Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг LRT төслийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ DNN.mn

Бүлгийн хуралдаанд нийслэлийн удирдлага оролцож, LRT төслийн талаар танилцуулан, гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ МАН-ын бүлэг уг төслийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Төсвийн тодотголыг дагуулан яаравчлан шийдвэрлэх асуудал биш. Тиймээс бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтран ажиллах шаардлагатай гэж үзсэн. Үүний дараа бүлэг ярилцаж, шийдвэр гаргана” гэсэн мэдээллийг өглөө.

МАН-ын бүлэг LRT төслийг

  1. Хуульзүй
  2. Санхүү
  3. Улс төр
  4. Иргэдийн санаа бодлын хүрээнд 14 хоногийн хугацаанд судалж, тодорхой шийдвэр гаргах юм байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Юуны өмнө төсвийн тодотголоо хэлэлцэн шийдвэрлэх нь цаг үеийн тулгамдсан асуудал болж байна. Үүний дараа, удахгүйгээр энэ төслийн эрхзүйн гаргалгааг гаргана. Өрийн таазнаас айхтар хэтрэхгүй. Хууль зөрчөөгүй учраас Сангийн сайд, Сангийн дэд сайд, ХЗДХ-ийн сайд нар өргөн барьсан. Төсвийн байнгын хорооны дарга байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлыг нэг хүн шийддэггүй. Төсвийн тодотголыг уяад, шантаажлаад байгаа зүйлгүй. Улс төрийн шийдвэр гаргахаас гадна бид мэдээлэл авах, ойлголцох хэрэгтэй байна. Саналын зөрүүтэй нөхцөлд энэ төслийг хэрэгжүүлэх гэж муйхарлаж гүйцэтгэх нь хаа хаанаа эрсдэл дагуулна” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

СУДАЛГАА: Ерөнхийлөгч, Засгийн газарт итгэдэг иргэдийн тоо буурч, итгэдэггүй иргэдийн тоо өмнөх жилээс өсчээ DNN.mn

“Ардчилсан засаглал судалгаа”-ны 2018-2021 оны үр дүнг Үндэсний статистикийн хороо танилцуулав. Энэхүү судалгааг 2008 оноос хойш хийж байгаа бөгөөд Монгол Улсын Мянганы хөгжлийн “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” тухай 9 дүгээр зорилгын хэрэгжилтийг хянах болон энэ хүрээнд шаардлагатай мэдээллийг цуглуулах юм.

Ардчилал гэж юу болох талаар олон янзаар тодорхойлдог. Цөөнхийг хамгаалсан олонхын засаглал бөгөөд засаг төрийн байгууллыг сонгуулиар бүрдүүлэх, иргэдийн тэгш эрх, улс төрийн эрх чөлөөг хамгаалах, Үндсэн хуулийн ёсыг дээдлэх явдал гэдгийг уг судалгаа онцолсон байна. Орчин үед бол Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэх, ард түмний засгийг тогтоох, улс төрийн олон ургалч үзлийг зөвшөөрөх, иргэдийн эрх, эрх чөлөөг хангах, хүний эрхийн салгаж болохгүй үндсэн зарчмыг удирдлага болгосон нийгмийн байгууллыг ардчилсан засаглал гэж ойлгож буй.

Ардчилал, ардчилсан засаглал нь өөрөө үйл явц учраас ямар нэгэн байдлаар хэмжих шаардлагатай. Ардчилсан засаглал хэрхэн хөгжиж, бэхжиж байгааг хэмжих нь нийгмийн эсвэл эдийн засгийн үзэгдлийн нэгэн адил тоон үзүүлэлтээр шууд илэрхийлэгдэж, хэмжигддэггүй боловч олон улсын байгууллага, судлаачид, эрдэмтэд ардчиллыг хэмжиж болох тоон үзүүлэлтүүдийн талаар олон саналыг дэвшүүлснээр

  • Дахлын Полиархи хэмжүүр, төрийн бүтцийн үнэлгээ,
  • Ванханены ардчиллын индекс,
  • Марк Газиоровскийн улс төрийн дэглэмийн ангилал,
  • Монти Г.Маршалл, Кейт Жаггерс, Тед Гурр нарын төрийн байгууллын мэдээлэл зэрэг ойлголт, аргачлалын ялгаа бүхий тэргүүлэх хэмжүүрүүдийг ардчиллын үндсэн хэмжүүрүүд гэж үздэг байна.

Олон улсын байгууллагаас санал болгож буй үзүүлэлтүүд нь ерөнхийдөө хоёр хэсгээс бүрдэж байгааг харвал

  • Нэгд, үндсэн үзүүлэлтүүд, тухайлбал, парламентын хөгжил, сонгуулийн систем ба үйл явц, шүүх засаглал ба хүний эрх, и-засаглал ба мэдээллийн хүртээмжтэй байдал, төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглал ба хот, хөдөөгийн хөгжил, төрийн удирдлагын шинэчлэл, авлигын эсрэг тэмцэл
  • Хоёрт, тухайн улс орны онцлогийг тусгасан нэмэлт үзүүлэлтүүд байна.

Ардчилсан засаглалын нэмэлт үзүүлэлтүүдээр, жишээ нь ардчилсан засаглалыг хэмжихийг соёл иргэншил, геополитикийн байдал болон эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн агуулгаар нь зорьж байна. Дээр дурдсан үзүүлэлтүүд нь одоогоор олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мөн засаглалын үзүүлэлтүүдийг тооцох, шууд дүгнэлт гаргахад ашиглах боломжгүй ч улс орнуудыг хээл, хахуулийн эсрэг эрх зүйн актуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ашиглагддаг байна.

Монгол Улсын “Ардчилсан засаглал” судалгааны 2018-2021 оны үр дүнг судлахдаа 15 ба түүнээс дээш насны 3,545 хүнийг хамруулжээ.

Ерөнхийлөгчид итгэдэг иргэдийн тоо буурч, итгэдэггүй иргэдийн тоо 2021 онд өмнөх жилээс өсжээ

Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газарт итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээг дүнд эзлэх хувиар нь тооцож гаргажээ.

Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээг 2018-2021 оноор авч үзэхэд, Ерөнхийлөгчид итгэдэггүй гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 2018 онд 35.3, 2019 онд 29, 2020 онд 18.8 хувь байсан бол 2021 онд 27.2 хувь болж 2018 оны 8.1 нэгж хувиар буурч, өмнөх оноос 8.4 нэгж хувиар өссөн байна. Итгэдэг гэж хариулсан иргэдийн хувь 2018 онд 18.1, 2019 онд 23, 2020 онд 35.2 хувь байсан бол 2021 онд 29.3 хувь болж 2018 оноос 11.2 нэгж хувиар өсөж, өмнөх оноос 5.9 нэгж хувиар буурсан байна. Мэдэхгүй гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 2018 онд 7.8, 2019 онд 6.7, 2020 онд 3.8, 2021 онд 3.1 хувьтай байна.

Зураг. Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээ, дүнд эзлэх хувиар

зураг

Улсын Их Хуралд итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээг 2018-2021 оноор авч үзэхэд,

  • итгэдэггүй гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 2018 онд 58.5, 2019 онд 51.1, 2020 онд 34.3 хувь байсан бол 2021 онд 35.6 хувь болж 2018 оноос 22.9 нэгж хувиар буурч, өмнөх оноос 1.3 нэгж хувиар өссөн байна.
  • Дунд зэрэг итгэдэг гэж хариулсан иргэдийнх 2018 онд 28.1, 2019 онд 34.6, 2020 онд 44.8 хувь байсан бол 2021 онд 42.6 хувь болж 2018 оноос 14.5 нэгж хувиар өсөж өмнөх оноос 2.2 нэгж хувиар буурчээ.
  • Итгэдэг гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 2018 онд 6.5, 2019 онд 9.0, 2020 онд 16.4, 2021 онд 19.1 хувь болж өсөх хандлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

Зураг. УИХ-д итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээ, дүнд эзлэх хувиар

зураг

Засгийн газарт итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээг 2018-2021 оноор авч үзэхэд,

  • итгэдэггүй гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 2018 онд 50, 2019 онд 40.8, 2020 онд 22.6 хувь байсан бол 2021 онд 30.8 хувь болж 2018 оноос 19.2 нэгж хувиар буурч, өмнөх оноос 8.2 нэгж хувиар өссөн байна.
  • Дунд зэрэг гэж хариулсан иргэдийнх 2018 онд 33.2, 2019 онд 36.9, 2020 онд 43.5 хувь байсан бол 2021 онд 41.1 хувь болж 2018 оноос 7.9 нэгж хувиар өсөж, өмнөх оноос 2.4 нэгж хувиар буурчээ.
  • Итгэдэг гэж хариулсан иргэдийнх 2018 онд 9.5, 2019 онд 16.1, 2020 онд 29.5 хувь байсан бол 2021 онд 25.6 хувь болж өмнөх оноос 3.9 нэгж хувиар буурсан байна.

Зураг. Засгийн газарт итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээ, дүнд эзлэх хувиар

зураг

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрөөс хараат бус гэдэгт итгэх иргэдийн итгэл буурчээ

Улс төр, эдийн засаг, санхүүгээс хэвлэл,мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлын талаарх иргэдийн үнэлгээг энэ хэсэгт үзүүлэв.

Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө нь хэвлэл, мэдээллийн хэрэгслийн улс төр, санхүү, эдийн засгийн хувьд хараат бус байдал хангагдсан эсэхээр илэрхийлэгдэнэ. Энэхүү хараат бус байдлын талаарх иргэдийн үнэлгээг 0-100 оноонд шилжүүлэн харуулбал

зураг

Эндээс харвал иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрөөс хараат бус гэдэгт итгэх итгэл буурчээ.

Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл улс төрөөс хараат бус байдаг гэдэгт иргэдийн өгсөн оноо

  • 2021 онд 23 болж 2018 оноос өөрчлөлтгүй, 2020 оноос 3 оноогоор буурсан байна.
  • Эдийн засаг, санхүүгээс хараат бус байдаг гэдэгт 2021 онд 2018 оноос 1 оноогоор өссөн, 2020 оноос 4 оноогоор буурчээ.

Нийт иргэдийн 33.6 хувь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл улс төрөөс хараат бус гэдэгтэй санал нийлдэггүй гэж үзсэн байхад 10.8 хувь санал нийлдэг гэж 2020 онд хариулж байжээ.

Харин 2021 онд санал нийлдэг иргэдийн хувь 10.9 буюу өмнөх оноос өөрчлөлтгүй байгаа ч санал нийлдэггүй иргэдийн хувь 38.7 хувь болж өмнөх оноос 5.1 нэгж хувиар өссөн буюу сөрөг хандлага нэмэгджээ. Нийт иргэдийн 24.4 хувь нь хэвлэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь эдийн засаг, санхүүгээс хараат бус байдаг эсэхийг мэдэхгүй гэж хариулжээ.

Хэвлэл, мэдээллийн байгууллагуудад итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээг 0-100 оноонд шилжүүлэн тооцоход 2018 онд өгч байсан иргэдийн үнэлгээ 2021 онд дараах байдлаар өөрчлөгдсөн байна.

зураг

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Ч.Ган-Инж: Стилиэ зөв тодорхойлсноор өөрт тухтай, хэрхэн үзэсгэлэнтэй харагдах вэ гэдгээ мэддэг болно DNN.mn

“Шинэ ээж” дэлгүүр, “Snog Froyo” брэнд, “Inj Studio”-ийн үүсгэн байгуулагч Ч.Ган-Инжтэй ярилцлаа.


-Шинэ студиэ нээсэн танд баяр хүргэе. Студийн тань үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа, намайг Чадраабалын Ган-Инж гэдэг. Бизнесийн удирдлагаар төгссөн, мэргэжлээрээ ажилладаг. Багаасаа хувцас, загварт сонирхолтой байсан. Хувийн сонирхлоороо Испани улсын Мадрид хотын “Elle” загварын сургуульд хувийн худалдан авагч, стилистээр суралцсан. Хүмүүсийн зөвхөн гадаад төрх биш, дотоод гоо үзэсгэлэнг тодотгохын тулд олон улсын амьдралын дасгалжуулагчаар мэргэшсэн. Энэ хоёр мэргэжлийнхээ үндсэн дээр “Inj studio”-оо байгууллаа. Студийн маань үйл ажиллагаанд Монголд анхдагч, шинэлэг зүйл олон бий. Хувийн стилинг үйлчилгээ олон улсад бүх хүнд нээлттэй байдаг. Харин Монголд олны танил хүмүүс, эсвэл чинээлэг хүмүүст л үйлчилдэг. Өөртөө юу зохихыг мэдэхгүй хүмүүс олон байдаг л даа. Үүнийг нь зааж өгөх хүн байдаггүй, ойр дотныхноо, эсвэл сошиалаас хараад дуурайж хувцасладаг. Ямар өнгө, ямар загвар өөрт нь зохихыг мэдэх хэрэгцээ байдаг ч, заах хүн байдаггүй. Энэ орон зайг олж хараад, өөрөө ч энэ талд сонирхолтой учраас студиэ нээсэн. “Inj Studio” нь хувийн стиль имидж тодорхойлох, хувцас сонголтод туслах үйлчилгээг үзүүлдэг.

-Студиэ нээхийн тулд удаан хугацаанд төлөвлөж, бэлтгэсэн үү?

-Аливаа бизнесийг эхлүүлэхэд дотоод засал, түүхий эдээс авахуулаад бэлтгэл ажил их шаарддаг. Студийнхээ дотоод засал, дизайныг өөрөө гаргасан. Загварын дизайнаас гадна дотоод засал чимэглэлд дуртай болоод тэрүү гэрийнхээ дизайныг ч өөрөө гаргаж байсан. Студийнхээ дизайныг гаргаж, тохижуулахын тулд хугацаа орсон. Гэхдээ үүнээс илүү хүмүүст чанартай, үр дүнтэй үйлчилгээ хүргэхийн тулд өөрийгөө илүү их бэлтгэсэн, энэ нь хийж байсан бусад бизнесүүдээс ялгаатай байлаа. Хувь хүний мэдрэмж гэж байдаг, гэхдээ ганцхан мэдрэмждээ суурилна гэдэг учир дутагдалтай. Стилистийн сургууль, амьдралын дасгалжуулагчийн олон улсын зэргийг студидээ зориулж суралцсан. Тэгэхээр хувь хүний хөгжилдөө л илүү их цаг зарцуулж, бэлтгэжээ.

-Студи хэдэн төрлийн үйлчилгээтэй вэ?

-Манай студийн үйлчилгээ “Үндсэн багц”, “Бүтэн өдрийн багц”, “Тусгай багц” гэсэн гурван төрлийн багцтай. “Үндсэн багц” нь та оффист ирж гурван цагийн үйлчилгээ авна. Энэ хугацаанд өнгөний тест явуулж танд зохидог өнгийг тодорхойлж, биеийн хэлбэрт зохицох хувцаслалт, нүүрний хэлбэрт таарсан үс засалт, үсний өнгө, уруулын будагны өнгө, хөмсөгнөөс авахуулаад таны имиджийг бүхэлд нь тодорхойлно. Мөн амьдралын дасгалжуулалтын үйлчилгээг нэгтгэж өгснөөр тантай найз мэт дотно ярилцаж гадаад төрхөөр дамжуулан өөртөө итгэх итгэл, сэтгэл хангалуун байдлыг өсгөх зорилготой. Хорвоо дээр 300-400 төрлийн өнгө байдаг, тэр дундаас танд зохих 31 өнгийг тодорхойлж өгнө. Өнгөний тест хийснээр зохихгүй өнгөө мэдэж, дахин буруу сонголт хийхгүй. Нөгөө талаас тэр хүн хэзээд гоё харагдана гэсэн үг. Хүний биеийг таван төрлийн хэлбэртэй гэж ангилдаг. Тэр дундаас та аль нь вэ гэдгээ мэдсэнээр давуу талаа яаж тодотгох, сул талаа хэрхэн ухаалгаар нуух арга барилыг эзэмшинэ. Таны биед ямар төрлийн хувцас өмсвөл хичээгээгүй мөртлөө таатай харагдах вэ, хүнд цаанаасаа зохидог 13 төрлийн хувцас гэж байдаг. Жишээлбэл, надад хэзээ ч дэрвэгэр, өхөөрдөм хувцас зохидоггүй. Хэрвээ тийм хувцас өмсвөл хэт хичээсэн мэт харагддаг. Харин миний биеийн галбирт ажил хэрэгч, загварлаг хувцас зохидог. Стилиэ тодорхойлсноор яавал хичээгээгүй хэрнээ өөрт тухтай, үзэсгэлэнтэй харагдах вэ гэдгээ мэддэг болно.

-“Бүтэн өдрийн багц”-ын талаар тодруулбал?

-Зургаагаас долоон цаг үргэлжлэх бүтэн өдрийн багцад үндсэн багцын гурван үйлчилгээг оффист авахаас гадна үйлчлүүлэгчийн сонгосон дэлгүүрээс хэрэгцээт хувцас худалдан авалт хийх, тохируулж сонгоход туслах үйлчилгээ эсвэл үйлчлүүлэгчийн гэрт зочилж, шүүгээн дэх хувцаснуудыг зөв тохируулж өмсөх зөвлөгөө өгнө. Энэ нь нэг сая төгрөгийн үнэтэй. Харин гурав дахь буюу “Тусгай багц” нь хурим, төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт арга хэмжээний стилинг, зураг авалтын look/concept гаргах үйлчилгээ юм.

-Одоогоор хэд орчим хүн үйлчилгээ авсан бэ?

-Студи маань нээгдээд 10 гаруй хонож байна. Зургадугаар сар хүртэл үйлчилгээний цаг дүүрсэн. Одоогоор 10-15 хүнд үйлчилгээ үзүүлсэн. Тасралтгүй гурван цаг ярих, гадуур явах зэрэг ачаалалтай учир өдөрт нэгээс илүү хүнд үйлчилдэггүй, ихдээ хоёр хүнтэй л ажилладаг. Үйлчлүүлэгчид маань “Inj studio” гэсэн фэйсбүүкээр холбогдон цагаа захиалах боломжтой.

-Үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс хуваалцаач?

-Энэ бол тодорхой хэмжээний бизнес ч гэлээ миний зүгээс үйлчлүүлэгчдээ өөрчлөлт, өөртөө итгэх итгэлийг өгөх нь хамгийн чухал зорилго. Тэр хүн өөрийгөө хараад аз жаргалтай болох ёстой. Би тодорхойлсон зорилгодоо хүрэхийн тулд хичээж байгаагийн үр дүнд юм уу, үйлчлүүлэгчид маань 100-1000 хувь сэтгэл ханамжтай байгаа (инээв). “Сэтгэл, хайр мэдрэгдэж байна. Маш их баярлалаа” гэдэг үгсийг сонсох үнэхээр гоё, би үүнийг л хүссэн.

-Хүн өөрт тохирох стилиэ олсноор ямар давуу талтай вэ?

-Үйлчлүүлэгчдэдээ загвар (Fashion), стиль хоёрын ялгааг ойлгуулахыг чухалчилж байгаа. Загвар гэдэг бол урсаад өнгөрдөг зүйл. Энд яригдаж байгаа зүйл загвар, модатай ямар ч хамаагүй. Зөвхөн стилийн тухай ярина. Стиль гэдэг нь мода, загвар яаж ч өөрчлөгдөж байсан та дотроо ямар хүн бэ, дотоод ертөнцийг чинь бусад хүмүүст маш амархан илэрхийлдэг хүчтэй зэвсэг. Стилиэ тодорхойлохдоо дотроо би маш сонирхолтой хүн, тэрийгээ илэрхийлнэ гэж сонгох ёстой. Хэрвээ та уйтгартай хувцаслаад л байвал тантай харилцаж байгаа хүмүүст та хүсээгүй байсан ч “Уйтгартай хүн” гэдэг бодол суучихдаг. Гурван секундэд хүний анхны сэтгэгдэл бий болж, бараг өөрчлөгддөггүй. Энэ нь таныг ажилд орох уу, үгүй юү, хэн нэгэнтэй хайр дурлалын харилцаа үүсэх үү, үгүй юү, нөхөрлөл дараагийн түвшинд гарах уу, үгүй юү гэх мэт олон шийдвэрт нөлөөлдөг. Хүмүүс дутуу үнэлээд байдаг болохоос хүний гадаад төрх бидний мэдэхгүй олон чухал үүрэгтэй. Стилийг өөрийгөө илэрхийлэх боломж гэж харах хэрэгтэй. Та өөрийгөө зөв илэрхийлснээр, зөв ажилдаа орж, зөв хүмүүстэй уулзаж, зөв хүрээлэл үүсгэнэ, өөртөө итгэлтэй аз жаргалтай хүн болно.

-Хувцас худалдаж авдаггүй, өмсдөггүй хүн гэж байхгүй. Бид худалдан авалт хийхдээ юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн чухал нь өнгө, хүмүүс өнгөний ач холбогдлыг хангалттай мэддэггүй. Өнгийг хүйтэн, дулаан гэж ангилдаг. Хүйтэн дундаа өвөл, зуны өнгө, дулаан дундаа хавар, намрын өнгө гэж байдаг. Энэ дундаас өөрийнхөө өнгийг мэдчихвэл сонголтоо зөв хийнэ. Зарим өнгийг өмсөхөөр халтар, нойр дутуу, хөгшин харагддаг. Харин зохидог өнгө тэр хүнийг амьд, гэрэлтсэн, нүдний доод талын харласан хэсэг хүртэл бүдгэрч харагддаг. Өнгө бол таны хөгшин харагдах уу, залуухан харагдах уу, нойр дутуу харагдах уу гэдгийг хүртэл шийддэг чухал зүйл. Өөрт зохидог өнгө, биеийн галбирын онцлогоо мэддэг байх нь хамгийн чухал. Биеийн галбирын хувьд мөргүй хүн байвал яаж мөртэй харагдах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй.

-Өнгөө тодорхойлоход насны хувьд ялгаа байдаг уу?

-Насны ялгаа огт байхгүй. Өөрт зохих өнгийг арьсны цаад талын пигментээр тодорхойлдог. Төрснөөс үхэх хүртэл танд зохидог 31 өнгө хэзээ ч өөрчлөгдөхгүй.

-Хувцаслалтын тал дээр монголчуудын мэдлэг, мэдрэмж ямар түвшинд байна вэ?

-Миний бодлоор энэ тал дээр монголчууд үндсэн, гүн ойлголт багатай. Стиль, имиджээ олохын хамгийн наад захын биеэ зөв хуваах ойлголт бусад орны иргэдэд энгийн л зүйл. Харин манай монголчууд мэдэхгүй, алдаа гаргадаг. Сошиал дээр байгаа хүмүүсийг дуурайж хувцасладаг. Инстаграмд зургаа оруулсан охин өөрөөс чинь тэс өөр хүн, өөр өнгө зохидог, биеийн өөр галбиртай учраас танд зохихгүй. Өөртөө зохих өнгө, загвараа мэдэхгүйн улмаас хэдэн саяар нь мөнгөө алдаж байна. Юу өмсвөл зохихоо, өөрийгөө мэддэг хүн зөв сонголт хийнэ шүү дээ.

-Энэ чиглэлээр өөр ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Студиэ нээхдээ тухайн хүний стилийг тодорхойлоод, дэлгүүрээр явахад хайсан хувцас олдохгүй тохиолдол олон гардаг. Шүүгээнд байх ёстой зүйл гэж байдаг. Тэр хэрэгцээний зүйлс нэг дор байдаг дэлгүүр нээхээр зорьж байна. Дөрвөн улирлын өнгөөрөө дагнасан, хүний үндсэн хэрэгцээний зүйлстэй цогц дэлгүүр. Энэ нь манай студийн ажилтай уялдаатай, мөн “Инжээтэй дэлгүүр хэсье” гэдэг нэртэй влог эхлүүлж байгаа. Дэлгүүр хэсэх завгүй хүмүүст зориулж энэ хувцсыг үүнтэй зохицуулж өмсвөл тохиромжтой гээд өмсөж үзүүлээд, материал, үнийг нь харуулна. Влог үзсэн хүн дэлгүүрт ороод сонголтоо хийхэд амар, мөн тэрхүү дэлгүүрт очих эсэхээ шийдчихнэ. Эхний влогоо сошиалд цацсан. Дараагийн влог хийх дэлгүүрүүдийн захиалга ч баталгаажсан, хүмүүст хэрэгтэй байх болов уу гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм

“Цэцэрлэгийн нэг хүүхдийн хувьсах зардлыг 300 мянган төгрөг байна” гэв DNN.mn

Улаанбаатар хотод дөрөв хүртэлх насны 175 мянган хүүхэд байдаг гэсэн статистик бий. Гэтэл сургуулийн өмнөх боловсрол олгодог байгууллага буюу цэцэрлэгийн тоо 674 байгаагийн ердөө 276 нь төрийн өмчийн цэцэрлэг. Эдгээр 276 цэцэрлэгийн нэг цэцэрлэг нь 250-275 хүүхэд хүлээн авах чадалтай гэж тооцвол 70 мянга орчим хүүхэд цэцэрлэггүй үлдэж буй. Тэдгээр хүүхдүүдийн 50 хувь нь хувийн цэцэрлэгт хамрагдана гэж тооцох юм бол 35 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэж байгаа юм.

Улсын хэмжээнд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад 270 гаруй цэцэрлэг шаардлагатай. Энэ хэмжээний цэцэрлэгийг богино хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх гаргалгааг гаргажээ. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм.

зураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 100 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тавиад өгье. Та бүхэн тодотголоо хийгээд 100 тэрбумаа босго. Тэгээд 200 тэрбумын багц арга хэмжээний хүрээнд есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн сугалаа байхгүй, хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь цэцэрлэгт хамрагддаг болгоё. Энэ бол 2022 онд багтаан хийх ажил шүү. Шаардлагатай бол 2023 онд нэмж төсөв тавиад өгье. Хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг иж бүрэн шийдье.

зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс залуу гэр бүлээ дэмжих үүднээс Засгийн газраас дорвитой бөгөөд даацтай шийдвэр гаргасан. Хотын иргэд хурдацтай өсөн нэмэгдэхийн хэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллага болоод ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ хангамжийн асуудал тулгамдаж байдаг. Нийт боловсролын байгууллагуудын 53 хувь нь Улаанбаатарт байдаг. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газартай нэг бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулах учиртай. Бодлогын хувьд нэгдмэл шийдэлгүй явж ирсэн явдлыг Л.Энх-Амгалан сайдтай нэгдмэл болгохоор ойлголцон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, боловсролын асуудалд хот, яам хоёр салаа үзүүргүй, давхар санаагүй хамтран ажиллаж буй юм.

Нийслэлийн хэмжээнд 57 байршилд ачаалал өндөртэй дүр зураг харагдаж байгаа. Бид БШУЯ болон мэргэжилтнүүдтэй ачаалал өндөртэй цэцэрлэгүүдэд онцгой анхаарахаар ярилцсан.

Ялангуяа дөрөв хүртэлх насны хүүхэдтэй залуу эцэг эхчүүдийг ажиллаж, хөдөлмөрлөх боломжоор хангах юм. Ерөнхий сайд төсвийн тодотголоор хөрөнгө шийдэж өгөхөө амласан. Хүүхдийг сугалаагаар цэцэрлэгт хамруулна гэдэг XXI зуунд байж боломгүй. Ирээдүйн монгол хүнийг бэлтгэх, төлөвшүүлэхэд нийслэл болоод Засгийн газраас 200 тэрбум төгрөгийг хуваан гаргахаар болсон гэлээ.

зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг УИХ болон Засгийн газрын анхаарлыг Улаанбаатар хотын хөгжилд хандуулан, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд томоохон дэмжлэгүүдийг авч чадсан. Тухайлбал, Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороог УИХ-д байгуулж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулж, хотын томоохон асуудал болсон түгжрэлийг бууруулахад Засгийн газраас санхүүжилт авч чадсан, хот өөрөө төсвөө захиран зарцуулдаг болсон гээд олон жишээг нэрлэж болно. Харин энэ удаад цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх дэмжлэгийг мөн авч чадлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Нийслэл бол манай улсын нийт хүн амын талаас илүү нь амьдран сууж буй хамгийн том хот. Том хот учраас асуудал нь ч том. Том асуудлыг жижиг бодлого, бага төсвөөр шийдэж чадахгүй. Амиа аргацаасан хэрэг болно. Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо хатуудаа хатуу, зангидсан гар шиг байгаа. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гар татах, харамлах аргагүй.

Хотын бүтээн байгуулалтыг дэмжихгүй, хөдөө орон нутагт үргүй байдлаар тараах байдал гаргавал хотоос сонгогдсон гишүүд нам үл харгалзан өөртэй чинь хариуцлага ярина шүү гэдэг шаардлагыг Сангийн сайдад хүргэсэн. Улаанбаатарт автобус шатсан тохиолдол хэд хэд гарсан. Тэдгээр автобусны ашиглалтын хугацаа дууссанаас шатаж байгаа. Шинэчлэх ёстой юу, ёстой. Гэтэл хөрөнгө мөнгөний асуудал л тулгамддаг. Мөнгө өгөөгүй байж асуудлаа шийд гээд Хотын даргыг шахаж болохгүй биз дээ.

Улсын төсвийн хөрөнгийг шийддэг газар нь УИХ, Засгийн газар. Тиймээс УИХ бодлогын дэмжлэг үзүүлж байна. Цаашдаа ч үзүүлнэ. Харин дараа нь хариуцлага ярих эрх нээлттэй байгаа гэсэн юм.

Ингэснээр шинээр баригдах цэцэрлэгт 1,730 хүүхдийг, өргөтгөлөөр 825 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болно.

Ачаалал ихтэй бүсэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 10,886 хүүхдийг цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэх замаар цэцэрлэгтэй болгоно.

Хувьсах зардлыг төр дааж, нэмэлтээр 1,300 орчим хүүхдийг хамруулна.

Одоогоор гурван байгууллага хүсэлт ирүүлсэн бөгөөд энэ шийдлийн хүрээнд 480 хүүхэд цэцэрлэгтэй болно.

Энэ шийдлийн хүрээнд 150 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой.

Ачаалал ихтэй 57 бүсэд хүүхэд харах үйлчилгээг дэмжсэнээр 5,000 гаруй хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах юм.

Үүнд, хүүхдийн 100 мянга, хүүхэд асрах 50 мянга, хоёр настай хүүхдэд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж 150 мянган төгрөг гээд нэг хүүхдийн хувьсах зардлыг 300 мянган төгрөг байхаар тусгажээ. Ингээд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, нийслэл хамтран гаргах нь зүйтэй бөгөөд дээрх шийдлүүдийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгосон юм.

зураг

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Дээрх 10 шийдлийг хэрэгжүүлэхэд нийт 57.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Тус санхүүжилтийг шийдвэрлэж чадах юм бол энэ намар хичээлийн жил эхлэхэд 21 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж байна. Нийслэлийн хэмжээний 37 мянган хүүхдээс 21 мянгыг хамруулах боломжтой болно.

зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотыг төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх ёстой. Нэг хотхоны бүтээн байгуулалтыг эхлүүллээ гэхэд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, эрчим хүч, цэвэр, бохир усны хэрэглээг стандартын дагуу төлөвлөж, түүнийгээ дагаж мөрдөх ёстой. Ерээд оноос өмнөх Улаанбаатар хот тийм л байсан. Түүнээс хойших 30 жилийн хугацаанд үүссэн гажуудлыг засах гэж хичээж байна, бид. Нэлээд хүч шаардаж байна. Яг үнэнийг хэлэхэд, гажуудлыг засахын тулд 2-3 дахин их хүч зарцуулж байгаа. Тиймээс цаашдаа системтэй явахгүй бол хүнд юм байна. Хот төлөвлөлтөөрөө явна, БШУЯ бол багшаа бэлтгэж, сургахад анхаарах юм. Тухайн тойрогт нь чанартай, тэгш боловсролыг бий болгохын тулд сайн багш нарыг бэлтгэх шаардлагатай болоод байна. Сайн багш сайн цалин хүснэ биз дээ. Тэгэхээр эдийн засгаа нэгдүгээрт тавьж, хууль, эрх зүйн реформ хийх учиртай. Хааж, хориглож, боомилж байгаа бүхнийг цэгцэлнэ гэсэн юм.

Цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувьд хүргэж, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд 270 цэцэрлэг шаардлагатай. Гэлээ гээд тэр олон цэцэрлэгийг баригдаж дуусахыг хүлээгээд зүгээр суугаад байж болохгүй. Учир нь цэцэрлэг бол хувь хүн төлөвшүүлэх суурийг тавьж өгдөг. Хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж, зөв төлөвшил олохын зэрэгцээ эцэг эхчүүд ажилтай, орлоготой байх үндсийг бүрдүүлдэг. Тийм учраас богино хугацаанд шийдвэрлэх боломжуудыг судлаад төр, хувийн хэвшилтэй хамтран ирэх намар гэхэд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ямархан зорилт дэвшүүлснийг тоймлон хүргэлээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Утаажилтын бүсээс 71 иргэнийг гарган, аюулгүй байдлыг хангалаа DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн 47 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, иргэн, хуулийн этгээдийн 6.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 71 иргэнийг гарган, аюулгүй байдлыг хангалаа.

Түүнчлэн бүтцийн нэгжүүдийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 20 удаагийн өнжмөл өвсний гал түймрийг унтрааж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хаврын их цэвэрлэгээгээр 5.6 мянган тонн хог цэвэрлэжээ DNN.mn

Бүх нийтийн хаврын их цэвэрлэгээ Бямба гаригт болов. Их цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 700 гаруй албан хаагчаас гадна хог хаягдлын үйлчилгээний байгууллага, иргэдийн бүлэг, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон байна. Ингээд есөн дүүргийн хэмжээнд нийт 4.5 сая ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд төр, хувийн хэвшлийн 14319 байгууллагын 73,472 хүн хамрагдаж, хог тээврийн 27 байгууллагын 268 тусгай зориулалтын автомашин 757 рейсээр 5,621.6 тонн хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэжээ. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэн чийгшүүлж, хайс, хашлага, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжаа цэвэрлэсэн байна. Үүнээс гадна автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав, гудамж, зам, талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээг хийж гүйцэтгэж

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Г.Ганзориг: ҮХЦ-ийн есөн гишүүнээс хуульчийн гэрчилгээтэй хүн бараг байхгүй. Ийм л хүмүүс бидний толгой дээр сууж байна DNN.mn


Гадаадад байгаа монголчуудын сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байгаа талаар АНУ-д ажиллаж, амьдардаг хуульч Г.Ганзоригтой ярилцлаа.


-Та АНУ-д очоод хэр удаж байгаа вэ?

-Би Монгол, АНУ-ын хооронд ирэн очин явсаар арав гаруй жил болжээ. Хуулийн сургууль төгсөөд олон жил хуульчаар ажиллалаа. Одоо ч тэр л мэргэжлээрээ буюу монгол, англи, орос хэлээр АНУ-ын цагаачлалын хуулийн зөвлөгөө өгдөг ажил хийж байна. Монголын хуулийн хувьд бизнесийн болон гэр бүлийн тухай хуулийн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг Хавай мужид бүртгэлтэй компанийг ажиллуулж байгаа.

-Үндсэн Хуулийн Цэцэд гаргасан гомдол өргөдлийн тань талаар тодруулмаар байна. УИХ үндсэн хуулиа зөрчив үү. ҮХЦ зөрчив үү?

-Аль аль нь. УИХ Үндсэн хуульд нийцээгүй салбар хууль баталсан. Монгол Улсын иргэн сонгох болон сонгогдох эрхийг бүрэн эдэлнэ. Энэ эрхийг хамгаалж Үндсэн хуулийн Цэцээр удаа дараа явж өргөдөл гомдлыг хянан шийдвэрлүүлэхийг хүссэн. Би хамгийн анх 2021 оны есдүгээр сарын 12-нд УИХ-ын заалт нь Үндсэн хуулийн заалтад нийцээгүй байна гэсэн гомдол өргөдлийг гаргасан. Энэ асуудлаар нийт гурван удаа ҮХЦ-д хандсан боловч эхний хоёр удаагийн өргөдлийг хүлээж аваагүй. Гурав дахь удаад хүлээж авсан ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний 138 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж маргаан хянан шийдвэрлэхээс татгалзсан. УИХ-ын сонгох, сонгогдох эрхийн асуудлаар би анх хандсан юм биш л дээ. Өмнө нь Н.Мэндбаяр гэдэг хүн мөн энэ асуудлаар хандаж байсан. Гэвч дээрх асуудлыг 2020 оны 118 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэр маргаан хянан шийдвэрлэхээс бас л татгалзсан байдаг.

-Гадаадад амьдарч буй иргэдийн үндсэн эрхийг хязгаарлаж, УИХ-д санал өгүүлэхгүй, сонгох бүртгэлээс хасаж буй нь ямар учиртайг тайлбарлаж өгөөч?

-Юун түрүүнд энэхүү асуудлын эрх зүйн үндэс нь яг юу юм бэ гэдгээс эхлэх нь зөв гэж бодож байна. Нэгдүгээрт, аль ч улсын, олон улсын гэрээнд энэхүү сонгох, сонгогдох эрхийн тухай заачихсан байдаг. Монгол Улсын хувьд хүний эрх, эрх чөлөөний талаарх 17 гэрээнд нэгдэж орсон. НҮБ-ын “Иргэний болон улс төрийн эрхийн факт” хэмээх олон улсын гэрээнд Монгол Улс 1974 онд нэгдэн орсон. Үүний 25 дугаар зүйлийн “а, б”-д сонгох болон сонгогдох эрхийн талаар заасан байдаг. “…Гадаадад суугаа Монгол Улсын иргэн төрийн үйл ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан оролцоно” хэмээн тодорхой дурдчихсан байгаа. Ингээд олон улсын гэрээний дагуу Монгол Улс дээрх заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Энэхүү үүргээ хэрэгжүүлэхийн тулд 1992 онд үндсэн хуульдаа “Иргэд болон төрийн байгууллагууд сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан билээ. Харин энэхүү Үндсэн хуулийг хэрэгжүүлэх арга, механизмыг салбар хуульдаа тодорхойлж өгдөг. Энэ тухай салбар хууль 2019 онд УИХ-аар батлагдсан “Сонгуулийн тухай хууль”-ийн 20.6.3-т “60 түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг “Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, СЕХ-д хүргүүлнэ” гэсэн заалт бий. Хоёрдугаарт, энэ хуулийн 20.7-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20,6,2-т тус тус заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн сонгогчдыг сонгуулийн санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр, тайлбар хэсэгт “түр хасав” гэсэн тэмдэглэгээг хийнэ гэж заасан байдаг. Гэтэл хуульд нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн тухайн сонгогчдыг сонгох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалаас бүрмөсөн хасах нь үндсэн хуулиа зөрчсөн хэрэг болоод байгаа юм. Салбар хууль нь үндсэн хуульдаа захирагдах ёстой атал ийм шийдвэрийг УИХ-аас баталсан байгаа юм. Энэ яавч байж болохгүй.

-Гадаадад амьдарч байгаа иргэд УИХ-ын сонгуульд оролцох ач холбогдол, хэрэгцээ шаардлага нь яг юу юм бэ?

-Гадаадад амьдарч буй иргэдийн дотор өндөр боловсрол эзэмшсэн, мэргэжлийн ур чадвартай хүмүүс олон байгаа шүү дээ. Амьдралын эрхэнд ажил хийхээр гадаад орныг зорьсон иргэд ч нэг хэсгийг эзэлнэ. Тэд ардчиллын үнэт зүйлийг ойлгосон, хэнийг сонгох вэ гэдгийг бодож, анхааралтай хандаж саналаа өгөх Монгол Улсын иргэд мөн. Гэтэл өндөр мэдлэгтэй, биднийг гаднаас нь харж ажиглаж дүгнэлт хийж байгаа иргэдээ сонгуульд оролцуулахаас хасчихаад байгаа юм л даа. Цөөнгүй тооны иргэд гадаадад сурч хөдөлмөрлөж амьдарч байна шүү дээ. Хэрэв тэднээр сонголт хийлгэвэл “нэрээ тавиад бетон тараадаг, зургаа тавиад календарь тараадаг, хүчингийн хэрэгт, хулгайн хэрэгт холбогддог” тийм “амьтдыг” УИХ-д гишүүнээр сонгоод байхгүй л байх. Бид бүгдэд ил харагдаж байна. ЖДҮ, Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг харж ханалаа шүү дээ. Сонгогч иргэн хувь хүн төдийгүй Монголын төрийг цэвэр шударга байлгах механизмыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ асуудлын талаар би хөөцөлдөөд байгаа юм.

-Таны гаргасан гомдлыг хүлээж аваагүй учир нь юу вэ. Цаад шалтгаан бий юү?

-Жирийн иргэн хүний хувьд бодоод үз л дээ. Үндсэн хуулиндаа цагаан цаасан дээр хараар дурдчихсан байгаа заалт. Тэрэнд төөрч будлиад байх юм үнэндээ байхгүй. Гэтэл Сонгуулийн тухай хуулиараа Үндсэн хуулиа хориглочихож байгаа юм. Тийм атал Үндсэн хуулийг зөрчөөд гаргачихсан өнөөх хуулиа “зүйтэй байна аа” гэж үзээд байгаа нь сонин. Монгол Улсын Үндсэн хууль ардчилсан хүчин төгөлдөр хууль байж чадахгүй байгаа бодит нөхцөл байдлыг харуулсан үйл явдал болоод байна л даа. Цэц анхнаасаа Үндсэн хуульд заасан иргэний сонгох эрхийг хамгаалах бодол зорилготой байгаагүй. Тиймээс энэ газар хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн үг. Ер нь бол Цэц гишүүд нь хуучирсан, мэдлэг ур чадвар муу, үүргээсээ хазайсан, ялзарсан байгууллага болжээ гэж үзэж байна. Анх ҮХЦ-ийг байгуулж байхад би дээд шүүхийн шүүгч байсан хүн. Энэ салбарын үйл явц процессыг сайн мэднэ. Тэр үед арай өөр зорилго, үйл ажиллагаатай байсан. Одоо бол улстөрчдийн гар хөл болдог, УИХ-ын гаргасан хуулийг хамгаалдаг, хүний гар хөлийн үзүүрт гүйдэг ийм л байгууллага болсон юм шиг байна.

-ҮХЦ-ээс таны давж заалдах гомдлын хариу болгож гаргасан шийдвэр нь хууль зүйн ямар үндэслэлтэй байв?

-Хууль зүйн үндэслэлгүй. Ер нь бол агуулга нь 138 дугаар тогтоолыг хүчинтэй үлдээе, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгоё гэсэн шийдвэр магадлал гарсан. Энэ магадлалд гурван зүйл үндэслэл ирүүлсэн. Эхний үндэслэл нь гомдлыг ҮХЦ хүлээн авахаас татгалзсан нь зөв юм аа гэсэн дүгнэлт хийсэн. Хоёрдугаарт, “Иргэн О.Ганзориг ҮХЦ-д хандахдаа хуулийн этгээдийн албан бичгийн маягт, тамга тэмдэг хэрэглээгүй бөгөөд иргэний үнэмлэхний хуулбарыг хавсран ирүүлсэн байх тул ҮХЦ-д хандах эрх бүхий этгээд биш гэж шууд үзэх үндэслэлгүй боловч энэ хүрээнд ҮХЦ-ийн гишүүний (Ц.Нанзаддорж) 2021 оны 138 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байна аа гэсэн дүгнэлт хийсэн. Тэгэхээр ойлгомжтой байгаа биз. Миний тогтоолыг хүлээж авсан хэрнээ 138 дугаар тогтоолыг хүчинтэй хэвээр үлдээнэ гээд шийдчихэж байгаа юм. Гуравдугаарт, “Монгол Улсын ҮХЦ-ийн тухай хуулийн есдүгээр зүйл, ҮХЦ-ийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн хорьдугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй дээрх мэдээллийг “ҮХЦ хүлээн авч шалгасан нь хууль зүйн үндэслэлгүй” байсан болохыг дурдах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн. Хууль зүйн үндэслэлгүй зүйлийг хүлээн авсан гэдгээ өөрсдөө магадлалдаа гарган хэлчихээд 338 дугаар тогтоолыг хүчингүй болгохгүй байгаа юм. Хуулбарласан тухай нэгдүгээр үндэслэлд маань Цэц ямар ч дүгнэлт хэлээгүй. Таг дуугүй өнгөрсөн. Цагаан дээр хараар биччихсэн тамга тэмдэгтэй нэгнээсээ хуулбарласан, хуурамчаар үйлдсэн хоёр тогтоол дээр Цэц нүдээ аниад өнгөрчихөж байгаа юм.

Намайг гомдол гаргах хуулийн этгээд иргэн мөн байна гэж үзсэн авч Н.Нанзаддоржийн тогтоолыг хүчингүй болгоход эрх хүрэхгүй байна гэж хэлж байгаа нь ч тэр. Мөн мэдээллийг хүлээн авч шалгасан нь хууль зүйн үндэслэлгүй байсан гэж зөвшөөрсөн атал тэрхүү хууль зүйн үндэслэлгүй тогтоол нь хүчинтэй хэвээр. Мөн сонгох, сонгогдох эрхийн талаарх гомдлоо Үндсэн хуулийн 26.2-т заасны дагуу хууль санаачлагчид санал гарган шийдүүлэх эрх нээлттэй байна гэсэн дүгнэлт хийсэн. Уг нь би тэр УИХ-ын гаргасан хууль Үндсэн хуульд нийцээгүй буруу байна гэдэг асуудлаар “маргааны өргөдөл” ҮХЦ-д гаргасан боловч “саналаа” гаргаж УИХ-аар шийдвэрлүүл гэдэг хариу хэлж байгаа юм. Өөрсдөө ажлаа хийхгүй, маргаанаас бултаж зугтаад өөр тийшээ явах зөвлөгөө өгч байгаа асуудал болоод хувирчихаж байгаа биз. Тэгж болохгүй шүү дээ. Өөрсдийнх нь харьяаны шийдвэр асуудлыг дэвшүүлээд иргэн хүн гомдол гаргахад өөр тийшээ явах зөвлөгөө өгөөд байж болохгүй. Энэ мэт зөвлөгөө өгөх маягийн ажил хийх аргыг хориглосон заалт ҮХЦ-ийн журамд бий шүү. Тиймээс үүнийг хүлээж авах ямар ч үндэслэлгүй. Дөрөвдүгээрт, ҮХЦ-д маргаан үүсгэх заалтын шаардлагыг бүрэн хангаагүй, нотолгоо тусгаагүй, үндэслэл заалтыг тодорхой тусгаагүй гэх. Бүх зүйл заалт үндэслэлийг тусгасан. Тэр бүх үндэслэл нь тодорхой харагдаж байгаа шүү. Харин Цэц өөрөө л утгагүй хуулийн шаардлага хангаагүй үндэслэл зааж байгаа юм. Ингээд тогтоолыг хүчин төгөлдөр хэвээр байлгах ямар ч үндэслэл дэвшүүлж чадаагүй. Тэгсэн атлаа үндэслэлгүй гөжсөн магадлал гаргаад шийдвэрлэчихсэн. Цэцийн тогтоол, магадлал нь өөрөө бүхэлдээ хуульд нийцээгүй байна. Иймээс хууль дээдлэх зарчим энэ байгууллагын үйл ажиллагаанд алдагджээ.

-ҮХЦ-ийн гишүүний хариуцлага, ҮХЦ-ийн хариуцлага, түүгээр зогсохгүй Монгол Улсын Засгийн газрын хариуцлага алдсан гэсэн үг үү?

-Хуурамч тогтоол үйлдсэн Цэцийн гишүүний талаар гомдол гаргах гээд явтал Монгол Улсад ҮХЦ-ийн гишүүний ёс зүйн дүрэм байдаггүй юм байна. Ийм өндөр албан тушаалтанд ёс зүйн дүрэм байдаггүй, түүнийг шийдвэрлэдэг тогтоосон журам байдаггүй нь үнэхээр гайхмаар санагдсан. Тийм байж яавч болохгүй. Тэд өөрсдийгөө Монгол Улсын ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр байна гэж ярьдаг. Тэр бол үнэндээ Цэц хараат бус байдалтай байна аа гэдэг агуулгыг л ойлгох ёстой.

-Энэ маргаан яаж дуусах бол. ҮХЦ-ээс эцсийн магадлал тогтоол гаргачихсан юм биш үү?

-Магадгүй ингээд л Цэц үнэн худал магадлал гаргаад л асуудалд цэг тавьчихдаг юм байна, дуусчихдаг юм байна гэж чи бодож байгаа байх. Тийм биш шүү дээ. Монгол Улс дэлхийн эрх зүйн тогтолцооны гадна талд оршиж байгаа газар биш шүү дээ. Монгол Улсын Засгийн газартай хариуцлага тооцдог олон улсын хэм хэмжээ, олон улсын механизм байна аа. Түүгээр нь би цааш нь хөөцөлдөөд явна гэж бодож байна. Олон улс дахь “Иргэний болон улс төрийн эрхийн талаарх факт”-ын нэмэлт протоколд Монгол Улс 1991 онд нэгдэн орсон. Үүнийг яагаад онцгойлон хэлээд байна вэ гэвэл энэ протоколд нэгдэн орсон улсын иргэд НҮБ-ын дэргэдэх Хүний эрхийн зөвлөлд “Хүний эрхийг зөрчсөн талаар гомдол” гаргаж болдог. Нэгэнт Монгол Улс нэгдэн орсон, би Монгол Улсын иргэн учраас Хүний Эрхийн Зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Ингэхэд хоёрхон шаардлага тавигддаг. Нэгдүгээрт, тухайн орны иргэн байх ёстой. Хоёрдугаарт, тухайн орны УДШ, ҮХЦ-ээр асуудлаа шийдвэрлүүлсэн байх ёстой. Тэгэхээр ҮХЦ нэгэнт ийм шийдвэр гаргачихаж байгаа тул “Олон улсын гэрээ болон Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг Монгол Улс зөрчиж байна” гэсэн гомдлыг НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд гаргах боломжтой. Одоо энэ гомдлоо бэлдээд байж байна. Олон улсын гэрээнд нийцүүлж орчуулдаг болохоор бага зэрэг ажиллагаатай. Гэхдээ удахгүй өгнө. Тэгээд зохих ёсоор хянан шийдвэрлэх байх аа.

-Монгол Улсын Засгийн газар олон улсаар асуудлаа шийдвэрлүүлэх нь ээ?

-Монгол Улсад байдаг дутагдал бол төрийн өндөр албан тушаалтай хүмүүстээ хариуцлага тооцож чаддаггүй. УИХ-ын гишүүн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд УИХ-аас зөвшөөрөл авч байж хянан шалгалт хийх эрхтэй болно. УИХ-ын гишүүн болохоор халдашгүй эрхтэй мэт. Гэтэл харин ч эсрэгээр УИХ-ын гишүүн байх тусмаа яг ижил хариуцлага тооцуулах ёстой. Бусад орнуудад тийм зүйл байдаггүй. Гэмт хэрэг үйлдсэн бол бусад жирийн иргэдтэй адилхан хянан шалгуулж, арга хэмжээ авахуулах ёстой. Хар л даа. Саяхан хуулийн сургуулийн охин хүний толгой дээр кофе асгасан ёс зүйн зөрчлийн улмаас сургуулиасаа хөөгдөх арга хэмжээ авахууллаа. Хуулийн сургуулийн оюутнууд ёс зүйн журамтай шүү дээ. Хэрвээ хуулийн сургуулийн оюутнууд судалгааны ажлаа хэн нэгэн хүний ажлаас хуулбарласан тохиолдолд зохих арга хэмжээ авахуулна шүү дээ. Хуулийн сургуулийн оюутан тийм хариуцлага хүлээдэг байхад Цэцийн гишүүн хүн хуурамч тогтоол үүсгэж Цэцийн нэрийн өмнөөс гаргачихаад огт хариуцлага хүлээхгүй байна гэдэг шударга ёсонд таарахгүй биз дээ. Ур чадваргүй гэж би дүгнэж байгаа юм. ҮХЦ-ийн есөн гишүүнээс хуульчийн гэрчилгээ авсан хүн хэд байна. Тун цөөхөн дөө. Бараг л байхгүй. Энгийн өмгөөлөгч, шүүгч, прокурор хүн бүгдээрээ сургууль төгссөн хуульчийн гэрчилгээтэй байх ёстой. Тэгж байж хуульч болдог биз дээ. Хамгийн наад захын шаардлагыг биелүүлээгүй хүмүүс бидний толгой дээр биднийг удирдаад сууж байна. Хуулийн сургууль төгссөн хүн эрх зүйч болдог. Эрх зүйч болоод хоёр жил дадлага хийж байж хуульчийн гэрчилгээ авах шалгалтад орох эрхтэй болдог шүү дээ. Хамгийн наад захын шалгуурыг давж чадаагүй “амьтад” хуульч болчихсон, хуулийн асуудлыг шийднэ гэдэг чинь үлгэр биз дээ. Үнэхээрийн утга учиргүй “тэнэг” тогтолцоотой байгаа маань эндээс харагдаж байгаа юм.

-Энэ тогтолцооны гажуудалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Би бол энэ асуудалд бүхэлд нь ҮХЦ-ийн дарга Н.Чинбат гэдэг хүнийг хариуцлага хүлээх ёстой гэж боддог юм. Иргэний гомдлыг ҮХЦ-ийн дарга хүлээж аваад хуваарилдаг. Тэр хүн миний гомдлыг гурван удаа буцааж, аргагүй эрхэнд хүлээж авсан. Дараа нь ҮХЦ-ийн тогтоолыг хүлээж авахгүй гээд гомдол гаргахад Б.Буяндэлгэр гэдэг хүнийг хуралдааныг даргалан орохыг томилчихож байгаа юм. Харсаар байтал ашиг сонирхлын зөрчилтэй тулгарч байна. Н.Чинбат түүнийг мэдсээр байж ийм үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд энэ шударга ёс мөн үү. Н.Болортунгалаг гээд Хуулийн хэлтсийн дарга надад ҮХЦ-ийн даргад танилцуулсны үндсэн дээр танд хариу өгнө гэж удаа дараа хэлж байгаа юм. Гэтэл Д.Чинбат гэдэг хүн хууль биш. ҮХЦ-д гаргасан иргэний гомдлын хариуг ҮХЦ-ийн гишүүн өгөх ёстой байдаг. Гэтэл тийм юмаа ч мэдэхгүй сууж байгаа Цэцийн дарга байна шүү дээ. Бодоод үз дээ. Энэ мэтээр Н.Чинбат гэдэг хүн ажиллагааг жар гаруй хоногоор хойшлуулсан. Ажилтан нь байтугай Цэцийн дарга нь ч хуулиа мэддэггүй. Иймэрхүү байдалтай үйл ажиллагаа явуулдаг, олон өргөдөл гомдолд Н.Болортунгалаг гэдэг ажилтнаараа дамжуулж бүрхэг хариу хэлдэг. Тэгэхээр Н.Болортунгалаг ч миний эрхийг хохироож байна, хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулж байна, хуулиа мэдэхгүй тийм хүнд хариуцлага тооцох ёстой.

-ҮХЦ-ийн үйл ажиллагаа доголдолтой явагддаг гэсэн үг үү?

-ҮХЦ-д ийм асуудал байнгын явагдаж байгаа. ҮХЦ-ийн гишүүн байсан хуульч Б.Гүнбилэг, н.Баттулгын гаргасан гомдлын дагуу өмгөөлөгчөөр Цэцийн хуралдаанд оролцох гэхэд нь тэр өдөр ҮХЦ-ийн үүдний харуул нь оруулаагүй. Цэцийн хуралдаанд орж чадаагүй. Тийм байж Үндсэн хуулинд заасан эрх зүйн туслалцаа авах иргэний эрхийг хангаж чадаж байгаа юм уу. Цэц дээр байнгын болж байгаа Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа нь Д.Чинбатын хувьд хэвийн л үзэгдэл. Яг л тэр арга ядсан өмхийрсөн үйл ажиллагаа одоо над дээр давтагдаж байна. Миний гомдлыг Цэцийн дарга хүлээж авахгүй байна аа гээд миний гомдлыг гишүүнд өгдөггүй. Ийм юм байж болохгүй. Тиймээс хуралдааны алдаатай дэгийг нь хүчингүй болго гэж Н.Чинбатад хүсэлт бичлээ. Н.Болортунгалаг гэдэг ажилтандаа арга хэмжээ ав гэж өргөдөл гаргалаа. Цэцийн өөрийнх нь гаргасан тогтоол магадлалыг зөвшөөрөхгүй гээд Олон улсын Хүний эрхийн зөвлөлд хандах гээд байж байна. Иймэрхүү байдлаар цэгцтэй хариуцлага тооцох ёстой болов уу гэж бодоод сууж байна даа.

Categories
гадаад мэдээ

Энэтхэг улс хүн амынхаа нэн ядуурлын хэмжээг 2 дахин бууруулжээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн Банкнаас гаргасан судалгааны баримт бичигт Энэтхэг улс 2011-ээс 2019 оны хооронд нэн ядуу амьдралтай иргэдийнхээ нийт хүн амд эзлэх хувийг хоёр дахин бууруулсныг мэдээлжээ.

Тухайлбал 2011 онд тус улсын хүн амын 22.5 хувь нэн ядуу нөхцөлд амьдарч байсан бол 2019 онд 10.2 хувь болж буурсан байна.

Өдрийн $1.9 хүрэхгүй орлогоор амьдралаа залгуулдаг хүмүүсийг Дэлхийн Банк нэн ядуу ангилалд оруулдаг.

Тэгвэл Энэтхэг улсын нэн ядуу иргэдийн нийт хүн амд эзлэх хувь дурдсан хугацаанд 12.3 нэгж хувиар буурчээ.

2011-2015 оны хооронд хүн амын нэн ядуурлын хэмжээ 19.1 хувь хүрч буурсан бол дараагийн дөрвөн жилд нь 10 хувь болж огцом буурсан байна.

Сүүлийн 20 орчим жилийн хугацааны хамгийн огцом бууралт 2017, 2018 онуудад бүртгэгджээ.

Саяхан Энэтхэг улс нь эдийн засгийн хэмжээгээр Их Британийг гүйцэж, АНУ, Хятад, Япон, Германы дараа дэлхийд тавд эрэмбэлэгдэх болсон юм.

Эх сурвалж: India Times

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн хоолны хөтөлбөрт дэлхийн 163 улсын 388 сая хүүхэд хамрагддаг DNN.mn

Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс бэлтгэн гаргасан “Дэлхийн улс орнуудын сурагчдын сургууль дээрх хооллолтын төлөв байдал-2020” илтгэлд сургуулийн хоол хөтөлбөрийн хүртээмжийг дурджээ.

Үүнд улс орнуудын 80 гаруй хувь нь сургуулийн хоол хөтөлбөрийн бодлоготой, энэ нь сургуульд хамрагдах, суралцах боломжийг нэмэгдүүлж байдаг ач холбогдолтойг онцолсон байна. Тухайлбал, сургуулийн хоолны хөтөлбөрт дэлхийн 163 улсын 388 сая хүүхэд хамрагдаж байгаа юм.

Манай улсын тухайд 1-5 ангийн сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хөтөлбөрт олгох санхүүжилтийг нэмэгдүүлж, нэг хүүхдэд ногдох зардлыг 1,500 төгрөг болгосон юм. Ингэснээр бага ангийн сурагч үдийн хоолноос хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал авах боломж бүрдэж байгаа хэмээн холбогдох албанаас мэдээлж байв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

З.Цэцэн: Манай талбайн 10 хувиас л 1000 МВт эрчим хүчийг 1700 жил хангах хийн нөөц тогтоогдсон. Ирээдүйд Монгол Улс эрчим хүчээр хараат байхаа болино DNN.mn

Өмнөговь аймаг дахь “ГУРВАНТЭС-XXXV” метан хийн төслийг хэрэгжүүлэгч “Тэлмэн” группийн ТУЗ-ийн дарга З.Цэцэнтэй ярилцлаа. Тус компанийн энэхүү төсөл амжилттай хэрэгжих болсноор Австралийн хөрөнгийн бирж дээр өнгөрсөн хоёрдугаар сард хувьцааны үнийн өсөлт хоёр удаа рекорд тогтоогоод байгаа аж.


-“Тэлмэн ресурс” компани Австралийн хөрөнгийн бирж дээр гарснаас хойш хоёр хүрэхгүй сарын хугацаанд хувьцааны ханшийн өсөлтөөрөө рекорд тогтоосныг дууллаа. Маш их сонирхол татаж байна?

-Манай төслийн эрлийн ажиллагаа 2019 онд эхэлсэн ч 2020 оноос ковид, хөл хорионы улмаас хүндрэлтэй нөхцөл их гарсан. Ийм нөхцөлд бид хойш суухгүйгээр боломжийг эрэлхийлж ажилласаар гадныхны итгэлийг төрүүлж чадсан. Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй гаргахад Австралийн бирж, зохицуулагч байгууллагуудын шаардлагыг 100 хувь хангах ёстой. Тэр бүх ажлаа өнгөрсөн хугацаанд амжилттай хийсэн гэсэн үг.

Дэлхий нийтийн чиг хандлага байгалийн хийг илүү сонирхож, ашиглах чиглэл рүүгээ явж байна. Түүнтэй ч холбоотой хувьцааны ханш өссөн байх.

-Эхний өрөмдлөг амжилттай болсон юм байна. “Гурвантэс-XXXV” төслийн эрэл, нөөцийн талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-Манай нүүрсний давхаргын метан хийн төслийн “Гурвантэс-XXXV” талбай Нарийн сухайтын бүлэг орд дээр үндэслэсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутагт байрладаг. Нарийн сухайтын бүлэг орд дээр Таван толгойн ордынх шиг газар доорх биет нүүрс нь тодорхой, түүн дээр олон компанийн нүүрсний өрөмдлөг хийсэн байдаг. Энэ бүлэг орд нүүрсний чанар сайн, метан хийн гарц, нөөцийн хувьд ч өндөр байх боломжтой нутаг дэвсгэр юм. Австралийн олон улсын PRMS стандартын дагуу гаргасан тооцооллоор 5.9 триллион куб фит нөөц одоогийн байдлаар тогтоогдсон. Энэ бол манай талбайн 10 хүрэхгүй хувь дээр гаргасан тооцоолол. Тэгэхээр цаашид эрэл хайгуул үргэлжилж, нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Энэ жилийн хувьд 3000 тууш метр өрөм тавих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сая тавьсан эхний өрмөөр 400 метрээс нүүрс гарсан, ойролцоогоор 40 гаруй метрийн зузаантай давхарга руу орсон. Хийн чанар сайн гарсан. Одоогоор лабораторид шинжилж байна.

Энэ төсөл маань Засгийн газарт олон давуу талтай. Нэгдүгээрт, бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийн дагуу олборлолт эхэлснээр бид Монгол Улсын Засгийн газрын талд оногдох төлбөрийн хувиа өгч, роялти төлнө. Хоёрдугаарт, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу орон нутгийг дэмжих, төлөөлөгчийн газрыг дэмжих урамшуулал олгох, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, худалдан авалт хийх, иргэдийг сургах гэх мэт орон нутагтай гэрээ байгуулж жил бүр төлөвлөгөөний дагуу улс болон орон нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалт, тодорхой ажлууд их бий.

-Төслийн өгөөжийг сонирхож байна. Агаарын бохирдлыг шийдэх боломжтой гэдэг?

-Бээжинг санаж байна уу. Ямар утаатай байлаа?

-Маш их утаатай байсан нэг үе бий.

-Бээжин хот хийгээр асуудлаа шийдсэн. Миний ойлгож байгаагаар Япон, Солонгос хоёр эрчим хүчнийхээ 80 хувийг газаар шийдсэн байдаг. Гэхдээ тэд өөрсдөө хийгүй, импортын газаар л ингэж шийдсэн.

Хятад одоогийн байдлаар эрчим хүчнийхээ 30 хувийг байгалийн хийгээр орлуулах болсон, ойрын хугацаанд 50 хувьд хүргэхээр ажиллаж байгаа юм билээ. Монгол бол тэг. Тийм учраас бид утаатайгаа “сайхан” амьдарсаар л байна.

-Тэгвэл агаарын бохирдлыг яаж шийдэх боломжтой гэж?

-ТЭЦ-2 газан турбин тавьж байгаа гэж сонссон. Мөн ТЭЦ-3, ТЭЦ-4 байна. Эхний ээлжинд энэ гурван цахилгаан станцаа олон улсын жишиг рүү ойртуулах нөхцөлийг шат дараатай авах шаардлагатай.

-Танай компани эрчим хүч үйлдвэрлэх үү?

-Гол зорилго бол энэ. Эрчим хүчийг энэ жилээс эхэлж үйлдвэрлэнэ. Өмнөговь аймаг бол эрчим хүчний хувьд урд хөршөөс хараат. Манай талбай хамрагдаж байгаа Гурван тэс, Ноён, Сэврэй гээд сумд Хятадаас Шивээ хүрэнгийн боомтоор цахилгаан итпортоор авдаг. Түүнийг бид эхний ээлжинд шийдэж, биеийг нь даалгая, өөрсдөө урд хөршөөс хамаарахгүй эрчим хүчээр хангана гэсэн тооцоотой байгаа. Цаашлаад Өмнөговийн хэрэгцээг бүгдийг хангана гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Ер нь нэн тэргүүнд Монгол Улсад эрчим хүчийг хангалттай, хараат бус болгох хэрэгтэй. Манайд чинь хот хөдөөгүй тог тасарч л байдаг, түүндээ ч дасчихсан. Гайхдаггүй биз дээ. Засвар хийж байна гээд л. Энэ бол гадаадад ойлгомжгүй асуудал. Гадаадынхан цочирдож хүлээж авна, эвлэрч чадахгүй. Эхний ээлжинд монголчууд энэ асуудлаа л шийдчих ёстой юм. Яагаад Монголд гадаадын том, том үйлдвэр орж ирдэггүй юм, яагаад том компанийн үйлдвэрлэгч орон болж чаддаггүй вэ гэвэл эрчим хүчтэй ч хамааралтай асуудал бий.

-Тэгвэл өнөөдрийн Австралийн хөрөнгийн бирж дээрх танай амжилт, Монгол Улс асар их нөөцтэй зэргийг харвал ирээдүйд экспортын асуудлыг ч тавьж болох нь ээ?

-Эхний ээлжинд тогтоогдоод байгаа 5.9 триллион куб фит гэдэг ойролцоогоор 1ГВт буюу 1000 МВт эрчим хүчийг 1700 жил хангах нөөц бий гэж бид тооцоолсон. 1700 жилийн дотор дэлхий яаж ч өөрчлөгдөж мэднэ. Тиймээс экспортолно.

-ОХУ, БНХАУ байгалийн хийн хоолойг манай улсын газар нутаг дээгүүр дамжуулах асуудал яригдсаар байгаа. Салбарт нь ажиллаж байгаа хүний хувьд энэ тухай таны байр суурийг сонирхмоор байна?

-Би Монголоо л бодно. Монголын хувьд эдийн засгийн маш их ач холбогдолтой төсөл гэж үзээд байх шиг байна. Харин манай компанийн хувьд ямар ч хамааралгүй, ямар ч эерэг, эсвэл сөрөг нөлөөгүй гэж бодож байна.

Би мэднэ л дээ. “Сила Сибири 1” гээд хоолой ОХУ-аас БНХАУ руу явдаг. Жилдээ 50 тэрбум куб метр газ нийлүүлнэ гэсэн гэрээтэй. Түүнийгээ ч нийлүүлж чаддаггүй, ойролцоогоор 10 тэрбум л очдог юмуу даа. Ямар учраас хоёр дахь хоолойг барих гээд байгааг гайхаж байгаа. Газар нутгийн хувьд малчид, иргэдэд ямар нөлөөтэй байхыг судлах л хэрэгтэй.

-Ер нь метан хийн төсөл байгаль орчин, нутаг оронд халтай юу?

-Ямар ч сөрөг тал байхгүй. АНУ, Европ гэж холыг, харь гариг ярихаа больё л доо. Зөвхөн БНХАУ-ыг аваад үзэхэд нүүрсээ олборлохоосоо өмнө хорт хийг нь эхлээд соруулж аваад дараа нь нүүрсээ олборлодог. Хорт хий гээд байгаа нь ерөөсөө энэ газ.

-Байгалийн хийн төсөл бол манайд сүүлийн жилүүдэд яригдсаар ирсэн. Төр засгийн дэмжлэг, оролцоо хэр байх юм?

-Ер нь байгалийн хийн салбар манайд шинэ шүү дээ. Дөнгөж хөгжиж байгаа учраас алдаа оноотой зүйл их байгаа. Засгийн газар, түүнийг хэрэгжүүлэгч АМГТГ бол гэрээний нэг тал, тэр ч утгаараа холбогдох эрх зүйн орчин гэрээний талаар зөвлөдөг. Хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа ч төсөл хэрэгжүүлэгчид ямар санал оноотой байна гэж байнгын харилцаа холбоотой байдаг.

Тэгэхээр Засгийн газрын хувьд манай төсөл хэрэгцээтэй төсөл юм болов уу гэж ойлгож байгаа. Томын хувьд том салбар. Эрчим хүчээр гадаадаас хамаарахгүй, дотоодоо бүрэн хангадаг тусгаар улс болж чадвал өөр юу ярих вэ дээ.

-Сүүлийн үед том төслүүдийг төрд буцаан авах болсон. Салхитын мөнгөний орд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл цемент шохой гээд үргэлжилж байгаа. Шүүмжлэл ч ихээр өрнөж байна. Магадгүй ийм сайн төслүүдээ дараагийн ээлжинд төрд авах нэрээр дээрэмдэх юм биш биз гэсэн хардлага ч байна. Та ч бас бодож үзсэн байх?

-Бид улсаас нэг ч төгрөг авахгүйгээр өөрсдөө тэгээс эхлүүлсэн. Олон тэрбум төгрөгийн хайгуул эрэл хийсэн компани, байгууллагыг дээрэмдсэн гэж сонсоогүй. Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг сайн мэдэхгүй юм. Улсын мөнгөөр хайгуул хийсэн байсан, улсын байгуулсан үйлдвэрийг үнэгүйдүүлээд нэг овжин нөхөр хямд авчихсан юм уу, мэдэхгүй шүү дээ. Нэг ч төгрөг улсаас авахгүй өөрсдөө явж байгаа хүмүүсээс бизнесийг нь булаана гэж байхгүй. Хэрэв тэгвэл бид улс биш болчихно. Бизнес хийдэг хүн ч Монголд байхаа болино.

-Улс төрийн асуудлаас болж том төслүүд гацдаг нь нууц биш шүү дээ?

-Намайг улс төрийн сэдэв рүү оруулах гээд байна уу (инээв).

Манайх уул уурхайн төсөл гэж харахаас илүү эрчим хүчний төсөл. Хийг нь соруулж аваад тэр дор нь эрчим хүч болгоод улсдаа өгөх гэж л явж байна.

-Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилжих том давааг давж, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдсэн танай туршлага дэлхий рүү гарах амбицтай монгол компаниудад урам өгсөн туршлага болов уу?

-Монгол эзэнтэй, Монголын компани өмнө нь Австралийн бирж рүү шууд гарч байгаагүй. Монголын газар нутаг дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад эзэнтэй гадаад компани Австрали, Канадад гарсан тохиолдол хэд, хэд байдаг.

Бидний хувьд манай салбарын ижил төсөлтэй компани Австралийн хөрөнгийн бирж дээр өмнө нь гарчихсан байсныг “залгиж” авсан. Энэ бол байдаг л, дэлхий дээр түгээмэл бизнесийн нэгдэн нийлэх хэлбэрийн үзэгдэл.

Бидний нэгдсэн компани бол Австралийн “Тамаска” гэх компани. Хэлцлийн явцад IPO хийхтэй ижил санал бидэнд ирсэн. Ижил төсөлтэй зардлын санал, хугацааны хувьд хамаагүй хурдан байсан нь анхаарал татсан. Тиймээс нэгдэхээ манай талаас зөвшөөрөөд хөрөнгийн биржид гарсан. Мэдээж олон улсад гарах шалгуур яг л адилхан, олон улсын аудит, хуулийн фирм орж ирж дүгнэлтээ бичнэ, Австралийн хөрөнгийн биржийн шаардлагыг яг ижил хангана. Манай компани эхнээсээ санхүүгийн зардал, шаардлагатай мэдээ мэдээлэл, татвар төлөлт, цалин зэрэг бүх үйл ажиллагаагаа шилэн болгосон, хуулийн дагуу ажиллаж, тогтмол хөндлөнгийн аудит хийлгэж байсан учраас давуу тал болсон. Компанийн соёл юм даа. Ийм энгийн соёлыг бий болгосон компани олон болоосой. Тэгвэл зах зээл нээлттэй, хөрөнгө оруулалт босгох боломж өсч, Монгол Улс хөгжинө гэж боддог.