Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Улаанбаатарт 24, орон нутагт 6 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 30 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 24 нь Улаанбаатар хотод,
  • 6 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй.
Categories
мэдээ спорт цаг-үе

Ө.Батзул Азийн аваргад үзүүрлэв DNN.mn

Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79 кг-ын жинд манай бөхчүүд хүрэл медалийн төлөөх барилдаанд бүгд мултарсан.

Тэгвэл “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул 97 кг-ын жинд Монголын бөхчүүдийн цорын ганц мөнгөн медалийг авчирлаа.

Тэрбээр шигшээ барилдаанд “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн цэргийн спортын наадам болон цэргийн дэлхийн аварга, 2015 оны Азийн аварга, Ираны Мохаммадхоссейн Мохаммадиантай хүч үзэж 0:11-ээр ялагдснаар хоёр дахь удаагаа тивдээ үзүүрлэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Оргил” худалдааны төвийн өмнөх талбайд явган болон дугуйн зам барьж эхэллээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын А/551 захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн зүүн хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний болон дугуйн зам барих ажлыг энэ сарын 23-ны өдрөөс эхлүүллээ.

Орон сууц, худалдаа үйлчилгээний төв бүхий “Энканто” цогцолборыг 2018 онд “Камдер” ХХК барьж, нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй ашиглан, машины зогсоол барьсны улмаас замын уг хэсгээр явган болон дугуйтай хүн явах боломжгүйд хүрсэн.

Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас талбайг чөлөөлөх санал шаардлагыг удаа дараа хүргүүлж ирсэн. Уг асуудалтай холбоотойгоор иргэд ч мөн хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Камдер” ХХК-ийн эзэмшилд хамааралгүй 584 ам метр газрыг чөлөөлөх шийдвэр гарсан юм.

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайг албадан чөлөөлж, заасан талбайд 90 метр урттай явган хүний болон дугуйн зам барихыг Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т даалгалаа.Захирамжийн дагуу өнөөдөр “Камдер” ХХК-ийн зүгээс нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн өгч, даваа гарагаас стандартад нийцсэн явган хүний болон дугуйн зам барьж эхлэхээр төлөвлөлөө.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

О.Насанбурмаа: Надад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөөс олон медаль авах боломж байсан DNN.mn

Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаатай ярилцлаа.


-Таны хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?

-Хүүхэд нас маань Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатад өнгөрсөн. Зуны амралтаараа хөдөө явж хонь хурга, тугал мал хариулж хөдөөний хүүхдүүдийн адил л өссөн.

-Чөлөөт бөхөөр барилдахад юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Хамгийн том эгчийг маань О.Мягмарсүрэн гэдэг. Чөлөөт бөхөөр барилддаг тамирчин хүн. Монгол Улсын долоон удаагийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Азийн тоглолтын хүрэл медальтай, олон улсын хэмжээний цолтой. Бөхийн спортод эгч маань анх оруулж байсан.

-Спортод анхны суурь нь ирээдүйн амжилтын эх үндэс нь байдаг шүү дээ. Та анхны чөлөөт бөхийнхөө багшийн тухай яриач?

-Бөхийн спортоор хичээллэхээсээ өмнө 2002 онд хүндийн өргөлтөөр спортын мастер С.Хөхөө багш дээр найман сар хичээллэсэн. Эгчийгээ дагаад 2003 онд “Замчин” спорт клуб, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Т.Дамбарагчаа багш нарынхаа удирдлага дор чөлөөт бөхийн бэлтгэл хийж эхэлсэн.

-Бэлтгэл сургуулилт хийн, барилдаж эхлэхдээ өөртөө ямар зорилго тавьж байв?

-Анх бэлтгэл хийж эхэлж байхдаа чадахаасаа чадахгүй хүртлээ барилдаж үзье гэж бодож байсан. Мөн дэлхийн медальтан болох, олимпоос медаль авч аварга болж үзэх юмсан гэсэн зорилготой энэхүү спортод орсон доо.

-Бэлтгэлийн тэр хүнд хэцүү, их ачааллыг аваад шантарч байсан уу. Тухайн үед өөрийгөө хэрхэн хурцалж, зоригжуулж байсан бэ?

-Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гээд гурван насанд 14 настайгаасаа эхлэн барилдаад томоохон тэмцээн уралдаануудад оролцож байсан. Анх улсын аваргаас хүрэл медаль хүртээд түүндээ маш их урамшиж байсан. Тэгээд 14 настайдаа насанд хүрэгчдийн Азийн цомд очоод багаараа хүрэл медаль авсан. 15 настайдаа насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж илүү их урамшаад, ер нь тууштай хичээллэе гэх бодол төрсөн. Өөрийгөө их хурцалдаг бас их хөдөлмөрч байсан. Хэцүү зүйл гэвэл бэртэл гэмтэл авах нь л хүнд хэцүү санагддаг ч бууж өгөлгүй бэртлээ эдгээчихээд барилддаг байсан. Одоо эргээд харахад 18 жил чөлөөт бөхөөр барилдсан байна.

-Анх 16 насандаа улсын аварга болсон. Тухайн тэмцээнийхээ талаар хуваалцаач?

-Бөхийн өргөөнд болж байсан улсын аваргад 16 настайдаа түрүүлж Монгол Улсын аварга болж байсан. Тэр тэмцээний үеэр олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан нь хамгийн залуу олон улсын хэмжээний мастер цолтон болоход хүргэсэн.

-Мөн та насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 15, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 19 насандаа хүрэл медаль хүртсэн бахдам амжилтын эзэн. Энэ тухайгаа дурсвал?

-Анх эгчийгээ дагаад Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тус тэмцээнд би -63 кг жинд, эгч маань -59 кг жинд барилдсан. Эгч хүрэл медалийн төлөө барилдан хожигдсон. Хоёулаа хүрлийн төлөөх барилдаан дээр Энэтхэг улсын бөхтэй барилдсан. Эгчийгээ ялагдах үед дотроо их шаралхсан. Тэгээд Азийн аваргын анхны медалиа авч байсан даа. Тухайн үедээ эгчийг минь ялсан улсын тамирчныг ялсандаа маш их баярлаж байсан. 2008 онд Япон улсын нийслэл Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны дэлхийн аваргын хүрэл медалийг 19 насандаа хүртсэн.

-2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж дэлхийн аваргаас дөрвөн медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин болсон. Энэ амжилтад хүрсний дараа танд ямар сэтгэгдэл төрж байв?

-2008, 2011, 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Надад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөөс илүү медаль авах боломж байсан. Мөнгө, хүрэл ч биш аварга болох боломжуудаа өөрийнхөө буруугаас болж алдсан. Дэлхийгээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо гээд их баярлаж байсан. Ер нь спортод олон тэмцээнд анхдагч болон үеийнхээ залуустай мөр зэрэгцэж яваадаа баяртай байдаг.

-Олон улсын тэмцээнд хоёрхон жил зодоглохдоо оролцсон бүх тэмцээнээс медаль авч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ганцхан удаа оролцохдоо мөнгөн медаль хүртсэн гайхалтай амжилтыг үзүүлсэн тамирчин бол таны дотны найз Монгол Улсын гавьяат тамирчин Б.Оюунсүрэн. Харамсалтай нь бэртлийн улмаас 22-хон насандаа зодог тайлсан байдаг. Та найзынхаа тухай яриач?

-Монгол Улсын гавьяат тамирчин Б.Оюунсүрэн найзтайгаа анх 2006 онд танилцан, 2008 оноос хойш найзалж нөхөрлөсөн. Нэг үе нэг жингийнх болохоор хамтдаа маш их бэлтгэл хийдэг байсан. Найзыгаа дөнгөж 22 насандаа бэртэл авсны улмаас спортыг орхиж байхад нь маш их харамссан. Өөртөө маш их итгэлтэй, дайчин миний амьдралын туршид ямар ч үед ойлгож дэмждэг найзтай болсондоо баярлаж явдаг.

-Та найзынхаа эмчилгээнд зориулж хандивын барилдаан зохиож, сайн үйлсийн аяныг хүртэл зохион байгуулж уйгагүй хөөцөлдсөн. Үүний үр шимээр таны найз 2018 онд мэс засал хийлгэж мөрөө эдгээсэн. Та найзыгаа дахин дэвжээн дээр хараад ямар мэдрэмжийг авч байсан бэ?

-Бид хоёр хоорондоо их ярилцдаг байсан. Дэлхийн аваргаас дахиад хамтдаа медаль авна гэж зорилго тавьсан. Хагалгаа эмчилгээ нь маш сайхан болсон. Үүнд ганцхан миний хөдөлмөр байгаагүй, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ах, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон, “Малчин” телевизийн захирал Жагаа ах, Бат ах мөн манай найз Бямбадорж бид хэд нэг баг болж ажилласан. Хандивын аянд минь спортод хайртай олон хүн оролцсон, мөн үндэсний бөхөөр барилддаг залуучууд аянд маань нэгдсэн. Найзыг минь дэмжсэн тэр хүмүүст маш их талархаж явдаг. Олон хүний итгэл сэтгэлээр найзыгаа дэвжээн дээр эргэж ирэн улсын аваргаар түрүүлэхийг нь хараад их баярласан.

-Таны гэр бүлийн хүн аймгийн начин цолтой, үндэсний бөхөөр барилддаг тамирчин хүн. Гэр бүлийн хоёр хүн хоёул тамирчин байх ямар байдаг вэ?

-Манай гэр бүлийн хүнийг Завхан аймгийн Их-Уул сумын харьяат С.Доёддорж гэдэг. Бид хоёр 2014 онд гэр бүл болсон, өнгөрсөн онд хуримаа хийж Монгол Улсад нэг өрх нэмээд гал голомтоо бадраагаад явж буй залуу хосууд. Хоёул барилддаг хүмүүс болохоор тэмцээн уралдаанд явахдаа биенийхээ бэлтгэл сургуулилт хийхэд маш их нөлөөлдөг, нэгнийгээ бас их дэмждэг. Манай хүн бас намайг ялахад минь цуг баярлаж, ялагдахад алдаан дээр хэлж өгөөд ямар ч үед дэмжиж миний бат бөх ар тал болдогт нь маш их баярладаг.

-2021 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгох барилдааны дараа та зодог тайлсан. Олон жилийн амьдарлаа зориулсан энэ спортоосоо зодог тайлахад юу бодогдсон бэ?

-2021 оны есдүгээр сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилгын үеэр алтан медалийн төлөө барилдаж байхдаа мөрөө мулталсан шалтгаанаас болоод зодог тайлсан. Сүүлийн үед жаахан амархан бэртдэг болсон. 2021 он миний хувьд хатуу жил байлаа. Гурван сард бэлтгэлд гарсан байхдаа хоёр шагайндаа хоёуланд нь бэртэл авсан. Олон жил барилдахаар тамирчин хүний бие жаахан сулардаг юм болов уу гэж бодогдсон. Түүнчлэн гэр бүлээ төвхөнүүлье гэж бодоод зодог тайлсан даа.

-Та цаашид юуг хийхээр төлөвлөж байна?

-Цагдаагийн ерөнхий газрын харьяа тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газар ажлаа хийн явж байна. Цаашдаа ажлынхаа хажуугаар бөхийн эрдэмд шамдан суралцаж байгаа дүү нартаа өөрийнхөө мэддэг чаддагаасаа хуваалцан нэг ч гэсэн хүүхдийг амжилтад хүргэхийн төлөө зөвлөх ёстой зүйлээ зөвлөе гэж бодож байгаа. Энэхүү сониныг уншиж буй Монголынхоо ард иргэддээ олон жил намайг дэмжиж урам хайрлаж байсанд баярлаж явдгаа хэлье.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батхүү: Цагдаа нарыг ОХУ-д бэлдэхээр “Мэдлээ, гүйцэтгэе” гэж даргын тушаал биелүүлдэг хүмүүс л болж ирдэг DNN.mn

Хуульч О.Батхүүтэй ярилцлаа.


-Хуулийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдрэмжийн асуудал сүүлийн үед хөндөгдөх боллоо. Цагдаа, тагнуулынхан хэрэг мөрдөхдөө хүний эрхийг зөрчдөг. Иргэд үзэл бодлоо илэрхийлээд жагсахад хүч түрэмгийлж баривчилдаг. Энэ байдлыг засъя гэвэл цагдаа нарыг хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад бэлтгэх ёстой гэж яригддаг. Хуульч, өмгөөлөгч хүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Цагдаа нарыг ОХУ-д бэлдэхээр “Мэдлээ, гүйцэтгэе” гэж даргын тушаал биелүүлдэг хүмүүс болж л ирээд байгаа юм. Оросуудын школ ерөөсөө энэ. Бүх юмны дээр төр засаг, дарга байна. Төр засаг, даргын шийдвэр, тушаалыг л биелүүлэх ёстой гэдэг ойлголттой болчихож байгаа юм.

Энэ нь явсаар иргэдийнхээ эрхийг зөрчихөд хүргэж байна. Иргэд эрхээ эдэлж жагсаал цуглаан зохион байгуулахаар даргынхаа тушаал авч хөдөлдөг, эсвэл тушаал өгөхгүй бол хөдлөхгүй. Даргын тушаал зөв буруу нь хамаагүй, биелүүлэх л үүрэгтэй. Үүнээс болж жагсаж цугласан иргэдээ зоддог, эрхийг нь ноцтой зөрчдөг болж байна. Уг нь цагдаа гэдэг иргэдээ хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй алба. Залуус жагслаа гэхэд шууд очоод тараах биш эрүүл, зөв жагсаал хийхэд тусалдаг, буруу зорилготой, муу хүмүүс жагсаалыг үймүүлэхээс сэргийлдэг, жагссан иргэд ямар нэгэн байдлаар хохирохоос хамгаалах зорилготой.

-Цагдаа үйлчилгээний байгууллага байх ёстой гэдэг агуулга хэдэн жилийн өмнө гарч ирж, бодлогын нэлээд өөрчлөлт хийгдсэн. Гэвч хүчний байгууллага хэвээр байх шиг байна?

-Цагдаа бол иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага байх ёстой. Дээд удирдлага нь хууль бус тушаал өгөхөд, жагсаал цуглааныг тараа, хүмүүсийг хорь гэхэд “Үгүй” гэж хэлж чаддаг зоригтой, хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой. Ингэхийн тулд цагдааг Орост биш, хүний эрхийг дээдэлдэг улсад сургах ёстой. Ихэнх улс орон цагдаагаа дотооддоо сургадаг. Энэ нь ч зөв.

-Цагдаагийн удирдлагууд Монгол Улсад 1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэрэгтэй байна гэсэн агуулгаар ярьсан асуудал ихээхэн шүүмжлэл дагуулсан. Уг нь хүний эрхийн мэдрэмжтэй цагдаа бэлдэх шаардлагатай гэж ярьж байгаа цаг үе байдаг…?

-Өнөөдрийн цагдаагийн байгууллагыг удирдаж байгаа тасаг, хэлтсийн дарга нарыг харахад бүгд социализмын үед бэлтгэгдсэн, төрийг, даргыг хамгаалах ёстой гэсэн школтой хүмүүс л байгаа. Угаас дөрвөн жилийн турш толгойнд ийм л зүйлийг заачихаар суухаас аргагүй. Гэтэл АНУ, Солонгос, Япон, Германы цагдаа нар шал өөр. Согтуу хүнийг манайхан бол гавлана, эрүүлжүүлэхэд аваачаад хийнэ, торгоно. Харин энэ улсуудад аюулгүй байдлыг нь хангаж, гэрт нь хүргэх зэргээр шал өөрөөр ажилладаг.

Цагдаа гэж ямар хүн бэ гэдэг хөтөлбөрийн агуулга ОХУ болон бусад хүний эрхийг хамгаалдаг улсуудад өөр. Өндөр хөгжилтэй орнуудад цагдаа та гудамжинд жагсаж байгаа иргэдийг хамгаалах ёстой гэж заадаг. Хойно бол та төрийн хуулийг, даргын тушаалыг үг дуугүй биелүүлэх ёстой гэж заадаг. Тийм учраас манай цагдаа нар, тэдний удирдлага ч тэр хүний эрхийн мэдрэмжгүй үг үйлдэл гаргасаар байгаа шалтгаан энэ юм.

-Англи хэлийг албан ёсоор хоёр дахь хэл болгох тухай яригдаад удаж байна. Та ч энэ асуудлыг хөндөж ярьдаг. Ерөөс өнөөдрийн дэлхийн хөгжил монголчуудыг англи хэл эзэмшихийг шаардаж байна шүү дээ?

-Хамгийн гол нь хэрэглээний асуудал байгаа юм. Бид ямар нэгэн гадаад хэл сурч байгаа бол хэрэглэдэг байх ёстой. Тэр хэрэглээ нь үр шимээ өгдөг байх ёстой. Орос хэлний хувьд хэрэглээ нь сүүлийн 30 жилд маш их багаслаа. Социализмын үед монголчууд шинжлэх ухааны ном сонин уншъя, мэргэжил эзэмшье гэвэл орос хэл дээр л ном материал ашигладаг байсан. Тэгвэл сүүлийн 30 жилд энэ байдал өөрчлөгдсөн. Зөвхөн манайх гэлтгүй Азийн бусад орнууд, тухайлбал, Япон, Солонгос, Хятадад англи хэлийг маш эрчимтэй сурч байна. Бид дэлхий нийтийн трендээс ерөөсөө хоцорч болохгүй. Үүнтэй хөл нийлүүлээд явах ёстой.

Солонгост очиход залуус нь бүгд англиар ярьдаг. Заавал солонгос хэл сурах шаардлагагүй, англи хэлтэй байхад л болно. Япон, Хятадад очиход ч ялгаагүй. Ерөөсөө орчин үеийн нийгэмтэй хөл нийлүүлж алхаж, амьдаръя гэвэл англи хэл зайлшгүй сурах ёстой. Дэлхийн том сургуульд суръя, ажил хийе гэхэд хамгийн гол шалгуур англи хэлний мэдлэг болчихоод байна. Гэтэл орос хэлний хэрэглээ хамгийн бага байгаа. Оросоор ярьдаг улс гэвэл ОХУ өөрөө болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан цөөхөн хэдэн улс л байна.

-Хоёр дахь хэлээ болговол хүүхдэд багаас нь сургах нь зөв гэдэг?

-Одоо бол ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөс орос хэлийг хасах хэрэгтэй. Харин оронд нь англи хэлийг бүр бага ангиас эрчимтэй заах нь чухал.

Дээр нь бид хамгийн эхлээд хэл сурахын тулд багшаа бэлдэх ёстой. Улсын багшийн их сургуульд англи хэлний багш бэлддэг анги байдаг уу, хэчнээн байна вэ. Түүнийг бодлогоор нэмэх хэрэгтэй. Ингээд бага ангиас нь англи хэлийг заадаг, зарим хичээлийг англиар ордог болбол хүүхэд багаасаа сурсаар төгсөхдөө боломжийн мэдлэгтэй болчихно. Дээд сургуульд ороход ч тэр, 10 хичээл ордог бол 1-2 хичээлийг англи хэл дээр зааж болно. Ингэснээр улсаараа англи хэлтэй болох бололцоо байна.

Учир нь Европын цөөн хүн амтай улсууд болох Дани, Финлянд, Норвеги, Бельги гэхэд өөрийн үндсэн хэлтэй. Норвеги гэхэд норвеги, Финлянд фин гээд хэлээрээ ярьдаг. Харин тэд хоёр дахь хэлээ англи хэлийг сонгочихсон. Ингэснээр англи хүнтэй ярьж байна уу, финлянд хүнтэй ярьж байна уу гэдгийг ялгах боломжгүй болтлоо англи хэлийг эзэмшдэг болсон. Хүүхдэд цэцэрлэг, сургуулиас нь заагаад эхэлбэл унаган хэл шигээ эзэмшдэг. Хэл эзэмшсэн хүмүүс дэлхийн аль ч сургуульд очоод сурчихаж байна. Аль ч улсад том компанид ажиллах боломжтой байна шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Должин: Инженер хайгуулын ажилгүйгээр их бүтээн байгуулалт өрнөдөггүй DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер, гавьяат барилгачин, ахмад геологич, барилгын инженер геологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Сандагийн Должинтой ярилцсанаа хүргэе.


-Тантай ярилцана гэдэг бол Монголын инженер-хайгуулын албаны үүсэл хөгжлийн тухай ярина гэсэн үг л дээ. Та бол тэртээ далаад оноос Улсын барилгын зургийн институтийн инженер хайгуулын товчооноос ажлын гараагаа эхэлсэн түүхэн хүмүүсийн нэг?

-Миний бие Завхан аймгийн Алдархаан сумын Богдын голын хүн. 1954 онд Улаанбаатар хотын Нэгдүгээр 10 жилийн сургуульд элсэн орж 1965 онд үйлдвэр сургалтын анхны 11 дүгээр ангийг радио засварчны 4 дүгээр зэрэгтэй төгсөөд МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн геологийн салбарт 5 жил суралцсан. Ингээд далан онд Улсын барилгын институтийн инженер хайгуулын товчоонд хуваарилагдаж байлаа. Эхлээд намайг Улаанхуаранд байрладаг инженер-хайгуулын өрөмдлөг техникийн группт өрмийн ажилтнаар хуваарилсан. Үүний дагуу “ГаЗ-66” машин дээр суурилагдсан УРБ-2А маркийн өрмийн төхөөрөмжтэй, Н.Хумбага нэртэй тавь эргэм насны мастер жолоочийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Төдөлгүй хөдөө орон нутагт баригдах барилгуудын инженер-геологийн судалгааны ажлаар Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн сумдад 45 хоногийн хугацаатайгаар томилогдож байлаа. Энэ хугацаанд өрөмдлөгийн машин, төхөөрөмжийн бүх эд ангийг сайтар мэддэг болсноос гадна талбай хооронд өрөмдлөгийн машин барих, өрөмдөх цэг дээр байрлуулах, зарим тохиолдолд өрөмдлөгийн мастерын ажлыг гүйцэтгэх чадварыг эзэмшсэн. Бас өрөмдлөгөөр гарсан төрөл бүрийн эрдэс, чулуулгийг танин мэдэж, гарал үүслийг тогтоож, нэрийг нь өгчих чадварт суралцлаа.Энэ бүгд нь өрмийн ажилчнаас геологийн үндсэн ажилтан болоход их тус дэм болсон. Тухайн үеийн төр засгийн бодлого аливаа боловсон хүчнийг ажлын багаас эхлүүлж сургахад чиглэж байсан нь ихээхэн үр дүнтэй болохыг амьдрал дээр үзсэн. Ингэж миний бие хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байлаа.

-Геологийн хамгийн хүнд нь өрөмдлөг техникийн ажил. Таны хувьд өрмийн ажилтнаас инженер хайгуулын товчооны дарга, Барилгын инженер-хайгуул үйлдвэрлэл шинжилгээний институтийн захирал хүртлээ явсан мэргэжлийн хүн?

-Тийм ээ, геологийн хамгийн хүнд хүчир нь өрөмдлөг техникийн ажил. Зардал ихтэй, хүн хүч их шаарддаг боловч геологи-хайгуулын ажлын үр дүнд газрын гүнээс хурдас, чулуулгийн дээж авч, лабораторид судлан шинжилсний үр дүнд мэдээлэл боловсруулдаг анхдагч арга юм. Инженер-геологийн судалгаа, шинжилгээний ажлыг хүний аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, аливаа барилга байгууламжийн эдэлгээний хугацааг уртасгах зорилгоор барилга, байгууламжийн суурь хөрсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, хөрс, чулуулгийн физик-механик, химийн шинж чанарыг нарийвчлах, мөн байгалийн үзэгдэл, процессууд болон газар хөдлөлт, уулын үер, халиа, тошин, гол мөрний эргийн элэгдэл, хөрсний овойлт, суулт, хөөлт, олон жилийн цэвдэг хөрс гэх мэт барилга байгууламжид сөрөг нөлөө үзүүлдэг байгалийн хүчин зүйлүүдийг нарийвчлан судалж, шинжилгээний үр дүнг шинжлэх ухаанчаар нэгтгэн техникийн тайлан, дүгнэлт боловсруулалтын үндсэн дээр барилгын зураг, төсөл зохиодог. Зураг төслийн байгууллагууд уг техникийн дүгнэлтийг үндэслэн барилгын зураг төсөл боловсруулдаг. Инженер-хайгуулын судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг гадаадын орнуудад тухайлбал ОХУ, АНУ, БНХАУ, Герман гэх мэт бараг бүх орны инженер-хайгуулын байгууллага нь барилгын зураг төслийн байгууллагынхаа харьяалалд байдаг. Манай улс инженер-хайгуулын албыг 1960 онд байгуулахдаа тухайн үеийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Барилга шинжилгээний институтийн дэргэд 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулж байгаад хоёр жилийн дараа Улсын барилгын зургийн институтэд шилжүүлсэн нь ажил төрлийн уялдаатайг харгалзан үзсэний илрэл юм. Миний бие өрмийн ажилтнаас Улсын барилгын зургийн институтийн инженер-хайгуулын товчоонд техникч, инженер, ахлах инженер, группийн ахлагчийн ажлыг 1974 он хүртэл гүйцэтгэсэн. Улмаар инженер-хайгуулын товчооны даргаар томилогдон ажилласан. Уг товчоо нь тухайн үед инженер-хайгуулын групп, хөрс-химийн лаборатори, өрөмдлөг-техникийн групп гэсэн гурван нэгжтэй, нийт 80 гаруй инженер, техникийн ажилтан, ажилчидтайгаар Монгол орны нутаг дэвсгэрт баригдаж байгаа бүх төрлийн барилга, байгууламжийн инженер-хайгуулын судалгаа, шинжилгээний ажлыг дагнан гүйцэтгэж байсан.

-Монгол Улсад инженер-геологийн шинжлэх ухаан үүссэн нөхцөл байдлын тухайд та юу хэлэхсэн бол?

-XX зууны тэргүүн хагаст олон улс оронд инженер-геологийн шинжлэх ухаан, геологийн шинжлэх ухаанаас салбарлан бие даасан шинжлэх ухаан болон үүсч хөгжсөн байна.Манай улсад 1950-иад оноос аж үйлдвэр, уул уурхай, соёл үйлчилгээний төв, харилцаа холбоо, авто зам болон төмөр зам тавих, хот суурин байгуулах, хот болон аймгийн төвүүд, сум багуудыг суурьшуулан барилгажуулах их бүтээн байгуулалтын ажил өрнөсөнтэй холбоотойгоор инженер-геологийн бие даасан салбар шинжлэх ухаан үүсч хөгжих нийгэм эдийн засгийн нөхцөл бүрэлджээ. Улсаас их барилгад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж орон сууцны хороолол, авто зам, үйлдвэрийн болон эрчим хүчний барилга байгууламж барих ажлыг зураг төслийн баримт бичгээр хангах асуудал тулгарсан байдаг.

Инженер-геологийн шинжлэх ухаан нь хүн төрөлхтөнд байгалиас учруулж болох аливаа үзэгдэл процессыг урьдчилан судалж, дүгнэлт өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад оршдог. Төрөөс Монгол орны инженер-хайгуулын судалгааны ажлыг хөгжүүлэх талаар удаа дараа анхаарч иржээ. Тухайлбал, 1960 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор “Монгол орны нутаг дэвсгэрт баригдаж байгаа төрөл бүрийн барилга байгууламжийн зураг төслийг боловсруулахдаа заавал инженер-хайгуулын судалгааны үндсэн дээр боловсруулж байх” шийдвэр гаргасан. Үүний дагуу Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яам (ББМҮЯ)-ны Барилгын эрдэм шинжилгээний нэгдсэн лабораторийн бүрэлдэхүүнд Инженер-хайгуулын хэсгийг анх байгуулсан нь ийм учиртай. 1962 онд ББМҮЯ-ны сайдын тушаалаар Улсын барилгын зургийн төв институт (УБЗТИ)-ийн инженер хайгуулын хэсгийг групп болгож улмаар далан зургаан онд товчоо болгон өргөтгөснөөр Монгол Улсын инженер-хайгуул судалгааны ажлын бодлого зохицуулалтыг улсын хэмжээнд явуулж эхэлсэн. Та бид хоёр суурь бодлогын хүрээнд ярьж буй учир Инженер-хайгуулын албаны хөгжлийн үечлэлийг авч үзэж таарна. Нэгдүгээр үе буюу үүсэл хөгжлийн үеийг 1960-980 он, хоёрдугаар үе хөгжил дэвшлийн үеийг 1980-1990 он, гуравдугаар үе зах зээлийн үеийг ерэн оноос одоог хүртэл гэж үздэг. 1960-1980 оны үүсч бүрэлдсэн үед инженер-хайгуулын хэсгийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Москвагийн Их сургуулийг инженер-геологи, гидрогеологи мэргэжлээр анх төгсөж ирсэн Г.Лхан-Аасүрэн удирдаж байсан. Энэ хэсэгт МУИС-ийн газарзүйн анги төгсч ирсэн Ц.Цагаан, Л.Бүжин өрмийн мастераар Д.Сүрэнмаарай, М.Ламжав нар ажиллаж байлаа.Тэр үед хөрсний ширхэгийн бүрэлдэхүүн, чийг, хувийн жин, эзлэхүүн жинг тодорхойлох шинжилгээнд ЗХУ-ын хөрсний стандартуудыг хэрэглэж байв. Объектын судалгааны ажлыг УП-15 маркийн механик өрөмдлөгөөр гүйцэтгэхээс гадна гүн багатай шурф малтаж, хөрсний бичлэг, дээж авах ажлыг хийдэг байсан. Тухайлбал, 1963 онд өрмийн мастер Н.Ламжав Био комбинатын судалгаа, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн “Соёмбот өндөрлөг”, Улаанбаатар хотын Богд уулын Заалтын амны мөсөн зоорийн тэсэлгээний цооногуудыг өрөмдсөн байна. Мөн энэ үед инженер-хайгуулын ажлыг дээрх аргаар гүйцэтгэсэн УБЗТИ-ийн байр, Тээврийн яам, МУИС-ийн 2 дугаар байр, ТИС-ийн төв байр, Урт цагаан гэх мэт олон объектыг дурдаж болно.Ахмад геологич Г.Лхан-Аасүрэн, Ц.Цагаан, Л.Бүжин нар Улаанбаатар хотын төвийн нутаг дэвсгэрийн 258 км2 талбайг хамарсан инженер-геологийн нөхцөлийн зургийг зохиож ХБНГУ-д хэвлүүлсэн нь хот төлөвлөлт, зургийн ажилд нэвтрүүлсэн бодит ажил юм.

-Инжненер-хайгуулын хөгжлийн үе буюу 1960-1980 оныг тодотгохгүй юу?

-Энэ үед судалгаа шинжилгээний ажлын материаллаг бааз бэхжин ЗХУ болон эх орны их дээд сургуулиудаас төгсөж ирсэн мэргэжлийн боловсон хүчнээр нөхөгдсөн. Техник технологи, чанарын түвшин сайжирч лабораторийн нөхцөлд хөрсний дээжийн бүх төрлийн физик шинжилгээг хийдэг болсон юм. Мөн шилжээсийн туршилт, хам шахалтын туршилт гэх мэт барилга байгууламжийн суурийн тооцооны гол механик үзүүлэлтүүдийг туршдаг болсон нь судалгааны ажлын нэг том алхам болсон. Улсаас их барилгад асар их хөрөнгө оруулалт хийж, хот хөдөөд олон зуун иргэний болон үйлдвэрийн барилга байгууламж баригдан зураг төсөл, хайгуулын ажлын цар хүрээ ч үлэмж нэмэгдсэн юм. Энэ хугацаанд хөрсний физик, механик шинж чанарыг тодорхойлох үндэсний 10 гаруй стандартыг боловсруулж, шинжилгээний ажилд нэвтрүүлснээс гадна инженерүүдийн бүтээлч санаачилгаар олон арван норм, дүрэм, заавар, зөвлөмж гаргасан. Инженер хайгуулын албанд ЗХУ-аас уригдан ирсэн мэргэжилтнүүдийг манайхан даган суралцаж, өөрсдийгөө хөгжүүлснийг дурдах нь зүйтэй.Харин 1980-1990 оны хооронд улсын хөрөнгөөр Улаанбаатар хот болон бүх аймгийн төвийн нутаг дэвсгэрийн инженер-геологийн том масштабын зураглалыг хийсэн юм.

-Тэр бол аргагүй том ажил байж таарна даа. Наяас ерэн оныг хөгжил дэвшлийн оргилуун үе гэдэг?

-Инженер-геологийн зураглалаар тухайн нутаг дэвсгэрийн физик газар-зүйн онцлог, хүн ам, эдийн засаг, геоморфологи, гидрогеологи, инженер геологийн нөхцөлүүдийг нарийн судалж 1:10000 масштабтай зургийг тус бүрд нь тайлбар бичиг, дагуул зургуудын хамт гаргасан нь дахин давтагдашгүй мэдээлэл агуулсан үнэт хөрөнгө болсон.Төр, засгаас инженер-геологийн албыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах талаар олон арга хэмжээ авсны үр дүнд энэ түүхэн үед гадаад, дотоодын их, дээд сургууль, техникум төгссөн мэргэжлийн боловсон хүчнээр үндсэндээ хангагдсан юм.Монгол орны нутаг дэвсгэрт тархсан олон жилийн цэвдэг хөрсний инженерийн судалгааны ажлыг эрчимжүүлэх ПНИИИС, БИХҮШИ-ийн хооронд зохион байгуулан явуулдаг эрдэм шинжилгээ техникийн VI, VII бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвийн санхүүжилтээр Налайх, Баянхонгор аймгийн Баянбулаг сум, Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд цэвдэг хөрсний байнгын гурван станц байгуулсан юм. Монголын цэвдэг судлалын судалгаанд гарсан нэг томоохон алхам байсан гэж хэлж болно.1983 онд инженер Д.Мягмарсүрэн бид хоёр “Цэвдэг хөрсний халуун штамп”-ийн төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэв. Энэ багажаар Баянхонгорын Галуут сумын шинээр төвлөрөх талбай, Налайх тосгоны 8 жилийн сургуулийн барилгын талбай зэрэг олон арван барилгын цэвдэг ул хөрсөнд туршилт хийж, цэвдэг хөрсний гэсэлтийн үеийн харьцангуй суултыг тодорхойлсноос хойш цэвдэг хөрстэй газарт барих барилгын буурь,суурийн тооцоог иж бүрнээр хийх бололцоо бүрдсэн гэж хэлж болно.Инженер-хайгуулын хүнд хүчир ажлыг механикжуулах, судалгаа шинжилгээний ажилд гадаадаас өндөр үнээр авдаг өрмийн болон лабораторийн зарим нэгэн багаж хэрэгслийг өөрийн орны нөхцөл бололцоонд тулгуурлан дотооддоо хийх, мөн судалгаа шинжилгээний ажилд шинэ арга аргачлал, норм норматив, дүрэм заавар, зөвлөмж боловсруулж нэвтрүүлэх ажил инженерүүдийн дунд эрчимтэй өрнөсөн. Үүний үндсэн дээр өнөөг хүртэл хэрэглэж буй олон арван бүтээл гарсан юм. Жишээлбэл, өрмийн “Ган шүдэт яндан”, “Цэвдэг хөрсний халуун штамп”, “Чулуулгийн өгөршлийн зэрэг тодорхойлох төхөөрөмж”, “600 см2 талбайтай шурагт штамп”, “Далавчит прессометр”, “Геофизикийн босоо бүсэлхий зонд” зэрэг оновчтой санал, тэргүүн туршлагуудыг нэрлэж болно. Мөн энэ үед эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, практикийн асуудлыг хослуулан судалдаг Буурь суурийн секторыг байгуулан техникийн шинжлэх ухааны доктор А.Ананд удирдаж байлаа. Тус сектор нь “Овойлттой буурь хөрсөнд суурь төлөвлөх заавар”, “Цэвдэг буурь хөрсөнд барилгын зураг төсөл боловсруулах заавар” зэрэг олон арван зөвлөмж боловсруулан барилгын үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

Ерэн оноос хойш Монголын инженер хайгуулын байгууллага ямар зохион байгуулалттайгаар ажиллаж ирсэн бэ. Судалгаа шинжилгээний үр дүн ямар байсан тухай сонирхъё?

-Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээр эхэлсэн өмчийн задрал инженер-хайгуулын албыг ч тойрч гараагүй юм. Хуучин Барилга-архитектур, техник хяналтын улсын хорооны харьяанд байсан Барилгын инженер-хайгуул, үйлдвэрлэл шинжилгээний институтийн хөдөөгийн гурван салбар товчоо нийт 250 гаруй инженер хайгуулчид шинжилгээний ажлыг улсын хэмжээнд дагнан гүйцэтгэдэг байв. Тус институт нь 1991 онд Барилгын инженер-хайгуул, эрдэм шинжилгээний төв болон өөрчлөгдөж тус төвөөс инженер-хайгуулын судалгааны ажил явуулах чиглэлээр таван пүүс биеэ дааж тусгаарласан. Дээрх пүүсүүдийг техникийн удирдлагаар хангах үүргийг төв хариуцаж байсан. Төсвөөс хөрөнгө авч тусгаарласан пүүсүүд жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулсан боловч тэдгээр пүүсээр хийлгэх судалгаа шинжилгээний ажил бараг олдохгүйд хүрсэн учраас үйл ажиллагаа нь зогсоход хүрсэн. 1992 онд Барилгын инженер-хайгуул, эрдэм шинжилгээний төвийг бүтэц, зохион байгуулалтын хувьд дахин өөрчлөн Барилгын инженер-хайгуулын “Их үүсгэл” ХК болгон зохион байгуулсан юм. Компани нь дотроо инженер-геологийн хэсэг, хөрсний лаборатори, өрөмдлөгийн хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байлаа. Гэвч улс орон даяар их барилгад оруулах хөрөнгө оруулалт багассанаас зураг төсөл, инженер-хайгуул, барилга угсралтын ажил эрс багасан хүндхэн цаг үетэй тулгарсан даа.СнЗ-ийн тогтоолоор ЗХУ-ын Улсын барилгын хорооны харьяа Барилгын инженер-хайгуул, үйлдвэрлэл эрдэм шинжилгээний институт (ПНИИИС)-ийнэкспедицийн ашиглаж байсан, үйлдвэрийн районд баригдаад жил болсон том үйлдвэрлэлийн баазыг “Их үүсгэл” компанийн мэдэлд шилжүүлсэн юм. 1966 оноос Монголд ажиллаж эхэлсэн ПНИИИС экспедиц нь Монгол орны хот, хөдөөд баригдаж байсан бүх төрлийн барилга байгууламжийн инженер-хайгуулын судалгаа, газрын зураглал, усан хангамжийн асуудлыг хариуцан гүйцэтгэдэг 400 гаруй ажиллагсадтай. Үүнээс Монголоос инженер техникийн ажилчид 100-гаад хүн ажиллаж байлаа.Тус экспедиц нь инженер-геологи, геодези-геофизик, гидрогеологийн анги гэсэн үйлдвэрлэлийн үндсэн нэгжтэй. Гидрогеологийн анги нь Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийн судалгааг дагнан гүйцэтгэж байсан ПНИИИС экспедици Монгол Улсын бүтээн байгуулалтад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.Барилгын инженер-хайгуулын “Их үүсгэл” ХК инженер-хайгуул судалгааны ажлыг эрхэлж байсан боловч ажлын олдоц хангалтгүй байлаа. Энэ үед тус компанийн үйлдвэрлэлийн бааз үнэт цаасны арилжаагаар худалдагдаж, хэд хэдэн компани өрсөлдөж, алт олборлолтын ажил эрхэлдэг “Монгол газар” ХХК өмчийг эзэмших болсон. Мэргэжлийн байгууллагад ажиллаж байсан ЗХУ болон бусад социалист орон болон эх орны их дээд, дунд сургуульд бэлтгэгдсэн мэргэжлийн инженерүүд ажилгүйчүүдийн эгнээнд нэг хэсэг явсан.

-Улс орны бүтээн байгуулалтын хамгийн гол хүмүүс болох инженерүүд ажилгүй байна гэдэг улс орон зогсонги байсныг илтгэнэ. Сүүлд нэгдэн нийлж эхэлсэн байх?

-Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэгдэн нийлж, одоо инженер-хайгуулын судалгааны ажил эрхлэх чиглэлтэй 30 гаруй компани байгуулагдан ажиллаж байна.Монгол Улсын хот байгуулалтын хуулийн дагуу Монголын нутаг дэвсгэрт инженер-хайгуулын судалгааны ажлыг эрхлэн гүйцэтгэж ирэв. Монгол Улсын авто замыг хөгжүүлэх төслийн хүрээнд баруун, зүүн аймгууд болон хойд, урд аймгуудыг холбосон олон зуун километр автозам мөн хойд чиглэлийн төмөр замын сэргээн босголт, Улаанбаатар хотын авто замыг сайжруулах төсөл, Улаанбаатар хотыг аймгуудтай холбох цахилгаан дамжуулах агаарын шугам мөн сумдыг аймгуудтай холбох олон зуун км эрчим хүчний шугамуудын инженер-геологи судалгааны ажлуудыг тухайн үеийн үүсгэн байгуулагдсан компани инженер-хайгуулын судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна. Энэ он жилүүдэд манай бүтээлч инженерүүдийн санаачилгаар инженер-геологийн судалгаа шинжилгээний ажилд зайлшгүй шаардлагатай норм, норматив, заавар боловсруулсан юм. Үүнд: Орхоны районы том хэмхдэст хөрсний норм, норматив, барилгын инженер-хайгуулын ажлын жишиг үнэ, ул хөрсний мэдээллийн сан зэрэг норм, дүрэм заавар боловсруулан мөрдөж байлаа.Инженер М.Мягмаржав “Орхоны районы суулттай хөрсний тархалт, түүний тоон үнэлгээ”, инженер Ж.Батсүрэн “Монгол орны хөөлттэй хөрсний инженер-геологи зарим шинж чанар” сэдвээр газарзүйн болон геологи, эрдэс судлалын ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан нь онол, практикийн чухал асуудлыг шийдвэрлэсэн.Инженер-геологийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд ТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн ахмад инженер-геологи, гидрогеологич Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Н.Батсүх, дэд доктор, дэд профессор А.Алей зэрэг ахмад болон залуу сурган хүмүүжүүлэгч багш нар үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. ШУТИС-ийн инженер-геологи, гидрогеологийн салбарыг төгссөн олон арван инженерүүд өнөөдөр инженер-хайгуулын үндэсний мэргэжлийн боловсон хүчний цөм болон ажиллаж байна.Ер нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хамт олны идэвх санаачилга, ажилд хайнга хандаж байгааг үйлдвэрлэлийн удирдлага шатрын нүүдэл харж байгаа шиг алсын болоод ойрын хараатайгаар ажиллах нь ач холбогдол өгдөг юм. Би олон жил энэ албыг удирдан ажиллахдаа дээрх арга барилыг гол чиглэл болгож ажиллаж ирсэн. Үүний дүнд албаны ажил үйл өөдрөг явагдаж ирсэн гэж бодож явдаг. Сүүлд нь, танай сониноор дамжуулан төр, засагтаа хандах хоёр хүсэлт байна.

-За ямар хүсэлт байна?

-Инженер хайгуулын ажлын гол тулгуур бол машин тоног төхөөрөмж. Өрөмдлөгийн стандартын багаж төхөөрөмжийг гадаад орнуудаас авдаг. Хөрсний даацат чанарыг хээрийн нөхцөлд овор ихтэй төхөөрөмжөөр газар дээр нь туршиж, хөрсний даацат чанарыг тодорхойлдог зэрэг хөрөнгө мөнгө их шаардсан туршилт, судалгааны ажил хийгддэг. Иймийн учир олдоц муутай, бэрхшээлтэй байдгийг харгалзан үзэж Монголын төр жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт тусгаж байхыг хүсч байна. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого ид яригдаж байна. Уг бодлогыг хэрэгжүүлэх тал дээр Монголын инженер хайгуул, геологийн мэргэжилтнүүдийг ашиглах хэрэгтэй. Шинэ сэргэлтийн бодлогод хилийн бүх боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, төмөр замаар холбох, Наушкаас Эрээн хүртэл хурдны тал тэрэгний зам тавих гээд хүнд хүчир ажлууд тусгагдсан. Миний удирдаж байсан Барилгын инженер-хайгуул үйлдвэрлэл шинжилгээний институт татан буугдаад одоо Монголын барилгын инженер геологичдын холбоо ТББ болсон. Бид барилгын яамандаа харьяалагддаг, хуучны явж ирсэн, та бид хоёрын дээр ярьсан хөрс суурь хэвээрээ байгаа. Мэргэжлийн хүмүүс нь байна. Тэгэхээр хуучирсан машин, тоног төхөөрөмжийг сэлбэх нь улс орны амин чухал ажил ажил болоод байна. Хайгуул, геологид зориулагдсан оросын машинууд хуучирсан. Нэг машин шинээр авъя гэхэд 250 сая төгрөгийн үнэтэй байна. Улс орны ирээдүй, бүтээн байгуулалтаа бодож, мөн Шинэ сэргэлтийн бодлоготойгоо уялдуулан энэ бүхнийг улсын төсөвтөө суулгахыг хүсч байгаа юм. Өөр нэг зүйл нь аймаг, сум, хот суурин газруудын ерөнхий төлөвлөгөө болон авто зам, төмөр зам зэрэг томоохон ажлуудыг 3 дугаар сараас эхлэн хийж байвал ажиллагсадын эрүүл мэнд, машин техникийн эдэлгээ, судалгааны ажлын чанарт бодитой нөлөө үзүүлж, барилгын зураг төсөл боловсруулах хугацааг багасгах нөхцөл бүрдэнэ гэдгийг хэлье. Мөн сүүлийн үеийн нөхцөл байдлаас үүдсэн нэг санал байна. Аливаа улс орны хөгжил гэдэг газар нутгаа эзэмших, ашигт малтмалаа олборлоход оршдог. Үндсэндээ хаана ашигт малтмал байна, хаанаас юуг олборлож явуулах нь улсын мэдлийн асуудал мөн. Гэтэл хэдхэн малчдынхаа үгээр бид улсын хөгжлийг хааж боогдуулж болохгүй. Их бүтээн байгуулалт инженер хайгуулын ажил явах гэтэл малчид эсэргүүцэх хандлага гарах боллоо. Монголын мал сүрэг Европынх шиг хашаан дотор байдаггүй. Хаана ч идээшилж, бэлчээрлэж болно. Малчдын буруу хандлагыг өөрчлөх цаг нь болсон. Түүнээс малчдаа Монголын газар нутгаас хөөж туух гэж байгаа биш. Гол нь улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ямар ч нөхцөлд тэргүүн шугамд байх ёстой гэдгийг хэлж байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.4.24, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.24, Ням гариг
  • Наран ургах шингэх: 05.47-19.54
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Тэс, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хэмжээнд КОВИД-19 халдварын тохиолдол 508.5 саяас давлаа DNN.mn

АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр өнөөдөр /2022.04.23/ өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 508.723.051-д хүрсэн байна.

Дэлхий хэмжээнд “КОВИД-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 6.215.628 хүн нас бараад байна.

20 сая гаруй халдвартай улс орнуудад АНУ /халдвар авсан хүний тоо 80,952,268, халдварын улмаас нас барсан хүний тоо 991,269/, Энэтхэг улс /халдварын 43,054,952 тохиолдол, харин нас баралт 522,149/, Бразил улс /халдварын тохиолдол 30,338,967, нас баралт 662,802/, Франц улс /халдварын 28,354,529 тохиолдол, нас баралт 145,982/, Герман улс /24,141,333 тохиолдол, нас баралт 134,355/, Их Британи /халдварын 22,106,306 тохиолдол, нас баралт 173,984/ орж байсан.

Дэлхийн томоохон үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан “WorldoMeter” порталын мэдээлснээр, өнөө өглөө дэлхийн хэмжээнд нэг сая хүнд ногдох нас баралтын төвшин 800,6 байжээ. АНУ-д нэг сая хүн амд 3,044, Энэтхэгт 372, Бразилд 3,078, Францад 2,212, Их Британид 2,530, Германд 1,596 хүн нас барсан байна.

Categories
мэдээ нийгэм

Генералууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, төгөл нээжээ DNN.mn

Монгол Улсын генералууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийллээ.

“Монгол Генерал” ТББ, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас “Генералуудын өдөр”-ийг тохиолдуулан тус дүүрэгт байрлах Дамбадаржаалин хийдийн дэргэд өнөөдөр “Генералуудын төгөл” нээн мод тарьжээ.

Тарьсан модыг ургуулах нь чухал учраас урт хугацаанд тогтвортой арчилж, ногоон орчин бүрдүүлэх менежментийг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаа өнөөдрийн арга хэмжээний үеэр онцлов.

Тэд мод тарих үндэсний хөдөлгөөнд хувь хүн, албан байгууллагууд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Пүрэв, хошууч генерал Ч.Амарболд, хошууч генерал Д.Сандаг-Очир нар оролцлоо.

зураг