Categories
мэдээ нийгэм

Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдав DNN.mn

Угаасаа бид туйлшрамтгай. Туйлшрамтгай учраас л бултаараа суудал өнцөгдөж буруу хараад сууцгаачихсан улс. Нам нь, лам нь, бөх нь, бөө нь хүртэл хагарал талцал, хэрүүл тэмцэлтэй. Сүүлдээ бүр Орос Украин биш бид л орондоо орох завгүй олзлолдон булаалдаж, сурч мэдэх завгүй сургаар хэмлэлдэж, гарчигаар хэрэлдэн, гадаад дотоодгүй цэцэрхэх болов.Адуу дагаж илжиг үргэв гэгчээр манайханд мэдэхгүй ч сэдэв гэж алга. Хөгжлийн банкны асуудал дээр энэ нь бүр ч тод мэдрэгдэх.Гэхдээ бид дүйвээнээр л шуугиад байхаас биш үнэн мөнийг ялгахдаа тун ч хойрго аж.

Манай сэтгүүлч нөхөд ч тун залхуу болж. Ёстой өнөө хэдэн лайк нь хаа юм гэдэг шиг хүний аманд микрофон тулгаж лайвдаад байхаас биш учрыг нь олж хужрыг нь тунгаахаас бараг бүгдээрээ хойш сууцгаана. Үүнийг нь мэдэх улс төрчид ойворгон сэтгүүлчдийг бороохойгоо болгож, олон түмний тархийг угаах хөөсөө болгох нь хоржоонтой.

Эхлээд овоо хараандаа оруулж онилж авсан азгүй нэгнийг хэвлэл сошиалаар хэрчиж, улс төрийн бантангийнхаа орц жорыг сайхан бэлдээд авчихна. Бантан нэртэй жонхуугаа багсарч байгаад үнийн өсөлтөд дарлуулж, орлогын хомсдолд өеөдөж,шударга ёсоор ангаж цангасан нийгмийн идүүрэнд өнөөхийгөө угаадас шиг нэлийтэл цацчихаад өөрсдөө ард нь мар мар инээж, мад мад жуумалзана.

Ёстой нөгөө хүүхэд нь өлсөөд уйлахаар хоол унд өгөхийн оронд энийг хар аа, тэрийг ч хараа гэж сэгсчиж түр сатааруулах маанаг хүн шиг л авирлаж байна төр маань.

Хөгжлийн банкны асуудал сөхөгдөнгүүт эхлээд ч бүгдээрээ овоо доо, одоо л шударга ёс тогтох нь гэж түрхрэн дэмжиж, харин цаана нь турхиран өдөөж байсныг нь сэхээрч ер мэдсэнгүй. Гэтэл мань нөхөд чанаргүй зээлийн тухай бараг л дуугарсангүй. Чанаргүй зээлийн тал шахам хувийг нь эзэлж байгаа Төрийн өмчит компаниудын талаар бүр таг шүү.

Харин ч өөр сэдвээр нохой шуугиулж байгаад өнөө хэдийнхээ авсан чанаргүй зээлийг төсөвт суулгаж, татвар төлөгчдийн халаасыг тэмтрэх мэргэн санаа бодож олсон нь лавтай бололтой.

Тэгвэл Төрийн өмчит компаниуд гэж юу байдаг гээч. Эрх баригчдын улс төрийн сонгуулийн мөнгө, ууж идэх шоуны мөнгө, бэлжиж баяжих нууцлаг мөнгө, биенээ худалдаж авах нууврын мөнгөний саалийн үнээнүүд шүү дээ.

Ил далд амраг, илүү халиу хамаатан садан, анд нөхөд, ах дүүсээ ажилтай байлгаж, төрийн мөнгөөр угжих, намын нэрээр цуслах талбар шүү дээ.

Шилэн данснаас нуугдах , шимтэй бүхнийг гудрах суваг болохоос улсдаа дэм, төрдөө түшиг болж байгаа нь өдрийн од шиг ховор.

Ёроол нь цоорхой хувинд рашаан хийгээд нэмэргүйн адил одоо төрийн өмчит компаниудын Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргэн төлүүлэх ч хаашдаа лөөлөө болсон гэдгийг улс төрчид мэдэхийн дээдээр мэдэж л байгаа.

Тэд чанаргүй зээлийг эргэн төлүүлэх тухай биш харин хэвийн төлөлттэй яваа хэдхэн төсөлөө баалж шоглон баллаж зогсоочих гээд үзэж тарж байна.

Тэнэг л биш бол бусдаас хамгийн өндөр хүүтэй зээл авахад нөлөөлдөг гишүүн ч гэж юу байх вэ. Тэр тусмаа өдрөөс өдөрт ханш нь өсөж тэнгэрт хаддаг хамгийн эрсдэлтэй долларын зээл авсанд хамаатуулах гээд улайран зүтгэх нь үнэндээ шог харагдаж байна.

Хөгжлийн банкнаас бусад аж ахуйн нэгжүүд төгрөгөөр, тэгээд тэр нь ердөө 6, 7 хувийн хүүтэй зээл авсан байхад хамгийн өндөр хүүтэй долларын зээл авдаг, тэрнийх нь хүү төгрөгөөр 18 хувийн хүүтэй тэнцүү зээл авахад нөлөөлдөг тийм тэнэг нөлөөлөл гэж байх уу?.

Та найзыгаа ломбарднаас 6 хувийн хүүтэй зээл авах гэж байхад нь мань чинь 18 хувийн хүүтэй зээл олгодог ломбард мэднэ гээд дагуулаад явбал үгэнд чинь орох болов уу?

Хараажийн хамааралгүй, мэдээжийн нөлөөлөлгүй зүйлд нэгнийгээ яаж ийгээд хамаатуулах гэж улайрах нь улс төрийн урхи шиг л харагдаад байгаа юм даа.

Чанаргүй зээл, зориулалт бусаар зарцуулсан луйвраа ярихгүй таг суух хэрнээ бүтээн байгуулалт ид өрнөж, зээлийн төлөлт нь хэвийн байгаа үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ дайрах энэ тэнэгэрлийн цаана зүгээр л улс төрд нэр гайгүй яваа, хөгжил дэвшил бодлого ярьдаг хэдийгээ Хөгжлийн банкаар шалтаглан “айлгах төлөвлөгөө” , амыг нь барих стратеги яваад байх шиг.

Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдана гэгчээр Хөгжлийн банкны хөгийн луйврыг илчилж, буруутай этгээдүүдэд ял зэмийг оноох бус улс төрийн “дүр тоглолт” хийгээд байгаад л хамаг “но” байна.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Эзэнгүй хаягдсан автомашины мэдээллийг авч байна DNN.mn

Эзэмшигч нь тодорхойгүй, тухайн нэг байршилд удаан хугацаагаар орхигдсон автомашины мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны ерөнхий эргүүлийн 93020111 утсаар авч эхэллээ.

Өнөө өглөөний байдлаар хаягдсан зургаан машины мэдээллийг иргэд өгсөн байна. ТЦА иргэдээс ирсэн мэдээллийг нягтлан шалгаж улмаар хаягдсан машины мэдээллийн сан үүсгэнэ. Улмаар тухайн байршлын харьяалагдах цагдаагийн байгууллагууд руу мэдээллийг явуулж, АТҮТ-тэй хамтран автомашин эзэмшигчийг олох ажлууд хийгдэх юм байна.

Нийслэлийн хэмжээнд энэ мэтээр эзэнгүй хаягдсан, олон жил татвар төлж, оношилгоонд ороогүй, улсын номер дугаар аваагүй зэрэг зөрчил бүхий автомашин олон байдаг байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 34 тохиолдол бүртгэгдэв DNN.mn


Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 34 тохиолдол батлагдсан байна.

Шинээр батлагдсан тохиолдлын

  • 26 нь нийслэлд
  • 8 нь орон нутагт бүртгэгджээ.
Categories
гадаад мэдээ

Японд хүлэмжийн хийн ялгарал түүхэн доод үзүүлэлтэд хүрчээ DNN.mn

Японд “Ковид-19” цар тахлын улмаас аж үйлдвэрийн ажиллагаа саарч, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хүлэмжийн хийн ялгарал 2021 оны гуравдугаар сар хүртэлх санхүүгийн жилд түүхэн доод үзүүлэлтэд хүрчээ.

Японд хүлэмжийн хийн ялгарлыг анх 1990 оны санхүүгийн жилээс бүртгэж эхэлсэн бөгөөд 2020 оны санхүүгийн жилд 1.15 тэрбум тоннд хүрсэн нь өмнөх оныхоос 5.1 хувиар буурсан үзүүлэлт боллоо гэж тус улсын Байгаль орчны яамнаас мэдээлсэн байна. Ингэснээр 2020 оны санхүүгийн жилд хүлэмжийн хийн ялгарал 2013 оны санхүүгийн жилийнхээс 18.4 хувиар буурсан дүн үзүүлжээ. Дэлхийд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаараа тавдугаарт бичигддэг Япон улс хийн ялгарлыг 2030 он гэхэд 46 хувиар бууруулах зорилтдоо 2013 оныг суурь он болгон ашиглаж байгаа юм. “Хэдийгээр хүлэмжийн хийн ялгарал сүүлийн долоон жил дараалан буурч байгаа ч түүнийг 2050 он гэхэд тэглэх зорилтдоо хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ дээд хязгаарт нь хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай” гэж Байгаль орчны яамны төлөөлөгч Масаюки Коива хэлсэн байна.


ТОВЧХОН

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Украины армийн батлан хамгаалах хүчийг нэмэгдүүлэх зорилгоор 800 сая ам.долларын цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээ зарласан. Уг цэргийн тусламж Украинд хүрч эхэлсэн талаар Цагаан ордон “зэвсэг, техник хэрэгсэл бүхий эхний нислэг 24 цагийн дотор Украины нутагт хүрнэ” гэж мэдээлэв. Тусламжийн багцад Ми-17 нисдэг тэрэг 11, 155 мм-ийн гаубиц их буу18, Англиас өөр улсад өгч байгаагүй танк, их буу сөнөөх зориулалтын камикадзе ангиллын “Switch­blade” дрон 300 гаруй багтсан байна. Энэ нь АНУ Украинд гаубиц буу нийлүүлж буй анхны тохиолдол болов. Ж.Байден Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсны дараа хийсэн мэдэгдэлдээ, ОХУ Украин улс руу довтолсноос хойш Украинд үзүүлэх АНУ-ын нийт тусламжийн хэмжээ 2.5 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдэгджээ.

l l l

Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компанийн “Ковид-19”-ийн вакцины нэмэлт тун 5-11 насны эрүүл хүүхдүүдийг коронавирусийн омикрон хувилбараас үр дүнтэй хамгаалж байгааг туршилтаар тогтоосон гэж мэдэгджээ. Энэхүү туршилтаар “Ковид-19”-ийн вакцины хоёр тунг хийлгэснээс хойш ойролцоогоор зургаан сарын дараа нэмэлт тун тариулсан 5-11 насны 140 хүүхдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн гэнэ. Ингэхэд бүх хүүхдэд хамгаалалтын түвшин нэмэгдсэн бөгөөд 30 хүүхдэд омикроныг саармагжуулах эсрэг биетүүд хоёр тун хийлгэсэн хүүхдийнхээс 36 дахин өссөн байна. Тус компаниудын мэдээгээр, 12-оос доош насны 10 мянга гаруй хүүхдийг хамруулсан эмнэл зүйн туршилтаар вакцинтай холбоотой шинэ асуудал ажиглагдаагүй байна. “Pfizer-BioN­Tech” АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт /FDA/ 5-11 насны хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулахыг яаралтай журмаар зөвшөөрөх хүсэлтийг ойрын өдрүүдэд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд цаашид Европын Эмийн агентлаг тэргүүтэй бусад байгууллагуудаac зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ оны эхээр Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Ковид-19”-ийн вакцины гурав дахь тунг 12-15 насны хүүхдүүдэд, мөн дархлаа султай 5-11 насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн юм. Үүнээс гадна 50 болон түүнээс дээш насны иргэдэд хоёр дахь нэмэлт тун буюу дөрөвдүгээр тунг тарих зөвшөөрлийг мөн олгоод байгаа юм.

l l l

АНУ-ын Конгрессын гишүүд Тайваньд айлчилсантай холбогдуулан БНХАУ-ын Зэвсэгт хүчин уг арлын орчимд цэргийн сургууль хийнэ гэж тус улсын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн байлдааны командлал мэдэгджээ. “Дөрөвдүгээр сарын дундаас Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн байлдааны командлал байлдааны хөлөг онгоцууд, бөмбөгдөгч, сөнөөгч нисэх онгоцууд болон бусад хүчээр Зүүн Хятадын тэнгис болон Тайвань арлын орчимд олон талын байлдааны эргүүл зохион байгуулж, тэнгисийн болон агаарын сургууль хийнэ” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Тайваньд саяхан хийсэн АНУ-ын Конгрессын гишүүдийн айлчлал нь Америк-Хятадын харилцааны улс төрийн үндэс суурийг алдагдуулж байна гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, хурандаа У Цянь мөн мэдэгджээ.

l l l

Израилийн Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан-судалгаа, хөгжүүлэлтийн газар “R&D” болон “Rafael” компани хамтран цэргийн лазерын зэвсгийн цуврал туршилтыг амжилттай хийж дуусгажээ. Энэ тухай тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Туршилтын үеэр байлдааны лазер нисэгчгүй нисэх төхөөрөмж, миномётын сум, пуужин, танк эсэргүүцэгч зэрэг байг амжилттай устгасан байна.

Энэхүү туршилт нь Израиль улс ирээдүйд газар, агаарт лазерын системээр зэвсэглэх төлөвлөгөөний эхний шат ажээ. Системийн гол хөгжүүлэгч нь “Rafael” бөгөөд “Elbit Systems” компанитай хамтран ажилладаг юм байна. Израилийн Батлан хамгаалахын сайд Бенни Ганц “Өнөөдөр Израилийн үйлдвэрлэсэн хүнд лазерын систем төрөл бүрийн байг амжилттай амдан сөнөөж, дэлхийн хэмжээний нээлт боллоо. Бидний зорилго тус системийг аль болох хурдан зэвсэглэлд нэвтрүүлэх явдал бөгөөд энэ нь үр дүнтэй, хямд, шинэлэг хамгаалалтын хэрэгсэлтэй болох боломж юм” гэжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны “R&D”-ийн дарга Янив Ротемын хэлснээр, дараагийн алхам нь тус системийг хөгжүүлэн Израилийн эрх баригчдын төлөвлөгөөний дагуу ойрын арван жилд тус улсын хилийн дагуу хэд хэдэн лазерын систем байрлуулах явдал аж. Мөн Израилийн ерөнхий сайд Нафтали Беннетт тус системийг нэг жилийн дотор зэвсэглэлдээ бүрэн нэвтрүүлнэ гэж мэдэгджээ.

l l l

Их Британийн эрүүл мэндийн байгууллага “NICE” (National Institute for Health and Care Excellence) саяхан гаргасан шинэ зөвлөмждөө хүний бүсэлхийн тойргийн урт нь биеийн өндрийн хагасаас бага байвал зохимжтой гэжээ. Биеийн жингийн индекс буюу “BMI” (Body Mass Index) хэмээх хэмжүүр нь хүний биеийн жингийн зохистой хэмжээг илэрхийлдэг. Гэхдээ энэхүү уламжлалт хэмжүүр нь гэдэс хэвлийн таргалалтыг илэрхийлж чаддаггүй болохыг “NICE” тайлбарлав. Хэвлийн таргалалт нь чихрийн шижин, цусны өндөр даралт, зүрх судасны өвчний суурь нөхцөл болдог тул анхаарал тавих ёстой гэнэ. Ялангуяа Ази болон Африк гаралтай хүмүүсийн хувьд “cen­tral adiposity” гэгддэг хэвлийгээрээ таргалах эрсдэл өндөртэй тул ийм шинэ зөвлөмж гаргаж байгаа юм байна. Тухайлбал “BMI” хэмжүүрээр хэвийн атлаа хэвлий хэсгээрээ таргалалттай байх тохиолдол хүмүүст түгээмэл байдаг гэнэ.

Бүсэлхийн тойргоо хэмжихдээ хавирганы доод, ташааны дээд хэсгийн хооронд хэвийн амьсгалах үедээ туузан метрээр тойруулан хэмжих ёстойг “NICE” зөвлөжээ. Жишээлбэл, 175 см өндөр биетэй хүний бүсэлхийн тойргийн урт 87.5 см-ээс хэтрэхгүй байх нь зохимжтойд тооцогдох гэнэ. Ийм хэмжүүр ямар ч хүйсийн, ямар ч угсаа гаралтай хүмүүсийн хувьд ижил үйлчлэхийг мэргэжилтнүүд тайлбарлажээ. Харин “BMI” нь 35-аас дээш насны хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, хоёр хүртэлх насны хүүхдүүдэд уг хэмжүүр үнэн зөв үйлчлэхгүй болохыг анхааруулсан байна.

BC.CNN. REUTERS. NHK. UKRIN­FORM.TASS.Global Times.Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүдлийн мал аж ахуйг хориглох нь зөв байна DNN.mn

“Өдрийн сонин” нүүдлийн мал аж ахуйг хориглоё гэдэг энэ сэдвээр олон бичиж байна. Монголын нүүдлийн мал аж ахуйг дур зоргын аж ахуй гэдэг. Яагаад дур зоргын аж ахуй хэмээвэл хэдэн мал бараадаад хаа дуртай газраа нүүгээд, байгаль орчин бохирдуулчихаад ямар ч татвар, түрээс төлдөггүй, хариуцлагын ямар ч ойлголтгүй, хөгжил дэвшил, технологийн ололтгүй, зөвхөн өдөр аргацаасан аж ахуй юм. Харин нэг л давуу тал байдаг нь мал дагасан хүн өлсдөггүй. Ийм л хөшингө аж ахуйг болиулъя гэж “Өдрийн сонин” олон жилийн өмнөөс энэ сэдвийг хөндөж нийтлэл бичиж санал дэвшүүлсээр байгаа.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа энэ чигийн мэдээ, нэвтрүүлэг, нийтлэлийг харж байхад манай сонины дээрх дэвшүүлсэн санаа, хөндөж буй сэдэв зөв байжээ, үүнийг ажил хэрэг болгох цаг нь иржээ гэдэг нь улам батлагдаад байна. Нүүдлийн мал аж ахуйг хориглох нь зөв юм байна гэдэгт улам итгэх боллоо. Саяхан зурагтаар настай малчин ярьж байна лээ, “Нийт малчдын 0.5 хүрэхтэй үгүйтэй хувь нь эмэгтэй малчин байна. Харин эрэгтэй малчид бол байна аа байна. Ийм байдлаар цааш явах нөхцөл алга. Хөдөө, малын захад малчдын хүйсийн харьцаа алдагдсан, яваандаа мал дээр хүн байхгүй болох нь ээ. Эмэгтэйчүүд байхгүй бол эрчүүд яалаа гэж ганцаараа мал дагах билээ. Эмэгтэйчүүдийгээ л бараадаж таарна. Малтай байя гэвэл эрэгтэйчүүд нь малаа дагаг. Эрчүүд нь малаа дагая гэвэл эмэгтэйчүүд нь харчуулынхаа дэргэд нь байх ёстой. Тиймээс хот руу зугтаад байгаа, эргэж хөдөөдөө очихгүй байгаа эмэгтэйчүүдийг хөдөө рүү аваачъя” гэж. Энэ малчны ярьснаар хотод байгаа нэг эмэгтэй хөдөө рүү малчин болохоор аль нэг аймгийн алс сумын нэгэн уулын өвөр юм уу, хөндийд очлоо гэж бодъё. Тэнд байнгын тог цахилгаан бий билүү, хүссэн үедээ халуун ус гоожуулаад усанд орж ариун цэврээ сахиж чадах билүү, амьдрах эрүүл ахуйн нөхцөл нь хэр бүрдсэн байдаг билээ дээ, эзгүй хээр хэдэн хонио дагаад явж байгаа ганц бүсгүй юу бодож, яажшуухан өдрийг барах билээ. Эзгүй хөдөөд эр эмийн асуудал юусан билээ. Боловсон бие засахаас эхлүүлээд тэнд хүний наад захын хэрэгцээ шаардлага хангагддаг бил үү?

Ариун цэврийн асуудал нь тэг заачихсан байхад мал маллахын хажуугаар гоё сайхан хувцаслах, нүүр, үсээ арчилж тордохын тухай эмэгтэй хүн бодох ч сөхөөгүй учир юун боловсрол эзэмшиж, англи хэл сурч, үеийн залуустайгаа нийгэмд хөл зэрэгцэн алхах вэ, тэр талаар ярилтгүй. Эмэгтэй хүнийг хөдөө аваачаад малчин болгох нь битгий хэл очоод ая тухтай хэд хоног амрах нөхцөл байдаггүйг бүгд мэднэ. Долоо ч хонолгүй зутраад буцчихдаг. Ийм байхад эмэгтэй хүнийг уулын мухарт аваачаад өнөө нүүдлийн мал аж ахуйгаа эрхлүүлэх гээд байгаа юм. Хөдөөд нөхөртэй болвол дээдийн заяа. Нөхөр нь гэртээ үзэгдэхгүй. Үүрээр шахуу гараад шөнө дөлөөр орж ирнэ. Эрэл суралд явбал хэзээ ирэх нь тодорхойгүй, хэл бараагүй таг болно. Хүүхэд төрүүлнэ. Зургаан нас хүрэхээр нь ганцааранг нь сумын төв рүү явуулалтай биш гээд залуу хосын нэг нь уулын мухартаа, нөгөө нь хүүхдээ дагуулаад сургууль бараадна. Ингээд гэр бүл тусдаа амьдарч эхэлдэг. Үүнээс болж ар өврөөр тавих гэдэг асуудлыг дагасан хэрүүл маргаан айл гэрийг тойрохгүй. Уулын мухарт гэртээ эхнэр нь ганцаараа байхад хаанаас ч юм нэг хар юм орж ирээд нөхрийг нь эзгүйчлээд элэг бариад хэвтчихээд гарахгүй. Хөдөөд эмэгтэй хүн байхын аргагүй ээ.

Ингэхээр нүүдлийн мал аж ахуй гэдэг салбар Монголд явахаа байчихсан, ирээдүйгүй гэдэг нь энэ мэт нийгмийн асуудлаас харагдаж байна. Нэг үгээр нүүдлийн мал аж ахуйн салбар ажилчидгүй

болчихсон. Тэнд хүн амьдрах нөхцөл үнэндээ алга. Үнэхээр амьдаръя гэвэл эр, эм гэлтгүй бүгд хагас адгуус маягаар л аж төрнө л дөө. Ийм байхад дээр ярьсан настай малчны урилгаар ямар ч эмэгтэй хөдөө рүү явахгүй шүү. Нүүдлийн мал аж ахуй мөхөх зам руугаа орж байгаа учир одооноос болиулах хэрэгтэй. Сайн дураар нүүдлийн малаа дагаад хөдөөдөө байя гэсэн нь малладаг л юм байгаа биз. Гэхдээ үүнд нэг юмыг зөв ойлгох хэрэгтэй. Мал аж ахуйг больё оо гээд байгаа юм биш. Нүүдлийн мал аж ахуйгаас суурин мал аж ахуй руу шилжье, энэ салбараа хөгжүүлье гээд байгаа юм л даа.

Малчид, залуус маань сүү, ноос, мах, ноолуур гээд чиглэл салбараараа нэгдэж нэг бүтэц, загварт орсон ухаалаг, суурин соёлтой, хоршоолсон, нэгдсэн, фермерийн аж ахуйгаар амьдрах хэрэгтэй. Үгүй ядаж байнгын халуун устай, бөөнөөрөө цуглаад ярилцчихдаг танхимтай болоод эхлэхэд л хөдөөд амьдрах урам зориг ороод эхэлнэ. Байг гэхэд ажлын заваараа нэгнийдээ ороод дэмий яриад суучихдаг айл хөрштэй болчихно. Малаасаа авч байгаа бүтээгдэхүүний хэмжээ нь ч дорвитой нэмэгдэнэ. Монголд суурин мал аж ахуйг иймзагвараар хөгжүүлье. Олон фермерүүдтэй больё. Мал дагаж хөдөө хөхөрч, гадаа ганддагаа болъё оо.

Олуулаа хоршоод малаа фермерийн загвараар тэжээгээд хажуугаар нь өөрсдөө соёлтойгоо, ахуйтайгаа ойр соёлт хүн төрөлхтөн шиг амьдарцгааг. XXI зуунд хэдэн мал дагаад хөдөө хээр ганцаараа тэнээд явж байдаг эрэгтэй, эмэгтэй хүн гэж хаа байх вэ дээ.

МАН бол малчдыг яг одооныхоор нь байлгаад байх дуртай. Бүдүүлэг харанхуй байлгах нь тэдэнд ашигтай. Учир нь сонгуулиар саналыг нь салгаж авахад хамгийн амархан хүмүүс гэж хардаг. МАН малчдыг хөдөөд нь хөхрүүлэх гээд бариад байдаг энэ бусармаг бодлогоо одоо зогсоо. Бодлогоо өөрчилж суурин мал аж ахуйтай болгоход анхаар. Гэхдээ суурин мал аж ахуй руу шилжиж буй эхний алхмуудаа хийгээд эхэлчихлээ. Ер нь суурин мал аж ахуй шахагдаж эхэлж буйн эхний шинж бол тариалангийн бүс нутагт нүүдлийн мал аж ахуй эрхэлбэл нэг малаас 10 мянган төгрөгийн татвар авах зохицуулалт хэрэгжих нь. Энэ бол цагийн аясаа дагаад нүүдлийн мал аж ахуйгаас суурин мал аж ахуй руу дөхөж буй хэлбэр. Хөдөөнөөс хотод ирсэн эмэгтэй битгий хэл эрэгтэй хүн ч буцаж нутаг руугаа явдаггүй. Баруун Европын хөгжилтэй орнууд руу явсан монголчууд эргэж ирдэггүй. Энэ ямар учиртай юм гэхээр хүн аль болох эвтэй, аятай, олуулаа байгаа газарт амьдрах дуртай. Хүн хүнээ барааддаг болохоос мал бараадах нь хүний жам биш. Сумдад жижиг жижиг фермерүүд, сумын төвөө тойроод хоршоонууд байгуулагдчихаар олуулаа амьдраад тэр хэрээр тэнд хүн тогтоно биз дээ. Гэртээ халуун устай, байнгын тогтой, боловсон жорлонтой тийм хоршиж байгаа газарт бүр ч олуулаа хөгжилтэй, тохилог сайхан амьдарна.

Хэрэвзээ хөдөөд хүн тогтохоор ийм нөхцөл орчин нь бүрдчихвэл хотоос хөдөө рүү хүн татах боломжтой ч болчихно. Фермер, хоршоонуудаа хооронд нь засвал замаар холбож, цахилгааны өндөр хүчдэлийг нь босгох замаар дэд бүтцийг нь шийдээд өгөх хэрэгтэй. Жишиг ийм фермер, хоршоонуудыг аймаг, сумдад олноор байгуулж, үүнийг ажил хэрэг болгохын тулд бодлого боловсруулж, нүүдлийн мал аж ахуй гэдэг зүйлээс хурдхан татгалзаж, суурин мал аж ахуйг хөгжүүлэхгүй бол мал ч үгүй, малчин ч үгүй болох нь ээ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд хөршийн эдийн засаг хүлээлтээс давав DNN.mn

БНХАУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд 4.8 хувиар өсч, зах зээлийн хүлээлтээс давсан байна.

Тус улсын Үндэсний Статистикийн газрын цахим хуудсанд нийтэлсэн тоо баримтад дурдсанаар, урьдчилсан тооцоогоор эхний улиралд ДНБ өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар, өмнөх оны дөрөвдүгээр улирлаас 1.3 хувиар тус тус өсчээ. Өмнө нь шинжээчдийн дунд явуулсан санал асуулгаар Хятадын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар, өмнөх улирлаас 0.6 хувиар өснө гэж таамаг гарч байсан билээ. Харин “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчид тус улсын эдийн засгийг өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар, өмнөх улирлаас 0.7 хувиар өснө гэсэн таамаг гаргаж байсан юм.

Өнгөрсөн онд БНХАУ-ын эдийн засаг 8.1 хувиар өссөн нь зах зээлийн хүлээлт болон эрх баригчдаас дэвшүүлсэн албан ёсны зорилтоос давсан. Тус улсын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн сард 5.8 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.3 нэгжээр өссөн үзүүлэлт болоод байсан билээ.

Ийнхүү Хятадын эдийн засаг таамгаас даван өсч байгаа нь ажилгүйдэл багасаж иргэдийн амьдрал дээшилнэ гэсэн үг юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн АШТ өнөөдөр эхэлнэ DNN.mn

Чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 35 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ. “Буянт Ухаа” спорт цогцолборт энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх тэмцээнд 22 орны 270 гаруй бөх оролцож байгаа юм.

Монгол Улс 1993 онд Азийн АШТ хүлээж авахад Л.Сэргэлэнбаатар, Ц.Цогтбаяр нар алт, Ц.Хосбаяр, Б.Гантогтох, Б.Баттгтох нар мөнгө, А.Сүхбат, П.Сүхбат, Ц.Баярсайхан нар хүрэл медаль хүртэж багийн дүнгээр хоёрдугаар байрт орж байв. Хамгийн сүүлд 2001 онд АШТ хүлээж авахад Т.Зүүнбаян, Н.Баярмагнай, Г.Өсөхбаяр нар алт, Б.Баятбаяр, Г.Ганхуяг нар мөнгө, Л.Энхбаяр, А.Болдсүх, Н.Бүрэнбаатар нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр Ираны ард орж байсан юм. Уг нь 1973 онд Монгол Улсад Ази тивийн АШТ болж, тухайн үеийн олон улсын бөхийн холбооны албан тушаалтнууд ирж байсан ч сүүлд албан ёсны гэж тооцохоо больсон билээ. Тэрхүү тэмцээнд манайхан 10 жинд бүгдэд нь түрүүлж алтан медаль авсан нь үүнд нөлөөлсөн ч байж магадгүй гэж ярилцдаг билээ. ААШТ-ийг анх 1979 онд Энэтхэгийн Жаландар хотод зохиогдсон гэж үздэг юм.

Тивийн АШТ-ээс Иран 419 (212 алт+87 мөнгө+120 хүрэл) медаль хүртэн , тасархай өнгөлдөг бол Япон 128+111+138=377 , БНСУ 85+75+126=286 алт, мөнгө, хүрлийн амжилтаар удаалдаг юм байна.Харин Монголын бөхчүүд 27 алт+76 мөнгө + 102 хүрэл , нийт 205 медаль хүзүүндээ зүүн , “айргийн наймд” давхижээ. Гэхдээ манай тамирчид 1989 оноос л Ази тивийн АШТ-д оролцож эхэлсэн юм. Нийт 22 орон медалийн тавцанд хөл тавьжээ.

Categories
мэдээ нийгэм

Украинд олзлогдсон сөрөг хүчний төлөөлөгч Медведчук Путинд ханджээ DNN.mn

Улсаасаа урвасан хэргээр хоригдож буй Украины ардын депутат Виктор Медведчук Украин болон Оросын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргажээ. Тэрбээр өөрийг нь Украины цэргийнхэн болон Мариуполийн энгийн иргэдээр солихыг хүссэн байна. Медведчук хүсэлтээ ийнхүү илэрхийлсэн дүрс бичлэгийг Украины Аюулгүй байдлын алба нийтэлсэн бөгөөд энэ бичлэгийг хэзээ, хаана хийсэн талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа юм.

Бичлэг дээр Медведчук ширээний ард суун, ОХУ болон Украины Ерөнхийлөгчид хандан өөрийг нь “Мариуполийг хамгаалагчид болон хүмүүнлэгийн коридороор аюулгүй гарч чадахгүй байгаа оршин суугчдаар” солихыг хүсчээ.

“Настоящее время” агентлагийн мэдээлснээр, Медведчук Украины иргэн, мөн цэргийн хүн биш тул цэргийн олзлогсодыг солилцох журмын дагуу түүнийг солих боломжгүй, иргэдийг солилцох нь гагцхүү шүүхийн шийдвэр гарсны дараа л боломжтой болох аж.

Энд дуулгахад, Украины Аюулгүй байдлын албаныхан тусгай ажиллагааны үеэр Оросын талыг баримтлагч “Сөрөг хүчний тавцан-Амьдралын төлөө” намын дарга, Путиний ойрын хүн гэгддэг Виктор Медведчукийг баривчилсан талаарх мэдээлэл дөрөвдүгээр сарын 12-ны орой гарсан юм. Тэрбээр гэрийн хорионд байж байгаад хоёрдугаар сарын сүүлээр зугтсан. Улмаар Медведчукийг барьцаагаар суллагдах эрхгүйгээр дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хорьж байв.

Медведчукийг улсаасаа урвасан, алан хядах байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн хэрэгт сэжиглэж байгаа юм. Мөрдөн байцаалтын дэвшүүлсэн хувилбараар тэрбээр ӨАБНУ-аас Украин рүү нийлүүлэх гэрээг тасалдуулах, түр эзлэгдсэн нутаг дэвсгэрээс хууль бусаар нүүрс худалдан авах ажлыг зохион байгуулсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Архидан согтуурсан үедээ хүний амь нас хөнөөсөн ноцтой хэргүүд гарчээ DNN.mn

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт 2022.04.18-ны өдөр 47 настай эмэгтэй Д нь гэрийнхээ гадаа хоолой хэсэгтэй зүсэгдсэн шархтай нас барсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн газрын бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад хохирогчийн нөхрийн хамаатан болох 38 настай, эрэгтэй М гэгч нь амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтаж, эзэнгүй айлын байранд өөрийгөө хэвлийн тус газраа гурван удаа хутгалсан шархтай байхад нь дайчлан баривчилжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 18-ны 03:44-д авч тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эрэгтэй Ж-г хамт архидан согтуурсан 36 настай, эрэгтэй Ч нь биеийн хэсгүүдэд хайчаар дүрж, амь насыг нь хохироосон хэргийг шуурхай илрүүлэн шалгаж байна.

Энэ мэт иргэд архидан согтуурсан үедээ хүний амь нас хохироох хэргүүд гарсаар байгаа учраас согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

Босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч дахин шалгалт өгөх боломжтой DNN.mn

Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэгчдээс авдаг Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулж дүн оноог 04 дүгээр сарын 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн https://eyesh.eec.mn/ цахим хуудсанд байршуулсан.

Шалгалтад 33138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байна.

Шалгалтын дүн оноог гаргахад шалгалтын үеэр өөрийн баганан кодыг шалгалтын материал дээр буруу нааснаас шалгалтын дүн гараагүй болон өгөгдлийн сан бүрдүүлэх явцад хувилбарын зөрүүтэй байдал үүссэнээс шалтгаалсан 95 шалгуулагчийн дүнг нэг бүрчлэн гар аргаар тулгаж дүн оноог үнэн зөв болгон залруулж Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн системд оруулж алдаагүй болгосон болно.

Эдгээр шалгуулагчид дөрөвдүгээр сарын 17-ны 09 цагаас эхлэн https://eyesh.eec.mn/ сайтаас өөрийн дүнг үзэн батламж хуудсаа хэвлэн авах боломжтой.

Иймд эдгээр шалгуулагчдаас болон эцэг, эхчүүдээс алдаатай байдал үүсгэж чирэгдэл учруулсандаа хүлцэл өчиж байна.

Бусад шалгуулагчдын хувьд Монгол хэл бичгийн өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой юм. Хүсэлт гаргасан шалгуулагчдын материалыг нь үзүүлэн дүнг танилцуулахад одоогийн байдлаар дүн оноонд өөрчлөлт орсон тохиолдол гараагүй байна.

Босго оноогоо даваагүй болон өмнөх шалгалтад хүндэтгэх шалтгааны улмаас шалгалтад ороогүй бол 2022 оны тавдугаар сарын 07-нд дахин шалгалтад хамрагдаж дүн оноогоо ахиулах боломжтой. Шалгалтын бүртгэл Боловсролын үнэлгээний төвийн https://eec.mn/ цахим хаягаар 04 дүгээр сарын 20-ныг хүртэл явагдана.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв