Categories
мэдээ нийгэм

А.Ариунзаяа: Хүүхдээ хүчирхийлсэн ээж, аавын дансанд хүүхдийн мөнгийг шилжүүлэхгүй DNN.mn

Хүүхдээ хүчирхийлсэн ээж, аавын дансанд хүүхдийн мөнгийг шилжүүлэхгүйгээр тухайн хүүхдийн хадгаламжийн данс руу шилжүүлэх, эсвэл асран халамжилж буй эмээ, өвөө, ах эгчид нь шилжүүлэх зохицуулалтыг Хүүхдийн мөнгөний журамд оруулсан талаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр “Ингэснээр хүүхдийн хүчирхийллийн нэлээд олон кейсийг үр дүнтэй шийдвэрлэж байна. Мөн хүүхдийн мөнгийг барьцаалан зээл олгох, эсвэл зээлд суутган авахыг хориглосон” хэмээн бичжээ.

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгох журамд зааснаар:

  • 5.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоох шийдвэр гаргана:
  • 5.2.1.регистрийн дугаар давхардах болон өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгөн хуримтлалаас илүү олгогдсон;
  • 5.2.2.эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;
  • 5.2.3.эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.
  • 5.3.Энэ журмын 5.2.1-д заасан тохиолдол үүссэн бол дараа сарын мөнгөн олголтоос суутгана.
  • 5.4.Энэ журмын 5.2.2-т заасны дагуу түр зогсоосон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон харьяа сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.
  • 5.5.Энэ журмын 5.2.3-т заасны дагуу мөнгөн олголтыг түр зогсоосон тохиолдолд орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Золбаяр: Эрх баригчид жагсаал зохион байгуулж ажлаа сурталчилдаг шинэ хэв маяг бий болчихсон юм уу DNN.mn

Төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй иргэн Т.Золбаяртай ярилцлаа.


-Авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл эрх баригчдад алга-


-Залуус “Ажлаа хий” гэх жагсаал зохион байгуулж Засгийн газарт шаардлага хүргүүлээд хоёр долоо хонолоо. Үр дүнд нь НӨАТ-ын сугалааг л цуцаллаа. Өөр ямар ч үр дүн гарсангүй.

-Шаардлагыг хэдхэн залуус л хүргүүлж байна лээ. Нийгмийн хүсэл эрмэлзэл тусгагдсан гэж үзэхгүй байгаа. Тухайн үед Засгийн газрын тэргүүнтэй хэлцэл хийнэ гэж нийтээс санал аваагүй. Залуусын төлөөлөл гэж цагаан хоолой барьж гүйсэн нөхдүүд хоорондоо ярьж байгаад л орж уулзаад гарч ирсэн. Уулзалтын үр дүнгийн талаар ч гарч ирээд тоймтой хариу өгөөгүй алга болсон. Тухайн шаардлагад 20 метрийн радиуст хамт зогсож байсан хүмүүсийн санаа л тусгагдсан. Төв талбайд цугласан залуусын санаа бодол тэнд тусгагдаагүй. Тэнд дурдагдсан шаардлагуудаас үр дүн хүлээгээд хэрэггүй байх.

-Та өнөөдөр “Ажлаа хий” гэсэн лоозон бариад энд сууж байна. Ямар асуудал тавьж байгаа юм бэ?

-Авлигатай тэмцэх газар ажлаа хий л гэсэн шаардлага тавьж дөрөвдүгээр сарын 8-наас хойш энд сууж байна. Улс орны хөгжлийг хойш нь татаж байгаа гол зүйл нь авлига, хээл хахуулийн асуудал. Авлигатай тэмцэх хүсэл, эрмэлзэл эрх баригчдад алга. Нам дамжсан авлигачдыг авч хаяагүй цагт мянга жагсаал хийж, дуу хоолойгоо хүргээд үр дүн гарахгүй. Дөрөвдүгээр сарын эхээр болсон залуусын жагсаалын үеэр цугласан залуусын хандлагыг нь анзаарахад тэгш эрх алдагдсаныг хөндөж байна лээ. Шаардлагад энэ талаар тусгасан зүйлийг би анзаарч хараагүй. Өнөөдөр нийгэмд залуусыг бухимдуулж байгаа гол асуудал нь тэгш эрх алдагдсан явдал. Ганц жишээг л энд онцолъё л доо. УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол”-ын захирлаар ажиллаж байх үедээ тэрбум төгрөгийн авлигын хэрэгт холбогдсон нь бүх баримттайгаа нийтэд ил болсон. Энэ үйлдэлдээ 40 сая төгрөгөөр торгуулаад, төрийн албанд ажиллах эрхээ хасуулаад л өнгөрсөн. Гэтэл нэг тэрбум бүү хэл нэг сая төгрөгийн л үнэлгээтэй гар утас хулгайлсан залуу ял аваад шууд торны цаана суудаг. Утас хулгайлахыг зөв гэж байгаа юм биш шүү. Наад захын жишээг дурдахад л ийм. Нөгөө талд тэрбумын авлига авсан дарга сул чөлөөтэй явж байна. Авлигачдын толгойг илсэн ийм байдлаар төрийн ажил урагшаа явахгүй. Өндөр албан тушаалтнууд бүгд л авлига авч торгуулаад өнгөрөхийг бодно шүү дээ. Би үүнийг эсэргүүцэж л энд сууж байна.

-Хэдэн мянган залуус цуглаад үр дүнд нь НӨАТ-ын татварыг л цуцалсныг түрүүн хэлсэн. Өнөөдөр бараг ганцаараа сууж байна. Ямар үр дүн хүлээж байна вэ?

-Нэг өдрийн дотор үр дүн гарахгүй. БНСУ-д хоёр сар жагссан ч тохиолдол байдаг. Жагсаал, цуглаанаар үзэл бодлоо илэрхийлсэн хэлбэр тууштай байх ёстой гэж боддог юм. Хоёрдугаарт, шаардлагууд нь үр дүн гаргахаар хэмжээнд байх хэрэгтэй. Сайд дарга нар, төрийн түшээд эрх мэдлээрээ нөлөөлж бусдын боломжийг хулгайлдаг ёс зүйтэй байж болохгүй. Эрх мэдлээ ашиглаж бусдын боломжийг хулгайлсан асуудалд холбогдсон л бол ажлаа өгөөд шалгуулдаг ёс зүй эрх баригчдад алга. Үүнийг эсэргүүцэж байна. Үр дүнд хүрэхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Үзэл баримтлалаараа надтай нэгдэх хүмүүс байвал нээлттэй гэдгийг энд онцолъё.

-Жагсаалын дараахь үйл явцыг анзаарахад эрх баригчид үймээн зохион байгуулж ажлаа сурталчилж байгаа ч юм шиг дүр зураг харагдаж байна л даа. Ажлаа сурталчлах, чих зөөлөнтэй имиж бүрдүүлэх ийм шинэ хэв маяг бий болчихсон юм биш үү?

-Байж болно. Сая өрнөсөн жагсаалын үеэр ийм өнгө аяс ил цагаан харагдсан шүү. Цагаан хоолой барьж хашхираад л, Ерөнхий сайдын чихэнд шивир авир хийж гүйгээд байсан нөхдүүд л шаардлага хүргүүлж байна лээ. Эрх баригчид хийх ажлынхаа сурталчилгааг хийхдээ тэднийг ашигласан ч байж болно. Ерөнхий сайд нь Хууль зүйн сайдтайгаа хамт гарч ирж үг хэлээд л өнөө нөхдүүд тойрч гүйлдээд л. Тавилттай ч юм шиг. Инээдтэй л харагдаж байсан. Эрх барчигдын ажлыг тайлагнадаг нөхдүүд залуусыг турхирч залуусыг цуглуулсан байх боломжтой. Тэр нөхдүүдийн шаардлагыг анзаарахад цаашид нийгэмд гэрэл гэгээ татуулахаар зүйл ер нь байгаагүй дээ. Гэхдээ тухайн үед итгэл үнэмшлээрээ ирсэн залуусыг энд үгүйсгэж болохгүй.

Харин харанхуй ордон тойрч хашхиралдаж эмх замбараагүй байдал үүсгэсэн нөхдүүдийг итгэл үнэмшлээрээ ирсэн гэж харахгүй байна. Таны хэлж байгаагаар эрх баригчдын гар хөл болсон улс байх магадлалтай. Энд нэг зүйлийг онцлоход, өнгөрсөн жил дуучин С.Жавхлан төв талбайд суулт хийх үеэр би ингээд л лоозон бариад сууж байлаа. Тухайн үед алгын чинээ лоозон бариад суухад л цагдаа нар ирж шалгаад л хөөж, туугаад л цаг үе хэцүү байсан шүү. Ингээд сэтгүүлчдэд яриа өгөхөд хүртэл хажуугаар цагдаа нар шалгаагаад л. Картон цаас дэвсээд суухад л булааж аваад зугтдаг байлаа. Сая залуус тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд хүчний байгууллагын зүгээс уриа лоозонг нь булааж янз бүр болсонгүй. Энэ бол жагсаалын нэг үр дүн гэж харж байгаа. Бид ямар ч үед Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хязгаарлуулж хэрхэвч болохгүй. Цаашид ч төрд үүрлэсэн авлигатай тэмцэж байгаа энэ үйлдлээ тууштай үргэлжлүүлэх болно. Энэ бол өргөс авахын хоромд л шийдэгдэх асуудал биш л дээ. Тууштай явж л үр дүнд хүрнэ. Үр хүүхдээ авлигагүй нийгэмд үлдээхийн тулд үзэл бодлоо тууштай илэрхийлж дуу хоолойгоо өргөж байх хэрэгтэй гэж боддог. Нэг асуудал нөгөө асуудлын чимээнээр дарагддаг загасны ой санамжтай байгаад бид юуг ч өөрчилж чадахгүй.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Манай улс энэ оны нэгдүгээр улиралд 2.5 сая тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Манай улсын эрдсийн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 244.9 сая ам.доллар буюу 13.8 хувиар буурахад голлон нөлөөлсөн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

2022 оны эхний нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр авч үзсэн.

Нүүрс: 2.5 сая тонн нүүрс экспортолж, 675.6 сая ам.долларын экспортын орлого олжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын биет хэмжээ 4.1 сая тонноор, экспортын орлого 13.1 сая ам.доллароор буюу 1.9 хувиар буурсан байна. Нэг тонн нүүрсний экспортын дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 167.4 ам.доллар буюу 1.6 дахин нэмэгджээ.

Зэсийн баяжмал: зэсийн баяжмалын экспортын орлого өнгөрсөн оны мөн үеэс 14.5 хувь буюу 89.8 сая ам.доллароор өсөж, 710.9 сая ам.долларт хүрсэн байна. Зэсийн баяжмалын экспортын биет тоо хэмжээ 334.8 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувь буюу 18.5 мянган тонноор өсжээ.

Төмрийн хүдэр: төмрийн хүдрийн экспортын тоо хэмжээ 616.2 мянган тонн болж, 57.5 сая ам.долларын экспортын орлого олсон байна. Төмрийн хүдрийн экспортын орлого өмнөх оны мөн үеэс 75.9 хувь буюу 181.1 сая ам.доллароор буурахад төмрийн хүдрийн биет хэмжээ 67.8 хувь буюу 1.3 сая тонноор буурсан, нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 23.7 хувиар буурсан нь тус тус нөлөө үзүүлжээ.

Цайрын баяжмал: цайрын баяжмалын экспортын тоо хэмжээ 21.9 мянган тонн болж, 41.2 сая ам.долларын экспортын орлого олсон байна. Цайрын баяжмалын экспортын орлого өмнөх оны мөн үеэс 11.3 хувь буюу 5.2 сая ам.доллароор буурахад цайрын баяжмалын биет хэмжээ 29.5 хувь буюу 9.1 мянган тонноор буурсан нь нөлөөлжээ. Хэдийгээр нэг тонн цайрын баяжмалын экспортын дундаж үнэ 25.7 хувиар нэмэгдсэн боловч экспортын тоо хэмжээний огцом бууралт экспортын орлого буурахад нөлөөлжээ.

Алт: алтны экспортын тоо хэмжээ 4.8 тоннд хүрч, 288 сая ам.долларын экспортын орлого олсон байна. Алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 9.9 дахин өссөн ба 2019 оны мөн үеэс 155.8 кг буюу 3.3 хувиар өссөн байна. Алтны экспортын орлого 288 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 10.2 дахин буюу 262.3 сая ам.доллароор өсжээ. Харин нэг тонн алтны экспортын дундаж үнэ 6.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Катодын зэс буюу тунгаасан зэс ба хайлш: катодын зэсийн экспортын тоо хэмжээ 0.8 тонн болж, 7.4 сая ам.долларын экспортын орлого олсон байна. Катодын зэсийн экспортын орлого 2020 оны мөн үеэс 57.0 хувь буюу 9.9 сая ам.доллароор, өмнөх оны мөн үеэс 72.8 хувь буюу 19.9 сая ам.доллароор тус тус буурсан.

Нэг тонн тунгаасан зэсийн экспортын дундаж үнэ 11.8 хувиар нэмэгдсэн боловч экспортын тоо хэмжээний огцом бууралт экспортын орлого буурахад нөлөөлжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ: 135 хуулийн төслийг эцэслэн батлав DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар

Нийт 135 хуулийн төслийг эцэслэн батлав. Үүнд:

  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зоригоор боловсруулсан хуулийн төслүүд – 126 төсөл,
  • Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд – 7 төсөл,
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл – 2 төсөл багтсан байна. Үргэлжлүүлэн төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Украинд үзүүлэх зэр зэвсгийн ээлжит тусламжаа танилцуулжээ DNN.mn

Пүрэв гаригт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус улсаас Украинд үзүүлэх $800 саяын өртөг бүхий зэр зэвсгийн тусламжийн шинэ багцаа танилцуулжээ.

Үүнээс гадна $500 саяын эдийн засгийн шууд дэмжлэгийг Украины засгийн газарт үзүүлэхээр болсон байна.

Энэ удаагийн тусламжийн багцад 72 ширхэг 155мм-ийн Howitzer их буу, уг их бууны 144,000 сум, 72 ширхэг тактикийн хуягт тэрэг, шинэ загварын 121 ширхэг дрон зэрэг зэвсэг багтжээ.

Зэвсгийн тусламжийг Донбассын фронт дээр Оросын довтолгоог эсэргүүцэхэд зориулан “яаралтай” горимд хүргэж буйг Байден өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Howitzer их бууг ашиглах нэг долоо хоногийн сургалтыг Украины хөрш улс оронд энэ долоо хоногт зохион байгуулж байгаа гэнэ.

Уг сургалтад Украины армийн цэргүүд хамрагдаж байгаа юм.

Байден өчигдөр Цагаан ордонд хэлсэн үгэндээ нийслэл Киев хотыг Оросын цэргийн довтолгооноос хамгаалж чадсан Украины зэвсэгт хүчнийг магтсан байна.

“Энэ бол АНУ болон түүний холбоотнуудын тусламж дэмжлэгтэйгээр Украины ард түмний байгуулсан эрх чөлөөний ялалт байлаа. Одоо бид газар зүйн хувьд хязгаарлагдмал хүрээнд болох ч харгис бурангуй талаасаа ялгаагүй дараагийн тулаанд шаардлагатай тусламжийг Украинд яаралтай нийлүүлж байна” гэж Байден ярьжээ.

Тэр бас Оросын хөлөг онгоцнуудыг АНУ-ын боомтуудад нэвтрэхийг хориглох шийдвэрийг өчигдөр зарласан байна.

“Оросын далбаатай, Оросын эзэмшлийн, эсвэл Оросын ашиг сонирхлын төлөө ажилладаг ямар ч хөлөг онгоц АНУ-ын боомтуудад нэвтрэх, эрэгт зогсох боломжгүй боллоо” гэж Байден хэлжээ.

Өчигдөр Украины Мариуполь хотыг “чөлөөлсөн” тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зарласан билээ. Ингэхдээ Украины цэргүүдийн эсэргүүцэн тулалдаж буй Азовсталь үйлдвэрийг битүүмжилж үлдээх шийдвэр гаргасан юм.

Байден өчигдөр ярихдаа Мариуполь хотыг Оросын цэрэг бүрэн хяналтдаа оруулсан гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Aljazeera

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 29 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 29 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 21 нь Улаанбаатар хотод,
  • 8нь орон нутагт бүртгэгдсэн байна.
  • бичвэр гэх мэтийн зураг байж болно
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Чулуунбилэг: Монголчууд хайбрид дайны дам оролцогч болчихсон ийм үед намчирхал шиг утгагүй зүйл байхгүй DNN.mn

Улс төр судлаач О.Чулуунбилэгтэй Украин, Оросын дайны Монголд үзүүлэх нөлөөний талаар ярилцлаа.


– Их гүрнүүдийн геополитикийн дарамт манайд ихэсч байна –


-Улс төр судлаачийн тань хувьд Орос, Украины дайн, энэ дайн тойрсон олон улсын байдал манай улсад хэрхэн нөлөөлж байгаа талаар аль болох хөндлөнгийн байр сууринаас ярилцмаар байна. Та Украин, Оросын дайн Монголын хувь заяанд нөлөөлөх нь гарцаагүй гэж жиргэсэн байсан…?

-Сүүлийн зуун жилд геополитикийн дөрвөн том өөрчлөлт явагдсан. Тухай бүрт нь Монгол шиг жижиг улсын хувь заяаг тэр чигт нь өөрчилсөн байдаг юм. ХХ зууны эхэнд Австри-Унгар, Оросын эзэнт улс, Манж Чин зэрэг голдуу холбооны улсын задралууд явагдахад жижиг улсууд дэлхийн улс төрийн газрын зураг дээр дахин гарч ирсний нэг нь Богд хаант Монгол Улс. Удалгүй дэлхийн социалист хувьсгалын нөлөөгөөр шинэ социалист бүгд найрамдах улсууд төрөхөд 1924 оны БНМАУ бий болсон. Дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ байгуулагдаж шинэ улсууд бий болоход Ар Монголын хэмжээнд БНМАУ тусгаар тогтнолоо дэлхийгээр хүлээн зөвшөөрүүлсэн. Эцэст нь 1990 оны ардчиллын давлагаанаар манай улс зөвлөлтийн дагуул улс байхаа больж бүрэн тусгаар тогтносон түүхтэй. Өнөөдөр шинэ хүйтэн дайн эхэлснээр олон улсын шинэ дэг журмын тухай бүгд яриад эхэллээ л дээ. Товчхондоо Монголын хувь заяанд тав дахь сорилт ирж байна.

Шинэ дэг журам олон улсын харилцаанд ирж байна гэж судлаачид их ярих болсон л доо. Та ч сая тэгээд хэлчихлээ. Шинэ дэг журам гэдгээ тодруулаач?

-Олон улсын харилцаа АНУ гэх нэг туйлт харилцаанаас олон туйлт харилцаа руу шилжих гэж оролдож байна. Ямар улсууд туйл байж чадах вэ гэдэг сөргөлдөөн ид өрнөж байна. НҮБ үндсэн үүргээ гүйцэтгэх чадвар суларч Аюулгүй Зөвлөл нь гацаанд орсон нь Орос-Украины дайныг шийдэж чадахгүй яваагаар харагдана. Судлаачид үүнийг олон улсын харилцааны бүрэнхий үе эхэллээ гэж тодорхойлж байгаа. Энэ бол Монгол шиг жижиг орны хувьд тун эрсдэлтэй дохио. Нэгэнт НҮБ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа болохоор улс орнууд аюулгүй байдлаа хангахын тулд батлан хамгаалах төсвөө нэмж, цэрэг зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаан эхэлчихлээ. Шинэ хүйтэн дайн албан ёсоор эхэлж байна л даа. Манай Засгийн газар гадаад бодлого дээр төвийг сахина гэж байгаа ч Монголын нийгмийн хувьд хайбрид дайны дам оролцогч нэгэнт болчихсон. Шуудхан хэлэхэд, бид шинэ хүйтэн дайнаас зугтаж чадахгүй.

-Яагаад бид хайбрид дайны дам оролцогч болчихов. Бид Орос-Украины дайнд огт оролцоогүй шүү дээ?

-Дайны тухай уламжлалт ойлголт бүхэлдээ өөрчлөгдсөн. Дайн өмнө нь тодорхой фронтын шугам дээр газар нутаг дээр явагддаг байсан бол шинэ дайн хил хязгааргүй даяарчлагдсан, цэрэг армиас гадна эдийн засаг хөрөнгө босголт, соёлын зөрчил, мэдээллийн өрсөлдөөн, дипломатын хийгээд кибер сошиал орчныг бүхэлд нь хольсон хайбрид хэлбэртэй болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Саарал бүсийн дайн, хязгаарлалтгүй дайн, хүлцэнгүй дайн, тодорхойгүй дайн гэж янз бүрээр бичиж буй ч нэг зүйл ойлгомжтой байгаа нь даяарчлалын улмаас энэ дайнд бүх улс орнууд, нийгмүүд дам байдлаар татагдан орчихлоо. Жишээ нь, Орос-Украины дайнаас бид харьцангуй хол байгаа мэт боловч Монголын нийгэм сошиал орчинд хоёр хуваагдаад дэмжиж байна. Хайбрид дайны шууд оролцогчид олон улсаас дэмжлэг авахын тулд мэдээллийн дайн хийж байгаагаас дисинформаци, мисинформацид Монголын хэвлэл, сошиал орчин эзлэгдэж нийгмийн үзэл бодол хуваагдаж байна гэсэн үг. Үр дүнд нь дайныг эсэргүүцсэн болон дэмжсэн иргэдийн жагсаалууд болж, улс төрийн намууд болон инфлүүзэрүүд өөр өөр байр суурийг илэрхийлэх болсон. Нэгдмэл улс гэх манай давуу тал сулрах эрсдэл үүссэн. Монгол дахь гадаад улсуудын элчин сайдын яамд болон олон улсын байгууллага, эвсэл холбоодын зүгээс манай төрийг илтэд шахах, дипломатын болон эдийн засгийн дарамт үзүүлэх болсон. Зарим хөрш орны элчин сайдын яам бүр ил тодоор Монголын улс төрийн намд нэр хоч өгч зарлаад дотоод хэрэгт бүдүүлгээр оролцоод эхэллээ. Энэ утгаараа манай улс Орос-Украины хайбрид дайны дам оролцогч нэгэнт болчихсон. Товчхондоо шинэ хүйтэн дайны олон улсын тавцанд их гүрнүүд Монгол улсыг геополитикийн дарамтад оруулж байна.

Хийн хоолой тавьбал эрчим хүчний тусгаар тогтнолын тухай мөрөөдөөд ч хэрэггүй

-Хойд хөрш Украинтай зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа нь бидэнд ямар нөлөө үзүүлэх бол, сайн муу аль аль талаасаа…?

-Яг одоо ОХУ-ын цэрэг нэг хөрш улсаа түрэмгийлэх дайн хийж байна. Хойд хөршийн цэргийн энэ түрэмгийлэл манайд дарамт мэдрүүлээд эхэлчихсэн. Сүүлдээ бүр Америк биологийн лабораторио Монголд байгуулах гэж байна гэх мэт илт худал мэдээллийг Оросын эрх баригч намын зарим шийдвэр гаргагчид төрийн дум дээр илээр яриад эхэллээ. “Монгол, Казахстан, Гүрж, Азер, Узбект АНУ химийн лабтай. Бид баруунд бүслэгдсэн” гэх пропагандаг оросууд дотоод улс төрдөө хийж буй ч манай нийгэмд түгшүүр, зөрчлийг авчирч байна. Монголыг буфер бүсээр байлгах Оросын геостратегийн сонирхол өөрчлөгдөөгүй ч дайнтай холбоотой эдийн засгийн хоригт орсноор тэдний хувьд манайхаар дамжуулан эрчим хүч экспортлох стратегийн сонирхол нь огцом өссөн. Монголоор дамжуулан хийн хоолойг Хятад руу хүргэх гэрээг яаран байгуулсныг та мэдэж байгаа. Монголоор дамжуулах хийн хоолойн асуудал олон арван жилийн турш дээд хэмжээний уулзалтуудаар тунхагийн шинжтэй хөндөгдөөд өнгөрдөг байсан ч оросууд энэ удаа их яарч байна л даа. Хятадад хий нийлүүлдэг Сибирийн хүч-1 шугам Америкийн Шелл компани гарч явснаар олборлох технологийн хомсдолд орж зогсох хүртэл эрсдэлд орсон гэж зарим судлаач хэлээд эхэлчихлээ. Хятадад хий нийлүүлэхгүй бол Оросын эдийн засаг унаж дайнд ялагдана. Эндээс Оросын технологиор хий олборлох боломжтой газар юу вэ гэсэн асуулт гарч ирж таарна. Энэ асуултын хариу ойлгомжтой. Монголоор дамжуулан Хятадад хүргэх шугамын хувьд л ийм боломж бий. Оросууд гэнэтхэн манай улс руу анхаарч аймаг сумдын Засаг дарга нартай Сибирийн хүч-2 шугам дайруулах гэрээ байгуулаад яваад байгаа учир нь ерөөсөө л энэ.

-Хийн хоолой Монголоор дайрах нь ашигтай, ашиггүй гэсэн хоёр талын байр суурийг судлаачид, мэргэжлийн хүмүүс илэрхийлж байгаа. Таны хувьд юу гэж харж байна вэ?

-Эдийн засгийн хувьд ямар үр ашигтай байхыг нь мэргэжлийн хүн биш учраас хэлж мэдэхгүй юм. Ядаж гэрээний төслийг нь харах хэрэгтэй. Улс төр, аюулгүй байдлын хувьд хойд хөршийн хийн хоолой Монголоор дайрвал бид эрчим хүчний тусгаар тогтнолын тухай мөрөөдөөд ч хэрэггүй нь оросуудын ярьж байгаагаас харагдаж байна. Оросын Монгол дахь элчин сайд “Парламент” телевизээр “Хийн хоолойг хамгаалах ажлыг оросын цэрэг дангаар хариуцна” гэж ярьсан. Товчхондоо өөр улсын цэрэг нутагтаа байрлуулахгүй гэсэн манай хуулийг зөрчинө гэдгээ ил хэлчихсэн. Олон улсын хуралд оролцсон Оросын төлөөлөгчдийн “Гэрт амьдардаг монголчууд та нарт усан цахилгаан станц хэрэггүй” гэсэн үг хийн хоолой тавигдвал Монголд усан цахилгаан станц бариулахгүй гэсэн мессэж шүү дээ. Манай улс1990 онд улс төрийн хувьд Оросын нөлөөнөөс салсан ч одоо хүртэл эрчим хүчний хараат байдлаас салж чадаагүй. Европын орнууд Оросын хийнээс хамааралтай яваагаас хавь илүү бид хойд хөршийн эрчим хүч, Галуут нуурын эрчим хүчний системийн хамааралд аж төрж суугаа. Хийн хоолой тавьбал бүр хамааралтай болж Оросын хий манай улс төр, сонгуульд шууд нөлөөлөх болно.

-Хятад хилээ нээхгүй байгаа нь Орос, Хятад далдуур тохирч манайхыг албан бус хоригт оруулсны нотолгоо гэж ярих хүмүүс байна…?

-Барим тавим баримт байхгүй учраас хариулахад хүндрэлтэй байна. Хятад, Орос улсууд стратегийн дээд хэмжээний харилцаатай боловч холбоотнууд биш. Хятад бол өөрийн бодлоготой, ашиг сонирхолтой их гүрэн. Бид ковидын талаар Хятадын баримталж буй стратегийг ойлгож хүндэтгэж, тэдний стандартад нийцсэн дэд бүтэц, мэргэжлийн хяналтаа, стандартаа яаралтай сайжруулж хилийн гацаагаа гаргах хэрэгтэй. Хятадыг баруунтай харилцаагаа сайжруулахад нь Монголын оролцоо байж болно. Ер нь Хятад ардчилсан засаглалтай улстай сайн харилцдаг гэдгийг Монголоор төлөөлүүлж барууныханд харуулах нэг жишээ гэж харж болно шүү дээ. Монгол Улсын ерөнхийлөгч удахгүй урд хөршид айлчлах сурагтай байна лээ. Айлчлалд бэлтгэх хоёр талын ажлын хэсэг прагматик байж хил боомтын гацаагаа энэ айлчлалаар шийдэх нь чухал гэж харж байна.


Зоригтой, давшингуй гадаад бодлого л газарзүйн хоригдлоор үлдэхээс аварна


Саяхан Монгол дахь барууны орнуудын элчингүүд нийлж хэвлэлийн хурал хийсэн. Энэ хайбрид дайны бас нэг үр дагавар уу?

-Мэдээж дайн гараагүй бол ийм хэвлэлийн хурал хийгдэхгүй. Дайнаас үүсэх хүндрэлийг шийдэхэд туслах, эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авахад тун хэрэгтэй дэмжлэгүүд өгөхөө амлаж байна лээ. Үнэхээр энэ үеийг ашиглаад барууны орнуудын дэмжлэгийг зоригтой авч чадвал цахилгаан, шатахуун, дэд бүтцийн асуудлаа шийдэж босоод ирэх боломжтой. Ийм тусламжгүйгээр Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого бодит ажил болох боломжгүй. Ядаж л Хятадтай боомтын гацаагаа гаргахад Японы, Оростой гаалийн хүнд суртал, өндөр татварыг нь буулгахад Германы тусламжийг авах ёстой. Францтай цөмийн салбарт ажиллах хэрэгтэй. Англитай, зүүн европын улсуудтай уул уурхай, технологи, цэргийн салбарт харилцаагаа шинэ шатанд гаргах шаардлагатай. Монгол бол газарзүйн хоригдол улс. Дахиж ийм боломж мөддөө олдохгүй. Гэхдээ Засгийн газарт нэг хүндрэл учирна. Тэр нь барууныхан Оросын хийн хоолойг дэмжихгүй байх амлалт авах шахалт үзүүлэх болов уу. Энэ дундуур яаж хохиролгүй гарч ирэх нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдийн кабинетад том сорилт болно.

-Саяхан шадар сайдад Европын холбооны орнуудад албан айлчлал хийх дээр виз өгөөгүй гэсэн мэдээлэл гарсан. Барууныхан Монголыг бас л ижилхэн шахаж байна уу гэсэн бодол төрөх юм?

-Хүйтэн дайны үндсэн шинж нь үзэл суртлын дайн байдаг. Америкийн хувьд Оросын түрэмгийллээс болж Европтой барууны суурь үнэт зүйлсээрээ нэгдчихлээ. Бид барууны үнэт зүйлс гэж ярьдаг ч энэ нь хүн төрөлхтний бий болгосон суурь үнэт зүйлийн тухай л яриад байгаа хэрэг. Хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл, үндсэн хууль, парламентын засаглал гэх мэт. Нийгмийнхээ дотоод уур амьсгал, соёлоос үндэслэж барууны ертөнц хүний эрх дээр суурилсан гадаад бодлого руу шилжиж байна. Хүний эрхийн эсрэг, тусгаар тогтносон улсын эсрэг дайрагч хүчинтэй хийн гэрээ байгуулсан гэдэг утгаар Шадар сайдад виз олгоогүй байх. Цаашид хууль тогтоогчид, хууль хүчний байгууллагынхан, улс төрийн намууд хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргахгүй бол барууныхантай харилцах боломжгүй болох, адаглаад өөрт нь болон гэр бүлд нь виз гарахгүй байх эрсдэл бий болж байгааг анхаарах хэрэгтэй. Иргэд ч сошиал орчинд аливаа хүчирхийлэл, фашизмыг дэмжихгүй байх нь зөв. Дэлхий хавтгай болсон гэж бүгд л ярьж, бичиж байна шүү дээ.

-Таныг АН-ын гишүүн учраас барууныхныг дэмжлээ гэж харах хүн цөөнгүй гарах байх. Та тэр утгаараа ийм байр суурь илэрхийлэв үү, эсвэл түрүүн хэлсэн шигээ хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсээ харж ярив уу?

-Олон улсын практикаас харахад дөчөөд насныхан нийгмээ чирч явдаг. Үе бүхэн өөр өөрийн зовлон жаргалтай, соёлтой, зорилго, шалгууртай. Манай үеийнхнийг covid gen­eration эсвэл war generation гэж нэрлээд эхэлсэн. Дэлхийн шинэ дэг журамд Монгол Улс ямархуу байр суурьтай аж төрөх вэ, бид дампуурсан улс болох уу, хөгжсөн улс байх уу гэдэг удахгүй шийдэгдэнэ. Ийм үед аль намын гишүүн байх вэ гэдэг гучдугаар асуудал болчихлоо л доо. Миний хувьд эцсийн мөчид монголчууд зөв талд, ялагчдын нэг л болох ёстой гэсэн итгэл үнэмшилтэй яваа. Гэтэл НҮБ дэх Орос, Украины дайн дээр түдгэлзсэн Монголын байр суурь нь ШХАБ-ын орнуудтай ижил байна. Дахиад хэлье, газарзүйн хоригдол гэж ойлголт бий. Байршил нь тухайн улсынхаа хөгжлийн хязгаарлагч болчихдог. Монгол бол газарзүйн хоригдол улс. Нэмээд үзэл санааны хоригдол гэчихмээр санагддаг. Манай улсын тухайд чөлөөт зах зээл, иргэний нийгэмтэй байхын тулд бусдаас хэд дахин их хүч, золиос зарлах шаардлага байнга үүсдэг орон. Товчхондоо бид олон улсын тавцанд геополитикийн дарамтад орох нь тодорхой боллоо. Ийм үед эв нэгдэл, нээлттэй яриа хэлцэл л хэрэгтэй.

Categories
гадаад мэдээ

Хонконгт ковидын эсрэг хязгаарлалтуудыг сулруулж байна DNN.mn

Хонконгт коронавирусийн халдварын тархалыг хумих үүднээс авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж эхэлсэн талаар South China Morning Post сонин мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хонконг энгийн амьдралдаа аажмаар шилжиж, бэлтгэлийн танхим, гоо сайхны салон, цэнгэлдэх хүрээлэн, кино театруудыг нээж байгаа гэнэ. Түүнчлэн ихэнх сургуулиуд танхимаар хичээллэж эхэлжээ.

Коронавирусийн халдвар тархсаны улмаас Хонконгт олон нийтийн газрууд дөрвөн сарын хугацаанд хаалттай байсан юм. Харин сүүлийн долоо хоногт өдөрт бүртгэгдэх дотоодын халдвар мянгаас доош байгаа тул хязгаарлалтуудыг сулруулж эхэлсэн байна. Гуравдугаар сарын эхээр энэ хотод өдөрт илрэх халдварын тоо оргил үедээ 70 мянгад хүрч байв.

Categories
мэдээ нийгэм

ЭМД-аараа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах боломжтой DNN.mn

Монгол Улсын нийт хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх аяныг энэ оны тавдугаар сарын 1-нээс улс, орон даяар эхлүүлнэ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах асуудлыг тусгасан. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах боломжийг олон улсад нийцүүлж сайжруулахаар багтаасан.

Судалгаагаар 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэдгийг тогтоожээ. Түүнчлэн Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна.

Манай улсын хувьд 2018 оноос нас, насны багцаар ангилан даатгуулагч-иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хамруулах тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн ч иргэдийн оролцоо, идэвх сул хэвээр байсан юм. Иймд нийт хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдвар бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор насны багц болон оношилгоо, шинжилгээний нэр төрлийг шинэчлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолоор баталсан.

Ингэхдээ хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журамд өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан. Хуучин мөрдөж байсан тушаалд зөвхөн 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулж байсан бол шинэчилсэн журмаар 18 хүртэлх насны хүүхдийн эрт илрүүлгийн хоёр багц шинээр нэмэгдэж, нийт 6 насны бүлгээр 31 төрлийн өвчин эмгэгийг илрүүлэх 40 төрлийн оношилгоо, шинжилгээг хийхээр холбогдох мэргэжлийн байгууллагууд бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шинээр нэмэгдсэн хүүхдийн 5 хүртэлх, 6-17 насны багцаар хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдох өвчин эмгэг, хөгжлийн хоцрогдол, амны хөндий, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт үед нь илрүүлж өвчний хүндрэл, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийг бууруулах зорилготой бөгөөд үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу хийлгэнэ.

Харин насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээг хийлгэх юм.

Эрүүл мэнд, өвчин эмгэгийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн, даамжруулахгүй эмчилж, сэргийлснээр хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэх, цаашлаад эмнэлгийн ачаалал багасгах, улс, орны эдийн засагт учруулж буй эмнэлгийн зардлыг бууруулах зэрэг олон төрлийн ач холбогдолтой. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг жил бүр явуулах юм.

Categories
мэдээ улс-төр

Төрийн үйлчилгээний албан хаагчдыг өмнөх жишгээр цалинжуулж, үндсэн байгууллагад нь харьяалуулна DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Хууль, тогтоолын төслүүдийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хийв. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчлан тогтоож өгсөн ба тус хуульд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр дараах зохицуулалтын хүрээнд нийт 39.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргахаар төлөвлөснийг онцлоод гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлттэй байгаа энэ хүнд цаг үед иргэдийнхээ бодит орлогыг хамгаалахад чиглэсэн хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас он дуустал чөлөөлөх хуулийн төслийг боловсруулсныг дурдав.

Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө, орон нутагт бизнес эрхэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зохицуулалтыг тусгасан болно.

2022 оны төсвийн жилээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу орон нутаг дахь ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, театр, чуулга, музей, номын сан, сумын соёлын төв зэрэг байгууллагын байрны үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн албан хаагчдын цалинг ялгаатай эх үүсвэрээс олгодог болсноор салбар, салбарын хэмжээнд ажиллагсдын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, түүнтэй уялдсан цалин хөлсний бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн тул үйлчилгээний албан хаагчдыг үндсэн байгууллагадаа харьяалагддаг байхаар хуулийн төсөл болон Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд тус тус холбогдох өөрчлөлтийг тусгасан гэж байлаа.

Түүнчлэн төсвийн тодотголд тусгасан төрийн өмчийн засаглалын шинэчлэл, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн бодлогуудыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн төслийг дагалдуулж холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсан гэдгийг З.Мэндсайхан сайд танилцуулгадаа тодотгосон.

Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай, Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг төсөл нэг бүрээр хэлэлцэв.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа, Б.Чойжилсүрэн, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Г.Амартүвшин, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Ж.Батжаргал, Х.Болорчулуун, Б.Энхбаяр, Х.Ганхуяг, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн хүрээнд ойрын гурван жилийн хугацаанд хэдэн төгрөгийн хэмнэлт гарах талаар урьдчилсан тооцоолол хийсэн эсэх, хууль батлагдвал хэрэгжих хугацаа хэдий хүртэл үргэлжлэхийг лавлахад Ажлын хэсгийн зүгээс Засгийн газраас төсвийн тодотгол дээр Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа хуультайгаа нийцүүлж өөрчлөлтийг тусгаж оруулсан. Энэ жилийн тодотголоор нийт дүнгээр 39.1 тэрбум төгрөгийг бууруулсан бөгөөд энэ нь ирэх жилийн төсөв, төсвийн хүрээний мэдэгдлийн суурь болох учир цаашдаа тэрхүү зардлууд дээр мөнгө тавигдахгүй, зарцуулагдахгүй гэж хариулж байлаа. Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, энэ хууль батлагдсанаар хуулийн хэрэгжилт эхлэх бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хууль тасралтгүй мөрдөгдөнө гэв.

Харин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн элсэн чихэр, цагаан будааны импортын гаалийн албан татварыг чөлөөлж байгааг дэмжиж байгаа ч, ургамлын тосыг дотооддоо үйлдвэрлэж байхад импортынх нь гаалийн албан татварыг чөлөөлсөн нь оновчтой эсэхийг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдсанаар эдгээр бараа, бүтээгдэхүүний үнэ хэдэн хувиар буурахыг лавласан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Батсуурь нарын зүгээс ургамлын тос үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгч компаниудыг зургаахан сарын хугацаатай Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх бус хугацааг нь уртасгах, шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахаа мэдэгдсэн.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, энэ хуулийн зорилго нь цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийг саармагжуулахад чиглэснийг тодотгоод одоо байгаа үнийг зохицуулж, бууруулах боломжгүй гэв.

зураг

Харин Ажлын хэсгийн зүгээс ургамлын тосны хувьд тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хоёр компани байдаг бөгөөд дотоодын түүхий эдээр үйлдвэрлэсэн ургамлын тос, дотоодын хүнсний үйлдвэрт борлуулсан хүнсний зориулалттай ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлж байгаа гэв. Мөн үүсээд байгаа нөхцөл байдлыг авч үзвэл ургамлын тосны 61.2 хувийг ОХУ-аас оруулж ирдэг. ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан ургамлын тосны нийлүүлэлт, үнийн хувьд хүндрэлтэй байдал гарсан. Иймд зөвхөн он дуусах хүртэлх богино хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлөх арга хэмжээг авах төслийг оруулж ирсэн гэж хариулж байлаа.

Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн халамжийг оновчтой болгох, халамжаас хөдөлмөр лүү шилжих реформыг хариуцлагатай яаралтай эхлүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа салбарын яамны зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийг нэмэгдүүлэх, хөдөлмөрт эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн бодлогын өөрчлөлт гарган ажиллахгүй байгааг, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нийгмийн даатгалын реформыг өнөөдөр л хийхгүй бол залуусын ирээдүй баталгаагүй болохыг мэдсээр байж чимээгүй сууж болохгүйг анхааруулж байлаа. Мөн гишүүдийн зүгээс зарим нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгоход хэчнээн хүн хамрагдахыг илүүтэй лавласан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариултдаа, 2021 оны IV улирлын байдлаар Монгол Улсын ажиллах хүчний тоо 1.2 сая бөгөөд үүний 72.7 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан гэдгийг онцолсон. Мөн тэрбээр хуулийн төслийн хүрээнд 1 сая төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоор нь хязгаарлавал нийт даатгуулагчийн 70 хувь нь хамрагдах бөгөөд даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгоход 150 тэрбум төгрөгийг төсөвлөснийг дурдаад улсын төсвөөс буцаалтыг хийнэ гэж байлаа.

Мөн Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Ганхуяг, Ц.Сандаг-Очир нарын зүгээс улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулах хүрээнд салбарын яамнаас баримталж буй бодлого, үйл ажиллагааны чиглэл, цэцэрлэгийн орыг хэдээр нэмэгдүүлэхээр тооцоолсныг тодруулсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариултдаа, Улаанбаатар хотын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын насны 145 мянган хүүхэд амьдардгаас 73 хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Үлдсэн 38,500 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Ялангуяа нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах шаардлагатай өндөр ачаалалтай байгаа 57 байршил байдаг. Төрийн өмчийн цэцэрлэггүй 17 хороон дээр 61 мянган хүүхэд амьдарч байгаагийн 28,000 гаруй нь төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгт хамрагдсан бөгөөд 33,500 хүүхэд харьяаллын дагуу төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн тооцоо гарсан. Энэ удаагийн төсвийн хэмнэлтээс гаргаж байгаа 100 тэрбум төгрөгийг нэн тэргүүнд Улаанбаатар хотын 57 байршилд хоёр хүүхдийн нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгааг нөхөхөд онцгойлон анхаарч ажиллана гэдгийг дурдсан.

Мөн энэ хүрээнд шинээр цэцэрлэг барихгүй, одоо байгаа цэцэрлэгийн өргөтгөл, 2022 онд улсын төсвийн санхүүжилтээр баригдаад дуусах гэж байгаа цэцэрлэгийн барилгыг эрчимжүүлэх, хувийн өмчийн цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлэх, байгууллагын цэцэрлэгийн урсгал болон хувьсах зардлаар нь дэмжихэд чиглэж ажиллана хэмээн хариулж байлаа.

Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Харин “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.