Санхүү эдийн засгийн их сургуулийн Экономиксийн дэд профессор Д.Түвшинжаргалтай ярилцлаа.
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хөндлөнгөөс хэрхэн үнэлж байгааг тодруулмаар байна. Гадаад, дотоодын нөхцөл байдал, ковидын нөлөөлөл гээд таагүй цаг үе үргэлжилж байна?
-Монгол Улсын эдийн засаг хүнд байна. Экспорт, импортын хязгаарлалт, дээр нь хил гаалийн хязгаарлалт, хойд хөрш дээр үүссэн асуудал гээд таамаглаагүй, 2021 онд 2022 оныг төсөөлж байсан дүр зураг орвонгоор эргэсэн нөхцөл байдалтай. 2022 оныг дахиад шинээр харах хэрэгтэй болж байна. Уг нь 2021 онд ковидын хязгаарлалтууд дуусч, 2022 оныг их сэргэлтийн жил гэж төр засгийн түвшинд, хувийн секторынхон ч хүлээж байсан.
Таамаглаагүй нөхцөл байдал өнөөдөр ч үргэлжилж байна. Хойд талд үүссэн олон улсын асуудал манайд валютын ханш, импортын бараагаар нөлөөлж байна. Хоёрт, Хятадын хувьд коронавирусийн давлагаа дотоодынх нь асуудал болж хувирч байх шиг. Үүнээс үүдэлтэй хил гаалийг нээх дээр бас л хязгаарлалт үргэлжилсээр байна. Энэ бүхэн өөрөө эдийн засагт макро эдийн засгийн үзүүлэлтээр илрээд байгаа.
Эрэлт, нийлүүлэлтийг ярихад үнэ гэдэг энэ хоёрыг тохируулж байдаг зүйл. Хэрэв аль нэг нь хөдлөх юм бол үүнийг тохируулахын тулд өсч, буурч байдаг. Зүйрлэж хэлбэл, хаврын сард махны үнэ өсч, намар буурдагтай адил. Тэгэхээр валютын ханш, инфляцийн өсөлт нэг талаасаа гадаад хүчин зүйлийн үр дагавар, илрэл гэж харах ёстой.
-Арилжааны банкууд өнөөдөр гадаад гүйлгээндээ лимит тогтоочихсон, улс дотооддоо валютын хомсдолд орчихсон дүр зурагтай байна. Энэ нь бизнесүүдэд хүндээр тусч, эсэргүүцэл бухимдал ч нэмэгдэх шинжтэй?
-Энэ бол урдаас төлөвлөсөн зүйл биш. Энэ тохиолдолд авах хариу арга хэмжээ ч зах зээлийн бус, хяналтын, захиргаадалтын арга хэрэгслүүд явж байна. Үүнийг хатуу буруутгахад хэцүү.
Зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр зохицуулна гэж үзэх юм бол өнөөдрийн байгаа ханш, төв банкин дээр байгаа валютын нөөц богино хугацаанд шавхагдах эрсдэлтэй.
Учир нь 2008-2009 онд иймэрхүү нөхцөл байдал үүсч байсныг та бүхэн мэднэ. Тэр үед долларын гарах урсгал ихээр явж, богино хугацаанд төв банк валютынхаа нөөцийг багасгаж байсан. Өөрөөр хэлбэл, ханшийн өсөлтийг зөөлрүүлэхийн тулд нөөцөөсөө нийлүүлэлтийг ихээр хийснээс нөөц асар богино хугацаанд буурсан байдаг. Өнөөдрийн нөхцөлд зах зээл шийдэх ёстой, төв банк байгаа нөөцөө гаргах ёстой гэж үзвэл үр дүн төдийлөн сайн гарахгүй, байгаа нөөцөө шавхахаас л цаашгүй.
-Мэдээж энэ чигээр яваад байх нь хэцүү байдаг?
-Тийм. Валютын ханшийг хязгаарлах, импортын бараа үйлчилгээ авах шаардлагатай аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийн эх үүсвэр олдохгүй байгаа нь том асуудал. Нөгөө талд эсрэгээрээ импортын бараа үйлчилгээний үнэ улам өсөх, шаардлагатай үйлдвэрүүд явагдахгүй байх эрсдэлтэй. Нэгэнтээ төр богино хугацаанд зохицуулалт хийх гэж байгаа бол түргэн, ойлгомжтой хариу үйлдлийг хийх ёстой. Тухайлбал, хөдөө аж ахуйн компаниуд тариалалтаа эхлүүлэхийн тулд шаардлагатай шатахуунаа авах, түүнтэй холбоотой зардал төсвийн тооцоо хийх гээд цаг нь тулчихсан асуудлууд байна. Үүнийг тал талдаа, хувийн секторын байгууллага, тухайн салбарыг хариуцаж байгаа төрийн захиргааны байгууллага хоорондоо маш сайн ойлголцохгүй бол тун удахгүй сөрөг үр дагавар гарч эхэлнэ.
-Гол асуудалдаа оръё. Хамгийн ойрын хугацаанд валютын урсгалыг яаж нэмэх вэ. Яаж орлого олох тухайд танаас хэрэгтэй саналууд сонсмоор байна?
-Богино хугацаа гэвэл энэ жилээр харж болох юм. Цаашлаад дунд хугацаанд иймэрхүү нөхцөл байдалд дахиж орохгүйн тулд юуг анхаарах ёстой вэ гэдгийг ярих ёстой.
Гол зүйл болох хил гаалийн асуудлыг шийдэх түвшинд, маш сайн чармайлтыг гаргах хэрэгтэй. Компанийн түвшинд гэхээс илүү дээд түвшинд шийдэх ёстой, нэн тэргүүний асуудал бол энэ.
Хоёрдугаарт, ОХУ хоригоосоо болж нүүрсний экспорт нь хязгаарлалтад орохоор болж байна. Хятад, Орос хоёр Засгийн газрын түвшиндээ 100 тэрбум тонн нүүрсний томоохон багц гэрээ хийчихсэн. Худалдан авагч талаас хэцүү болж эхэлж байна. Оросууд хоригт орчихлоо, нүүрсийг нь авлаа гэхэд төлбөр тооцоон дээр маш их саадтай учирна. Үүнийг дагаад олон улсын зах зээл дээр эрэлт нэмэгдэж, үнийн өсөлт явагдаж байна.
Тэгэхээр төрийн болон хувийн өмчийн нүүрсний компаниуд богино хугацааны нийлүүлэлтээсээ гадна урт хугацааны гэрээг хийх хэрэгтэй. Өнөөдрийн үнэ ханшаас арай хямдаар, таван жилийн гэрээг хийж болох юм. Манайд ийм туршлагууд бий л дээ. Чалкогийн гэрээ гээд л. Яахав, анхны хийсэн гэрээний үнэлгээ доогуур байсан. Эсрэгээрээ манай тал нэлээд их бэлэн мөнгө шаардсан учраас нөгөө тал өөрсдийнхөө шаардлагыг тавьсан байх. Өнөөдрийн нөхцөлд төрийн шахалт гэхээс илүү компанийн түвшинд тодорхой хугацаанд, хөнгөлөлттэйгөөр гэрээ байгуулах замаар валютын урсгалыг нэмэгдүүлж болох юм.
-Өөр та ямар санал хэлэх бол?
-Дараагийн нэг анхаарах ёстой зүйл бол Монгол Улс ковидыг давж байна. Манайх шиг ковидыг давж байгаа улс орнууд ч байна. Тэгэхээр энэ зуны саруудад аялал жуулчлалын салбарыг ашиглах боломж байна. Ковидоос өмнө зунд бид жилд 400 орчим мянган жуулчин авдаг байсан. Энэ зун ийм тоонд хүрэхгүй юм гэхэд 50 хувьд нь хүрэх хэмжээний жуулчдыг татах талаас ажиллах хэрэгтэй байна.
Хоёр хоногийн өмнө гол нэрийн бүтээгдэхүүн дээр хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх хуулийг баталлаа. Үүн дээр нэмээд аялал жуулчлалын салбарыг оруулж ирэх ёстой байлаа. Учир нь аялал жуулчлал бол сүүлийн хоёр жил хорионд, ямар ч орлогогүй байсан салбар. Аялал жуулчлалын цөөнгүй компани дампуурсан. Тэсээд үлдсэн компаниудыг дэмжих талаас харах ёстой. Энэ бол богино хугацааны шийдэл.
Дараагийн нэг анхаарах ёстой зүйл бол махны экспорт. Яахав, манайд шүлхий өвчин тархаад байна л даа. Миний хийж байгаа судалгааны үр дүн, тоон статистикаас харахад баруун аймгуудад харьцангуй малын өвчлөл бага байдаг. Тэгэхээр Засгийн түвшинд баруун аймгийн хэмжээнд экспортын мах гаргах боломжтой. Хятад руу, Араб руу гээд хаашаа ч болно.
-Шүлхийгээс болж махны экспорт огт хөдлөхгүй байгаа шүү дээ. Яг ямар боломж байна гэж?
-Манай улс 2018 онд махны экспортоос 400 тэрбум төгрөгийн түүхэн дээд хэмжээний орлогыг олж байсан. Тэр жил Улаанбаатар хотод махны үнэ өсч, нийгмийн эсэргүүцэлтэй тулаад зогсоож байв. Гол нь зохицуулалтыг зөв хийх ёстой.
Баруун аймгийнхаа зоон дээр экспортыг нэмэгдүүлэх зохицуулалтыг хиймээр байгаа юм. Гэтэл манайд шал эсрэг зохицуулалт явж байна. Увс аймаг зудтай байвал квот өндөр өгье, Хөвсгөл аймагт зудтай бол квот өндөр өгье гэж халамжийн хэрэгсэл болгоод байна. Судалгаанаас харахад Улаанбаатарт гол нийлүүлэлт хийдэг хэсэг бол нийслэлийг тойрсон 400 км-ийн радиуст байгаа аймгууд болон зүүн гурван аймаг. Тэд л Улаанбаатар хотын хэрэглээг даачихдаг.
-Дэнжийн мянга дээр Увс, Ховдын мах бараг байхгүй шүү?
-Ирэхгүй. Тэгэхээр бид баруун аймгаас гадна жилд хамгийн их мах бэлтгэдэг Архангай, Хөвсгөл, Өвөрхангай дээр махны экспортын бүс байгуулах хэрэгтэй. Нөгөө талаас нь харвал тэдгээр аймгууд асар их бэлчээр, ус ашиглаж байна. Тийм юм бол яагаад улсдаа валют оруулдаггүй юм. Өмнө нь 2018 онд яагаад махны хомсдол үүссэн бэ гэхээр хязгаарлалт, зохицуулалтыг сайн хийгээгүйгээс хятадууд Улаанбаатараас мах түүчихсэн. Хүчит шонхорын махыг булаачихсан. Хүчит шонхорт зүүн аймгуудаас л мах ирсэн. Хөвсгөлөөс ирээгүй. Тэгэхээр баруун аймгийг л ашиглах ёстой. Мөн газар тариалангийн компаниуд дээр анхаарахгүй бол инфляцийн дараагийн хэлбэр үүсэх эрсдэл байна. Улаанбуудай, хүнсний ногооны асуудал бий болох эрсдэлтэй.
-Гаднаас доллар оруулж ирэхэд алсдаа ямар бодлого хэрэгтэй байна вэ?
-Таван жилээр ярья л даа. Багцлаад дурдвал уул уурхай ба уул уурхайн бус салбарт гадны хөрөнгө оруулалт татах нь чухал. Ялангуяа хөдөө аж ахуй дээр. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, экспортлох дээр гадны хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Жишээ нь, Шинэ Зеланд гэхэд зөвхөн хонины экспортоосоо жилд 9.2 тэрбум ам.доллар олдог. Монголын жилийн дээд хэмжээ 10 тэрбум ам.доллар. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд жилд үйлдвэрлэсэн нийт бараа үйлчилгээ 10 тэрбум ам.долларт л эргэлддэг. Дээр нь энэ дүн дээрээ манайх 10 жил гацчихсан. Шинэ Зеланд тийм ч их хоньтой биш, манайхаас 10 саяар л их. Харин манайд хониноос гадна ямаа, үхэр, адуу, тэмээ байна.
Хоёрдугаарт, 10 жилийн турш 10 тэрбум ам.доллар дээрээ гацна гэдэг сууриар нь дээш ахиулдаг зүйл дээр бодлогын том өөрчлөлт гарахгүй байна. Хөрөнгө оруулалт, хуримтлал бий болгохгүй байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Ноолуур дээр гэхэд “Говь” компани шиг дахиад гадны хөрөнгө оруулалттай ноолуур боловсруулах үйлдвэр Монголд хэрэгтэй. Үүнийг нийтийн эрх ашгийн үүднээс заавал дэмжих ёстой юм.
Түүнээс гадна Хятадын ч юмуу, зүүн өмнөд Азийн улс орнуудын хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлтийг хангая гэвэл боловсруулаагүй бүтээгдэхүүнээр хангаж чадахгүй гэдгийг сүүлийн 20 жилийн түүх харуулж байна. Тийшээ гаръя гэвэл боловсруулах ёстой, стандартыг хангах ёстой. Үүнийг хэн хийдэг вэ гэхээр гадны хөрөнгө оруулалттай компани л хийдэг юм байна.
-Заавал яагаад гадны хөрөнгө оруулалттай гэж. Дотоодын аж ахуйн нэгжүүд хийх боломжгүй юу?
-Ганц жишээ хэлье. Хятад хүнсний ногоогоор маш том экспортлогч орон. Манайх Хятадын ногоо муу гэдэг. Яс юман дээрээ бид өөрсдөө л мууг нь авч ирдэг. Гэтэл Өмнөд Солонгос, Япон руу гаргадаг муж Хятадад байдаг. Судлаад үзэхээр ногоог нь аваад боловсруулдаг хэсэг нь гадны хөрөнгө оруулалттай компаниуд байдаг. Тэд л Япон, Солонгосын стандартыг хангадаг. Эс бөгөөс чанарын асуудал үүсдэг. Манайд ч ийм. Олон улсын стандарт хангадаггүй, баталгаажуулах лаборатори байдаггүй гэх мэт. Сүүлд нь хэлэх санаа бол хувьчлал. Төрийн банкийг өнөөдөр хүртэл яагаад хувьчилдаггүй юм бэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг оруулж ирсэн нь сайн. Төрд авах нь түр зуурынх байх ёстой. Тодорхой хувийг дотооддоо, тодорхой хэсгийг гадны хөрөнгө оруулагчдад хувьчлах ёстой юм. Энэ нь нэг талаар үр ашгийг ахиулах, дунд хугацаандаа валютын эх үүсвэрийг нэмэх боломж юм.