Монголын банкуудын холбооноос “Орос-Украины асуудлаас үүдэлтэй Монгол Улсын эдийн засагт тулгарч буй сорилтууд” сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ.
Тус хэлэлцүүлэгт модератороор Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, зочидоор Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр, Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү, ЭЗСЭШХ-ийн захирал Б.Түвшинтөгс, Эдийн засагч, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав, “Эй Си Даблью Транс” компанийн захирал Х.Дэлгэрцэцэг нар оролцов.
–Д.Баярхүү (Олон улсын харилцааны судлаач, профессор): Орос-Украины дайн бол эх орны дайнаас эрс ялгаатай. В.Путин хэзээ ухралт хийж, нутаг дэвсгэрийн эзэнт гүрэн байгуулах, Украиныг бүрэн эзэмшилдээ авах гэсэн хүслээ дарсан цагт л дайн зогсоно. ОХУ-ын удирдлага их гүрний дээрэнгүй бодлогоосоо татгалзах хүртэл олон улсын хориг зогсохгүй.
Орос, Монгол хоёр улсын Ерөнхийлөгч нарын айлчлалын үеэр ярьсан Оросын тал манай улсад станц барьж өгнө, эрчим хүч, нефтиэр хангана гэсэн хоёр Ерөнхийлөгчийн амлалт, гэрээ хэлэлцээр хэрэгжих арга байхгүй болсон. Орос өөрөө олон улсын эдийн засгийн маш том хоригт байна. Бидэнд тэд илүүчлэх арга байхгүй, алба ч байхгүй. Тийм боломж ч тэдэнд байхгүй.
Одоо Орос, Украинаар зогсохгүй, Орос, Казахстан дайтвал яах вэ? Монголын бүх казах үндэстнүүд Казахстаны талд орно тэр үед яах вэ? Төвийг сахих бодлогоо хууль болгочихсон бол өнөөдөр бид хоёр талцах шаардлагагүй байх байсан.
-Х.Дэлгэрцэцэг (Эй Си Даблью Транс ХХК-ийн Ерөнхий захирал): Дайны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад Европын галт тэрэг зогссон. Энэ завсар зайг ашиглаад бид импортын чиглэлийн галт тэрэгний тоог нэмэхээр ажиллаж байгаа. Беларусийн тээвэрлэгчид манайд хамгийн ээлтэй, хямд тээвэрлэгч нар байдаг. Гэтэл Беларусийн тээвэрлэгчид Европын холбоо руу нэвтрүүлэхгүй байгаа. Монголын тээвэрлэгч нарын хувьд Европ руу явуулахад виз, даатгал гэх мэт асуудлууд гарч байгаа ч Гадаад явдлын яам тодорхой хэмжээнд анхаарч ажиллана гэсэн. Тэгэхээр манай тээвэрлэгчид явах боломж удахгүй нээгдэнэ.
Монгол Улсын нийт экспортын 78.7 хувийг БНХАУ эзэлдэг. Он гарснаас хойш 2,2 сая тонн нүүрс экспортолж байгаа нь өмнөх оны мөн үеэс маш бага үзүүлэлттэй байгаа аж.
-Б.Түвшинтөгс (ЭЗСЭШХ-ийн захирал): Америкийн дундаж хэрэглэгчдээс Монголын дундаж хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийг хамаагүй үнэтэй худалдан авч байна. Экспорт хоёулаа өмнөх онуудтай дүйцэхүйц хэмжээтэй байгаа. Үнийн өсөлттэй холбоотойгоор өөрчлөлт гарсан. Импорт мөн адил. Урсгалаараа бид алдагдалтай байгаа гэсэн үг. Гарч байгаа доллартай зөрөөд Монголын эдийн засагт валютын урсгал орж ирж байх ёстой. Санхүүгийн урсгал нь хүнд биш байгаа.
Монголбанк долларын ханшийн зохицуулалтыг интервенцээр хийж байсан. Одоо бол капиталын урсгалд хяналт тавьж хийж байна. Долларыг чөлөөтэй урсгаж гаргахгүйгээр, аль болох улсдаа үлдээх гэж оролдож байна гэсэн үг. Манай улс түүхэндээ капитал хяналт хийж байсан тохиолдол байхгүй. 1990 оны дундуур, сүүлээр, 2000 оны ихээр өнөөдрийг хүртэл бидэнд валютын сан “Хэзээ ч капитал хяналтыг хийж болохгүй” гэж зөвлөж байсан.
Шатахууны үнэ өмнөх оны мөн үеэс 65 хувь өссөн байгаа нь манай улсын инфляци бүсдээ болон дэлхийд өндөрт тооцогдож байна.
–Н.Энхбаяр (Эдийн засагч,судлаач): Эдийн засгийн маш зөв бүтэцтэй улсууд инфляци, эрсдэлд өртөх нь бага байдаг. Монгол Улс одоогийнх шигээ байвал бид бусдаас хамааран ойж буугаад л яваад байна. Өмнө нь том үйл явцыг түүхэнд тулгуурлан ярьдаг байсан. Одоо бид үйл явцын дунд нь байна. Эндээс бид үйл явцыг ажиглаж, суралцах хэрэгтэй.
Импортын хувьд өмнөх онтой харьцуулахад 11 хувиар нэмэгдсэн байна.
Импортыг улс орноор задалбал:
–ОХУ-аас 32 хувь
-БНХАУ-аас 30.7 хувь
– Японоос 8.2 хувь
– Солонгосоос 4.8 хувь
Б.Лхагважав (Эдийн засагч, “Урбанек” компанийн захирал): Манай аж ахуйн нэгж эрхлэгчид 2013-2015 оны эдийн засгийн хямралыг амжилттай даван туулсан. ОХУ хуучин ЗСБНХУ-ыг нэг блок болгох гэсэн арга л хэрэглэж байна. Одоо нэг аюултай нь Орос, Хятад нэг блок болох гээд байна. Энэ хоёр нийлсэн тохиолдолд манайд тоглоомын Засгийн газар гаргаж, 1937 оныг дахин эхлүүлэх аюул байна. Бид 30 тэрбум долларын өртэй байгаа. Энэ бол энх цагт тавьсан өр.
Дэлхийн дахин хуваарилалтын дараа улс төр, эдийн засгийн дахин хуваарилалт явагдах гээд байна. Польш, Унгар, Чех бүгд нэгдээд баруун талдаа гарна гэдгээ мэдэгдсэн. Бид хаана гарах вэ?
Одоо цөмийн зэвсгийг хэн эзэмших вэ гэдэг асуудал руу дэлхий дахин орж байна. Бүх улс цөмийн зэвсэгтэй болохыг хүсэж байна. Яагаад гэвэл тэр нь тусгаар тогтнолын баталгаа нь. Хуучин бол энийг устгах, байхгүй болгохын төлөө ажиллаж байсан бол одоо эсрэгээрээ аль болох энийг бий болгохын төлөө ажиллаж байна. Манай улс Орос-Хятадын дунд маш хүнд байдалд орж байна. Тиймээс улс төрчид, эдийн засагчдаас бодлоготой шийдвэрүүд гаргахыг хүлээх юм.
Гэтэл манай Засгийн газар ковидын хоёр жилд бүх мөнгөө бараад дууссан. Өнөөдрийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногоос банкны систем, өөртөө банкыг ашиглаж эдийн засгийн механизм хийдэг боломжийг өөртөө авчихсан. Тэгэхээр одоо банк, Засгийн газар хоёрын дүрсгүй тоглоом бид нарын бизнест дахин ямар хохиролд учруулах вэ гэдгийг би мэдэхгүй байна.
Украиныг тойрсон бүх улсад мөнгөнийх нь ханш унасан. Үүнийг шийдсэн. Гэтэл манай улс одоо усан завь барина гээд явж байгаа шүү дээ. Мэргэжлийнхэн маань, банкныхан маань салбартаа үнэнч бай, улс төрчдөд итгэхгүйгээр мэдээллээ гаргаач. Монгол банкны Ерөнхийлөгч туулай болчихсон, Ерөнхий сайддаа чихдүүлээд явж байгаа. Бүх эрхээ Засгийн газарт өгчихсөн.
М.САЙНЗАЯА