Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ховордоод буй доллар “Найман шарга”-ын ченжүүдийн гарт цаас шиг эргэлдэж байна DNN.mn

-Найман шаргын ченжүүд арилжааны банкны албан тушаалтнуудтай хамтарч долларын бизнес эрхэлж байна гэв үү-


-Цүнх үүрээд эргэлдээд байсан нөхөр хэдийг сонирхоод байгаа юм бэ. Дээрээс хойш холхилоо?

-Мөнгөтэй юм шиг байна аа. Олдох хэмжээгээр нь л авъя гэж байна. Сая 5000-ыг цүнхлээд гарлаа. Удахгүй буцаад ирнэ гэсэн. Санхүүгийн зохицуулах хорооныхон эргэлдээд байхаар нь явчихлаа…

Валют арилжааны “Найман шарга” худалдааны төвийн гудамжинд тамхилах ченжүүд хоорондоо ийн хөөрөлдөөд цааш эргэв. Энэ зах валют авах, зарахаар зэхсэн хүмүүсийн хөлд дарагдаад уджээ. Арилжааны банкнууд долларын гүйлгээнд хязгаарлалт тогтоох болсноор доллар хэрэгтэй хэн бүхэн энэ захаар гүйлдэж байна.

Хажуугаар зөрөх хүмүүсийн яриаг тандвал долларын ханш л сураглана. Тэмээний ноосон цамц өмсөж, хүрэн кепек духадсан том гэдэстэй хижээл насны эр доллар сурсан нэгний өөдөөс “Мөнгө чинь хаана байна. Хүссэн хэмжээгээр чинь гаргаад өгье” гэж пээдэлзэх. Энд валют авах зарах үнээ ил нээлттэй хэлэх нэг ч хүн алга. Хүзүү, сээрээрээ нийлж хэлхэлдэж ойролцоох машин руу ороод л хэлхгэр цүнх үүрээд гарч ирнэ. Цааш орж валют арилжааны лангуугаар шагайвал гандангийн үүд шиг тайван байна. Лангууны ард суух худалдагчид коридороор холхих нөхдүүдийг тоож байгаа ч шинж алга. Тэд Санхүүгийн зохицуулах хорооноос ирэх шалгалтын чимээгээр ханшийн самбаруудаа бүгд өөрчлөөд суугаа нь энэ аж. Худалдагчдаас ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тандвал өнөөдрийн (өчигдөр) байдлаар 3170 төгрөгөөр зарж байгааг онцлов. Лангуунаас 1000-аас дээш долларын гүйлгээ хийхгүй байгааг хэлж байлаа. Дотор холхих хүмүүс ч шалгалт шүүлэг ирэх сургаар тарж бутраад алга болсныг худалдагчид хэлж байв. “Мөрөөрөө ажлаа хийгээд сууж байхад л цаг тутам шалгалт шүүлэг гэж үйлчлүүлэгчдийг үргээх юм. Өмнөх эрх баригчдын үед тааваараа л ажилладаг байж. Сүүлийн үед л хяналт, шалгалтынхан ээрээд ажил явуулахгүй, дарамттай байна” гэх гомдлыг худалдагчид мэдүүлж байлаа. Санхүүгийн зохицуулах хорооноос очсон мэргэжилтнүүд валютын нөөц, гүйлгээг нь шалгадаг гэнэ. Шалгалтынхны чимээгээр тарж бутраад алга болж байгаагаас нь анзаарвал нөхдүүд “НО”-той ч юм шиг.

Цонхоор нь “Найман шарга”-ын гудамж руу нүд бэлчээвэл өнөөх л доллар сурагласан нөхдүүд ченжүүдтэй уулзаж байгаа бололтой. Энд тэнд хэд гурваараа жиг, жуг гэцгээж дохио зангаагаар ярилцаж байгаад л ойролцоох машин руу орчихно. Төд удалгүй цүнх үүрээд гарч буй зураглал хаа сайгүй харагдана. Доллар нүдний гэм болсон ийм үед цаг “Найман шарга”-ын гудамжинд зогсдог ченжүүд “Мөнгөө аваад ир. Хүссэн хэмжээгээр чинь гаргаад өгье” гэж зогсож байгаа нь анхаарал татсан юм.


Ченжүүд 5000 АМ.долларыг нүд ирмэхийн зуурт зохицуулаад өгдөг


Доллар сурагласан хүмүүсийн байр суурийг сонссон юм.

-Долларын олдоц хэр байна вэ?

-Их хэмжээгээр авахад үнэтэй хэлэх юм. Мөнгөтэй цөөхөн хүмүүс нь ирээд л аваад явчихаж байна. Бага хэмжээгээр зарах сонирхол ченжүүдэд алга. Өнөөдөр банкнууд долларын гүйлгээнд хязгаарлалт хийгээд байна. Доллар хэрэг болсон бүхэн ийшээ ирж ченжүүдийн хэлсэн үнээр нь авахаас өөр сонголт алга.

-Ченжүүд юу гэж байх юм?

-“Ченжүүд мөнгөө гаргаад ир ээ. Хүссэн хэмжээгээрээ ав” гэж хэлж байна. Над шиг хэдэн зуун доллар хайсан хүнийг тоох ч үгүй юм. Би хэдэн цагийн турш энэ хавиар эргэлдлээ. Нэг ченжээс хамгийн багадаа л 3000 ам.доллар гарч байна. Тэрнээс дээш хэмжээтэй сонирхсон хүнд бол хэд хэдэн ченжүүд нийлж байгаад л гаргаад өгчих юм. 5000 ам.долларыг бол нүд ирмэхийн зуурт зохицуулаад өгч байна. Харин ханш нь доторхоосоо харьцангуй өндөр. 3200-аас л дээшээ, доошоо хэлбэлзэж байна” гэв. Ховордоод буй ам.доллар “Найман шарга”-ын гудамж дахь ченжүүдийн гар дээр цаас шиг эргэлдэж байгааг энэ хавийнхан дуу нэгтэй хэлж байна. Нөгөө талд арилжааны банкнууд долларын гүйлгээнд хязгаарлалт тогтоож 1000-ааш дээш долларын гүйлгээг хязгаарлаад байгаа юм. Зарим тохиолдолд итгэлтэй үйлчлүүлэгчдэдээ л бага хэмжээгээр гаргаж байгааг банкныхан ярьж байна.

Арилжааны банкнуудад үүссэн нөхцөл байдлын талаар Монголбанкнаас тодруулахад “Арилжааны банкнууд харилцагчидтайгаа өөрсдөө арилжаагаа хийдэг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед иргэдийн зүгээс гомдол их гарч байгаа. Тодруулбал валютын гүйлгээнд лимит тогтоосон талаар. Үүнийг Монголбанкнаас лимит тогтоож байна гэж ойлгодог. Монголбанкны зүгээс валютын арилжаанд лимит тогтоодоггүй. Банкууд харилцагчдадаа олгох валютын лимит тогтоох нь өөрсдийнх нь дотоод асуудал. Иймд Монголбанкны зүгээс банкнуудад холбогдох анхааруулга өгнө” гэх тайлбар хэлж байна.

“Найман шарга” орчмын зарим хүмүүсийн ярьж байгаагаар бол арилжааны банкнууд гүйлгээнд хязгаарлалт тогтоож “дарсан” ам.доллараа эндхийн ченжүүдээр дамлуулж зараад байгаа гэнэ. Тодруулбал, арилжааны банкнуудын албан тушаалтнууд “Найман шарга”-ын нөлөө бүхий ченжүүдтэй хамтарч хууль бус бизнес хийж байж болзошгүйг хэлж байгаа юм. Эндхийн ченжүүд ч “Мөнгөө бариад ир. Хүссэн хэмжээгээр чинь өгье” гэх нь үүнийг баталж байх шиг. Эндхийн ченжүүдээс үнэ цохиж авсан долларыг хойш нь цүнх цүнхээр нь зөөж байгааг хүмүүс ярьж байна. Долларын гүйлгээнд лимит тогтоож, үнийн хөөрөгдөл бий болоход голлох нөлөө үзүүлсэн арилжааны банкуудаас тодруулга авахаар хандахад мэдээлэл өгөхөөс эрс татгалзлаа. Үүнээс гадна цахимд “Доллар авна, зарна” гэх зарын группүүд нийтлэг тааралдаж байна. Энэ группүүдэд доллар авах, зарах зараар дүүрчихэж. Тэд гол төлөв тролл хаягнаас зар байршуулжээ. Тодруулбал, “50.000 ам.доллар бэлэн зарна” гэх зар ч тааралдаж байна. Зарын доор бусад нь өтний ялаа шиг л шавах аж. Энэ бүхнээс анзаарахад долларын ханшийг “Найман шарга” захын гудамжинд зогсдог эрхэлдэг ченжүүд тодорхойлж байна. Тэдний гараар дамжсан доллар хойд хөрш рүү чиглэж байгааг эдийн засагчид ч онцолж байгаа юм. Энэ явдал даамжирвал дотоодын нөөцийг хойш нь зөөгөөд шавхах эрсдэл тулж ирснийг ч тэд хэлж байгаа.

Долларын ханш өдрөөс өдөрт гэрлийн хурдаар өсч байгаа цаг үед зохицуулах чиг үүрэгтэй Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй явсаар нөхцөл байдал ийм дээрээ тулж ирлээ. Монголбанкны зарим албан тушаалтнууд нь ч ченжүүдтэй холбоо, сүлбээтэй байж болзошгүйг ч эх сурвалж дурдлаа.

УИХ-ын гишүүн, Төсвийн Байнгын Хорооны дарга Ч.Хүрэлбаатарын зүгээс “Монгол Улс валютын хоёр ханштай болчихлоо. Энэ бол Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил үзэгдээгүй тохиолдол. Ханш унаж байгаа нь импортын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөөд байна. Мөнгөний бодлогоо зөв болгож, түргэн шуурхай ажиллах шаардлагатай байна. Инфляцид мөнгөний бодлого хамаагүй гэж ярьдаг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарт хариуцлага тооц гэж удаа дараа хэлж байна” гэх байр суурийг илэрхийлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 0.19 төгрөгөөр буурчээ DNN.mn

Сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах үнэ өдрөөс өдөрт өссөөр Монголбанкны ханшаас 2860-аас 3040 болтлоо өссөн. Харин валютын хар зах дээр нэг ам.доллар 3300-3500 төгрөгтэй тэнцэж буй. Хоёр ханш байх ёсгүй хэмээн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гишүүд Монголбанкны ерөнхийлөгчийг буруутгаж буй.

Харин өчигдөр /2022.04.14/ Сангийн сайд Б.Жавхлан валютын нөөцийг нэмж байгаа талаар мэдээлсэн. Тухайлбал өчигдөр 129 сая ам.долларын орлогыг Монголбанканд нийлүүлсэн ба нэг сарын хугацаанд 600 сая орчим ам.долларыг төв банкинд тушаахаар болсон талаар мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр Монголбанкны ханшаар нэг ам.доллар 3040.87 төгрөг байсан бол өнөөдрийн ханшаар 3040.68 төгрөг болж 0.19 төгрөгөөр буурчээ. Сангийн сайдын мэдээлснээр ойрын нэг сарын хугацаанд 600 сая ам.долларыг валютын санд нийлүүлбэл ам.долларын ханшийг тогтвортой байлгахад чухал үр нөлөө үзүүлэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх хуулийг баталлаа DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг эцэслэн батлав.

Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ өчигдөр буюу энэ сарын 14-нд хийсэн бөгөөд өнөөдөр 87.5 хувийн саналаар батлав.

Монгол Улс коронавирусний нөхцөл байдал, ОХУ, Украины хурцадмал нөхцөл байдлын улмаас дэлхий дахинд түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнийн өсөлт огцом нэмэгдэж байна. Тухайлбал, он гарсаар газрын тосны үнэ дунджаар 50 хүртэл хувь, улаанбуудайн үнэ 40 хувь өсөж, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас зарим хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомсдол үүсэж, цаашлаад дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул бодитоор нүүрлэсэн байна. Тиймээс Засгийн газраас хямралыг даван туулах үүднээс дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр энэ сарын 5-нд өргөн барьсан юм. Засгийн газрын өргөн мэдүүлэх уг хуулийн төслийн хүрээнд доорх 8 асуудлыг зохицуулна. Үүнд:

-УИХ-аас нөхцөл байдалтай уялдуулан хууль, тогтоолыг дараалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэх,

-Монголбанк мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг өөрсдийн харилцдаг банкуудаар нь дамжуулан, банкны эх үүсвэрийг дайчлах, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн боломжийг бий болгох, бусад санхүүгийн хэрэгсэл ашиглан гадаад валютын ханшийн эрсдлийг бууруулах,

-Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгож, Лондонгийн металийн биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоод зах зээлээс алт худалдан авна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлж амжаагүй зөрчил гаргасан хуулийн этгээд, иргэдэд энэ хууль хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй. Өөрөөр хэлбэл, Төвбанканд одоо ч алтаа тушааж болно.

-Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хангамжид нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ авах цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгох,

-Засгийн газраас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардалд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Ингэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэхүү хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах арга хэмжээ авна,

-Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн хомсдол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ,

-Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хүнсний тухай хуулийн 6.7 дах хэсэгт заасны дагуу энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамж, нийлүүлэлтэд хомсдол үүсэхээс сэргийлж, экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүрд тогтоож мөрдүүлнэ. Мөн энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ,

-Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт металь, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно,

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр хаалттай горимд шилжлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ DNN.mn

УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна.

Тодруулбал, АН-ын нөлөө бүхий улстөрчдийн нэг, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах санал НПГ-т хүргүүлсэн бөгөөд, Хөгжлийн банкны гэх хэрэгт хяналт тавих прокурорын ажлын хэсэгт хүргүүлсэн гэх.

Хэдийгээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Би Хөгжлийн банкнаас зээл авсан асуудалд ямар ч хамаагүй” хэмээн мэдэгдэж буй ч түүнийг яллагдагчаар татаж шалгах үндэслэл бүрдсэн учраас АТГ-ынхан санал хүргүүлсэн байна.

Түүнийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн дээр дурдсан зүйл ангийн дагуу яллагдагчаар татах санал хүргүүлсэн аж.

Categories
гадаад мэдээ

Шри Ланк улсын дефолт монголчуудад юу шивнэв DNN.mn

Шри Ланк улсын Засгийн газар олон улсын эргэн төлөлт гэгддэг зээлээ төлж чадахгүй өрөнд орж дефолт буюу дампуурлаа зарлав. Эдийн засгийн гадаад болон дотоод цочмог цохилтод дараалан өртөж улсынх нь санхүүгийн байдал муудсаны улмаас тус улс дампуурлаа зарлав. Шри Ланкийн Засгийн газар валютын хомсдолд орж бүх гадаад дотоод эргэн төлөлт зогсож буй учраас гадаад улсуудад ажиллаж байгаа иргэдээ эх орондоо буй гэр бүлдээ валют илгээхийг хүссэн байна. Тус улсын сангийн сайд Махинда Сиривардена сэтгүүлчдэд, улсынхаа гадаад өрийг Олон улсын валютын сангийн эдийн засгийн тусламжийн хөтөлбөрт орж шийднэ гэж мэдэгдэв. Шри Ланк 1948 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш гадаад өр барагдуулах талаараа маш амжилттай ажиллаж байсан талаар Сангийн сайд мөн дурсав. Сангийн сайд Махиндын үзэж байгаагаар, цар тахал болон Украины нөхцөл байдал Шри Ланкийн эдийн засагт хүчтэй цохилт болсон аж. Өнгөрсөн сард олон улсын валютын сангаас Шри Ланкийн өрийн хэмжээг тогтворгүй гэж үзсэн. Энэ нь тус улсын засгийн газар бүх гадаад өрийг тогтвортой байлгахын тулд яаралтай алхам хийх хэрэгтэй болсон гэсэн үг. Яаралтай алхам буюу онцгой үйлдэл гэдэг нь улсын санхүүд бүтцийн өөрчлөлт хийхийг хэлдэг. Иймээс энэхүү хүнд цаг үеийг даван гарахын тулд Шри Ланкийн засгийн газар Олон улсын валютын сангаас яаралтай санхүүгийн тусламж хүсэхээс өөр аргагүй болоод байна. Мөн Засгийн газар олон улс болон хоёр хөрш түншүүдээсээ санхүүгийн тусламж хүсч байгаа бөгөөд онцгой нөхцөл байдлын улмаас ард түмэнд учирсан зовлон зүдгүүрийг хөнгөвчлөхөөр ажиллана гэв. “Бид гадаад өр төлөх чадвараа алдсан. Бид зайлшгүй шаардлагатай импортод анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд гадаад өрийг барагдуулах талаар санаа зовох хэрэгтэй” гэж тус улсын төв банкны ерөнхийлөгч доктор Нандалал Веэрасингхэ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Шри Ланк 2022 он хүртэл төлж дуусгах зургаан тэрбум орчим ам.долларын гадаад өрийн төлбөртэй. Гэвч тус улсын ашиглах боломжтой хөрөнгийн нөөц нь ердөө 150 сая ам.доллар болж түүхэн доод хэмжээндээ хүрчээ. Ирэх жилээс эхлэн 2026 он хүртэл Шри Ланкийн гадаад өрийн үйлчилгээний хэмжээ 25 тэрбум ам.долларт хүрнэ. Шри Ланка сүүлийн арван жилийн ихэнх хугацаанд төсвийн алдагдал, худалдааны алдагдалтай нүүр тулсаар ирсэн юм байна. Шри Ланкийн гадаад өрийн хэмжээ 2014-2019 онд DGP-ийн 42.6 хувьд хүрч өссөн. Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн дэглэм болон төв банкны үе үеийн дарга нар Шри Ланкийн гадаад өр төлөлт тогтвортой байгаа бөгөөд тохиолдож буй бэрхшээлүүд дефолт болох хэмжээнд хүргэхгүй хэмээн хоёр жилийн турш санхүүгийн асуудлаа нуун дарагдуулж байв. Гэвч үнэн ялж Засгийн газар дампуурал зарлах хэмжээндээ хүрэв.

Одоогийн байдлаар тус улсын засгийн газар 2022 оны хоёрдугаар сараас 10 дугаар сарын хооронд төлөх ёстой 4.8 тэрбум өрөө яах вэ гэдэг асуудалд ороод байгаа юм.

Шри Ланкийн засгийн газар үгүй болж буй валютын нөөцийн дарамтыг намдаахын тулд хөрш Энэтхэгээс хүнс, эм, шатахуун импортлох зээлийн шугам зэрэг түр зуурын тусламжийн арга хэмжээ авсан гэж мэдээлж байсан. Мөн Энэтхэг, Хятад, Бангладешаас валют солих, Оманаас газрын тос зээлээр авахаар болсон. Зардлаа танахын тулд засгийн газар 2021 оны аранхоёрдугаар сараас эхлэн гадаад дахь гурван дипломат төлөөлөгчийн газраа хүртэл хаасан. Гэвч эдгээр арга хэмжээ нь дампуурал зарлахаас аварсангүй. Шри Ланка улс эцсийн бүлэгт бүх өрөө төлж дуусгах хэрэгтэй. Эс бөгөөс эдийн засгийн колони улс болох магадлал өндөр юм.

Гадаад валютын нөөц шавхагдаж байгаа нь Шри Ланкад Хятадын зээлээр баригдсан дэд бүтцийн төслүүдтэй холбоотой. Зээл аван бүтээсэн бүхэн нь засгийн газарт ямар ч ашиг өгдөггүй. “АР” агентлаг тус улсын төв банкны тоо баримтаас харахад, Хятад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийг тооцохгүйгээр ойролцоогоор 3.38 тэрбум ам.доллар Шри Ланкад зээлсэн гэж мэдээлэв. Пойнт Педрогийн хөгжлийн хүрээлэнгийн ерөнхий судлаач Муттукришна Сарванантан хэлэхдээ, “Бид техникийн бүрэн дампууралд орлоо” гэж мэдэгдсэн.

Шри Ланкийн иргэд он гарснаас хойш үнийн хэт хөөрөгдөл болон тог усны хязгаарлагдмал байдалд дарлагдав. Мөн ажилгүйдлийн түвшин дээд хэмжээндээ хүрч улсын баячууд нь хүртэл санхүүгийн хямралтай тулжээ.

Засгийн газрын хувьд иргэдээсээ уучлалт гуйн, гадаад оронд ажиллаж амьдарч буй гэр бүлийн гишүүдээсээ мөнгөн тусламж авахыг хүссэн байна. Дампуурлын тухай мэдсэн дэлхийн өнцөг булан бүр дэх иргэд нь нэгдэн Шри Ланкад зориулан хандивын данс нээгээд байна. Тэгвэл Шри Ланк улсын туршлага бидэнд ямар сургамж өгч байна вэ?!

Үл төлөлт гэсэн үг болох “Default” буюу “Дефолт” нь маш товчоор зээл өр болж хувирахыг хэлнэ. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал, нэг хувь хүн, эсвэл компани мундаг гутал хийж гадаадад гарган валют олж баяжих зорилт тавьжээ гэж бод. Тэд гадны шилдэг гутал хийх технологид төлөх мөнгө, энэ технологиос илүү гарах хямд зардалтай сайн гутал хийх технологи шинээр гарган авах зардал, түүхий эд, үйлдвэрлэл, тээвэрлэлт, татвар, цалин, орлого гээд бүх зүйлээ тооцож гаднаас зээл авна. Тэгээд тэд шинэ гутлаа зарсан ашгаараа зээлээ төлж дуусгаад дахин зээл авч үйлдвэрлэл болон орлогоо нэмэгдүүлэн улам хөгжинө. Энэ нь гадаад зээлийн хамгийн гол зүйл нь шинэ технологи буюу валют олдог ажлын байр байдаг гэсэн үг. Харин нэг дарга нь гутал хийх зээлээр авгайдаа юм авч өгөөд байвал дефолт болдог гэсэн үг. Иймээс бид нэгдүгээрт, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орно гэдэг чинь манай улс төрчид бидний өмнөөс зээл авч түүнийгээ бидний өр болгон өөрсдөө халааслахыг хэлдэг юм байна. Иймээс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт оруулж биднийг хоосруулсан улстөрчдийн баруунд гаргасан хөдлөх үл хөдлөх хөрөнгийг олон улсад хандан яаралтай царцааж улсынхаа санд буцаан оруулж өвгөд хөгшид, үр хүүхэд, эмч, багш нарт зориул гэсэн үг. Хоёрдугаарт, дахин гаднаас зээл авах гэж байгаа төр, засгаас зээлээ өр болгохгүй гэсэн баталгааг нь эхлээд сонс. Хамгийн гол нь манай улсад ямар шинэ технологи орж ирж хэр хэмжээний валют болох вэ буюу хэдэн ажлын байр шинээр бий болох юм бэ гэдгийг байнга асууж бас шалгаж бай гэсэн үг. Эс тэгвээс зээл чинь өр болж дефолттой нүүр тулна. Энэ үед өөрийнхөө толгой руу цохиод авсан ч оройтчихсон Шри Ланк улстай хөтлөлцөөд зогсож байх болно. Үүнийг л Шри Ланкчууд бидэнд шивнээд байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Хар тамхины хэргээр яллагдсан шүүгдэгч амиа хорложээ DNN.mn

“Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо тоотод боомилсон байдалтай нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ны ирүүлжээ. Хэргийг тодруулбал, тус тоотод оршин суух хаягтай эрэгтэй 23 настай Т нь хашааны шонгийн модноос хар өнгийн уяагаар боомилж нас барсан хэрэг гарсан байжээ.

Хэргийн газрын үзлэгээр тухайн нас барсан иргэн хар тамхи хэрэглэсэн үедээ өөрийгөө боомилсон байж болзошгүй байгаа аж. Талийгаач Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022-04-12-ны өдөр хар тамхи хадгалсан гэх хэргээр шүүгдэхээр тов гарсан байсныг мөрдөн шалгах явцад илрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Засгийн бодлогын бодит биелэл “Ховд эко цемент” DNN.mn


– Уг үйлдвэр бол төрийн бодлогод туссан хөгжлийн бүтээн байгуулалт –


Хөгжлийн банкны зээлүүдээс хэвийн төлөлттэй, зориулалтын дагуу хэрэгжиж буй төслүүдийг цувралаар нийтэлж байгаа билээ. Энэ удаад баруун бүсийг хямд, чанартай цементээр бүрэн хангах “Ховд эко цемент” үйлдвэрийг онцолж байна. Уг үйлдвэр нь төрийн бодлогод туссан томоохон бүтээн байгуулалт гэдгийг юуны өмнө дурдъя. “Ховд эко цемент” төсөл нь баруун бүсийг хөгжүүлэх Монгол төрийн бодлого болон хэрэгжиж байгаа юм. УИХ, Засгийн газраас сүүлийн 12 жилийн турш энэхүү төслийг бодит ажил болгон хэрэгжүүлэхээр зорьж иржээ.

2012 онд Монгол Улсын Засгийн газрын 171 дүгээр тогтоолоор “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн 4.3.5-д Баруун бүсэд цементийн үйлдвэр байгуулахаар тусгасан. Мөн 2015 онд Засгийн газрын 335 дугаар тогтоолын нэгдүгээрт, Баруун бүсэд жилд 250.000 тн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг Ховд аймгийн Буянт суманд барьж ашиглалтад оруулахыг дэмжиж Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоол батлагдсан байдаг.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ховд эко цемент”-ийн үйлдвэр барих зорилт тусгагдсан бөгөөд 2016 онд Улсын Их Хурлын тогтоолоор “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тус үйлдвэрийг барих төрийн бодлого баталгаажсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт “Барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх цемент, арматур, хавтгай шил зэрэг үндсэн нэр төрлийн материалыг эх орны эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг бодитой хэрэгжүүлэх хөгжлийн нэгэн томоохон төсөл болон хэрэгжиж байгаа учир онцолж байгаа юм.


“Ховд Эко цемент”-ийн үйлдвэр бол баруун бүсийг цементээр хангах, цаашлаад бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох зорилготой, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлогтой. Тус үйлдвэр Ховд аймгийн төвөөс 18 км, Буянт сумаас 15 км-ийн зайд байрлаж буй. Үйлдвэрийн барилгын ажил дуусч байгаа бөгөөд одоо тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна.

Уг төслийн барьцаа хөрөнгийн үнэлгээг сонирхвол 2021 оны байдлаар барьцаа хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нь 161.3 тэрбум төгрөг байгаа аж.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 70 сая ам.доллар буюу 200 гаруй тэрбум төгрөг бөгөөд үүний 28.2 сая ам.долларыг Монгол Улсын Хөгжлийн банкны зээлээр, 41.8 сая ам.долларыг хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг аж ахуйн нэгж нуруундаа үүрч баруун бүсийн хөгжлийн төслийг эхлүүлжээ.

Хөгжлийн банкны 28 сая ам.долларын зээл нь бусад арилжааны банкуудтай ижил буюу өнөөдрийн төгрөгийн ханшаар дүйцүүлбэл зээлийн хүү нь 16 хувийн хүүтэй тэнцүү байгаа юм. Ийнхүү үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх

салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх Хөгжлийн банкны зээл олгох бүхий л шалгуурыг бүрэн хангасан хөгжлийн төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж, зээлийн эргэн төлөлт хэвийн, санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулж байгааг Хөгжлийн банкнаас албан ёсоор мэдэгдсэн билээ.


С.Жавхланбаатар: “Ховд эко цемент” үйлдвэр бол төрийн бодлогод туссан бүтээн байгуулалт


Төслийн удирдагч С.Жавхланбаатартай цөөн хором ярилцлаа.


-Үйлдвэрийн ажлыг 2019 онд өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа очиж шавыг нь тавьж эхлүүлж байжээ. Танай төслийн хувьд баруун бүсийг цементээр хангах, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нь цаг хугацааны хувьд цар тахалтай давхацлаа. Мөн л хохирол амслаа шүү дээ?

-Энэ бүх бэрхшээл бидэнд маш их туршлага болж байна. Бидний нуруун дээр тооцоолоогүй дарамтууд ирж байна. Эрсдэлүүдийг туулаад л гарлаа. Барилгын материалын өртөг 2020, 2021 онд хоёр дахин өсчихлөө. Ажиллах хүчний өртөг ч хоёр дахин өсчихлөө. Үнэ тогтвортой байсан нь ганц цемент л байлаа. Тоосго, арматур гээд үнэ нь дийлдэхээ больсон. 2019 онд биднийг үйлдвэрийн ажлаа эхлэхэд арматурын үнэ 1.6 сая төгрөг байсан чинь 2020 онд гурван саяд хүрчихсэн. Тоосгыг 300 төгрөгөөр авдаг байсан чинь 450 төгрөг болж нэмэгдчихсэн. Хөөсөнцөр 130 мянга төгрөг байсан чинь бараг гурав дахин өсөөд 300 мянган төгрөг болчихоод байна.

-Танай үйлдвэрийн барилгын ажил дуусаад одоо тоног төхөөрөмжийн угсралтын ажил ид өрнөж байгаа юм байна. Төлөвлөгөөний дагуу ирэх есдүгээр сард үйлдвэр ашиглалтад орох аж. Гэтэл сүүлийн үед Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбоотойгоор зээлдэгчдийг нийтээр нь харлуулдаг явдал их гарч байна. Газар дээр нь, үйлдвэр дээр нь ирээд бодит нөхцөл байдлыг харахад өөр юм байна шүү?

-Нэгдүгээрт, бидний хувьд бага хүүтэй зээл аваагүй. Арилжааны банкуудынхтай адил хүүтэй зээл авсан. Хоёрдугаарт, зээлийг авчихаад зориулалтын бусаар зарцуулчихаагүй. Ковидын эрсдэлтэй энэ хоёр жилд бид гамшгийн нөхцөл байдлын үед байдгаараа л зүтгэсэн. Ийм хүнд үеийг туулаад гарч ирж байхад банкнаас хөнгөлөлттэй зээл аваад, зориулалтын бусаар зарцуулчихсан мэтээр цоллогдоно гэдэг бол бидний хувьд бол дарамттай байна. Яагаад Хөгжлийн банкнаас зээл авав гэхээр арилжааны банкууд ийм томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломж бага, хязгаартай, хаалттай, Монголбанкны дүрэм, журмын дагуу. Хөгжлийн банк бол улс орны болоод нийгэм, эдийн засагт чухал ач холбогдол бүхий төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн чиг үүрэгтэй банк шүү дээ. Эргээд өөрсдөө ашиг олно. Зээл олгохгүй бол ашиг олохгүй. Нэг талаасаа ашгийн төлөө байгууллага. Зээл авсан, зээлээ зөв зарцуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хулгай хийчихсэн мэт байдалд оруулж нийгэмд буруу ойлголт өгч байгааг газар дээр нь ирж үзэж буй та бүхэн л ойлгох байх. Валютаар авсан зээл. Мөн хамгийн өндөр хүүтэй зээлүүдийн нэг буюу жилийн 16 орчим хувийн хүүтэй зээл л дээ. Одоо валютын ханш хэд хүрчихээд байгаа билээ. Нөхцөл байдал хүнд байгаа. Гэвч манай зээл хэвийн төлөлттэй, бүтээн байгуулалт нь ковидоос үл шалтгаан хэрэгжээд явж байна.

-Сүүлийн үед ард иргэдийн хувьд шинэ үйлдвэр ашиглалтад орох, бүтээн байгуулалтын ажил хөдөлж эхлэхэд баярладаг болжээ. Нутагт нь, бүсэд нь ийм томоохон үйлдвэр ашиглалтад орох гэж буй нь иргэдэд хүлээлт үүсгэж байгаа нь тодорхой?

-Ялангуяа эндхийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн хувьд хувийн хөрөнгө оруулалтаар барилгын төсөл хэрэгжүүлээд явъя гэхээр цементийн үнэ Улаанбаатарынхаас хоёр дахин өндөр үнэтэй байдаг. Барилгын материалын үнэ өндөр бол өртөг нь өснө. Өртөг нь өсөхөөр хөрөнгө оруулалтаа нөхөх ашиг олох боломж нь багасна. Ийм үйлдвэр ашиглалтад орох гэж байгаад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн барилгын компаниуд маш их хүлээлттэй байгаа. Хурдан ашиглалтад ороосой, танай үйлдвэр хэзээ ашиглалтад орох гэж байна гэдэг асуултыг байнга тавьж, хүлээлт үүсгэж байна гэв.

Мөн тэрээр “Бизнес утгаараа том төсөл баруун таван аймагт хэрэгжихэд хамгийн тохиромжтой газар бол Ховд мөн. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх дэд бүтэц бусад аймагт сул гэж хэлж болно. Энэ үйлдвэрийн байршил сонгогдсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, шохойн чулууны орд бий. Ордоосоо үйлдвэр маань 1.8 км-ийн зайтай. Хоёрдугаарт, зам дэд бүтэц сайн. Баян-Өлгий, Увс явах зам дагуу. Мөн аймгийн төвдөө ойр. Энэ нь зах зээл, хэрэглэгчдэд илүү ойртоно гэсэн үг. Эрчим хүчний шугамдаа бас ойрхон. Тийм учраас үйлдвэрийг энд барихаар сонгосон юм. Цемент гэдэг бүтээгдэхүүн дан ганц шохойн чулуунаас бүрдэхгүй. 80 хувь нь шохойн чулуунаас бүрдэж байгаа. Үлдсэн 20 хувийг нь өөр түүхий эд, материал бүрдүүлдэг. Гөлтгөнийн орд, Увс аймгийн Сагил суманд байгаа. Харганатын төмрийн хүдрийн орд бий, Хөшөөтийн нүүрсний орд байгаа. Хөшөөтийн нүүрсний ордоос бид коксжсон нүүрсийг ашиглахгүй. Хаягдал, нунтаг нүүрсийг ашиглаж холино. Занарын орд манай энэ шохойн чулууны ордын хажууд байгаа юм” гэлээ.

Үйлдвэрийн шавыг 2019 онд тавьсан бөгөөд түүнээс хойш манай төрийн удирдлагуудаас эхлүүлээд, харьяа яамны сайд нь удаа дараа ирж барилгын ажлын явцтай танилцсан юм байна. Үүнийг төслийн багийнхан өөрсдийг нь дэмжихээс гадна төрийн хяналт, УИХ, ЗГ-ын тогтоолын хэрэгжилтийг хянаж буй нэг өнцөг” хэмээн хардгаа энэ үеэр нуусангүй. 2019 онд үйлдвэрийн барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн ковидын цар тахал дэгдэж, хил гааль хаагдаж, хөл хорио тогтоосноос төлөвлөж байсан бүх тооцоо алдагджээ. Гэсэн ч хүнд хэцүү нөхцөлд хоёр жилийн турш татан авалтаа тасалдуулахгүй 90 гаруй хувьтай хийж чаджээ. “Ховд эко цемент” төсөл хэрэгжсэнээр барилгын суурь материал болох цементийн үнийг төвийн бүстэй адил болгон бууруулна. Өнөөдөр баруун бүсэд 1 тн цементийн үнэ 500 мянган төгрөгт хүрч тээврийн зардлаас үүдэлтэй үнийн галзуурал үүсч буй асуудлыг хазаарлаж цементийн үнийг 2 дахин бууруулна. Ховд аймагт 250 шинэ ажлын байр бий болох бөгөөд шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж 3000 орчим малчин болон иргэний орлогыг нэмэгдүүлэх аж. Нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр байгуулагдаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, алслагдсан бүс нутгийг хөгжүүлэх АЛСЫН ХАРАА-2050-ын бодлого биеллээ олох юм. Цаашлаад зам, гүүр, барилгын материалын үйлдвэрлэл гээд, бусад бүтээн байгуулалтыг дэмжиж, тэдгээрийн өртөг зардлыг бууруулах үндсэн хөшүүрэг болно. Орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимжүүлж,баруун бүсэд барилга орон сууцны үнэ хямдран, орон нутагт утаа бууруулж, яндан цөөлөх нь дамжиггүй. Үүнийг дагаад үндэсний инженер техникийн ажилтнуудаа сургах, бэлтгэх үйлдвэрлэлийн талбар болно. Эх орныхоо баруун бүсийн хэрэгцээг хангаад зогсохгүй экспортын орлогыг нэмэгдүүлж ОХУ-д цемент гаргах шинэ боломж нээгдэх зэргээр эерэг, өөдрөг зорилт, зорилтууд хэрэгжих юм.

Өнгөрсөн сард Хөгжлийн банкны асуудлаар болсон Нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банк Монголбанк болон хуулийн байгууллагаас тус зээлийг хэвийн төлөлттэй, хөгжлийн банкны хуулийн дагуу мөн тавьсан бүхий л шалгуурыг хангаж буй гарын арван хуруунд багтах төсөл гэж тайлагнасан. Хөгжлийн банкны асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулах үеэр УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр “Ховд аймагт хэрэгжиж буй Баруун бүсийг хямд чанартай цементээр хангахаар баригдаж буй төсөлтэй ажлын хэсгээс холбогдох хүмүүс очиж шалгалт хийсэн. Зориулалтын дагуу, хэвийн төлөлттэй хэрэгжиж байгаа хөгжлийн төсөл” гэж хэлэлцүүлгийн эхэнд онцолж байсан юм.

БАРУУН БҮСИЙН ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДИТ ХЭРЭГЖИЛТ болсон хөгжлийн энэ төслийг Монгол Улсын төр засаг ч байнга дэмжиж ирсэн түүхтэй. Тухайлбал, 2019 оны 05 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ховд эко цемент төслийн шавыг тавьж бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлж байсан бол Монгол Улсад хууль тогтоох дээд байгууллага болсон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар,, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар газар дээр нь очиж төслийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцтай танилцан байнга бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Ховд эко цемент” төслийн талбар дээр 600-800 монгол барилгачид тасралтгүй ажиллаж, олон хүнийг ажилтай орлоготой байхад чухал хувь нэмрээ оруулсан төдийгүй баруун бүсийн хөгжлийн түүхэнд урьд өмнө байгаагүй нүсэр том бүтээн байгуулалт өрнөж байна. Өнөөдөр Ховд эко цемент төслийн бүтээн байгуулалтын хувьд барилга угсралтын ажил 95 хувь, тоног төхөөрөмжийн угсралт 35 хувьд хүрч, нийт дүнгээрээ төслийн явц 75 хувьд хүрч энэ 2022 ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна. Хэрвээ хөгжлийн энэ том төсөл арилжааны банкных шиг хэт өндөр хүүтэй долларын зээлдээ дарлуулаагүйсэн бол, зарим нэг төсөл шиг бага хүүтэй төгрөгийн зээлийн санхүүжилтээр дэмнүүлсэн бол, төр түмнийг нэлэнхүйд нь нэрвэсэн цар тахлын нөхцөл байдал сөргөөр нөлөөлөөгүй бол үүнээс ч өмнө ашиглалтад орох боломжтой байсан нь тодорхой. Төр хөгжлийн төслүүдээ алагчилж, хүүгийн зөрүүгээр ялгаварлаж болохгүй гэдгийг энд сануулах нь зөв байх. Тиймээс ч улс орны хөгжил дэвшил, алслагдсан баруун бүсийн хүн зоны амьдралд эерэг нөлөө үзүүлэх ийм хөгжлийн төслөө УИХ, Засгийн газар анхаарч, ажлыг нь саатуулах биш харин дэмжиж төр нь хувийн хэвшилтэйгээ түншилж, хамтарч ажиллана гэдэгт эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүхэн санал нэгдэх байх. Яагаад гэвэл олон жил төрийн бодлогоос орхигдож, гээгдэж ирсэн баруун бүс, тэнд амьдарч буй иргэдээ одоо л төр засаг анхаарч жинхэнэ утгаар нь бодлогын бодит ШИНЭ ЭРГЭЛТ хийнэ гэдэг итгэл найдвар ард иргэдэд дүүрэн байна.

Аливаа ШИНЭ СЭРГЭЛТ бодит ажил, бодит бүтээн байгуулалтаас л эхэлнэ.

Байгаагаа байхгүй болгох бус байгаагүйг бий болгохоос, гаднаас авдгаа өөрсдөө үйлдвэрлэдэг, гадаадад экспортолдог болохыг хэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгнө DNN.mn

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ХААНА

10.00

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.04.14, 04.15/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/

· Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Ерөнхий сайдын мэдээлэл: Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар

· Бусад

Categories
мэдээ цаг-үе

ОХУ өнөөдрөөс наран цэцгийн тосны экспортоо хязгаарлаж байна DNN.mn

ОХУ дотоодын зах зээлийг хамгаалах цогц арга хэмжээний хүрээнд Оросоос наран цэцгийн тос экспортлоход квот тогтоохоор болжээ. Энэ хязгаарлалт дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үйлчлэх юм байна.

Регнум агентлагын мэдээлснээр, наран цэцгийн тос экспортлоход тавих квот наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх гэнэ. Ийнхүү наран цэцгийн тосны экспортод хязгаарлалт тавьсан нь дотоодод түүхийн эдийн өртөгт эергээр нөлөөлж, худалдан авах үнэ буурна гэж шинжээчид үзэж байгаа аж.

Энд дуулгахад, ОХУ дотоодын хүнсний хангамжийг тогтвортой байлгах үүднээс ОХУ-аас хуурай замын хилээр нэвтэрч буй иргэд элсэн чихэр, төрөл бүрийн будааг Монгол руу зөөвөрлөхийг хориглож байгаа юм. Үр будаа зөөвөрлөх хориг энэ оны зургадугаар сарын 30, харин элсэн чихэрт тавьсан хориг наймдугаар сарын 31-нийг хүртэл үйлчлэх аж. Түүнчлэн хилээр төрөл бүрийн ургамлын тос зөөхийг ч хориглосон. Хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан энэ төрлийн бүтээгдэхүүн ч хоригт хамаарна гэдгийг Буриадын гаалийн газар анхааруулж

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Д.Монголхүү: Төсвийн хэмнэлт төрийн данхар тогтолцоог халах, засаг захиргааны нэгжийн дахин загварчлалаас эхэлнэ DNN.mn

-Эрх баригчид үнэтэй унаанаас татгалзаж, утасны төлбөрөө хэмнээд эдийн засагт ямар ч үр нөлөө үзүүлэхгүй-


Монголын ардчилсан холбооны дарга Д.Монголхүүтэй ярилцлаа.


-Эрх баригчид туулах чадвартай том тээврийн хэрэгслээс татгалзаж, утасны төлбөрөө чөлөөлснөө хэмнэлт гэж ярих юм. Үүнээс гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ. Ингээд бодит үр дүнд хүрэх үү?

-Хэмнэлт ярьж байгаа бол төрийн данхар тогтолцоог багасгах хэрэгтэй. Нөхдүүдийн хэрэглээний зардлыг хасаад бодит үр дүн гарахгүй. Өнөөдөр Засгийн газар 16 яамтай. Төр томрохын хэрээр зардал өснө. 3 сая хүн амтай улсад тэр олон яамны шаардлага байхгүй. Үндсэн есөн яам л хангалттай. Тэр есөн яам дээрээ том оврын туулах чадвартай машин хэрэглэх үү гэдэг асуудал яригдаж болох юм. Гэхдээ энэ нь үндсэн хоолны дессертийг хасаж байгаа асуудал. Үүнийг хэмнэснээр бодит үр дүн гарч эдийн засаг солонгорно гэж байхгүй. Хүний эрх дээр суурилсан чөлөөт зах зээлийн ардчилсан нийгмийн үндсэн зарчим нь төр хамгийн бага оролцоотой байхыг хэлж байгаа юм. Өнөөдөр манайд төрийн оролцоо хэрээс хэтрээд байна л даа. Ардчилсан нийгэм мөн юм уу гэж эргэлзэхэд хүрч байна. Төр өөртөө эрх мэдлийг хураах тусам л дарангуйлалд ойртож байна аа л гэсэн үг. Эрх баригч албан тушаалтнууд хэдэн 570, 200-гаа зарж, утасны төлбөрөөс татгалзаж байгаа нь хэмнэлт хийж байгаа ойлголт биш.

-Данхар тогтолцооноос л хэмнэлтийг эхэлнэ гэж ойлголоо. Засаг захиргааны шинэ загварчлалаас бодит хэмнэлтийн үр дүн гарах уу?

-Хэмнэлт гэхлээр өргөн сэдэв. Засаг захиргааны дахин загварчлалаас асуудал яригдах ёстой. Манайх 21 аймаг 365 сумтай. Суманд амьдарч байгаа иргэдэд төрийн үйлчилгээ очих ёстой. 2000-3000 хүн амтай суманд төрийн бүх үйлчилгээ очно. Эмнэлэг, сургууль, дэд бүтэц гээд. Ингэхлээр сая гаруй хүн амтай нийслэл, 2000 гаруй хүнтэй суманд төрөөс гаргаж байгаа зардал үндсэндээ ижил болоод байна л даа. Ижил зардлаар хэдэн хүн үйлчилгээ хүртээж байна вэ гээд бодоод үзэхэд тэнгэр, газар шиг ялгаа харагдаж байгаа биз. Төсөв хэмнэж эдийн засгийн өсөлтөд зарцуулъя гэвэл засаг захиргааны нэгжийн дахин загварчлах ёстой. Эдийн засгийн хуулиараа бол 5000 хүн нэг дор амьдарч байж өөрийгөө тэжээж эхэлнэ. 5000-аас илүү гарч байж ашгийн тухай ярьж эхэлнэ. Нэг суманд 3000 хүн байна гэж тооцвол өөрсдийгөө ч тэжээх зах зээлийн орчин бүрдэхгүй байна л гэсэн үг. Тэр хэрэгцээг татварын мөнгөнөөс нөхөж байгаа. Зардал гарч байгаа биз. 5000 хүн нэг дор байвал зардал ашгийн бланс тэнцэж ирнэ. Дээшээ гарвал худалаа наймааны ашиг яригдана. Эдийн засгийн хууль нь ийм. Дахин онцлоход, төсвийн хэмнэлт хийх гэж байгаа бол засаг захиргааны нэгжийн дахин загварчлалаас эхлэх шаардлагатай. Ингээд хэрэгцээ талаасаа эрэмбэлнэ. Шаардлагатай зүйлсийн ач холбогдлыг эрэмбэлнэ. Жишээ нь, нэг суманд хоёр усан бассейн байх нь ямар ач холбогдолтой вэ, хөшөө дурсгал нь ямар ач холбогдолтой юм, хэдэд эрэмбэлэгдэх вэ, боловсролын асуудал нь хэдэд эрэмбэлэгдэх ач холбогдох юм гээд л асуудлууд яригдана. Энэ бүх загварчлалыг хийхэд суурь шалтгаан нь хүний эрх байх ёстой. Хүний эрх гэдэг хөрсөнд үрээ суулгаж модоо тарих уу, цэцэг тарих уу гэдэг асуудал шийдэгдэх ёстой.

-Хүний эрхээ хойш нь тавиад иргэний үүрэг гэдэг асуудлыг тэргүүнд тавьдаг…

-Хүний эрх ярьсан хүмүүс, үүргээ ухамсарлахгүй юм гэх нийтлэг ойлголт манайд бий. Хүн эхийн хэвлийгээс үүрэгтэй төрдөггүй. Эхийн хэвлийгээс унаад амьсгалах эрхээ эдэлдэг. Сүүгээ хөхнө, уйлах эрхээ эдэлнэ. Өөрийгөө илэрхийлэх гээд л хэрэгцээ шаардлагаа нэхэж эхэлдэг. Таагүй санагдаж уйлахдаа ямар ч үүрэг хүлээдэггүй биз дээ. Үүрэг гэдэг зүйл байгалиас заяагдаж ирдэггүй. Үүрэг гэдэг бол нийгмийн харилцааны ойлголт. Эрх гэдэг бол байгалийн жамын заяагдмал өгөдөл. Нийгмийн загварчлалыг энэ өнцгөөс харж сууриа дэвсэх ёстой.

-Ковид гарах нь гэж ААН-үүдийн үйл ажиллагааг жилийн хугацаанд хорьсон. Ковид гараад хоёр жил шахам хорилоо. Эдийн засаг элгээрээ хэвтээд байхад л УИХ-ын даргын зүгээс иргэдэд хандаж “Шаардлагагүй зардлуудаа тана. Хэмнээрэй” гэх зүйлийг ярьж байна. Үнэндээ хэмнэх боломжгүй болчихоод байх шиг…

-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд засгийн эрх барьсан намын албан тушаалтнуудын аливаа зүйлийг харж байгаа өнцгийг ажиглалаа. “Хууль гаргаад усыг дээш нь урсгачихна” гэж бодоод байх шиг. Өөрөөр хэлбэл, надаас шалтгаалах юм гэж юу вэ, шалтгаалахгүй юм гэж юу вэ гэдгийг ялгаж салгахгүй байх шиг. Танин мэдэхүй, философийн тухай ойлголт алга. Би яамаар байна вэ гэдгээ л мэдэж байна. Эрх баригчид хууль зохиогоод үнэ тогтворжуулна гэж ярилаа. Энэ ямар ч үндэслэлгүй зүйл. Зах зээлийг чөлөөтэй хаяж л үнийг тогтворжуулна. Зах зээлийг контролдож үнэ тогтворжуулах тухай ярьж байгаа нь улс төр, нийгмийн наад захын ойлголтгүйг л харуулж байна л даа. Мэдлэг гэдэг хүний амьдрах багаж хэрэгсэл. Эрх баригчдад ямар ч багаж хэрэгсэл алга. Зүйрлээд ярья л даа. Би өнөөдөр сууж байгаад хууль баталчихвал голын ус газрын өөдөө урсах нь. Ямар ч боломжгүй зүйлийг хуулиар боломжтой болгох гээд оролдох юм. Сая жагсаалтай холбоотойгоор эрх баригчдын хийсэн мэдэгдэл цэвэр улс төр л хийж байгаа үйлдэл.

-Мэдэгдлээс гарах үр дагаврыг тооцохгүй байна уу?

-Тийм. XX зууны эхэн үеийн Америкт хуурай хууль гэж юм гаргасан. Үнэ тогтворжуулахыг хуулиар зохицуулахтай яг ижилхэн л кейс л дээ. Гэхдээ архин дээр гарсан жишээ. Архийг хуулиар хориглосон юм. Энэ хуулийн нөлөөгөөр далд бизнес хүчирхэгжсэн. Гэмт хэрэгтнүүд төр бариад эхэлсэн. Тухайн үед АНУ-ын нэг давуу тал нь систем нь өнөөдрийн манайхтай яг ижил байсан юм. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь тус тусдаа байсан. Гурван биенээ хянадаг. Хууль тогтоох засаглал руу мафиуд ороод ирэхээр шүүх нь хүмүүсээ цэвэрлэж эхэлсэн. Ингээд АНУ-ыг шүүх нь аварсан. Боломжгүй зүйлийг хуулиар зохицуулах оролдлого хийхэд ийм үр дагаварт хүрдэг. Өнөөдөр хуулиар үнэ тогтворжуулах гэж оролдвол хуурай хуулийн жишээ манайд давтагдана. Төртэй холбоотой, төрийнхний хамааралтай бизнес л цэцэглэнэ. Бусад бизнесүүд дампуурна. Энэ үр дагаврыг тооцохгүй популизм хийсэн.

-Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна л даа. Таны зүгээс эдийн засаг богино хугацаанд сэргэх гарц гаргалгааг хэрхэн харж байна вэ?

-Энгийн л асуудал шиг санагдах юм. Бид урьд нь нэг удаа давж гарсан шүү дээ. 1990 онд бид мөнгө өгдөг “сайн ах”-ыгаа алдсан. ОХУ1990 он хүртэл манайхыг тэжээдэг байлаа. Бид ОХУ-ын нөлөөллөөс гараад өөрийгөө тэжээнэ гээд л явсан. Тухайн үед мөнгөгүй засаг хүчгүй байсан. Товчхондоо төрийн албанд ажиллах хүн бараг олдохгүй байсан шүү дээ. Төр нь нийгмээ хянаж чадахаа больсон. Ингээд төрийн зүгээс бүх зүйлийг чөлөөлсөн. Гадаад паспорт олгоод л наймаа хийхийг чөлөөтэй болгосон. Монголын эдийн засаг наймаачдын нуруунд босч ирсэн шүү дээ. Тэр дундаа Монголын тарвага, наймаачин хоёрын нуруун дээр л босч ирсэн гэж хэлж болно. Төрийн зүгээс үүнийг нь татвараас л чөлөөлчихсөн л дөө. Малыг малчдад хувьчлаад, амьдарч байсан орон сууцыг нь өөрсдөд нь өгчихсөн. Хөрөнгөтэй болсон хүмүүс өнөөхөө барьцаанд тавиад урагшаа хойшоо яваад монголын эдийн засаг богино хугацаанд босч ирсэн. Тэр үед төрийн зүгээс боломжийг нь нээж өгөөд л орхичихсон байхгүй юу. Төрийн оролцоог халаад эдийн засаг богинохон хугацаанд боссон. Чөлөөт эдийн засгийн ид шид нь энэ. Өнөөдөр төрийн зүгээс эдийн засагт оролцохоо болих хэрэгтэй. Чөлөөлөөд л орхи. Чөлөөт эдийн засаг бол өөрөө явдаг процесс. Төр хамгаалах үүргээ л гүйцэтгэх хэрэгтэй. Төр анх хамгаалах үүрэгтэй л бий болсон. Би чамайг дээрэмдэхэд чи өөр хэн нэгэнтэй нийлж бусдад мөнгө өгөөд өөрийгөө хамгаалуулна. Энэ хэрэгцээ шаардлагаас л төр үүссэн. Төрийн үүрэг ердөө л хамгаалах. Нэгдүгээрт, харийнхны түрэмгийллээс хамгаална. Хоёрдугаарт, дотоод иргэд нь бие, биенийхээ эрхийг зөрчихөөс хамгаална. Цэрэг цагдаа гадны нөлөөллөөс хамгаалж байна. Цагдаа, прокурор, шүүх нь хоорондоо бие биенийхээ эрхийг зөрчихөөс хамгаална. Төрд өмчлөх, захиран зарцуулах эрх байхгүй. Өнөөдөр манай эрх баригчид хувийн өмчид халдаад байна л даа. Энэ их аюултай.

-МАН-ын үед л хувийн өмчид халддаг жишиг тогтчих гээд байх шиг. Салхитын мөнгөний орд, Хөтөл гээд л том үйлдвэрүүдийг төр эзэмшилдээ авчихлаа. Дараагийн бай нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр бололтой.

-Хөтөлийн цементийн улсад хурааж авсан үйлдэл бол иргэдээс өмчлөх эрхийг булааж авч байгаа хэлбэр. Шүүхийн шийдвэргүйгээр эрх баригчид шийдээд эзэмшилдээ авч байгаа нь бүр ч ноцтой асуудал. Маргааш таны эзэмшлийг юуг ч булаагаад авах эрсдэлтэй байна л гэсэн үг. Төр данхайх тусам иргэдэд халгаатай байдгийг хүн төрөлхтний бүх үеийн түүх гэрчилдэг. Иргэд нь чинээлэг байж, улс нь хөгжинө. Төрөө цомхон л болгох хэрэгтэй. Төр зөвхөн хамгаалах үүргээ л гүйцэтгэнэ. Иргэд ямар ажил хөдөлмөр эрхэлж амьдрах нь чөлөөт салбар байх ёстой. Төрийн албан хаагчийн унаж байгаа машиныг зараад, утасны нэгж хэмнээд эдийн засгийн алдагдлыг бууруулна гэдэг ямар ч үндэслэлгүй зүйл шүү.

О.ДАШНЯМ