Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээтэй DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 дугаар тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталсан.

Ийнхүү бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм.

Иймд бүх дүүргийн ЗДТГ, харьяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өргөнөөр оролцож, гадна орчныхоо 50 метр хүртэлх зам, талбай, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, үүд, цонх, хаяг, самбар, гадна талбайг угааж цэвэрлэн, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг уриалж байна.

“Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе” уриан дор зохион байгуулах бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний ажилд хог тээврийн болоод зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд чиглэл тус бүрээр цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллана. Мөн сууц өмчлөгчдийн холбоод, хороодын хувьд орон сууцны оршин суугчид, гэр хорооллын иргэдийн идэвх оролцоонд тулгуурлаж гадна орчноо цэвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус цэвэрлэгээний ажилд тогтмол хяналт тавьж, үр дүнг нэгтгэн дүгнэж ажиллана. Бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцож, эрүүл, цэвэр орчныг хамтдаа бүтээн, дэлгэр зунаа угтахыг нийслэлчүүддээ уриалж байна хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын цэцэрлэгийн багтаамж хүрэлцэхгүй бол хувийнхад хувьсах зардал олгож явуулна DNN.mn

Хамран сургах тойрогтоо цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдээ 100 хувь хамруулах боломжит бүх хувилбарыг төр дэмжинэ хэмээн Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Мөн тэрбээр “Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 72,693 хүүхдийн 38 мянга нь хотод, 34 мянган хүүхэд хөдөө, орон нутагт байна. Үүний 20 мянга нь малчдын хүүхдүүд. Эдгээр хүүхдүүд цэцэрлэгийн хувилбарт сургалтаар боловсролын үйлчилгээгээ авдаг.

Энэ удаагийн авч хэрэгжүүлэх бодлого бол хамран сургах тойрогтоо цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдээ 100 хувь цэцэрлэгт хамруулахын тулд байж болох бүх хувилбарыг төрөөс дэмжье л гэж байгаа юм. Төрийн цэцэрлэгийн хүрэлцээг дэмжье, тухайн тойргийн хувийн цэцэрлэгүүдийн багтаамж, хүчин чадлыг 100 хувьд хүргэе, хүүхэд харах үйлчилгээг дэмжье гэдэг бодлого барьж байна.

Энэ бодлого бол таны хүүхэд хоёр нас хүрчихлээ гээд дансанд нь мөнгө хийе гэж байгаа зүйл ерөөсөө биш. Бид эцэг эхчүүдэд эхлээд төрийн цэцэрлэг санал болгоно. Төрийн цэцэрлэгт багтаамж байхгүй бол хувийн цэцэрлэгт хувьсах зардал олгож хувийн цэцэрлэгийн багтаамжийг 100 хувьд хүргэнэ.

Гуравдугаарт, хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ, дөрөвдүгээрт, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжинэ гэх мэт бүх хувилбарыг санал болгоно. Харин тухайн хамран сургах тойрогт нь хүүхэд авах багтаамж байгаад хүүхдээ цэцэрлэгт өгөхгүй байх юм бол бид тэр хүмүүст хувьсах зардлыг өгөхгүй. Энэ бол халамж биш.

2-5 насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролыг төр хариуцаж л байгаа юм бол хүн ам ихтэй хот, аймгийн төвүүдийн хамран сургах тойрогт цэцэрлэгийн хүртээмж, хүрэлцээ муугаас шалтгаалан цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг тэгш, хүртээмжтэй хамруулах бодлогуудыг хэрэгжүүлээд явна” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Ц.Шийрэв: Засгийн газрынхаа ордонд дэвжээ засаад олимп, дэлхийн аваргад оролцох тамирчдаа шалгаруулдаг байсан DNN.mn

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны жүдо бөхийн багш Ц.Шийрэвтэй ярилцлаа.


-Та өөрийнхөө өсөж төрсөн нутаг, хүүхэд насныхаа тухай хуваалцаач?

-Би Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрж, өссөн. Хүүхэд нас маань хөдөөний хүүхдүүдийн адилаар үхэр тугал хариулах, хурдны морь унах зэргээр л өнгөрсөн дөө. Намар хичээл эхлэхэд сургуулийнхаа дотуур байранд суудаг байлаа, 1974 онд Улаанбаатар хотод ирсэн.

-Яагаад спортын хүн болов?

-Хүүхэд байхын л барилдах сонирхолтой, бөхийн тухай хууч, домог их шимтэн сонсдог байсан. Зургадугаар ангид байхад манай суманд Б.Цэдэв гэж багш ирсэн юм. Тэр багш уран зохиолын хичээл орсноос хойш номтой их нөхөрлөсөн. Ж.Дамдин гуайн “Монгол бөх” гэсэн номон дээрх даншигийн аварга, арслангуудын түүх намтрыг уншаад бөх болохыг мөрөөдөж эхэлсэн. 1982 онд хүч нийгэмлэгт хүндийг өргөлтийн шилдэг дасгалжуулагч н.Хөхөө багш дээр очиж спортод хөл тавьсан. Үндэсний бөхөд бол найрамдлын биеийн тамир спорт хорооны дасгалжуулагч Ш.Нямхүү, Монгол Улсын хүчит арслан М.Мөнгөн нар миний бөх болох хүсэл мөрөөдлийг асааж, суурийг тавьсан.

-Таны залуу тамирчин байх үе болон одоогийн тамирчдын хоооронд ялгаа их байна уу?

-Байлгүй яахав, тухайн үед шигшээ багийн тамирчид байнгын бэлтгэл сургуулилттай цугларалтанд гардаг, улсаас бүх хэрэгцээг хангадаг, олон улсын тэмцээнийг дотооддоо зохион байгуулдаг байсан. Тэр үед чөлөөт бөх манайд номер нэгдүгээрт орох спорт, хоёрдугаарт самбо бөх ордог байлаа. Тэр байтугай засгийн газрынхаа ордонд дэвжээ засаад олимп дэлхийд оролцох тамирчдаа сонгон шалгаруулах барилдаанаа хийдэг байсан. Ер нь улсаас тамирчдаа их л дэмждэг байсан үе.

-“Токио-2020” олимпод манай баг тамирчдын хоол зүйч, сэтгэл зүйч гээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан байх аа…

-Энэ удаагийн олимпод зөвхөн дасгуулжуулагчаас гадна мэргэжлийн хүмүүсийг ажиллуулсан нь маш таатай санагдсан. Тамирчдад ч мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад бэлтгэл сургуулилтаа хийхэд илүү амар байсан байх.

-Хүүхдийг хэдэн наснаас нь жүдогоор хичээллүүлбэл тохиромжтой вэ?

-Ес, арван настай үеэс нь жүдогийн бэлтгэлд оруулбал тохиромжтой. Хүн төрөхдөө 306 ястай байдаг, тэр нь бэхэжсээр насанд хүрэхэд 206 болдог. Булчингийн тоо гэхэд 639, зөвхөн гарын булчин гэхэд 72 байдаг. Хүүхэд 12 нас хүрч байж яс нь бүрэн бэхэждэг. Тэгэхээр нас насанд нь тохирсон бэлтгэл дасгал хөдөлгөөнийг хийлгэвэл тохиромжтой.

-Шавь нартаа юуг чухалчилдаг вэ?

-Жүдо их ёс зүйтэй спорт, монгол үндэсний бөх ч адилхан. Жүдод тамирчин хамгийн эхэнд орж ирэн дэвжээндээ ёсолж, багшдаа ёсолж, бэлтгэл дуусах үед ч мөн дэвжээндээ ёсолж гардаг. Шавь нартаа бусдыг хүндлэх, цаг баримтлах, ёс зүйтэй шударга байхыг шаарддаг.

-Дасгалжуулагч хүний хувьд шүүмжлэлтэй ханддаг зүйл байна уу?

-4-6 настай хүүхдүүдийн дунд зохиодог “Хуйрнан шуугигч” гээд хүүхдийн бөхийн барилдаанд эсрэг байр суурьтай байдаг. Цэцэрлэгийн хүүхдүүд юу ч мэдэхгүй хөл гараа буруу тулах гэмтээх, доргилт авах зэрэг нь тухайн хүүхдийнхээ ирээдүйн амжилт, өсөлт хөгжилтөд сөрөг нөлөөтэй. Мөн мэхний буруу хэвшил суудаг, засагдахад маш хэцүү. Харин цэцэрлэгийн хүүхдүүдийг бус цэрэгт явж буй залуусыг бүгдийг нь зодог шуудагтай явуулж үндэсний бөхийн өв уламжлалыг таниулж эр бярыг тэгшрүүлж ирээдүйн эрүүл чийрэг монгол хүн болгож төлөвшүүлэх нь зүйтэй санагддаг.

-Та үндэсний бөхийн аймгийн арслан цолтой шүү дээ…

-1997 онд Баянхонгор аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан болсон. 1990 онд аймагтаа очиж барилдан шөвгийн дөрөвт үлдсэн, түүнээс хойш аймагт барилдаагүй, улсад л барилдсан. Тухайн үедээ аймгийн заан, арслан хоёр ялгаа юу байхав гэж боддог байсан. Шавь нар эхнээсээ аймгийн арслан болж ирсэн тэгэхээр нь аймагтаа очиж барилдаж арслан болсон (инээв).

-Спортоор хичээллэх нь ямар давуу талтай вэ?

-Хамгийн эхэнд цаг баримталж сурна. Өглөө Спортын төв ордон дээр 7:30 цагаас бэлтгэл ороход хотын захын зүүн салаа, баруун салаа, Салхит, зайсан, налайхаас хүртэл тэр жаахан хүүхдүүд хоцролгүй хүрээд ирдэг. Үүнээс харахад хүүхэд спортод сонирхолтой дуртай болж байна. Аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг болно, хүнтэй зөв харилцаж сурна, мэндэлж сурна, хөдөлгөөний эвсэлтэй, тэвчээртэй болох зэрэг олон чадваруудыг эзэмшинэ.

-Өнгөрөгч Токиогийн олимпод таны шавь Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн. Тухайн мөчид таны сэтгэл их хөдөлсөн үү?

-Тэгэлгүй яахав. Ц.Цогтбаатар маань анх 11 настай, 30 гаруй кг жинтэй жаахан хүүхэд ирж байлаа. Өөрөө төрөлхийн авьяастай, уян хатан, мэдрэмжтэй ерөнхийлөгч асан Х.Баттулга хараад их авьяастай хөгжихөөр хүүхэд байна гэж хэлж байсан. Тэгээд улсын аваргаас хүрэл медаль аваад Америкийн Майми хотод болсон өсвөрийн дэлхийн аваргаас Монголын тамирчдын анхны өсвөрийн хүрэл медалийг авсан, тэр тэмцээнд би цуг явсан. Олимпод сайхан барилдсан, олимпоос медаль авна гэдэг тамирчин бүрийн мөрөөдөл шүү дээ.

-Усан бар жилийн Цагаан сарын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд таны шавь аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж монгол бөхийн түүхэнд нэгэн түүхийг бичсэн, энэ талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Э.Мөнхжаргалыг жаахан хүүхэд байхад аав нь надад авч ирж өгч байсан. Аав нь цэргийн начин цолтой бөх хүн, Мөнхжаргал үгнээс гардаггүй, бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг хөдөөний бор хүү ирсэн. Тэгээд өсвөрийн Азийн аваргад түрүүлж, насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль аваад улсын шигшээд орсон, 90 кг-ын жинд түрүүлээд 2020 оны олимпийн цикилд байж байгаад бэртэл авч хэвтрийн дэглэм бариад жин нэмсэн. Одоо +100 кг-ын жинд мөн үндэсний бөхөөрөө барилдаж байна. Цагаан сарын барилдаанд түрүүлэхэд нь багш хүний хувьд шавиараа их бахархаж огшсон.

-Мэргэжлийн сумогийн 73 дахь ёкүзана Тэрүнофүжи Ган-Эрдэнэ мөн таны шавь нарын нэг, сумогийн түүхэнд Озёки цолноос хамгийн доод зиндаа руу унаад эргэж дэвшээд ноён оргилд нь гарсан бахдам амжилтыг үзүүлсэн. Шавийнхаа тухай яриач?

-Ган-Эрдэнэ маань анх 14 настайдаа ирж байлаа. Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат надтай уулзаад “Удам сайтай хүүхэд байна, алсдаа сумод орох бодолтой юм шиг байна лээ” гэж хэлээд манай бэлтгэлд оруулсан. Их том биетэй тарган хүүхэд ирээд гар дээрээ нэг ч суниаж чаддаггүй байсан. Жилийн дараа гэхэд 100 гаруй суниадаг болсон. Тэгээд хот, дүүргийн аваргад орж хоёр дахь жилдээ кураш бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль авсан. Өөрөө их мэдрэмжтэй, биеэ их сайхан суллаж барилдана, зоригтой, тайван, толгойгоо сайн ажиллуулж барилддаг хүүхэд. Одоо сумод амжилттай сайхан барилдаж явна аа.

-Дасгалжуулагч хүний хамгийн сайхан нь юу вэ?

-Бэлдсэн шавь нар амжилт үзүүлэн тив дэлхийд нэрээ гаргана гэдэг чинь л хамгийн сайхан. Тэгээд ард түмнээ баясган гэр бүл, найз нөхөд, нутаг орон нь баясаж баярлах нь хамгийн гоё санагддаг. Өөрөө ч тэднээсээ маш их урам авдаг.

-Таны шавь нар бусад спортын төрлөөр ямар амжилт гаргасан бэ?

-Манай шавь нар жүдо бөхийн төрлөөр өсвөр залуучуудын тэмцээнээс Монголын тамирчдын анхны медалуудыг авсан. Жүдо, самбо, сумо, кураш, жиү жцү, чөлөөт бөх, бокс, холимог тулаан зэрэг олимпийн ба олимпийн бус төрлөөр тив дэлхийгээс 200 гаруй медаль хүртсэн. Шавь нар минь ганцхан спорт гэлтгүй бусад салбарт ч эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцон амжилттай сайхан явж байна даа.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавирусийн 30 тохиолдол шинээр бүртгэгдлээ DNN.mn


Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын 30 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүний 25 нь Улаанбаатар хотод, 5 нь орон нутагт илэрсэн байна.

Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлснээр өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 189 хүн эмнэлэгт, 595 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байгаа нь халдвар огт байхгүй болоогүйг илтгэж байна.

Эмчлүүлж буй иргэдээс 10-ынх нь биеийн байдал нэн хүнд байгаа бол хүнд оноштой 55, хүндэвтэр 117, хөнгөн оноштой 7 хүн байна.

Орон нутгийн хувьд Архангай аймагт 1, Дархан-Уул аймагт 1, Өмнөговь аймагт 3 тохзураг

“Коронавируст халдварын шинэ хувилбарууд гарч, вирус мутацлагдах эрсдэл бий. Тиймээс хувь хүн бүр өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж хариуцлагатай байх хэрэгтэй. Маскийг бүрмөсөн зүүхээ боль гэж одоогоор зөвлөхөд эрт байна” хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.

Гэхдээ хэрэглэсэн маскаа удаан хугацааны турш халаасандаа хадгалж, дараа нь дахин зүүх нь хамгаалалт бус харин ч илүү сөрөг үр дагаврыг бий болгодог аж.

Categories
мэдээ нийгэм

Хүчтэй салхилаж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 23-нд баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ утга-зоxиол

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Д.ГАЛСАНСҮХ DNN.mn

Хавтас дээрээ Д.Галсансүх гэж бичсэн болохоор номных нь нэр байх гэж таамаглалаа. “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.Галсансүхийг монголчууд таних учир энэ удаад түүнийг биш, түүний сүүлд хэвлүүлсэн “Д.Галсансүх” нэртэй улаан, хар хавтастай хоёр номноос харыг нь онцолж хэдэн мөр түүлээ. Энэ хоёр номыг номын сандаа нэмье, бүтнээр нь уншъя гэвэл номын дэлгүүрүүдэд байгаа байх.

Хар хавтастай номондоо шинэ шүлгүүдээ багтаажээ.

…Орчлонгийн сайхан үнэрт минь

Орхиж намайгаа мартаагүй л байгаа даа

…Гэгээн хүмүүс гунигтай амьдралыг

Гэрэлтүүлдэг гэдэгт би итгэдэг

…Хожуулан дээр царцсан нарны туяаг

Хоёулаа гэртээ зөөж оруулъя даа

…Харсаар байтал чинь хаалт торыг нэвтрээд

Хайртдаа очоод ирлээ шүү дээ сэтгэл минь

…Эрх чөлөө гэдэг хичнээн сайхныг

Энэ хойд энгэрт бэлчих хэдэн адуу мал

Эрхлэн наадах хоёр гурван хүүхдийг

Энэ төмөр сараалжин цонхоор хараад ойлгоостой

…Сайхан ааштыг хайрлах

Сайн өвчин тусаад эдгэсэнгүй

…Санаж байгааг тань мэднэм

Санаж байгааг тань мэдэрнэм

…Уулан дээр ч унтаж усны захад уйллаа

Угаасаа бүгдийг нь гүйцээлээ, ханалаа, явлаа

…Хоол бол диваажин мөн гээд голионы авгалдай сорох

Хайруулын таваг шигээ хуучирсан хөгцөрсөн хан үндэстэн

…Шөнийн харанхуй огторгуйд түг түмэн од жирав жирав хийж

Шөнийн ойд захын модны орой зөөлөн салхинд найгасхийн

…Цагаан хэрэм бариулсныг нь ч

Цаашдаа мартуулах ёстой

Цагаан хэрэм барьсан учрыг ч

Цаашдаа бүгд мартах хэрэгтэй…хэмээн шүлэг бүрээс нь ингэж “сугалмаар” мөр олон аж.

Харин “Монгол хүн бүхэнд сонсгох шүлэг”-ийг нь бүтнээр сийрүүлбэл,

Бүгдээрээ тэнд очихоос хойш эндээ

Борооны үнэр, цасны амтыг мэдэрье

Манан буусан ойн зүг ширтэж

Мөнх цаст уулыг харж догдолъё

Ухааны далай өвөг дээдсээ, ээж ааваа бодъё

Уурлаж бухимдахыг тэвчье, үзэн ядахаа больё

Алаг үрсийнхээ инээж хөөрөхийг харж, ач зээгээ үзье

Алдаа эндлийг уучилж ахиж алдахгүй итгэлийг өгье

Бүгдээрээ тэнд очихоос хойш эндээ

Болжморын жиргээ, шулганаа бүх шувууны дууг сонсъё

Салхины сэвшээ, исгэрээ, сэрчигнээг мэдэрье

Сайхан тал хээр, говь нутгаа харж догдолъё

Дэлхийд ховор ёс заншлаа дээдэлж түүхээрээ бахархъя

Даяаршлагдах дэлхийтэй хөлөө нийлүүлж ирээдүйгээ бүтээе.

Categories
гадаад мэдээ

Япон улс хилийн маргаантай газраа ОХУ-д “хууль бусаар эзлэгдсэн” гэж тодорхойллоо DNN.mn

зураг

Баасан гаригт нийтлэгдсэн Япон улсын гадаад бодлогын жил тутмын баримт бичигт ОХУ-тай хилийн маргаантай байгаа дөрвөн арлыг “хууль бусаар эзлэгдсэн” газар нутаг гэж тодорхойлсон нь хоёр улсын харилцааг улам муутгах алхам болжээ.

Япон улс өмнө нь ийм нэр томьёог хамгийн сүүлд 2003 онд хэрэглэж байсан юм. Сүүлийн үед Украинд өрнөж буй эзлэн түрэмгийлэх дайнтай холбоотойгоор Япон-Оросын харилцаа эрс муудаад байгаа.

Оросын тал Курилийн өмнөд арлууд, Японы тал Умард газар нутаг гэж нэрлэдэг дөрвөн арлын маргаан тус хоёр улсыг дэлхийн хоёрдугаар дайны дараа энхийн гэрээ байгуулахад саад болсоор ирсэн юм.

“Япон, Орос улсуудын хоорондох хамгийн том асуудал бол Умард газар нутгийн маргаан юм. Япон улсын тусгаар тогтнолын нэг хэсэг болсон газар нутгийг ОХУ хууль бусаар эзлэн авсан билээ” гэж 2022 оны Дипломат бодлогын Хөх Номд бичжээ.

Японы гадаад хэргийн яам “хууль бусаар эзлэгдсэн” гэх нэр томьёог сүүлийн 20 орчим жил огт ашиглаж байгаагүй юм.

Дээрх бодлогын бичиг баримтад бас Украины дайн хоёр улсын энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээнд саад болж буйг дурджээ.

Өнгөрсөн сард ОХУ-ын засгийн газар Япон улстай энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээгээ зогсоож буйг зарласан юм.

Украины дайнтай холбоотой Москвагийн эсрэг зарласан өрнөдийн эдийн засгийн хоригт Япон улс нэгдсэн нь ингэх шалтгаан болсныг тайлбарлаж байв.

Өчигдөр нийтлэгдсэн баримт бичигт Япон улс Хятад улстай харилцах харилцааныхаа талаар дурдахдаа нэлээд аядуу үг хэллэг хэрэглэсэн байна.

Тухайлбал Дорнод Хятадын болон Өмнөд Хятадын тэнгист хүчний харьцааг өөрчлөх гэсэн Бээжингийн эрх баригчдын бодлогод санаа зовж байгаагаа илэрхийлсэн ч ”Япон-Хятадын тогтвортой, бүтээлч харилцааг бэхжүүлэх нь чухал” болохыг онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

ААН-үүдийн бараа бүтээгдэхүүн ОХУ-ын хил дээр саатах байдал цаашид ч үүснэ DNN.mn

Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтуудын ачаалалтай байдлаас шалтгаалан үндэсний аж ахуйн нэгжүүд импортын бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан татан авах хандлага сүүлийн үед нэмэгдэж байна.

Манай аж ахуйн нэгжүүд дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаар ОХУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зохицуулалтуудыг хангалттай сайн судлаагүй, улмаар эдгээр зохицуулалтуудыг биелүүлээгүй зэргээс шалтгаалан бараа бүтээгдэхүүнээ хураалгах, улмаар устгалд оруулах эрсдэл гарч байна.

ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 8-р сарын 7-ны өдрийн 778 тоот “Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2014 оны 8-р сарын 6-ны өдрийн №560, 2015 оны 6-р сарын 24-ний өдрийн № 320, 2016 оны 6-р сарын 29-ний өдрийн № 305, 2017 оны 6-р сарын 30-ны өдрийн № 293, 2018 оны 7-р сарын 12-ны өдрийн № 420, 2019 оны 6-р сарын 24-ний өдрийн №293 болон 2020 оны 11-р сарын 21-ний өдрийн №730” тогтоолоор Америкийн Нэгдсэн Улс, Европын Холбооны орнууд, Канад, Австрали, Норвегийн Вант Улс, Украин, Бүгд Найрамдах Албани Улс, Монтенегро, Бүгд Найрамдах Исланд Улс, Лихтенштейн Вант улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, үхэр, гахай, загасны мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, самар болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг ОХУ-д нэвтрүүлэхийг хориглосон.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №290 тоот зарлигаар хориг арга хэмжээ авсан орнуудаас зарим нэр төрлийн барааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд гагцхүү ОХУ-ын нутаг дэвсгэрээр хоригт багтсан бараа бүтээгдэхүүний дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэхэд шаардлагатай Глонасс навигацийн систем дээр ажилладаг таних хэрэгсэл буюу цахим навигацийн хэрэгсэл “Пломб/Лац/”-ыг тавиулах зохицуулалтыг танилцуулсан.

Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн №290 тоот зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд ОХУ-ын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр № 1877 тоот тогтоолыг баталсан бөгөөд тус тогтоолоор Олон улсын дамжин өнгөрөх тээврийг хэрэгжүүлэх журам, Олон улсын тээвэрлэлт хийж буй жолоочид “тооцооны хуудас” олгох журам, Глонасс навигацийн систем дээр ажилладаг таних хэрэгсэл буюу лац тавигдах шаардлага, лац тавих хилийн боомтуудын зохицуулалтыг баталсан.

Олон улсын дамжин өнгөрөх тээврийг хэрэгжүүлэх журмын 3-19 дэх зүйлийг зөрчсөн тохиолдолд барааг оруулсан маршрутаар буцаан гаргах, бусад тохиолдолд 2015 оны долдугаар сарын 29-ний өдрийн “ОХУ-ын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эдийн засгийн зарим тусгай арга хэмжээний тухай” 391 тоот Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу устгалд оруулах зохицуулалт мөрдөгдөж байна.

Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн ОХУ-ын хил дээр саатах, хураагдах нөхцөл байдал цаашид ч үүсэхээр байгаа өнөөгийн нөхцөлд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэлт хийхэд шаардлагатай дээрх эрх зүйн зохицуулалтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

​Ц.ДОРЖСҮРЭН: Хамрын таславчийн муруй, битүүрэл даамжирсаар хамрын дайвар хөндийн үрэвсэл болж хүндэрдэг DNN.mn


Зонхилон тохиолддог чих хамар хоолойн эмгэгүүд болон чих хамар хоолойн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч, АУ-ы магистр Ц.Доржсүрэн дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.

Чих, хамар, хоолой гэсэн гурван эрхтэнийг яагаад хавсаргаж үзээд байна гэвэл чих, хамар хоёр хоорондоо холбоотой, хамар нь хоолойтойгоо залгиур хоолойгоор холбогддог учраас нэг асуудал болж тавигддаг. Аль нэг нь өвдсөн тохиолдолд нөгөө хоёр эрхтэнээ үрэвсүүлж, өвчин нь даамжирдаг.

Хоолойн нийтлэг тохиолддог өвчин эмгэг

Хоолойн өвдөлт: Хоолой өвдөхөөр хүмүүсийн ихэнх нь хоолойны мах өвдлөө гэж ойлгодог. Үүнийг шинжлэх ухааны талаас хоолойн мах биш гүйлсэн булчирхай гэдэг. Энэ нь хамгаалах дархлааны нэг эрхтэн. Амны хөндийд хэд хэдэн гүйлсэн булчирхай бий.

1.Хэлээ гаргаад амаа ангайхаар харагддаг нь тагнайн гүйлсэн булчирхай

2.Хэлний гүйлс нь угт байдаг

3.Нармайн гүйлс нь хамрын хөндийн угт байрладаг

4.Сонсголын гуурсанд байрладаг гүйлс гэсэн 4 гүйлсэн булчирхай бий.

Хамгийн түрүүнд үрэвсдэг, иргэдийн дунд нийтлэг тохиолддог нь тагнайн гүйлсэн булчирхайн үрэвсэл. Шүлс залгихад өвдөж, улайдаг. Ялангуяа хүүхдийн хувьд элбэг тохиолддог нь нармайн гүйлсэн булчирхайн эмгэг.

Хүүхдийн амьсгалын дээд зам жижигхэн, нарийхан байдаг бөгөөд нармайн гүйлс томорсон тохиолдолд амьсгалд саад болж хамар нь битүүрдэг.

Амаа ангайх, унтахдаа хурхирах, ярихдаа амаа ангайж байвал нармайн гүйлсэн булчирхайн томрол байгаа эсэхийг мэргэжлийн эмчид очиж үзүүлэх шаардлагатай.

Хүүхэд багаасаа амаа ангайж унтах, амаараа байнга амьсгалснаас болж эрүүний зуултын гажиг үүсдэг. Мөн амьсгалын дээд зам хуурай болох, нойрондоо муу болох зэрэг хүндрэлүүд үүснэ. Үүнийг заавал мэргэжлийн эмчид үзүүлж шалгуулаарай.

Ханиад хүрсний дараа гүйлсэн булчирхай томорч үрэвсээд тэр хэвээрээ үлдэх эрсдэлтэй юу?

Байж болно. Чих, хамар, хоолойн эмчид үзүүлж хамраа дурандуулах, залгиур хоолойг шалгаж, рентген зургаар баталж оношлуулах хэрэгтэй. Үүний дараа гүйлсэн булчирхайг авахуулах шаардлагатай эсэхийг шийддэг.

Том хүний хувьд тагнайн гүйлсэн булчирхай жилд зургаагаас дээш удаа өвддөг, өндөр халуурдаг бол үрэвсэл үлдэж цаашлаад хүндрэл нь бөөр, зүрх, үе мөч өвддөг болгох зэрэг шинж тэмдэг дагалдаж гарч ирдэг. Энэ тохиолдолд мэс засал хийлгэх ёстой.

Хэрэв мэс засал хийлгэхгүй бол гүйлсэн булчирхайнд агуулагдаж байгаа идээт үрэвсэл, үрэвслийн шингэн нь зөөлөн эд рүү нэвчин орж, эрүү, хүзүү рүү явсаар цээжний хөндий рүү орж бүх биеийг хамрах маш том эрсдэлтэй. Тиймээс үрэвслийн голомттой хэсгийг авах шаардлагатай. Гүйлсэн булчирхайг авснаар бусад гүйлсэн булчирхайнууд үүргийг нь нөхөж гүйцэтгэдэг гэдгийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Гүйлсэн булчирхайг авахуулчихаар дархлаа мууддаг гэдэг нь буруу ойлголт.

Хоолой байнга өвдсөнөөс болж идээ нь хүзүү рүү ордог. /Гүйлсэн булчирхай үрэвсэж, хоолой руу идээ орж хавдсан байдал

No description available.

Хоолой нь өвдөж үзээгүй хүн гэж байхгүй байх. Өвдсөн үед нь хоолойн гаа хүлхэх зэргээр өвдөлт намдаагаад өнгөрөх нь буруу гэсэн үг үү?

Тийм. Ойр ойрхон хоолой нь өвддөг, тэгээд өвдөлтөө намдаах төдийгөөр өнгөрүүлэх нь буруу. Өвдөлтөө намдаана гэдэг нь өвчин байхгүй болно гэсэн үг биш. Зөвхөн мэдрэхүйгээрээ өвдөлтөө түр дарчихаад байгаа хэрэг. Ингэж явсаар уг өвчин, суурь нь даамжирч дээрх хүндрэл үүсдэг. Хүзүү хавдаж идээгээр хавдах нь огцом явагддаг. Маш богино хугацаанд буюу хоолой өвдсөнөөс хойш 4-5 хоногийн дотор томорч илэрдэг. Харин дотор үрэвсэл нь нэг, хоёр жил үргэлжилсэн байдаг. Энэ тохиолдолд амь насны заалттай хүнд хагалгаа хийдэг.

Хоолойн идээт үрэвслийн үед өөр ямар хүндрэл үүсдэг вэ?

Идээт голомт цусаар дамжиж бүх биеэр тархдаг. Түүний улмаас хамгийн түрүүнд бөөр, зүрх, үе мөч гэмтдэг. Ингэж хүндэртэл нь хоолойгоо өвтгөж, өвчин намдаах эм ууж олон сар явахгүй байхыг хичээгээрэй. Хоолой өвддөг бол дур мэдэн эмчлэхгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Төвөнх, дууны хөвч түүний бүтэц ба түгээмэл тохиолддог эмгэгүүд

Хоолой өвдөнө гэдэг нь зөвхөн залгиур хоолойн асуудал. Харин төвөнх нь эрүүнээс доошоо байрлалтай амьсгал дамжуулах, дуу авиа үүсгэдэг эрхтэн. Төвөнх өвдөх асуудлыг төвөнхийн үрэвсэл гэнэ. Төвөнхийн маш олон хортой хоргүй үүсгэвэр илэрдэг. Дуу гаргадаг анхдагч эрхтэн болох дууны хөвч нь баруун, зүүн гэсэн хос эрхтэн. 2.5 см урттай маш эмзэг эрхтэн. Үүнээс л дуу авиа гардаг. Энэ гэмтэхээр нэгдүгээрт хоолой сөөдөг, дуу авианд өөрчлөлт ордог, юм идэх, залгихад хоолойд гадны биет байгаа юм шиг торж, өвддөг. Ийм байдалтай удаан явахаар өвдөлт мэдрэгддэг. Өвдөлтийг залгиур хоолойн асуудлаас ялгах хэрэгтэй. Үүний тулд асуумж авч, үзлэг хийж оношоо тодорхой болгоно.

Манай орны нөхцөлд түгээмэл тохиолддог нь төвөнхийн архаг үрэвсэл. Гол хүчин зүйл нь залгиур хоолойн үрэвсэл даамжрах, ходоод гэдэсний сөргөөний улмаас төвөнх түлэгдэж гэмтдэг. Энэ тохиолдолд горойх, цээж гашуу оргих, хэхрүүлэх, хоолой загатнаж хуурайших шинж тэмдэг илэрнэ.

Мөн дээрээс нь дууны хөвчин дээр хортой хавдар үүсдэг.

Төвөнхийн асуудалтай, хортой хавдартай хүмүүсийг 100 хувь гэж үзвэл 90 хувь нь тамхи татдаг, олон жил тамхи татсан асуумжтай байдаг. Хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл нь тамхи гэдгийг олон улсын судалгаанууд баталсан.

No description available.

Төвөнхийн хавдар хожуу оношлогдох тохиолдол их. Эзлэхүүнтэй эрхтэн учраас ургасан зүйл нь бусад талбайд мэдрэгдэхгүй, ямар нэгэн зовиургүй явсаар томорч эцэст нь амьсгалын замыг таглах, хоолой сөөх шинж тэмдгээр илэрдэг. Ингэж илрэх нь хожуу шатандаа орсныг илтгэнэ. Хожуу шатанд орохоос өмнө харуулж, хянуулдаг иргэд цөөхөн. Төвөнхийн хорт хавдар амьдралын хэв маяг, насжилтад шууд нөлөөлдөг. Туяа болон химийн эмчилгээ, мэс заслын эмчилгээгээр эмчилдэг боловч ярихад түвэгтэй, хоолой сөөнгөтсөн хэвээр үлддэг урхагтай. Тэр хэрээр амьдралын чанар доройтдог.

Дараагийн түгээмэл тохиолддог эмгэг нь хамрын асуудал

Хамар бол нүүрний гол хэсэгт байдаг, нүүрний бүх хэлбэр, зөв төрхийг илэрхийлдэг гол эрхтэн. Хамрын гэмтэл хүмүүсийн дунд маш их тохиолддог. Ялангуяа хамрын таславчийн муруйлт.

Таславч нь хамрын хөндийг баруун зүүн хэсэгт хувааж буй тасалгаа юм. Ар хэсэг нь яс, урд хэсэг нь мөгөөрснөөс тогтдог. Голд байдаг учраас хамрын үндсэн багана болж байдаг.

Таславчийн муруйлт нийт иргэдийн 80 орчим хувьд байдаг. Муруйсан үед муруйсан хэсгийн хөндийгөө шахаж дутуу амьсгалдаг. Эсрэгээрээ нөгөө тал нь зайгаа нөхөж томордог. Ингэснээр хамрын хоёр тал хоёулаа битүүрдэг болно.

Хамар битүүрэх үед хүмүүс цацлага цацаад яваад байдаг нь зөв үү буруу юу?

Үрэвслийн эсрэг болон хамар онгойлгодог гэсэн хоёр төрлийн цацлага байдаг. Хамар онгойлгодог цацлага нь хөөгөөд хавагнасан буюу судаснууд өргөссөн, зөөлөн эдүүдэд шингэн хурсан байгааг цацах үед түр хугацаанд хүчтэй агшаах үйлчилгээтэй. Энэ нь үрэвсэл намдаж байна гэсэн үг биш. Өргөссөн судсыг зориудаар агшаах цацлага хэрэглээд байвал хамрын самалдаг улам томроод цацлага цацах хоорондын зай ч ойртдог. Тиймээс үрэвслийг дарах нь чухал.

Хамрын таславчийн муруйг эмчлүүлэхгүй, цацлага төдийгөөр хамрын битүүгээ арилгаад яваад байвал ямар сөрөг нөлөөтэй вэ?

Хамрын таславч муруй, битүүрч явсаар хамрын дайвар хөндийн үрэвсэл болж хүндэрдэг. Гамрит (гайморит) гэдгээр нь хүмүүс ярьдаг. Шинжлэх ухааны талаас үүнийг тайлбарлах юм бол хармын хөндийг тойрсон 4 хос хөндий бий. Духны, хацрын, нүдний хооронд байрлах элхэг хөндий, суурийн хөндий гэсэн хос хөндийнүүд. Эдгээрийн аль нэг хөндийд үрэвсэл үүссэн байгааг хамрын дайвар хөндийн үрэвсэл гэдэг. Өөрөөр хэлбэл гамрит (гайморит). Хүндэрсэн тохиолдолд бусад бүх хөндийг хамардаг. Үрэвслийн шингэнээр дүүрээд сүүлдээ идээ болж хувирч, хуримтлагдсаар байгаад идээ нь ясыг идэх буюу духны хөндий, суурийн хөндий, элхэг хөндийг гэмтээж идээ дүүрч явсаар тархины ялтаслаг хамгаалалтыг хүртэл идэж менингит гэх айхавтар өвчин тусах гол эрсдэлтэй.

No description available.

Чихний асуудал ба чихний бүтэц, түгээмэл тохиолддог эмгэг

Гадна чих буюу чихний дэлбээ, чихний гадна суваг, хэнгэрэг, түүний цаана алх дөш дөрөө гэсэн гурван яс, дотор чих буюу дунд дуу авиаг дамжуулж, цаашаа сонсголын мэдрэл гэсэн бүтцээр дамжиж хүн юм сонсдог. Чих бөглөрөх нь хэнгэрэг татагдсан гэсэн үг.

Хүмүүс чихээ их ухдаг. Ингэх ямар ч шаардлага байхгүй. Хулхи нь гадна орчинтой шууд харьцаж байгаа учраас заавал цэвэрлэх шаардлагагүй. Цэвэрлэх тусам дотор байгаа хулхийг цааш түлхээд хэнгэрэгт очдог. Ингэснээр чихээр хатгуулж өвдөх, чих дүлийрэх асуудал үүсдэг.

Хоёрдугаарт, чихний гадна талын суваг арьсаар хучигдсан яс байдаг. Булчин шиг зөөлөн эд байхгүй. Энэ нимгэн ясыг гадна дотор талаас нь хатуу юмаар үрээд байхаар үрэвсээд шарх үүсдэг. Үүний улмаас хамгийн их тохиолддог өвчин бол чихний хатиг. Чихний хатиг цааш хүндэрч идээт үрэвсэл нь ясыг дээшээ идсээр өнөөх тархины менигит өвчин болох хүндрэл бий болдог. Асар богино хугацаанд үүсдэг асуудал. Тоодоггүй мэт боловч үр дагавар нь маш ноцтой. Чихээ байнга ухдаг, усанд орсныхоо дараа үргэлж ухаад дадал болсон хүмүүст ийм асуудал их тохиолддог. Чих бол маш мэдрэмтгий эмзэг эрхтэн. Тиймээс чихээ бүү ух.

Мөн хэнгэрэгнээс цаашаа дунд чихний үрэвсэл гэж бас түгээмэл тохиолддог эмгэг бий. Алх, дөш, дөрөө гэх хэнгэргийн цаана байрлах яс, хамар луу холбогддог сувагтай. Ханиад хүрээд амьсгалын дээд замын халдвар болчихоор хамар үрэвсэж, улмаар хамар, чих хоёрыг холбосон гуурс хавагнаж агааргүй болдог. Ингээд бактери үүсдэг. Хамрын үрэвсэл дээшээ гуурсаар дамжиж чих өвддөг. Хүүхдэд элбэг тохиолддог.

Дунд чихэнд үрэвсэл үүссэнээр алх, дөш, дөрөө яс, хэнгэрэг хөдөлгөөнгүй болж чихний сонсгол буурдаг. Сүүлдээ ясгүй болж яс нь идэгдэнэ. Бүр цаашлаад менингит болох аюултай.

No description available.

Чих шуугих хүндрэл түгээмэл тохиолддог

Чихний шуугиан нь их даралт буюу хүчтэй дууг байнга хүлээж авч сонсоод байхаар үүсдэг. Үүнээс үүдэнд шуугиан үүсэх, мэдрэлийн гаралтай нөхөн сэргээгдэхгүй сонсголын бууралттай болдог. Чихэвч чанга сонсох нь хамгийн их нөлөөтэй. Чихэвчнээс болж сонсгол буурсан бол дахин сэргэх боломжгүй гэж ойлгох хэрэгтэй.

Мөн чих шуугих бас нэг шалтгаан нь цусан хангамж дутагдах. Өнөө маргаашдаа гайгүй мэт байх боловч сонсгол бууралт нь даамжирсаар 10, 20 жилийн турш муу сонсож байгаагаа хүмүүс анзаарахгүй дасаад яваад байдаг. Тиймээс урьдчилж эдгээр зүйлсээс хол байж сэргийлээрэй.

Чих, хамар, хоолойн эмгэг өвчнүүдийг хүндрүүлэхгүйн тулд эмчид хэзээ хандах вэ?

Хөдөө орон нутгийн иргэд хотод орж ирж үзүүлэх нь ховор. Хүндэрсэн хойноо л ирдэг. Эмнэлэг хол байдаг гэсэн шалтгаантай. Уг нь жилдээ ядаж нэг удаа чих, хамар, хоолойн эмчид үзүүлээд явж байх хэрэгтэй.

Харин хотын иргэдийн хувьд агаарын бохирдол, хуурай уур амьсгал зэргээс үүдэн хамар хуурайшдаг. Тоосжилттой холбоотойгоор харшил их болсон. Тиймээс хамар битүүрэх, хоолой чих загатнах тохиолдолд чих, хамар, хоолойн эмчид заавал үзүүлээрэй. Харшлаас болоод хамар дотор ургацаг ургах эрсдэлтэй. Тиймээс юунаас болж хамар битүүрч байгааг нарийн оношлуулж шалгуулаарай. Дур мэдэж эм уухгүй байхыг зөвлөе.

Чихээ битгий ух, их чанга дуу шуугианаас хол бай, харшилтай бол орчин тойрондоо чийгшүүлэгч тавь, томуугийн үе эхлэхтэй зэрэгцэн маск зүү, гараа тогтмол угаа, хоолой зайлдаг элдэв бодис, хамрын цацлага зэргийг дураараа битгий хэрэглээрэй. Бүгд шингэнийг өөртөө татдаг хуурайшуулах үйлчилгээтэй. Хуурайшаад байвал үрэвсэл үүсэх эрсдэлтэй гэдгийг дахин анхааруулъя.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн номын өдөр тохиож байна DNN.mn

Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд 4 дүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ.

Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг.

Манай улсад энэ өдөр Үндэсний төв номын сангаас эхлээд хот, аймгийн номын сангууд номын өдөрлөг зохион байгуулж, яруу найрагч, зохиолч уншигчдын уулзалт хийдэг уламжлалтай.