Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол ням гаригт явагдана DNN.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2022 оны дөрөвдүгээр сарын 17-ны Ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

2022 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 16-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа.

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 30 сая төгрөг байна

Categories
мэдээ нийгэм

Б.Батмөнх: Дэл уулын хадны сүг зураг дүрслэл нь хүн, малын хөлд устаж үгүй болох эрсдэлтэй байна DNN.mn

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 25 хувь хүргэх зорилт тавьсан. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд 2030 онд нийт нутгийн 30, 2040 онд 33, 2050 онд 35 хувьд хүрэх зорилт тавьсан бөгөөд ингэснээр 8.7 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний үр өгөөж алдагдахаас урьдчилан сэргийлнэ гэж тооцжээ. Ингэхдээ ашиглахаас илүүтэй хамгаалах чиглэлийг баримталж, жилд дунджаар нэг хувиар өсгөж тооцоход 1.5 сая га талбайг тусгай хамгаалалтад авна.

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 13.8 сая га талбай бүхий дархан цаазат газар 22, 13.2 сая га талбай бүхий байгалийн цогцолборт газар 36, 5.7 сая га бүхий байгалийн нөөц газар 48, 0.1 сая га газар бүхий дурсгалт газар 14 зэрэг нийт 120 газар, 32.8 сая га газрыг тусгай хамгаалалтад авсан байна.Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хүрээнд 4, нийт 34 хамгаалалтын захиргаанд хамгааллын менежментийг хариуцан “Байгаль орчны багц хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулан 800 орчим албан хаагч ажиллаж байгааг салбарын яамнаас мэдээлсэн байдаг.

Байгалийн галерей болсон Дундговь аймгийн Дэл, Хөнжлийн уулыг улсын тусгай хамгаалалтад авна

Энэ онд 14 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсний дотор Дундговь аймгийн Дэл, Хөнжлийн уул болон Цагаан суварга орж байгаа юм.

Дэл, Хөнжлийн уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт оршдог. Баруунаас зүүн тийш 17 километр, хойноос урагш 8 километр сунаж тогтсон, жижиг жижиг дэл маягийн хаднаас бүрдсэн уул юм. Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумдын хилийн зааг дээр урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай залган оршино. Дэл уул нь тэр чигээрээ хадны сүг зургийн урлан гэдгээрээ онцлогтой. Хүн төрөлхтний түүх соёлын их өвийг хадгалсан, он цагийн хувьд МЭӨ III-I мянган жилд хамаарах түүхийн дурсгалт газар.

Энэ ууланд 1986 оноос хойш судалгаанууд хийгдсэн бөгөөд тухайн үеийн аж амьдрал, ахуй, соёлыг илэрхийлэх 5000 гаруй сүг зургийн дүрслэл, эртний Түрэгийн руни бичгийн 4 дурсгал, Тан улсын үед хамаарах Монгол болон Хятад бичээс, эртний хүмүүсийн оромж маягийн чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш илэрчээ.

“Дэл уулын гайхамшиг” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батмөнх “Дэл уулын Булаг билүүн, Зүүн билүүн хэмээх уртаашаа 10 км, өргөөшөө найман км хэсэгхэн газарт байдаг 5000 орчим хэмээн багцаалдаг хадны зургийг хуучин чулуун зэвсгийн неолит, хүрэл зэвсгийн, төмрийн түрүү үе болон хүннүгийн үед зурагдаж, бичигдсэн хэмээн судлаачид тогтоосон байдаг.

Монголын анхны бичиг үсэг болох дүрс болон руни бичиг, Тан улсын үеийн хятад бичгийн дурсгал, бүжиглэж буй 32 хүн, цонхтой гэр, хүрээ бүхий буруу харсан хас, туурайндаа дугуйтай адуу, үлэмж том биетэй хүн, одоогоор Монголын нутаг дэвсгэрээс гуравхан олдсон дөрвөн дугуйтай морин тэрэг, хамгийн том хэмжээтэй морин тэрэг зэрэг судлаачдын анхаарлыг татсан түүх, соёлын олон сонирхолтой дурсгалууд энд бий.

Хадны зурагнаас гадна шоргоолжин болон дөрвөлжин булш, хиргисүүр, гэрэлт хөшөө, хүн чулуу, хот балгасны үлдэгдэл, сүм хийдийн туурь зэрэг соёлын үл хөдлөх өв олон бий. Зурагнууд нь билүү чулуун хадны бараан өнгөнөөс бараг ялгагдахгүй аж. Хадны зургийг голчлон сийлэх, мохоо үзүүртэй багажаар цохиж гаргах зэрэг олон янзын аргыг хэрэглэн зурсан байдаг. Зурагнууд нь он цагийн хувьд харилцан адилгүй. Дэл уулын хаднаа хүнийг хэд хэдэн янзаар дүрсэлсэн байдаг. Тухайлбал, хүний гарыг нь зуралгүй толгой дээр нь гурван салаа зураас гаргаж мөрнөөс нь авахуулан нэгэн урт зүйл унжсанаар зурсан нь манай орны хадны зураг дотор ер тааралддаггүй аж.

Мөн өргөн орой бүхий малгайтай, гартаа жад барьсан морьтой хүн, баруун гартаа дугуй зүйл барьсан хоёр толгойтой хүн, амьтдын дээд талд дүрсэлсэн дугуй цэгүүд зэрэг дүрслэлүүд нь судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг” хэмээгээд энэ ховор, нандин соёлын өвийг хойч үедээ унаган байдлаар нь үлдээхийн тулд улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэйг онцлов. Гайхамшигт сүг зураг дүрслэл нь газрын онцлог тогтцоос шалтгаалан газар байдаг учраас хүн, малын хөлд устаж, үгүй болох эрсдэл байгааг мөн хэллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкинд 151.3 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ DNN.mn

Энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт 151,328,086,239 /нэг зуун тавин нэгэн тэрбум гурван зуун хорин найман сая наян зургаан мянга хоёр зуун гучин ес/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байгааг Хөгжлийн банкнаас мэдээллээ.

Зээлийн ангиллаар авч үзвэл,

  • Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 33,716,151,185 төгрөг
  • Анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 55,756,572,511 төгрөг
  • Чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 34,261,069,401 төгрөг тус тус төлөгдөөд байна.

Мөн 27,594,293,143 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан аж.

зураг

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 42 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Манай улс энэ сарын 1-7-нд авто замаар 1,883 чингэлэг, төмөр замаар 150 чингэлэг, оны эхнээс тооцвол нийтдээ 2.74 сая тонн нүүрс экспортод гаргажээ.

Мөн хугацаанд авто замаар 216 чингэлэг, төмөр замаар 199 чингэлэг, оны эхнээс тооцвол 362.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 10.1 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 4, төмөр замаар 1342 чингэлэг буюу оны эхнээс нийт 710.2 мянган тонныг экспортолжээ.

Монголбанк оны эхнээс дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар 3.53 тонн алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 224.4 кг-аар буюу 6.8 хувиар өссөн байна.

Улсын хэмжээнд энэ сарын 7-ны өдрийн байдлаар нийт 162,047 тонн шатахууны нөөц байгаагаас:

  • А-80 автобензин 13,099 тн буюу 79 хоног
  • АИ-92 автобензин 56,064 тн буюу 42 хоног
  • АИ-95 автобензин 4,232 тн 48 хоногт
  • ДТ 87,389 тн буюу 32 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 80,459 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас:

  • А-80 автобензин 3,659 тн
  • АИ-92 автобензин 36,405 тн буюу 38
  • АИ-95 автобензин 2,623 тн буюу 39
  • ДТ 36,650 тн буюу 33 хоногийн нөөцтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Манай улс он гарсаар нийт 443.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

Categories
мэдээ нийгэм

ЖДҮХС-гийн захирал асан О.Мөнгөнцэцэгийг гэм буруутайд тооцлоо DNN.mn

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал асан О.Мөнгөнцэцэгт шүүхээс торгуулийн ял оноож, албан тушаалд томилогдох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хассан байна. Тодруулбал, О.Мөнгөнцэцэг нь 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа хөнгөлөлттэй зээл олгох төсөлд нөхрийнх нь төрсөн дүүгийн нөхөр Ш.Оргилын “Ийстерн Агро” ХХК оролцож байгааг мэдсээр байж, хамаарал бүхий харилцаагаа илэрхийлж татгалзах үүргээ зөрчиж тус компаний төслийг сонгон шалгаруулж, 400.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамруулан давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ.

Улмаар шүүгдэгч О.Мөнгөнцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Төрд буюу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд учирсан 400.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор тус хэргийг шүүхээс урьд 2 удаа прокурорт буцааж байсан бөгөөд шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас төлөгдөөгүй үлдсэн 327.138.378 төгрөгийн хохирлыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд “Ийстерн Агро” ХХК-ий үл хөдлөх хөрөнгүүдийг дүйцүүлэн тооцож шилжүүлэн өгөх байдлаар харилцан тохиролцож, төрд учирсан хохирол бүрэн төлөгдсөн болно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг энэ сарын 30-наас явж эхэлнэ DNN.mn

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг энэ сарын 30-наас явж эхлэхээр болсныг Улаанбаатар төмөр зам ХНН мэдэгдлээ.

Тодруулбал, Эрхүүгийн чиглэлийн галт тэрэг Улаанбаатараас 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс, Эрхүүгээс дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн аялах аж.

Цагийн хуваарь:

Улаанбаатар – Эрхүү чиглэл:

БЯМБА, НЯМ гарагт Улаанбаатар хотын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүү хотод НЯМ, ДАВАА гарагт Москвагийн цагаар 10:15 цагт хүрнэ.

Эрхүү- Улаанбаатар чиглэл:

БААСАН, МЯГМАР гарагт Москвагийн цагаар 02:57 цагт хөдөлж, Улаанбаатар хотод Улаанбаатар хотын цагаар БЯМБА, ЛХАГВА 06:38 цагт ирэх аж.

Тавигдах шаардлагын тухайд хилээр гарахад 48 цагийн дотор хүчинтэй ПСР шинжилгээ өгсөн бичиг англи хэл дээр байна. /Цаг нь тодорхой байх/

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Н.Дэлгэрцэцэг: Өөрийгөө хүчлэхгүйгээр өдөр бүр бага багаар урагшилсаар байвал хүссэн үр дүндээ хүрч чадна DNN.mn

Санхүүгийн менежмэнтийн улсын VIII олимпиадад амжилттай оролцож хувийн болон багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн Санхүү эдийн засгийн их сургуулийн санхүү менежмэнтийн ангийн төгсөх курсийн оюутан Н.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.


-Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Сайн байна уу? Намайг Н.Дэлгэрцэцэг гэдэг. Би Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийг төгсөөд өөрийн сонирхлын дагуу Санхүү эдийн засгийн их сургуульд элсэн орж байсан. Энэ жил их сургуулиа санхүүгийн менежмэнтийн чиглэлээр төгсөж байгаа.

-Санхүүгийн менежмэнтийн улсын олимпиадын талаар тодруулбал?

-Санхүүгийн менежмэнтийн улсын олимпиад нь энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдсан. Банк, санхүүгийн чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудын хувьд ихээхэн ач холбогдолтой тэмцээнүүдийн нэг гэж хэлж болно. Тус олимпиад нь олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээчдийн “CFA Program”-ын нэгдүгээр түвшний шалгалтын хүрээнд агуулга нь байдаг гэдгээрээ хамгийн онцлогтой. CFA хөтөлбөрийн талаар товчхон дурдвал, мэргэжлийн болоод ёс зүйтэй санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой, гурван түвшний шалгалт бүхий хөтөлбөр байдаг. Уг гурван түвшний шалгалтаа даваад, тодорхой ажлын туршлага, бусад шаардлагуудыг хангасны үр дүнд “CFA char­terholder” цолыг эзэмшдэг. Шалгалтуудын хувьд, түвшин бүрт нийт шалгалт өгч буй хүмүүсийн 40-50 орчим хувь нь тэнцдэг, харьцангуй хүнд шалгалтуудын нэгт тооцогддог бөгөөд үүнийгээ дагаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй цол юм. Санхүү менежмэнтийн улсын олимпиадад нэг их сургуулиас таван гишүүний бүрэлдэхүүнтэй хоёр хүртэлх баг оролцох боломжтой бөгөөд хоёр үе шаттайгаар явагддаг. Эхний шатанд оюутнууд тус тусдаа тестийн шалгалтад ажилладаг бол хоёрдугаар шатанд санхүү менежмэнт, хөрөнгө оруулалттай холбоотой кейс ажилбаруудыг багаараа ажиллан танилцуулдаг. Эхний шатны дүнгээр хувийн дүн гардаг бол нэг болон хоёрдугаар шатны дүнг дундажлан багийн дүн гардаг. Энэ жил нийт найман их, дээд сургуулийн 13 баг оролцсон бөгөөд багуудын дүн маш ойрхон онооны зөрүүтэй ширүүхэн өрсөлдөөнтэй байсан.

-Өнөө үед хүүхдүүдийг шинжлэх ухаан, математик, физик, химид дуртай болгоход юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Дуртай болгох шаардлагагүй гэж хэлнэ. Арван жилийн хүүхдүүдийг эцэг эхчүүд нь математикт л сайн болгохыг их хүсдэг юм шиг санагддаг. Гэхдээ дэлхий дээр математикаас өөр олон шинжлэх ухаан, салбарууд байгаа. Үнэхээр математикт дургүй байгаа бол хүчээр дуртай болгох гэж цаг үрсний оронд өөрийн сонирхолтой, дуртай зүйлээ олоход цагаа зарцуулсан нь дээр гэж боддог. Гэхдээ энэ нь математикийг тэр чигт нь хая гэсэн үг биш бөгөөд энгийн суурь ойлголтуудаа цэгцтэй, системтэйгээр ойлгочихсон байхад л болно гэж бодож байна.

Зарим үед сурах зөв арга барилаа олоогүй, эсвэл хичээл зааж буй багшийн арга барил тохироогүйгээс үүдэн математикт дургүй болох хандлага байдаг. Тиймээс янз бүрийн сурах арга барилыг туршиж үзэн, сурах аргачлалаа нэг солиод үзээрэй гэж хэлмээр байна.

-Математик хичээлдээ хэр их цаг зарцуулдаг вэ?

-Банк, санхүүгийн бакалаврын хөтөлбөрүүд зөвхөн математик гэхээс илүү, математикийг суурь болгосон санхүүгийн менежмэнт, хөрөнгө оруулалт чиглэлийн хичээлүүдийг заадаг. Миний хувьд, CFA хөтөлбөрийн 1 дүгээр түвшний шалгалтыг энэ оны хоёрдугаар сард өгсөн бөгөөд шалгалтад бэлдэх явцдаа Их сургуулийн дөрвөн жилд сурсан зүйлээсээ илүү системтэйгээр багцлан ойлгож авсан. Энэ хугацаанд ерөнхийдөө өглөө сэрснээс орой унтах хүртлээ л ном шагайж өнгөрөөдөг байсан. Гэхдээ аливаа зүйлд суралцахад өдөрт тийм их цагаар суухыг дэмждэггүй. Аль болох эртнээс хийх зүйлсээ төлөвлөөд, өөрийн бие физиологийн онцлогт тохируулан бүтээмж хамгийн өндөр байдаг цагууддаа үр дүнтэйгээр хичээллэх нь тохиромжтой гэж боддог. Мөн тухайн суралцаж буй зүйлээ өдөр бүр давтамжтайгаар тодорхой цагт хийж, амьдралынхаа нэг хэсэг, зуршлаа болгочихвол сайн үр дүнд хүрэх нь гарцаагүй болов уу.

-Давтлага, сургалтад хамрагддаг уу?

-Давтлага авдаггүй. Хүн ер нь өөрийн үр дүнтэй суралцах арга барилыг л олоод авчихвал ямар ч зүйлийг хичээгээд сурах боломжтой. Миний хувьд, бусадтай ярилцан лекц сонсож ойлгохоос илүү өөрөө ном, сурах материалууд уншиж, өөртэйгөө ярилцах байдлаар “self-study” хийх нь илүү үр дүнтэй байдаг.

-Гадаадын сайтуудаас бодлого боддог уу?

-CFA хөтөлбөрийн номнууд нь өөрөө англи хэл дээр байдаг бөгөөд шалгалтад бүртгүүлэхэд төрөл бүрийн сурах материал, бодлого, тест, мок шалгалтуудаар хангаж өгдөг. Тэдгээрийг л ашигладаг даа. Мөн санхүү эдийн засгийн их сургууль нь хичээл сургалтын үеэр ерөнхийдөө байнга гадаадын кейс ажилбар, бодлого зэрэг дээр ажиллуулдаг.

-Ном уншдаг гэсэн. Ямар төрлийн ном уншдаг вэ?

-Ерөнхий боловсролын сургуульд байхдаа уран зохиолын номнууд их уншдаг байсан. Уншсан номын тэмдэглэлээрээ онцгойрч тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдгийг хоёр удаа авч байсан. Харин оюутан болсноос хойш өөрийн мэргэжилтэй холбоотой номнуудыг илүү унших болсон. Мөн сүүлийн үед хүн хоорондын харилцаа, сэтгэл зүй, сэтгэл судлалын чиглэлийн номнуудыг сонирхож байгаа. Залуучуудыг өөрийн сонирхолтой, уншихыг хүссэн зүйлсээ л гүнзгийрүүлж судлаарай, мөн сүүлийн үед болж буй мэдээ мэдээллүүдээс хоцролгүй яваарай гэж уриалмаар байна.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Сэтгэл санааны хувьд эрч хүчтэй, бүтээмжтэй амьдрахад дасгал хөдөлгөөн заавал хийх хэрэгтэй санагддаг. Тиймээс өдөрт 30 минутаас нэг цагийг дасгал, йога эсвэл бясалгал хийж өнгөрөөдөг. Би арван жилээсээ хойш баллетаар хичээллэж байгаа, энэ нь нэг төрлийн хатуужил, тэвчээр, тууштай байдлыг заадаг гайхалтай урлаг юм. Ерөнхийдөө, чөлөөт цаг гарвал баллет, жүжиг, сонгодог урлагийн тоглолтууд үзэх, ууланд гарах, ном унших, найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ сайхан дурсамжуудыг бүтээхийг хүсдэг. Мөн хувиараа жижиг бизнес эрхэлдэг, сул цагаараа тийшээгээ анхаарлаа хандуулдаг.

-Өдрийн цагийн хуваариасаа хуваалцвал?

-Энгийн үед өглөө 7-8 цагийн хооронд сэрээд өдрийн эрч хүч, шим тэжээлээ авахуйц өглөөний цай уучихаад, тухайн үед сурч буй эсвэл хийх ёстой хамгийн чухал зүйл рүүгээ шууд ордог. Учир нь миний бүтээмж өглөө хамгийн өндөр байдаг. Орой хийхэд 2-3 цаг шаарддаг ажлыг өглөө сэргэг үедээ нэг цагийн дотор хийчих талтай. Ингээд өдрийн цагаар бусад хичээл, ажлуудаа амжуулж аваад, оройдоо баллетын дасгал, бясалгал хийх, ном унших зэргээр өөртөө цаг гаргадаг (энэ нь миний өдрийн хамгийн дуртай хэсэг).

Хэт ачаалалтай байгаа онцгой үеүдэд энэ хуваарь нь өөрчлөгдөөд өглөө 5-6 цагийн хооронд босч, ажил, хичээл гэж явсаар өөртөө гаргах цаг багасах хандлагатай байдаг. Гэхдээ аль болох сайн төлөвлөөд, бүх зүйлсийн балансыг тааруулж амьдрахыг хүсдэг. Хэт өөрийгөө хүчлэхгүй, хичээх үедээ тултал хичээгээд, тууштайгаар өдөр бүр бага багаар урагшилсаар л байвал хүссэн үр дүндээ хүрч чадна гэж итгэдэг.

-Цаашид юуг хийж бүтээхийг зорьж байна вэ?

-Ойрын хоёр жилийн хугацаанд CFA хөтөлбөрийнхөө гурван түвшний шалгалтыг давж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Мөн энэ жил Их сургуулиа төгсөж байгаа учир 2-3 жил санхүүгийн салбарт мэргэжлээрээ өөрийн сонирхож буй хэд хэдэн чиглэлээр ажиллаж үзээд, тэр процесс дундаас өөрийн хамгийн хүсэл тэмүүлэлтэй байгаа зүйлээ олно. Түүнийхээ дараа уг чиглэлээрээ Европын томоохон Их сургуульд магистрын зэрэг хамгаалахыг зорьж байна. Мөн дэлхийн олон хотуудад мэргэжлээрээ ажиллаж, амьдарч үзэхийг хүсдэг. Дараа нь өөрийгөө хангалттай боловсорсон гэж үзсэн үедээ тэрхүү мэдлэг мэргэжлээ эх орныхоо бүтээн байгуулалтад зориулж, чаддаг зүйлээрээ нийгэмд үнэ цэнэ бүтээхийг хүсдэг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-СУРВАЛЖИЛГА: Иргэд эмийн сангаас эм ширхгээр нь зээлж авч байна DNN.mn

Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж хаа саагүй үнийн өсөлт, тээвэрлэлтийн талаар ярьж байна. Хүнсний дэлгүүрт зарагдаж буй бүх барааны үнэ өсч, талхаа таллаж авдаг болох нь хэмээн иргэд халаглаж сууна. Дэлгүүр, түцний өрийн дэвтэр гэж эрээн алаг хуучирсан юм байдаг бол одоо эмийн сангуудад өрийн дэвтэр бий болжээ. Энэ нь иргэд эм, тариагаа хүртэл зээлээр авдаг болтлоо туйлдаж байгааг илтгэж байгаа явдал юм.


Энэ талаар эмийн сангуудаас тодрууллаа.


Эм зүйч Ч.Мөнхзул “Манай эмийн сан 22 дахь жилдээ ажиллаж байна. Олон үйлчлүүлэгчтэй болчихсон болохоор зээл их өгнө. Эд материал зарж байсан бол зээлэхгүй л байсан байх. Гэхдээ өвдөөд ороод ирж байгаа хүнд зээлэхгүй гээд сууж чаддаггүй. Миний өрийн дэвтэрт нийтдээ 10 гаруй сая төгрөгийн зээл байна. Хамгийн ихдээ 800 мянган төгрөг, багадаа 6.000 төгрөг. Өрөө төлөхгүй алга болсон хүн байдаг л юм. Буянаараа болог гээд орхидог. Хүн эмийг хамгийн багадаа 3-5 өдөр ууж байж үйлчилгээ нь илрэх байтал мөнгөгүй болохоор өдөр өдөрт нь ширхгээр авна. Тэрийгээ бүр зээлээр авах тохиолдол ч бий. Ихэвчлэн халуун буулгах, өвчин намдаах, даралт, зүрх судас, ханиадны эмүүдийг зээлээр өгдөг. Тэгээд өр тавьж байгаа хүмүүсийн дийлэнх нь гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүд болон өндөр настангууд. Одоо ээжүүдийн их авдаг антибиотикийн төрлийн сиропнууд тасарч ховордсон” гэлээ.

No description available.


Даралтны эмийг ширхгээр зээлж авдаг. Нэг айлын өр гэхэд л 800 мянган төгрөг болсон


Харин Эм зүйч н.Батцэнгэл “Нээгдээд гурван сар болж байгаа ч өрийн дэвтэр маань хэдийн гурван сая давсан.

Нэг айлын өр гэхэд л 400 мянган төгрөг гарчихсан.  Яаралтай тусламжийн эмүүдийг их зээлээр авна.

Өвчин намдаах, халуун буулгах, шарх сорив боох боолт гэх мэт. Өндөр настай хүмүүс, хоёроос дээш хүүхэдтэй ээжүүд ихэвчлэн өр тавьдаг. 1600 төгрөгийн үе мөнчний эм, 800 төгрөгийн цитрамоныг ширхгээр авдаг. Хотын төвд бол худлаа ярьж байна гэж бодох байх. Гэхдээ үнэн. Өдөр болгон зээл шүү дээ. Даралт 163\97 хүрчихсэн харвах гэж байгаа хөгшин хүртэл зээлээр эмээ аваад гарч байна” гэсэн юм .

No description available.


“Хүмүүс мөнгөгүй, машингүй гээд эмнэлэг явахаа больсон байна” ГЭВ


Аминд тулсан хэцүү үед нь тусламж үйлчилгээ үзүүлэх эсхүл хэрэгтэй эмийг нь зээлээр өгч байсан эсэхийг асуухад “Эмч хүнд хэзээ ч худлаа ярьдаггүй юм. Толгойгоо хагалчихлаа, хүүхдээ түлчихлээ, нохойд хазуулчихлаа, амьсгал боогдоод байна гээд л ороод ирнэ. Тэгэхэд би чамайг танихгүй, зээл өгөхгүй гэж гаргаж болохгүй. Шууд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Саяхан астма буюу амьсгалын дэд замын багтраа өвчтэй хүний багтраа нь боогоод хөхөрчихсөн, ухаан алдаад хүү нь чирээд орж ирж байсан. Түргэн дуудсан боловч яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй байсан учир би эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байлаа. Эмийн санд тарилга хийхийг хориглодог ч нүдний минь өмнө хүн үхэх гээд байхад шууд л тусална” хэмээн ярьсан юм.

No description available.

Эм зүйч н.Нарангэрэл “Залуучууд ичиж санаа зовж, нууж бэлгэвч авдаг. Тэрийгээ болих хэрэгтэй. Харин ч зах замбараагүй үр хөндөлтөөс сэргийлж байгаа соёлтой хэрэглээ. Өвлийн улиралд бэлгэвч авах нь ховор. Зун болоод ирэхээр харьцангуй ихээр авна. Өмнө нь 2500, 3500 төгрөгийн 3 ширхэгтэй бэлгэвчийг залуучууд 2, 3-аар нь авдаг байлаа. Одоо ширхэг нь 300 төгрөгийн үнэтэй мөнгөлөг гээд задгай бэлгэвчийг 10 ширхгийг авдаг болсон байна” гэлээ.

М.САЙНЗАЯА

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Ёлын хэцийн хадны оршуулгаас олдсон хос гутал DNN.mn


Увс аймгийн Өмнөговь, Тариалан сумдын зааг “Ёлын Хэцийн эх” хэмээх газарт нэгэн хөндөгдөж тоногдсон хадны оршуулгыг 2019 онд малтан судалжээ. Малтлага судалгааны үр дүнд харьцангуй сайн хадгалагдсан дундад зууны үеийн оршуулгыг илрүүлэн судалсан бөгөөд сонирхолтой хэд хэдэн олдвор хэрэглэгдэхүүн илэрч олдсоны нэг нь хос арьсан гутал юм.
Энэхүү гутал нь шарилд өмсгөөтэй чигээрээ үлдэж хоцорсон байх бөгөөд хүрэн шаргал өнгийн ширээр хийж олон хэсэг залган оёжээ. Нарийн шөвгөрдүү хоншоортой, түрийгээрээ хэлхгэр өргөн загвартай ажээ. Гутал түрий, зулаг, хоншоор, ул зэрэг үдсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд нийт 13 хэсгийг залган оёж хийсэн байна. Ёлын хэцийн хадны оршуулгаас илэрсэн уг гутал Цагаан ханан, Шүүтийн хадны оршуулгаас илэрсэн гуталтай хэлбэр, хийцийн хувьд тун ойролцоо байгаа юм. Эдгээр дурсгалын он цагийг судлаачид XIII-XIV зууны үед холбогдуулан үзсэн байна.
Эх сурвалж: Ц.Цэлхагарав, Я.Бемманн, Ц.Төрбат Ёлын хэцийн хадны оршуулга. //Studia Archaeologica. Tomus XXXIX, Fasc. 17. Улаанбаатар, 2020.
Categories
мэдээ нийгэм

УБТЗ: Төмөр замуудын хилийн өртөөдийг шинэчилж өргөтгөнө DNN.mn

“УБТЗ” ХНН, “Хөх хотын төмөр замын групп” компани болон “Оросын төмөр замууд” НХН-ийнхан төмөр замуудын хилийн өртөөдийг шинэчилж өргөтгөх асуудлаар зөвшилцөн тохиролцжээ.

Хятадын тал Эрээн өртөө болон Эрээн-Жинин өртөө хоорондын замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг хийхээ мэдэгдэж, уг ажил эхэлсэн бол Оросын тал хилийн Наушки өртөө болон Наушки-Улаан-Үүд өртөө хоорондын замын өргөтгөл шинэчлэлтийг энэ онд хийхээ мэдэгджээ. Хөрш төмөр замуудын эдгээр өртөөдийн хүчин чадал нэмэгдсэнээр экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж, манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх талаар УБТЗ-аас мэдээллээ.