Нийслэлийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах тогтолцоо, гамшигтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, нийслэлийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын харилцан уялдаа, хамтын ажиллагааны талаар нэгдсэн мэдлэг, ойлголтыг олгох, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, бэлэн байдлыг хангах зорилгоор нийслэлийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүний сургалтыг өнөөдөр Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгууллаа.
Сургалтанд нийслэлийн Онцгой комиссын гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдлагууд оролцлоо.
Онцгой комисыын удирдлага болон гишүүд нийслэлийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, Аврах ангийн үүрэг гүйцэтгэх чадавхи, техник, багаж зэвсэглэмж, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн мэдлэг, дадлага олгодог орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцсан юм.
Сургалтын хүрээнд гамшгаас хамгаалах тогтолцоо, хууль, тогтоомжийн хэрэгжилт, нийслэлийн Онцгой комиссын үйл ажиллагааны талаар НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, “Гамшигт тэсвэртэй хотыг бий болгох олон улсын туршлага” сэдвээр ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа, Нийслэлийн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлаар Шинжлэх ухаан академийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор /PhD/ дэд профессор М.Өлзийбат, Үерийн эрсдэлийн нөхцөл байдал, инженерийн бэлтгэл арга хэмжээ Нийслэлийн Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулах зөвлөх багийн удирдагч, Престиж инженеринг ХХК-ийн захирал Ш.Ганзориг нар тус тус мэдээлэл хийсэн.
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Онцгой комиссын гишүүд, удирдах бүрэлдэхүүнд хандан болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах, гамшгийн чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
1. “Шинээр барих мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн байгууламжийг Улаанбаатар хотын суурьшлын бүс, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын байршил, хилийн цэстэй уялдуулан байгуулах ажлыг зохион байгуулах.
2. Улаанбаатар хотын суурьшлын бүс, хилийн цэстэй уялдуулан зарим авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодыг үе шаттай нүүлгэн шилжүүлэх.
3. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийг үе шаттай засварлах, шинээр барих, хөрсний ус, халиа дошин үүсэж буй газарт шуурхай арга хэмжээг авч ажиллах.
4. Үерийн хамгаалалтын далан суваг, гадаргуугийн ус зайлуулах барилга байгууламжийн ашиглалт хамгаалалт, цэвэрлэгээ, арчилгаа, засвар үйлчилгээг сайжруулах.
5. Газар хөдлөлт тохиолдсон үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд зориулсан нөлөөллийн аян зохион байгуулах, өрх бүрийг гамшиг тохиолдсон үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй болгох.
6. Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан сэрэмжлүүлэг мэдээгээр 2 дугаар улиралд олон жилийн дунджаас 3-4 хэм дулаан, хур тунадас бага, салхи шуурганы давтамж өмнөх жилээс хоёр дахин их, хуурайшилт өндөр байх төлөвтэй байна.
Иймд дүүргүүд, мэргэжлийн байгууллагууд ой хээр, өнжмөл өвсний түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, гарсан гал түймрийг унтраах бэлтгэл бэлэн байдлыг хангаж, шалтгааныг тогтоож, нийслэлийн Онцгой комиссын даргын 2022 оны 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллах зэрэг үүргийг мэргэжлийн байгууллагын удирдлагуудад даалгалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.