Categories
мэдээ нийгэм

“Оргил” худалдааны төвийн машины зогсоолыг чөлөөлж, явган болон дугуйн зам барихаар боллоо DNN.mn


Нийслэлийн Засаг даргын А/551 захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн зүүн хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний болон дугуйн зам барих ажлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлүүллээ.

Орон сууц, худалдаа үйлчилгээний төв бүхий Энканто цогцолборыг 2018 онд “Камдер” ХХК барьж, нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй ашиглан, машины зогсоол барьсны улмаас замын уг хэсгээр явган болон дугуйтай хүн явах боломжгүйд хүрсэн.

Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас талбайг чөлөөлөх санал шаардлагыг удаа дараа хүргүүлж ирсэн. Уг асуудалтай холбоотойгоор иргэд ч мөн хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Камдер” ХХК-ийн эзэмшилд хамааралгүй 584 ам метр газрыг чөлөөлөх шийдвэр гарсан юм. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайг албадан чөлөөлж, заасан талбайд 90 метр урттай явган хүний болон дугуйн зам барихыг Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т даалгалаа.

Захирамжийн дагуу өнөөдөр Камдер ХХК-ийн зүгээс нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн өгч, даваа гарагаас стандартад нийцсэн явган хүний болон дугуйн зам барьж эхлэхээр төлөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-д үнэ төлбөргүй бэлтгэх “Мэдлэгээ хуваалцъя” төсөл эхэллээ DNN.mn


МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Мэдлэгээ хуваалцъя” төсөл өнөөдөр /2022.04.23/ эхэллээ. Үйл ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг үг хэлж, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн зөвлөх багш, МУИС-ийн зөвлөх профессор Р.Дарьхүү, сургагч оюутан О.Анар нар сургалтын талаар товч мэдээлэл өгч, анхаарах зүйлсийг танилцуулсан юм.

Төслийн хүрээнд МУИС-д ЭЕШ-ын өндөр оноотой элссэн суралцагчид, МУИС-ийн профессоруудын хамт Монгол хэл, Математик, Нийгмийн тухай мэдлэг, Физик, Хими, Биологи, Газарзүй, Түүх, Англи хэл, Орос хэл гэсэн 10 чиглэлийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад туршлага, мэдлэгээ хуваалцана.

Нээлтийн үйл ажиллагааны дараа “Мэдлэгээ хуваалцъя” төслийн сургалтууд эхэлж сурагчид өөрсдийн суухаар бүртгүүлсэн хичээлүүд рүүгээ орцгоолоо.

“Мэдлэгээ хуваалцъя” төсөл 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс Бямба, Ням гарагуудад 100% үнэ төлбөргүйгээр МУИС-ийн хичээлийн 2-р байранд явагдана. МУИС-ийн оюутан залуус цаашид энэхүү аяныг тогтмол зохион байгуулж мэдлэгээ хуваалцах болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Categories
мэдээ үндэсний-бөx

“Сонгинохайрхан уулын хишиг” барилдаанд Б.Орхонбаяр харцага түрүүллээ DNN.mn


Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойд зориулсан “Сонгинохайрхан уулын хишиг” улс, аймгийн алдар цолтой эрэмбэ, чансаатай хүчит 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” СХ, “Хос түрүү” ХХК, “Атар трейд” ХХК, Таван-Хан дэвжээний бөх, улсын харцага Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” СХ, “Од” групп, “Их Монгол” Сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Оргихын Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Нью Майнд” групп, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” СХ, “Заамар өгөөж хайрхан” ХХК, Дүнжингарав дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, аймгийн арслан Л.Цээсүрэн, аймгийн заан М.Даваасүрэн, аймгийн харцага Д.Пүрэвдорж нар үлдэв.

Уран барилдааны шагналыг аймгийн харцага Д.Пүрэвдоржид гардуулав. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 24-ны ням гарагийн 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай.

Categories
мэдээ нийгэм

Ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулахгүй бол татварын өр үүснэ DNN.mn

“Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирэхийн зэрэгцээ тухайн иргэний нэр дээр татварын өр, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгууль үүсэж байгааг анхаарна уу” хэмээн Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Ашиглалтаас гарсан, бусдад шилжүүлсэн хуучин автомашинууд хаа нэгтээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, иргэдийг хэвийн аюулгүй зорчиход нөлөөлж болзошгүй байгаа тул өөрийн өмчлөлд байсан автомашины мэдээллээ эргэн шалгахыг зөвлөж байна.

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 дугаартай “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д заасны дагуу сүүлийн таван жилийн турш техникийн үзлэгт хамрагдаагүй бол иргэний хүсэлтийг үндэслэн хасалт хийнэ гэж заасан байдаг.

Өөрийн эзэмшилд байгаа ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураалган бүртгэлээс хасуулах үүрэгтэй байдаг тул Автотээврийн үндэсний төвд хандахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн бүртгэлийн хугацааг сунгалаа DNN.mn

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн бүртгэлийн хугацааг сунгажээ.

Тодруулбал, иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн бүртгэлийн хугацааг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 минут хүртэл сунгалаа хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурал ширүүхэн үргэлжилж байна DNN.mn

Жүжигчин Жонни Депп экс эхнэр Эмбер Хердийг өөрийг нь гүтгэсэн хэргээр шүүхэд дуудаж, хурал хоёр долоо хоног үргэлжилж байна.

Виржиниа мужид болсон гүтгэлгийн шүүх хурал тэдний өнгөрсөн харилцааны талаарх үнэнийг тогтоох ширүүн “тулаан” болж, хоёр тал гэр бүлийн маргаан, үймээн самуунтай гэрлэлтийн үеэр нэг нэгнийхээ хүчирхийлэлд өртсөн гэж буруутгаж байна.

Жонни Депп, экс эхнэр жүжигчин Эмбер Хердийн Вашингтон Пост сонинд нийтэлсэн “Гэр бүлийн хүчирхийллийг төлөөлж буй олон нийтийн зүтгэлтэн” хэмээх нийтлэлийг нь эсэргүүцэж, өөрийг нь гүтгэсэн хэмээн 50 сая доллар нэхэмжилжээ.

Депп мэдүүлэгтээ экс эхнэр Хердийн зүй бус үйлдлүүдийг дурдаж тэр дундаа нүүрэн дээр нь тамхиа унтрааж байсан гэжээ. Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр нээлттэй мэтгэлцээнээр эхэлсэн шүүх хурал зургаан долоо хоног орчим үргэлжлэх төлөвтэй байна.

Жонни Депп, Эмбер Херд нарын харилцааны он цагийн хэлхээс:

2009 он: Депп, Херд нар 2009 онд “The Rum Diary” киноны зураг авалтын үеэр анх танилцжээ. Хантер С.Томпсоны ижил нэртэй номноос сэдэвлэсэн уг кинонд Депп Пуэрто Рикод ажилд орсон Пол Кемп хэмээх сэтгүүлчийн дүрд тоглодог. Харин Амбер түүнд анхны харцаар дурладаг Ченогийн дүрд тоглосон юм.

2012: Депп болон түүний олон жилийн хамтрагч, хоёр хүүхдийнх нь ээж Ванесса Парадис нар салсан. Тухайн үед Херд, Депп нар болзож эхэлсэн бөгөөд хожим нь 2014 онд сүй тавьсан юм. Сүй тавиад удаагүй Жонни Депп, Эмбер Херд нар тухайн оны Met Gala-д хамтдаа хүрэлцэн иржээ.

2015 он: Депп, Херд нар Лос-Анжелес хотод хуримын ёслолоо олноос нууцаар хийжээ.

2016 он: Тэд гэрлээд 15 сар болсныхоо дараа гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгсөн. Шүүхээс Деппийг хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ хүчирхийлсэн гэж үзэн түүнийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргаж байв. Депп түүний мэдүүлгийг няцааж, 2016 оны наймдугаар сард шүүхээс долоон сая долларын тохиролцоонд хүрч, Херд мөнгөө буяны үйлсэд хандивласан.

Жүжигчид тухайн үед хамтарсан мэдэгдэл хийж, “Бидний харилцаа маш их хүсэл тэмүүлэлтэй, заримдаа тогтворгүй байсан ч үргэлж хайраар холбогддог. Аль ч тал санхүүгийн ашиг хонжоо хайсан гэж худал гүтгэлэг хийгээгүй. Бие болон сэтгэл санааны хувьд хохироох санаа хэзээ ч агуулаагүй болно” гэжээ.

2018 он: Херд 2018 оны арванхоёрдугаар сард The Washington Post сонинд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд нийгэм, эрчүүд хэрхэн ханддаг талаар нийтлэл бичсэн. Гэхдээ түүндээ Деппийн нэрийг дурдаагүй.

2019 он: Депп Вашингтон Пост дахь нийтлэлээр өөрийг нь төлөө гүтгэсэн гэсэн үндэслэлээр Хердээс 50 сая доллар нэхэмжилсэн.

2020 он: Депп “The Sun” сэтгүүлийн нийтлэгчийг 2018 онд Хердийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэмээн гүтгэсэн хэргээр Их Британид шүүхэд өгсөн. Депп хүчирхийллийн бүх мэдэгдлийг няцаасан.

Херд энэ хэрэгт мэдүүлэг өгөхдөө нэг удаа Депп түүнийг “ална” хэмээн олон удаа сүрдүүлсэн гэж мэдэгджээ. Их Британийн шүүх тус сонины мэдэгдлийг “Үнэн” гэж үзсэн бөгөөд Деппийн давж заалдах хүсэлтийг хүлээн аваагүй байна.

2022 он: Дөрөвдүгээр сарын 12-нд Виржиниа мужид Хердийн эсрэг Деппийг гүтгэсэн хэргийн шүүх хурал эхэлсэн.

Мягмар гарагт Депп анх байр сууриа илэрхийлэв. Тэрээр хүчирхийлэлд өртсөн ээжтэй өссөн, түүний хар тамхины хэрэглээтэй тэмцэж байсан, Хердтэй эвгүй харилцаатай байсан тухайгаа мэдүүлэгтээ ярьжээ.

Депп мэдүүлэгтээ Хердтэй үерхэж байхдаа маргалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч “Би хэзээ ч Хердийг ямар нэгэн байдлаар цохих хэмжээнд хүрч байгаагүй, амьдралдаа нэг ч эмэгтэйг цохиж байгаагүй” гэжээ.

Зургаан долоо хоног үргэлжлэх шүүх хуралд Херд хараахан байр сууриа илэрхийлээгүй байна. Депп даваа гаригт үргэлжлүүлэн хөндлөнгийн байцаалт авахаар үргэлжлүүлэн оролцох төлөвтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ханх боомтоор энэ долоо хоногт 3.8 тонн ачаа орж иржээ DNN.mn

зураг

ОХУ-тай хиллэдэг Ханх боомтоор энэ долоо хоногт 3.8 тонн ачаа орж ирсэн байна. Тус боомт нь олон улсын, байнгын ажиллагаатай авто замын боомт юм.

Ханх боомт Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт “Мөнгөт толгой” гэдэг толгодод оршдог, ОХУ-ын Буриад улсын Монд боомттой “Мөнгөт толгой”-н хоёр талд зэрэгцэн байрладаг бөгөөд сумаасаа зүүн хойшоо 22 километрийн зайд байрладаг байна.

Ханх боомтын хилийн хөдөлгөөнийг 2022 оны оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс нээжээ.

зураг

Categories
мэдээ соёл-урлаг

Дуурийн олон улсын уралдааны ТЭРГҮҮН байрт Д.Дагвадорж шалгарлаа DNN.mn

ЗХУ-ын ардын жүжигчин, К.Н.Базарсадаевын нэрэмжит залуу дуурийн дуулаачдын олон улсын уралдаан ОХУ-ын Улаан-Үүд хотноо гурав хоногийн турш үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргалаа.

Зургаа дахь удаагаа болж буй тус уралдаанд эрэгтэй хоолой төрөлд 34 хүн авьяас билгээ сорьж өрсөлдсөн юм.

ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн академик театрын гоцлооч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Даваасүрэнгийн Дагвадорж нэгдүгээр байрт шалгарчээ.

Categories
гадаад мэдээ

Оросын цэргийн командлагч Украинд явуулж буй дайныхаа эцсийн зорилгыг тайлбарлажээ DNN.mn

ОХУ-ын төв цэргийн тойргийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Рустам Миннекаев өчигдөр Свердловск мужид болсон батлан хамгаалах салбарын хуралд оролцохдоо тус улсын Украинд явуулж буй дайны эцсийн зорилгыг тайлбарласан тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

Түүний тайлбарласнаар Украины дорнод болон өмнөд хязгаарыг эзэлж, тогтмол хяналтаа тогтоох нь “цэргийн тусгай ажиллагаа”-ны үндсэн зорилго гэнэ.

Хоёрдугаар сарын 24-нд Украин улсын газар нутагт халдан довтлохдоо Путин тус улсыг нацист дэглэмээс бүрэн чөлөөлөх зорилтыг зарлаж байсан юм. Тэгвэл генерал Миннекаевын ярьснаас харвал анхны энэ зорилго өөрчлөгдсөн бололтой.

“Тусгай ажиллагааны хоёр дахь үе шат эхэлснээс хойш Оросын зэвсэгт хүчний тавьж буй нэг гол зорилго бол Донбасс болон өмнөд Украинд бүрэн хяналтаа тогтоох юм. Ингэснээр бид Крымийн хойгтой хуурай газраар холбогдож, бас бусад улс орнууд руу хөдөө аж ахуй, металлургийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг Хар тэнгисийн боомтуудыг нь эзэлснээр Украины эдийн засагт том цохилт өгөх болно” гэж Миннекаев ярьжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Өмнөд Украинд хяналтаа тогтоосноор бид Транснистрийн бүс нутагтай холбогдоно. Тэнд бас орос хэлтэй хүн ам дарлагдан зовж байгаа гэсэн баримт бий” гэсэн байна.

Транснистр нь Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш Москвагийн дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад байгаа Молдовын газар нутаг юм.

Энэ бүс нутагт одоо Оросын 1,500 цэрэгтэй анги тогтмол байрладаг. Транснистрт байгуулагдсан хагас сая орчим хүн амтай, Тирасполь нийслэлтэй Приднестровская Молдавская Республика гэгддэг тоглоомын улсыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрдөггүй, Молдов улсын нэг хэсэг гэж үздэг.

Хэрвээ Миннекаевын ярьсан үнэн бол Оросын арми Украины томоохон боомт хот Одессыг эзлэхээр төлөвлөж байгаа бололтой.

Одесс нь Украины баруун өмнөд эргийн гол боомт, тус улсын гурав дахь том хот юм.

Миннекаев өчигдөр хэлсэн үгэндээ Орос улс бүх дэлхийтэй тулалдаж байгааг бас дурдсан байна.

Генералын ярьсан зүйлийн талаар өчигдөр сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн албанаас тодруулахад тайлбар өгөхөөс татгалзжээ.

Categories
мэдээ нийгэм

7 сартай хүүхдэд судсан дотуур баллоноор тэлэх эмчилгээг амжилттай хийжээ DNN.mn

зураг

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар уушгины артерийн хавхлагын хүнд хэлбэрийн нарийслыг судсан дотуур баллоноор тэлэх эмчилгээг өчигдөр 7 сартай хүүхдэд амжилттай хийжээ.

Эмчлүүлж буй хүүхэд зүрхний төрөлхийн гажгийн улмаас уушгины артерийн хүнд хэлбэрийн нарийслаас шалтгаалсан баруун ховдлын даралт ихсэж, мэс заслын өмнө 80 mmHg байсан ба эмчилгээний дараа 40mmHg болтол бууруулж чадлаа хэмээн тус эмнэлгийнхэн мэдээллээ.

Уушгины артерийн хавхлагын нарийсал нь баруун ховдлын даралт ихсэх зэрэглэлээс хамааран нэлээн хүнд зэргийн, хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэгүүдийн нэг аж.

Баллон катетер ашиглан тэлэх эмчилгээ нь орчин үед эрчимтэй хийгдэж буй дэвшилтэт эмчилгээний нэг арга бөгөөд нээлттэй мэс засалтай харьцуулахад эмчлүүлэгчид ямар нэг сорви үлдээдэггүй, эмнэлэгт хэвтэх хугацаа, хөнөөл багатай эмчилгээний арга бөгөөд өвчтөнд үзүүлэх ачаалал харьцангуй бага байдгаараа давуу талтай хэмээн тайлбарлав.