СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгатай ярилцлаа.
-Мөрийтэй тоглосон залуус их хэмжээний өр ширэнд орсон тухай хуулийн байгууллагаас анхааруулж мэдээлдэг. Гэтэл тэдгээр залуус амиа хорлох болсон харамсалтай тохиолдол нэг бус удаа гарлаа. Мөрийтэй тоглоомд донтсон хүний сэтгэл зүйн асуудлыг бид ярих цаг нь болсон байна?
-Донтолт гэдэг талаас яривал хүн ямар ч зүйлд донтож болно. Тамхинд орсон хүнээр жишээ авъя л даа. Эхлээд хүн тамхийг сонирхсон үедээ ганц нэг сорно. Долоо хоногтоо нэг удаа татдаг байснаа энэ давтамж ойртож өдөрт нэг удаа болно. Цаашлаад өдөрт гурван удаа, таван удаа гэсээр нэг хайрцаг тамхийг өлхөн татчихдаг болдог. Тэгээд л тамхигүйгээр хэвийн ажиллаж, амьдрах боломжгүй болчихдог.
Тамхиа татахгүй болохоор уур нь хүрээд, байж ядаад, давчдаад л. Ганцхан ширхэг тамхи олоод татчихмаар байна. Хоол унд хамаагүй ухааны юм ярьдаг. Харин тамхиа сороод хэсэг хугацааны дараа сэтгэл санаа нь тайвшраад ирдэг. Энэ бол өөрөө өөрийнхөө хэрэглээг хянах боломжгүй, бодол санаагаараа өөрийгөө удирдах боломжгүйд хүрсэн гэсэн үг. Тэр хүний хүсэл зоригоос хамаарахгүй болоод ирж байгаа юм.
Мөрийтэй тоглоомын хувьд мөрийтэй тоглох, мөрийтэй тоглоомонд донтох хоёрын хооронд ялгаатай. Мөрий тавьж тэдэн төгрөг олчих юмсан гэдэг нь чухал биш, ерөөсөө л мөнгөө тавиад тоглох үедээ кайф авдаг, асар хүчтэй тоглох дур төрдөг. Энэ бол донтолт.
-Мөнгө олох нь зорилго биш байх нь?
-Биш. Би тэрбумыг олчихъё гэх, өр зээл тавих нь чухал биш, тоглох нь чухал. Донтох эмгэг гэдэг хүнийг улам өөр рүүгээ татдаг. Одоо болохгүй гэж хэзээ ч хэлдэггүй. Хүн тэр дунд нь орж явсаар нэг л мэдэхэд уураг тархинд нь амьдрал ахуйгаа өөд нь татъя, өсч дэвжихийн тулд мөрийтэй тоглоомоор гайгүй мөнгө олж л цаашаа явах юм байна гэдэг бодлын тойрогт орчихдог.
Мөрийтэй тоглоом бол маш богино хугацаанд хүний амьдралыг үгүй хийдэг. Тэрбум төгрөгийн өрөнд орно гэдэг тэр хүн насаараа төлөөд барахгүй. Тэр битгий хэл бид ч 500.000 төгрөгийн лизингээр авсан гар утсаа алдчихаад яадаг билээ. Хэд хоног бодоод л, нүдэнд харагдаад, тэгдэг ч байж, ингэдэг ч байж гэж харамсдаг. Мөрийтэй тоглоод хамаг байдгаа алдсан хүн үүнээс ч дор юм болно.
-Амиа хорлох сэдэл төрнө гэдэг л хамгийн аюултай юм?
-Хяналтгүй, 50, 100 саяар алдаад ирэхээр хэн нэгэн мөнгөө нэхнэ. Түүнийг нь олж өгөх гээд янз бүрийн буруу зүйл хийнэ. Сүүлдээ явах газаргүй болно. Энэ нь асар их дарамт үүсгэж гишгэх газаргүй болоод ирэхээр айна, ичнэ. Санаа зовно, мөнгөө бодно. Ингээд ирэхээр хүн сэтгэл санаагаар унасаар ерөөсөө үүнийг шийдвэрлэх арга нь амиа хорлох л юм байна. Ингэж л асуудлыг шийдье гэдэг бодол орж ирнэ. Тийм бодол эхэлж зурвасхан орж ирээд шууд үйлдэл хийхгүй. Яваандаа “Эндээс гарах ганц гарц л энэ байна” гэдэг зүйл дээр очоод мухардчихдаг.Угтаа залууст их бага мөнгө олох нь чухал биш. Хүн амьдрал ахуйгаа залгуулж эрүүл амьдралын хэв маягаар л амьдрах ёстой. Олж байгаа мөнгө нь цалингийн доод хэмжээ байсан ч хамаагүй. Хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд, орой ажлаасаа ирээд хоол ундаа идэн, гэртээ амраад зурагтаа үзээд сайхан амрах гэдэг амьдралын зөв хэв маяг юм.
-Яагаад өнөөдөр монгол залуус мөрийтэй тоглоомонд донтох болчихов. Мэргэжлийн хүний хувьд та юу гэж шинжилж байна вэ?
-Мөрийтэй тоглоомоор баяждаг гэдэг агуулга л залуусыг уруу татдаг. Үнэн хэрэг дээрээ тийм биш. Хамгийн гол нь мөрийтэй тоглоомонд донтох гэдэг жаахан цаашаа явахад л асар том гарах гарцгүй зүйл рүү орох үүд нь нээгдэчихэж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Мөрийтэй тоглоомоос бөөн бөөнөөр олоод баяждаг гэдэг агуулгын хэдэн хувь нь үнэн, хэд нь худлаа гэдгийг хэн ч мэдэхгүй. Хэн ч тогтоогоогүй. Залуусыг дуудаж оруулж байгаа хүмүүс “Болно, бүтнэ. Чи чадна” гээд л оруулж байгаа. Гэтэл цаана нь энэ бол зохион байгуулалттай, хэн нэгэн ашиг олдог л үйл явц. Тийм учраас ийм хүмүүсийн өгөөш, идэш болох вий гэдгээ маш сайн тунгааж бодохыг хичээ гэж хэлмээр байна.
Ер нь мөрийтэй тоглоомоор амьдрал ахуйгаа дээшлүүлээд явж байгаа тохиолдол байхгүй. Харин эсрэгээрээ асар их сэтгэлийн зовлон руу өөрийгөө хийчихэж байгаа юм. Өөрөөсөө гадна эцэг, эх, гэр бүлээ тэр чигээр нь ангал руу татчихдаг. Төлж барахааргүй өрөнд орно, хамаг эд хөрөнгөө зарна. Сүүлдээ амиа хорлоод нас барлаа гэхэд ард нь маш их сэтгэлийн дарамттай нөхцөлд хүмүүсийг үлдээж байгаа л асуудал.
-Мөрийтэй тоглоомонд ямар хүмүүс уруу татагддаг юм бэ?
-Тэр хэн байх нь хамаагүй. Дээд боловсролтой байж болно, олон хэл мэддэг байх нь хамаагүй, нэг л яваад орчихвол жингүйддэг. Хүн чинь их сонин. Уг нь “Би юу гэж донтох вэ дээ. Алдвал больчихно” гэж боддог. Гэтэл нэг тавьж үзээд алдаад л, дахиад тавихаар олоод байгаа юм шиг. Энэ чинь тактикийн юм шүү. Мөрийтэй тоглоом гэдэг том бизнес. 100.000 өгөөд тоглотол 200.000 олоод, 300.000 олоод дахиад 500.000 олох маягаар итгэлийг нь төрүүлдэг. Ингэж олоод байгаа юм чинь гээд том хөдлөөд л хамаг юмаа алддаг. Мөрийтэй тоглоом гэдэг чинь шударга тоглоом биш. Ашгийн төлөө хүн зохиосон программ шүү дээ.
-Мөрийтэй тоглосон залуусын ярьдгаар бол нэг хэсэг тоглоод бөөн өр ширэнд ороод больдог. Ухаарч, сайхан амьдрахыг зорьдог. Гэтэл нэг мэдэхэд дахиад орчихсон байдаг гэлцдэг?
-Ер нь мөрийтэй тоглоом хүнийг дон руу л хөтөлнө. Сэтгэцийн эмчийн хувьд харж байхад тавилан тодорхой хүмүүс ч байдаг. Яахав, донтолт эхэн үедээ асуудал биш. Гэхдээ хүний үг сонсож хэрэгжүүлэх хэцүү, тийм хүмүүс ч цөөхөн. Энгийн жишээ хэлж болох юм. Хүмүүс машин тэрэг унасаар жин нэмчихлээ. Алхана гэдэг. Маргааш нь босоод хүйтэн байвал машинаа нэг өдөр барьчихъя гээд яваад өгдөг. Ийм зүйл дээр хүртэл бид өөрийгөө өөрчлөхөд хэцүү. Дасгал хөдөлгөөн хийж гүйдэг болъё гэдэг хүн захаас аваад бий. Өглөө босоод гүйдэг нь хэд билээ. Гүйсэн ч яг хэвшил болгодог маш бага. Яг үүнтэй адилхан.
-Хэдий өөрчлөхөд, шийдэхэд хэцүү байлаа ч амиа хорлоход хүргэж байгаа шалтгааныг та тодорхой хэлээч?
-Тэр цаг мөч хүртэл толгойн дотроо асар их дарамтыг хурааж хуримтлуулаад маш хэцүү байдалд орж байгаа юм. Угаасаа би үүнийг хүч хүрэхгүй юм байна, насаараа ажиллаад төлж чадахгүй юм байна. Амьдрах хүсэл алга гэсээр яваандаа сэтгэл гутралд орно. Сэтгэл гутрал гэдэг амьдралаас ерөөсөө гэрэл гэгээтэй зүйлийг олж харах чадваргүй болохыг хэлдэг. Тэр хүн хичээгээд ч нэмэргүй. Орж ирж байгаа бодол нь хар бараан. Би хэн ч биш болсон, энэ хорвоо дээр надаас болж олон хүн зовж байна. Би байхгүй болчихвол энэ асуудал шийдэгдэх юм байна гэж боддог. Ингээд л үг дуу нь цөөрч, бусдаас өөрийгөө тусгаарлаад эхэлнэ. Сонирхдог байсан зүйлээ хаяна, уулздаг найз нөхдөөсөө зайгаа барина. Нөгөө л хэцүү бодол санаа нь эргэлдээстэй байж байгаад л гаргаж байгаа шийдвэр нь тэр.
-Ялангуяа залуу үеийнхэн их байна?
-Залуу хүн гэдэг төлөвшөөгүй үе. 40 хүрчихсэн хүн бол юмны наад цаадахыг хорин хэдтэй залуугаас илүү мэднэ. Амьдралын туршлагатай хүн бол энэ талаар нэг мессэж авахад энэ ер нь дэмий юм байна шүү гэж залуу хүмүүсээс илүү харах магадлалтай. Харин залуус бол хялбар аргаар мөнгө олно гэдэг бодолд хэт автдаг. Амархан аргаар мөнгийг олно гэдгийн цаана дандаа буруу зүйл байдаг. Загасанд дэгээ хаяад өгөхөд хамгийн амттай хоолыг шидээд өгчихдөг. Ямар гоё бэлэн хоол вэ гэхэд л цаана нь аюул байдаг. Дэгээнд ороод загасчинд баригддагтай яг адилхан.
Хүн бол алдаж онож болно. Гэхдээ мөрийтэй тоглоом, мансууруулах бодис, архи хэрэглэж туршаад болиод байдаг юм биш. Нэг алхахдаа амьдралаа сүйрүүлж болохгүй. Тийм том дэнчин тавьж болохгүй. Хамгийн аюултай нь нэг хамааралд орчихсон хүн хүнийг хайрлах энэрэх сэтгэлгүй болчихдог. Эцэг эхийнхээ үнэ цэнэтэй эд хөрөнгийг зарах энүүхэнд. Эцэг эхээ гудамжинд гарна гэдгийг ч тоохгүй. Бараг хүн худалддаг байсан бол худалдахад ч бэлэн байх аймшигтай зүйл рүү хөтөлдөг.
-СЭМҮТ-ийнхөн мөрийтэй тоглоомонд донтсон хүмүүсийн талаар судалгаа хийдэг үү?
-Донтолтын судалгаа хийхэд их бэрхшээлтэй. Архи тамхины судалгаа хийж болж байгаа юм. Архи уудгаа нуулаа гэхэд хамт амьдардаг хөрш нь хэлээд өгнө. Харин мансууруулах бодис дээр судалгаа хийхэд маш хэцүү. Би мансууурдаг донтой болчихсон, судалгааг чинь бөглөе гээд ирэхгүй. Судалгаа хийдэг аргачлал байдаг. Мөчрөөс салаалуулах гээд. Гэхдээ маш их бүтэлгүйтдэг.
Мөрийтэй тоглоомон дээр бидэнд нарийвчилсан судалгаа алга. Асуудалд ороод эмнэлэгт хандаж байгаа тохиолдол ч бага. Донтсон хүмүүсийн эцэг эх, ах эгч нь санаа зовоод эмнэлгийн байгууллагаас зөвлөгөө авдаг. Цаана нь хэдэн хүн донтож байгааг хэлэхэд хэцүү. Ялангуяа интернэт орчныг ашиглаад тоглоно гэдэг дэлхий дээр тэр олон мянган сүлжээний аль руу ч ороод тоглож байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр тэдгээрийг хянах боломжгүй.
Хамгийн ноцтой нь нийгэм дээр асуудал болж гарч ирж байна гэдэг бол энэ асуудал тулгамдаж байгаа, цаашдаа илүү том асуудлыг үүсгэх нь байна шүү гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс бид цаашдаа зөвлөх гол зүйл бол залуус, өсвөр үеийнхэндээ мөрийтэй тоглоом гэдэг эрсдэлтэй шүү гэж урьдчилан сэргийлж ажиллах нь үр дүнтэй.
-Танайд ямар хүмүүс хандаж байх юм бэ. Жишээ хэлбэл?
-20 гаруй настай залуу мөрийтэй тоглож бөөн өр ширэнд орж, цагдаа шүүхдээ тулсан тохиолдол байгаа юм. Ямартаа ч тэр асуудлаасаа салсан. Хэдэн жил гүрийж ажиллаад амьдрал ахуй нь овоо жигдэрсэн. Гэтэл сая ковидоор ажил нь зогсоод ирэхээр мань хүн мөрийтэй тоглоомын яриа өрнөхөд буцаад татагдаад орчихсон. Ингээд өмнөх өрнөөсөө хамаагүй илүү том өрөнд орсон. Ковид гэдэг бол шалтаг л болохоос шалтгаан биш. Цаана нь үүссэн голомт тархинд байж л байсан. Ойр орчимд яриа өрнөх төдийд сэдэрчихэж байна шүү дээ.
-Донтсон хүн амиа хорлох, өөртөө аюултай байдал бий болгохоос өмнө яаж сэргийлж, зогсоож болох вэ?
-Энэ бол эцсийн шийдэл биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Асуудалд орсон хүнд эцсийн шийд юм шиг л бодогддог. Тийм учраас ямар нэгэн байдлаар асуудал бишдээд байгаа мэдрэмж төрсөн үедээ маш хурдтай хэн нэгнээс тусламж авах хэрэгтэй. Асуудал бишдэж байгаа мэдрэмж төрж байгаа үе бол хамгийн чухал момент. Тэр үед л тусламж авах хэрэгтэй.
Нөгөө талаар тэр хүнтэй ойр байгаа найз нөхөд, мэддэг хүмүүс нь нэг л биш байгааг мэдсэн бол анхаарал тавих хэрэгтэй. Энэ хүн яасан юм бол, ажил төрлөөсөө халагдсан юм болов уу, хүний дарамтад орчихов уу, яагаад дуугаа хураачихав гэж соргог байх хэрэгтэй.
Нэгэнт тусламж авч чадсан бол тэр сэтгэл гутралыг эмчилж болдог. СЭМҮТ ийм хүмүүсийг хэвтүүлэн эмчилдэг. Амиа хорлох тухай бодолд хүргэсэн сэтгэл гутрал эмчлэгдэх бүрэн боломжтой