Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Дэд дарга, орлогч нарыг цомхотгосноор 1.3 тэрбум төгрөг хэмнэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж байна.

-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Засгийн газрын хамт өргөн мэдүүлсэн Хэмнэлтийн бодлогыг ерөнхийд нь дэмжиж байгаа. Төсөвт Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлэх LRT гүүрэн тулгуурт төслийн асуудал тусгагдаагүй байна. Энэ төслийг УИХ-ын Түр хороо дэмжсэн. Гэтэл энэ асуудал яагаад орж ирсэнгүй вэ. Хоёрт, хэмнэлтийн бодлогын хүрээнд агентлагуудыг дэд даргагүй болгож байгаа юм байна. Гэхдээ зарим агентлаг чинь яамдаасаа том, хийх ажил ихтэй шүү дээ. Заримд нь олон хүн ажилладаг учраас дэд даргын үүрэг чухал нөлөөтэй байдаг. Нэг оронтой хэмнэх гэж байгаад төрийн ажлаа цалгардуулахвий дээ. Тиймээс тухайн байгууллагын том жижгээс хамаарч агентлагийн дэд даргыг чөлөөлөх хэрэгтэй болов уу. 4000 хүнтэй агентлаг бий, 40ч хүнтэй агентлаг бий. Ажил үүргийн хуваарилалтыг үндэслэн дэд дарга байх эсэхийг ярих нь зүйтэй болов уу?

-Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Хөнгөн галт тэргийн төсөлд Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудал туссан. Хөнгөн галт тэрэгний төслийн нийт зардал нь 2 тэрбум давж байгаа. Бүх зардлыг нь оруулж ирвэл Засгийн газрын өрийн тааз чинь хэтэрнэ. Төсөв дээрээ гурван тэрбум төгрөгийн зардал яаж хэмнэх вэ гэж энд бөөн юм болж, асуудал ярьчихаад эргээд 3.5 тэрбум долларын баталгаа гаргах асуудал яригдаж байгаа. Баталгаа гэдэг чинь өр зээл шүү дээ. Улсын өрийн хэмжээ нэмэгдэж байхад энэ асуудалд нухацтай хандах ёстой.

Агентлагийн дэд дарга, улсын өмчийн газар, компаниудын орлогч дарга нарын асуудал дээр Б.Энхбаяр гишүүний хэлсэн шиг анхаарч ажиллах юмнууд бий. Ажлын хэсэг дээр яриад шийдээд явах байх.

-УИХ-ын гишүүн Ц.Туваан: Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин яг хэзээнээс, зэрэглэл тус бүр яаж нэмэгдэхийг тайлбарлаж өгнө үү?

-ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Тодотголын төсөв батлагдсаны дараа тавдугаар сарын 1-нээс төрийн үйлчилгээний ажилчдын цалин хөлс нэмэгдэнэ. ТҮ-ийн 12 зэрэглэл, нэг шатлалтай. 1-4 шатлалтай ажилчид шууд тав руу татагдана. Жишээ нь, ТҮ-1.1-ийн зэрэглэлийнхэн 467374 төгрөгийн цалин авдаг байсан бол шууд тавдугаар зэрэглэл рүү татагдаж 523405 төгрөг болно.

-УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ажилтны төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгох гэдгийг яагаад нэг сая ба түүнээс доош цалинтай хүмүүст олгоно гэчихэв ээ. Өгвөл бүгдэд нь өг л дөө. Яагаад ингэж ялгаварлаад байгаа юм бэ. Залуус үүнийг чинь эсэргүүцээд байна ш дээ. Ер нь мөнгө тараахаа ер нь хэзээ болих вэ. Нийгмийн даатгалын системдээ реформ хий л дээ. Ерөнхий сайд чинь реформ хийнэ гэчихээд та нар ийм юм оруулж ирээд байх юм.

Хэмнэлтийн хууль оруулж ирсэн нь сайн. Гэхдээ л ор нэр төдий юмнуудыг бичсэн байна. Төрийн өмчийн компаниуд дээр зоригтой хэмнэлт хий л дээ. Энэ хуулийг баталснаар яг хэдийг хэмнэх юм, хэдэн орон тоо цомхотгох юм бэ. Тодорхой тоо хэл дээ.

-ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Урт, дунд хугацаанд таны хэлсэн тэтгэврийн реформ хийх гэдэгтээ санал нэг байгаа. Харин өнөөдрийн хэлэлцэж байгаа бодлого бол өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой байна. Гол нь үнийн өсөлт дарамт болж байна гэж залуус жагссан. Тиймээс бага орлоготой иргэддээ дэмжлэг олгох үүднээс төлж байгаа НДШ-ийн 50 хувийг буцаан олгох саналыг оруулж ирсэн. Энэ гал унтрааж байгаа сонголт мөн.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн Д.Ганбат: Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн бүх байгууллагад Хэмнэлтийн хууль үйлчилнэ. Энэ хууль нэг удаагийн шинж чанартай биш. Бусад хуультай зөрчилдвөл энэ хуулийг дагаж мөрдөнө гэж заасан. Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж ажилласнаар төрийн өмчийн компаниуд дээр 10 хувийн хэмнэлт гарна. Жил бүр хэмнэлт үүснэ. Энэ хуулийн дагуу Засгийн газрын 37 агентлаг дэд болон орлогч даргагүй болно, аймгийн Засаг даргын орлогч 21, сум дүүргийн Засаг даргын орлогч Тамгын газар 22-оор буурна. Зөвхөн дэд дарга, орлогчийг цомхотгосноор 80 орон тоо буурч, 1.3 тэрбум төгрөгөөр зардал буурна. Төрийн байгууллагын автомашин дээр 5562-аар багасч, үүнийг дагасан зардал буурна гэж том зургаар нь харсан.

Ер нь, 2022 оны төсвийн тодотгол, Хэмнэлтийн хуулиар 620.5 тэрбум төгрөгийн хэмнэлт хийж байгаа. Задалбал, хөрөнгө оруулалтын зардлыг 516 тэрбум, урсгал зардлыг 106.3 тэрбум, энэ дотроосоо Хэмнэлтийн хуульд нэр заасан автомашин, цалин хөлс, цомхотгол, хувцас норм зэрэг дээр 39.1 тэрбум төгрөгийн хэмнэгдэнэ гэж оруулж ирсэн

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Цэцэг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Ховд аймгийн Цэцэг сумаас урд зүгт 31 километрийн зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдөлсөн хугацааг тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 13:26:26 цагт (Улаанбаатарын цагаар) бүртгэгдэв.

2022 он гарсаар хоёр дахь удаагаа Ховд аймгийн нутаг дэвсгэрт газар хөдлөлт болсон нь энэ юм.

Судалгааны урьдчилсан байдлаар дээрх газар хөдлөлтийг иргэд мэдэрсэн тохиолдол бага байна. (иргэд бараг мэдрээгүй) Холбогдох судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа гэж албаныхан хэллээ.

Мөн газар хөдлөлт болсон талаарх шуурхай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс бэлтгэж, иргэд олон нийтэд танилцуулав.

Categories
мэдээ цаг-үе

АИ-92 шатахуун болон дизель түлшний татварыг тэглэх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ DNN.mn

Засгийн газрын өнгөрсөн Лхагва гарагийн хуралдаанаар дизель түлшний татварыг 0 төгрөг болгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж, энэ оны арванхоёрдугаар сарыг 31-нийг дуустал үргэлжлэх талаар Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.

Ингэснээр Алтанбулаг, Сүхбаатар, Замын-Үүд хилийн боомтоор импортлох дизель түлшний тонн тутамд ногдох 280,000 төгрөгийн онцгой албан татвар 2023 он хүртэл 0 төгрөг болж байна.

Мөн АИ-92 автобензины гаалийн татварыг өнөөдрөөс эхлэн 2022 оны наймдугаар сарын 1-н хүртэл тэглэжээ.

Ташрамд дурдахад “АИ-92 авто бензиний тухайд нийлүүлэгч талтай УУХҮЯ-ны сайдын зүгээс гурван сарын хугацаанд тодорхой хэмжээгээр бууруулах, тогтвортой үнээр худалдаж авах яриа хэлцэл хийсэн. Тэр утгаар АИ-92 авто бензиний үнэ харьцангуй саармагжсан ба нэмэгдэхгүй, тогтвортой байх болов уу гэсэн хандлагатай байгаа” хэмээн Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр өмнө нь мэдээлж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хүүхдийн мөнгөн хадгаламжийг барьцаалж зээл авахыг хоригложээ DNN.mn

ХНХ-ын сайд А.Ариунзаяа өчигдрийн /2022.04.22/ Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжид хамаарах зүйл ярьсан нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр “Хүүхэд хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон бол 100 мянган төгрөгийн тэтгэмжийг эцэг, эхэд нь олгохгүй” гэсэн агуулга ярьсан юм.

Тэгвэл энэ нь шинэ сэдэв биш аж. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сард 19-нд Засгийн газрын 36-р тогтоол батлагджээ. Тус тогтоолоор “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулах, хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг шинэчлэн баталсан байна.

Харин шинэчлэн баталснаар, журмын 5.2-т “…дараах тохиолдолд хуримталыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоох шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд үүнд дээрх агуулга багтсан байгаа юм.

Мөн үүнээс гадна, 6.4-т “Хүүхдийн мөнгөн хуримтлал, эсхүл мөнгөн хэлбэрээр олгосон хөрөнгийг барьцаалж зээл авах, олгох, банкны зээл суутгахыг хориглоно” гэж заасан нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн 100 мянган төгрөгийн дансанд хуримтлагдсан хадгаламжийг барьцаалж зээл олгохыг үүгээр хориглосон байна.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: ОХУ, Беларусиас их хэмжээний валют Монголд оруулж ирээд эзэн холбогдогчгүй алга болсон нь ноцтой гэмт хэрэг DNN.mn

Ардчилсан Намын удирдлагууд АНУ болон Европын Холбооны хууль, прокурорын байгууллагад хандаж, Монголын зарим төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн Монгол Улсын болон олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн асуудлаар мэдэгдэл хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
“АНУ болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд нарт юун түрүүнд мэдэгдэл хүргүүлж байгаа. Манай улсын зарим төрийн өндөр албан тушаалтан хууль дүрэм зөрчиж ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэл бүхий баримт байна.
Эдгээр албан тушаалтнууд энэ үйлдлээрээ АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн эрх ашигт хор уршиг учруулсан, дайны гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдтэй хамтран ажилласан зэрэг үндэслэл байгаа юм.
Хууль сахиулах байгууллага зориуд шалгахгүй байгаа тул тэд үндэстэн дамнасан гэмт хэргээ үргэлжлүүлсээр байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн /ҮАБЗ/ нарийн бичгийн дарга асан А.Гансүх нар нь ОХУ-ын томоохон албан тушаалтнуудтай бүлэглэн мөнгө угаасан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэгдэлд дурдсан.
ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд ЛАНД-200 маркийн автомашинаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын хил нэвтэрсэн нь холбогдох баримтаар тогтоогдсон. Тэд тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар явж байна хэмээн мэдүүлж хилээр гарсан байдаг. Ингээд хилээр гарсан даруйдаа тус улсын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, Батлан хамгаалах яамны зарим албан тушаалтнууд, газрын тосны томоохон компанийн төлөөлөл, төмөр замын удирдлагуудтай уулзсан байна.
Монгол Улсын хилээр орж ирсэн нэр бүхий ажилтнууд ОХУ-аас бэлнээр хоёр сая ам.долларыг дөрвөн ширхэг хайрцагт хийж, машиныхаа хаалгыг ҮАБЗ хэмээн лацдаж ямар ч хяналтгүйгээр оруулж ирсэн болохыг олон нийтийн сүлжээгээр тухайн үед мэдээлж байсан. Түүнчлэн хууль хяналтын байгууллагууд үзлэг шалгалт хийсэн.
Энэ их хэмжээний бэлэн мөнгө хилээр хяналтгүйгээр орж ирээд юунд зарцуулагдсан бэ гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна. Хуулийн байгууллага энэ талаар ямар шалгалт явуулж байгаа нь мэдэгдэхгүй байна. Энэ хэрэгт ҮАБЗ-ийн нэр хүндийг ашигласан.
Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга Беларусийн ерөнхийлөгчтэй хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн талаар мэдэгдэлдээ дурдсан байгаа.
ОХУ, Беларусийн аж ахуйн нэгжтэй хамтран их хэмжээний валютыг Монгол Улсад оруулж ирээд эзэн холбогдогчгүй алга болсон нь ноцтой гэмт хэрэг.
Хамаарал бүхий 20 хүний материал, 10 гаруй гэмт хэргийн шинжтэй баримтыг холбогдох албаныханд хүргүүлж байгаа”
Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголт ирэх даваа гаригт орно DNN.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгодог билээ. Ингэхдээ нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай. Тэгвэл нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын хэдний өдөр орж эхлэх талаар Татварын ерөнхий газраас тодруулахад “Буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс буюу ирэх даваа гарагт иргэдийн дансанд шилжүүлнэ. Зарим дүүрэгт НӨАТ-ын буцаан олголт орсон гэх мэдээлэл явж байна. Энэ нь худал мэдээлэл” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн албан хаагчийн ТҮ шатлалын цалин 467 мянга байсныг 523 мянган төгрөг болгоно” гэв DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Уг хуулиар төрийн үйлчилгээний албан хаагчдын шатлалын заримыг нь нэг ижил түвшинд хүргэн, нэмэгдүүлсэн.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин төсвийн тодотгол батлагдсаны дараа буюу тавдугаар сарын 1-нээс нэмж олгогдоно. Өмнөх саруудынх нөхөж олгогдоно гэсэн зүйл байхгүй.

ТҮ-гийн 12 зэрэглэлийн эхний таван шатлал нь нэг ижил цалинтай болно. Өөрөөр хэлбэл, 1-4 дүгээр шатлалууд шууд 5 дугаар шатлалтай ижил болно гэсэн үг.

ТҮ 1.1 шатлалаар 467,374 төгрөгийн цалин авдаг байсан бол 5 дугаар шатлал руу орсноор 523,405 төгрөг болно гэсэн үг” гэв.

Categories
мэдээ улс-төр

Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг байгуулна DNN.mn

Засгийн газар Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг байгуулах саналаа УИХ-д өргөн барьжээ. Уг саналыг нь Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: -Агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлогч дарга нараа ажлаас чөлөөлж хэмнэлт хийнэ гэж хэлчихээд шинээр агентлаг байгуулах санал оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ?

Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал: -Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг байгуулах асуудал нь шинэ зүйл биш. 2022 оны төсвийг анх батлахад хамт өргөн барьсан яам байгуулах асуудлын хүрээнд төсөв нь батлагдсан.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: -Батлагдчихсан гэж юу яриад байгаа юм бэ. Одоо батлуулах гээд сууж байгаа юм биш үү?

Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал: -Төсөв нь батлагдсан. Харин одоо Засгийн газрын бүтцийн бүдүүвч батлах тухай тогтоолд өөрчлөлт оруулах саналаа хэлэлцүүлж байгаа юм.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: -Тэгвэл алдаа гаргасан юм байна. Бүтцэд байхгүй байхад төсвийг нь батална гэдэг буруу. Шинээр агентлаг байгуулна гэсэн асуудал байхгүй. Наадахаа больцгоо, та нар.

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын тээвэрлэгчид Засгийн газраас 25 тэрбум төгрөгийн зээл хүслээ DNN.mn

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Монголын авто тээврийн мэргэжлийн холбоо болон тээвэрчдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нарт шаардлага хүргүүллээ. Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү “Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолоор 2020 оны арван нэгдүгээр сарын арванаас эхлэн бүх нийтийн хөл хорио тогтоосон. Энэ үед Шадар сайдын 146 дугаар тушаалаар нийслэлд төвлөрсөн хүн амыг орон нутаг руу нь явуулах шийдвэр гаргасан. Шийдвэрээр Засгийн газар Авто тээврийн үндэсний төвийн компанийн удирдлагуудтай хамтран ажилласан бөгөөд тээвэр эрхлэгчдийн нийт 59 аж ахуйн 700 гаруй тээврийн хэрэгсэл 17 хоногийн турш хүн тээвэрлэсэн юм. Үүгээр 165 мянган иргэн, 3600 гаруй оюутанг орон нутаг руу зөөсөн. Хүн зөөвөрлөхөд орон нутгаас Улаанбаатар хот руу явах хүнгүй улмаас шатахууны зардал үүсэж эхэлсэн бөгөөд 59 аж ахуйн нэгж нийт нэг тэрбум гаруй төгрөгийн алдагдалд орсон. Энэхүү алдагдлыг төр нөхөж өг. Түүнчлэн манай тээвэр эрхэлдэг байгууллагууд 60 гаруй тэрбум төгрөгийн өртэй байна. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газарт нэг тэрбум 600 гаруй сая төгрөгийн өртэй байгаа юм. Ийм учраас төр бидэнд 25 тэрбум төгрөгийн жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож өгнө үү. Зээл өгч чадахгүй бол автобус тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацааг нэг удаа сунгаж өгөөчээ. Ийм хэдэн шаардлагыг Засгийн газар болон Сангийн сайдад хүргүүлж байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн ойжуулалтыг Хятад улс тэргүүлж байна DNN.mn

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Байгаль орчны хөтөлбөрийн хамтран гаргасан “Дэлхийн ойн байдал 2020” тайланд дурдсанаар, 1990-2020 онд дэлхийн хэмжээнд нийт 420 сая орчим га ой устжээ. Газар тариалан өргөжин тэлж, ойр ойрхон түймэр дэгдэж, ашигт малтмалын олборлолт нэмэгдэж байгаагаас гадна дэд бүтцийн хурдацтай хөгжлөөс үүдэлтэйгээр дэлхийн хэмжээнд ойн доройтол, ойн хомсдол хурдсаж байна.Ойн доройтол, хомсдол хүрээгээ тэлж буйг зогсоохын тулд улс орнууд ойжуулалтын хүчин чармайлтаа өргөжүүлж жилд 16 сая га-гаар хэмжигдэж байсан ойн доройтлын хэмжээ 2015-2020 онд 10 сая болж буурчээ.

Энэ амжилтад Хятад улсын тууштай хүчин чармайлт ихээхэн хувь нэмэр болсон аж. НҮБ-аас 2021 онд явуулсан ойн нөөцийн талаарх судалгааны тайланд дурдсанаар, судалгаанд хамрагдсан 236 улс орон, засаг захиргааны тусгай бүс дотроос 1990-2020 онд гаргасан ойжуулалтын хүчин чармайлтаараа Хятад улс тэргүүлжээ. Дэлхий даяар тарьсан ой модны хэмжээ 1990 онд 170 сая га байсан бол 2020 онд 292.6 сая га болж нэмэгдсэн бөгөөд энэ өсөлтийн бараг гуравны нэгийг Хятад улс дангаараа бүрдүүлсэн байна. Бүс нутгийн хэмжээнд авч үзвэл, Хятад улс энэ хугацаанд Азийн таримал ойн бараг гуравны хоёрыг дангаараа бүрдүүлсэн нь гайхалтай амжилт бөгөөд дэлхийн ойжуулалтад Хятад улсын оруулсан хувь нэмэр зөвхөн тарьсан ойгоор хязгаарлагдахгүй.

Ой бол хүн төрөлхтний сайн сайхан аж амьдралыг тэтгэдэг үнэлж баршгүй баялаг юм. Ой мод нь хүн төрөлхтөн, ан амьтдыг цэвэр ус, агаараар хангаж, амьдрах орчин, усны хагалбарыг хамгаалах, хөрсний доройтол болон цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, ой модыг хамгаалахад хангалттай хөрөнгө оруулахгүйгээр тогтвортой хөгжлийг хангах боломжгүй гэж НҮБ үзэж байна. Хятад улс ойн бүрхэвчийг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гарган тус улсын ойн бүрхэвчийн хэмжээ 1990 онд 157 сая га байсан бол 2020 оны байдлаар 220 сая га болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 1990 онд тус улсын нийт газар нутгийн 16.4 хувийг ой эзэлж байсан бол өнгөрсөн оны байдлаар 22.9 хувьд хүрсэн байна.

Хятад улс ойн бүрхэвчийн хэмжээг нэмэгдүүлж, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон тооны арга хэмжээ хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, тус улсын Засгийн газар 1978 оноос хойш цөлжилттэй тэмцэж, элсний нүүдлийг зогсоох, ойн бүрхэвчийн хэмжээг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ногоон хэрэм” буюу “Умардын гурван хамгаалалт” хэмээх хөтөлбөрийг үе шаттайгаар маш амжилттай хэрэгжүүлж байгаа юм.


Г.АМАРСАНАА