууд нөлөөлөлд өртөж байна. Одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар нөлөөлөлд өртсөн иргэдэд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээ хийж нөхөн олговор олгохоор байгаа юм.
Энэ зохицуулалт хот суурин газар амьдарч байгаа иргэдэд тохирч байгаа боловч хөдөө орон нутагт амьдардаг малчдад огт тохирохгүй байна. Үндсэн хөрөнгө хэмээх ангилалд багтдаг хөрөнгө үндсэндээ малчдад бага байна. Тиймээс малчид газраа чөлөөлж өгөөд шинээр бэлчээр устай болох, өвөлжөө хаваржаа барихад нөхөн олговрын хэмжээ хүрэлцэхгүй байна гэж үзэж байгаа.
Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ 6-8 хувиар өссөөр байна
Иргэд ч энэ асуудлыг хөндөж байгаа. Дээр дурдсан 271 өрхөөс 100 орчим нь 270 мянган төгрөгөөс 10 сая төгрөгийн нөхөн олговор авахаар байна. Тиймээс Засгийн газраас нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх талаар судалж байна. Түүний нэг нь биет бус нөлөөллийн нөхөн олговор олгох талаар ярьж байна. Өнөөдрийн байдлаар шийдвэр эцэслэн гараагүй байна.
Ер нь бол өөрийн тань хэлсэн үнийн дүн зарим нэг тохиолдолд гарч ирж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ шийдвэр эцэслэн гараагүй учраас нөхөн олговрын дүнг албан ёсоор хэлэх боломжгүй байна. Тун удахгүй Засгийн газар, УИХ-аас албан ёсны шийдвэр гарах байх.
-Манай улс ОХУ-аас эрчим хүчний хараат ОХУ болон Украины хооронд үүссэн дайны байдал манай улсын эрчим хүчний нийлүүлэлтэд ямар нэгэн байдлаар нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Монгол Улс 16 цэгээр ОХУ болон БНХАУ-аас импортоор эрчим хүч авч хэрэглээгээ хангаж байна. ОХУ-аас импортоор авдаг нийт эрчим хүчний 20 орчим хувийг авч байна. ОХУ-аас авч байгаа эрчим хүчний тухайд өндөр ач холбогдолтой. Нэгдүгээрт, оргил цагуудад өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах, хоёрдугаарт, горимын тохируулга хийж байна.
Горимын тохируулга хийнэ гэдэг нь хэрэглээний өсөлт, бууралтыг зохицуулдаг. Манай улсын хатуу түлшээр ажилладаг эх үүсвэрүүд ийм чадамжгүй байдаг. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдэд ч импортын эрчим хүчээр тохируулга хийдэг.
Гуравдугаарт, аваарын үед нөөц эх үүсвэр нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, зогсчихсон станцуудыг ажиллуулахын тулд эрчим хүч хэрэгтэй. Түүнийг импортоор хангадаг учраас ОХУ-аас импортоор авдаг эрчим хүч манай улсын эрчим хүчний хангамжид чухал ач холбогдолтой.
Тиймээс ОХУ болон Украины хооронд үүссэн үл ойлголцлоос бий болж байгаа хүндрэлийн тухайд одоогоор ОХУ-аас манай улсад нийлүүлдэг эрчим хүч нийлүүлэх гэрээний нөхцөлд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах тухай нөхцөл шаардлага тавиагүй байна. Цаашид ч тавихгүй байх хэмээн найдаж байна. Хэрэв цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээ доголдох юм бол манай улсын эрчим хүчний салбарт хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ.
-Шаардлагатай тохиолдолд шөнийн цагаар эрчим хүч хязгаарлах тухай мэдээлэл цацагдсан. Энэ ямар учиртай мэдээлэл вэ?
-Ер нь үйлдвэрлэлийн хүчин чадал тулчихсан учраас цаашид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дотоодоосоо хангаж чадахгүй. Тиймээс богино хугацаанд шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төсөл хөтөлбөрүүд, Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.
Эрчим хүчээр хангах томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихэд доод тал нь дөрвөн жил үргэлжилдэг. Тиймээс 2022 ондоо багтаж Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад тусгагдсан эх үүсвэрүүдийн барилгын төслүүдийн ажлыг эхлүүлэхээр хичээж ажиллаж байна. Одоогоор Эрдэнэбүрэнгийн УЦС-аас бусад эх үүсвэр дээр гэрээ байгуулчихсан зүйл алга.
-Салбар салбарт олон сайхан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярьдаг. Харамсалтай нь хэсэг хугацааны дараа ажил хэрэг болж, үр дүнгээ өгөхгүй байх тохиолдол орно. Танай салбарт шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа бичиг баримтуудыг бодит ажил хэрэг болгох тал дээр хэрхэн анхаарч байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ямар алхам хийв?
-Эрчим хүчний салбарт тулгамдаад байгаа хүндрэлтэй нөхцөл байдлууд гэнэт нэг өдрийн дотор бий болчхоогүй. Өнгөрсөн цаг хугацаанд шинээр өргөтгөх, шинэ эх үүсвэр барих, дэд бүтэцтэй холбоотой ажлуудыг төлөвлөсөн хугацаандаа хийж чадаагүйтэй холбоотой. Түүний гор энэ цаг үед ийнхүү тод илэрч байна. Цаашид нөхцөл байдал улам хүндэрнэ. Учир нь Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ 6-8 хувиар өссөөр байна.
Нэг талаас харвал эдийн засаг өсөж байгаа сайн үзүүлэлт мөн боловч нөгөө талаас энэ өсөлтийг хангах хэмжээнд эрчим хүчний салбарын эх үүсвэр, дэд бүтцийг шинээр барьж байгуулах ёстой. Гэтэл бид чадаагүй байна. Тэр ч бүү хэл олон улсын жишгээр найдвартай эх үүсвэр бий болгох зорилгоор нийт хэрэглээнээсээ дор хаяж 20 хувиар илүү нөөц бэлтгэх эх үүсвэр, дэд бүтэцтэй байх ёстой.
Тиймээс дахин цаг хугацаа алдахгүйгээр төлөвлөсөн ажлуудаа хийх учиртай. Үүний төлөө Засгийн газраас боломжит бүхий л арга хэмжээг авч байна. Төлөвлөсөн арга хэмжээгээ авч чадахгүй дахин цаг хугацаа алдвал эрчим хүчний хязгаарлалтад орно.
-Цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь танай салбарт бага боловч дэмжлэг болж байна уу?
-Албан ёсоор хэлэхэд, 2020,2021,2022 онд эрчим хүчний хэрэглэгчийн үнэ огт нэмэгдээгүй. Эрчим хүч хэрэглэгчийн үнэ нэмэгдсэн мэт буруу ташаа ойлголт иргэдийн дунд үүсчхээд байгаа юм. Огт нэмэгдээгүй. Харин цаашид цахилгаан эрчим хүчний хэрэглэгчийн үнийг нэмэх шаардлага байгаа юу гэвэл бий.
Үнэ тариф хариуцсан мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаагаа гаргаад одоо байгаа хэрэглэгчийн үнийг дор хаяж 28 хувиар нэмж байж үйлдвэрлэж буй өртөгтэй тэнцэнэ гэдгийг хэлж байгаа.