Categories
мэдээ нийгэм

Баянзүрх болон Чингэлтэй дүүрэгт 162 гараашийг буулгаж, газар чөлөөлж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн долдугаар хороонд 72 гарааш буулгаж, газрыг чөлөөлөв.

Өнгө үзэмжгүй гарааш, иргэд явахад эрсдэлтэй, хогт дарагдсан орчин бол Баянзүрх дүүргийн долдугаар хороо юм. Ийм орчныг өөрчилж ногоон байгууламж, ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил өнөөдрөөс эхэлжээ.

Нэн тэргүүнд 37Б байрны урд байрлах нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан 72 гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн байна. Үүний дараа тухайн хэсгийг цэвэрлэж бүтээн байгуулалт, тохижилтын ажилтай холбоотойгоор иргэдээс санал авах ажил эхлэх аж.

Иргэндээ ээлтэй орчин бий болгохоор эхлүүлсэн ажлыг оршин суугчдаас гадна гарааш эзэмшигч иргэд дэмжиж хамтран оролцож байна. Мөн 37Б, 33 дугаар байр хооронд иргэд чөлөөтэй зорчих боломжтой болж, орц гарцыг давхар нээж байна хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Мөн тус дүүргийн дөрөвдүгээр хороо, Орос 14 дүгээр сургуулийн хойд талын хөл бөмбөгийн талбайн баруун, хойд талд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан 66 ширхэг тоосгон гараашийг буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 24 дүгээр байрны баруун талд байрлалтай 24 ширхэг тоосгон гараашийг албадан буулгах, газар чөлөөлөлт хийгдэж байгаа аж.

Чингэлтэй дүүрэг газар чөлөөлсөн байршлуудад явган хүний зам, автомашины зогсоол бүхий тохижилт хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Машин авахаар зарын дагуу очиж 120 сая төгрөгөө дээрэмдүүлжээ DNN.mn

Зарын дагуу автомашин худалдан авахаар бэлэн мөнгөө авч очин алдсан хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдрийн 15.39 минутад цагдаагийн байгууллагад “Фэйсбүүкээр танилцсан хүнээс “Lexus-570” маркийн автомашин худалдаж авахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дэлгүүрт уулзахад миний 40.000 ам.долларыг авч зугтаасан” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг явуулжээ. Улмаар Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, уг хэрэгт 27 настай, эрэгтэй “М” гэгчийг сэжиглэн саатуулсан байна.

М нь бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, нийт 20-40 насны 8 этгээдийг Улаанбаатар хот болон орон нутгаас дайчлан баривчилж, дээрмийн гэмт хэргийн замаар олж авсан 40.000 ам долларыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Эдгээр этгээдүүд нь урд нь өмнө нь 1-2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан аж.

Иймд иргэд та бүхэн бусдаас эд зүйл худалдан авахдаа өөрийн аюулгүй байдалдаа анхаарах, бэлэн мөнгө авч очихгүй байх, зарын бодит байдлыг нягтлах зэргээр гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Зорчигчийн галт тэрэг маргаашнаас зуны цагийн хуваарьт шилжинэ DNN.mn

Зорчигчийн галт тэрэг маргаашнаас эхлэн зуны цагийн хуваарьт шилжинэ. 2022 оны дөрөвдүгээр сарын 23-ны 05.00 цагаас эхлэн Зорчигчийн галт тэрэг зуны цагийн хуваарьт шилжиж, цагийн хуваарьт дараах өөрчлөлтүүдийг хийж байгаа юм. Жишээлбэл, Эрхүү чиглэлд №305/306-р олон улсын зорчигчийн галт тэрэг Улаанбаатараас дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс, Эрхүү хотоос дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн аялна. Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлийн орон нутгийн зорчигчийн №303/304-р галт тэрэг 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн аялж байна.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймаг хог хаягдал төлбөртэй хүлээн авах автомат машинтай боллоо DNN.mn

Монгол инженерүүдийн бүтээсэн хог хаягдал төлбөртэй хүлээн авах автомат машиныг “Эко кэш” ХХК-ийн төлөөлөл тус аймагт суурилуулж эхэллээ.

Энэ ондоо багтаан дээрх автомат машинаас 10 ширхгийг олон нийтийн төвлөрөл ихтэй газруудад байршуулах аж. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Эко-кэш” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичгийг өнгөрсөн аравдугаар сард байгуулсан. Тус санамж бичгийн гол зорилго нь орчин үеийн технологид тулгуурласан хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлэхэд оршжээ.

Тус машин нь 4G сүлжээнд ажилладаг, үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч компаниудын 960 ширхэг бар кодыг урьдчилан сануулсан учраас Hipay-аар дамжуулан хуванцар сав, лааз, жижиг цаасан хайрцаг тус бүрийг 20 төгрөгөөр хүлээн авах ажээ. Машины ашиглалттай холбоотой зааварчилгааг тухайн автомат машин дээр байршуулсан гэдгийг тус компанийн удирдлагууд онцолж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 12, Өмнөговь аймагт 4 ширхэг автомат машиныг тус тус байршуулжээ. Энэхүү машиныг иргэд ашигласнаар хэрэглэсэн ус, ундааныхаа савыг буцаагаад мөнгө болгох боломжтой гэдгээрээ ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн хугацааг ирэх сарын 02-ны өдрийг хүртэл сунгажээ DNN.mn

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн бүртгэлийн хугацааг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг БШУЯ-наас гаргажээ.

Энэхүү сургалтын тэтгэлгийг 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд зарлаад байсан бөгөөд иргэдийн саналыг үндэслэн шалгуурт нь өөрчлөлт оруулж, хугацааг нь сунгасан байна.

Сургалтын тэтгэлгийн талаар дараах холбоосоос дэлгэрэнгүй үзнэ үү.

https://scholarship.esis.edu.mn/grant/news%20more.html?more=34

Categories
мэдээ цаг-үе

Гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.2 хувиар өсчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос үнийн өсөлтөд хийсэн судалгааг танилцууллаа. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.1 хувь, өмнөх 7 хоногоос 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Үнийг үндэслэлгүй өсгөх, зохиомол хомстол бий болгох асуудалд хяналт тавихыг ШӨХТГ-т даалгав DNN.mn

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллалаа.

Он гарснаас хойш дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 50 орчим хувиар өссөн, Ковидын дараах эдийн засгийн хүндрэл, ачаа барааны тээвэрлэлт нийлүүлэлт болон хөрш орнуудын хурцадмал нөхцөл байдлын улмаас үнийн өсөлт тулгамдсан асуудал болоод буй. Энэ цаг үед зах зээлийн шударга өрсөлдөөнийг хангуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажлаа эрчимжүүлэх, аливаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг үндэслэлгүй өсгөх, зохиомол хомстол бий болгох, үгсэн хуйвалдаж үнэ нэмэхээс урьдчилан сэргийлж, сайтар хяналт тавьж ажиллахыг ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунд даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Дараах агентлагууд дэд даргагүй ажиллана DNN.mn

УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийг тодотгохдоо хэмнэлтийн горимыг баримтлана гэдгээ Засгийн газар хэлж буй. Төсөв хэмнэх болоод төрийн данхар байдлыг бууруулахын тулд Засгийн газар Хэмнэлтийн хуулийг өргөн барьж, агентлагийн дэд дарга нарыг цомхотгохоор болсон. Тэгвэл дараах дэд дарга нар цомхотголд орно.

1. Биеийн тамир, спортын улсын хороо нэг дэд даргатай. – Ц.Одонбаяр ажиллаж байна;

2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гурван дэд даргатай. Тэргүүн дэд дарга Л.Төгсбаяр, дэд дарга Д.Энхсайхан, дэд дарга Б.Мөнхдөл нар ажиллаж байна;

3. Стандарт, хэмжил зүйн газар нэг дэд даргатай;

4. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нэг дэд даргатай – А.Ариунболд;

5. Төрийн худалдан авах ажиллагааны газар нэг дэд даргатай;

6. Цаг уур, орчны шинжилгээний газар нэг дэд даргатай – Б.Баттулга;

7. Гаалийн ерөнхий газар хоёр дэд даргатай – Б.Батхишиг, Ц.Гэндэнцэвээн нар ажиллаж байна;

8. Татварын ерөнхий газар нэг дэд даргатай – Ц.Цогтжаргал;

9. Улсын бүртгэлийн ерөнхий газар нэг дэд даргатай – Г.Билгүүн;

10. Архивын ерөнхий газрын нэг дэд даргатай – Ч.Оюунчимэг;

11. Гадаадын иргэн, харьяатын газар нэг дэд даргатай – Д.Мөнхбаатар;

12. Оюуны өмчийн газрын нэг дэд даргатай;

13. Нийгмийн даатгалын ерөнхий газар нэг дэд даргатай – Г.Саран;

14. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хөдөлмөр болон нийгмийн асуудал хариуцсан хоёр дэд даргатай;

15. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэг дэд даргатай – Н.Самъяа;

16. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар захиргаа хамтын ажиллагаа болон хөдөлмөр эрхлэлт хариуцсан хоёр дэд даргатай;

17. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нэг дэд даргатай – М.Буяндэлгэр;

18. Соёл урлагийн газар нэг дэд даргатай;

19. Иргэний нисэхийн ерөнхий газар нэг дэд даргатай- Б.Алтанцом;

20. АМГТГ нэг орлогч даргатай- Ц.Эрдэнэбаяр;

21. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нэг дэд даргатай – Г.Гийхнаран

Хэмнэлтийн хуулийн төсөлд зааснаар төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно. Мөн Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно гэж заажээ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зургаан орлогч даргатай ажиллаж байгаа бол энэ хууль батлагдсанаар хоёр орлогчтой ажиллана гэсэн үг.

Зөвхөн дэд дарга нарыг жолооч, туслахтай нь цомхотгосноор 250-аад хүн, УИХ-ын харьяа байгууллагуудын дэд, орлогч дарга, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарын орлогчдыг цомхотговол нийтдээ 1500-аад хүн цомхотголд орох юм.

Categories
мэдээ нийгэм

Тоон гарын үсэг авах хүсэлтээ Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн гаргана DNN.mn

2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг олгож эхэлнэ. Тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүй олгох бөгөөд иргэний үнэмлэхийн санах ой болон ухаалаг гар утасны аппликэйшнд байршуулах юм.

Иргэд тоон гарын үсэг авах хүсэлтээ засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн гаргана. Тус байгууллага нь ажлын гурван өдрийн дотор шийдвэр гаргах бөгөөд хүсэлтийг хууль журмын дагуу, үнэн зөв гаргасан бол тоон гарын үсгийг олгож, мэдээлэл зөрүүтэй бол хүсэлтийг буцаах аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын хилээр 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, гадаад валютыг гаргахгүй DNN.mn

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай УИХ-аар өнгөрсөн долоо хоногт баталсан хуулийг дагалдуулан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулсан.

Уг хуулийн хүрээнд Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй иргэд 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглох шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн талаар Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Дээрх шийдвэр 2023 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хэрэгжинэ.

Дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад валют, үнэт металлын экспортыг хязгаарлах шийдвэрийг гаргасан юм.