Categories
мэдээ нийгэм

Манай улсад ирэхээр Франц, Нидерланд, Швейцар улсын иргэд хамгийн олон виз авчээ DNN.mn

Монгол Улс цахим визийн www.evisa.mn системийг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс нэвтрүүлж, ашиглалтад оруулсан. Ингэснээр манай улсыг зорих жуулчдын тоогоор тэргүүлдэг Европын 32 улс, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, БНХАУ зэрэг гадаадын 36 улсын иргэд уг системээр 30 хүртэлх хоногийн хугацаатай, 3 ангиллын визийг цахимаар мэдүүлж, 20-72 цагийн дотор виз авах боломжтой болсон юм.

Цахим визийн системийг нэвтрүүлснээс хойш дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл гадаадын 656 иргэн виз мэдүүлж, авсан байна. Үүнээс хамгийн олон визийг Өмнөд Солонгос, Франц, Их Британи, Нидерланд, Швейцар улсын иргэд авчээ.

Монголд ирэхээр гуравдугаар сард цахимаар визээ авч буй гадаад иргэдийн тоо өмнөх саруудаас хоёр дахин нэмэгдсэн

Цахим визийн системийн талаар ГХЯ-ны Консулын газрын дэд захирал С.Энхцэцэг “Монгол Улсын хилээр иргэдийн зорчих хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр Засгийн газраас гаргасан шийдвэр, Дэлхийн улс орнууд Ковидын дараах нөхцөл байдалтай уялдуулан хилийн хязгаараа бууруулж байгаа болон манай улсад аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан цахим визийн системд хандах иргэдийн тоо өсөж байна.

Монголд ирэхээр гуравдугаар сард цахимаар визээ авч буй гадаад иргэдийн тоо өмнөх саруудаас хоёр дахин нэмэгдсэн. Цаашдаа өсөх хандлагатай. www.evisa.mn системийн аюулгүй байдал, хүчин чадлыг нэмэгдүүлэх, виз мэдүүлэх боломжтой улсын тоо болон ангиллын тоог нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох яамтай санал солилцоод, ажиллаж байна” хэмээн ярилаа.

Монгол Улсын цахим визийн загварыг Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоодын хэргийн сайд нар хамтран баталж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, гадаад улсуудад дипломат шугамаар мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Цаашид төсвөөс хөшөө, дурсгал барихыг хориглоно DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Юуны өмнө, хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын нөлөө болон зэвсэгт мөргөлдөөний хямралт байдлаас үүдсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилго бүхий “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг яаралтай горимоор баталж өгсөн Улсын Их Хуралд талархал илэрхийлье. Хэрэв энэ эрхзүйн орчин бүрдээгүй байсан бол өнөөдөр өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгдэж, багадаа 3190 төгрөг болж, үнийн өсөлтийн огцом цочрол дахин үүсэх байлаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын төсвийн тодотголыг дагалдах хуулиудын хамт Улсын Их Хуралд өргөн барьж байна.

Энэ удаагийн төсвийн тодотгол дараахь дөрвөн онцлогтой.

Нэг. Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг УИХ-д өргөн барьж байна. Төсвөөс санхүүждэг төрийн байгууллагууд тус бүрдээ салбар хуулиудаар, журам, дүрмээр хэмнэлтийн асуудлыг зохицуулахаар оролдож байсан боловч нийгмийн хүлээлтэд нийцсэн эрс өөрчлөлтийг өнөөдрийг хүртэл хийж чадалгүй ирсэн нь бодит үнэн юм.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар дараахь асуудлыг зохицуулна.

  • Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харъяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,
  • Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга 1-ээс илүү орлогч даргатай байхыг хориглох,
  • Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох,
  • Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологийн чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд оруулснаар одоо ашиглагдаж буй төсөвт байгууллагын 9800 автомашиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана.
  • Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглоно.
  • Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох зэрэг багц арга хэмжээ тусгагдсан болно.

Энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга 6, наадмын талбай 3, Соёлын төв 7, Спорт заал, цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө 1, орон нутгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгалаа.

Эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдана. Цаашид төсвийн захирагч нар цомхон, чадварлаг, өндөр цалинтай ажиллах сонголт бүхий бүтээмж, үр дүнд суурилсан өрсөлдөөнт тогтолцоо руу үе шаттай шилжинэ.

Хоёр. Үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн амьжиргааг дэмжих тухай.

Төрийн хэмнэлтийн бодлогын үр дүнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих дараахь арга хэмжээнд 2022 он дуустал зарцуулахаар тусгалаа.

  • Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 1 сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,
  • Хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох,
  • Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорь барихад зориулж 1 их наяд төгрөгийн 3 хувийн хөнгөлөлтэй зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох,
  • Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор импортын гаалийн албан татвараас чөлөөлөх,
  • Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ багтлаа.

УИХ-аар батлагдсан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” хууль хэрэгжиж эхэлснээр:

  • Нэгдүгээрт. Олон улсын зах зээл дээр огцом өсч буй бензин шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож, зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг нь бүрэн шийдвэрлэж байна. Энэ нь бензин шатахууны үнийг тодорхой хугацаанд тодорхой хэмжээнд тогтоон барих болно гэж харж байна. Гэвч зах зээлийн зарчмыг төрөөс байнга зохицуулах нь боломжгүй боловч ер бусын хямралын цаг үе гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Шатахуун бол суурь үнийг хөөргөддөг учраас бид энэхүү шийдвэрийг гаргасан.

Энэ багц арга хэмжээнд нийт 100 орчим сая доллар зарцуулах тооцоо гарсан.

  • Хоёрдугаарт. Төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр дэлхий дахинд үүсээд буй улаан буудайн хомсдлоос урьдчилан сэргийлж, энэ хаврын тариалалтад онцгой анхаарах боломж бүрдэнэ.

Гурав. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах тухай

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах, нээлттэй, ил тод засаглалыг бүрдүүлэхийн тулд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, “Үндэсний давхар даатгал” болон авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог 5 хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарласнаар хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангах тогтолцооны шинэчлэлийг бий болгоно.

Монгол Улсын Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтлана. Харин жам ёсны бизнесийн орчныг хамгаалахын төлөө байгалийн баялаг, олон нийтийн өмчийг завшихын тулд улс төр, төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад өөрийн нөлөөллөө тогтоосон хуулиас дээгүүр бүлэглэлтэй цаашид ч хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлье.

Дөрөв. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах тухай

Энэ удаагийн төсвийн тодотгол бол “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогын эхлэл юм. Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч, жил бүр нэг дундаж аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний буюу 35 мянган иргэн шилжин ирж байна.

Жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа хүн амын эрэлт хэрэгцээг Улаанбаатар хотын орон зай, ажлын байр, цэцэрлэг сургууль, дэд бүтцийн бодит хүртээмж хангах чадамжгүй болсны бодит илрэл нь Та бидний тулгамдсан асуудал болоод буй Улаанбаатар хотын хэт төвлөрөл, нийслэлийн цэцэрлэг сургуулийн хомсдлын асуудал юм.

Залуучуудын жагсаал цуглааны үеэр тавьсан гол шаардлагуудын нэг нь ч цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байлаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод шаардлагатай байгаа 270 гаруй цэцэрлэг баригдсан ч хот руу шилжих их нүүдлийн урсгалыг зогсоохгүйгээр энэ асуудлын үндсэн шийдлийн учиг тайлагдахгүй юм.

Иймд хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах цогц үе шаттай бодлогын арга хэмжээнээс энэ удаагийн төсвийн тодотголоор эхний ээлжинд дараахь арга хэмжээг авахаар танилцуулж байна

  • Нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг явдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулах,
  • 2 настай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдээ гэртээ асрахад нь дэмжлэг болгож хувьсах зардлыг олгох,
  • Улсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж олгох,
  • Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даах,
  • Хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгох,

Харин Засгийн газрын бодлогыг дэмжиж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлж буй хувийн хэвшлийг дэмжих зорилгоор дараахь татварын багц бодлогыг хэрэгжүүлэхээр тусгалаа:

  • 2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлөх,
  • Орон нутагт шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа уул уурхайн лиценз эзэмшдэгээс бусад аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор орлого олж эхэлсний дараагийн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар орлогын татварыг хөнгөлөх,
  • Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компани нийслэлд байршилтай үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасах,
  • Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компанийн орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байдгийг өөрийн сонголтоор 5 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгож дэмжлэг үзүүлэхээр,
  • Уул уурхай лиценз эзэмшдэгээс бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос 1 удаа хасч татварын дэмжлэг үзүүлэхээр тусгалаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Дээрх арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх батлагдсан түвшинд байхаар байна.

Та бүхнээс Монгол Улсын төсвийн тодотгол, Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль, Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Categories
мэдээ нийгэм

Айргийн өргөө барихыг улсын төсвөөр санхүүжүүлэхийг хориглоно DNN.mn

Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 3.8 тэрбум төгрөгөөр айргийн өргөө барихаар улсын төсөвт тусгасан билээ.

Тодруулбал 2022 оны төсөвт тодотгол хийх тухай хуулийн төсөлд конторын барилга 6, наадмын талбай 3, Соёлын төв 7, Спорт заал, цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө 1, орон нутгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг хориглохоор тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Сая төгрөгөөс доош орлоготой иргэн НДШ-ээ өөрөө төлсөн бол 50 хувийг сар бүр буцаан олгоно DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголд тусгасан үнийн өсөлтөөс сэргийлэх иргэдийн амжиргааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг танилцуулав. Үүнд:

  • Төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх иргэдийн амжиргааг дэмжихэд зарцуулна.
  • Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,
  • Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн хэлбэрийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгох,
  • Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажил хангах, дөрвөн улирлын зоорь, хүлэмж барихад зориулж нэг их наяд төгрөгийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн татаасыг улсын төсвөөс шийдэх,
  • Импортын гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтаас сэргийлэх зорилгоор гаалийн татвараас чөлөөлөх,
  • Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авахаар тусгажээ.

Харин төсвийн тодотголд тусгасан хэмнэлтийн тухайд:

  • Хуульд тусгайлан заагаагүй бол УИХ, Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно.
  • Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хуулиар хориглоно.
  • Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын авто машин унахыг хориглоно.
  • Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагыг цахим технологиор сайжруулах хүрээнд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ухаалаг системд оруулснаар өнөөдөр төсөвт байгууллагуудын ашиглаж буй 9,000 гаруй машиныг багадаа 60 хувь бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох реформын эхлэл болно.
  • Төсөвт байгууллагын удирдлагууд орон тоо нэмэх шийдвэрийг бие даах гаргахыг хориглоно.
  • Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээн авах, хоорондоо бэлэг солилцох, төсвийн хөрөнгөөр дайллага зохион байгуулах, урлаг спортын үйл ажиллагаа ивээн тэтгэх, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтод бизнес ангиллаар зорчих, дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно.
  • Мөн конторын барилга зургаа, наадмын талбай гурав, соёлын төв долоо, спорт заал цогцолбор гурав, усан бассейн хоёр, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, айргийн өргөө нэг, орон нутгийн тохижилт зургаа, нийтийн эзэмшлийн зам талбай гурав зэрэг нийт 33 арга хэмжээг хассан.
  • Цаашид угтах, үдэх хаалга, орон нутгийн шинжтэй үрэлгэн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.
  • Үүний дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар буурч, 1,500 гаруй орон тоо хасагдана.
Categories
мэдээ нийгэм

Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь DNN.mn

Цахилгааны шугам тоноглолд хийх засвартай холбогдуулан хуваарийн дагуу цахилгааны хязгаарлалт хийж байна.



Categories
мэдээ цаг-үе

DNN- СУРВАЛЖИЛГА: Махны үнэ 7 хоног бүр 100-125 төгрөгөөр нэмэгддэг DNN.mn

Сүүлийн саруудад зах, бөөний төвүүдэд худалдаалагдаж буй махны үнэ өссөөр байгаа билээ. Тэгвэл “Бөмбөгөр” худалдааны төвд махны нийлүүлэлт, үнэ тогтвортой байгаа эсэхийг сурвалжлахаар тус захыг зорилоо. Үйлчлүүлэгч цөөнтэй, лангууны дэргэдүүр өнгөрөх бүрд “Мах дуусах гэж байгаа учраас хямдруулаад өгнө шүү” хэмээн уриалагхан дуудах худалдагч олон таарав.

No description available.

“Бөмбөгөр” худалдааны төвийн махны тасагт хонины цул мах нэг килограмм нь 13000, хонины ястай мах 11000, үхрийн ястай мах 13000, үхрийн цул мах 16000, адууны ястай мах 13000 мянган төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Хонины элэг -1 ширхэг нь 2000 төгрөг

Үхрийн элэг -1кг 4000 төгрөг

Хонины толгой шийр- 4500 төгрөгөөр борлуулагдаж байна

Махны үнэ өссөнөөр орлогогүй иргэдийг бухимдуулж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн амьдрал хэвээр үргэлжилсээр. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настнууд туйлдаж, тартагтаа тулдаг гэхэд буруудахгүй. Худалдагчид махны үнэ буухгүй байгааг махны нийлүүлэлт бага байгаатай холбон тайлбарлаж байсан юм.

No description available.

ЗАРИМ ИРГЭД МАХАА ГРАММЛАЖ АВЧ БАЙНА


“Бөмбөгөр” худалдааны төвийн махны тасгийн худалдагчид хэлэхдээ:“Махны борлуулалт их муу байна. Хүмүүс мах их хэмжээгээр авахаа больсон. 200-500 граммаар авч байна. Цаашдаа махны үнэ одоо байгаагаасаа буухгүй байх.

No description available.

Цар тахал дэгдэхээс өмнө ченжүүдээс 8500-9000 төгрөгөөр авдаг байсан. Харин одоо үхрийн нойтон махны бөөний үнэ 12000 төгрөгөөс буурахгүй байна. Өнөөдөр 140 кг махтай байснаас 20кг нь зарсан. Ерөнхийдөө иргэдийн худалдан авах чадвар маш муудсан. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж буухаар нэг оволзоод, маргаашнаас нь хүнгүй хоосон болох жишээний. Өмнө цаг сайхан байхад өдөрт 10 кг мах авдаг хүн байлаа. Одоо бол мах граммлуулж авдаг болсон” гэв

ХОНИНЫ ГУЛУУЗ МАХ 330 МЯНГАН ТӨГРӨГ ЭНЭ БОЛ ДООД ҮНЭ ГЭВ


No description available.Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг килограмм махны дундаж үнэ өнгөрсөн гуравдугаар сард 16354 төгрөг болж, өмнөх сараас 1.6 хувь буюу 254 төгрөгөөр өссөн бол үхрийн ястай нэг килограмм махны дундаж үнэ 14255 төгрөг болж өмнөх сараас 1.8 хувь буюу 257 төгрөгөөр өссөн байна.
Харин хонины ястай нэг килограмм махны дундаж үнэ гуравдугаар сард 12585 төгрөг болж өмнөх сараас 5.4 хувь буюу 646 төгрөгөөр нэмэгджээ

Хоёр сарын өмнө 11500 төгрөгийн үнэтэй байсан хонины цул мах өнөөдрийн байдлаар 13000 төгрөгт хүрээд байна. долоо хоног бүр махны үнэ төрлөөсөө хамаарч 100-125 төгрөгөөр нэмэгддэг байна.

No description available.

ЭНЭ ЖИЛ НӨӨЦИЙН МАХНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ


Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 23 аж ахуйн нэгж нийт 12.6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ. Өргөтгөсөн худалдаа 4, 5, 6 дугаар саруудад үргэлжилнэ.

Дээрх цэгүүдэд

  • Үхрийн ястай мах 1кг 8900 төгрөг
  • Хониных 1к 8300 төгрөг
  • Ямааных 1кг 7100 төграгөөр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж байна. 2021 онд нөөцийн үхрийн мах 7700, хонь 6700, ямаа 6200 төгрөгөөр худалдаалагдаж байв. Энэ жил нөөцийн махны үнэ нэмэгджээ. Нөөцийн махны үнийг Засгийн газраас тогтоодог.

Д.Баттогтох

Categories
мэдээ улс-төр

Ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлэх санал гаргалаа DNN.mn

2022 оны төсвийн тодотголын хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төрөөс батлан даах” санал гаргалаа.

Ерөнхий сайд болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын саналыг УИХ-аар эцэслэн шийдвэрлэнэ.

Орон нутагт шилжих иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлэх санал гаргав

Categories
мэдээ нийгэм

6 хоногт төмөр замаар 200 чингэлэг нүүрс экспортод гарчээ DNN.mn

Дөрөвдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд авто замаар 2.067 чингэлэг, төмөр замаар 200 чингэлэг нийт оны эхнээс 2.982.6 мянган тонн нүүрс экспортод гарчээ.

Мөн хугацаанд авто замаар 288 чингэлэг, төмөр замаар 211 чингэлэг буюу оны эхнээс 393.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 14.6 хувийн өсөлттэй байна.

Харин он гарсаар манай улс 680 тонн катодын зэс экспортолжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 13, төмөр замаар 1.355 чингэлэг буюу оны эхнээс нийт 806.5 мянган тонныг экспортолсон байна.

Төв банк оны эхнээс дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар 3.548.2 килограмм/кг/ алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 143.4 кг-аар буюу 4.2 хувиар өсөв.

Categories
мэдээ нийгэм

​ Монгол хэл бичгийн давтан шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна DNN.mn


Монгол хэл бичгийн давтан шалгалт тавдугаар сарын 7-нд болно.

Шалгалтын бүртгэл өнөөдрийн 18:00 цагт дуусах бөгөөд дурдсан хугацаанд энд дарж бүртгүүлэх боломжтой.

Монгол хэл бичгийн эхний шалгалт дөрөвдүгээр сарын 13-нд болсон. Үүнд 33,138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5,000 шалгуулагч байв.

Эхний шалгалтад оролцож чадаагүй болон босго оноондоо хүрээгүй бол тавдугаар сарын 7-нд хамрагдах боломжтой. Хэрэв давтан шалгалтад босго оноогоо авч чадаагүй бол Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгөх эрхгүй болох юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​ Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна DNN.mn

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, байгаль хамгаалагч нарын хариуцлагыг өндөржүүлэх, ард иргэдэд хүргэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулахыг Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-ын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

2022-04-20-ны өдрийн 07 цагийн байдлаар Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан түймэр цурманд, Дорнод аймгийн Халхгол сум, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэх газар энэ сарын 18-нд гарсан түймрийг унтраахаар 167 хүн, 27 автомашин ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 560000 орчим га талбай, үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 211000 га талбай өртжээ.