Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хоёр хүний суудалтай цахилгаанаар нисдэг автомашин нээлтээ хийнэ DNN.mn


Нисдэг машин үйлдвэрлэгч Японы “SkyDrive” компани “Suzuki” компанитай хамтран цахилгаанаар нисдэг машин бүтээж байна. Машиныг 2025 онд Осакагийн дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр бүтээж дууссан байхаар төлөвлөжээ.

Нисдэг машин найман хөдөлгүүртэй, хоёр хүний суудалтай, тунгалаг бүхээгтэй, хагас тонн жинтэй ачааг 500 метрийн өндөрт өргөж, хамгийн дээд тал нь 100 км цагийн хурдтай нисэх боломжтой аж. Мөн газарт буугаад цагт 60 км/цаг хурдлах боломжтой бөгөөд гурван дугуйтай цахилгаан машин болж хувирдаг онцлогтой.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн 5.829 гадаадын иргэн байна DNN.mn

Монгол Улсад өнөөдрийн/2022.04.12/ байдлаар 120 улсын 16,919 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 312, хөрөнгө оруулахаар 1,576, хөдөлмөр эрхлэхээр 5,829, гэр бүлийн зорилгоор 6,401, суралцахаар 763, цагаачлахаар 1,885, түр 153 гадаадын иржээ.

Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлснээр 2022 оны гуравдугаар сард 1,578 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 214 гадаадын иргэнд виз олгосон байна.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 416 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 832 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Энэхүү тоон үзүүлэлтийг 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 45.7 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 47.6 хувиар өссөн бол виз олголт 72.1 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 21.2 хувиар буурчээ.

Өнгөрөгч гуравдугаар сард 626 аж ахуйн нэгж, байгууллагын 1,377 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн сум бүрд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулна DNN.mn

зураг

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймаг 20 сая мод тарьж ургуулна.

“Тэрбум мод-Баян-Өлгий аймаг” зөвлөгөөн Өлгий хотод боллоо. Тус аймаг үндэсний хөдөлгөөний хүрээнд ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинээр мод үржүүлгийн дөрвөн талбай байгуулах юм. Мөн мод тарьж ургуулсан, ногоон байгууламжаа нэмсэн, жимсний аж ахуй хөгжүүлэх байгууллага, иргэдийг бодлогоор дэмжинэ.

300 га талбайд жимс, жимсгэнийн 900 мянган мод тарих бөгөөд “Өрх бүр таван ширхэг мод” аян өрнүүлж, сум бүрд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм.

Энэ онд гэхэд л Өлгий суманд 114 га талбайг хашаажуулах бөгөөд 120 га талбайд 300 мянган ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Мөн 20 хүртэл мянган тарьц, суулгац худалдаж авч цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах, ойг нөхөн сэргээх, ойжуулах юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эдийн засгийн мега төсөл гэж ойлгож болно. 2030 он хүртэл тэрбум мод тарихад жилд 100 сая үр суулгацыг бэлдэх хэрэгцээ үүсэж байгаа. Үүнийг дагаад ажлын байр, үйлдвэржилт нэмэгдэнэ.

Мод тарихад усжуулалтын систем чухал. Хашаа, хайс хамгаалалтын системийн шинэ шийдлүүд гарч ирнэ. Орон нутгууд өөрсдийн онцлогт тохирсон шийдлүүдийг оновчтой төлөвлөх шаардлагатайг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.

Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр 3 сая, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр таван сая мод тарих саналтай байгааг аймгийн Засаг дарга Д.Бауыржан хэлэв.

Малчдын хашиж хамгаалсан 1,400 га талбайг хадлангийн хамгаалалтын зурвас байгуулах замаар ойжуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид Сагсай суманд Мод үржүүлгийн газарт ажиллалаа. Энд аж ахуйн нэгжүүд 20 га газарт мод, жимс, жимсгэнийн мод тарьсан байна. Ажлаа хэвийн явуулахад нэмэлт хөрөнгө шаардлагатай байгааг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Бейбитхан хэллээ.

Categories
гадаад мэдээ

Гадаад валютын нөөц нь багассан Балба улс импортоо хязгаарлалаа DNN.mn

зураг

Гадаад валютын нөөцгүй болсон шалтгаанаар Балба улс онц чухал биш бараа бүтээгдэхүүний импортыг хязгаарлах арга хэмжээ авчээ.

Импортын хязгаарлалтад автомашин, косметик, алт, үнэт эдлэл зэрэг бараа багтсан байна.

Балба улсад аялал жуулчлалын салбарын орлого багассан, гадаадад ажилладаг иргэдийнх нь ар гэртээ илгээдэг мөнгөний хэмжээ буурсан зэрэг нь валютын нөөц хомстоход хүргэжээ.

Үүссэн хямралтай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Балбын төв банкны ерөнхийлөгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.

Хоёрдугаар сарын дунд үеийг хүртэл сүүлийн долоон сарын хугацаанд Балбын гадаад валютын нөөц 16 хувиар буурч, $9.59 тэрбумтай тэнцэх хэмжээнд хүрчээ.

Ижил хугацаанд гадаадаас Балбын иргэдийн эх орондоо илгээдэг мөнгөний хэмжээ 5 хувиар буурсан байна.

“Чухал шаардлагатай бараа бүтээгдэхүүний импортыг хадгалж үлдэхийн тулд онц шаардлагагүй импортыг хязгаарлахаас өөр аргагүй боллоо” гэж Балбын төв банкны хэвлэлийн төлөөлөгч Нараян Прасад Похарел өчигдөр мэдээлжээ.

Хэрвээ төлбөрийг нь урьдчилж бүрэн төлсөн бол импортлохыг нь зөвшөөрөх 50 төрлийн тансаг ангиллын барааны жагсаалтыг төв банкнаас гаргасан байна.

“Энэ бол импортын хориг биш, хязгаарлалт юм” гэж Похарел тайлбарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт Балбын засгийн газар тус улсын төв банкны ерөнхийлөгч Маха Прасад Адхикариг ямар нэг шалтгаангүйгээр албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх засгийн газрын өрийн хэмжээ өсөж, 43 хувьд хүрсэн нь цар тахлын үеийн эдийн засгийг тэтгэх арга хэмжээнүүдийн үр дүн болжээ.

Гэхдээ Балбын эдийн засгийн нөхцөл байдал “хэвийн” байгааг тус улсын сангийн яам Даваа гарагт мэдэгдсэн байна.

Сангийн сайд Жанардан Шарма засгийн газрынх нь өрийн хэмжээ бүс нутгийн олон улс орныхтой харьцуулахад бага байгааг энэ үеэр баталсан юм. Тухайлбал тэр өөрийн улсын нөхцөл байдлыг Шри Ланка улсын хямралтай харьцуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Шарма сайд “Манай нөхцөл байдлыг Шри Ланка улсынхтай зарим хүмүүс харьцуулж байгаад би гайхаж байна” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Шри Ланка улс мөн валютын нөөцгүй болсны улмаас гадаад өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн юм.

Одоо Шри Ланкад 1948 онд Британийн колоничлолоос чөлөөлөгдсөнөөс хойших хамгийн том эдийн засгийн хямрал тохиолдоод байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Шри Ланкын засгийн газар төв банкны захирлаа сольж, үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор мөнгөний бодлогын хүүгээ бараг хоёр дахин өсгөсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Урианхай сурын харваанд түрүүлсэн харваачид приус машин бэлэглэнэ DNN.mn

Монголын Урианхай сурын холбооны Ерөнхийлөгч Т.Түмэндэлгэрийн санаачилсан урианхай сурын хасагдах харваа 2022 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын сурын талбайд амжилттай болж өндөрлөлөө.

Харваачдын чансааг тодорхойлон өрсөлдөөнийг нэмэгдүүлж ур чадварыг дээшлүүлэх зорилгоор уг тэмцээнийг санаачилсан.

Урианхай сурын харваанд цэц мэргэнээ сорьж буй харваачдынхаа амжилт хөдөлмөрийг үнэлж Улсын баяр наадмаар УРИАНХАЙ СУРЫН ХАРВААНД Түрүүлсэн харваачийг ПРИУС машинаар урамшуулна хэмээн Монголын Урианхай сурын холбооны Ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр мэдэгдлээ.

УРИАНХАЙ СУРЫН ХАСАГДАХ СИСТЕМЭЭР ЯВАГДАХ ХАРВАА ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ЯВАГДЖЭЭ.

1-р шат буюу БОСГО ХАРВАА:

Харваач тус бүр 20 суранд 9 сум харваж 4 буюу түүнээс дээш оносон харваачид дараагийн шат ДУНД ХАРВААНД харвах эрхтэй болно.

Босго харвахдаа 3 буюу түүнээс бага онож хасагдсан харваачид нэмж 6 сум харваж нийлбэр 15 сумнаас оноогоор нь эрэмблэн харваж

1-р байр Ховд аймгийн Булган сумын Уугуул Петровист багийн харваач СДМ Л.Отгоншар

2-р байр Залуу харваач М.Төрмөнх

3-р байр Баян-Өлгий Аймгийн Булган сумын Уугуул Залуу харваач Б.Нацагаа нар БОСГО Харвааны эхний гурван байрыг эзлэжээ.

ДУНД ХАРВАА:

Дунд харваанд харваачид 20 суранд 9 сум нэмж харван нийлбэр 18 сумнаас 9 буюу түүнээс дээш оносон харваачид дараагийн шат ТҮРҮҮ ХАРВААНД харвах эрхтэй болно.

Дунд харваандаа 8 буюу түүнээс бага оносон харваачидад 3 сум нэмж харван нийлбэр 21 сумнаас оноогоор нь эрэмблэн харваж

1-р байр Ховд аймгийн Булган сумын Уугуул Мондэ багийн харваач Л.Баттулга

2-р байр Дархан Хотын харваач Ганбаатар

3-р байр БаянӨлгий буянт сумын уугуул Дархан уул аймгийн Шарын гол сумын харваач Ө.Баянбаатар нар ДУНД Харвааны эхний гурван байрыг эзлэжээ.

ТҮРҮҮ ХАРВАА:

Түрүү харваанд шалгарсан харваачид 10 суранд 12 cум нэмж харван нийлбэр 30 сумны оноогоор нь эрэмблэн харваж:

Тэргүүн байр: БӨА-Н Буянт сумын Уугуул Тагнуулын ерөнхий газар ЭРЧ спорт хороо, Өндөр Алтайн Буян компанийн харваач Урианхай сурын Улсын Мэргэн Т.Очироо /26 оноо/ Алтан медаль, Өргөмжлөл, 1.000.000 тэргүүн байрын шагналыг Монголын Урианхай Сурын Холбооны Ерөнхийлөгч Т.ТҮМЭНДЭЛГЭР ивээн тэтгэв.

Дэд байр: Сэлэнгэ аймгийн залуу харваач Ч.Баттогтох /24 оноо/

Гуравдугаар байр: Архангай аймаг, Алдар Спорт хороо Алдар Жем багийн харваач Спортын мастер Б.Баасанбат /24 оноо/

Дөрөвдүгээр байр: БӨА-н Өлгий сумын Уугуул Зэлмэ клубын харваач Спортын мастер Т.Батхүрэл /24 оноо/ Хүрэл медаль

Тавдугаар байр: Төв аймаг, Цэц багийн харваач Ж.Насанбат /23 оноо/ нар шалгарчээ

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн төгсөлтийн үеэр багш, удирдах ажилтанд бэлэг, эд материал өгөхгүй байхыг зөвлөлөө DNN.mn

Төгсөлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор Боловсролын Ерөнхий Газраас суралцагчид болон багш, эцэг эхчүүдэд хандан дараах зүйлийг зөвлөлөө.

Тодруулбал,

БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА:

  • Төгсөлтийн баяр тэмдэглэх нэрийдлээр аялал зугаалга, нийллэг зохион байгуулахгүй байх
  • Төгсөлтийн баярыг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгох
  • Боловсролын баримт бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх
  • Мэргэжил сонголт, дараагийн шатны сурах хүсэл мөрөөдлөө хуваалцдаг хэлэлцүүлэг болгох

БАГШ НАР:

  • Оюутан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлэх
  • Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал зэргийг худалдан авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах
  • Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх
  • Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх сурлагын амжилтыг бодитой үнэлдэг байх
  • Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх
  • Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах
  • Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх
  • Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж, хээл хахууль авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх
  • Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх
  • Хуримтлалын сан үүсгэх гэх мэтээр тэгшитгэж, хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх
  • Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахгүй байх
  • Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИД:

  • Багш, удирдах ажилтан, байгууллагад бэлэг сэлт, эд материал өгөхгүй байх
  • Боловсролын байгууллагын багш, ажилтныг ёс зүйн зөрчилд орох эрсдэл үүсгэхээс сэргийлэх бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид, оюутан сурагч та бүхэндээ зөвлөж байна гэжээ.
Categories
мэдээ нийгэм

ЗГ: ​Ажлын хэсэг хилийн боомтуудад ажиллана DNN.mn

Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ.
Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас Ковид-19 цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт 250 машин гарч байна.
Экспортыг нэмэгдүүлэх, нэвтрэн өнгөрөх чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалсан Ажлын хэсэг маргаашнаас хилийн дөрвөн боомтод ажиллах юм байна.
“Санхүүгийн үйл ажиллагаа харьцангуй сайжирч байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголбанкинд 130 сая ам.доллар нийлүүлсэн. Энэ дөрөвдүгээр сард багтаан 150 сая ам.доллар нийлүүлнэ” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг ярьжээ.
Мөн “Өнөөдрийн байдлаар Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсэд 4,6 сая тонн нүүрс байна. Тусдаа гарц нээж, нэг сарын дотор экспортлох боломжтой” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

​“11 11” төвд ирсэн иргэдийн санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавина DNN.mn


Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбогдуулан тус төвд хандсан иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явц, түүнд тавих хяналтыг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцын талаарх тайлан мэдээг Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулах, иргэдийн санал хүсэлтэд хандалт өндөр байгаа асуудлаар холбогдох албан тушаалтныг иргэдтэй уулзуулах ажлыг тогтмол зохион байгуулах, иргэдийн санал хүсэлтэд дурдсан Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаарх ажил хэрэгч саналыг судлан дүгнэлт хийж, төрийн бодлого, шийдвэрт тусгуулах арга хэмжээ авч байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Иргэд, олон нийттэй харилцах төвийг өргөжүүлснээр буюу энэ сарын 1-нээс иргэдээс өдөрт хүлээн авах санал, хүсэлтийн тоо 5-6 дахин нэмэгджээ. Санал, хүсэлтийг хуульд заасан хугацаанд нь мөн богино хугацаанд шийдвэрлэх боломжтой асуудлыг хугацаанаас нь өмнө шийдвэрлэж өгөх нь зүйтэй. Шийдвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах, иргэдийн асуултад бодитой хариу өгч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг дэд сайд, агентлагийн дэд дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч нарт даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: “Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си”компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Концессын гэрээнд “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хоёроос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээд энэхүү гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлэнэ” гэжээ.
Концесс эзэмшигч нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500,0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх (төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах) зэрэг ажлыг огт хэрэгжүүлээгүй байгаа нь концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болсон.
“Кью эс си” компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гэрээ байгуулсан оноос хойш найман жилийн хугацаа өнгөрөхөд бүрэн хэрэгжүүлээгүй байгаа тул төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид уг компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Монгол, Оросын улсын хилийг шалгах хамтарсан комиссын хэсгийн даргаар Д.Билэгдоржийг томилжээ DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.

  • Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
  • УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн санал, дүгнэлтийг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
  • Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын улсын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Д.Билэгдоржийг томиллоо.
  • Компакт гэрээний хүрээнд барих Ус цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламжийн цахилгаан болон дулааны хангамжийн эх үүсвэрийг 2024 оны зургаадугаар сард бэлэн болгосон байх шаардлагатайг харгалзан нэн тэргүүнд хийгдэх ажлын хэмжээ, хүчин чадал, төсөвт өртгийг тооцож, хэрэгцээт хөрөнгийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд тусгуулах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгав.

Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын улсын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар томилогдсон Д.Билэгдорж нь 2017 онд Вьетнам улсад суух Элчин сайдаар ажиллаж байжээ.