Categories
мэдээ нийгэм

АТГ: Тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнээд байна DNN.mn

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүнд хөдөлмөрийн чадвар алдалт буюу групп тогтоолгох ажлыг цэгцэлж, улсын төсөвт 17 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаад байна.

Улсын хэмжээнд багагүй маргаан дагуулж ирсэн энэ асуудлыг цэгцлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчлэн батлуулж, комиссын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Мөн бусад холбогдох журам, заавар, өвчний жагсаалтыг 2021 онд нэг бүрчлэн шинэчлэн баталж, мөрдүүлж байна.

ХНХЯ-наас Хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, АТГ, цагдаагийн газар, ЭХМТК-той хамтран 2021 онд зохион байгуулж, 66 мянган хүнийг шалгаж, 3600 зөрчил илрүүлэн, 2000 хүний шийдвэрийг цуцалж, тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэсэн.

Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж байсан бол 2021 оны эцэст 105.6 мянга буюу 5 мянгаар буурч, нийт хүн амд эзлэх хувь 3.2 боллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цаашид НДЕГ, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, бусад холбогдох байгууллагатай хамтран хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо нь улсын дунджаас өндөр байгаа аймаг, дүүрэгт хяналт шалгалтыг дүрэмд заасны дагуу тогтмол хийх юм байна.

Мөн 2022 онд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах ажээ.

Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар
Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 17-ноос ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Дөрөвдүгээр сарын 16-нд буюу энэ бямба гарагт говийн бүс нутгийн баруун хэсэг, 17-нд говийн бүс нутгийн өмнөд хэсэг, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 16-нд Арц богдын өвөр хоолойгоор, 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 17-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Нүүрсний машинаар 9.1 тонн хүнсний бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ DNN.mn

Монгол Улсад импортлох зөвшөөрөлгүй, лабораторийн шинжилгээнд хамрагдаагүй 15 нэр төрлийн 9.1 тонн хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулах гэж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн тухай Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Гашуунсухайт боомтоор нүүрсний автомашинаар доорх бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэн, хууль бусаар оруулах гэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улс коронавирусний нөхцөл байдал, ОХУ, Украины хурцадмал нөхцөл байдлын улмаас дэлхий дахинд түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнийн өсөлт огцом нэмэгдэж байна. Тухайлбал, он гарсаар газрын тосны үнэ дунджаар 50 хүртэл хувь, улаанбуудайн үнэ 40 хувь өсөж, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас зарим хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомсдол үүсэж, цаашлаад дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул бодитоор нүүрлэсэн байна. Тиймээс Засгийн газраас хямралыг даван туулах үүднээс дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр энэ сарын 5-нд өргөн барьсан юм. Засгийн газрын өргөн мэдүүлэх уг хуулийн төслийн хүрээнд доорх 8 асуудлыг зохицуулна. Үүнд:

-УИХ-аас нөхцөл байдалтай уялдуулан хууль, тогтоолыг дараалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэх,

-Монголбанк мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг өөрсдийн харилцдаг банкуудаар нь дамжуулан, банкны эх үүсвэрийг дайчлах, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн боломжийг бий болгох, бусад санхүүгийн хэрэгсэл ашиглан гадаад валютын ханшийн эрсдлийг бууруулах,

-Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгож, Лондонгийн металийн биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоод зах зээлээс алт худалдан авна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлж амжаагүй зөрчил гаргасан хуулийн этгээд, иргэдэд энэ хууль хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй. Өөрөөр хэлбэл, Төвбанканд одоо ч алтаа тушааж болно.

-Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хангамжид нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ авах цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгох,

-Засгийн газраас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардалд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Ингэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэхүү хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах арга хэмжээ авна,

-Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн хомсдол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ,

-Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хүнсний тухай хуулийн 6.7 дах хэсэгт заасны дагуу энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамж, нийлүүлэлтэд хомсдол үүсэхээс сэргийлж, экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүрд тогтоож мөрдүүлнэ. Мөн энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ,

-Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт металь, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно,

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Уг хуулийг маргааш буюу энэ сарын 15-нд баталхаар төлөвлөж буйг УИХ-ын дарга Г.Зандантар онцоллоо. Чуулганаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Биеийн байдал нь хүнд 68 хүн эмнэлэгт эмчлүүлж байна DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 30 тохиолдол /Улаанбаатарт 29, орон нутагт 1, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 165 хүний
  • 12 нь хүүхэд,
  • 3 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 165 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 12
  • Хүндэвтэр 85
  • Хүнд 68
  • Нэн хүнд 0 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Архидан согтуурч хүүхдээ орхисон эцэг эхийг торгох заалттай гэв DNN.mn

Нялх хүүхдээ цементэн дээр орхиод архидан согтуурч, маргалдсан эцэг эхийн тухай мэдээлэл өчигдөр сошиал орчинд цацагдсан билээ. Тэгвэл энэ асуудлаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл өглөө. Тодруулбал, эцэг эх нь архидан согтуурч, гэр бүлийн маргаантай байснаас үүдэж 4-хөн сартай хүүхдээ газарт хаяж орхисон гэгдэх асуудлын дагуу хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлэл өглөө.

“Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн асуудал. Хорооны хамтарсан баг хуралдаж байна. Ээж аавын онцлог байдал, ахуй амьдрал, бүх зүйлийг нь авч хэлэлцэн, дүгнэлт гаргаж ямар арга хэмжээ тусламж үзүүлэхийг шийдвэрлэнэ. Хүүхдийн хажууд архидан согтуурсан бол Зөрчлийн тухай хуулиар 300,000 төгрөгөөр торгох заалттай” гэв. Хүүхэд 4 сартай хөхүүл учраас угж идэхгүй байна, дасгах арга хэмжээ авч байна гэж мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ус зайлуулах шугам, худгийг засаж, нөхөн сэргээж байна DNN.mn

Геодези, усны барилга, байгууламжийн газар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний худгийн засвар, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэдэг.

Энэхүү ажлын хүрээнд шүүрт болон үзлэгийн худгийг таглах, эвдэрч муудсан, цөмөрсөн хэсгийг нөхөх зэргээр тухай бүрд нь шуурхай засварлаж, нөхөн сэргээлтийг хийж байна.

Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 25-р хороо Нарны замын такси зогсоолын эвдэрсэн хэсэгт дан шүүр тавин гагнажээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын хэмжээнд,

  • Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг
  • Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ
  • Өргөлтийн насос станц
  • Мониторингийн цооногийн ашиглалт, засвар арчлалт
  • Өндөржилт төлөвлөлтийг мөрдүүлж, инженерийн зураг төсөл зөвшилцөх зэрэг үндсэн таван чиглэлийн ажил үйлчилгээг үзүүлдэг бөгөөд иргэд 77200200 дугаарт 24 цагийн хугацаанд шуурхай мэдээлэл өгөх боломжтой аж.
Categories
мэдээ нийгэм

АНУ-д нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх журмыг сунгажээ DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа “COVID-19” халдварын тархалтад үнэлгээ хийж байгаатай холбоотойгоор нисэх онгоц, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх журмыг 15 хоногоор сунгаж байгаагаа лхагва гарагт мэдээлжээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ АНУ-д давамгайлан тархах болоод буй коронавирусний “омикрон” хувилбарын “BA.2” дэд хувилбарыг судлахад хугацаа шаардлагатай байгааг харгалзан амны хаалт зүүх журмын хэрэгжих хугацааг ирэх тавдугаар сарын 3 хүртэл сунгасан байна.

“CDC”-ийн мэдэгдэлд дурдсанаар, өвчлөл нэмэгдсэн тохиолдолд хүнд өвчтөнүүд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо, эрүүл мэндийн тогтолцооны чадавхид үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэхийн тулд амны хаалт зүүх журмын хэрэгжих хугацааг сунгахаар шийдвэрлэжээ.

Categories
гадаад мэдээ

Австрали Оросын компаниудын эсрэг шинэ хориг тавьжээ DNN.mn

Австрали улс Оросын компаниудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний шинэ багц авч хэрэгжүүлэхээр болжээ. Энэ багцад газрын тосны олборлолт, хөлөг онгоцны үйлдвэр болон бусад үйл ажиллагаатай холбоотой 14 компани багтсан гэж Австралийн Засгийн газар мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

Тодруулбал, шинэ хоригт “Газпром”, “Газпром нефть”, “Транснефть” зэрэг түлш, эрчим хүчний компаниуд, “Совкомфлот”, Шинэ Оросын тэнгисийн худалдааны боомт зэрэг байгууллагууд багтсан байна. Мөн Оросын “Камаз” автомашин, хөдөлгүүр үйлдвэрлэгч компани, алмаз олборлогч “Алроса” зэрэг компаниуд хоригт багтсан байна.

Энд дуулгахад, Орос улс өнгөрсөн долоо хоногт Австралийн 228 иргэнийг хар жагсаалтад багтаасан бөгөөд тэдний дунд Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон ч байгаа аж. Ийм арга хэмжээ нь “Путинд ойр” Оросын бизнесменүүдийн эсрэг Австрали улс хориг тавьсны хариу гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны үнэ өсчээ DNN.mn

АНУ-ын Эрчим хүчний яамны Эрчим хүчний мэдээллийн алба газрын тосны тайланг нийтэлж, өнгөрсөн долоо хоногт тус улсад газрын тосны нөөц мэдэгдэхүйц нэмэгдсэн гэсэн мэдээний дараа газрын тосны үнэ нэмэгжджээ.

Тайланд мэдээлснээр, АНУ-д дөрөвдүгээр сарын 08-нд дууссан долоо хоногт арилжааны газрын тосны нөөц 9.38 сая баррелиар нэмэгдсэн бол авто бензиний нөөц 3.65 сая баррелиар, нэрмэлийн нөөц 2.9 сая баррелиар буурчээ.

Салбарын шинжээчид дунджаар газрын тосны нөөц нэг сая баррелиар нэмэгдэж, авто бензиний нөөц 600 мянган баррелиар, нэрмэлийн нөөц 416 мянган баррелиар буурна гэж таамаглаж байв. Үүний зэрэгцээ, Нью-Йоркийн NYMEX бирж дээр арилжаалагддаг газрын тос хадгалагдаж буй Кушингийн агуулах дахь газрын тосны нөөц сүүлийн долоо хоногт 400 мянган баррелиар нэмэгджээ.

Лондоны ICE фьючерс бирж дээр брент төрлийн газрын тосны зургадугаар сарын фьючерсийн үнэ 1.96 ам.доллар/баррелиар (1.87%) өссөн бөгөөд 106.60 ам.доллар/ баррель хүрсэн байна.