Categories
мэдээ нийгэм

Нярай хүүхдийг ямар шалтгаанаар орхиж явсныг шалгаж байна DNN.mn

“Налайх дүүрэгт дөрвөн сартай хүүхдийг гадаа гудамжинд тавьж, аав ээж нь хоорондоо хэрэлдээд 30 гаруй минут орхиж явлаа” гэх тайлбартай зураг, бичлэг цахим орчинд тарсан.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Тухайн асуудлыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хүүхдийн эцэг эхийг нь шуурхай илрүүлж, эрүүлжүүлэх байранд аваачсан. Өнөөдөр гаргаж байгаа байх. Харин дөрвөн сартай хүүхдийг нь дүүргийн түр хамгаалах байранд аваачсан байна. Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Ямар шалтгаанаар хүүхдийг орхиж явсан, гэр бүлийн хүчирхийлэл байдаг эсэх талаар тодруулж, шалгаж байж ямар хариуцлага оноох эсэхийг шийднэ” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Нью-Йорк хотын метронд зэвсэгт халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ DNN.mn

Мягмар гаригийн өглөө Нью-Йорк хотын Брүүклин дүүргийн метроны өртөөнд нэг этгээд зэвсэгт халдлага үйлдэж, олон хүнийг шархдуулаад зугтсан юм.

30 цаг үргэлжилсэн эрэн сурвалжлах ажиллагааны дараа гэмт этгээдийг баривчилснаа Нью-Йорк хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Иргэний өгсөн мэдээллийн дагуу баривчлагдсан этгээд нь 62 настай Фрэнк Жэймс гэгч байсан байна.

Тэрбээр барилгын ажилчны хувцас хэрэгсэлтэй метроны өртөөнд нэвтрээд утаат бөмбөг дэлбэлсний дараа зорчигчид руу гал нээсэн юм.

Энэ үеэр нийт 23 хүн шархадсаны 10 нь бууны суманд оногдсон байжээ.

Фрэнкс Жэймс өмнө нь есөн удаа цагдаад баривчлагдаж байсан гэнэ. Метроны өртөөн дэх хяналтын камеруудыг урьдчилан ажиллагаагүй болгосон байсан нь гэмт этгээдийг түргэн илрүүлэхэд саад болж байжээ.

Харин хэргийн газраас Жэймсийн нэг өдрийн өмнө Филадельфи хотод U-Haul үйлчилгээнээс түрээсэлсэн микро автобус олдсон юм байна. Уг автомашинд түүний нэртэй зээлийн карт, гар буу, сум, савтай бензин зэрэг олджээ.

Цагдаагийн газар халдлага үйлдэх болсон шалтгааны талаар мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ гэмт этгээд онлайн орчинд хар арьстнуудын үндсэрхэг үзлийн талаар болон бусад хуйвалдааны онолын материалууд нийтэлж байсныг тогтоожээ.

Фрэнк Жэймсийн шүүх хурлын эхний сонсгол Пүрэв гарагт зохион байгуулагдах юм байна.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ цаг-үе

2022 оны гуравдугаар сард инфляци 14 хувь болж, өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар нэмэгдэв DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляци 2022 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 4 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо танилцууллаа.

Инфляци 2022 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 16.1 хувь),
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.5 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.7 хувь
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувь
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 23.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
зураг

Инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ

  • 2019 оны гуравдугаар сард 6.7 хувь
  • 2020 оны гуравдугаар сард 6.4 хувь
  • 2021 оны гуравдугаар сард 2.5 хувь гарсан бол
  • 2022 оны гуравдугаар сард 14.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 11.9 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.

Инфляц 2022 оны гуравдугаар сард 14.4 нэгж хувь гарсны 52.1 хувь буюу 7.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 16.1 нэгж хувь, өмнөх сараас 1.4 нэгж хувиар нэмэгджээ.

Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 2021 оны гуравдугаар сард 7.4 хувиар, 2022 оны гуравдугаар сард 16.6 хувиар өсөж, өсөлтийн хурдац 9.2 нэгж хувиар, хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны гуравдугаар сард 0.2 хувиар, 2022 оны гуравдугаар сард 13.4 хувиар өсөж, өсөлтийн хурдац 13.2 нэгж хувиар тус тус нэмэгджээ.

Categories
мэдээ цаг-үе

ОБЕГ: Усанд унасан байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна DNN.mn

Булган аймгийн Сэлэнгэ суманд гурван зорчигчтой “Портер” загварын автомашин “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй тухай дуудлага дөрөвдүгээр сарын 12-ны 12:53 цагт аймгийн Онцгой байдлын газар иржээ.

Дуудлагын дагуу холбогдох алба хаагчид болон ар гэрийнхэн нь “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч одоогоор үр дүнд хүрээгүй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Төгсбаяр: Цагдаа нарын баривчилгааны үед 13 настай хүүхэд хүртэл саатуулагдсан мэдээлэл байна DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт төв талбайд болсон жагсаалын үеэр олон тооны залуусыг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Баривчлагдсан залуусын эрхийг хамгаалахаар өмгөөлөгчид нэгдэн ажиллаж эхэлсэн. Тэдгээр хуульч, өмгөөлөгчдийн нэг Г.Төгсбаяртай баривчилгааны үеэр хүний эрхийн зөрчил байсан болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадсан эсэх талаар ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт төв талбайд болсон жагсаалын үеэр олон тооны залуусыг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Өмгөөлөгчид баривчлагдсан залуусын эрхийг хамгаалахаар нэгдсэн. Та бүхэн ямар үйл ажиллагаа явуулав?

-Энэ сарын 8-нд өмгөөлөгчид цахим хэлбэрээр зохион байгуулалтад орж шөнийн 03:00-04:00 цагийн орчимд саатуулагдсан иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын харьяа Түр саатуулах 111 дүгээр төвийн өмнө 09:00 цагийн үед цугларсан. Ч.Өнөржаргал, А.Пүрэвдулам нарын өмгөөлөгчдийн уриалгын дагуу 10 гаруй өмгөөлөгч сайн дураар нэгдсэн.

Түр саатуулах байран дээр анх биднийг очиход үүдний харуулууд “Тус төвд саатуулагдсан этгээд байхгүй” гэж мэдэгдсэн. Гэвч удалгүй тус төвийн удирдлагууд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн шүү дээ. Түүний дагуу бид саатуулагдсан хүмүүст эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор дотогш нэвтрэх хүсэлт гаргасан юм. Гэтэл бидний өөдөөс “Хүний эрхийн үндэсний комиссоос зохих албаны хүмүүс ирсэн, энд хүний эрх зөрчигдсөн асуудал байхгүй” гээд оруулахаас дахин татгалзсан.

-Саатуулагдсан залуусын ар гэрийнхэн бас очсон харагдсан?

-Биднийг очих үед хүүхдүүд нь саатуулагдсан гэсэн таван хүн гадна нь байсан. Бид эхлээд өөрсдөө дотогш орохыг хүссэн ч оруулаагүй учир тэдгээр иргэдтэй ярилцаад хүүхдүүдэд нь эрх зүйн туслалцаа үзүүлэх боломжоор хангаж өгөөч гэхэд бас л татгалзсан. Уг нь саатуулагдсан иргэн эрх зүйн туслалцаа авах эрхтэй шүү дээ. Ингээд 12:00-13:30 цагийн үед саатуулагдсан залуусыг суллаж эхэлсэн.

-Залуусын өмгөөлөл авах эрхийг хуулийн байгууллага хангаж чадав уу?

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар иргэд өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэдэг.

Энэ үйл явдлын хувьд баривчлагдсан хүмүүсийн энэхүү эрхийг нь хангаагүй гэж үзэж байгаа. Учир нь өмнө хэлсэнчлэн гадаа нь хүлээж байсан ар гэрийнхний хүсэлтээр таван иргэнийг өмгөөлөх хүсэлт гаргахад хүртэл өмгөөлөгчдийг оруулаагүй. -Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 20 орчим хүнийг баривчилсан, тэдгээр хүмүүс жагсаалыг өдөөн турхирсан, буруу бүтэцтэй болгосон гэх тайлбарыг хийсэн. Бодит байдал дээр юу болсон юм бэ?

-ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албанаас хийсэн тэр мэдээллийг хараад гайхсан. Биднийг саатуулах байран дээр байх үед гэхэд л 30 хүн суллагдаад гарч ирсэн. Үүнийг баттай хэлэх байна.

-Залуус гарч ирээд юу гэх юм?

-Залуусын хэлж байгаагаар баривчлагдсан хүмүүсийг өөрсдөө тоолоход 76 хүн байсан гэсэн. Тэднийг зөвхөн талбай дээрээс баривчлаагүй. Ард кино театр, Дуурийн театр орчмоос баривчилсан байгаа юм.

-Баривчилгааны үеэр залуусын биед ноцтой халдаж байгаа үйлдлүүд олон нийтэд ил болсон. Энэ нь хүний эрхийн зөрчил мөн үү?

-Баривчлагдаад явж байгаа иргэнийг дэвсэлж буй бичлэг олон нийтэд түгсэн. Энэ бол яах аргагүй хүний эрхийн зөрчил мөн. Саатуулагдсан иргэдийн дунд 13 настай хүүхэд хүртэл байсан гэсэн. Залуучуудын хэлж байгаагаар цагдаа нар тэднийг бороохойгоор цохих, харааж заналхийлэхээс эхлээд ноцтой үйлдлүүд гаргасан тул үүнийг Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох байгууллагууд нухацтай шалгах хэрэгтэй. Хамгийн ноцтой нь тэдгээр залуусын олонх нь тэр шөнө юу болсон, баривчилгааны дараа яасан талаар чөлөөтэй ярьж чадахгүй, айсан байдалтай байсан.

-Ноцтой зүйл болсон байж магадгүй гэсэн үг үү?

-Иргэдийг саатуулах үед болон саатуулагдсаны дараа хэрцгий, хүнлэг бусаар харьцаж, улмаар биед нь халдсан гэж залуучууд хэлж байгаа. Өмгөөлөгч авах, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг сануулаагүй зэрэг нь хүний эрхийн зөрчил, цагдаагийн байгууллага, түүний алба хаагчдын хууль бус үйлдэлд тооцогдоно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-д зааснаар цагдаагийн байгууллагын алба хаагч нь холбогдогчийг хэн болохыг тогтоох зорилгоор зургаан цаг хүртэлх хугацаагаар саатуулж болдог. Мөн тус хуулийн 4.8 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг авах ажиллагааг гурван цагаас илүү хугацаагаар явуулах бол 30 минутын завсарлага авах ёстой. Нэг удаагийн мэдүүлэг авах ажиллагаа нийт зургаан цагаас хэтэрч болохгүй.

Гэтэл үүрийн 03:40 цагаас эхэлж албадлагын арга хэмжээ авч саатуулж эхэлсэн гэж үзвэл үдийн 12:00 цаг хүртэл найман цаг илүү саатуулж, мэдүүлэг авсан байна. Мөн насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авах бол дээрх хуулийн 4.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу түүний хууль ёсны төлөөлөгч, эсвэл өмгөөлөгч, шаардлагатай тохиолдолд сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтны аль нэгийг байлцуулах ёстой гэх мэт шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн сард гадаадын 214 иргэнд виз олгожээ DNN.mn

Монгол Улсад энэ сарын 12-ны өдрийн байдлаар 120 улсын 16919 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 312, хөрөнгө оруулахаар 1576, хөдөлмөр эрхлэхээр 5829, гэр бүлийн зорилгоор 6401, суралцахаар 763, цагаачлахаар 1885, түр ирэгчээр 153 гадаадын иргэн байна. Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны гуравдугаар сард 1578 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 214 гадаадын иргэнд виз олгосон байна. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 416 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 832 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Энэхүү тоон үзүүлэлтийг 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 45,7 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 47,6 хувиар тус тус өсөж, виз олголт 72,1 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 21,2 хувиар тус тус буурчээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн нутаг дэвсгэрт 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэнэ DNN.mn

2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га газар, 2021 онд 38 байршлын 20.67 га газар буюу нийт 108 байршлын 208.33 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ.

Нийтийн эдэлбэрийн газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд судалгаа хийсэн байна. Судалгаагаар 25 байршлыг тодорхойлон, нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан нийт 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэв. Тодруулбал

  1. Баянгол дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.52 га
  2. Баянзүрх дүүрэгт зургаан байршил бүхий 13.95 га
  3. Сонгинохайрхан дүүрэгт гурван байршил бүхий 0.59 га
  4. Сүхбаатар дүүрэгт таван байршилд 0.65 га
  5. Багануур дүүрэгт таван байршилд 0.84 га
  6. Налайхад хоёр байршил бүхий 0.49 га газар байгаа юм.
Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах боломж бүрдэх юм. Үүнээс гадна нийтийн эдэлбэрт бүртгэснээр тухайн газар хэн нэгэн хувь хүн, аж ахуйн нэгжийн эзэмшил болдоггүй байна.
зураг

Энэ жил нийт 4,860 гарааш чөлөөлөхөөс өнгөрсөн хугацаанд 35 байршилд 1,025 гарааш чөлөөлсөн

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Энэ жил нийт 4,860 гарааш чөлөөлөхөөс өнгөрсөн хугацаанд 35 байршилд 1,025 гарааш чөлөөлсөн. Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлын 16-д тохижилт хийхээр төлөвлөсөн” гэв.

Харин үлдсэн есөн байршлыг ногоон байгууламж, тоглоомын талбай хэвээр үйл ажиллагааг нь явуулахаар төлөвлөжээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэх асуудлыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Улс төрд хөрөнгө мөнгөний нөлөө их байгаа нь авлигын эх үүсвэр бүрдэх нөхцөл болоод байна DNN.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх чухал хуулийн төслүүд юу байна вэ?

-Энэ удаагийн хаврын чуулганаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн реформын шинжтэй томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Тухайлбал, Боловсролын салбарын багц хуулиудын шинэчлэлийг хийнэ. Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тун удахгүй өргөн барих Улс төрийн намын тухай хууль, Судалгааны их сургуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа бол Эрх зүйн сангийн зохицуулалтыг хийх Холбоо сангийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль зэрэг хуулийн ажлын хэсэгт багтаж ажиллаж байна. Хууль зүйн байнгын хорооноос Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэлэлцэнэ. Боловсролын салбарын шинэчлэл, Биеийн тамир, спортын салбарын шинэчлэлийн хууль тогтоомжуудад мөн анхааран ажиллаж байна. Ер нь бол ачаалал ихтэй чуулган болж байна. -Тэгш хүртээмжтэй чанартай боловсролыг бүх нийтэд хүргэхийн тулд юу хийх ёстой вэ. Манай боловсролын тогтолцоо өөрөө энэ үзэл баримтлалын эсрэг байгаа юм биш үү?

-БСШУС байнгын хороо Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван чиглэлийн биелэлтийг хэлэлцсэн. Энэ явцад БШУЯ -наас оруулж ирсэн Ерөнхий боловсролын салбар дахь шинэчлэлийн тайлан дээр зарчмын зөрүүтэй, бодлогын алдаатай асуудлууд гарсан байсан. Тухайлбал, дээр дурдсан хоёр бодлогын баримт бичгийн аль алинд Төрөөс боловсролын салбарт явуулах бодлогыг хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, нийгмийн цөөн хэсэгт давуу тал олгохгүй, Монголын нийт хүүхдүүдэд хүртээмжтэй, бүх нийтийн боловсролд төр түлхүү анхаарна гэсэн агуулгатай заалт. Энэхүү бодлогын баримт бичгүүдэд олон улсын аль нэг хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулж, нэвтрүүлэх гэхээсээ илүү Монгол Улсын Үндэсний боловсролын тогтолцоогоо олон улсын чанарын түвшинд хүргэх зарчмын зорилтуудыг тусгасан. Тухайлбал, олон улсад өрсөлдөж чадахуйц, үндэсний боловсролын тогтолцоог үе шаттай нэвтрүүлнэ хэмээн УИХ-аас баталсан. Гэтэл БШУЯ энэ зорилтыг Кембрижийн сургалтыг хэрэгжүүлсэн байдал хэмээн ойлгож, үйл ажиллагааны хэрэгжилт дээр зарчмын алдаатай санал оруулж ирсэн. Монгол Улсыг хөгжүүлэх дунд хугацааны стратегийн баримт бичгүүдэд заасны дагуу хэнийг ч алагчлахгүй, хүүхэд бүрд хүртээмжтэй, чанартай боловсролыг нэвтрүүлнэ, Үндэсний боловсролын тогтолцоо багшлах боловсон хүчин, боловсролын хөтөлбөр, сургалтын орчныг сайжруулах ажлыг нэн түрүүнд хийх ёстой. Энэ тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг дээр шүүмжлэлтэй хандсан. Монгол Улсын хувьд боловсролын салбар тэргүүлэх чиглэл байх ёстой.

-Баян чинээлэг айл өрхийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмших боломж өндөр байдаг бол эмзэг бүлгийн айл өрхийн хүүхдүүд төдийлөн чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байна. Боловсролын чанарын ялгаатай байдал эргээд нийгмийн тэгш бус байдалд нөлөөлсөөр байна. Энэ тойргоос хэрхэн гарах вэ?

-Боловсрол нийгмийн тэгш бус байдал, ядуурлыг бууруулах гол хэрэгсэл байдаг. Тиймээс НҮБ, олон улсын байгууллагуудын хөгжлийн бүх үзэл баримтлал, стратегит боловсролыг хүн бүрд хүртээмжтэй болгох зорилтыг онцгойлон тавьдаг. Монгол Улсын хүн амын 30 орчим хувь нь оролгын ядууралд өртсөн гэх судалгаа бий. Албан ёсны тоо баримт ийм байгаа боловч ядуурлын хүрээ улам тэлж байна. Хамгийн их эмзэглүүлж байгаа асуудал бол ядуурал, эмзэг байдал нь үе дамжих хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, орлогын ядууралд өртсөн өрх айлын хүүхдүүд бусад төрлийн гачигдал, хомсдолд орох эрсдэлтэй байна. Тухайлбал, ядуу айл өрхийн хүүхдүүдийн 10 орчим хувь их, дээд сургуулийн боловсрол эзэмших боломжтой байна. Энэ бол анхаарал татсан асуудал. Ядуурал байхын хэрээр тухайн айл өрхийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмших боломжгүй болчихсон. Өөрөөр хэлбэл, ядуурлын тойрогт орчихсон иргэдийн тоо нэмэгдэж байна. Харин эсрэгээрээ чанартай боловсрол эзэмших, бага наснаасаа боловсрол эзэмших, удаан хугацаагаар үргэлжлүүлэн суралцах, мэдээллийн технологитой илүү хурдан танилцах боломжтой байна. Тиймээс ядуу болон ядуу бус өрхийн хүүхдүүд хоорондын хүний нөөцийн чадавхын ялгаа улам гүнзгийрч байна. Үүнийг онцгойлон анхаарах шаардлагатай. Бид боловсролын салбартаа онцгойлон анхаарч уул уурхайн баялгаас орж ирсэн баялгийн орлогоос зарцуулах хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний үр дүнд оролгын ялгаа, ядуурлын хэмжээг бууруулна.

-Тэгвэл нийтээрээ, нийгмээрээ чанартай боловсрол эзэмшсэнээр ядуурлыг бууруулах боломжтой гэж та үзэж байна уу?

Боловсрол тэгш хүртээмжтэй байснаар дэлхий дахинд орлогын хэмжээ, ядуурлыг бууруулах нь ихээхэн үр дүнтэй байдаг нь харагддаг. Боловсролоор дамжуулж, нийтийн сайн сайхныг бий болгож, ил тод, шударга, үл ялгаварласан, тэгш хамруулсан нийгмийг цогцлоох боломжтой байдаг. Хүн бүр чанартай боловсрол эзэмших боломжтой нийгэм эргээд хүний эрхийг эдлүүлэх таатай орчин болдог. Ялангуяа охид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийн иргэд гэх мэт нийгмийн боломжоос тэгш хүртэж чадахгүй байгаа иргэд боловсролоор дамжуулж хөгжих, өөрийгөө илэрхийлэх боломжтой болдог. Тиймээс олон улсын баримт бичгүүд, тэр дундаа бүх нийтийн боловсролын талаарх Абижаны зарчимд улс орнууд өөрийн харьяалалд байгаа хүн бүрд хүрч болох хамгийн дээд түвшний чанартай, үнэ төлбөргүй, нийтийн боловсролыг аль болох, үр дүнтэй, түргэн шуурхай боломжит бүх нөөцөө дээд зэргээр зориулах ёстой хэмээн заасан байдаг. Тиймээс Монголын төр боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг бий болгох чиглэлээр илүү ажиллах ёстой. Хаврын чуулганаар хэлэлцэх Боловсролын бүх багц хуулиудад энэ үзэл баримтлалыг суулгахын төлөө онцгойлон анхаарч ажиллаж байна.

-Боловсролын салбарын бодлого урт хугацаанд тогтвортой байх талаар хуульд ямар зүйл заалтууд тусгасан бэ. Хэн нэгэн сайд нь гарч ирээд боловсролын тогтолцоог өөрчилж, дур зоргоороо аашилсны горыг хүүхэд, залуучууд хүртэж байна шүү дээ. Хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтэн өөрчлөгдсөн ч боловсролын тогтолцоо, бодлого нь ганхдаггүй байх суурийг нь бэхжүүлж өгч чадаж байна уу?

-Монголын боловсролын салбар, тэр дундаа дээд боловсролын салбар дахь улс төрийн нөлөө өндөр байна. Аль намаас хэн хэн УИХ, Засгийн газрын гишүүнээр сонгогдсоноос үл хамаараад дээд боловсролын удирдлагуудад улс төрийн нөлөөтэй томилгоо оруулдаг байдлыг хязгаарлах ёстой. Энэ өөрчлөлтийг хийж чадвал манай улсын боловсрол академик эрх чөлөөнийхөө хүрээнд мэргэжлийн, хараат бус, сайн удирдлагын менежмэнтийн дагуу явах ёстой. Өнгөрсөн жилүүдэд манай улсын боловсролын тогтолцоо өөрчлөлт шинэчлэлтийг даван туулсан. Ерөнхий боловсролын хөтөлбөрүүд ойр ойрхон шинэчлэгдсэний улмаас багш нар болоод суралцагчийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж ирсэн. Сургалтын хөтөлбөрүүдийн олон удаагийн өөрчлөлтийн үр дүнд өнөөдөр манай улсын ЕБС-ийн сургалтын агуулга өндөр ачаалалтай, энэ хэмжээгээр багш болоод сурагчдад дарамт ихээхэн учруулдаг. Тухайлбал, судалгаанаас харахад манай улсын ЕБС-ийн есдүгээр ангийн сурагчийн танхимаар судлах хичээл 19 байхад АНУ-д есөн хичээл байгаагаас гурав нь сонгон суралцах хичээл байдаг. Ийм өндөр ачаалалтай байхад тухайн хүүхэд аль нэг хичээлийг сонгон гүнзгийрэх боломжгүй, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх цаг гардаггүй, багшийн танхимын цаг өндөр байна. Ачааллын хэмжээ нь дэлхийн түвшнээс хэд дахин өндөр байгаа учраас бид Боловсролын хуулиуддаа сургалтын хөтөлбөрийн агуулгын хувьд олон улсын жишиг рүү ойртуулах, ачааллыг нь тохируулах шаардлагатай. Багшийн ачааллын тухайд багш өдөрт журнал бөглөх, шалгалтын дүн, дэвтэр засах, дараагийн хичээлдээ бэлдэх, даасан ангитайгаа ажиллах гэх мэтээр маш их ачаалалтай ажиллаж байна. Багшийн хийж байгаа ажлын нэр төрөл бүр ч олон байна. Хүүхдүүдээ олимпадад бэлдэх, аймаг дүүргийн засаг дарга, удирдлагуудад илтгэл бичих, тайлан мэдээ гаргах зэрэг нийт 400 гаруй нэр төрлийн ажил хийж байна. Тэр дундаа бага ангийн багшийн ачаалал өндөр байна. Тиймээс багш, сурагчын ачааллыг багасгах, багшийн ачаалалд нийцсэн цалин хөлс олгох асуудал чухал байна. Цалин хөлсийг Боловсролын хуулиуд дээр тодорхой, хатуу индексээр эсвэл инфляциас үл хамаарч байнга өсөөлттэй байх өөрчлөлтийг хийх шаардлагатай. Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой үнэлж чадахгүй байна. Үр дүн бүтээмжид суурилсан цалин хөлсний тогтолцоонд шилжих, анги дүүргэлтийг багасгах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байна.

-Улс төрийн намын тухай хуульд орж байгаа чухал заалтууд юу байна. Улс төрийн намуудыг шилэн, ил тод болгох талаар олон жил ярьж байна шүү дээ?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийг хийж чадвал Монголын ардчиллын бэхжилтэд томоохон хувь нэмэр оруулж, шинэчлэл хийж чадна. Анх 1990 онд Улс төрийн намын тухай хуулийг анх баталж, 2005 онд дахин шинэчлэн баталсан. Үүнээс хойш тус хуульд шинэчлэлт хийгдээгүй. Энэ хугацаанд намын санхүүжилтийн орчин бүрхэг зохицуулалттай явж ирсэн. Сонгууль болон улс төрийн үйл явцад хөрөнгө мөнгөний эх үүсвэр далд, намын санхүүжилтээ ил тод болгодоггүйн улмаас нэлээд олон нам, нэр дэвшигчид хуулиар заасан дээд хэмжээнээс илүү мөнгө сонгуульд зарцуулдаг, намуудын санхүүгийн тайлан болон түүнтэй холбогдсон зөрчилд тавих хариуцлагын механизм байхгүй зэргээс үүдэн Монголын улс төрд хөрөнгө мөнгөний нөлөө их байгаа нь авлигын эх үүсвэр бүрдэх нэг томоохон нөхцөл болчихоод байна. Гэтэл ардчилсан нийгэмд сонгууль, улс төр бодлогын өрсөлдөөн бах ёстой. Ил тод, нээлттэй байж хэн нэгэн хөрөнгө мөнгөтэй этгээдэд давуу байдал үүсгэж, төрийн нөөцийг хувьдаа завших боломжийг олгох ёсгүй байдаг. Тиймээс бид улс төрийн намын тухай хуулийн хамгийн том хэсэг санхүүжилтийг хамрах ёстой хэмээн үзэж байгаа. Санхүүжилт нь ил тод, хариуцлагатай болж, хувийн эх үүсвэр, хувийн хандив, ААН-үүдийн хандивыг хязгаарлах шаардлагатай байна. Хэрэв улс төрийн намууд санжүүжилттэй холбоотойгоор ямар нэгэн алдаа зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг, тухайн намын эрх зүйн статусыг бууруулдаг, хэрэв энэ зөрчил нь даамжирч, ноцтой зөрчил гаргасан бол татан буулгах зэрэг эдгээр зохицуулалтыг хийх шаардлагатай байна.

-Улс төрийн намуудыг бохир мөнгөнөөс ангид байлгах боломж байна уу?

Улс төрийн намуудыг авлига бохир мөнгөнөөс ангид байлгахын тулд санхүүжилтийг ил тод байлгахаас гадна төсвөөс олгох дэмжлэгийн зориулалтыг зааж өгөх ёстой. Тухайлбал, төрөөс олгож байгаа санхүүжилтийн тодорхой хувийг залуучууд, ахмад, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн эрх ашгийг илэрхийлэх, тэдгээрийг төлөөлөхөд зориулах юм. Олон улсын байгууллагууд, манай мэргэжлийн экспертүүд энэ тал дээр зөвлөмж өгч байна.

-Улс төрийн намуудыг мөнгөний биш, бодлогын нам болгохын тулд ямар зохицуулалт хийх вэ?

-Намуудыг бодлогын институт болгож өөрчлөх шаардлага байна. Монгол Улсад дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байгаа ч ихэнх нь сонгуулийн үед л идэвхтэй ажиллаж байна. Нэг компани юмуу, нэг хувь хүнээс шууд хамааралтай байна. Намд элсэх гэж байгаа иргэдийн сонирхол бол албан тушаалд хүрэх, эсвэл намаар дамжиж ямар нэгэн давуу тал өөртөө бий болгох гэж л элсэж байна. Түүнээс биш тухайн намын үзэл баримтлал, үнэт зүйлийг дэмжсэний улмаас элсэх явдал хязгаарлагдмал байна. Монголын улс төрд улс төрийн намаар дамжин ашиг хонжоо олох, нам өөрийг нь дэмжсэн хүмүүст давуу тал олгох гэсэн бизнесийн эрх ашгийн зөрчил түгээмэл болоод байна. Иргэдийн дунд нам гэдэг бол нийлж хуйвалдах эсвэл албан тушаал олж авах гэсэн хүмүүсийн бүлэглэл гэсэн ойлголт бий болсноос намд итгэх итгэл буурсан. Гэтэл ардчилсан нийгмийн гол улс төрийн бодлого боловсруулах институт нь улс төрийн нам байдаг. Улс төрийн намууд ардчиллын үндсэн зарчмуудын дагуу нээлттэй үйл ажиллагаатай, гишүүд дэмжигчид нь тэдний үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжихээр заасан байдаг. Тиймээс энэ чиглэлийн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байна. Намын тогтолцоогоо өөрчилж, чадах юм бол манай улсын авлигын индекс буурна. Ардчиллын үзүүлэлтүүдэд ахиц гарна. Улс төрийн намыг хэн нэгэн хөрөнгө чинээтэй этгээдээс хараат бус байлгаж, бодлогын шинэчлэл яригддаг, иргэд, залуучууд улс төрийн намыг үзэл баримтлал, үнэт зүйлийнх нь хувьд дэмжиж элсдэг болгох ёстой. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улс төрийн намууд үндэсний хэмжээний бодлогын өрсөлдөөн явуулдаг институт болох ёстой. Тиймээс улс төрийн намууд бодлогын нам болохын тулд Намын тухай хуулиар намын бодлогын үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгомоор байна. Намуудад нийгмийн өмнө хариуцлага хүлээлгэж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд татан буулгадаг ийм шинэчлэлүүдийг оруулах шаардлагатай.Өнөөдөр Улс төрийн тогтолцооны тухайд зөвхөн УИХ-д суудалтай намуудыг дэмжсэн буюу тодорхой санхүүжилт олгож ирсэн. Тэгвэл цаашид улс төрийн намуудыг төлөвшүүлэх үүднээс УИХ-д суудалтай төдийгүй, УИХ-ын сонгуулиар иргэдийн тодорхой хувийг авсан намуудад бодлогын институт болоход дэмжлэг үзүүлэх зүйл байхгүй.

-Улс төрийн намуудыг татан буулгах асуудал хэрхэн тусгагдсан бэ?

-Парламентын ардчиллын гол шинж бол улс төрийн намууд бодлогын институт байж, бодлогын өрсөлдөөнөөр парламентдаа сонгогдон орж ирдэг байх. Энэ явцдаа аль болох олон нийгмийн өнгө төрх, төлөөллийг тэгш хамруулж байвал ардчилал илүү үр дүнтэй байдаг. Тиймээс УИХ-ын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, улс төрийн намуудад тэгш өрсөлдөөний боломж олгох зэрэг тодорхой шинэчлэлүүд орж байна. Хэдийгээр манайд улс төрийн 35 нам бүртгэлтэй байгаа ч УИХ-д хэдхэн нам суудал авч байна. Нам оршин тогтнохын тулд сонгуульд оролцсон байх ёстой. Иргэдийн дунд манайд хэт олон нам байна гэх шүүмжлэл байдаг.Нам иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн гол илрэл учраас хэдэн нам байх нь онолын болон эрх зүйн хувьд нээлттэй. Гагцхүү тухайн намууд нийгэмд үүргээ хэрхэн гүйцэтгэж байна, иргэдийн итгэлийг дааж байна уу, бодлогын институц болж төлөвшиж байгаа эсэхээс хамаарна. Европын туршлагаас харахад намууд иргэдийн итгэл даахгүй, эсвэл хэд хэдэн удаагийн сонгуульд оролцоогүй тохиолдолд, мөн улс орны Үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан тохиолдолд намыг татан буулгах хүртэл арга хэмжээ авах механизм бий. Тиймээс энэ зүйл заалтыг оруулах нь зүйтэй.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.4.14, ПҮРЭВ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ДОЛООН УЛААН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.14, Пүрэв гариг
  • Наран ургах шингэх: 06.05-19.40
  • Үс засуулбал: Жаргал ирнэ
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө хур тунадас орохгүй, 6 хэм дулаан байна || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүл багасна. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.